Хуй мусульман, төвөд, уйгаруудын харилцаа 1996

Уйгарууд

БНХАУ-ын исламын шашинтай үндэстний цөөнхийн голлох хоёр үндэстэн нь уйгар болон хуй нар юм. Хоёулаа исламын шашны сунни урсгалыг Төв Азийн суффизмын зарим сургаалтай хольж баримталдаг. Уйгарууд нь баруун Монголын хойд Алтайн нурууны бүс нутгаас гаралтай түрэг угсаатан бөгөөд МЭ VIII зууны эхнээс IX зууны дунд үе хүртэл Монголыг захирч байгаад Зүүн Туркестан руу (Шинжаан) нүүдэллэжээ. Ингэж ирсэн цагаасаа хойш тэд тухайн бүс нутгийнхаа зонхилох үндэстэн болсоор ирсэн ба одоо ч өөрсдийн түрэг хэлээр ярьцгааж байна. Гэвч уйгарууд нэг нэгдмэл ард түмэн биш юм. Тэд дээр үеэс суурьшсан газар нутгаараа өөр өөрсдийгөө тодорхойлж ирсэн бөгөөд Манж Чин улсыг эсэргүүцэн нэгдсэн XIX зууны сүүл үеэс л тэднийг “уйгар” хэмээн нийтэд нь нэрийдэх болжээ.

Уйгар хүмүүс төвд хүмүүсийн адил тайван амгалан хүмүүс бөгөөд хүч гарган ажилд зүтгэх үзэл санаа тэдэнд байдаггүй. Тэд хөдөлмөрлөхийг буян гэж үздэггүй ба зугаа цэнгэлийг бас эрхэмлэдэггүй. Тэдний исламын шашны талаарх мэдлэгийн түвшин нилээд сул, сүм хийдийн барилга, зан заншил нь Төв Азийн хэв маягтай байдаг. Шинжааны төв болон хойд хэсгээр суурьших хүмүүс нь хурдацтай хятаджиж байна. Гол төлөв настай хүмүүс сүмд очих ба барилга нь их хуучирч муудсан байдаг. Исламын шашныг хан үндэстнүүд харьцангуй бага суурьшдаг Шинжааны өмнөд хэсэгт нилээн хүчтэй мөн хуй үндэстнүүдтэй харьцуулахад илүү уламжлалт байдлаар баримталдаг.

Хуй нар

Хуй нар нь Араб, Перс, Төв Ази, Монгол зэрэг өөр өөр гарал угсааны хүмүүс бөгөөд Хятадын нийт нутгаар тархан сууж байна. VII зууны дунд үеэс эхлэн тэд цэрэгт дайчлагдах болон худалдаа эхрлэх байдлаар ирж суурьшжээ. XIV зууны дундаас эхлэн хан хятад үндэстэнгүүдтэй ураг барилдах болов. Улмаар хятад хэлээр ярьж ёс заншил, сүм хийд нь бүгд хятад хэв маягтай болж эхлэв. Бусад хятад мусульман үндэстнүүд нь хуй үндэстэн нарын ислам ёс заншлыг хан хэв маягт оруулж байгаад шүүмжлэлтэй хандсаар иржээ.

Хуй нар нь ойрхи дорнод болон төв ази хүмүүсийн адил амьдралд уужуу тайван хандлагаар ханддаггүй харин хятадуудын адил арилжаа наймаа, хөрөнгө мөнгөний төлөө шамдан хөдөлмөрлөдөг. Төвдүүдийн адил хутга биедээ авч явах ба хэзээ ч хэрэглэхэд бэлэн байдаг. Тэд хоёр бүлэгт хуваагддаг бөгөөд баруун хуй нар өмнөд Гансугийн Нинся болон Амдо нутагтай (Төвдийн зүүн хойд хэсэг) хил залгаа зүүн Хөхнуур орчмоор амьдрах ба зүүн хуй нар Хятадын хойд хэсэг, Өвөр Монголын зүүн хэсгээр нийтэд нь тархан суудаг байна.

Баруун хуй нар

Баруун хуй нарын дунд исламын шашин нь тэднийг нэгтгэх нэг хүч гэдгээрээ харьцангуй хүчтэй байдаг ба цар хүрээгээ улам тэлсээр байна. Өндөр настангууд болон залуучуудын аль аль нь харилцан мэдээлэл солилцох олон нийтийн цуглах газар гэдгээр нь сүмд ирцгээдэг. Эдгээр сүмүүд нь уйгаруудын сүмтэй харьцуулахад илүү сайн хөрөнгө оруулалттай мөн цэвэр цэмцгэр байдаг. Хэдийгээр хуй үндэстний соёлын нийслэл Линсяд исламын шашны сургуулиуд үйл ажиллагаа явуулж уламжлалт суфи урсгалын сургаал номлолоос голлон зааж, заримдаа бүр бясалгалын сургалт явуулдаг боловч баруун хуй нарын дийлэнх хувь нь исламын шашны талаар гүн гүнзгий ойлголтгүй байдаг.

Уйгаруудтай харьцуулахад баруун хуй нар өнөөгийн хятаджуулах үйл ажиллагааны дарамт шахалтанд харьцангуй бага орж байгаа нь тэд аль хэдийн хятаджиж гол төлөв хятадаар ярьдаг болсонтой холбоотой байж болох юм. Жишээ нь, зөвхөн өмнөд Шинжааны алслагдсан тосгонуудад л уйгар эмэгтэйчүүд толгойн алчуур зүүдэг байхад баруун хуй эмэгтэйчүүд бүр хан хятадууд голлох хотуудад ч толгойн алчуураа зүүдэг байна.

Зүүн хуй нар

Зүүн хуй нар баруун хуй нартай харьцуулахад уламжлалаа харьцангуй бага хадгалж үлдсэн байдаг. Бараг бүх насныхны 80 хувь нь исламын шашинтан боловч тэдний цөөн хэсэг нь шашны уншлаганд оролцдог. Зүүн хуй нар одоо хүртэл амьтдыг “халал”-ын дагуу нядалдаг бөгөөд гахайн мах иддэггүй. Гэвч тэдний олонхи нь архи, тамхи хэрэглэдэг. Үүнийг Коран сударт хориглосон байдаг. Зарим хүмүүүс нь Рамадан сараар мацаг барьдаг. Маш цөөн тооны эрэгтэйчүүд улмажлалын дагуу хөвчөө таслуулсан байх ба эмэгтэйчүүд нь толгойн алчуур зүүдэггүй.

Хуй нарын эдлэх давуу эрх

Хуй нар бусад үндэстний цөөнх дотроо хамгийн их давуу эрхийг эдэлсээр иржээ. Энэ нь тэд Хятадтай илүү дипломат хамтын ажилллагаатай байсаар ирсэнтэй холбоотой юм. Энэхүү хамтын ажиллагаа, ислам болон моаизм хоёрын хоорондын дипломат харилцаа мөн дээрээс нь Ойрхи Дорнодын орнуудаас Хятадад үзүүлэх худалдааны давуу эрхийн хариуд Исламын шашныг хүндэтгэхийг хятадуудад шахах энэ бүхний улмаас исламын шашны шинэ сүмүүд олноор баригдах болсон. Эдгээр сүмүүдийг уйгарууд бус гол төлөв хуй нар барьж байна.

Хуй үндэстний нүүдэл

Зуун зууны туршид хуй нар Хятад даяар тархан голдуу худалдаа хийн суурьших болжээ. Бүр Монголын Юань гүрний үед мусульманчууд монгол албаны төлөөлөгчдийг дагалдан Бээжинд худалдаа хийхээр ирдэг байв. Харин уйгарууд болон төвд мусульманчууд өөрсдийн нутаг усандаа буйдхан суун үлдэж байв. Энэ нь хуй нар нь худалдаачид болон хөлсний цэргүүдийн үр сад, харин уйгар болон төвд мусульманчууд Монгол болон Кашмир нутгаас дүрвэн ирж тус нутагт суурьшсан дүрвэгсдийн үр сад гэдгээс нь шалтгаалдаг байх. Өнөөгийн мусульман худалдаачдын Төвд рүү нүүдэллэж байгаа нь хуй нарын түүхэнд тохиолдож буй цоо шинэ үйл явдал биш юм. Тэд хан хятад удирдагчдын шахалтаар Төвдөд шилжин суурьшиж байгаа биш харин өөрсдийн бизнесийн ашиг сонирхлоор ирж буй явдал юм.

Баруун хуй нар зөвхөн Төвд төдийгүй Гансу, Шинжаан даяар, бүр хан хятад суугчдын дундах анхны мусульман суурьшигчид болж байна. Тэд бүх замын дагууд дэлгүүр, хоолны газар байгуулан, хаана ч тодорхой цөөн тоогоороо суурьшиж эхэлмэгцээ шашны зорилгоор гэхээсээ илүүтэйгээр оршин суугчдаа нэгтгэх олон нийтийн уулзах газар болгон сүм байгуулж байна. Хуй нарын ийнхүү ирж суурьших явдалд зөвхөн төвдүүд төдийгүй уйгарууд таагүй ханддаг. Төвдөд хан хятад цэргийн болон засгийн дарангуйлах ажиллагаа эхэлж явагдсан хэдий ч хан хятад худалдаачдад хуй нарт байдаг анхдагч байх үзэл санаа дутаж тэд ердөө л хуй нарын гаргасан замыг дагах болсон юм.

Төвд болон хуй үндэстний сэтгэлгээний ялгаа

Олон төвд хүмүүс одоо хүртэл бие даасан байдлыг хүчтэй эрэлхийлсэн тэр дундаа чөлөөтэй нүүх нүүдэлчдийн сэтгэлгээтэй байдаг. Тэд тогтмол ажиллах дургүй ба хэрэв дэлгүүр ажиллууллах бол ердөө улиралаар ажиллууллан урт хугацаагаар амрах, мөргөлөөр явах, салхинд гарах гэх мэтээр үе үе дэлгүүрээ хаадаг байна. Энэтхэгт ч адил олон төвд хүмүүс Энэтхэгийн өөр өөр хотуудаар тодорхой хугацаагаар явж ноосон хувцас зарах, мөргөлөөр явах, Бурханы шашны ном сургаалд суух байдлаар ердөө жилийн тал хагаст л ажилладаг. Харин хуй мөн хан үндэстэнгүүд мөнгө, бизнест голлон анхаарч жилийн туршид өглөөний 6 цагаас үдшийн 10 цаг хүртэл дэлгүүр, мухлагтаа өнждөг.

Овсгоо самбаатай, хөдөлмөрч хуй нар Төвд үндэсний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг бүхэлд нь барьж байгаа бөгөөд төвдүүд нь тэдэнтэй өрсөлддөггүй бүр өрсөлдөхийг ч хүсэхгүй байгаа мэт санагддаг. Хуй нар төвд маягийн чимэг зүүлт, эрхи, бусад шашны эд зүйлс, морины тоног хэрэгсэл, ноосон эдлэл, хивс, хөгжмийн зэмсэг, гутал, гоймон хийж, хаа сайгүй байх хоолны газруудыг ажиллуулж байна. Хан үндэстэнгүүд тэднээс нилээд хойно ирсэн бөгөөд гол төлөв шүдний оо гэх мэт Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд, хямд хувцас зардаг.

Төвд болон уйгарын автономит эрхийн төлөөх хөдөлгөөнүүд

Төвдүүд болон уйгарууд хан үндэстнээс илүүтэйгээр хуй нар тэдний соёлд заналхийлдэг гэж үздэг. Хуй болон уйгарууд адилхан исламын шашинтан учир дээрх асуудал шашны бус эдийн засгийн өрсөлдөөний учир шалтгаантай гэдэг нь илэрхий юм. Хан хятадууд Боснид үүссэний адил нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, бүс нутгийн намжмал байдлыг хадгалах цэргийн дарангуйллаа зөвтгөхдөө энэ байдлыг улам дэвэргэн ашигладаг мэт санагддаг.

Ийнхүү төвд болон уйгарын жинхэнэ автономит эрх, бие даасан байдлын төлөөх хөдөлгөөнүүд нь Бурханы шашин болон исламын шашны баримтлалтай ямарч холбоогүй байдаг. Эдгээр хөдөлгөөн нь БНХАУ-ын бодлого, хан болон хуй суурьшигчдын нөлөөгөөр улам бүр бүдгэрэн, шахагдаж байгаа өөрсдийн хэл, соёл, шашнаа хамгаалах гэсэн тэдний нийтийн хүсэл эрмэлзлээс гарч байдаг. Хуй үндэстэнгүүдийн хувьд ийм хүсэл эрмэлзэл байдаггүй. Учир нь тэд хан хятад үндэстэнтэй олон талаараа адилхан ашиг сонирхолтой ба тэдэнд өөрсдийн тусгаар улс гэж огт байгаагүй юм.

Top