Амьдралыг үзэх Бурханы шашны үзэл

Өдөр тутмын амьдралын хамгийн чухал зүйлүүд бол бие, хэл, сэтгэлийн үйлийн бүхий л сөрөг хэлбэрүүдээс аль болох зайлсхийж, түүний бүхий л эерэг хэлбэрүүдийг илүүтэй төлөвшүүлэх явдал. Үүнд бодит байдал болон үйлийн шалтгаан ба үр дагаврын талаарх буруу ойлголт, төөрөгдлийг арилгаж түүгээр сэтгэлийг төлөвшүүлэх явдал шаардагдана. Хэрэв өөрийн амьдралыг ийм маягаар жолооодож байвал бид амьдралд Бурханы шашны үзлээр хандаж буй хэрэг.

Амьдралыг үзэх Бурханы шашны үзэл гэсэн бидний энэ сэдэв үнэндээ Бурханы шашны сургаалыг өөрийн өдөр тутмын амьдралд хэрхэн ашигалах талаар хөндөж байгаа юм. Сургаалыг өдөр тутмын амьдралд хэрэглэх нь бидэнд ямар ач холбогдолтой вэ? Энэ бол маш чухал. Бид сургаалд суралцан, өдөр тутмын бясалгал бүтээл хийдэг байж болно. Гэвч тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн холбох нь тодорхойгүй байдаг. Сургаалыг өдөр тутмын амьдралтай холбоно гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэдгээр сургаал амьдралыг хэрхэн өөрчилж, хувь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ? Бурханы шашны бүтээл нь сонирхол маягаар бидний хийдэг нэг зүйл үү эсвэл амьдралд тохиолдох бэрхшээлүүдээс зугтах нэг хэлбэр үү? Түүгээр бид ердөө нэг сайхан дүрслэл эсвэл уран зөгнөлд ордог уу, эсвэл бидний бүтээл үнэндээ маш тустай, үнэхээр бидний амьдралд хэрэг болдог зүйл үү? Эцэст нь энэ бүхэнд Бурханы шашны сургаалын гол зорилго чиглэх ба тэр нь амьдралд тохиолдож буй асуудал, бэрхшээлүүдийг даван гарахад бидэнд туслах тухай байна.

Тус бүхий гарын авлага

Сургаалыг өдөр тутмын амьдралд хэрэглэхэд маш тустай нэг зөвлөмжийг бид ихэнх сургаал айлдварын эхэнд уншигддаг Үргэлжид үйлдэх гурван бүтээл хэмээх богиноерөөлөөс олж харж болно. Тус ерөөлд:

Муу үйлийг ямагт бүү үйлдэж, буянт үйлд хичээнгүйлэн шамдаж, өөрийн сэтгэлийг номхтгох нь Бурханы сургаал мөн;

хэмээдэг.Эдгээр нь Бурхан багшийн сургаалын хамгийн чухал гол санаа юм. Муу үйлийг ямагт бүү үйлд гэсэн эхний мөрийн муу үйл гэдэг нь өөрт хор хөнөөлтэй, бусдад зовлон, бэрхшээл учруулах, эсвэл урт хугацааны явцад өөрт бэрхшээл, зовлон учруулах зүйл гэсэн санааг илэрхийлдэг. Ийм учраас Бурханы шашны бүтээлд бидний хийдэг хамгийн эхний зүйл өөрт болон бусдад гэм хор хүргэхгүй байхыг хичээх явдал байна. Буянт үйлд хичээнгүйлэн шамд гэсэн хоёрдугаар мөрийн буянт гэдэг нь өөрт болон бусдад сайн сайхан, амар амгаланг авчрах зүйл гэсэн утга илэрхийлнэ.

Ингээд гуравдугаар мөрт үүний тулд Өөрийн сэтгэлийг бүрэн номхтго гэжээ. Энэ нь бидний сөрөг болон эерэг үйлийн аль алины эх сурвалж юу болохыг харуулж байна. Ийнхүү урдахыг нь үйлдэхгүй байж, удаахыг нь үйлдэхийн тулд бид өөртэйгөө – өөрийн хандлага, өөрийн сэтгэл хөдлөлтэй ажиллах хэрэгтэй бөгөөд энэ бүхэн бидний сэтгэлээс гардаг. Бидний хандлага, сэтгэл хөдлөл нь бидний бусадтай хэрхэн харилцах харилцаа, амьдралын явцад хэрхэн үйл үйлдэж, ярьж, бодоход нөлөөлнө. Ийнхүү сүүлийн мөрд үүнийг Бурханы сургаал мөн гэжээ.

Бодит байдлыг ойлгох

Хэрэв бид бага зэрэг илүү гүнзгий авч үзэх юм бол Бурханы шашны багш, нэг найзын минь хэлж байсанчлан Бурханы шашны үндсэн арга бол бодит хандлагатай байх: бодит байдал юу болохыг мэдэж, түүнд бодит аргаар хандах. Өөрөөр хэлбэл, өөрийн зан байдал, юмсын талаарх ойлголтоо бодит байдал дээр тулгуурлуулах хэрэгтэй.

Бодит байдал юу вэ? Бодит байдал бол шалтгаан ба үр дагавар буюу “шүтэн барилдлага” гэдэг ойлголтоор илэрхийлдэг тэр зүйл. Юмс шалтгаан ба үр дагаврын зарчмаар харилцан бие биеэсэ шалтгаалж бий болдог. Өөрөөр хэлбэл, бидний сөрөг болон эерэг үйл шалтгаануудаас бий болдог. Хэрэв өөрийн зан байдлыг авч үзэх юм бол тэр нь нэг бол өөрт болон бусдад асуудлууд үүсгэх, эсвэл өөрт болон бусдад илүү их амар амгалан, сайн сайхныг авчрах шалтгаан болж байдаг. Гэвч бид өөрийн зан байдлыг шүүж буруушаахгүй авч үзэх хэрэгтэй. Амьдралын асуудлуудыг шийдэх хэв маягийн хувьдшүүж буруушаахгүйхандлага маш чухал.

Бурханы шашны ёс зүй нь ямар нэг тэнгэрийн төрөлтөн эсвэл ямар нэг хууль тогтоогч, эрх баригчийн гаргасан хууль цаазыг баримтлах үгүй дээр суурилдаггүй. Хэрэв бид тийм хууль цаазанд суурилсан ёс суртахууныг баримтлах юм бол бид шүүж буруушаасан хэвээр байна. Хэрэв бид тэдгээр хууль, дүрмийг дагах юм бол бид сайнд тооцогдож, хэрэв бид тэднийг дагахгүй бол, хууль зөрчвөл бид мууд тооцогдож, шийтгэл хүртэнэ. Энэ бол Бурханы шашны ёс зүй буюу амьдралын асуудлыг шийдэх Бурханы шашны арга биш болно. Өөрөө өөрийгөө шүүж буруушааж байгаагаа мэдэх үед үүнийг ойлгох нь маш чухал. Энэ бол бидний хийхийг хичээх хэрэгтэй хандлагын том өөрчлөлтүүдийн нэг: өөрөө өөрийгөө шүүж буруушаах байдлыг зогсоох – жишээ нь би бол муу, хангалттай сайн биш, эсвэл миний хийсэн зүйл үнэхээр муу зүйл гэх мэтээр бодох.

Үүний оронд амьдрал дахь асуудлуудыг шийдэхдээ түүнийг шалтгаан ба үр дагаврын үүднээс харах хэрэгтэй. Хэрэв бид асуудлуудыг бий болгож юмсэмх замбараагүй болсон бол тэр нь шалтгаан, нөхцөлөөс үүссэн гэнэ. Бид муу учраас эдгээр зүйл болсон бус. Ингээд хэрэв бид илүү гүнзгий харвал бид тухайн нөхцөл байдлыг ойлгоогүй, тэр талаар төөрөлдсөн байсныг олж мэднэ. Энэ бүхэн юунд тулж ирэх вэ гэвэл тэдгээр нь үнэндээсэтгэлийн тусгал, туурвилууд байдаг. Бид юмсыг хэтрүүлэх хандлагатай байдаг бөгөөд өөр дээрээ, нөхцөл байдлууд болон өөрийн эргэн тойрны хүмүүс дээр бүхий л төрлийнутга учиргүй зүйлүүдийг  тусган харж, тэр нь бодит байдал биш атал тэдгээр тусгалуудыг бодит байдал хэмээн итгэх хандлагатай байдаг. Хэрэв бид өөрсдийгөө нягтлан, яагаад бид сөрөг байдлаар үйлдэл үйлдэж байгааг харвал бид тухайн нөхцөл байдалтай холбоотой аливаа зүйлүүд дээр зарим утга учиргүй зүйлүүдийг тусган нэмж, өөрийн тусган харсан тусгалууддаа хариу үйлдэл үзүүлж байгааг олж харж болно. 

Хоёр үнэн

Сүүлийн үед Дээрхийн гэгээн Далай лам хүмүүсийн амьдралыг илүү бага асуудалтай байхад туслах хүн бүхэнд тохирсон хамгийн нийтлэг арга юу байж болох талаар их ярьж байна. Тэрээр өөрийгөө Бурханы шашинтан гэж хязгаарлахгүйгээр бүх нийтэд нь авч үзэж байгаа бөгөөд түүний хэлсэнчлэн үүнийг бид хоёр үнэнийг ойлгохоос эхлэх хэрэгтэй. Энэ бол бүх зүйлийн эхлэл. Бид хоёр үнэнийг маш нарийн бус харин хүн бүрийн ойлгож болох энгийн түвшинд авч үзэж болно. Нэг талд юмсын сайн, муу талыг хэтрүүлсэн хэтрүүлэл дээр суурилсан бидний төсөөлөл эсвэл ердөө байхгүй зүйл дээр гаргаж тавьсан өөрийн санаа байх бол нөгөө талд бодит байдал байна. Энэ бол хоёр үнэн.

Төөрөлдсөн сэтгэлд бидний төсөөлөл үнэн мэт санагдаж “Би бүх зүйлд ялагдсан, би ердөө сайн биш, хэн ч надад хайргүй” гэх ба хийж буй хоол түлэгдэх эсвэл ресторанд бидний захиалах гэсэн зүйл байхгүй бол түүнийг “Дэлхий дээрх хамгийн том сүйрэл” гэх эсвэл замын түгжрэлд орвол хэзээ ч гэртээ харихгүй мэтээр бодно. Бид тэдгээрийг байж болох хамгийн таагүй зүйл болгон хэтрүүлэн төсөөлж хэрэв замын түгжрэлд орсон бол түүнийг мөнх үргэлжлэх мэтээр боддог. Бид ийм төсөөллүүдийг үнэн мэт санана. Энэ бол янагуух үнэн: төөрөлдсөн сэтгэлийн алдаатайгаар үнэн гэж бодож буй зүйл.

Тэгвэл нөгөө талд бодит байдал буюу туйлын үнэн байна. Бодит байдал бол шалтгаан болон нөхцөлийн улмаас замын түгжрэл үүссэн явдал. Энэ үе бол ажлын цаг дуусч байгаа ачаалал ихтэй үе бөгөөд хүн бүхэн гэртээ яаран харихыг хүсэж байгаа. Үүнээс бид юу хүлээнэ гэж? Энэ бол өвөл цагаар цаг агаар хүйтэн байна гэж гомдоллохтой адил. Бид өвөл цагаас хүйтнээс өөр юу хүлээх билээ? Үүнтэй адил.

Бид хоёр үнэнийг хооронд нь ялгаж аливаа зүйлийг хэтрүүлж, байж боломгүй зүйлүүдийг тусган харж байгаагаа таньж түүнийг буцаах хэрэгтэй. Товчоор хэлбэл, бидний амьдралд болж байгаа зүйлүүдийг ойлгохын тулд бид хоёр үнэний ялгааг ойлгож, тэрхүү ойлголтыг амьдралд хэрэглэх явдал. Энэ бол чухал.
Энэсанаа өөр нэг ерөөлд дараах байдлаар тусгагдсан байдаг:

Одон, бүргэлзээ, зул хийгээд, илбэ, шүүдэр, усны хөөс, зүүд, гилбэлгээн хийгээд үүл мэт хамаг хуран үүдсэн бүхнийг тэр адил үз.

Өөрсдийн өдөр тутмын амьдралдаа ямар ч байхгүй эсвэл маш жижиг зүйлийг том асуудал болгон тусгаж, хэтрүүлэн харж байгаагаа таних хэрэгтэй. Үнэхээр үнэн мэт санагдаж байгаа зүйлүүд илбэ, зүүд, усны хөөс адил байдгийг таних нь чухал. Тэдгээр бидэнд харагдаж байгаатай адил үнэхээр тийм бодитой байдаггүй. Иймд бид тэдгээрийг бодит байдал хэмээн итгэдэггүй. Тэдгээрт итгэхгүй байх нь өөрсдийн уран зөгнөлийн бөмбөлгийг хагалж байгаатай адил.   

Сэтгэлийн тусгал

Хоёр төрлийн тусгал байна; нэг нь тустай, нөгөө нь хортой. Тэгвэл ямар тусгалууд нь тустай байдаг вэ? Бидэнд эерэг эсвэл эерэг ч биш, сөрөг ч биш завсрын төлөв бүхий нэг зорьсон зүйл байж болно; жишээ нь бид нэг аялал зохион байгуулахаар төлөвлөж байна гэж бодъё. Бид нэг газраас нөгөө газар хүрэхээр урьдаас төлөвлөсөн. Энэ бол нэг сэтгэлийн төсөөлөл буюу тусгал: бид үүнийг эсвэл түүнийг хийх, тодорхой зүйлүүдийг авч явах, захиалга өгөх гэх зэрэг зүйлүүдийг хийхээр төлөвлөсөн. Ийм төрлийн тусгалууд бидний ажил мөн дэлгүүр явах үед худалдан авах зүйлийн жагсаалт хийхтэй холбогдоно. Эдгээр нь бидний хийх зүйлүүд, ямар нэг зүйлд хүрэх төлөвлөгөөтэй холбоотой сэтгэлийн тусгалууд. Ийм тусгалуудыг бид ажил дээрээ, тухайн жилд хүрэхээр төлөвлөж буй зүйлийн төлөвлөгөө гаргахад ашиглаж байдаг.

Гэвч бид өөрсдийн тусган харж байгаа төлөвлөгөө нь зүүд адил гэдгийг ойлгож байх хэрэгтэй. Бодит амьдрал дээр энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь уян хатан байх гэсэн санааг илэрхийлнэ. Тэр бүхэн бол дээрх ерөөлд тусгасны адил хуран үүдсэн буюу нөхцөлт зүйлүүд юм. Тэдгээрт шалтгаан болон нөхцөлүүд нөлөөлнө; тэдгээрийг зарим тохиолдолд “нөхцөлт үзэгдэл” гэдэг. Юмс шалтгаан болон нөхцөлийн үндсэн дээр гарч ирж байдаг бөгөөд ямар нэг төлөвлөгөө гаргах үед тэр нь шалтгаан, нөхцөлийн нөлөөнд байж өөрчлөгдөж болно. Ийм өөрчлөлтийн нэг жишээ нь тухайн нэг сонгон авсан нислэгийн өдөр суудал байхгүй байж болно. Бид тэр өдөр нисэхээр төлөвлөсөн байсан ч төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Гомдол тавин бухимдахын оронд ердөө бодит байдлыг хүлээн зөвшөөрнө. Үүнд бид суралцах хэрэгтэй. Хэрэв бид өөрсдийн эхний төлөвлөгөөнд баригдан тухайн төлөвлөгөө нь дээрх ерөөлд дурдсанчлан илбэ, усны хөөс адил гэдгийг ойлгож уян хатан байхгүй бол бид эхний төлөвлөгөөндөө хатуу баригдсаар байх болно.  

Тэр нь юунд хүргэх вэ? Маш тайван бус сэтгэлийн төлөвийг бий болгоно. Уур хүрч, сэтгэл гутарна. Энэ нь биднийг хөөрхийлөлтэй болгох ба нөхцөл байдлыгөөрчлөхгүй. Замын түгжрэлд орсон үед уурлаж бухимдах нь юунд ч туслахгүй, сигналдаад ч юунд ч тус болохгүй. Тустай ганц зүйл нь бидний хүлээж байсан нөхцөл байдал өөрчлөгдөөд буй бодит байдлыг хүлээн зөвшөөрөх явдал. Жишээ нь, бид тодорхой цагт хүрэлцэн ирэхээр төлөвлөж байсан ч галт тэрэгнээсээ хоцорч эсвэл галт тэрэг цагаасаа хоцорч ирэх гэх мэт бидний зүгээс хийж чадах зүйл байхгүй байх нөхцөлүүд. Ийм маягаар бид сургаалыг өөрийн амьдралын тодорхой түвшинд хэрэглэдэг.   

Юмсыг авч үзэх зөв ба буруу хэлбэр байдгийг ойлгох хэрэгтэй. Буруу хэлбэр нь үргэлж өөрчлөгдөх нөхцөлүүдээр байнга нөлөөлөгдөж байдаг зүйлийг өөрчлөгдөхгүй, тогтсон гэж бодох –төлөвлөгөөгөө өөрчлөгдөхгүй байх ёстой гэж бодохтой адил.

Ингэж бодох нь маш нийтлэг байдаг. Юмс төлөвлөж байснаас өөрчлөгдөж, тэдгээрийг өөрчлөх шаардлагатай болох үедтөлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Бид замын түгжрэлд орж эсвэл хүмүүс уулзалтаа цуцалж болно. Бодьсадвын явдалд орохуй зохиолдоо Шантидэва гэгээн үүнд тохирох хамгийн сайн зөвлөгөөг өгсөн байдаг.

Хэрэв засаж болох аваас сэтгэл чилэх хэрэг юун. Хэрэв засагдахгүй аваас сэтгэлээ чилээгээд ч юунд ч туслахгүй.

Энэ зөвлөгөө нь түүнийг ойлгож, амьдралын асуудлуудыг шийдэх аргынхаа нэг хэсэг болгохуйц үнэхээр чухал зөвлөгөө. Хэрэв бид амьдралын явцад ямар нэг хэцүү нөхцөл байдалтай тулгаравч түүнийг өөрчилж болох бол ердөө түүнийг өөрчил. Хэрэв түүнийг өөрчлөхөд бидний хийж чадах зүйл байхгүй бол түүнд сэтгэл чилэх нь ямар ч тусгүй. Жишээ нь, нислэгийн үеэр бидний ачаа хоцорч түүнийг хэдэн өдөр хүлээх хэрэгтэй болбол тэрхүү бодит байдлыг ердөө хүлээн зөвшөөр.

Хэдэн долоон хоногийн өмнө надад нэг сонирхолтой явдал тохиолдсон. Би Голландад болох Дээрхийн гэгээн Далай ламын номонд суухаар онгоцны буудал дээр нислэгтээ бүртгүүлэхээр дугаарлан зогсож байлаа. Компьютерийн систем саатсаны улмаас маш урт дугаар үүссэн байсан. Бүх хүмүүс онгоцондоо амжиж бүртгүүлж чадахгүй болов уу хэмээн эмээцгээж байлаа. Өмнө зогсож байсан хүмүүс бүгд тасалбар, паспортаа бэлдэцгээж би ч мөн адил түүнийгбэлтгэхээр гаргах гэтэл паспортаа мартсан байлаа. Паспортгүйгээр би бүртгүүлж чадсангүй.

Энэ миний амьдралд анх удаа тохиолдож буй явдал байсан. Би юу хийж чадах билээ? Би онгоцны буудал дээр байгаа, тэндээс сууцандаа очиж паспортаа аван эргэж ирэх ямар ч боломж байхгүй. Энэтохиолдолд би уурлаж, бухимдах гэж үү?  Аль нь ч тус болохгүй. Би мэдээллийн лавлах дээр нь очиж өөр нислэг байгаа эсэхийг асуулаа. Тэр онгоцны буудал дээрээс нисэх нислэг байгаагүй, харин хотын нөгөө талд байх өөр онгоцны буудал дээрээс нисэх нэг нислэг байсан. Энэ нь би суухаар төлөвлөсөн байсан тэр оройны үйл ажиллагаанаас хоцорно гэсэн үг байлаа. Яах ч билээ дээ? Гэртээ ирж нөгөө нислэгт захиалгаа өгөн тэр оройдоо ниссэн. Ийм л юм болсон.

Ийм тохиолдлууд нь сургаалыг бид хэрхэн өөрсдийн амьдралтай холбож чадаж байгаа эсэхийг шалгах нэг шалгуур болдог. Тухайн зүйлийн талаар бухимдаж байна уу? Хэрэв бид бухимдаж байвал бид өөрөө өөрийгөө зовоож,ердөө л хөөрхийлөлтэй байдалд орно. Нөхцөл байдлын бодит байдлыг нэн даруй хүлээн зөвшөөрч, бид юу хийх хэрэгтэй түүнийг хийх нь чухал. Энэ нь Бурхан багшийн заасан мөнх бусын тухай сургаалыг бодит амьдралын түвшинд хэрхэн уялдуулж, ашиглах тухай юм.Бид хэрхэн эхний нислэгээр нисэж, Амстердамын онгоцны буудлаас галт тэргээр Роттердам хүрэн тэрхүү оройн үйл ажиллагаанд оролцох тухай төлөвлөгөөн дээрээхатуу зогсдоггүй. Тэрхүү төлөвлөгөөг зүүдтэй адил хэмээгээд өөр төлөвлөгөө гаргадаг.

Энэ нь бясалгалын нэг маш энгийн заавартай холбогддог: ямар нэг хүлээлтгүйгээр бясалгах. Хэрэв бидэнд ямар нэг хүлээлт байхгүй бол урам хугарах гэж байхгүй. Энэ нь Бурханы шашныг амьдралд хэрэглэх маш тулгуур ойлголт.

Миний эгч хоёр хүү, дөрвөн ач хүүтэй. Би эгчдээ түүний хүүхдүүд эсвэл ач нар түүн рүү утасдана хэмээн хүлээхгүй байхыг үргэлж сануулдаг. Хэрэв бид тийм байдлаар хүлээх юм бол бидний урам хугарах болно. Учир нь тэд түүнийг хийхгүй. Хэрэв бид хэн нэгэнтэй ярихыг хүсэж байгаа бол бид тэдэн рүү утасдаж болно. Энэ ийм л амархан; бид бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв бид тухайн нэгзүйлийг өөрчилж чадах бол түүнийг өөрчил. Хэрэв чадахгүй бол мэдээж түүнийг өөрчилж чадахгүй. Бид хоцорсон ачаагаа ирэх хугацаанаас нь өмнө хүлээн авахгүй. Бид түүнийг ердөө хүлээн зөвшөөрдөг.

Дахин хэлэхэд хоёр төрлийн сэтгэлийн тусгал байх ба нэг нь тустай – бид тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй, хэрэв бид ямар нэг газар руу явах гэж байгаа бол мэдээж нислэг захиалах хэрэгтэй. Гэвч түүнийг өөрчлөгдөшгүй гэж хүлээх нь буруу тусгал юм.

Тунгаан бодох ба бодит амьдралд нийцсэн хэрэглээ

Өөрсдийн төсөөллийг үнэн гэж авч үзэхээс өмнө нөхцөл байдлыг тунгаах харахад хэдэн хором зарцуулах хэрэгтэй. Бид уян хатан байна уу? Юмс бидний төлөвлөснөөр явагдахгүй үед бид хэрхэн бухимдаж байна вэ? Аливаа зүйлийн явагдах ёстой хуваарийг бид хэр их хатуу баримталж байна вэ? Тухайлбал, энэ даалгавар тухайн нэг хугацаанд хийгдэх ёстой гэх, эсвэл зоогийн газар хооллох үед бидний дуртай хоол тэнд байх бөгөөд тэд хурдан үйлчилнэ гэж хүлээх. Бид тодорхой нэг төлөвлөгөө эсвэл хүлээлэлтэнд хэр их баригдаж байна вэ?Төлөвлөснөөр болохгүй үед тэр нь хичнээн таагүй байдгийг анзаарахыг хичээ. Бид зөвхөн хүлээлтээсээ болж урам хугардаг. Бид өөрсдийн төлөвлөгөөг юмс хэрхэн явагддаг бодит байдалтай нийцэж байх ёстой гэж боддог.

Гэвч бүх зүйл шалтгаан болон нөхцөлүүдээс хамаарч байдаг. Тухайн зоогийн газарт бидний захиалахыг хүсэж байсан хоол дууссан байж болно. Галт тэрэг цагаасаа хоцорч болно; замын түгжрэлд орж онгоцноосоо хоцорч болно. Энэ бүхэн нь бидний төлөвлөгөөнд нөлөөлөх шалтгаан болон нөхцөлүүд. Өөрийгөө хэр уян хатан болохыг хэдэн хоромд ажиглаж үз. Энэ таны ажиллах хэрэгтэй зүйл мөн үү? Мөнх бусын тухай ойлголтын талаар ердөө мэдэж байх нь эсвэл амьсгалыг ажиглан түүнийг мөнх бус хэмээн ойлгох нь хангалттай биш.Гэвч тус ойлголтыг хэрхэн амьдралд ашиглах вэ? Энэ бол мөнх бусын тухай ойлголтын чухал хэсэг.

Аяга унагаж хагалж буй жишээг авч үзье. Түүнд үзүүлэх таны хариу үйлдэл юу байх вэ? Хоол хийж байгаад түүнийг түлэх. Та түүнд ямар сэтгэл хөдлөлөөр хандах вэ? Энэ үед бидний ахиц харагдана. Бид компьютер эсвэл гар утсан дээрээ ажиллах гэтэл тэр нь ажиллахгүй байна гэж бодъё. Та тэр даруй зүйл оролдож үзэж чадах уу? Эсвэл та уурлаж, бухимдах уу?

Эдгээр нь сургаалыг ашиглах бодит хэрэглээ. Хэрэв бид тэдгээр нөхцөлүүдэд уурлаж бухимдан ердөө өөр нэг төлөвлөгөөнд шилжиж чадахгүй байвал – гар утас, компьютер зэрэг дээр ямар нэг зүйл хийх өөр арга үргэлж байж байдаг – энэ нь бидний ажиллах ёстой тэр хүрээг харуулж байна гэсэн үг.

Буруу төсөөллүүд

Өмнө дурдсанчлан дээрх хоёр сэтгэлийн төсөөллийн нэг нь төлөвлөх, хуваарь гаргахтай холбоотой тус бүхий, харин нөгөө нь “Би ялагдагч; хэн ч надад хайргүй; тэр хүн бол муу хүн” гэх мэтээр төсөөлөх буруу төсөөлөл байна. Эсвэл хоол түлэгдэх, галт тэрэгнээсээ хоцрох гэх мэт үед түүнийг сүйрэл гэж бодно. Ийм буруу төсөөлөлүүд нь хэтрүүлэл дээр суурилдаг.  

Уур бухимдлаар бид аливаа зүйлийн сөрөг талыг хэтрүүлдэг. Олон хүмүүс үүнийг метро зэрэгтэй холбоотойгоор туулж үзсэн байдаг: биднийг шатаар буун очих үед галт тэрэг хөдлөн явдаг. Үүнийг бид хэрхэн даван туулдаг вэ? Бид хараал хэлдэг үү? Дахин тав эсвэл арван минут хүлээх нь дэлхий дээрх хамгийн муу зүйл биш. Гэвч бид үүнийг хэтрүүлэн түүнд уурлаж бухимдан хариу үйлдэл үзүүлдэг. Энэ биднийг амгалан бус болгох ба бидэнд ямар ч тус хүргэдэггүй, тийм биз дээ?

Шунах сэтгэлээр бид ямар нэг зүйлийг дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл эсвэл түүнтэйгээр бид хамгийн гайхалтай хүн болно гэж боддог. Хэн нэгэнд дурлах үед бид тухайн хүний зөвхөн сайн талыг хэтрүүлэн харна. Тэр хүнийг өөрийн хэтрүүлсэний дагуу амьдарна гэж хүлээдэг; гэвч хэн ч тийм байж чадахгүй. Ингээд бидний урам хугарна.

Ийм хандлагууд асуудлууд бий болгодог. Бид юмсыг маш хязгаарлагдмал өнцөгөөс хардаг. Амьдралд түр амсхийх, эсвэл хэн нэгэн биднийг үгүйсгэх, эсвэл бидэнд ямар нэг таагүй зүйл тохиолдох үед ийм зүйл болж болно. Бидний ойр дотны холбоотой хүн бидний дургүй ямар нэг зүйл хийх, эсвэл бидний төрсөн өдрөөр бидэн рүү утасдахгүй байх, эсвэл бидэн рүү уурлаж хашхичсан гэх мэт ямар нэг зүйл болоход бид ердөө тэр нэг үйл явдал дээр төвлөрдөг. Бид харилцаагаа нийт өргөн хүрээнд нь авч үздэггүй. Зөвхөн тэрхүү нэг зүйлээр түүнийг тодорхойлон маш их бухимддаг.

Ингээд хэрэв бид ямар нэг бэрхшээлтэй тулгарч, эсвэл ямар нэг өвчнөөр өдвөл “Би өрөвдөлтэй хүн; би ингэж зовж буй цорын ганц хүн” гэх мэтээр бодож болно. Энэ бол мөн л тэдгээрийг харах маш хязгаарлагдмал өнцөг. Энэ бол илүү өргөн хүрээнд харахгүй байх явдал дээр суурилсан өөр нэг буруу төсөөлөл. Жишээ нь, “Хэн ч надад хайргүй” гэнэ. Хэрэв бид өөрийн амьдралыг бүхэлд нь авч үзэх юм бол тэрхүү хугацаанд хэн ч биднийг хайрлаж байгаагүй гэж үү? Бидний нохой бидэнд хайргүй гэж үү? Хэн ч бидэнд анхаарал тавьж, сайхан хандаж байгаагүй гэж үү? Өөр нэг жишээ нь, “Би ялагдагч” гэх явдал. Энэ үнэн гэж үү? Бид ямар нэг зүйл дээр амжилт гаргаж байгаагүй гэж үү? Бид хөлд орж, бие засаж сураагүй гэж үү? Тэгэхээр бид мэдээж ямар нэг зүйл дээр амжилт гаргаж байсан нь тодорхой.

Дахин хэлэхэд бидний төсөөлөл бодит байдалтай нийцдэггүй; гэвч бид түүнийг нийцүүлэхийг хүсэж, улмаар түүнд итгэдэг. Бид өөрийн ойр дотны харилцаатай хүнээ хамгийн гайхалтай, онцгой хүн байхыг хүснэ. Нэг жишээ гэвэл Өмнөд туйлын оцон шувууд ба тэдгээрийн амьдралдаа нэг нэгээ сонгох явдал. Бидэнд тэд бүгд адилхан харагдах боловч тэдэнд тэд бүгдээс тусгай байх хэн нэгэн байдаг. Мэдээж оцон шувууны хувьд тэдэнд хүмүүс бүгд ижил санагдана. Гэвч бидэнд хэн ч дурлах нь хамаагүй биш байдаггүй. Үгүй, тэр хүн нь ийм, тийм байх ёстой, тэр нь зөвхөн чи – хамгийн онцгой нэгэн – чи надад дурлах ёстой гэнэ. Ийм төрлийн хэтрүүлэл тийм тустай байдаггүй.

Бодит байдлыг үгүйсгэх

Буруу төсөөллийн өөр нэг хэлбэр нь бодит байдлыг үгүйсгэх буюу ингэхдээ бусдын бодит байдлыг харахгүй үгүйсгэх явдал. Энэ нь бид хүмүүсийг бидний адил зүрх сэтгэлтэй хүн гэж бодохгүйгээр эд зүйл адил авч үзэх үед тохиолдоно. Бурханы шашинд олны мэдэх нэг хэллэг байдаг: “Хүн бүр амар амгаланг хүсэх бөгөөд хэн ч зовлон хүсдэггүй.” Бусад хүмүүстэй холбоотойгоор бид үүнийг хэрхэн нухацтай авч үздэг вэ? Ихэнх тохиолдолд бид түүнийг үл хайхран хэн нэгэнд хэрхэн хандаж, юу гэж хэлэх нь хамаагүй мэт үйлдэл хийдэг. Энд шалтгаан ба үр дагаврын тухай ойлголт байхгүй, сэтгэлтэй хүн нэг ч байхгүй мэт байдаг.

Жишээ нь, манай ажлын газар бусдын дургүйг ихээр хүргэдэг, зан муутай нэг хүн байдаг гэж бодъё. Гэвч тэр хүн хүртэл амгаланг хүсэх ба зовлон хүсдэггүй. Тэд бусад хүмүүс өөрт сайн байхыг хүсэж, дургүй байхыг хүсэхгүй. Тэд өөрсдөд нь юу амгалан авчрах тухайд маш их төөрөлдсөн байдаг учраас таагүй үйлдэл хийдэг. Энэ нь мөн л шүүмжлэлтэй хандлагагүй байхтай холбогдоно. Шантидэва гэгээний хэлсэнчлэн бид өөрийн амгаланг өөрийн дайсан мэтээр үгүй хийж байдаг. Өөрөөр хэлбэл, бид зовлонгийн шалтгаан руу яаран гүйдэг. Хэрэв хэн нэгэн хүн маш ихээр хувиа хичээх байдлаар үйлдэл хийж байвал тэр нь ердөө хүн бүр түүнд дургүйцэх шалтгаан болдог. Хэн ч түүний хийж буй үйлдэлд дуртай байхгүй бөгөөд зөвхөн тэр хүн түүнийг өөрт нь амгалан авчирна гэж бодож байдаг.

Энэ маш чухал: бусадтай харилцаж байх үед “Ердөө миний адил энэ хүн бас амар амгаланг хүсэж байгаа. Миний адил түүнд зүрх сэтгэл бий. Миний адил тэрээр зовлонг үл хүсэж бусад хүмүүс өөрт нь таатай байхыг хүсэж байгаа. Миний адил бусад хүмүүс өөрт нь дургүй байж, өөрийг нь үгүйсгэхийг хүсэхгүй байгаа” гэдгийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Бид автобусанд явж байгаа эсвэл замын хөдөлгөөнд оролцож байгаа үед үүнийг төлөвшүүлэх нь маш их тустай. Хүн бүр очих ёстой газраа хурдан хүрэхийг хүсэж, миний адил хэн ч түгжрэлд суухыг хүсэхгүй байгаа. Бусад хүмүүст уурлаж бухимдах ямар ч шалтгаан байхгүй. Хүн бүхэн миний адил зүрх сэтгэлтэй.

Маш их тус бүхий нэг мөр байдаг: “Хүн бүр Бурхан багшид дуртай байгаагүй; ийм байхад яагаад бид хүн бүрийг өөртөө дуртай байна хэмээн хүлээнэ гэж?” “Хүмүүс Есүсийг цовдолсон; тэгэхээр бид хүмүүсээс өөртөө юу хүлээнэ гэж?” Хүн бүр бидэнд дуртай байна гэж үү? Хэн нэгэн бидэнд дургүй байх эсвэл бидний хүссэнчлэн эерэг байдлаар бидэнд хандахгүй байгаа үед энэ маш тустай. Эдгээр нь амьдралд тохиолдох бодит бус хүлээлт, төсөөллүүдтэй нүүр тулах үед бидэнд маш их тустай байж болох мөртүүд юм. “Үргэлж миний зөв байх бөгөөд хүн бүр намайг сонсох хэрэгтэй” гэж бид бодож болно. Гэвч яагаад тэд биднийг сонсох ёстой гэж?

Энд бид юу бодит, юу бодит биш болохыг ялгах гэж байгааг санах хэрэгтэй. Бид илүү сайн байх гэж, илүү сайн хийх гэж, илүү их төвлөрөхийг хичээж байгаа байж болно. Илүү сайн хийх чадах боломжтой байгаа үед тэр бол бодит хүлээлт. Харин “Би үргэлж чиний амьдрал дахь хамгийн чухал хүн бөгөөд үргэлж миний хүссэн цагт бэлэн байх ёстой” гэх ба гэр бүлийнхээ хүнийг ажлаасаа ирэх үед түүний ажил дээр юу ч болоогүй, тэр юу ч хийхгүй байж байгаад ирсэн учраас одоо миний төлөө өөрийгөө бүрэн зориулах ёстой гэх нь бодит бус хүлээлт, тийм биз дээ?

Бид бодит бус хүлээлттэй байгаа мөчийг авч үзье. Бид хэр их ийм бодит бус хүлээлттэй байж түүнийг хэр сайн таньж чаддаг вэ? Түүнд итгэх үед тэр нь бидэнд тусгүй байдгийг бид таньдаг уу? Тэр нь хэрхэн сэтгэл зүйн зовлон болж байдгийг бид хардаг уу? Далай лам түүнийг бидний дотоод төвөг удагчид гэж нэрлэх дуртай байдаг.

Баруунд олон хүмүүс өөрсдийн шүүмжлэлд суурилсан философиудын нөлөөнд байдаг. Бидний олонхийн хувьд хамгийн таагүй бодлуудын нэг нь бид хангалттай сайн биш гэж бодох явдал байдаг. Энэ бол маш их шүүмжлэлт хандлага. Хэн ч биднийг сайн, муу гэж тодорхойлохгүй бөгөөд бид ч өөрсдийгөө мэдээж муушаан шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Бид будилсан байж болно; гэвч тэр нь бид муу эсвэл ямар нэг дутагдалтай гэсэн үг биш. Өөрийгөө муушаах нь өөрт маш муу хандлага.

Хоёр үнэнийг хооронд нь ялгах нь чухал. Үнэн мэт санагддаг зүйлүүд, жишээ нь, би хангалттай сайн биш гэх мэт үнэндээ буруу. Үүнд итгэх ямар ч шалтгаан байхгүй бөгөөд ийм бодлыг зогсоохыг хичээж, амьдралын асуудлуудад шалтгаан ба үр дагаврын ойлголтын үүднээс хандах хэрэгтэй. Хэрэв бид ямар нэг зүйлд хүрэхийг хүсвэл түүний шалтгааныг бий болгох хэрэгтэй. Хэрэв тэр нь боломжтой бол түүнийг хий, хэрэв боломжгүй бол бодит байдлыг хүлээн зөвшөөр. Жишээ нь, хэрэв бид нэг сайн ажил олохыг хүсэж байвал түүнийг хайх хэрэгтэй, тэр нь ердөө тэнгэрээс бууж ирнэ эсвэл хэн нэгэн бидэнд өгнө гэж хүлээж суухгүй. Шалтгаан ба үр дагавар гэж бий. Бид боломжуудад нээлттэй байж, тэдгээрийг ашиглах ба тухайн нөхцөл байдлыг маш муу хэмээн түүндээ түгжигдэн, хэзээ ч урагшлахгүй, юу ч хийх боломжгүй хэмээн бодохгүй байх хэрэгтэй. Хэрэв ингэж бодож байвал энэ маш сөрөг бодол.Дээрх ерөөлд дурдсанчлан муу үйлийг ямагт бүү үйлд. Энэ нь зөвхөн бие болон хэлний үйл бус бидний сэтгэлийн үйл, бодлыг мөн хамарна. Үүнд өөрийг болон бусдыг хэрхэн авч үзэх явдал багтана.

Хутагтын дөрвөн үнэн

Бодит байдлаас төсөөллийг ялгах энэ арга Хутагтын дөрвөн үнэнийг амьдралд хэрхэн хэрэглэхтэй холбогдоно. Дээрхийн гэгээний онцлон тэмдэглэдэгчлэн бид хоёр үнэний ойлголтоос дөрвөн үнэний ойлголтонд хүрэх хэрэгтэй. Хутагтын нэг дэх үнэн буюу бидний асуудал нь Хутагтын хоёр дахь үнэн болох шалтгаанаас үүсдэгийг ойлгох. Бидэнд дээр дурдсан тэдгээр буруу төсөөллүүд байхаас гадна тэдгээр нь бодит байдалтай нийцдэггүйг танихгүй байх явдал байдаг. Үүнийг бид үл мэдэх явдал буюу мунхаг гэдэг. Хэрэв бид энэ байдлыг зогсоохыг хүсвэл –Хутагтын гурав дахь үнэнд хүрэхийг хүсвэл – бодит байдлыг ойлгох хэрэгтэй. Ингээд Хутагтын дөрөв дэх үнэнээр өөрсдийн буруу төсөөлөл буюу юмсын талаарх уран зөгнөлийг арилгана.

Үүнд хүрэхэд бид заавал Бурханы шашинтан байх албагүй. Далай ламын хэлдэгчлэн энэ нь хэн бүхэнд тохирох арга бөгөөд үүнийг Хутагтын дөрвөн үнэн гэж нэрлэх ч шаардлагагүй. Ямар нэг нэр өгөх хэрэггүй. Ийм маягааар Гурван эрдэнэ нь юу болохыг хэлэх шаардагагүйгээр түүний талаарх ойлголтонд хүрч болно. Хэрэв бид өөрсдийн асуудлын шалтгааныг арилгавал тэдгээр асуудлууд байхгүй болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүхий л асуудал хийгээд түүний шалтгаан үгүй төлөв болонтүүнд хүрэхэд шаардлагатай ойлголт нь Ном эрдэнэ. Энэ бол Хутагтын гурав дахь болон дөрөв дэх үнэн. Бурхан эрдэнэ нь үүнд бүрэн хүрсэн тэдгээр төрөлхтнүүд байдаг бол Хувраг эрдэнэ нь тэр зам мөрийнталд хүрсэн төрөлхтөн нар байна.

Ийм маягаар бид хоёр үнэн, дөрвөн үнэн, гурван эрдэнийн тухай ойлголтонд хүрч болох бөгөөд ингэхэд бид Бурханы шашинтан байх шаардлагагүй. Бурханы шашинтан байх үгүйг ялгах ялгаа нь ирээдүйн төрлүүдээ сайжруулахаар ажиллах зорилготой байгаа эсвэл үгүй явдал. Ийм зорилго нь өнгөрсөн болон ирээдүйн төрлүүдийн тухай ойлголтонд итгэх итгэлийг шаардана. Атиша гэгээний Төвөдөд дэлгэрүүлсэн бидний уламжлалт судрын ёс нь лам-рим буюу сэдлийн гурван түвшний сургаал хэмээн Дээрхийн гэгээн онцлон тэмдэглэдэг. Тэдгээр гурван сэдэл нь ирээдүйн төрлүүдээ сайжруулах, хяналтгүй гарах ирээдүйн төрлүүдийг зогсоох, гэгээрэлд хүрсэнээр бусдад мөн адил хяналтгүй гарах ирээдүйн төрлүүдээ зогсооход нь хамгийн сайнаар тусалж чадах тухай байна. Энэ үйл явц нь ирээдүйн олон төрлүүдийг дамжин явагдана. Сэтгэлийг Номд чиглүүлдэг Дөрвөн үнэн нь мөн дахин төрлийн ойлголтон дээр суурилна. Зам мөр бүхэлдээ дахин төрөл байдаг гэсэн итгэл дээр тулгуурлана. 

Барууны хүмүүсийн хувьд эсвэл илүү ерөнхийлж авч үзэх юм бол хоёр үнэн, дөрвөн үнэн, гурван эрдэнийн тухай ойлголт гэсэн дараалал илүү тохиромжтой байдаг. Үүний дараа шалтгаан ба үр дагаврын тухай ойлголтыг танилцуулж болох боловч хэрэв бид дөнгөж эхлэн суралцагч бол үүнийг ойлгоход нэлээд бэрхшээлтэй байна. Энэхүү ойлголт нь эхлэл үгүй сэтгэлийн тухай ойлголт руу чиглүүлэх ба хэрэв бид үүнийг ойлговол дахин төрлийн тухай ойлголтыг ойлгох болно. Энэ үед бидэнд дараа төрлүүдээ сайжруулж, хяналтгүй дахин дахин гарах төрлүүд буюуорчлонгоос гэтлэх чин сэтгэл төрнө. Зам мөр буюу лам-рим сургаалд хандах бидний хандлага ердөө дахин төрөлд итгэх итгэл дээр суурилсан байвал тэр үзэл тогтвортой байж чадахгүй. Энэ нь ийм суурин дээр лам-рим сургаалыг бүтээх нь хэрэггүй гэсэн үг биш; харин төвөд хүмүүсийн эхэлдэг адил тухайлбал түүнийг дахин төрлийн талаарх тодорхой ойлголтоор эхэлбэл илүү тогтвортой байна.

Хоёр үнэн гэх мэт энэ дараалал нь сургаалыг өөрсдийн өдөр тутмын амьдралд хэрхэн уялдуулах арга замыг мөн үзүүлнэ. Энэ нь өөрсдийн төсөөлөл болон бодит байдал хоёрыг ялгахаас эхлэх ба энэ үед бид өөрсдийн төсөөллийг бий болгож тэдгээр тусгалууддаа игтэж байгааг таних үе байна. Энэ бүхэнд бид шүүмжлэх хандлагагүйгээр хүрч чадна. Жишээ нь, “Би таныг надад энэ тал дээр тусална гэж бодож байлаа, гэвч та тусалсангүй” эсвэл “Би таныг энэ даалгаврыг зөв хийнэ гэж бодож байлаа, гэвч та зөв хийсэнгүй” гэх. Ажлын газар дээрээ бид хэн нэгэнд тухайн даалгаврыг сайн хийнэ гэсэн хүлээлттэйгээр өгтөл тэд тэр мэт гүйцэтгэсэнгүй. Бид яах хэрэгтэй вэ? Бид өөрсдөө түүнийг гүйцэтгэнэ. Тухайн хүнд уурлаж бухимдах уу? Энэ нь ямар ч тус болохгүй. Цаашдаа тэдэнд тийм даалгавар өгөхгүй байх эсвэл тэдэнд хэрхэн зөв хийхийг заах хэрэгтэй. Бодит байдалтай нийц. Тухайн хүн даалгаврыг ямар нэг зааваргүйгээр зөв хийнэ гэсэн өөрсдийн хүлээлтээс бид уурлаж бухимддаг. Бид тэднийг зөв хийнэ гэж найдаж болно; энэ бол өөр зүйл. Хүлээлт байхгүй үед урам хугарана гэж байхгүй.

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд

Муу үйлийг ямагт бүү үйлд гэсэн мөртийг баримтлахыг хүсэх үед бид өөрсдийгөө ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлийн үүднээс үйлдэл хийж, ярьж, бодож байгаа эсэхээ таних хэрэгтэй. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн тодорхойлолт нь сэтгэлийн тайван байдал болон өөрийн хяналтыг алдах нөхцөл бий болгодог сэтгэлийн төлөв. Уур төрөх үед сэтгэлийн тайван байдал байхгүй болж бид хожим харамсах зүйлүүдийг хэлж, хийдэг. Шунах сэтгэл төрсөн эсвэл хэн нэгэнд хэт татагдсан үед сэтгэл тайван бус байх бөгөөд хожим нь нэлээд таагүй санагдах зүйлсийг хэлдэг.Ихэнх тохиолдолд хэт татагдах, их зүйл шаардах байдал нь тухайн хүнийг өөрөөсөө холдуулахад хүргэдэг.

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд аливаа үйлдэл хийж байгаагаа бид таних хэрэгтэй. Өөрсдийн энергид илүү мэдрэмжтэй байх үед дайсагнах эсвэл хэт сэтгэл татагдахсэтгэлийн нөлөөгөөр бид бага зэрэг тайван бус байгаагаа мэдэрч чадна. Эдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүд бидний үл мэдэх байдлаас гарч байдаг. Бид шалтгаан ба үр дагаврын талаар ойлголтгүй байдаг. Энэ нь бид юу ч мэддэггүй гэсэн үг биш; бид юмс шалтгаан ба үр дагаврын нөлөөгөөр явагддаг, бидний төсөөлөл бодит байдалтай нийцдэггүй гэдгийг мэддэггүй.
Оюун судлахуйн долоон хэсэгт сургаалд:

Бүх буруугнэг зүйлд –өөрийг эрхэмлэх сэтгэлдтох,

хэмээсэн байдаг. Энэ нь бид үргэлж бүх зүйлийг өөрийн хүссэн тэр байдлаар явагдахыг хүсэн түүнд хүлэгддэг гэсэн санааг илэрхийлдэг. Энэ бол “Би бүхний түрүүнд” гэх хандлага бөгөөд юмс миний төсөөлсөн тэрхүү байдлаар явагдахыг хүлээх хэлбэр. Өөрийн асуудлуудыг ийм хандлагат тохох нь маш тустай зөвлөгөө. Жишээ дурдвал: “Энэ зоогийн газар маш сайн байна” эсвэл “Энэхүү үдэш төгс сайхан байна”, “Тэр хүн надад ингэж хандахыг би хүснэ” гэнэ. Энэ бүхэн “би, би, би”гэх сэтгэлээс гарах бөгөөд бид нөгөө хүний тухай биш зөвхөн өөрийн тухай бодож байдаг. Бид тухайн хүнийг нэг хэцүү өдрийг өнгөрөөж байгаа байх, эсвэл ямар нэг өөр зүйл сэтгэлийг нь зовоож байгаа байх гэж боддоггүй. Зөвхөн өөрийн тухай, би юу хүсэж байгаа тухай байдаг. Эдгээр нь анхааран авч, өдөр тутмын амьдралдаа өөрчлөхийг хүсэх асуудлууд. Амьдралд хандах Бурханы шашны хандлага нь өөрийн бүх асуудлын бурууг өөрийг эрхэмлэх сэтгэл гэж үзэх явдал байна. Энэ нь хувиа хичээсэн, өөрт төвлөрсөн хандлага. Энэ нь бид өөрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн орхих гэсэн үг биш. Харин өөрсдийн хэрэгцээ шаардлагыг цорын ганц чухал зүйлд тооцон бусдын хэрэгцээ шаардлагыг тоохгүй орхихгүй байх гэсэн утгатай. Энэ бол маш суурь баримтлал.

Буянт үйлд хичээнгүйлэн шамд гэдэг нь ямар нэг байдлаар уурлаж бухимдах, шунах сэтгэлээр эсвэл ямар нэг зүйл шаардаж бус харин нөхцөл байдлыг ойлгож үйлдэх хийх хэрэгтэй гэсэн утгатай. Бид үргэлж бусдын анхаарал, бусад өөрийг нь хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй болдог тийм хэн нэгэн байхыг хүсдэггүй. Хэрэв бид тэдгээр хандлагуудын нөлөөнд орж аливаа үйлдлийг хийж байвал бид өөрсөддөө л төвөг бий болгоно, тийм биз дээ? Бид бусдаас бодит бус шаардлагыг нэхэн түүгээр урам хугарч байдаг. Буянт буюу эерэг байдлаар үйл үйлдэх гэдэг нь ийм зүйлгүйгээр үйлдлийг үйлдэх гэсэн санааг илэрхийлнэ. Энэ нь сургаалын гүнзгий түвшин болох тэдгээр сөрөг сэтгэл хөдлөл, хандлагуудыг бүрэн зогсоох гэсэн утга санааг бус харин тэдгээр хүчтэй нөлөөнд орж үйлдэл үйлдэхгүй байх гэсэн утгыг илэрхийлнэ.

Амьдрал бидний сурах үйл явцын талбар

Бид туршлага, мэдлэггүй байж бусдын чанарыг танихгүй байхыг хүсэхгүй. Бид бидэнд байдгийн адил бусдад ч бас сэтгэл зүрх байдаг гэдгийг таних хэрэгтэй. Биднийг үл тоомсорлох, хүлээн зөвшөөрөхгүй байхыг бид хүсдэггүйтэй адил бусад ч бас түүнийг хүсдэггүй. Энэ бол бидний амьдралын явцад санаж байх хэрэгтэй ойлголтууд. Үүний тулд бид тухайн ерөөлийн гурав дахь мөрд дурдсанчлан өөрийн сэтгэлийг бүрэн номхтгох хэрэгтэй болно.

Амьдралыг өөрийн суралцах талбар болгож харах нь маш тустай. Энэ бол сургаалыг бүтээх түүний утга. Энэ нь мэдээж нялх хүүхдүүд уйлалдаагүй; зул барьж, хүж уугиулсан чимээгүй нэг сайхан орчинд олбог дээрээ сууж байхаар хязгаарлагдахгүй.

Нэг удаа би миний нэг шавийн багшилж байсан Бурханы шашны төвд очсон юм. Тэр үед нэг хүн хоёр настай хүүхдээ авчирсан байв. Нөгөө хүүхэд бясалгал хийж байх зуур өрөөгөөр гүйн тоглож байсан. Хоёр настай хүүхдээс бид юу хүлээх билээ? Нэг цаг хагасын хугацаанд тэд огт хөдлөхгүй сууна гэж үү?Багш нь хоёр настай хүүхэд бясалгалд авчирна гэдэг маш сайн хэмээж байсан. Жаахан хүүхэд эргэн тойронд гүйн, бясалгахыг оролдох үед дуу чимээ гаргах нь үнэхээр сайн сорилт. Энэ бол бодит бүтээл. Бухимдаж эсвэл анхааралсарнихгүйгээр бид бясалгаж чадаж байна уу? Энэ нь эцэг эх хүүхдээ унаж бэртэхээс болгоомжлохгүй байна гэсэн үг биш. Бид гадаах замын хөдөлгөөний  дуу чимээнд эсвэл замын түгжрэлд орсон үед бясалгаж чадаж байна уу?

Энэ бол амьдрал, амьдрал бүтээл хийх, өөрсдийн мунхаг сэтгэл буюу үл мэдэх явдал, сэтгэл хөдлөлтэй тэмцэх талбар байх хэрэгтэй. Атиша гэгээн Бодьсадвын эрдэнийн хэлхээ бүтээлдээ үүнийг маш тодорхой тэмдэглэсэн:

Олны дунд хэлээ шинж. Ганцаар ахуй үест сэтгэлээ шинж.

Энэ үнэхээр чухал. Бусдын хамт байгаа үед хэрхэн ярьж байгаагаа ажигла. Үүнд зөвхөн үг төдийгүй дууны өнгө, сэтгэл хөдлөл, түүний цаан байх хандлага багтана. Хэрэв бид хорсох, түрэмгийлэх сэтгэлээр ярьж байвал түүнийг анзаарч, өнгөө засах хэрэгтэй. Ганцаар байгаа үед энэ бас адил. Юу бодож байгаагаа анзаарч, “Би өрөвдөлтэй хүн, хэн ч надад талархдаггүй” гэх тэр бодол байна уу, үгүй юу?

Энэ нь Оюун судлахуйн долоон хэсэгт сургаалд өгүүлсэн байдаг бидний хийх хэрэгтэй гурван зүйлтэй холбогдоно: ерөндгийг санах, түүнийг хэрэглэхийг санах, хэрэглэсэн хэвээр байх.Эдгээрийг санах хамгийн хэцүү бөгөөд маш чухал зүйлс. Гэвч энэ нь барууны нөхцөлд ойлгогддог адил зөвхөн одоо цаг дээр төвлөрөх гэсэн утгатай бус.“Дурдал” гэдэг нь санах гэсэн үг. Бид ямар ч хэрэггүй зүйлийг тусган харж байдаг гэдгийг санаж, энэхүү ойлголтыг хэрэглэн, түүнийг хадгалах явдал. Ингэж чадвал энэ нь өдөр тутмын амьдрал дахь жинхэнэ бодит бүтээл.

Төсөөлөлт ба төсөөлөлт бус сэтгэлийн төлөв

Төсөөлөлт ба төсөөлөлт бус ойлголттой байх тухай Бурханы шашны зөвлөгөөг бид олонтоо сонсдог. Энэ юу гэсэн үг вэ? Мэдээж бид түүний мэргэжлийн үг хэллэгийн түвшинд тайлбарласан тодорхойлолт, тайлбарыг олж болох боловч бодит амьдралын түвшинд харах юм бол бидний зорьж байгаа зүйл тэдгээрийг хэрэглэхийн тулд тэр тухай бодох явдал биш байна. Галт тэрэг, онгоцноос хоцрох үед бид мөнх бусын тухай, юмс хэрхэн шалтгаан болон нөхцөлийн нөлөөнд байх ба хэрэв бид уурлаж бухимдах юм бол энэ нь ямар нэг тус болохгүй талаар бодох шаардлагагүй. Бид энэ талаар эхний алхам болгон бодож болох боловч бидний хүсэх зүйл энэ нь өөрийн эрхгүй, шууд төрдөг байх явдал. Бид энэ талаар бодох шаардлага байхгүй, энэ нь ердөө бэлэн байна. Бид өөрийн аяндаа түүнд хэт хариу үйлдэл үзүүлэхгүй харин түүний оронд уян хатан байна.

Энэ бол бидний зорьж байгаа зүйл. Энэ бол ямар нэг далд сэтгэлийн төлөв байдал бус. Энэ нь тэрхүү гүнзгий түвшний төсөөлөлт бус сэтгэлийн төлөв биш байж болох ч үүнд бид хүрэхээр зорьж байгаа. Бид өөрт болон бусдад илүү их зовлон бий болгохгүй байх үүднээс эдгээр сургаалуудыг өдөр тутмынхаа амьдралд уялдуулж сурахаар тэдгээр бүтээлийг хийдэг. Энэ бол тэр бүхний зорилго.

Асуултууд

Төлөвлөсөн зүйлдээ хүрэхийн тулд уян хатан байхыг хүсэх

Би өөрийгөө уян хатан байж бодит байдалтай нүүр тулахыг хүсдэг гэж боддог боловч энэ нь үргэлж тийм байдаггүй. Бодит байдлыг мэдэхтэй холбоотой надад тулгардаг нэг асуудал бол хэзээ төлөвлөгөөгөө баримтлах, хэзээ түүнийг хэт баримтлахгүй байх, юуг өөрчлөх, юуг өөрчилж болохгүйг мэдэх явдал байдаг. Жишээ нь би галт тэрэгнээс хоцрох үедээ гүйн гарч такси барин дараагийн буудал дээр түүнийг гүйцэж очиж болно. Өөрсдийн төлөвлөгөөтэй хэзээ тэмцэх нь тустай болохыг хэрхэн шийдэх вэ?

Төлөвлөгөөгөө гүйцэтгэх эсвэл түүнийг зогсоохтой холбоотой хэд хэдэн хүчин зүйл үүнд байна. Бид түүнд өөр сонголт байгаа эсэхийг харж, хэрэв таны такси барьж галт тэргийг дараагийн буудал дээр гүйцэн очих төлөвлөгөө гэх мэт сонголт байвал түүнийг тийнхүү өөрчилж болно. Хэрэв тийм такси байхгүй бол бид төлөвлөгөөнөөсөө ухрах хэрэгтэй болно. Энэ бол бодит амьдралын түвшний нэг жишээ. Гэвч өөр нэг түвшинд бид нэг сургуульд орохоор өргөдөл гаргасан боловч тэр жилдээ татгалзсан хариу авсан гэж бодъё. Бид түүнийг түүгээр орхих уу эсвэл дараагийн жилд нь дахин өргөдөл гаргах уу? Бид цэгнэж үзэх хэрэгтэй. Хэрэв бид өөр сургуулиудад тэнцээгүй бол дараагийн жилд дахин өргөдөл гаргахад буруу зүйл юу ч байхгүй. Энэ нь юу бодит болох талаар нөхцөл байдлыг авч үзэж байгаа хэрэг. Бид өөрийн чадвар, боловсролыг хэт үнэлж байна уу эсвэл үгүй юу? Бусад хүмүүсийн бодлыг бас сонсох хэрэгтэй.

Сонголт бүр дүн шинжилгээ шаардана; бүх зүйлийг хамрах ганц онцгой хариулт гэж байхгүй. Төлөвлөсөн зүйлдээ хүрэх нь юунаас шалтгаалахыг шинжилж үзэх хэрэгтэй, учир нь юмс шалтгаан болон нөхцөлөөс үүдэн гарч байдаг. Тэдгээр шалтгаан, нөхцөлүүд бүрдэж байна уу? Хэрэв одоо тэд бүрдэхгүй бол ирээдүйд бүрдэх боломж байна уу? Өөр сонголтууд байна уу? Бид тэдгээр шийдвэр, өөрчлөлтүүдэд маш оновчтой аргаар хандах хэрэгтэй.

Сэтгэл хөдлөл ихтэй байх

Өөрийгөө зовлонд хэрхэн хандаж байгааг харах нь надад шинэ зүйл. Би өөрийн төсөөллүүдийг бодит биш гэдгийг санаж байхыг хичээх боловч сэтгэл аяндаа тэрхүү төсөөллөөс гарахгүй байсаар байдаг. Түүнийг байнга санаж байх нь хэцүү энэ тохиолдолд өөрийгөө буруутгахгүй байх тухайд юу хийж болох вэ? 

Ихэнх тохиолдолд бид юу тустай, юу хамгийн сайн болохыг мэдэж байх боловч бидний сэтгэл хөдлөл тэр тухайд үнэндээ ямар нэг зүйл хийхэд хэцүү тийм хүчтэй байдаг. Энэ үнэндээ нийтлэг үзэгдэл. Хэдийгээр бид маш их сэтгэл хөдлөлтэй байсан ч энэ бол түүнийг хэт чин сэтгэлээсээ авч үзээд байх зүйл биш гэсэн итгэлтэй байж энэ тал дээр илүү их шийдмэг байхыг хичээх хэрэгтэй.

Энэ юу гэсэн үг болохыг буруу ойлгохгүй байх нь чухал. Бид их бухимдаж болох боловч тэдгээр зүйлүүд өнгөрч улирдаг. Сэтгэлийн төлөв, сэтгэл хөдлөл өнгөрөн одож, өөрчлөгдөнө. Бид тэдгээрт баригдан аливаа зүйлийг тэр бүгдээр тодорхойлохыг хүсэхгүй. Жишээ нь, “Бүх зүйл бүтэлгүй болж, өөрийн хүссэнээр амьдарч чадахгүй байгаа учраас үнэхээр их бухимдаж байна. Би муу байна” гэж бодохгүй байх нь зөв. Ингэж бодож, түүгээр бүх зүйлийг тодорхойлон түүндээ хүлэгддэг. Бидэнд ямар сэтгэл төрөх нь үнэхээр чухал, тусгай зүйл гэж бид боддог боловч тэр тийм биш. Энэ бол ердөө өнгөрөн өөрчлөгдөж буй нэг сэтгэлийн төлөв. Энэ зүйл бидний хүсэж байгаа зүйл биш гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь өнгөрч өөрчлөгдөнө гэсэн итгэлтэй байж түүнийг өнгөрөөх хэрэгтэй. Тэр нь бидэнд байсан нэг бодит бус хүлээлт гэдгийг ойлго. Тэрхүү бэрхшээлийг ертөнцийн төгсгөл мэт тийм гүнзгий авч үзэх хэрэггүй.

Сэтгэлийн төлөв байдлыг огторгуй дахь үүлтэй адилтган улмаар урсан өнгөрдөг гэж тодорхойлдог. Энэ бол сэтгэлийн төлөв байдлыг шийдвэрлэх эхний алхам. Мөн сэтгэл хөдлөл нь ямагт сайнтай, муутай байдгийг ойлгох хэрэгтэй. Бидний зарим нь бусдаас илүү их сэтгэл хөдлөлтэй байдаг ба энэ бол ердийн зүйл, бид энэ тал дээр хэт түүнийг буруутгах шаардлага байхгүй. Энэ бол бодит байдлыг хүлээн зөвшөөрч буй нэг хэсэг. Бодит байдал бол энэ бидний одоо буй газар; бид маш их сэтгэл хөдлөлтэй байж, амархан бухимддаг байж болох ч бид түүнд тийм их баригдах шаардлагагүй. Бодит байдал юу болохыг танихад илүү их ажилла.

Жишээ нь, “Би энэ бүтээлд суун сайн төвлөрөлтэй болохоор ирсэн боловч бүхий л хугацааны турш сэтгэл сарниж байлаа.”  Энэ бол зүгээр, бид нэг бодит бус хүлээлттэй байсан байна. Мэдээж сэтгэл сарнина, хараахан тийм сайн болоогүй байгаа.Хүлээлтээ багасгаж, түүндээ чин сэтгэлээсээ ханд. Тухайлбал, “Би өндөр түвшинд хүрч болох боловч тэр нь шалтгаан ба үр дагавраас шалтгаалахгүйгээр ирэхгүй. Би сайн хичээл зүтгэх гаргах хэрэгтэй” гэх.

Мөн хэрэв бид сэтгэл хөдлөл ихтэй бол тэр хандлагыг урвуулж илүү эерэг сэтгэл хөдлөл төрүүлэхэд ашиглаж болно. Энэ тохилдолд тэр нь хүчтэй асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл байж болно. Энэ үүднээс сэтгэл хөдлөл ихтэй байх нь эерэг зүйл. Гэвч мөн маш ихээр учир шалтгаан дээр тулгуурладаг хүмүүс байх ба тэдний хувьд ямар нэг сэтгэл хөдлөл төрүүлэх хэцүү. Тэдний хувьд хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх маш хэцүү. Хэрэв та сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд түүнд ямар нэг эерэг зүйл байгаа бол энэ нь түүнийг ердөө урвууах явдал. Энэ нь хэрэв та шалтгаан ба үр дагаврын тухай ойлголтыг аштглаж байвал аяндаа танд төрөх зүйл. 

Тав тухын хүрээний гадна

Бид бүгд үүнд суралцаж байдаг бөгөөд хүмүүс нийгмийн олон өөр нөхцөлүүдэд үүрэг хариуцлага хэрэгтэй болдгийг харж байдаг. Тэгвэл бид өөрсдийн тав тухтай байдаг тэр орчноос гарч сэтгэл хөдлөлийн хувьд биднийг сорих тэдгээр зүйлүүдтэй нүүр тулахад бэлэн болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Энэ нь юу эерэг, юу сөрөг болохыг ялгахтай холбоотой. Өөрсдийн тавтай орчноос гарч цэнгээний газар халамцуу хүмүүстэй цагийг өнгөрөөх нь эерэг зүйл биш байж болно. Бодьсадва нар тамд очин амьтдад тусалдаг гэж гардаг боловч бидний хувьд энэ нь хэцүү зүйл байж болно. Гэвч өөрсдийн тавтай орчноос гарч орон гэргүй хүмүүст чин сэтгэлийн үгийг хэлэх гэх мэт эерэг зүйл хийх нь өөр хэрэг.

Бидний ялгаж харах хамгийн эхний зүйл нь бидний хүрэхийг хүсэж байгаа зүйлийн хувьд тэр нөхцөл ямар тустай болохыг харах явдал. Зарим залуу хүмүүс клубд очин үүр цайтал бүхий л шөнийн турш бүжиглэж болно.Өөрсдийн тав тухын бүсээс гарч түүнийг хийх бидэнд ямар нэг тустай юу? Энэ нь бид өөрсдийн тав тухтай бүсээс гарч байгаа боловч түүнд ямар ч эерэг зүйл байхгүй, хэрэв бид өөрсдийн юмсыг сайшааж, муушаах сөрөг хандлагатайгаа ажиллах гээгүй л бол. Гэвч бид өглөө болтол чанга дуу чимээнд бүжиглэх шаардлагагүйгээр түүнтэй ажиллаж болно. Бидний тав тухын хүрээний гадна дүрвэгсэдтэй ажиллах гэх мэт өөр хийх зүйлүүд байж болно. Өөрсдийн тав тухын хүрээнээс гарч тэдэнтэй ажиллах нь эерэг зүйл бөгөөд бидэнд өглөгч сэтгэл төлөвшүүлэхэд тусална.

Берлинд би долоо хоног бүрийн нэг хичээл явуулдаг. Бид хичээлийн дараа хамт хооллохоор гардаг. Нэг удаа би тэдэнд Ном тэдний амьдралд хэрхэн тус болдог тухай нэг асуулт тавьсан. Нэг шавь маань өөрийн тав тухын хүрээнээс гарахад хүчин чармайлт гаргаж байгаа гээд тэрээр царай зүс сайтай хүмүүстэй ойр дотно байхад илүү их анхаардаг тухайгаа хэлсэн. Тэрээр тэднийг бусдаас илүү чухалчилж үздэг. Ингээд ажлын газрынхаа нэлээд жин ихтэй, нүүрэн дээрээ нэг эвгүй ургацаг мэт зүйлтэй, ихцарай муутай нэг хүнтэй нөхөрлөхгүй байхаар шийдсэн байж.Гэвч тэрээр тэр хүнийг баяр жаргалтай байж, бусад түүнд дуртай, түүнийг үл тоомсорлодоггүй байхыг хүсдэг гэж харахыг хичээжээ. Тэр хүн нэг шинэ гайхалтай найз, эрдэнэ болж болно. Тэрээр түүнийг үл тоомсорлохгүй байхаар шийдсэн гэж ярьсан. Энэ бол өөрийн тав тухын хүрээнээс гарахтай холбоотой эерэг зүйлийн нэг жишээ. Ийм зүйлүүдийг үнэхээр хийх боломжтой байдаг. Хэрэв бид өөрийн ердийн цар хүрээнээс гарахыг хүсэж байгаа бол түүнийг боломжгүй биш, боломжтой үе шатуудаар нь хийх хэрэгтэй. 

Өөр нэг шавь маань хэт туйлширсан нэг зүйлийг авч үзсэн. Тэрээр өөрийн тав тухын хүрээнээс гарч жишээ нь цэцэрлэгт хүрээлэнд, мансууруулах бодис зэргийг зардаг муу хүмүүстэй явах тухай ярьсан. Тэрээр тийм хүмүүстэй байх нь тав тухгүй байдаг учраас түүнийг хийсэн хэмээсэн. Би түүний ямар нэг тусыг ердөө харахгүй байна. Энэ бол түүнийг хийх бараг нэг хүчирхийллийн хэлбэр.

Өөрсдийн тав тухын хүрээнээс хэрхэн гарах, бидний тав тухын хүрээ гэдэг үнэндээ юу гэсэн үг болох тухай энэ асуулт үнэхээр сонирхолтой. Өөрийн тав тухын орчин гэдэг нь тэнд байхад өөрийгөө аюулгүй мэт санах явдал гэж бодох нь буруу ойлголт юм. Тав тухын орчин гэж юу вэ? Энэ бол бидний өөрөөсөө хайх зүйл. Бид ямар ч хүнтэй, ямар ч нөхцөлд өөрийнхөөрөө тавтай байж чаддаг уу?

Үүний хариулт нь бурууг нэг зүйл – өөрийг эрхэмлэх сэтгэлд тохох явдал. Бусадтай байх эсвэл аливаа нэг нөхцөлд та тавгүй байвал энэ нь та үргэлж “би, би, би” хэмээн өөрийн тухай бодож байгаатай холбоотой. Жишээ нь бид “Надад энэ зүйл таалагдахгүй байна, би энэ асуудлыг шийдэж чадахгүй” гэх мэтээр бодож бусдын талаар бодож чаддаггүй. Энэ нь ердөө бусдыг сонирхон бид адилхан хүмүүс гэж харах явдал.

Дүгнэлт

Эдгээр нь маш энгийн зарим зарчмууд. Хэрэв бид хувиа хичээх, өөртөө төвлөрөх хандлагаа зогсоож чадвал бид илүү баяр жаргалтай байна. Бусадтай хамт байх үедээ зөвхөн өөрийн тухай ярихгүйгээр тэднийг чин сэтгэлээсээ авч үзэн сонирхох юм бол бид өөрсдөө илүү амар амгалан тэд ч мөн илүү баяртай байх нь гарцаагүй. Энэ бол амьдралд хандах болон бусадтай харилцах өөрийн хэв маягтаа гаргаж болох суурь бөгөөд бодит өөрчлөлт. Үүнд бидний хүрэхийг хүсэж буй тэрхүү дурдал хэрэгтэй. Хувиа хичээх хандлагатай, зөвхөн өөрийн тухай бодож байгаа үед энэ зөвлөгөөг санахыг хичээх хэрэгтэй. Харилцаж байгаа хүн маань жишээлбэл завгүй, явахыг хүсэж байхад бид ердөө ярьсаар байдаг. Бид өөрийн хэлэх зүйлийг маш чухал гэж боддог. Харилцаж байгаа хүн маань үнэхээр биднийг сонсохыг хүсэж байна уу? Үгүй, гэвч бид тэднийг хүсэж байгаа хэмээн төсөөлдөг. Амьдрал бол Номыг хэрэглэх тэрхүү талбар.

Top