Калачакра (Дүйнхор) гэж юу вэ?

​Дүйнхор гэдэг нь тарнийн ёсны хамгийн дээд түвшний ануттарайога ёсны бясалгалын нарийн цогц бүтээл юм. Энэ нь өөрийн эрхгүй гарах сөрөг нөлөө бүхий үйлийн үрийг арилгаж, хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх гүнзгий аргыг үзүүлээд зогсохгүй утга зохиолынхоо хүрээнд сүсэг бишрэл харгалзахгүй хүн бүрд тустай эртний Энэтхэгийн шинжлэх ухааны нэвтэрхий толийг багтаасан байдаг.

“Калачакра” гэдэг нь цаг нь гадаад буюу дэлхий, гараг ертөнцийн, дотоод буюу бие махбодын аль алины өөрчлөлтийн хэмжээсийг илэрхийлэх цагийн хүрдэн гэсэн утгатай. Ийм ч учраас тэрхүү цаг нь олон янзаар хэмжигдэнэ. Гадаад буюу гарагуудын тойрог замын; жилийн сар, улирлын; сарны; хоногийн цаг гэх мэт мөчлөгүүд төдийгүй тайван цагийн болон дайны цагийн түүхэн мөчлөг, үеүд гэж байна. Дотоод буюу амьдралын мөчлөг (нялх балчир үе, хүүхэд нас, залуу нас, идэр нас, өтөл нас); сарын тэмдгийн; унтах; биологийн цагийн мөчлөг; нэг өдөр амьсгалах амьсгалын тоо гэх мэт мөчлөгүүд байна. Одод, галактик, орчлон ертөнц нь үүсэл, оршил, задрал, мөхлийг дамждагийн адил хүн бас төрөх, амьдрах, өтлөх, бардо буюу завсрын төрөл бүхий үхлийг дамждаг. Түүгээр зогсохгүй энэхүү дотоод, гадаад мөчлөгийн аль аль нь орчлон ертөнц болон амьдралын тасралтгүй үргэлжлэх дахин дахин төрөлтүүдээр эхлэлгүйгээр давтагдсаар ирсэн.

Эдгээр гадаад, дотоод өөрчлөлтийн (цагийн) мөчлөг /цагийн хүрдэн/ ямар байхыг бидний үйлийн үр тодорхойлно. Үйлийн үр гэдэг нь биднийг ямар нэг зүйл хийх, хэлэх, бодоход өөрийн эрхгүй хөтөлдөг сэтгэлийн хүчин зүйл бөгөөд энэ нь бидний зан байдлийн үр нөлөөний талаар, бид болон бусад хэрхэн оршдог талаар мэдэхгүй байх явдал, тэдгээрийн талаарх буруу ойлголтон дээр суурилдаг. Зарим тайлбаруудад үйлийн үр нь биднийг үйлдэл хийх, ярихад хүргэдэг өөрийн эрхгүй тогтсон энерги, мөн үйлдлийн өөрийн эрхгүй тогтсон хэлбэр болон ярианы тогтсон дуу чимээг багтаадаг гэж үздэг. Үйлийн үр бүхий ийм зан байдлын үр дагаварт бид гадаад, дотоод цагийн хүрдэний нөлөөний дагуу өөрийн эрхгүй дахин дахин гарах төрлийг дамжина. Цааших үр дагаварт нь бид гуниг болон ашид үргэлжлэхгүй төдийгүй хэзээ ч сэтгэл хангахгүй жаргал хоёрын дараагийн нэг мөчлөгүүд бүхий зовлонгийн мөчлөгүүдийг туулна. Энэ тодорхойлолтонд Дүйнхорын (Калачакрагийн) сэрүүн байх, зүүдлэх, гүн нойрсох энэхүү мөчлөгийн үед болон зарим тохиолдолд дур тавих үед сэтгэлийн үйл ажиллагааны гаргадаг үзэгдлийн (оюуны голограмын) шалтгаан болох үйлийн үрийн хийн мөчлөг бас багтана.

Тарнийн авшгийн хүрдэн буюу хоёр зэргийн бүтээл болон Бурханы хутагт хүрэх цагийн хүрдэний “бусад Калачакра” хэмээх гурав дахь хүрдэн бас байна. Энэхүү хүрдэн нь гадаад болон дотоод Калачакрагаас өөр Калачакра төдийгүй тэдгээр хоёр хүрдэний сөрөг нөлөөнд байхын ерөндөг болдог. Хэрэв бидний энерги болон сэтгэлийн тодорхой байдал, сэтгэл санааны байдал зэрэг нь цаг агаар, өдрийн туршид эзлэх нарны гэрлийн хэмжээ, дааврын өөрчлөлт, настай холбоотой доройтол зэргийн нөлөөнд орвол энэ нь зөвхөн бидний зорилгодоо хүрэх чадварыг бууруулах төдийгүй бусдад туслах үр дүнг бас бууруулна.

Дүйнхор нь олон онцлогтой. Гадаад цагийн хүрдэний нэг хэсэг болох түүний утга зохиолд нар, сар, гарагийн байрлал, зуны туйл болох өдрийн урт, сар хиртэлт, сарны тоолол, одон зурхай зэргийг тооцоолох нарийн математик томьёоллыг үзүүлдэг. Үүнд бүр энх тайван болон дайны цаг үед хэрэгтэй механик төхөөрөмжүүдийг хийх инженерийн зааварчилгааг ч бас багтаасан байдаг. Харин дотоод цагийн хүрдэний тайлбарт биеийн нарийн энергийн тогтолцоо, түүний хүрд, судлууд, дуслуудын талаарх нарийн тодорхойлолтууд болон төвөд анагаах ухааны уламжлалтай холбоотой олон зүйл, санскрит авиа зүйн дүн шинжилгээг багтаасан байдаг.

Дүйнхорын авшиг болон хоёр зэргийн бүтээл нь бусад ануттарайогийн тарнийн авшиг, бүтээлүүдээс ондоо олон онцлогтой. Гадаад болон дотоод Калачакраг тэнцүүлж, авшгийг хүртээхдээ амьдралын үе шатуудын дагуу загварчилсан, түүнтэй холбоотой үе шатаар хүртээнэ. Хот мандал болон гол ядам бурхан нь орчлон ертөнц болон хүний биеийн загвартай адил харьцаатай байна. Гадаад болон дотоод ертөнцийн нарийн нийлмэл байдал аль алиныг нь ариусгах хэрэгцээ шаардлагын үүднээс хот мандал нь бараг бусад бүх тарнийн бясалгалуудад байдгаас илүү олон дүрийг багтаадаг. Мандлын харшийн дотор болон түүний эргэн тойронд байх 722 дүрд багтах олон бүлэг бүхий дүрүүд нь сарны тооллын жилийн сарууд, өдрийн тоо, 12 орд, голлох одны ордууд, хүний биеийн яс болон үений тоо, мэдрэхүй, махбод, бие болон сэтгэлийн цогцсын хүчин зүйлүүд гэх мэт өөр өөр тоо бүхий бүлгүүдтэй холбогдоно. Цаашлаад нарийн энергийн бүтээлийн төгсгөлийн үеүд нь тод гэрлийн сэтгэлийн (сэтгэлийн үйл ажиллагааны хамгийн нарийн түвшин) болон Бурханы лагшингийн анхны загвар болох биеийн маш нарийн онцгой нэгэн хэлбэрт (хоосон-бие) хүрэх онцгой аргыг бий болгодог.

Дүгнэлт

Дүйнхорын бүтээл нь маш гүнзгий, маш нарийн. Бүр цөөн тооны дүрүүд бүхий хураангуй хот мандал бүхий энгийн хувилбарууд нь хүртэл маш хэцүү бүтээлд багтана. Гэвч зөв сэдэл, бэлтгэл, тасралтгүй хүчин чармайлттай байвал энэ нь хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх маш үр дүнтэй бүтээл болно.

Бусад гүнзгий түвшний тарнийн авшгуудаас ялгаатай нь нийтийн эв нэгдэл, амар амгаланд эерэг нөлөө үзүүлэх нэг арга болгож Дүйнхорын авшгийг олон тооны хүмүүст хүртээх уламжлал байдаг. Дээрхийн гэгээн Далай лам 1954 онд Төвөдийн Лхаст авшгийг анх удаа хүртээсэн бөгөөд дэлхий даяар түүнээс хойш ойролцоогоор хоёр сая хүн түүний хүртээсэн Дүйнхорын авшигт оролцоод байна.

Top