Сэтгэл зовнилтой хэрхэн ажиллах вэ?

Видео: 14-р Далай лам — “Өөдрөг бай”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Ихэнхдээ дэлхий нэг эмх замбараагүй газар шиг санагддаг. Ердөө мэдээнүүдийг харъя: Алан хядагчид халдлага үйлдэх гэж байна! Эдийн засаг сүйрч байна! Байгаль орчин – асуух ч хэрэггүй. Долоон хоногийн үлдсэн хугацааг орондоо хэвтэж өнгөрүүлмээр санагдахад хүрэхэд энэ бүхэн хангалттай.

Энэ бол ердөө гадаад ертөнц. Бид бас өөрсдийн амьдралыг шийдэх хэрэгтэй. Дараагийн амралтаар хаашаа явах вэ? Бидний үхэн хатан хүсдэг албан тушаалыг авсан тэр ажилтантай хэрхэн нүүр тулах вэ? Амьдралдаа үнэхээр юу хийх вэ?

Биднийг хүүхэд байхад юу хүсэж байна түүндээ хүрч болно гэж хэлдэг байв. “Мөрөөдлөө дага” гэнэ. Гэвч бидний хэд нь мөрөөдлөөрөө амьдарч байна вэ? Бидний хэд нь сошиал мэдээг эргүүлэн үнэндээ мөрөөдлөөрөө амьдарч байгаа мэт харагдах тэдэнд атаархаж байна вэ? Далайн эргийн амралт, цав цагаан шүд, энэ бүхэн – тэд амьдралын гол түлхүүрийг олсон байхад бид нэг дүнсгэр оффисоос гарч чадахгүй сууна.

“Аз жаргал” гэдэг энэхүү ойлголт шидэт үлгэр, эсвэл өөр нэг зар сурталчилгааны уриа мэт санагдаж болно – ирээдүйд тодорхойгүй нэг өдөр таашаан баясах нэг зүйлийн төлөө бид одоо ажиллаж буй хэрэг. Гэвч бид хэдий их ажилласан ч аз жаргал ирнэ гэсэн баталгаа байхгүй. Нэг хэсэг нь докторын зэргийг эцэст нь Mакдоналдс дээр ирж ажиллахаар авч байхад, нөгөө хэсэг нь итгэхийн аргагүй чинээлэг, алдартай болж эцэст нь сэтгэлийн хямралд орж амиа хорлодог. Энэ бүхэн биднийг амьдралд санаа зовох, цаг үргэлж өөрийгөө бусадтай харьцуулах нийгмийн айдаст хөтөлж байна. Бусад хүмүүстэй нүүр тулах үед тавгүй, өөртөө итгэлгүй болох бөгөөд ухаалаг утасныхаа дэлгэцийн ард нуугдахыг оролдоно.

Энэ бол энэ цаг үеийн тахал. Энэ нь ДОХ, хорт хавдар, сэтгэл гутрал шиг аюултай санагдахгүй байж болно, гэвч сэтгэл зовнил нь бидний эрч хүчийг сорж, цаг үргэлжийн тайван биш сэтгэлийн суурийг бий болгож байна. Телевизийн шинэ цувралууд, фэйсбүүкийн мэдээ зэрэг нь энэ бүхнээс бидний анхаарлыг сарниулдаг зүйлүүд, учир нь ганцаараа өөрийн бодолтойгоо байх нь тэсэхийн аргагүй байдаг. Юмсыг тэсэж гарахын тулд бидэнд байнгын хөгжим, чихэвч хэрэгтэй.

Заавал ийм байх албагүй. Амьдралд өөртөө байгаа зүйлдээ талархах хэрэгтэй, өөрийгөө бусадтай харьцуулах ердөө хэрэггүй гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч энэ юу гэсэн үг вэ? Сэтгэл зовнилыг хэрхэн даван гарч болох вэ?

Ухраад нэг хар

Түр нэг ухраад, амьдралаа дүгнэж нэг харах хэрэгтэй. Ингэх нь уйтгартай мэт санагдаж байв ч, үүнийг ердөө алгасаж болохгүй. Бид амьдралаас юу хүсэж байна вэ? Хүн бүрд таарах нэг зөв зам гэж байхгүй, харин биднээс өмнө нэг адилхан замаар явсан олон хүмүүс байсан. Бид рок од болохыг хүсэж болох юм, гэвч 7 хоногийн 24 цаг биднийг дагах папарацитай хамт үнэхээр тайван байж чадах болов уу? Рок одууд цаг хугацаа өнгөрөх хэрээр улам жаргалтай болж байна уу? Хэд нь архи, хар тамхинд орж байна вэ? Ингээд ийм зүйлийн төлөө цаг хугацаа, эрч хүчээ зарцуулахыг хүсэж байгаа эсэх талаараа бодож үзэх хэрэгтэй.

Үлгэрлэн дуурайх хэн нэгнийг сонго

Хэрэв бид амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгох амьдралын нэг хэв маягийг олсон бол дараагийн алхам нь түүнийг өөртөө бодитой бий болгосон үлгэрлэн дуурайх хэн нэгнийг олох явдал. Сайн хөгжимчин болохын тулд бид хичээллэх хэрэгтэй. Сайн хөл бөмбөгчин болохын тулд бид хичээллэх хэрэгтэй. Бүр хөлд орохын тулд, одоо санахгүй байгаа хэдий ч, бид хичээллэх хэрэгтэй болж байсан. Энд гаргахыг зорьж буй гол санаа бол ямар нэг шалтгаангүйгээр ямар ч үр дүн гарахгүй гэсэн санаа юм. Амьдралд ямар нэг зүйлд хүрэхэд түүний төлөө бүхнийг зориулах шаардлага заавал гарна. Үлгэрлэн дуурайх хүн нь бидэнд зөвлөгөө өгч, урам зоригийн аугаа эх сурвалж болно.

Бусдад тусал

Өөрийн бодол, хүсэлд автах амархан байдаг. Бид гол төлөв өөрөө юу хүсэж байгаа, амьдралаас юу хэрэгтэй байгаа тухай бодох бөгөөд хэн нэгэн бидний замд гарч ирэхэд цочирдон балмагддаг. Сэтгэл зовнилын ихээхэн хэсгийг ганцаардах сэтгэл эзлэх боловч бусадтай холбогдох хамгийн сайн арга бол тэднийг чин сэтгэлээсээ анхаарах явдал. Хэрэв бид зөвхөн өөрийнхөө тухай бодож байвал бид өрөвдөлтэй хэвээр байсаар байна; харин бусдад бүх зүрх сэтгэлээрээ туслах нь сэтгэл зовнилыг бууруулж, баяр жаргалыг авчирдаг болохыг шинжлэх ухаан батлаад байна.

Энэ заавал том зүйл байх албагүй. Нэг гунигтай өдөр хэн нэгэн уруу инээмсэглэ. Ердөө хэн нэгэнд чин сэтгэлээсээ талархах нь хоёр талын аль алиных нь сэтгэлийг өргөхөд хангалттай байдаг. Эдгээрийг заавал үүрэг мэтээр хийх хэрэггүй, харин хэн нэгний нэг өдрийг гэрэлтүүлэх сэтгэлээр чин сэтгэлээсээ хий. Дараа нь өөрийн сэтгэл ямар байхыг хараарай.

Хэн бэ гэдгээ ухаар

Бид бүгдээрээ өөрийгөө онцгой гэж бодох дуртай, гэвч энэ нь ердөө бид бүгд адилхан гэдгийг баталдаг. “Хэн бэ гэдгээ ухаар” гэдэг бол үнэхээр бид хэн бэ гэдгийг ойлгох явдал юм. Бид бүгдэд асуудал байдаг, төгс төгөлдөр амьдрал гэж ердөө байдаггүй. Бодож байгаа бүх зүйлдээ битгий итгэ!

Муухай гарсан гэж бодож байгаа зургаа бид хэзээ ч бусдад үзүүлэхийг хүсдэггүйтэй адил, бусад хүмүүс ч бас хүсдэггүй. Бид олны дунд шоолуулахаас эмээдэг – юу гэж бодож байна? – бусдууд ч мөн адил. Хэдийгээр бид төгс төгөлдөр юм шиг харагдах амьдарлаар бөмбөгдүүлж байгаа цаг үед амьдарч байгаа ч, энэ урхинд орж болохгүй. Хэрэв бид эдгээр санаануудыг анхааран авч, бусдад баяр баясгалан авчрахыг чин сэтгэлээсээ хүсэж, өөрийн амьдралыг утга учиртай болгохоор хичээх юм бол бидний зовнил аяндаа арилна.