Төвөдөд явуулсан Орос, Японы Шамбалын ажиллагаа

Төвдийг Оросод нэгтгэх тухай Бадмаевын санал

19-р зууны дундуур Хятадын Манж Чин улсын (1644-1911) хүч суларлаа. Олон орон энэ боломжийг ашиглан газар нутаг, худалдааны эрх олж авахыг сонирхож байв. Эдгээр орны дотор Их Британи, Франц, Герман, Португалиас гадна Орос, Япон улсууд орж байсан юм.

Жишээ нь 1893 онд буриад-монгол эмч Петр Бадмаев 3-р Александер хаанд Ар ба Өвөр Монгол, Төвдийг багтаасан Чин улсын зарим газар нутгийг Оросын нөлөөнд оруулах төлөвлөгөөг өргөн барьжээ. Тэрээр транссибирийн төмөр замыг Буриадуудын нутаг Байгал нуураас Ар, Өвөр Монголоор дамжуулан Хятадын Гансү муж, Төвдийн хил хүртэл татах тухай саналыг тусгасан байв. Үүнийг хийж дуусгах үед тэрээр Буриадуудын тусламжтайгаар Төвдөд бослого гарган Орос үүнийг ашиглан Төвдийг өөртөө нэгтгэн авна гэжээ. Мөн Бадмаев Азид Оросын худалдааны пүүс нээх санал тавьсан байна. Тухайн цагт буюу 1882-1903 онуудад Оросын Сангийн сайд байсан Гүн Сергей Юлиевич Витте Бадмаевын хоёр төлөвлөгөөг дэмжиж байсан ч Александер хаан аль алиныг нь хүлээн авсангүй.

The Trans-Siberian railway in the early 20th century
The Trans-Siberian railway in the early 20th century

Александер хааныг нас барсаны дараа Бадмаев түүний залгамжлагч 2-р Николас хааны (1894-1917) хувийн эмч болов. Удалгүй шинэ хаан худалдааны пүүс нээхийг зөвшөөрлөө. Гэвч Бадмаев пүүсийн гол үйл ажиллагаагаа Япон, Орос хоёрын булаалдаж байсан Номхон далайн эрэг дагуух Манжуурын өмнөд захад оршдог мөстдөггүй боомт Порт Артурт хандуулж байв. Эхэлж Япон улс Порт Артурт хүрсэн боловч удалгүй Орос өөрийн болгон авчээ. Транссибирийн төмөр замыг Манжуурын хойд хэсгээр дамжуулан Владивосток хүртэл татаж дараа нь Порт Артуртай холбосон боловч Николас хаан Бадмаевын Төвдийн талаарх саналыг хэрэгжүүлсэнгүй.

II Николас хаан болон Доржиев нар

Буриад-монгол лам Агваан Доржиев (1854-1938) 1880 оноос эхлэн Төвдийн Лхаст суралцаж байгаад улмаар 13-р Далай ламын дагсал хаялцагч (цаннид хамба) болжээ. Тэрээр мөн Далай ламын улс төрийн итгэмжит зөвлөх нь байсан юм.

1890 оны Англи-Хятадын конвенцоор Сиккимийг Их Британий хараат болгов. Төвдүүд энэ хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөөгүйн дээр Англи болоод Хятадын Төвдийн талаар баримталж байгаа бодлогод тааламжгүй байв. Ингээд 1899 онд Доржиев энэ аюул заналыг сөрөх тусламж олж чадах эсэхээ үзэхээр Орос руу хөдөлжээ. Доржиев нь Бадмаевын найз байсан бөгөөд тэрээр Оросын Хятадаар дамжин зүүн хойд Ази руу чиглэсэн түрэмгий бодлого нь Гималайн нурууны бүс нутаг руу тэлэх байх гэж найдаж байжээ. Гүн Витте түүнийг энэ удаа болон түүнээс хойш хэд хэдэн удаа хүлээн авч уулзсан юм. Тэрээр мөн Санкт Петербургт амьдарч байсан Буриад болоод Халимаг Монголчуудын өмнөөс тэнд Цогт цагийн хүрдэний хийд байгуулах тухай зөвшөөрөл хүссэн байна. Хэдийгээр Оросын эрх баригчид түүний дээрх хоёр саналыг сонирхоогүй боловч Доржиев Далай ламд илгээсэн захидалдаа тусламж авах найдвар байна гэж бичиж байжээ.

Эхлээд Далай лам болоод түүний сайдууд эргэлзэж байсан ч Доржиев Лхаст буцан ирснийхээ дараа Далай ламыг Орос улсаас тусламж хүсэх хэрэгтэй гэж ятгаж чаджээ. Тэрээр Орос бол Цогт цагийн хүрдэний сургаалыг хамгаалж байсан домогт Шамбалын хойд зүгийн Хаант улс, II Николас хаан бол Гэлүг ёсыг үндэслэгч Зонховын хойд дүр гэж зүтгэж байв. Тэрээр үүнийгээ батлахын тулд Оросын эзэнт гүрэнд буй Буриад, Халимаг болон түрэг угсааны Тува нарын Гэлүг ёсыг хаан хамгаалж ирсэн гэж ярьж байлаа. Түүний саналын дагуу Далай лам 1900 онд түүнийг Орос руу дахин томилон явууллаа.

Тухайн үед Оросын Гадаад хэргийн сайдаар Ханхүү Эспер Ухтомский ажиллаж байв. Ханхүү “ламаист” соёлыг ихэд сонирхдог байсан бөгөөд хожим нь энэ тухай хэд хэдэн ном бичсэн юм. Тэрээр Доржиевыг хаантай уулзуулахаар урилаа. Энэ нь Доржиевийн Далай ламыг төлөөлж хаантай уулзсан хэд хэдэн удаагийн албан ёсны уулзалтын эхнийх байжээ. Үүнээс хойш хэдэн жилийн турш Доржиев Оросын хаан болоод Далай ламын хооронд хэд хэдэн удаа нааш, цааш явсан юм. Гэвч тэрээр Төвдийг дэмжих Оросын цэргийн хүчний дэмжлэг олж чадаагүй билээ.

Германы тусгай ажилтан Вилгелм Филхнер өөрийн Sturm über Asien (Азийн төлөөх шуурга) (1924) номондоо, 1900-1902 онд Санкт Петербург Төвдийг Оросоор хамгаалуулахыг шаргуу хөөцөлдөж байсан гэж бичсэн байдаг. Гэвч энэ нь Бадмаев болон Витте нарын дэмжлэг, Доржиевийн хүчин чармайлтаар хязгаарлагдаж байсан мэт санагддаг. Германыг бишрэгч Шведийн судлаач Свен Хедин Төвдөд хийсэн хоёр дахь удаагийнхаа экспедицээс (1899-1902) Европ руу буцах замдаа II Николас хаантай уулзсан бөгөөд хожим нь тэрээр Ханхүү Ухтомский Оросын хааныг Төвдийг өөрийн хараандаа авахыг ятгаж байсан гэж бичжээ. Гэвч Ханхүүгийн өөрийнх нь бичиж үлдээсэн бүтээлүүд түүнд тийм сонирхол байгаагүйг илтгэдэг.

Япон, Орос, Их Британи, Хятад улсуудын хоорондын далд бодлого ба түүний Төвдөд үзүүлсэн нөлөө

Японы Зэн ёсны номлогч Экай Кавагучи Төвд, Санскрит хэл дээрх Бурханы шашны судар бичиг олж авахаар 1900-1902 онд Төвдөд очжээ. Тэрээр Британийн колони Энэтхэгээр дамжин буцахдаа Төвдөд 1879, 1881 онуудад очиж байсан Британийн Энэтхэг тагнуул Сарат Чандра Дасад Төвдөд Оросын цэргүүд аль хэдийн орж ирсэн хэмээн худал мэдээлэл өгчээ. Тухайн үед Япон Манжуурыг авахын тулд Оростой дайтахаар бэлдэж байв. Энэ үед Япон Британитай Англи-Японы холбоотны гэрээнд (1902-1907) дөнгөж гарын үсэг зураад байсан юм. Уг гэрээнд аль нэг тал нь дайнд орсон тохиолдолд нөгөө тал нь төвийг сахина гэж заажээ. Англи, Оросын хооронд зөрчил үүсгэх өдөөн хатгалага хийж байгаагаараа Япон номлогч Орос, Японы хооронд удахгүй хийх дайнд Англи Оросыг дэмжихгүй байхыг баталгаажуулах оролдого хийж байсан мэт санагддаг юм. Тэрээр мөн Их Британийн Төвдийн талаарх эсэргүүцэл нь Манжуур дахь Оросын анхаарлыг сарниулж магадгүй хэмээн найдаж байсан байх.

Кавагучи нь Теософийн Нийгэмлэгээс Бенараст1909 онд хэвлүүлсэн Tөвдөд өнгөрүүлсэн гурван жил номондоо Доржиевын Оросыг Шамбалын орон, Оросын хааныг Зонховын хойд дүр гэж үзэж байсан тухайгаа бичсэн Төвд, Монгол, Орос хэл дээрх түүний эмхтгэлийн талаар сонссоноо тэмдэглэсэн байдаг ч тэрээр энэ эмхтгэлийг огт харж байгаагүй юм. Мөн Кавагучи Япон-Төвдийн Бурханы шашны Эвслийн тухай дурдсан байдаг ч аль аль тал нь үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж байсангүй.

Кавагучигийн бичиж үлдээсэн зүйлс, мөн хожим нь түүний номыг Энэтхэг дэх Британийн эрх баригчид ихэд сонирхох болов. Жишээ нь Сикким дахь Их Британийн улс төрч, ноён Чарльз Белл Tөвдийн өнгөрсөн ба одоо үе (1924) номондоо түүний бүтээлээс иш татсан байдаг. Тэрээр Доржиев хэрхэн Орос Монголын нэг хэсгийг (Буриад) захирч, хамгаалж байгаа тухай, Оросууд Төвдийн Бурханы шашинд маш ихээр орж, хаан өөрөө ч Бурханы шашинд орж магадгүй хэмээн Далай ламыг Оросын талыг баримтлахыг ятгаж байсан талаар мөн бичиж үлдээжээ.

Кавагучигийн номоо бичиж байх үед Энэтхэгийн Британи захирагч Лорд Курзон Оросоос маш их эмээж байлаа. Тэрээр Орос Төвдөд эрх мэдлээ тогтоож, худалдааны монополь эрх тогтоож магадгүй гэж болгоомжлон Яангхазбэндаар удирдуулан Төвдийг эзлэх тушаал өглөө (1903-1904). Далай лам Доржиевийн хамтаар Монголын нийслэл Өргөө (Улаанбаатар) рүү зугтав. Британид ялагдсаныхаа дараа Төвдийн засаг захиргаа 1904 онд Лхасын гэрээнд гарын үсэг зурснаар Британи Сиккимийг хяналтандаа авч, Лхаст худалдааны давуу эрхтэй болж, цэрэг болон албаны хүмүүсээ байршуулан худалдааны эрхээ хамгаалах болов.

Үүнээс хэдэн сарын дараа Манжуурт Орос-Японы дайн (1904-1905) эхэлж Япон Оросын хааны армийг яллаа. 1906 онд Британи, Хятад хоёр хэлэлцээр байгуулж Төвд дэх Хятадын эрх мэдлийг баталгаажуулсан учраас Далай лам Монголд суусаар байв. Энэхүү хэлэлцээрийн дараа Хятад Төвдийг харъяандаа оруулах үйл ажиллагаагаа яаравчлав. Далай лам Доржиевыг Орос руу дахин илгээж цэргийн тусламж хүсжээ.

1907 онд Доржиев Оросын Газар зүйн хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч П. П. Семёнов-Тян-Шанскийд “Орос, Монгол, Төвд гурван улс ойртон нөхөрлөх тухай” саналыг өргөн барив. Үүндээ тэрээр эдгээр гурван улс нэгдэн Бурханы шашинт их холбоот улсуудыг байгуулахыг уриалсан байна. Харин Оросын эрх баригчид үүнийг эрс эсэргүүцжээ.

1907 оны Англи-Оросын хэлэлцээрээр Британи, Орос хоёр Төвдийн дотоод асуудалд оролцохгүй бөгөөд шаардлагатай бол Хятадаар дамжуулахаар тогтов. Доржиев ч зүгээр суулгүй 1908 онд Оросын Гадаад Хэргийн яаманд хандан 1899 онд татгалзсан хариу авч байсан Санкт Петербургт Цогт цагийн хүрдэний хийд барих хүсэлтийг дахин тавилаа. Энэ удаа хаан түүний хүсэлтийг зөвшөөрлөө. Энэ үйл явдал 1909 онд болсон юм.

1909 оны сүүлээр Далай лам Лхаст түр хугацаагаар ирэхэд Хятадын цэргүүд яаравчлан орж ирэв. 1910 оны эхээр Далай лам Энэтхэг рүү зугтсан бөгөөд Сиккимээс чанх урд зүгт орших Даржээлинд байх болж Британийн хамгаалалтанд орсон юм. Тэнд байхдаа Далай лам ноён Чарльз Беллтэй нөхөрлөн, түүнээр дамжуулж орчин үеийн мэдээлэл авч байлаа.

1911 оны Хятадын үндэсний хувьсгалын дараах үйл явдлууд

1911-1912 онд Манж Чин улс задран уналаа. Хятадын Үндэсний Бүгд Найрамдах Улсын шинэ удирдагч Юань Шикай (Yuan xi-kai) Төвдийг авах Манжийн бодлогыг үргэлжлүүлж, Далай ламыг эргэн ирж “эх орондоо” нэгдэхийг урьсан юм. Далай лам татгалзаж, Хятадтай бүх харилцаагаа таслав. Тэрээр Хятадын эсрэг зэвсэгт бослого зохион байгуулахаар Дайны албыг санаачлав. Юуны түрүүнд Хятадын өөрийн дотоодын үймээн самууны улмаас Хятадын цэргүүд удалгүй бууж өгчээ. 1913 онд Хятад цэргүүд Төвдийг орхин гармагц Далай лам Лхаст буцаж ирлээ.

1913 оны сүүлээр Санкт Петербургийн Бурханы шашны хийдэд анхны олон нийтийн үйл ажиллагаа болгон Романовын гэр бүлийн 300 жилийн ойд зориулсан насны бүтээл боллоо. Уг ёслолд зориулан Далай лам баяр хүргэн, өөрийн бэлгийг хүргүүлсэн бөгөөд тэр үед Далай лам хааны өв залгамжлагч Алексейг хойд зүгийн Бурханы бус шашинтнуудыг гэгээрүүлэх бодьсадва гэж үзсэн гэсэн цуурхал тарж байв. Гэвч Романовын гэр бүлээс ямар нэг цэргийн тусламж ирээгүй юм.

Төвдүүд Хятадын цэргийн хүч Хамын (Төвдийн зүүн өмнөд хэсэг) зарим нутгуудаас гарсны дараа 1914 онд Британитай Симлагийн хэлэлцээрийг байгууллаа. Британи Төвдийг Хятадаас бүрэн тусгаар байхыг дэмждэггүй байсан учраас Далай лам үүнийг нь хүлээн авав. Британи Төвдийг Хятадын захиргаанд ердөө нэр төдий байхаар үлдээж, өөртөө засах эрхийг нь баталгаажуулахаар болов. Мөн Британи Төвдийг өөрийн харъяандаа авах эсвэл Хятад харъяандаа оруулахыг зөвшөөрөхгүй байхаар тохиролцов.

Хятадууд энэ хэлэлцээрт гарын үсэг зураагүй бөгөөд Британичууд Хам орчмын Хятад, Төвдийн үргэлжилсэн хилийн мөргөлдөөний үед Төвдөд ямар ч тусламж илгээгээгүй юм. Үүний улмаас Далай лам өөр улсаас тусламж хайж эхлэв.

Төвд Японоос цэргийн зааварчилгаа авсан нь

Орос-Японы дайнд Япон ялалт байгуулсан нь Далай ламын анхаарлыг татлаа. Тэрээр Японы Мейжигийн сэргээн босголт, шинэчлэлийг Төвдийг Бурханы шашны соёлын хүрээнд нь орчин үетэй хөл нийлүүлэн хөгжүүлэх загвар болгохоор сонирхож байв. Ингээд Орос, Англиас дэмжлэг авч чадаагүй, Хятадын цэргийн байнгын аюул заналхийлэлтэй тулгарч байсан учраас Төвд армийнхаа хүчин чадлыг сайжруулахаар Японд хандсан юм. Японтой ойр харилцаатай байхыг хичээж байсан гол хүн нь Төвдийн сан хөмрөг хариуцсан, Далай ламын итгэмжит сайд Царон байлаа.

Орос-Японы дайнд оролцож байсан ахмад дайчин Яжима Ясужиро 1913-1919 онд Лхаст ирж Төвд цэргүүдэд сургалт явуулан, Хятадаас батлан хамгаалах талаар зөвлөж байжээ. Японы Бурханы шашинт хувраг Аоки Бункио Японы армийн гарын авлагуудыг төвд хэлэнд хөрвүүлж байв. Мөн тэрээр Төвдийн үндэсний далбааг уламжлалт бэлгэдлийн хамт цацраг бүхий нар байхаар загварчлахад тусалсан юм. Энэ загвар нь тухайн үеийн Японы хуурай замын цэргийн далбааны хэв шинжийг багтаасан бөгөөд улмаар дэлхийн 2-р дайнд Японы тэнгисийн цэрэг болон армийн далбааны загвар болсон юм.

Японы тэнгисийн цэрэг болоод Армийн далбаа
Японы тэнгисийн цэрэг болоод Армийн далбаа

Төвдийн Үндэсний Далбаа
Төвдийн Үндэсний Далбаа

Гэвч Далай лам Японоос цаашид цэргийн дэмжлэг авч чадсангүй. 1919 онд Японы арми 1910 онд харъяандаа оруулаад байсан Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дарахад бүхий л анхаарлаа хандуулаад байлаа. Дараа нь 1920-иод онд Япон анхаарлаа Манжуур, Монгол руу хандуулж, Төвдийг зөвхөн Бурханы шашны ном сургаалыг нь судлах хүрээнд сонирхсон хэвээр үлдээв. Кантогийн газар хөдлөлтөнд Токио болон Иокогама их хэмжээгээр өртсөн 1923 онд сүүлчийн Японууд Төвдийг орхин гарчээ.

Үүний дараагийн жил Британи Лхаст цагдаагийн газар байгуулав. Төвд цэргүүд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч нэг цагдаа амь үрэгдлээ. Царон тухайн цагдаагийн амь хөнөөсөн цэргийг хатуу шийтгэв. Төвдийн засгийн газрын шинэчлэлийн эсрэг бүлгийнхэн үүгээр шалтаг хийж Далай ламыг түүний эсрэг ятгав. Тэд Цароныг Далай ламтай зөвшилцөлгүй үйл ажиллагаа явуулсан мөн цэргийн хүчнийхэн хуйвалдаж, засгийн эрх авахыг завдсан гэж буруутгав. 1925 онд Далай лам Цароны армийн ерөнхий командлагчийн албан тушаалыг нь бууруулж улмаар 1930 онд засгийн газрын бүрэлдэхүүнээс чөлөөлөв. Ингээд Төвдийг Японтой холбоотон болгохыг дэмжигч гол хүн чимээгүй болсон юм.

1933 оны 12-р сард Далай лам нас барлаа. Төвд 1938 он хүртэл Японтой дахин харилцаа тогтоосонгүй. 1938 онд Царон олон улсын коммунизмын аюулын эсрэг Япон болон түүний холбоотон улс болох Германтай хамтран ажиллахад гол үүрэг гүйцэтгэн дахин гарч ирсэн билээ.

Бурханы шашныг шахан хавчих коммунист бодлого ба Япон Бурханы шашныг хамгаалах болсон нь

1928 оны сүүлээр Сталин Зөвлөлт Холбоот улсын удирдлагад байр сууриа бэхжүүлэн гарч ирлээ. 1929 онд тэрээр хамтралжуулах хөдөлгөөн, шашныг шахан хавчих хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх болж энэ нь Бурханы шашинтай цөөнхийг ч мөн хамрав. Удалгүй Монгол үүнийг нь хуулбарлаж Сталины бодлогыг туйлшруулан, хэтэрхий харгис байдлаар хэрэгжүүлсэн юм. Доржиев болж буй үйл явдлыг Далай ламд уламжилж, ЗХУ-д итгэхгүй байхыг санууллаа. Монголын олон лам нар үүнийг эсэргүүцэн босож 1930-1932 оны Шамбалын дайн гэгчийг өдөөсөн юм. 1932 онд Сталин бослогыг дарж, Монголын Коммунист Намын “зүүний үзлийг” засахаар Зөвлөлтийн армийг илгээв.

Сталин ийм шийдвэр гаргахад тухайн жилийн эхэнд Япон улс Манжуур болоод Өвөр Монголын зүүн хэсгийг хяналтандаа авч Манжгоо гэх тоглоомын засгийн газраа байгуулсан нь бас нөлөөлжээ. Тэрээр Япон Буриад, Ар Монголын Бурханы шашинтнуудыг Бурханы шашинт эзэнт гүрний нэг хэсэг гэж өөрийн талд нэгтгэх вий гэж санаа зовж байв. Үүнээс гадна Сталинд Монгол улс нь өргөжин тэлж буй Японы эзэнт гүрэн, Оросын хооронд бамбай улс болгон ашиглахад чухал хэрэгтэй байлаа. Ингээд тэрээр дараагийн хоёр жилийн хугацаанд Монголын Бурханы шашинтнууд Японтой нэгдэхгүй байх үүднээс Монголчуудыг шашныг хавчих хөтөлбөрөө түр намжаахыг тушаав. Монголын коммунист нам шинэ эргэлтийн бодлогоор бүр хэд хэдэн сүм хийдүүдийг дахин нээх зөвшөөрлийг өгч эхэллээ. Ийнхүү Бурханы шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа тухай ухуулга явуулсныхаа дараа ОГПУ 1933-1934 онд дахин нэг экспедицийг Төвд рүү илгээхээр төлөвлөж байв. Гэвч энэ экспедиц яваагүй юм. Учир нь Сталин тун удалгүй бодлоо өөрчилж аажмаар Бурханы шашныг шахан хавчих хатуу байр суурь баримтлах болов.

1933 онд Япон Манжгоо улсаа өмнө зүг рүү тэлэн Жехолыг (Чэнгдэ) харъяандаа оруулав. Жехол нь Манжийн зуны хотхон байсан бөгөөд тэд Манж Чин улсын үед энэ газрыг Төвд, Монголын Бурханы шашны төв болгохоор төлөвлөж байжээ. Тус оны сүүлээр Сталин Санкт Петербург хотын Бурханы шашны хийдийн олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зогсоов. Сталины туслах Киров 1934 онд алагдахад Сталин шахан хавчих үйл ажиллагаагаа ЗХУ болон Монголд улам хүчтэй болгов. Энэ нь түүний их хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг эхлүүлсэн юм.

1935 онд Японы Манжгоо болон Гадаад Монголын хилийн орчимд үүссэн мөргөлдөөний дараа Сталины Бурханы шашны лам нарыг баривчлах анхны баривчилгаа Ленинград хотод боллоо. 1937 онд Япон Өвөр Монголын үлдсэн газар нутгийг Хятадын хойд хэсэгтэй хамт эрхшээлдээ оруулав. Монголчуудын дэмжлэгийг авахын тулд Япон IX Богд Жавзандамба Хутагтыг хаан ширээнд нь дахин залж Ар, Өвөр Монгол, Буриадыг нэгтгэсэн Нармай Монгол улсыг байгуулна гэж ухуулж байлаа. Тэд ингээд ч зогссонггүй Япон бол Шамбалын орон гэж зарлав. Японы энэ ухуулгыг коммунизмын харгис дарангуйлал дор байсан Монгол, Буриад лам нар олноор дэмжиж байв.

Зөвлөлтийн коммунист намын Известия сонинд Доржиевыг энэ ухуулгатай холбож, түүнийг Японы тагнуул гэж буруутган бичиж байсан юм. 1937 оны сүүлээр Сталин Доржиевийг баривчилж, Ленинградын хийдийн бусад бүх лам нарыг буудан хороож, тэнд үйл ажиллагаа явуулж байсан Монгол-Төвдийн төлөөлөгчийн газрыг хаав. Доржиев 1938 оны эхээр нас барсан юм.

Төвдийг авах Хятадын оролдлого ба Британийн туслах санал үр дүнгүй болсон нь

Доржиевын ЗХУ болон Монголд болж буй Бурханы шашныг хавчих коммунист бодлогын талаарх мэдээллийг хүлээн авсан Төвд үйл явдлыг ихэд болгоомжтой ажиглаж байв. Мөн тэд Хятадын Төвдийн газар нутгийн талаарх санаархалд санаа зовж байсан юм. 1928 оны сүүлээр Чан Кайшигийн Хятадын үндэсний засгийн газар төрийн эрхийг авч, тэд Төвд, Монголыг Хятадын хэсэг хэвээр байгаа гэж зүтгэж байлаа. Тэдний нэн тэргүүнд авах арга хэмжээний нэг нь Монгол, Төвдийн асуудал эрхэлсэн комисс байгуулах явдал байв. Тэд мөн Төвдийн засгийн газрын эсрэг байр суурь барьж байсан IX Панчин ламыг дэмжиж байжээ. Панчин лам 1924 оноос хойш Хятадад амьдарч байсан юм. Тэрээр Лхасаас өөртөө засах эрхтэй, татвар төлдөггүй, өөрийн цэргийн хүчтэй байх, Хятадын засгийн газраас гарган өгсөн цэргийн хүчээр хамгаалуулан түүнд Төвдөд буцаж очих зөвшөөрөл өгөхийг шаардаж байв. Далай лам түүний шаардлагуудыг хүлээн авсангүй.

1930-1932 оны хооронд Төвд, Хятад хоёр Хам нутгийн төлөө тулалдав. Далай лам Британид хандан Хятадыг галаа зогсоох хүсэлт тавихыг хүссэн бөгөөд Британи хэдийгээр Чан Кайшид хэлэлцээр хийх санал тавьсан ч үр дүн гараагүй юм. Харин Япон Манжуур болон Өвөр Монголын зүүн хэсгийг эзэлж Манжгоо улсыг байгуулсан үед л Хятад зүүн хойд зүгтээ анхаарах шаардлагатай болж Хамын тулааны галаа түр зогсоосон билээ. Үүгээр Британи 1914 онд Симлагийн хэлэлцээр хийсэн хэдий ч тэд Төвдийг хүссэн хэмжээнд хамгаалахгүй гэдгээ харуулав.

1933 оны 12-р сард XIII Далай лам жанч халж, Ретинг Ренбүчи эрх үүргийг нь түр орлон авлаа. Хятад их хэмжээний бэлэг сэлтийн хамт төлөөлөгчдийг Төвд рүү илгээн Хятадад нэгдэхэд бэлэн эсэхийг тандав. Төвдийн засгийн газар тэдний саналыг няцаагаад харин Төвдийн бие даасан байдлыг илэрхийлэв. Төвдийн сайд нарын нэг нь Хятадыг намжаах үүднээс Японоос цэргийн тусламж авах санал гаргасан боловч Үндэсний зөвлөл энэ саналаас түр хугацаагаар татгалзлаа.

Ретинг Ринбүүчи Панчин ламын зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ч Төвдөд Хятад цэргийн хамгаалалттай ирэхийг хориглов. Тэрээр Хятадын цэргийн хүчний эсрэг Британийн тусламжийг дахин гуйсан ч Британи татгалзлаа. Британи Хятадад ердөө л цэргээ татах санал тавьж байсан бөгөөд Чан Кайши үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй.

1936 оны эхээр Панчин лам Төвд рүү өөрийн Хятад цэргүүдтэйгээ хөдөллөө. 3-р сарын турш Үндэсний хүчнийхэн болон Хятадын коммунист босогчидтой хийсэн тулаан нь тэдний Хамыг дайран өнгөрөх аялалыг нь саатуулж байв. Дараагийн хэдэн сард нь Төвд, Хятад, Британийн хооронд Панчин ламын асуудлаар төвөгтэй хэлэлцээрүүдийг хийжээ. Эцэст нь Ретинг, Британи Панчин ламыг Хятад цэргүүдтэйгээ ирмэгц, Хятад цэргүүдийг Энэтхэгээр дамжуулан буцаах баталгаатайгаар Панчин ламыг Хятад цэргүүдийн хамт ирэхийг зөвшөөрөв. Хятад Гадаадын улс баталгаа өгөх явдлыг хүчтэй эсэргүүцсэн бөгөөд Британи ч шийдвэрээсээ ухрав. Ингээд хэлэлцээр гацаанд орлоо.

1937 онд Япон Өвөр Монголын үлдсэн нутаг, Хятадын хойд хэсгийг авав. Японтой дайнд бүрэн орсон учир Хятад Панчин ламыг Хятадын эзэмшил нутагт саатаж байхыг зөвлөж, Панчин лам ч зөвшөөрөв. Тухайн жилийнхээ сүүлээр Панчин лам өвчнөөр жанч халж хэрэг явдал төгссөн юм. Энэ бүхний эцэст Төвд Хятадад үл итгэх байр сууриа улам гүнзгийрүүлж, Британид дэмжлэгийн талаар найдах хэрэггүй гэдгийг ойлгов.

Японтой шинэ харилцаа бий болгох Төвдийн сонирхол ба Нацист Германтай холбоо тогтоосон нь

XIII Далай лам жанч халсан 1933 онд Гитлер Германы Канцлер боллоо. Манжгоо болон Гадаад Монголын хилийн мөргөлдөөн ширүүсч, Зөвлөлт цэргээ Монголд оруулаад байсан энэ үед буюу 1936 оны 11-р сард Япон Германтай комминтерний эсрэг гэрээ байгууллаа. Уг гэрээгээр хоёр улс олон улсыг хамарсан коммунизмын эсрэг тэмцэхээ илэрхийлэв. Аль аль нь ЗХУ-тай улс төрийн хэлэлцээр хийхгүй байх, мөн ЗХУ аль нэг улс руу довтолбол хамтын ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах талаар дахин зөвлөлдөх тухай уг гэрээнд тусгав.

1937 онд Япон Өвөр Монголын баруун хэсэг, хойд Хятадыг, харин Герман Австри болон Чехословакийн зарим газрыг эзэлж авчээ. Сталины хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрч, Хятадын Төвдийг эзэлж авах бэлтгэл болгон цэрэг оруулах оролдлого, Британи бодит тусламж үзүүлэх нь баттай бус зэргээс шалтгаалан Төвд өөр зүгээс цэргийн дэмжлэг хайж эхэллээ. Хамгийн боломжтой хувилбар нь Япон байв. Ингээд Ретингийн тэргүүлсэн Төвдийн засгийн газар 1938 оноос Японтой харилцаагаа сэргээв.

Олон Төвдүүд Япон улсыг Бурханы шашинтай, Бурханы шашныг, тэр дундаа Өвөр Монголыг сахин хамгаалж байгаа, дэлхийн хэмжээний хүчирхэг улс хэмээн хүндэлж байв. Үүнээс гадна Япон 20 жилийн өмнө Төвд цэргүүдэд сургалт явуулж байсан билээ. Төвдийн армийн гарын авлагууд нь Япон гарын авлагын орчуулга байлаа. Японы хувьд Төвдөд стратегийн ач холбогдол өгч, өөрийн Зүүн Азийн хамтын цэцэглэлтийн блокоо тэлж байхдаа Төвдийг Британийн Энэтхэгээс тусгаарлах чухал, хэрэгтэй бамбай улс гэж харж байв. Энэ нь Төвдийн Хятадаас тусгаар үлдэх сонирхолтой ч нийцэж байлаа.

Төвд рүү хийсэн Нацистын экспедиц

Япон-Германы комминтерний эсрэг гэрээнээс үүдэж Төвд Германы засгийн газартай бас албан ёсны харилцаа тогтоохыг зорив. Төвдийн энэ шийдвэр нь нацист үзэл санаа, бодлогыг нь хүлээн зөвшөөрсөн хэрэг огт биш бөгөөд, зөвхөн тухайн цаг үеийн бодит нөхцөл байдлаас үүдэлтэй байв. Хэдий тийм боловч Төвдийн консерватив засгийн газар үүнд болгоомжтой хандаж байлаа. Төвдийн засгийн газраас Нацист засгийн газрын төлөөлөгчдийг Төвдөд лосар (цагаан сар) тэмдэглэх үеэр айлчлахыг урьлаа. Энэ нь Эрнст Шефферийн удирдсан гурав дахь удаагийн Төвдийн экспедиц 1938-1939 онд ирэхийн эхлэл болсон юм. Британичууд үүнийг эсэргүүцсэн боловч Төвдүүд үүнийг үл ойшоож байв.

Шеффер нь анчин бас биологич хүн байв. Түүний 1931-1932 он, 1934-1936 онд тус тус хийсэн эхний хоёр экспедицийн зорилго нь спорт ан, амьтан судлалтай холбоотой байжээ. Харин энэхүү гурав дахь экспедицийг Ааненэрбегээс (Түүхийн үнэт өвийг судлах товчоо) илгээсэн юм. Герман Төвдөд цэргийн тусламж үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах сонирхолгүй байлаа. Энэ нь сонгон явуулсан төлөөний хүмүүсээс нь илэрхий байсан юм. Шефферээс гадна багийн бүрэлдэхүүнд антропологич, геофизикч, зураглаач, техникийн ажилтан байв. Тэд Төвдүүдийн гавлын ясны хэмжилтийг хийж Ари үндэстний өвөг, дээдэс болохыг нотлох, улмаар Япон болон Германы дундын төрөл зүйлийн хүмүүс болгон харуулах зорилготой байсан болов уу гэж санагддаг.

Зарим далд үзэгдлийн талаарх нацист эх сурвалжуудад тус экспедиц далд хүчийг сахиулагч Шамбалын орныхноос нацист үйл хэргийг зөвтгөх дэмжлэг олж авах зорилготой байсан гэж бичсэн байдаг. Мөн цааш нь Шамбалын зүгээс тусламж үзүүлэхээс татгалзсан хэдий ч газар доорх Агарти улсын далд хүчний мастерууд зөвшөөрч, хэдэн мянган Төвдүүд Герман руу явсан гэж бичсэн байдаг юм. Гэвч энэ нь бодит байдалтай нийцдэггүй юм шиг санагддаг. Хэдийгээр Германчууд судалгаа хийхээр тодорхой тооны гавлын яс авч явсан ч тэдний бичсэн тайланд ямар ч Төвд хүн тэдний хамт Герман руу явсан тухай байдаггүй. Үүнээс хойш Германаас дахин экспедиц ирээгүй юм.

Шефферийн экспедицээс хойших үйл явдлууд

Шефферийн экспедицээс хойших хэдэн сард улс төр, дайны нөхцөл байдал эрс өөрчлөгдлөө. 1939 оны 5-р сард Япон Гадаад Монгол руу довтолж, Зөвлөлтийн армийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. Монголд дайн ширүүсч байх энэ үед 1939 оны 8-р сард Гитлер Японтой хийсэн комминтерний эсрэг гэрээгээ цуцлаад Нацист-Зөвлөлтийн гэрээнд гарын үсэг зурж, Европын хоёр фронтод дайн гарахаас сэргийлэв. Дараагийн сард нь Гитлер Польш руу халдаж, энэ үед Япон Монголд ялагдлаа. Үйл явдлууд Төвдөд Япон болон Германы аль аль нь Зөвлөлтөөс хамгаалах найдвартай түнш болохгүйг харуулж байлаа. Хятадыг бүхэлд нь эзэлж авах ажиллагаандаа Япон маш бага амжилт гаргаж байсан учир Номхон далай болон Энэтхэг Хятадын хойг руу анхаарлаа хандууллаа. Япон дахин Хятадаас хамгаалах хүч болж гарч ирсэнгүй. Ингээд Төвдөд Британи болон Симлагийн хэлэлцээрээр олгогдсон багахан хамгаалалтаас өөр боломж үлдээгүй юм.

1940 оны 9-р сард Герман, Япон, Итали улсууд цэрэг, эдийн засгийн холбоотон болов. 1941 оны 6-р сард Гитлер Сталинтай байгуулсан гэрээгээ зөрчин ЗХУ-руу халдав. Гэвч эдгээр үйл явдлын аль аль нь Төвд улс Осийн орнуудаас (Герман, Япон) дахин тусламж хүсэх шалтгаан болоогүй юм. Дэлхийн 2-р дайны үед Төвд төвийг сахисан байр суурьтай байлаа.

Японы Төвдийг сонирхох сонирхол 1942 оны эхээр тэд Бирмэд халдсанаас хойш улам хүчтэй болов. Японы Эзэн хааны засгийн газар Бирмийн хойд хэсгээр Төвдөд нэвтрэхээр төлөвлөн Бүх Азийн товчоог байгууллаа. Төвдийн хэрэг эрхлэх асуудлын зөвлөхөөр Япон 20 жилийн өмнө армийн гарын авлагуудыг Төвд хэл рүү орчуулж байсан Аоки Бункиог томилов. Түүний удирдлага дор Япон газрын зураг, Төвд-Япон хэлний толь бичиг зэргийг боловсруулжээ. Тэд Төвдийг хамтын цэцэглэлтийн блокод нэгтгэнэ гэсэн үүднээс Төвдийн мөнгөн дэвсгэртийг хүртэл хэвлэж байв. Гэвч 1945 оны дайнд Япон ялагдсанаар тэд Төвдийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй юм.

Александер хааныг нас барахад Бадмаев түүний залгамжлагч 2-р Николас хааны (1894-1917) хувийн эмч болжээ. Удалгүй шинэ хаан худалдааны пүүс нээхийг зөвшөөрлөө. Гэхдээ уг пүүсийн гол үйл ажиллагаа нь Япон, Орос хоёрын булаалдаж байсан Номхон далайн Манжуурын өмнөд хязгаарт орших мөсгүй боомт Порт Артурт явагдахаар болов. Эхлээд Япон улс Порт Артурт эрх мэдлээ тогтоосон боловч удалгүй Орос улсын мэдэлд шилжлээ. Хаан Сибирийн төмөр замыг Манжуурын хойт хэсгээр Владивосток руу татсан бөгөөд Порт Артурыг ч түүнтэй холбосон байна. Гэхдээ Николас хаан Бадмаевын Төвдийн талаарх саналыг хүлээн авсангүй.

Top