Татгалзал, хүч үл хэрэглэх ба нигүүлслийн гол асуудлууд

Татгалзал гэж юу вэ?

Бурханы шашны сургаал дахь Татгалзлын утга нь Англи хэл дээрх энэ үгний ердийн утгаас ялимгүй өөр юм. Бурханы шашинд татгалзал нь Магад гарахын сэтгэлтэй холбоотой. Англи “renunciation” гэдэг үг бас л төөрөгдүүлдэг, учир нь хамаг юмаа хаяад, агуйд амьдрахаар явах гэсэн санааг агуулдаг. Юм бүхнээ орхиод агуйд амьдарсан Мил Богд шиг хүмүүсийн жишээ хэдийгээр байдаг ч, тэдний хийсэн үйлдсэнийг “салах” “татгалзах” гэж орчуулагдахаас өөр үгээр илэрхийлэгддэг. “Татгалзал’’ гэж орчуулагдсан үг маань үнэндээ “эс шунах, эс хүсэх” гэсэн утгатай юм. “Би асуудлуудаасаа, хүндрэлүүдээсээ салах ёстой. Миний оюун ухаан энэ зорилго дээр бүрэн баттай зогсож байна.’’ гэсэн хатуу чанга зориг шийдвэрийг бид агуулж байхыг хэлнэ. Бид амиа бодсон “Би’’гэсэн оролдлогуудаа орхихыг хүсдэг, учир нь түүний үр нөлөөнөөс чөлөөтөй болохоор гаргасан шийдвэр. Энэ нь тав тухтай гэр орноо, баясаж таалдаг зүйлсээ орхин хаяхын нэр биш. Бид эдгээр зүйлсээс үүддэг асуудлуудаа зогсоохыг хичээж байгаа юм. Энэ нь биднийг Татгалзалд хүргэдэг юм.

Татгалзаж амьдрах гэдэг нь бид юунд ч баясаж, хэнтэй ч баярлаж чадахгүй гэсэн хэрэг биш. Энэ нь ямарваа зүйл, аль нэг хүнд маш хүчтэй сэтгэл хоргодох нь бидэнд бэрхшээл, хүндрэл учруулдаг явдалтай илүү хамаатай. Бид тухайн хүн буюу зүйлээс хамааралтай, хараат болж “Би үүнийг алдчихвал, эсвэл энэ надад байнга байхгүй бол, би золгүй амьтан болох гээд байна.” гэж боддог. Татгалзал нь “Би дуртай хоолоо авбал сайн, дуртай хоолоо авахгүй бол, яах вэ? Үүгээр хорвоо дуусахгүй.” гэсэн утгатай. Энд дуртай зүйлтэйгээ буюу аль нэг хүнтэй зууралдсан зүйл алга.

Орчин үеийн Сэтгэл судлалд “дасах буюу холбоо” гэдэг үг тодорхой хам сэдвүүдийн хүрээнд эерэг, давтах утгуудтай байдаг. Энэ нь эцэг, эх ба үр хүүхдийн хооронд үүсэх холбоонд хамаарна. Сэтгэл зүйчид хэрвээ хүүхэд эцэг эхдээ харьцааны анхны үндэс болох дассан холбоо үгүй бол, хүүхдийн хөгжилд саатлууд гарах болно гэж ярьцгаадаг. Ахиад л Бурханы шашны утгыг илэрхийлэх, тохирсон Англи үгийг олох нь маргаантай нарийн асуудал юм. “Дасах” гэдэг ойлголтын Бурханы номлолын давхар утгууд нь маш өвөрмөц билээ. Бурханы шашны сургаалд Татгалзлыг үүсгэх хэрэгтэй гэж бидэнд сургаж байгаа нь, эцэг, эх, үр хүүхдийн холбоог үүсгэж хөгжүүлэхийг бид хүсэхгүй гэсэн санаа биш юмаа. Татгалзал гэдэг үгийн утга нь хэн нэг хүнтэй буюу ямар нэг зүйлтэй зууралдаж, тачаадан хүсэхээс өөрсдийгөө ангижруулахыг хэлж байгаа болно.

Татгалзлын үйл ба ёс суртахууны хувьд эерэг үйл хоёрын хооронд ялгаа бий юу?

Үүнд хариулахаас өмнө, дашрамд хэлэхэд, би бүтээлч гэхээс илүү буянт гэдэг үгийг эрхэмлэдэг. Буянт, буянтай бус (Англи хэл: virtuous, nonvirtuous) гэсэн үгүүд, ёс суртахууны дүгнэлт гэсэн утгыг илэрхийлдэг, энэ нь Бурханы шашин дахь ойлголт биш. Ёс суртахууны дүгнэлт энд байхгүй. Шагнал, шийтгэл ч энд байхгүй. Харин зарим үйл бүтээн туурвигч, зарим нь, сүйтгэгч байдаг. Хэрвээ хэн нэг хүн хүмүүсийг буудаж байгаа бол энэ нь сүйтгэгч үйл. Хэрвээ хэн нэг хүн, гэрийнхээ хүмүүсийг зоддог бол энэ сүйтгэгч үйл. Үүнийг хүн бүр зөвшөөрнө. Үүнд ёс суртахууны ямар ч дүгнэлт хамаагүй. Хэрвээ бид нинжин сэтгэлтэй, бусдад тустай бол энэ нь маш бүтээлч буюу эерэг хэрэг юм.

Бид бусдад туслахдаа, дассанаас эсвэл татгалзсанаас болж үйлдэж болно. Дассан сэтгэлээс хэн нэгэнд туслахдаа, жишээ нь: “Би чамд тусална, яагаад гэвэл чи намайг хайрлаасай гэж би хүснэ.”, “Би хэрэгтэй байхыг хүснэ.’’ гэсэн санааг бид өвөрлөдөг. Бусдад туслах энэ үйл эерэг хэдий ч, санаа сэдэл нь хамгийн сайн бус гэж хэлж болно.

Үйлийн үрийн талаар бид ярихдаа, санаа сэдэл ба үйл хоёрыг хооронд нь ялган салгадаг. Бид маш тааруухан сэдэл санаагаар эерэг үйлийг хийж болно. Эерэг үйл нь зарим талаар жаргал авчирч, ядмаг санаа сэдэл зарим талаар шаналал үүсгэнэ. Үүний эсрэг жишээ ч бас адилхан. Үйл нь сөрөг байхад, жишээлбэл: Бид хүүхдээ цохиод, нудраад авдаг. Гэхдээ санаа нь эерэг зөв буюу хүүхдийнхээ амь насыг аврахын төлөө юм. Жишээлбэл: Хэрвээ бяцхан хүү маань зам уруу гүйн орох гэхэд “Өө, үр минь, зам уруу битгий гүйж гардаа.” гэж нялууран гувшвал, тэр нь хүүг зогсоохгүй. Хэрвээ хүүгээ шүүрч аваад, хонгон дээр нь алгадаад өгвөл, тэр дургүйцэж уйллаа ч гэсэн энэ үйлийн сөрөг үр дагавар гээд байх юм тун өчүүхэн байх болно Гэсэн ч санаа сэдэл эерэг бөгөөд эерэг үр дүн нь, сөргөөсөө хамаагүй их, яагаад гэвэл хүү эсэн мэнд гарсан. Тэгээд ч хүү маань бидний асран халамжилсныг үнэлэн ойлгох ажээ.

Бүтээлч үйл бас адилхан: Сэдэл нь татгалзлаар хийгдсэн байж болно, энэ нь ямагт илүү дээр боловч үйлийг бас дасалын сэдлээр хийж болно.

Нигүүлсэл гэдэг нь бид ямагт идэвхгүй сул бөгөөд дуулгавартай байх ёстой гэсэн утгатай юу, эсвэл зарим үед хүч хэрэглэх аргуудыг зөвшөөрдөг үү ?

Нигүүлсэл нь “тэнэг нигүүлсэл” буюу хэн нэгний хүссэн болгоныг нь өгч л байдаг маягаар байх ёсгүй. Хэрвээ согтуу хүн виски нэхэж, алуурчин буу шаардахад, тэдний хүслийг гүйцэлдүүлэх явдал нигүүлсэл биш нь мэдээж. Бидний нигүүлсэл, өгөөмөр уужим сэтгэл, ялгаж салгах чадвар, мэргэн ухаантай хосолсон байх ёстой.

Заримдаа хүүхдээ сахилгажуулах буюу аймшигт байдал гаргахаас сэрэмжлэхдээ, хүч хэрэглэх үйлдлийг сонгох нь зайлшгүй болдог. Болж өгвөл аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, засч залруулахдаа хүч үл хэрэглэх аргаар хийсэн нь сайн. Гэхдээ, энэ нь үйлчлэхгүй байвал аюулыг шулуухан төгсгөл болгох ганц зам нь хүчээр үйлдэх гэдэг нь ойлгомжтой боловч энэ аргыг хэрэглээгүй бол туслахыг хүсээгүйд тооцогдох болно.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд нэг ярилцлаганд нь иймэрхүү асуулт тавихад, тэр жишээ авч: Нэг хүн гатлахад бэрх гүн устай гол руу очоод сэлж гарах гээд байж байв. Хоёр хүн ойролцоо зогсоод харж байлаа. Тэд аль аль нь нөгөө хүн гол руу орвол урсгалд живж үхнэ гэдгийг мэдэж байв. Нэг нь (А) тайван хараад, юу ч хийхгүй зогсож байна. Тэрээр хүч хэрэглэж болохгүй, хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж бодож зогсоно. Хоёр дахь хүн (Б), сэлэгчид ус руу битгий ор гэж хашгирлаа. Урсгал аюултай гэв. Сэлэхийг завдагч “Хамаагүй. Ямар ч болов би орлоо.” гэжээ. Тэд маргалдаж, эцэст нь сэлэгчийг биеэ егүүтгэхийг нь зогсоохын тулд эрэг дээр байсан Б хүн түүнийг ухаан алдтал дэлсчээ. Энэ нөхцөлд, хажууханд нь зүгээр суугаад, нөгөө хүн ус руу орж, живж үхэхийг хараад суухад бэлэн байгаа А нь хүчирхийллийн хэргийг үйлдэж байгаа этгээд мөн. Хүч үл хэрэглэгч бол Б, хэдийгээр тэр хүчний арганд хандахаас аргагүйд хүрсэн боловч. Амиа егүүтгэх гэж байсан нөгөө хүнийг үнэндээ зогсоосон хүн бол Б мөн.

Top