Миний намтар түүх

Бурханы шашинд эрдэм мэдлэгийн түвшинд суралцах болон Бурханы шашны сургаалуудыг өдөр тутмын амьдралдаа бодитой хэрэгжүүлэх хоёр нь ялгаатай хоёр зүйл. Бурханы шашныг ердөө оюун мэдлэгийн түвшинд судлах нь үнэндээ таны амьдралд ямар ч тусгүй гэдэг. Бурханы шашин судлаач эрдэмтэн, Бурханы шашны бүтээлч Доктор Александер Берзин Бурханы шашны онолын болон бүтээлийн аль аль ертөнцөд хөл тавьсан өөрийн туршлагаас хуваалцаж байна.

Спутникийн эрин үе

Би 1944 онд Америкт маш эгэл жирийн нэг гэр бүлд төрсөн. Манай гэр бүл их хөрөнгө чинээтэй байгаагүй, тэд ээж аав маань энгийн ажилчин хүмүүс байсан, тэд тийм өндөр боловсролтой бас байгаагүй. Гэвч би бага наснаасаа Ази зүйлүүдэд маш хүчтэй дотоод сонирхолтой байсан. Үүнийг манай гэр бүл дэмждэггүй боловч бас эсэргүүцдэггүй байлаа. Юутай ч тэр цаг үед Азийн талаар мэдээлэл их байдаггүй байсан. Ингээд 13 настайдаа би нэг найзтайгаа хамт йога хийж эхэлж, мөн Бурханы шашин, Энэтхэг, Хятадын гүн ухааны талаарх мэдээллүүд олдвол бүгдийг уншдаг байлаа.

Би америкчуудын “Спутникийн эрин үе” гэж нэрлэдэг тэр цаг үеийн хүүхэд. Спутик сансарт хөөрөх үед Америк маш, маш их бухимдаж байсан. Учир нь бидэнд бид Оросоос хамаагүй хол хоцорсон мэт санагдаж байлаа. Ингээд би 16 настайдаа  химийн чиглэлээр суралцахаар Рутгэрсийн Их Сургуульд оров. Рутгэрсийн Их Сургууль миний төрсөн муж Нью Жерсид байх ба хэдийгээр халимаг монгол Гэвш Вангял биднээс ердөө 50 гаруй километрийн зайтай амьдарч байсан ч түүнийг тэнд оршин суудаг талаар юу ч мэддэггүй байлаа.          

Судлах хичээлийнхээ нэг болгон би Ази судлалыг нэмж үзэх болов. Тэр курсээр Бурханы шашин нэг соёл иргэншлээс нөгөө соёл иргэншилд хэрхэн дэлгэрч, иргэншил тус бүрд хэрхэн өөр өөр арга замаар ойлгогдож байсан тухай үзэж байлаа. Хэдийгээр би ердөө 17 настай байсан ч “Бурханы шашин нэг соёлоос нөгөө соёлд дэлгэрэх бүхий л үйл явц, энэ бол миний судлах тэр зүйл” гэж хэлэх хэмжээнд надад хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсан юм. Ийнхүү энэ нь ямар нэг хэлбийлт, өөрчлөгдөх зүйлгүйгээр амьдралынхаа үлдсэн хугацаанд дагах тэр зүйл болсон.      

Принцтоны Их Сургууль: Химийн факультетаас Хятад хэл, Гүн ухааны факультет

Принцтоны Их Сургууль Ази судлалын факультетдаа илүү олон оюутан элсүүлэх үүднээс нэг шинэ хөтөлбөр эхлүүлээд байсан. Тэр үед тус факультетад маш цөөн оюутан суралцаж байсан; энэ үе нь Вьетнамын дайны эхэн үе байсан бөгөөд ердөө маш цөөн тооны америк хүмүүс ази хэл мэддэг байв. Хятад хэл судлах боломж гарсан учраас би хувьдаа маш их баяртай байлаа. Ингээд өргөдөл гарган тэнцлээ. Ийнхүү 18-тайдаа Принцтоны Их Сургуульд хятад хэл үзэж эхлэх болсон бөгөөд тэндээ бакалаврын сургалтынхаа сүүлийн хоёр жилийг тийнхүү дүүргэсэн юм.

Би Бурханы шашин Хятадад дэлгэрэх үед түүнд хятадын гүн ухаан хэрхэн нөлөөлж, дараа нь Бурханы шашин эргэн хятадын гүн ухаанд хэрхэн нөлөөлсөн тухай үргэлж сонирхдог байлаа. Ингээд би хятадын гүн ухаан, түүх, Бурханы шашин зэргийг судлах болсон. Зуны амралтуудаар намайг хэлний эрчимжүүлсэн сургалтуудад явуулж байсан: нэг жил Харвардад, нэг жил Станфордод сонгодог хятад хэл судалж, дараа нь сургуулиа дүүргээд нэг зун Тайваньд суралцав. Ингээд дараагаар нь төгсөлтийн дараах сургалтаа Харвардад эхлүүлэв. Хятад хэлнийхээ хөтөлбөрийн нэг хэсэг болгон би япон хэлийг аль хэдийн судалж эхэлсэн байсан. Дорнын хэл судлалаар магистрын зэрэг хамгаалах үедээ би Хятад судлалыг маш эрчимтэй үзсэн байлаа.

Хятад, санскрит, төвөд хэл: Харьцуулсан судлал

Бурханы шашны төлөвшилд нөлөөлсөн нөлөөллүүд юу байсныг ойлгох үүднээс Хятад тал нь юу байсныг судалсны адил Энэтхэг талыг нь судлахыг хүсэж улмаар санскрит хэл үзэж эхэлсэн. Ингээд докторын зэргээ хоёр факультетаас хосолсон хөтөлбөрийн дагуу хамгаалсан: Санскрит хэл, Энэтхэг судлал болон Дорнын хэл судлалын факультет. Санскрит хэл, Энэтхэг судлал нь төвөд хэл рүү чиглүүлсэн бөгөөд энэ нь Бурханы шашны түүх, гүн ухаан дээр голлож байсан юм.

Би мэдлэг олж авах маш хүчтэй эрэл хайгуултай байсан. Тийм ч учраас гүн ухаан, сэтгэл судлалын нэмэлт курс авч энэ бүхнээр өөрийн сонирхлыг шинжлэх ухаантай уялдуулж байсан юм. Ийм маягаар би эрдмийн ажлуудаа гүйцэтгэж, харьцуулан орчуулах Бурханы шашны логикийн ерөнхий аргуудад суралцсан юм. Бид нар санскрит хэл дээрх Бурханы шашны эх зохиолуудыг авч үзэн тэдгээр нь хятад болон төвөд хэлэнд хэрхэн орчуулагдаж байсныг харж, мөн үзэл ойлголтууд хэрхэн төлөвшсөн түүх, тэдгээр нь ерөнхий түүхтэйгээ хэрхэн холбогдож байсныг судалж байлаа. Ийм төрлийн сургалт нь миний эрдмийн мөрийн бүхий л үе шатуудад маш их тус болсон.

Харвардаас шашны уламжлалд

Энэ бүхний туршид би үргэлж өөрийн судалж байсан Бурханы шашны өөр өөр хэлбэрүүд, Хиндү, Даоизм, Кунз зэрэг тэдгээр Азийн шашин, гүн ухааны хэв маягаар сэтгэвэл үнэндээ ямар байх бол гэж их сонирхдог байлаа. Гэвч өнөө хэр нь бодитой оршин буй тэрхүү шашны уламжлалтай холбогдох бодит боломж гарахгүй байв; миний нөхцөл байдал би Эртний Египетийн шашнуудыг судалж байгаатай адил мэт байлаа. Хэдий тийм боловч миний сонирхол маш хүчтэй байсан.    

Ингээд намайг 1967 онд төвөд хэл судалж эхэлж байх үед Роберт Турман Харвардад буцан ирснээр бид нэг ангийн оюутнууд боллоо. Турман Гэвш Вангялын ойрын шавь нарын нэг байсан бөгөөд түүний дэргэд нэлээд хэдэн жил амьдарсан байсан. Тэрээр бүр нэг жилийн хугацаанд Бурханы шашны хувраг болж, Дарамсалад суралцахаар Энэтхэг яваад ирсэн байлаа. Тэрээр Гэвш Вангял мөн төвөд хүмүүс, Дээрхийн гэгээн Далай ламын суух Дарамсалад очин суралцах боломжийн талаар надад хэлж өгсөн тэр хүн байсан юм. Амралтаараа гэртээ харих удаа бүрдээ би Нью Жерсид Гэвш Вангялын хийдэд очдог болж улмаар Бурханы шашин нь амьд оршин буй нэг уламжлал болохыг ойлгож эхэлсэн. Гэвш Вангялын олон удаа зочилж байсан ч түүний дэргэд суралцах боломж ердөө гараагүй. Харин тэрээр надад Энэтхэг явж тэнд үргэлжлүүлэн суралцахад үнэндээ ихээр нөлөөлсөн юм. Ингээд би Фулбрайтын судлаач оюутны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргаж судалгааны ажлаа Энэтхэгт төвөд хүмүүсийн дунд хийх боломжтой болов. Энэтхэгт би 1969 онд 24 настайдаа ирж тэндээ Дээрхийн гэгээн Далай ламтай уулзан улмаар төвөд нийгмийн дунд бүрэн орох болсон. Энэ нь миний бүх амьдрал Нью Жерсигийн нэг эгэл гэр бүлээс гаран Принцтон, Харвардад боловсрол дүүргэн улмаар Далай лам болон түүнийг хүрээлэн байх төвөд эрдэмтэн мэргэдтэй учрах хүртэлх нэг дамжлагын шат байсан мэт санагдаж байлаа. Төвөдийн Бурханы шашны талаар миний суралцсан бүх зүйл үнэхээр бодитой амьд, тэндэхийн хүмүүс Бурханы шашны сургаалд гарах зүйлүүд ямар утгатай болохыг үнэндээ мэддэг болохыг харж байлаа. Тэнд тэднээс тэр бүхнийг суралцах нэг алтан боломж байв.     

Далхаузид төвөдөөр ярьж сурав   

Энэтхэгт ирэх үедээ би ярианы төвөд хэл мэддэггүй байлаа. Миний Харвардын багш профессор Нагатоми үнэндээ төвөд үгийг хэрхэн дуудан уншихыг мэддэггүй байсан. Тэрээр япон хүн байсан бөгөөд бид төвөд хэлийг япон хэлний дүрэм дээр тулгуурлан судалж байлаа. Учир нь тэр үед бидэнд байсан цорын ганц сурах бичиг нь төвөд хэлний дүрмийг латин хэлтэй харьцуулан тайлбарласан байсан! Латин хэл, төвөд хэлэнд адил төстэй зүйл юу ч байдаггүй. Харин япон хэлний дүрэм үнэндээ төвөд хэлтэй нэлээн ойролцоо.

Би ярианы хэл сурах хэрэгтэй боллоо. Гэвч ямар ч сурах бичиг, ямар нэг үзэж судлах материал юу ч байсангүй. Гэвш Вангялаар дамжуулан түүний хийдэд хэдэн жил сууж, англи хэл маш сайн сурсан хойд дүрийн хоёр залуу лам болох Шарпа болон Камунг Ринбүүчитэй холбогдож чадсан юм. Тэд нэлээд олон төвөд хүмүүс суурьшсан Далхаузид амьдардаг байлаа. Тэд тэнд надад уулын бэлийн нэг жижиг байшинд Сонам Норбу гэх нэг төвөд ламын хамтаар амьдрах байр гаргаж өглөө. Тэрээр англи хэл мэддэггүй, би төвөдөөр ярьж чадахгүй байсан ч хамт амьдарч байгаа болохоор бид ямар нэг байдлаар харилцах ёстой болж байлаа. Энд миний Бурханы шашны логикийн болон бусад сургалт эхэлсэн юм. Би Борнео арал дээр эсвэл Африкт өөр нэг хэл ойлгохыг оролдож буй антропологич адил байлаа.     

Миний сураад байсан бүхий л ази хэл төвөд хэлний авиануудыг сонсож, тодорхой ахиц гаргахад маш их тус болж байсан. Сонамтай харилцахдаа би түүнд бичиж үзүүлж (би төвөдөөр бичиж чаддаг байсан), харин тэр надад хэрхэн дуудахыг хэлж өгдөг байв. Бид ийм байдлаар хамтран хичээллэж мөн би өөр нэг багшаас давхар хэлний хичээл авч байлаа. Ингээд тэр хоёр залуу Ринбүүчи тэдний багш болох Гэвш Наваан Даргейгийн дэргэд суралцахыг зөвлөлөө.       

Малын саравчинд Лам-рим судлав

Би Энэтхэгт судалгааны ажлаа бичэхээр ирж, судалгаагаа маш өргөн хүрээний тарнийн сэдэв болох Гуяасамажа сургаал дээр хийхээр төлөвлөж байсан боловч миний зөвлөгөө авахаар очсон багш, Дээрхийн гэгээн Далай ламын багш нарын нэг, Сэркон Ринбүүчи тэр бол үнэхээр боломжгүй, миний хувьд түүнд ердөө бэлтгэгдээгүй байна гэж намайг ятгаж чадсан юм. Дээрхийн гэгээний туслах багш Трижан Ринбүүчи эхлээд зам мөрийн зэрэг болох Лам-рим сургаалыг судлах хэрэгтэй гэж зөвлөв. Тэр үед энэ сургаал огт орчуулагдаагүй байсан учраас надад маш шинэ зүйл байлаа. Тэр үед Төвөдийн Бурханы шашны талаар бичигдсэн байсан номнууд нь Александра Давид-Неел, Еванс-Венц, Говинда лам болон бусад цөөн хэдэн хүмүүсийн бичсэн номнууд байсан. Би лам-рим сургаалын аман уламжлалд Гэвш Наваан Даргейгийн дэргэд суралцаж, судалгааны ажлаа түүн дээр тулгуурлах болов.

Би Далхаузид дотроо усгүй, ариун цэврийн өрөөгүй байранд маш тааруу нөхцөлтэй амьдарч байв. Гэвш Даргей бүр илүү тааруу нөхцөлд, өмнө нь малын саравчаар ашиглаж байсан саравчинд амьдарч байлаа. Тэнд түүний ор тавих, мөн түүний урдуурх хэсэгхэн зай байх ба тэр зайд түүний гурван Ринбүүчи шавь, мөн миний бие сууж ном сонсдог байв. Жадо Ринбүүчи Шарпа болон Камлунг Ринбүүчи бид гуравтай хамт суралцаж байгаад Дээрхийн гэгээн Далай ламын Намгял хийдийн хамба ламаар томилогдон явсан. Ялаа болон өөр бусад олон шавьж хорхойгоор дүүрэн тэрхүү малын саравч бидний ном сонсож байсан газар байсан юм.

Энэ үнэхээр сэтгэл хөдлөм үе байсан. Учир нь олон шинэ зүйл эхэлж байсан. Дээрхийн гэгээн Далай лам бидний хийж байсан зүйл, бидний суралцаж байсан байдлыг сонирхон бидэнд зарим нэг багавтар эх зохиолуудыг орчуулуулахаар өглөө. Дээрхийн гэгээн Дарамсалад Төвөд бүтээлийн архив, номын сан байгуулан Гэвш Даргейг тэндэхийн барууныханд багшилж, надад тусалж байсан Шарпа, Камлунг Ринбүүчи нарыг орчуулагч хийхийг хүссэн юм. Би Дээрхийн гэгээнээс тэдэнд тусалж болох эсэхийг асуухад тэрээр “Болно, гэвч эхэлж Америктаа очиж сэдвээ хамгаалж, зэргээ аваад, тэгээд ир” гэлээ.

Төвөдийн нийгэмд дасав: Орчуулагч болов

Энэтхэгт байсан энэхүү эхэн үед би төвөд хүмүүсийн авч үздэг нэг уламжлалт үүргийг үнэн гэж үзэн төвөд нийгэмд дасахыг хичээх болсон; ингээд би орчуулагч болов. Би өөрийн гэсэн Бурханы шашны бүтээл хийж эхлэхийг үнэхээр их сонирхож байлаа. Ингээд 1970 оны эхээр би албан ёсоор Бурханы шашинтан болж бясалгал бүтээл хийж эхэлсэн. Тэр цагаас эхлэн би өнөөг хүртэл өдөр бүр бясалгасаар ирлээ.

Орчуулагчийн үүрэгт та зөвхөн хэлний чадвартай байгаад зогсохгүй Бурханы шашны талаар маш гүнзгий мэдлэгтэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь бясалгах, сургаалыг бодит амьдралд бүтээнэ гэсэн утгатай. Сэтгэлийн өөр өөр төлөв байдал буюу бясалгалын өөр өөр түвшнүүдийн талаар дурдах тогтсон үг хэллэгүүдийг өөрөө тэдгээрийг үнэндээ бясалгаж, тэдгээрт суралцаагүй бол орчуулах ямар ч боломжгүй юм. Хэрэглээнд байдаг орчуулгын үг хэллэгүүд нь Библийг төвөд хэлэнд орчуулахаар эхэндээ сонирхож байсан тэдгээр номлогчдын гол төлөв сонгосон үг хэллэгүүд байдаг бөгөөд тэдгээрт Бурханы шашны үг хэллэгийн тэдгээр бодит утгатай холбоотой санаа маш бага байдаг. Ийнхүү тэр л эхэн үеэс би өөрийн Бурханы шашны бүтээлээ Бурханы шашны логик ухааны сургалттай хослуулж ирсэн.

Би 1971 оны сүүлээр Харвард руу буцаж хэдэн сарын дараагаар судалгааныхаа ажлыг гардуулан өгч, 1972 оны хавар докторын зэргээ хамгааллаа. Би үргэлж их сургуулийн профессор болохыг зорьдог байсан болохоор миний багш өөр нэг нэр хүндтэй их сургуульд багшлах маш сайхан ажил олж өгсөн. Харин би татгалзсан. Би амьдралынхаа үлдсэн хугацааг Бурханы шашин гэж юу болохыг ердөө тааварлаж суудаг хүмүүстэй өнгөрүүлэхийг хүсээгүй. Харин тэр нь ямар утгатай зүйл болохыг үнэндээ мэддэг хүмүүстэй хамт байж тэрхүү жинхэнэ үнэн уламжлалаас суралцаж, түүний хажуугаар Бурханы шашны логикийн сургалтаас олж авсан өөрийн бодит үзэл хандлагаа хадгалахыг хүссэн юм. Мэдээж багш минь намайг галзуурсан байна гэж ойлгосон байх, гэвч би Энэтхэгт буцаж ирсэн. Тэнд амьдрах маш хямд зардалтай, тийм болохоор энэ боломжтой байсан.

Миний шинэ энэтхэг амьдрал

Би Дарамсалад нүүн ирж, аль хэдийн Номын санд ажиллах болсон Гэвш Наваан Даргей, Шарпа, Камлунг Ринбүүчи нартай хамт ажиллаж эхлэв. Далхаузид байснаас бүр илүү жижиг, ус, ариун цэврийн өрөөгүй, ганц цонхтой тэр нь шилгүй нэг сууцанд би амьдрах болов. Өмнө нь надтай хамт амьдарч байсан төвөд лам Сонам Норбу мөн миний хамт байхаар ирсэн байлаа. Би Энэтхэгт тэр сууцанд түүнийг өөрийн гэр болгон нийт 29 жил амьдарсан.      

Тэр хугацаанд би Номын сангийн Орчуулгын товчоог байгуулахад туслан мөн өөрийн сурах үйл явцаа үргэлжлүүлсээр байлаа. Бурханы шашны сургадаг логикийн талаарх миний олж авсан мэдлэг үнэндээ Бурханы шашны сургаалуудыг цааш судлах хэрэгсэл болж байна гэж би харж байсан. Би олон эх зохиолуудын нэр, түүхийг мэддэг байсан бөгөөд хүмүүс надад тэдгээрийн жинхэнэ агуулгыг заан өгч, би ч тэдгээрийг нэлээн хялбар ойлгож чадаж байлаа. Дээрхийн гэгээн Далай лам надад хэдийгээр би голлон Гэлүг ёсонд суралцаж байсан ч Төвөдийн Бурханы шашны дөрвөн уламжлалд бүгдэд нь суралцахыг зөвлөснөөр би Төвөдийн Бурханы шашны цар хүрээний илүү өргөн дүр зургийг харж чадаж байлаа. Энэ үнэхээр сэтгэл хөдлөм цаг хугацаа байсан. Тэр үед хүмүүс Төвөдийн Бурханы шашны сургаалд юу агуулагдаж байдаг талаар бүр ямар ч ойлголтгүй байдаг байлаа.

Сэркон Ринбүүчигийн дэргэд ой тогтоолт болон төлөв даруу байхад суралцав  

1974 оноос би Дээрхийн гэгээн Далай ламын багш нарын нэг Сэркон Ринбүүчигийн дэргэд суралцаж эхэлсэн бөгөөд түүнтэй өмнө нь 1969 онд анх цухас уулзсан байдаг. Дарамсалад уулзсан тэр үеэс тэрээр надад түүний орчуулагч болох, улмаар Дээрхийн гэгээнд орчуулга хийх үйлийн үрийн холбоо байна гэж харсан. Ингээд тэрээр намайг түүнд сургаж эхэлсэн. Хэдийгээр би аль хэдийн ном орчуулж байсан боловч энэ нь аман орчуулга, аман айлдвар орчуулах сургалт байлаа. Тэрээр намайг өөрийнхөө дэргэд суулгаад өөрөө бусад хүмүүстэй хэрхэн харилцаж байгааг харуулдаг байв. Тэрээр мөн миний ой тогтоолттой ажиллаж, намайг түүний дэргэд байхад хэзээ ч хамаагүй яриагаа гэнэт зогсоон “Миний дөнгөж сая хэлсэн зүйлийг үг үгээр нь давтаж хэл” эсвэл “Өөрийнхөө сая хэлсэн зүйлийг үг үгээр нь давтаж хэл” гэдэг байлаа.

Би дараа жилээс нь түүнийг бусад барууны хүмүүст сургаал тайлбарлах үед нь орчуулга хийх болов. Зөвхөн Калачакра сургаалаас бусад тохиолдолд тэрээр хэзээ ч надад ганцаарчилж ямар нэг зүйл зааж байгаагүй, харин өөр хэн нэгэнд орчуулга хийж өгч байхдаа үргэлж суралцаж байлаа. Калачакра сургаалын тэрээр надад тусгайлан заадаг байсан; тэрээр би тус сургаалтай зарим нэг гүн холбоотой гэж харсан. Ямар ч сургаал айлдварын үеэр тэмдэглэл хийхийг надад хэзээ ч зөвшөөрдөггүй, харин бүх зүйлийг тогтоож аваад дараа нь бичиж тэмдэглэх ёстой байлаа. Хэсэг хугацааны дараа тэрээр бүр айлдварын дараа ч бичиж тэмдэглэхийг зөвшөөрдөггүй болсон. Надад хийх өөр зүйл өгч, харин би бүх зүйлийг зөвхөн үдэш оройн цагаар бичиж тэмдэглэх боломжтой болж байлаа.

Гэвш Вангял өөрийн ойрын шавь нараа зэмлэдэг байсантай адил Сэркон Ринбүүчи цаг үргэлж намайг зэмлэдэг байлаа. Нэг удаа би орчуулга хийж байгаад түүний хэлсэн нэг үг ямар утгатай болохыг ойлгосонгүй хэмээн асуутал тэрээр намайг зэмлэн “Би тэр үгийг чамд долоон жилийн өмнө тайлбарлаж өгсөн. Яагаад чи санадаггүй юм, би санаж байхад!” гэж байсныг санаж байна.  

Намайг дуудах түүний хамгийн дуртай нэр “тэнэг” гэдэг нэр байсан бөгөөд тэрээр ялангуяа намайг олны өмнө тийнхүү аашлах удаа бүрийг хэзээ ч алдахгүй олж хардаг байсан. Энэ үнэхээр маш сайн сургалт байсан. Нэг удаа би Дээрхийн гэгээн Далай ламд орчуулга хийж байх үед, бараг 10,000 гаруй хүн сонсож байсан, Дээрхийн гэгээн намайг зогсоож, инээгээд “Тэр сая алдаа гаргачихлаа” гэж хэлж байсныг санаж байна. Цаг үргэлж тэнэг гэж дуудуулж сурсан би хивсэн доогуур мөлхөж оролгүй, үргэлжлүүлээд орчуулсан. Орчуулга хийхэд үнэхээр их анхаарал, маш их ой тогтоолт шаардагддаг. Би зөвхөн Бурханы шашны логик ухаанд суралцсан төдийгүй уламжлалт төвөд хэлний сургалтыг хүртэх болсон нь үнэхээр завшаантай хэрэг.     

Би Сэркон Ринбүүчигээс 9 жилийн турш маш шахуу суралцсан. Би түүнд орчуулга хийж, түүний захидалууд, аялал зэрэгт нь тусалж байсан бөгөөд тэр бүх хугацаанд тэр надад ердөө хоёр удаа “баярлалаа” гэж хэлсэн. Энэ бас надад маш их тусалсан. Учир нь тэрээр намайг түүнээс юу хүлээж, юу харна гэж хэлдэг байсан. Толгойгоо илүүлж, нохой сүүлээ шарвадагтай адил болох уу? Хэн нэгний орчуулга хийх сэдэл нь “баярлалаа” гэдэг үгээр магтуулах бус бусдад туслах сэдэл байх хэрэгтэй. Мэдээж миний Бурханы шашны бясалгал, бүтээл хэзээ ч бухимдаж эсвэл орхилгүйгээр энэхүү уламжлалт сургалтын үйл явцыг туулахад маш чухал байсан.

Соёлуудын хооронд гүүр бий болгоход туслах

Сэркон Ринбүүчи 1983 онд нас барсан. Түүнээс хойш би дэлхийн олон оронд лекц унших урилга хүлээн авах болсон. Учир нь би тэдгээр газруудад Ринбүүчигийн орчуулагчаар олон удаа очоод байсан. Тэр үед би Дээрхийн гэгээн Далай ламд заримдаа орчуулга хийж байсан. Гэвч орчуулга гэдэг бол зөвхөн үг бус, харин санааг тайлбарлаж, орчуулах тухай юм. Дээрхийн гэгээний барууны сэтгэл судлаачид, эрдэмтэд, шашны тэргүүн нартай хийж байсан эхэн үеийн тэдгээр уулзалтууд дахь миний үүрэг гол нь тэдний үгийг бус (учир нь тэдэнд төвөд хэлэнд байх тэдгээр үгийн ихэнх нь байдаггүй явдал байв), санааг тайлбарлаж, соёл хоорондын гүүр бий болгох явдал байсан. Бурханы шашны сургаалын үүднээс өөр өөр соёлуудын хооронд нэг гүүр бий болгох, энэ нь бүр бага залуу наснаас минь эхлэн хэзээд миний сонирхлыг татсаар ирсэн тэр зүйл байсан. Ийм гүүрийг бий болгохын тулд та тухайн хоёр соёлын хүмүүс хэрхэн сэтгэдэг, тэдний амьдрал чухам ямар болохыг үнэхээр сайн мэдэх хэрэгтэй. Иймд надад төвөд хүмүүстэй тийм удаан хугацаанд амьдарч, тэдний сэтгэлгээний хэв маяг, амьдрах хэв маяг зэргийг гүнзгий ойлгох боломж гарсан нь маш ховор, гайхалтай завшаан. Энэ нь Бурханы шашны дамжлагад үнэхээр чухал байсаар ирсэн.

Өөрийн санаачлагаар мөн хүсэлт тавьсны дагуу Дээрхийн гэгээн Далай ламын хэд хэдэн олон улсын төслүүдийг явуулж байсан. Гол зүйлүүдийн нэг нь Дээрхийн гэгээн болон Төвөдийн ард түмэнд дэлхий нийтийг нээхийг оролдох явдал байсан. Тэдэнд дүрвэгсдийн гэрчилгээ байхаас паспорт гэж байгаагүй тул тэднийг уриагүй тохиолдолд ямар нэг оронд очих виз авах боломжгүй байлаа. Тэд ердөө цөөн хэдэн газар харилцаа холбоотой байсан. Энэ үед миний Харвардын докторын зэрэг маш хэрэгтэй болж би олон орны их дээд сургуулиудад лекц уншихаар уригдах болов. Ийм замаар би ирээдүйд төвөд хүмүүс, цаашлаад Дээрхийн гэгээн гадаад уригдах, дэлхийн өөр өөр бүс нутгуудад Дээрхийн гэгээний оффисыг нээх холбоо харилцааг бий болгож байлаа. 1985 оноос би хуучны социалист бүх орнууд, Латин Америкийн бараг ихэнх, мөн Африкийн нэлээд олон орнуудаар явж эхэлсэн. Түүний дараагаар Бурханы шашин болон Исламын шашны хооронд харилцан яриа эхлүүлэх үүднээс Дундад Азийн орнуудаар явсан.      

Энэ бүх явцад би Дээрхийн гэгээнд мэдээлэл хүргэж түүнээс тэрээр миний зочилсон улс бүрийн соёл, түүхийн талаар бага зэрэг мэдэж авч байхад анхаарч байсан. Миний Харвардын боловсрол мөн тэдгээр орны өөр өөр шашны тэргүүн нартай уулзаж тэднээс би тэдний шашны талаар илүү ихийг мэдэж авснаар Дээрхийн гэгээн тэдгээр оронд зочлох үедээ тэрээр тэдний итгэл үнэмшлийн талаар сайн ойлголттой явах боломж олгож байсан юм. Бурханы шашны логик ухаан, шинжлэх ухааны сургалт энэ бүхэн надад гол чухал зүйл нь юу болохыг олж харах, түүнийг хэрэг тустай байхаар зохион байгуулах, илэрхийлэхэд тус болж байсан.

Би маш олон төсөлд оролцсон байдаг. Хамгийн их сонирхол татдаг нэг нь Зөвлөлт Холбоот Улсын Эрүүл Мэндийн Яамны оролцоотой төвөд эм, эмчилгээг Чернобылийн ослын хохирогчдод тусалхад хэрэглэх төсөл байсан. Хэдийгээр төвөд анагаах ухаан маш үр дүнтэй нь харагдаж байсан ч Зөвлөлт Холбоот Улс задран Орос, Беларусь, Украйн улсууд тус төсөл дээр хамтран ажиллахаас татгалзан, түүнийг гурван тусдаа төсөл болгохоор зүтгэх болсон. Энэ нь санхүү болон үйл ажиллагааны зохион байгуулалтын хувьд боломжгүй зүйл байлаа. Харамсалтай нь төсөл ийнхүү зогссон юм.  

Өөр нэг сонирхолтой төсөл нь Монголд Бурханы шашин эргэн сэргэхэд туслах зорилготойгоор Бакула Ринбүүчигийн номнуудыг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, хэвлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах төсөл байв. Тэр үед Бакула Ринбүүчи Энэтхэг улсаад Монгол улсад сууж байсан элчин сайд байсан юм.

Баруунд буцан ирэв

Нийтдээ би дэлхийн 70 гаруй оронд очиж, лекц уншсан байдаг болов уу. Энэ бүх хугацааны турш би өдөр тутмынхаа бясалгал бүтээлийг тогтмол хийж байсан нь маш их тустай байсан. Цаг хугацаа өнгөрөх хэрээр би илүү олон газруудад уригдан лекц унших болсон. Аялал маань улам улам урт болж байсан бөгөөд хамгийн удаан нь арван таван сарын хугацаанд хоёр, гурван хотод долоон хоног бүр очиж лекц уншсан тохиолдол байсан. Энэ бүх аялалын турш, тэр дундаа үргэлж ганцаараа аялж байсан тэр нөхцөлд надад түүнийг хийх хүч өгч, тууштай байлгадаг байсан зүйл бол Бурханы шашны бясалгал бүтээл байлаа.

Тэдгээр он жилүүдэд би хэд хэдэн ном бичсэн байсан бөгөөд тодорхой нэг тохиолдолд Энэтхэгээс миний хамтран ажилладаг хэвлэлийн газар Снөү Лионтой (Snow Lion) хамтарч ажиллахад тийм хялбар байгаагүй. Мөн би интернет орчныг сонирхож байсан бөгөөд үүнийг Энэтхэгт хийх тун хэцүү байсан. Ингээд би 1998 онд Энэтхэгээс баруунд ирлээ. Намайг урьсан хэд хэдэн газраар очиж үзээд, нэг жилийн дараа Герман улсад, Берлин хотод суухаар шийдсэн. Би өмнө нь герман хэл сурсан байсан учраас тэнд ямар нэг асуудал байгаагүй бөгөөд надад хамгийн их бие даасан байдлыг олгож байсан. Энэ надад их чухал байлаа; би ямар нэг байгууллагад харьяалагдахыг хүсээгүй. Берлин нь миний өмнө байнга очиж лекц уншдаг байсан, надад ойр холбоотой мэт санагддаг, Зүүн Европын орнууд, Орос болон хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад үргэлжлүүлэн очиход тохиромжтой байрлал байсан.         

Би баруунд 30,000 гаруй хуудас бүхий хэвлэгдээгүй гар бичмэлтэй ирсэн – хэд хэдэн бичиж дуусгаагүй үлдээсэн ном, тэдэнд зориулсан уншсан номын тэмдэглэл, өөрийн үзэж судалсан эх зохиолуудын орчуулга, өөрийн лекц болон багш нарын маань тавьсан сургаал номын бичигт буулгасан тэмдэглэлүүд байв. Мөн Дээрхийн гэгээн болон түүний голлох гурван багш, гэвш Даргейгийн тавьсан сургаалуудын асар олон тэмдэглэл байсан. Би энэ бүхэн намайг үхэхээр хог болон хаягдах вий гэж маш их санаа зовж байлаа.

Берзиний архив

Надад нэг итгэхийн аргагүй гайхалтай үүрэг, өмнөх үеийн хамгийн том багш нарын дэргэд тийм удаан хугацаанд суралцах нэлээд онцгой завшаан тохиолдсон. Миний сурсан бас бичлэг хийн авсан сургаалууд үнэхээр дэлхий дахинтай хуваалцах хэрэгтэй, дэндүү үнэт зүйлс юм. Ном хэдийгээр өөрт байлгахад их сайхан, бас сайхан харагдаж болох ч хэрэв та хамгийн олон хувь зарагдсан номын жагсаалтанд орох ном бичээгүй л бол тэр нь олон уншигчдад хүрдэггүй. Миний ямар ч ном тийм байгаагүй. Ерөнхийдөө ном хэвлүүлэх их зардалтай; худалдан авахад бас өндөр үнэтэй байдаг. Тэдгээрийг хэвлүүлэхэд маш их хугацаа ордог бөгөөд дараагийн хэвлэл гарах хүртэл ямар нэг засвар хийх боломжгүй байдаг. Хэдийгээр би түүх судлах их дуртай ч би мөн ирээдүй рүү харах тун дуртай,  ирээдүй бол интернет. Үнэндээ өнөө үе ч мөн интернетээр тодорхойлогдож байна. Ийнхүү би өөрийн бүх бүтээлийг нэг вэб хуудсанд байрлуулахаар шийдэн 2001 оны арван нэгдүгээр сард berzinarchives.com цахим хуудсаа эхлүүлсэн.   

Миний үргэлж баримталж ирсэн гол зарчим бол цахим хуудсанд байх бүх зүйл үнэ төлбөргүй, түүнд ямар нэг зар сурталчилгаа байхгүй, юу ч зардаггүй байх явдал байсаар исрэн. Цахим хуудсан дахь материалууд хэдийгээр гол төлөв Гэлүг ёсны уламжлалыг баримталсан байх боловч энэ нь Төвөдийн Бурханы шашны дөрвөн уламжлал бүгдийг багтаасан Төвөдийн Бурханы шашны бүхий л өөр талуудыг хамарч байдаг. Мөн түүнчлэн олон харьцуулсан судалгаанууд болон Төвөдийн анагаах ухаан, зурхай, Бурханы шашны түүх, Азийн түүх, Төвөдийн түүх, нэлээдгүй олон Бурханы шашин болон Исламын шашны хоорондын харилцааны талаар материалууд бий. Би мөн юмсыг олон хэлэнд орчуулах нь сайн гэсэн хүчтэй итгэл үнэмшилтэй явдаг.

Ислам шашны талаарх бүтээлийн хэсэг маш, маш чухал гэж би боддог бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам үүнийг мөн маш хүчтэй дэмжиж байгаа. Исламын орнуудаар явж их дээд сургуульд лекц уншсан тэр туршлагаасаа харахад тэндэхийг хүмүүс дэлхий дахины талаарх мэдлэгээр цангаж байдаг нь надад илэрхий байсан. Дэлхий нийтийн амар амгалан байдлын хувьд тэднийг түүний гадна үлдээхгүй харин тэднийг Бурханы шашинд оруулахыг хичээх бүр багахан ч гэсэн санаагүйгээр тэдэнд Төвөдийн сургаалуудыг судалж үзэх боломж бий болгох нь маш чухал.

Төгсгөлийн үг

2015 он гэхэд Берзиний архив цахим хуудас 21 хэл дээр олны хүртээл болж, жилд ойролцоогоор хоёр сая орчим хандалттай болсон байв. Энэ нь орон тооны болон сайн дурын нийлсэн 100 гаруй ажилчдын хичээнгүй хөдөлмөрийн үр дүн юм. Сүүлийн жилүүдэд Дээрхийн гэгээн Далай лам 21-р зууны Бурханы шашны хэрэгцээ шаардлагыг дахин дахин онцлон тэмдэглэх болсон. Үүнээс урам зориг аван би тус цахим хуудсыг ирээдүйд илүү олон хэрэглэгчдэд хүргэх үүднээс түүнийг шинээр эхлүүлэхэд туслах хэд хэдэн шинэ үеийн залуусыг сургахаар шийдсэн. Ингэж studybuddhism.com мэндэлсэн юм.  

Энэхүү шинэ цахим хуудас бүрэн респонсив загвартай, ингэснээр ширээний болон гар төхөөрөмжүүд дээр тохирон сайн уншигдах боломжтой. Хэрэглэчдийн дунд хийсэн сорил болон математик тооцоолол дээр тулгуурлан бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх загвар бүхий цахим хуудсыг бий болгохыг хичээсэн. Бид олон нийтийн сүлжээгээ мөн ихээр өргөжүүлэн нэлээд баялаг аудио болон видео контентийг бий болгоод байна. Бидний зорилго бол анхан шатнаас эхлэн гүнзгий түвшин хүртэлх бүхий л мэдлэгийг хялбар ойлгох боломж олгох Төвөдийн Бурханы шашныг сонирхож буй хүмүүст зориулсан нэг голлох мэдлэгийн төв бий болгох явдал юм. Бид хамтран суралцах хэрэглэгчдийн нэг хүрээлэл бий болгож, мөн бусад үнэхээр сайн сургаал, номуудад зориулсан нэг нээлттэй платформ бий болгохыг зорьж байна.

Одоогоор бид цөөн хэдэн тооны хэл дээр өмнөх агуулгын багахан хэмжээний материалыг оруулж эхлээд байна. Эхлэн суралцагчдад зориулсан нэлээд олон шинэ материалуудыг оруулсан. Хуучин цахим хуудас нь түүний бүх материалуудыг шинэчлэн засварлаж дуусах хүртэл шинэ цахим хуудсынхаа хамт идэвхтэй байсаар байх юм.   

Дүгнэлт

Тэгэхээр өөрийн түүхээс багахан дурдвал ийм байна. Энэ бүхний туршид би Бурханы шашны бүтээлийг маш хүчтэй хадгалсаар ирсэн. Жишээ нь би эдгээр он жилүүдийн ихэнх хугацаанд өдөр бүр хоёр цаг орчим бясалгаж байсан. Мөн олон урт хугацааны бясалгал хийсэн. Одоогоор би бясалгалынхаа хугацааг богиносгосон ч мэдээж өдөр бүр багаар бодоход 30 минут бясалгана. Бясалгал нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн сургаал мөн зөв сэдэл, би-д барих үзлийг давах гэх мэт сургаалуудыг онцлох бөгөөд энэ нь үргэлж миний онцолдог голлох бясалгалын тал байсаар ирсэн. Намайг Дээрхийн гэгээн Далай лам руу хөтөлж өгсөн гэвш Вангялаас эхлэн Далай ламын багш нар хүртэлх миний бүх багш нарын гайхалтай үлгэр дууриаллаар би Бурханы шашны объектив болон өөрийн туулж эдлэх мэдрэхүйн талын аль алийг хамрах Бурханы шашны бүтээл болон логик ухааныг хослуулан бусдад хэрэгтэй, тустай утга учиртай амьдралыг жолоодож ирж чадсан гэж би итгэдэг. Магадгүй та бүхэнд миний амьдралаас мөн адил суралцах зүйл байж болох юм.   

Top