Утга учиртай амьдралыг хөтлөх

Хамаг амьтан тэр дундаа хүн төрөлтөн нь жаргал, зовлон; сайн, муу; юу тустай, юу гэм хортойг хооронд нь ялгах чадвартай байдаг. Эдгээр өөр өөр мэдрэмжийг хооронд нь ялгаж таних ийм чадвартай учраас бид жаргал хүсэж, зовлонг хүсэхгүй байхын хувьд бүгд адилхан.

Хэдийгээр би энд эдгээр өөр өөр мэдрэмжүүд хэрхэн бий болдог тэрхүү эх сурвалжийн талаарх нарийн тайлбар уруу орох боломжгүй ч бидэнд ойлгомжтой, илэрхий нэг зүйл бол бид аз жаргалыг чухалчлах бөгөөд зовлон, шаналалд дургүй байдаг. Ийм учраас найрсаг харилцаа, амар амгалан байдлыг бий болгох, зөрчил, хямрал учруулахгүй байх амьдралаар амьдрах нь туйлын чухал.

Дайнгүй амар амгалан, аз жаргалд хүрэх тухай асуудал яригдах үед бидний бүхий л амар амгалан, аз жаргал зөвхөн гадаад материаллаг хөгжил дэвшлээс шалтгаална гэж бодох нь буруу. Материаллаг тав тух, үйлчилгээнд тулгуурлан бид бие махбодын таашаал, тав тухыг нэмэгдүүлж, бие махбодын зарим хүндрэл бэрхшээлүүдийг арилгах боломжтой. Гэвч материаллаг тав тух, үйлчилгээнээс авах тэр зүйл нь бие махбодын мэдрэмжээр хязгаарлагдана.

Видео: 14-р Далай лам — “Амьдралын зорилгыг олох”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Бусад төрөл зүйлээс ялгаатай нь хүн төрөлтөн нь бодох, тооцоолох, үнэлэх, урт хугацааны төлөвлөлт гаргах асар их чадамжтай. Иймд хүн бидний зовлон, жаргалыг туулах мэдрэмж нь илүү их хүчтэй, илүү их нөлөөтэй байна. Ийм учраас хүн төрөлтөн нь хүний сэтгэхүйн чадамжтай маш их холбоотой нэмэлт нэг зовлон бэрхшээлийг туулж мэдрэх боломжтой.

Жишээ нь, хүн бид амьтантай адил зарим нэг түр зуурын амар амгаланд хүрснээр мөн зарим нэг түр зуурын зовлонг арилгаснаар сэтгэл ханадаггүй. Учир нь хүн бид урт хугацааны төлөвлөлт гаргах, тооцоолох чадвартай байдаг бөгөөд үүний үндсэн дээр бас өөр болон бусдыг хооронд нь ялгадаг. Ийнхүү ялгаснаар бид өөр өөр улс орон, өөр өөр үндэстэн, өөр өөр шашны тухай ярьдаг. Бид үүн дээр үндэслэсэн маш олон ялгааг гарган гол асуудалтайгаа холбоогүй олон олон бодол, буруу ойлголтуудыг бий болгодог. Үүнтэй холбоотойгоор бидэнд заримдаа хэт их итгэл найдвар, заримдаа хэт их эргэлзээ төрдөг.

Ийнхүү зөвхөн хүний оюун ухаан, ойлголтон дээр суурилсан олон янзын зовлон бэрхшээлийг бид туулдаг. Үүнийг Арьяадэва гэгээний Дөрвөн зуут хэмээх алдарт бүтээлд маш тодорхой үзүүлсэн байдаг. Тэнд өгүүлснээр (II.8): “Эрх ямбатнуудад сэтгэлийн зовлон хурах бол эгэл ардад биеийн зовлон хурмуй” хэмээсэн. Энэ нь илүү их эрх мэдэлтэй, илүү их эд баялагтай тэдгээр хүмүүст биеийн зовлон их байхгүй байж болох ч тэд илүү их сэтгэлийн зовлон эдэлдэг гэсэн утгатай юм. Тэгвэл эгэл хүмүүсийн хувьд тэд хангалттай хувцас, идэх хоол зэргийг олж чадахгүйн улмаас илүү их биеийн зовлон эдэлнэ. Үүнээс харахад хүн бид өөрсдийн сэтгэж буй байдлаасаа шалтгаалан илүү их зовлон эдэлдэг нь илэрхий харагдаж байна.

Миний өмнө хэлсэнчлэн бие махбодын зовлон нь материаллаг хөгжил дэвшлийн нөлөөгөөр багасаж болно. Харин сэтгэлийн хандлагаас шалтгаалан тулгарч байгаа зовлон нь материаллаг тав тухыг нэмэгдүүлснээр багасах боломжгүй. Тодорхой нэг жишээ бол бүх материаллаг тав тух нь бүрэн хангагдсан боловч олон янзын сэтгэлийн зовлон эдэлсээр байх олон чинээлэг хүмүүсийг бид хардаг. Энэ бол бид бүгдийн ажиглаж мэдэж болох зүйл. Иймд таны сэтгэлийн хандлагын цэвэр үр дүн болох зовнил, бэрхшээл, зовлонгууд гадаад материаллаг тав тухаар бус харин та өөрийн сэтгэлгээний чиг хандлагаа өөрчилснөөр багасаж, арилна гэдэг нь үнэхээр ойлгомжтой байна.

Энэ бүхнийг нэгтгэн дүгнэх юм бол жаргал, зовлонг эдлэх хоёр хэлбэр байна. Нэг нь бие махбодын мэдрэхүйтэй холбоотой – энэ нь мэдрэхүйн таван эрхтнээр дамжуулан мэдэрч байгаа таашаал болон шаналал байх бол өөр нэг хэлбэр нь бидний сэтгэл эсвэл сэтгэлийн хандлага дээр суурилсан зовлон, жаргалын мэдрэмж байна. Энэ хоёроос сэтгэлээр эдлэх зовлон, жаргал нь мэдрэхүйн эрхтнээр мэдрэх зовлон, жаргалаас илүү хүчтэй, илүү нөлөөтэй.

Нэг тодорхой жишээ гэвэл хэдий та материаллаг тав тухаар бүрэн хангагдсан байсан ч, хэдий танд бие махбодын асуудал, зовлон байхгүй байсан ч таны сэтгэл амаргүй, та сэтгэл зүйн хувьд зовлонтой байвал тэдгээр бие махбодын тав тух таны сэтгэлийн түвшинд тулгарч байгаа зовлон бэрхшээлийг арилгаж чадахгүй. Харин хэдий та бие махбодын хувьд амаргүй, зовлонтой байсан ч сэтгэл зүйн хувьд тэр нөхцөлийг хүлээн зөвшөөрч байвал та тэрхүү бие махбодын зовлонг даван туулж чадна.

Шашны тодорхой нэг бүтээл хийх үүрэг авсан нэг хүний жишээ авъя. Хэдийгээр тэрхүү бүтээлээ үйлдэн шамдан хичээх боловч бие махбодын олон бэрхшээл зовлон тулгарч болно; гэвч итгэл, сэтгэл ханамж, өөрийн хүрэхээр зорьж буй зорилгын талаарх тодорхой ойлголтын үндсэн дээр тэр хүн тэдгээр асуудлуудыг бэрхшээл гэж харахаас илүүтэй нэг төрлийн чимэг гэж хардаг. Илүү том зорилгыг харан тэрхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн сэтгэлийн үүднээс тэдгээр бие махбодын зовлонг давж чаддаг. Илүү их чухал зорилгод хүрэхээр зүтгэх үед бие махбодын зовлонг хэрхэн давж чаддаг тухай олон жишээ бий. Ийм тохиолдлуудад хэдийгээр бид бие махбодын олон зовлон бэрхшээлтэй тулгарсан ч их хөөр, баяртайгаар тэгээр асуудлуудыг чимэг гэж авч үздэг.

Үүнийг дүгнэн хэлбэл мэдрэхүйн эрхтэн болон сэтгэлээр туулж байгаа эдгээр хоёр мэдрэмжийн сэтгэлээр туулж, мэдэрч байгаа мэдрэмж нь илүү чухал юм.

Сэтгэлийн асуудлуудыг шийдвэрлэх тухай ярих үед, миний өмнө хэлсэнчлэн, цэвэр таны сэтгэлийн хандлага, сэтгэлгээний үр дагавар болох эдгээр асуудлуудыг та өөрийн хандлагыг өөрчлөх замаар багасгаж, арилгаж болно. Ийм ч учраас сэтгэлийн асуудлуудыг арилгах зам, хэрэгсэл, арга байна. Иймд эдгээр асуудлуудын олонхыг арилгах, багасгах арга, хэрэгслүүдийг мэдэх нь чухал. Цаашлаад эдгээр сэтгэлийн асуудлуудыг арилгах арга, хэрэгслийн тухай ярих үед хүний төрөлх сайн чанаруудыг мэдэж, таних нь чухал.

Жишээ нь, би ингэж боддог: хэрэв та хүний нийгмийг анхааралтай авч үзвэл бид нийгмийн амьтан болохыг та мэдэх болно. Энэ нь бид нийгэмд амьдардаг, бие биеэсээ бүрэн хамааралтай гэсэн үг. Төрсөн цагаасаа эхлээд нас биед хүрч өөрийгөө авч явж чадах хүртэл бид, бүр бие махбодын сайн сайхны хувьд бусдын ач тусаас хамаарах хэрэгтэй болдог. Бидний биологийн, бие махбодын бүтэц нь ч ийм байдаг. Хэдий их бид ойр дотно байж, бие биедээ энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлж, халамж анхаарал үзүүлнэ төдий их амар амгалан, баяр жаргалд хүрч чадна. Энэхүү хүний суурь үнэт зүйлийн ач тус дээр үндэслэн эдгээр хүний суурь үнэт зүйлүүд бол чухал, хэрэгтэй учраас тэд бол бидэнд шаардагдах чанарууд гэж хэлж болно.

Эрвээхий эсвэл яст мэлхийний үржил гэх мэт зарим жишээний тохиолдолд эх болон үр төлийн хооронд ихээхэн харилцан хамаарал байхгүй мэт санагддаг. Жишээ нь, эрвээхийний хувьд өндгийг шахсаны дараа үр төл нь эцэг эхтэйгээ уулзаж чаддагүй, харин яст мэлхийний хувьд тэд өндгөө гаргаж орхиод алга болдог. Бүр эхийг нь үр төлийнх нь дэргэд авчирсан ч тэдгээр үр зулзага эцэг эхдээ ямар нэг элбэрэл хайр илэрхийлж эсвэл хариу үйлдэл үзүүлнэ гэдэгт би эргэлзэж байна. Учир нь тэд төрсөн цагаасаа эхлэн бие даасан амьдралаар амьдардаг. Энэ нь тэдний өмнөх төрлийн зуршил эсвэл тэдний биеийн бүтцээс шалтгаалдаг байх. Яст мэлхийний үр төлийн хувьд тэд өмнөх төрлийн зуршил эсвэл биеийн бүтцээсээ шалтгаалан тэд өөрсдийгөө харж хамгаалж чадна. Тэд далайн давалгааг сонсож далай уруу аажмаар ойртон очиж, өөрсдийгөө асарч хамгаалж чадна. Эх нь мэдээж үр төлдөө сэлэх гэх мэтийг заахаар ирэхгүй; ийм зүйл байдаггүй. Ийм учраас тэд бие даасан амьдралаар амьдрах бөгөөд энд бид үр төл, эцэг эхийн хооронд тийм их хайр энэрэл байгааг харахгүй.

Харин хүн төрөлтний хувьд бие махбодын бүтцээсээ шалтгаалан бид төрсөн цагаасаа эхлэн эцэг эхдээ, ялангуяа ээждээ маш хүчтэй дотно сэтгэл, хайр төрүүлдэг. Би эдгээр санаануудыг урд, хойд төрлийн тухай үзэл эсвэл шашны ямар нэг сэдвийн үүднээс онцлон тэмдэглэж байгаа бус харин та хүн бид хэрхэн амьд мэнд байж, өсөж дэвждэгийг анхааралтай авч үзвэл бидний амьд мэнд байх нь хүний үнэт зүйлс болох хүний асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлээс бүрэн шалтгаалдаг болохыг олж харна. Хүний үр төлийг авч үзвэл, төрсөн цагаасаа эхлэн тэд эхийн сүү, улмаар өөрсдийгөө авч явж чадах хүртэл, эцэг эхийнхээ хайр халамжаас бүрэн шалтгаалдаг. Бүр нас биед хүрсэн хэдий ч тэд төрөл нэгт бусад хүмүүсийнхээ ачлал, хайраас шалтгаалсаар байдаг.

Хэрэв танд хань болж буй нэг хүн байгаа бол, хэрэв таныг асарч хамгаалж байгаа хэн нэгэн байгаа бол та илүү их тайван, илүү амгалан, илүү санаа амар байна. Иймд та бүхэн хэн нэгэнд гэм хор учруулахгүй, аль болох хүн бүхэнд тус хүргэхийг хичээж амьдрах нь үнэхээр чухал. Хэрэв танд ийм хайрлах сэтгэл, бусад амьтанд хандсан хайр энэрэл байвал түүний хариуд танд хүн бүр дуртай, хайртай байх төдийгүй үхэх цаг ирэхэд танд ямар ч санаа зовох зүйл, айдас, сэтгэл зовнил байхгүй байх болно.

Гэвч нас биед хүрэх үед заримдаа хүний тодорхой нэг төрлийн оюун ухаан хүчтэй идэвхжиж, энэ оюун ухаан нь бидэнд хоосон итгэл төрүүлдэг. Бид хүний энэхүү оюун ухаанаар дамжуулан шинэ зүйл, шинэ мэдлэг олж авна. Энэхүү мэдлэгээрээ бид заримдаа, ялангуяа та амжилт бүтээлээр дүүрэн байгаа тохиолдолд: “Би бусад хүмүүсийг дээрэлхэж болно, би бусдыг мөлжиж болно, яагаад гэвэл надад энэ гайхалтай оюун ухаан, мэдлэг байгаа учраас миний хувьд хүний суурь үнэт зүйл тийм чухал биш” гэж бодож болно. Танд ийм хоосон итгэл төрж, түүгээр та өөр нэг төрлийн сэтгэлийн хандлага, үзэл төлөвшүүлж, та бусад хүмүүсийг дээрэлхэж, тэднийг мөлжихөөс татгалзахгүй байж, тэр маягаар ямар нэг ач тус хүртэх мэт санадаг.

Гэвч бодит байдал дээр хэрэв та бусад хүмүүсийн аз жаргалыг хайхрахгүй амьдарвал яваандаа та хүн бүр таны дайсан болж байгааг мэдэх болно. Та баруун тийш харсан ч, зүүн тийш харсан ч, урагшаа харсан ч, хойшоо харсан ч танд дуртай хүн бараг байхгүй байгааг мэдэх болно. Ийм муу амьдралаар амьдарснаар үхэх цаг ирэхэд таны үхэх гэж байгаад хүн бүр баярлаж ч болно. Та өөрөө ямар амьдралаар амьдарснаа эргэн харж харамсаж болно. Таны амьдралын хэв маягаас болж хэн ч таныг анхаарч халамжлахгүй болсноор таны сэтгэл ихээхэн гутарч болно. Иймд хэрэв та эдгээр хүний суурь үнэт зүйлийг хайхрахгүй орхивол жинхэнэ баяр баясгалан эсвэл ашдын амар амгалан хүлээх аргагүй гэдэг нь илэрхий байна. Ийнхүү таны үхэх цаг болоход таныг асрах, хайрлах хүн байхгүй болох учир та гар хоосон, маш хоосон сэтгэл, үнэхээр гутарч энэ дэлхийг орхино. Иймд бусад амьтныг анхаарч хайрладаггүй ийм амьдрал бол үнэхээр ухаангүй амьдрал байна.

Харин эсрэгээр, хэрэв та эдгээр хүний суурь үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлж, хүний оюун, билиг ухаантай хослуулж чадвал хүний энэхүү энэрэл нигүүлслийг хязгааргүй ихээр тэлж чадна. Ийнхүү амьдрах нь ухаантнуудын амьдрах хэв маяг бөгөөд энэ бол амьдралыг утга учиртай болгох тэрхүү арга юм.

Top