What is karma raimond klavins unsplash

Үйлийн үр нь бидний өмнөх зан байдлын хэв маяг дээр суурилсан – бидний аливаа үйлдлийг хийдэг, аливаа зүйлийг ярьдаг, аливаа бодлыг боддог тэр хэв маяг уруу түлхэж байдаг – сэтгэлийн түлхэцтэй холбоотой. Бидний зуршил уураг тархинд мэдрэхүйн замыг бий болгож байдаг бөгөөд тохиромжтой нөхцөл бүрдэхэд зан байдлынхаа тухайн хэв маягийг давтахад хүргэдэг. Энгийнээр хэлбэл бидэнд ямар нэг зүйл хиймээр санагдаж, түүнийг өөрийн эрхгүй хийнэ.

Видео: 17-р Кармапа — “Үйлийн үр гэж юу вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Үйлийн үрийг заяа тавилан эсвэл зурсан зураг гэж буруу ойлгодог. Хэн нэгэн гэмтэх эсвэл их хэмжээний мөнгө алдахад хүмүүс “Хэцүү л тавилан байна, тэдний үйлийн үр” гэх байх. Энэ бол Эзэн тэнгэрийн гэсгээл гэдэг ойлголт болох – бидний ойлгодоггүй эсвэл хянаж чадахгүй зүйлтэй адилхан мэт болно. Энэ бол Бурханы шашны үйлийн үрийн тухай ойлголт биш. Үйлийн үр гэдэг нь хэн нэгэн биднийг уурлуулах үед тэдэн уруу хашхичих эсвэл асуудалдаа анхаарлаа хандуулахуйц хангалттай тайван болох хүртлээ хүлээх тэвчээр хоёрын аль алин уруу түлхэх сэтгэлийн түлхэцтэй холбоотой. Энэ нь шатаар уруудаж явахдаа шагайгаа байнга булгалах эсвэл байнга болгоомжтой явахад түлхэх түлхэцтэй бас холбогдоно.

Тамхи татах нь үйлийн үр хэрхэн явагддагийг харуулах нэг сайн жишээ болдог. Тухайлбал, бидэнд тамхи байгаа үед энэ нь өөр нэгийг татах боломж болно. Хэдий их татна тамхи татах хандлага нь бүр бодохгүйгээр, үйлийн үрийн түлхэц нь өөрийн эрхгүй түүнийг асаахад хүргэх, төдий их хүчтэй болно. Үйлийн үр нь тамхи татах хүсэл, түлхэц хаанаас гардагийг – тодруулбал, өмнө нь бий болгосон зуршлаас – бий болдогийг тайлбарладаг. Тамхи татах нь тухайн үйлийг дахин давтах түлхэцийг бий болгоод зогсохгүй бие махбодын хувьд, жишээ нь тамхи татсанаас үүдэлтэй хорт хавдраар өвдөх боломжуудад нөлөөлнө. Энд түлхэц, хорт хавдар тусах нь хоёулаа өмнөх, өөрийн эрхгүй хийсэн үйлдлүүдийн үр дагавар бөгөөд энэ хоёрыг “үйлийн үрийн боловсрол” гэдэг.

Зуршлаа өөрчлөх

Үйлийн үр нь ойлгогдохуйц утга учиртай зүйл. Энэ нь бидний мэдрэхүй, түлхэц яаж бий болдог, яагаад бид заримдаа баяртай, заримдаа гунигтай байдгийг тайлбарлана. Энэ бүхэн бидний өөрийн зан байдлын хэв маягаас бий болдог. Ийм болохоор бидний хийдэг зүйлүүд, бидэнд тохиолдож байгаа зүйлүүд урдаас зурагдаагүй. Заяа тавилан, зурсан зураг гэж байхгүй.

“Үйлийн үр” гэдэг бол ирээдүйн үйл явдлууд таны гарт байгааг илэрхийлэх идэвхтэй хүч гэсэн утгатай үг юм. – XIV Далай лам

Нэг талаар бид өөрийн зуршлын боол мэт санагдах боловч – угтаа бидний зуршил бид бүгдийн сайн мэдэх мэдрэхүйн зам дээр суурилсан байдаг – Бурханы шашин нь тэдгээр зуршлуудыг арилгах боломжтой гэж үздэг. Бидэнд амьдралынхаа туршид мэдрэхүйн замуудаа өөрчлөх, цоо шинэ мэдрэхүйн замуудыг бий болгох чадвар бий.

Ямар нэг зүйл хийх хүсэл сэтгэлд төрөх үед үйлийн үрийн түлхэц тухайн үйлдлийг хийхэд түлхэхийн өмнө нэг зай байдаг. Ямар нэг мэдрэмж төрөхөд бид тэр даруй үйлдэл хийдэггүй – бид эцэст нь (хөтөвчинд, горшокт) биеэ засаж сурсан! Ийм маягаар ямар нэг хатуу үг хэлмээр санагдах үед “Үүнийг хэлэх хэрэгтэй юу, үгүй юу?” гэдгээс сонгож болно. Хэн нэгэн уруу хашхичин бухимдлаа илэрхийлснээр бид түр зуурын тайвшрал авч болох ч бусад уруу хашхичих зуршил нь сэтгэлийн зовлонтой төлөв байдал юм. Зөрчлийг харилцан яриагаар шийдвэрлэх нь сайхан, тайван төлөв гэдгийг бид бүгд мэднэ. Эерэг, сөрөг үйлдлийг ялгах чадвар нь биднийг амьтнаас ялгадаг зүйл – бидний аугаа давуу тал.

Хэдий ингэж хэлж байгаа ч сөрөг үйлээс зайлсхийхийг сонгох нь үргэлж хялбар байдаггүй. Энэ нь сэтгэлд төрж байгаа мэдрэмжийг дурдах хангалттай зай толгойд байх үед л хялбар болно. Ийм учраас Бурханы шашны сургалтуудад дурдалыг төлөвшүүлэхийг чухалчилдаг. [Үзэх: Бясалгал гэж юу вэ?] Тайван байх хэрээр бид бодож буй, хэлэх гэж буй, хийх гэж буй зүйлээ илүү сайн мэддэг. “Хэн нэгний сэтгэлийг хөндөх ямар нэг зүйл хэлмээр санагдаж байна. Хэрэв би үүнийг хэлбэл бэрхшээлүүд үүснэ. Иймд үүнийг хэлэхгүй ээ” гэж бодож эхэлдэг. Ийм маягаар бид сонголт хийж чадна. Дурдалгүй байгаа үед толгойд орж ирсэн юуг ч хамаагүй өөрийн эрхгүй хийх, эцэс төгсгөлгүй төвөг учруулах тийм огцом бодол, мэдрэмжүүд төрсөөр байна.

Ирээдүйгээ урьдчилан мэдэх

Өмнөх болон одоогийн үйлийн үрээс шалтгаалсан зан байдал дээрээ суурилан ирээдүйд бид юу туулж болохоо мэдэж болох юм. Цагийн явцад эерэг үйлүүд нь сайн үр дүн авчрах бол сөрөг үйлүүд нь таагүй үр дагаваруудыг авчирна.

Тухайн нэг үйлийн үр дүн хэрхэн боловсрох нь олон хүчин зүйл, нөхцөлүүдээс шалтгаална. Бөмбөгийг дээш шидээд түүнийг газарт унана гэж бид урьдчилан хэлж болно. Гэтэл хэрэв бид түүнийг бариад авбал тэрбээр газарт унахгүй. Үүний адил өмнөх үйлээс ямар үр дүн гарахыг бид урьдчилан хэлж болох ч энэ нь туйлын, хувь тавилант эсвэл зурагдсан зүйл биш байна. Өөр бусад хандлагууд, үйлүүд, нөхцөлүүд үйлийн үрийн боловсролд нөлөөлнө. Хэрэв бид илүүдэл жинтэй атлаа их хэмжээний эрүүл биш хоолыг хэтрүүлэн идсээр байх юм бол биднийг ирээдүйд чихрийн шижингээр өвдөх өндөр магадлалтай гэж урьдчилан хэлж болно. Гэвч хэрэв хоолны дэглэм тууштай барьж, жин хасвал ердөө өвчлөхгүй ч байж болно.

Хэрэв бид хөлөө юманд цохивол үйлийн үр эсвэл өвдөлт амсах шалтгаан ба түүний үрд итгэх шаардлагагүй – энэ ердөө аяндаа явагдана. Хэрэв бид зуршлаа өөрчилж, эерэг зуршлуудыг ихээр бий болговол үр дүн нь итгэл үнэмшлээс шалтгаалахгүй эерэг байна.

Top