Долоон гишүүнт бэлтгэл бүтээлийн тайлбар

Өнөө орой бидний энэ удаагийн курсээр судалж байгаа Шантидэвагийн Бодьсадвын явдалд орохуй (санск: „Bodhicharyavatara“) сургаалийн эхэн бүрт хийдэг бэлтгэл үйлийг амьдралд илүү ойрхон байдлаар тайлбарлъя гэж бодлоо. Энэ бэлтгэл үйлд тухайн сургаалиас авсан долоон хэсэгтэй бүтээл ордог. Сургаал ном сонсох, өөрсдөө судлахын өмнө эдгээр бэлтгэлийг хийх нь бидний сэтгэл ном, сургаалийг зөв, үр дүнтэй хүлээж авахад тусладаг. Бид гэртээ өдөр тутмын бясалгал болон ном үзэж судлахын өмнө үүнтэй адил хэсэгтэй бүтээлүүдийг бас хийдэг.

Өрөө тасалгаагаа цэвэрлэж, тахил тавих

Хэрэв бид энэ бүтээлийг гэртээ бясалгалынхаа өмнөх бэлтгэл болгож хийх гэж байгаа бол энд сургаал номынхоо өмнө хийдэг шиг эхлээд өрөөгөө шүүрдэж цэгцлэх хэрэгтэй. Жишээ нь хэрэв өрөөнд цаас, хувцас хунар хөглөрсөн байвал хураах хэрэгтэй. Ингэж цэгцэлж байх үедээ “миний сэтгэл энэ өрөөтэй адил саруул, цэгцтэй болох болтугай” хэмээн боддог.

Бүх зүйл нь эмх цэгцтэй цэвэрхэн өрөөнд бясалгал хийх, ном үзэж судлах нь маш чухал. Энэ нь бидний ажлын өрөөнд ч мөн адил. Бидний нүдэнд харагдаж буй зүйл, бүр нүдний буланд ч харагдаж байгаа зүйл бидний сэтгэлд их нөлөөлдөг. Орчин тойрон эмх цэгцгүй байвал, сэтгэл бас эмх цэгцгүй болох хандлагатай байдаг. Цаашилбал бидний бясалгах, ном үзэх газар үзэмж талаасаа таатай байвал бас тустай байдаг. Сайхан орчин тойрон сэтгэлийг баясгадаг ба ийм сэтгэл нарийн төвөгтэй зүйлийг хүлээж авахдаа амархан болдог. Хэрэв эргэн тойронд харагдаж байгаа зүйл үзэмжгүй бол бидэнд голох сэтгэл төрдөг ба энэ нь бидний сэтгэлд бас нөлөөлдөг. Ийм учраас бид өрөөндөө сэтгэлд таатай болгохын тулд тавиур эсвэл ширээгээ сайхан бүтээлгээр бүтээж, тахилын ширээ болгоод, дээр нь авралын орон болгож хамгийн энгийнээр бурханы зурсан, эсвэл цутгамал дүр тавьдаг.

Өглөө бүр өөрсдийгөө угааж цэвэрлэснийхээ дараа өрөөгөө цэвэрлээд, усан тахил тавина. Хэрэв нөхцөл боломж бүрдээгүй байвал заавал долоон тахил тавих шаардлагагүй. Нэг аяга цэвэр ус өргөсөн ч хангалттай. Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийг бид оролддоггүй. Хэрэв хүсвэл бид цэцэг, хүж, зул гэх мэт тахилуудыг бас тавьж болно. Гэвч энэ нь өөрөө шийдэх асуудал. Уламжлалын дагуу тайлбарладаг шиг бид бурхад их гэгээнтнүүдийг дүрслэлдээ урин залахад зориулж, сайхан орон газар бэлдэж байгаа төдийгүй, өөрсдөө ая тухтай баяр хөөртэй байх үүднээс өрөө тасалгаагаа ингэж бэлддэг. Энэ нь бидний сэтгэлд бясалгах, суралцах, сургаал ном сонсох таатай төлөв байдал бий болоход нөлөөлдөг.

Амьсгал дээрээ төвлөрөх

Олонтаа хийдэг заншил бол суухаасаа өмнө тахилын ширээн дээр залсан бурханы дүрд гурван удаа мөргөл хийдэг. Мөргөлөө цаанаа ямар ч сэтгэл байхгүй, зүгээр нэг биеийн хөдөлгөөн болгохгүйн үүднээс эхлээд сэтгэлээ зохистой төлөвт аваачих хэрэгтэй. Ингэхдээ амьсгал дээрээ төвлөрөөд, сэтгэлээ дахин шалгадаг. Бид суусныхаа дараа хоёр мөргөл хийдэг ч өмнө нь зогсож байхдаа бүгдийг нь хийвэл илүү сайн. Эхлээд бид сэтгэлээ тогтоогоод, хийж байсан зүйл, хийх гэж буй зүйл хоёрын хооронд хэсэг чөлөө авах хэрэгтэй. Сэтгэлдээ эерэг хандлага төрүүлэхийн өмнө сэтгэлээ тайван саармаг төлөвт авчрах хэрэгтэй. Ингэхдээ амьсгал дээрээ төвлөрөөд, өмнөө байгаа шал руу харцаараа алгуур төвлөрнө. Хэрэв сэтгэл үймэрсэн, хямарсан байгаа бол сэтгэлээ тайвшруулах үедээ нүдээ анихыг илүүд үзэж болох юм, гэвч аажмаар нүдээ нээхийг сайн арга гэж үздэг.

Хамраар амьсгалыг хэвийн авч, гаргана. Хэт хурдан эсвэл удаан, дэндүү гүн эсвэл сул байж болохгүй. Амьсгалыг удаан барьдаггүй. Гэхдээ амьсгалаа гаргаад, авахын өмнө бага зэрэг амсхийгээд амьсгалаа авдаг. Амьсгал тоолохдоо бид голдуу амьсгал гаргах, түр амсхийх, авах гэсэн дарааллыг нэг гэж тоолдог; гэвч энэ нь бага зэрэг төвөгтэй бол амьсгал авах, гаргах, амсхийх гэсэн дарааллыг нэг гэж тоолж бас болно. Уламжлалын дагуу бид ийм маягаар 11 хүртэл тоолоод, үүнийг хоёр эсвэл гурван удаа давтдаг.

Бид амьсгал тоолох энэ техникийг зөвхөн бидний сэтгэл их үймж, элдэв бодолд автсан үед хэрэглэдэг. Хэрэв сэтгэл их үймрээгүй, сарниагүй бол тоолох шаардлага байхгүй. Ердөө хамраар орж гарч байгаа амьсгалаа мэдэрч, түүн дээрээ төвлөрөхөд хангалттай. Эсвэл хэдэн үеийг тоолоод, дараа нь тоолохоо зогсоож бас болно. Ямарч байдлаар бид амьсгал дээрээ төвлөрч байсан тодорхой түвшний дотоод амирлалд хүртэл үргэлжлүүлдэг. Сэтгэл элдэв бодлоор үймсэн байвал сайн бясалгаж, сургаал номыг анхааралтай сонсож чадахгүй.

Сэдэл, зорилгоо шалгаж үзэх

Нэгэнт бидний сэтгэл харьцангуй тайван амгалан болсон үед яагаад бид бясалгал хийх, номонд суралцах эсвэл ном сургаал сонсох болсноо шалгаж үздэг. Өөрөөр хэлбэл Бурханы шашны ямар нэг зүйл хийх санаа, зорилго болох сэдлээ шалгах явдал юм. Энэ орой бид ердөө сэтгэлдээ ямар нэг тодорхой зорилгогүйгээр зүгээр явах зуршлаараа энд ирэв үү, эсвэл таатай нэг уур амьсгалд найз нөхөдтэйгөө уулзах олон нийтийн үйл ажиллагаанд ирэв үү? Эсвэл ямар нэг зүйл үнэхээр сурахаар ирэв үү? Ямар нэг сэтгэлгээний хувьд сонирхолтой зүйл мэдэхийг хүсч, эсвэл өдөр тутмын амьдралдаа хэрэгтэй зүйл сурахыг хүсч ирэв үү? Хэрэв энэ нь амьдралд хэрэгтэй зүйл юм бол ямар утгаар бидэнд хэрэгтэй юм бэ? Ямар үр дүнд хүргэдэг вэ? Энэ нь амьдралыг илүү хялбар болгодог уу? Бидэнд байгаа асуудлуудыг даван туулахын тулд уу? Эсвэл бусдад бага төвөг учруулж байхыг хүсэв үү, бусдад илүү их тус болохын тулд уу? Магадгүй эдгээрийн хэд хэд нь оролцсон байж болох юм.

Сургаал номоо үргэлжлүүлэн үзэж, судлах боломж бүхий эрдэнэт хүний төрөл дахин авахад нөлөөлөх зуршил суулгах үүднээс энэхүү Шантидэвагийн сургаалиа цааш үргэлжлүүлэн үзэхээр ирэв үү? Мөн дахин дахин зовлонт төрөл авахаас бүрэн чөлөөлөгдөхийн тулд энэ бүхнийг судалж байна уу? Бүр эсвэл үүнээс цааш бусдад зовлонт төрлүүдээс зайлсхийх эсвэл бүр чөлөөлөгдөхөд нь туслах зорилгоор энэхүү бодьсадвын явдлын тухай сургаалийг судлахыг хүсч байна уу? Эдгээр сүүлийн гурван зорилгын аль нэг нь биш байсан ч, наад зах нь энэ чиглэлд хандахыг хичээж байна уу?

Гэртээ Шантидэвагийн сургаалийг судлах, бясалгахын өмнө бид ингэж сэтгэлээ бас шинждэг. Хэрэв бидний сэдэл санаа номын дагуу биш, ердөө хийж зуршсан, эсвэл хийлгүй алгасах гэж байгаад болохгүй гэж бодох зэрэг сэдэл байвал сэдлээ засаж, илүү эрүүл, зөв тал руу нь хандуулах хэрэгтэй. Хэрэв аль хэдийн зөв сэдэл үүсгэсэн бол дахин батжуулдаг. Энэ явцыг баримтлах нь маш чухал. Учир нь ном сургаал, бясалгалд механик байдлаар оролцох нь амархан байдаг бөгөөд түүнээс хүртэх үр дүн нь ч маш бага байдаг.

Аврал одуулж, бодь сэтгэлээр мөргөлийг үйлдэх

Ингээд бид “аврал одуулж, бодь сэтгэл үүсгэдэг”. Энэ нь бид өөрсдийн зорилгоо дахин батлаад, амьдралын хамгийн аюулгүй, эерэг зүг рүү явахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн утгатай. “Аврал одуулах” гэдгийг ингэж ойлгож болно. Асуудал бэрхшээлүүдээс зайлсхийж, аюулгүй газарт очихыг хүсч байна гэж бодож, мэдрэхийг хичээдэг. Асуудал бэрхшээлтэй тулгарахыг хүсэхгүй байна. Үргэлж хэцүү нөхцөл байдалд байсаар халширч байна. Асуудлуудаас хөндий, эсвэл хол, эерэг зүг гэдэг юу гэсэн үг вэ? Бүх будилж, төөрөлдсөн байдлаас чөлөөлөгдсөн, бүх эерэг чанарууд бүрдсэн сэтгэл. Ингэж цэвэршиж хөгжсөн сэтгэлийг Бурханы ном гэдэг. Ийм сэтгэлд бүрэн хүрсэн, хэрхэн хүрэхийг үзүүлдэг тэдгээр хүмүүсийг гэгээрсэн хүмүүс (Будда гэх мэт) гэдэг. Ийм сэтгэлд тодорхой хэмжээгээр хүрсэн хүмүүс бас энэ замыг заадаг. Тэднийг хувраг гэдэг. Энэ зам мөрд би амьдралаа чиглүүлсэн. Аврал одуулах гэдэг нь амьдралын зүг чигээ илэрхийлж байгаа явдал.

Цаашилбал зөвхөн өөрийн тусын тулд биш бусдад бүрэн дүүрэн тусалж чадахын тулд энэ аюулгүй, эерэг зам мөрийг дагаж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд зам мөрийн тодорхой хэсгийг туулаад, сэтгэл ханахгүйгээр, буцахгүйгээр энэ зам мөрийг бүрэн туулж гэгээрэлд хүрэх хэрэгтэй.

Ингээд бусдад тусалж чадах энэ зам мөрд орж, улмаар тэдэнд бүх боломжоороо бүрэн туслах сэтгэлийн төлөв хандлагыг төрүүлээд, мөргөлөө хийнэ. Хэрэв үүнээс өмнө аль хэдийн суусан бөгөөд босохгүйгээр мөргөе гэж шийдвэл мөргөл хийж буйгаар дүрсэлж болно. Мөргөл нь зам мөрд өөрийгөө бүрэн оруулж байна гэсэн утгаар бид мөргөлийг хүндэтгэлтэй хийдэг. Энэ зам мөрд орсон хүмүүс, үүнтэй адил зам мөрд орж байгаа өөрсдийгөө болон өөрсдийн хүрсэн чадвараа хүндэтгэж хийдэг. Тийм учраас мөргөл нь өөрсдийгөө гэмтэй гэж үзэж байгаа үйл биш, өөрсдийгөө шүүмжилж буруутгаж буй биш, харин өргөж байгаа юм.

Энэ бол долоон гишүүнт бүтээлийн эхнийх нь: аврал одуулж бодь сэтгэлээр мөргөл үйлдэх. Хэрэв бид курсэд сууж байгаа бол энд хүрээд суудалдаа сууна.

Тахил

Дараагийн бүтээл бол тахил. Тахил тавих үед үүсгэх сэтгэл: Би энэ зам мөрд бүрэн орох төдийгүй, зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө, амьдрах хэв маягаа, цаг, хүчээ өгөхөд бэлэн байна. Бусдад илүү их туслахын тулд зам мөрд зүрх сэтгэлээ бүрэн өгөхөд бэлэн байна. Ийм сэтгэлээр бид тахил өргөдөг.

Бид ингэж ихэвчлэн дүрслэх байдлаар хийдэг боловч, хэрэв бясалгалынхаа өрөөнд бүтээлээ хийж байгаа бол тахилыг биечлэн бодитойгоор хийж болно. Мөргөлөө хийгээд, суухаасаа өмнө тахилын ширээнд байгаа аягатай тахилаас зүүн гарын ядам хуруугаар гурван удаа сэржим өргөх байдлаар өргөл өргөнө. Тахил нь Бурханд бэлэг сэлт өргөснөөр бидэнд туслана, хэрэв ямар нэг зүйл өргөхгүй бол биднийг хайхрахгүй гэсэн утгаар хийдэг зүйл биш. Харин өөрийнхөө орсон зам мөрд бүхнээ өргөдөг. Бид үүнийг бүхнээ өргөж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байж, хөөр баяртай сэтгэлээр тахил өргөхийг хичээдэг.

Хэрэв бид хүсвэл Шантидэвагийн бүтээлд дурьдсанчлан дэлгэрэнгүй тахил тавьж болно. Гэвч урт жагсаалт бүхий тахилын зүйл бүрийг гүйцээх шаардлагагүй боловч бүхий л сайхан зүйлсийг дүрсэлж болно. Хамгийн чухал нь бид өөрсдийгөө өргөж байна гэж санах. Энэ бол долоон гишүүнт бүтээлийн хоёр дахь бүтээл – тахил. Энэ үе шатаа хийсэн бол одоо суудлаа эзэлнэ.

Гэм алдаагаа хүлээх

Гурав дахь гишүүн бол өөрсдийн сул тал, асуудал бэрхшээлээ үнэнчээр хүлээн зөвшөөрөх. Бусдад хамгийн сайнаараа туслах бидний боломжийг сул тал маань бууруулж байгаа учир бид харамсдаг. Бид сул талуудаасаа салж, дахин давтахгүй байхаар шийддэг. Бусдад бүрэн тусалж чадах амьдралын мөн чанарыг үзүүлдэг аюулгүй зам мөрөөр дахин орж Шантидэвагийн сургаалиас суралцаж, бясалгаж, өөрсдийн алдаа гэмээ сулруулж байна хэмээн өөрсөддөө сануулдаг. Энэ гуравдугаар гишүүн маш чухал. Учир нь бидэнд асуудлууд байна гэдгийг хүлээн зөвшөөрсөнөөрөө бид энд ирсэн шалтгаан зорилгоо дахин баталдаг. Бид сурч мэдээд, тэднийг даван туулах аргуудыг бүтээх хэрэгтэй байна.

Даган баясах

Дөрөв дэх гишүүн нь даган баясах. Даган баясах нь өөрсдийн асуудал, алдаа бэрхшээлүүдийг анзаарсанаас үүсч болох, өөрийгөө доогуур үнэлэх байдлыг сөрөхөд тусалдаг. Бид өөрсдийн дутагдлыг сайн чанаруудтайгаа тэнцвэржүүлэх хэрэгтэй. Бид бүгдэд хийсэн сайн зүйлүүд сайн чанарууд байдаг. Жишээлбэл бид ямар ч байдлаар тусархаг, тэвчээртэй байх, бусдыг ойлгохыг хичээж байсан гэдгээ санаж даган баясдаг. Бид өөрсдийн бурханлаг чанаруудад бас баясдаг. Энэ нь биднийг хөгжүүлэх ёстой чадвар, чанарууд юм. Бидэнд боломжит суурь нь (бие сэтгэл) байна, найдлага байна. Бид бас бусдын сайн чанарууд, хийсэн эерэг зүйлүүдийг хараад, тэдгээр хүмүүст бас даган баясах хэрэгтэй, атаархалгүйгээр. Олонд маш их тустай, эерэг зүйл хийж байгаа олон бүтээлч бясалгагчид байгаа нь их гайхалтай сайхан. Энэ нь бидний Номын багш нар төдийгүй Шантидэва болон бусад гэгээнтнүүдийг хамардаг. Жишээлбэл Шантидэва энэ сургаалиа туурвисан нь ямар гайхалтай хэрэг вэ, үүнд даган баясъя гэх мэт. Энэ бол маш чухал сэтгэлийн төлөв юм.

Сургааль ном хүртэхийг хүсэх

Шантидэвад энэ бүтээлээ туурвисанд нь талархаж, бусад их бүтээлчдийн эрдмүүдэд даган баяссаны дараа бид тав дахь гишүүн болох сургаал ном хүртэхийг хүсэхэд бэлэн болдог. Шантидэва гэгээнтэн энэ бүтээлийг туурвисан нь гайхалтай гэж бодоод, түүнээс энэ сургаалиасаа заахыг хүсдэг. Энэ хүсэлт нь сургаалиас сонссон, уншсан зүйлүүдээсээ боломжгүй гэж үзсэн зүйлүүдээ, жишээлбэл Гитлерийн харгислалын тохиолдолд тэвчээрийн тухай сургааль хэрхэн үнэн байж болох тухай гэх мэтийг онцлох хандлагыг сөрдөг. Сургааль ном хүчин төгөлдөр эсэхийг нягталж үзэх нь чухал боловч, тэд бидний өдөр тутмын амьдралд сургаалиа хэрхэн хэрэглэх, хэрхэн ашиглах байсан талаар бодож үзэх хэрэгтэй. Нэгэнт бид тэдгээрийг амьдралд хэрхэн ашиглахаа ойлгож үнэ цэнийг нь мэдсэний дараа, өөр боломжгүй онцгой тохиолдлуудын талаар бодож үзэж болох юм. Тэгээд бид Гитлерийн гэх мэт ноцтой жишээнүүд дээр тэвчээрийн тухай сургаалиудыг үнэхээр огт тохирохгүй тохиолдолууд, эсвэл сургаалийг гүнзгий түвшинд хэрэглэх тохиолдолууд мөн эсэх талаар дүн шинжилгээ хийж болно. Шинэ сургааль ном сонсоход “гэвч” гэсэн хандлага юуны түрүүнд төрдөг. Энэ нь ямар нэг зүйлийг мэдье гэсэн нээлттэй хандлагыг эрс сөрдөг хор уршигтай. Тиймээс сургаал номонд “зааж сургаач” гэсэн хандлагаар хандах нь чухал. Ийм хандлагаар бид эхлээд уншсан, сонссон зүйлсээ хэрхэн ашиглаж болохыг харахыг оролддог. Шантидэвагийн сургаальд гарч буй бүх зүйлийг хувь хүний хувиар бидний гэр, ажлын газар, гэр бүл, найз нөхдийн дунд ашиглаж болох амьдралд ойрхон сургаалиар авч үздэг.

Хэрэв бид долоон гишүүнт бэлтгэл бүтээлийг бясалгалын өмнө хийж байгаа бол бясалгалаараа илүү их үр дүнд хүрье гэсэн утгаар багш нар болон сургаал номоор бидэнд илүү ихийг зааж сургах хүсэлт гаргадаг. Тэдний заасан зүйлээс илүү их ойлголт, эрдэм, билэг ухаан бидэнд төрөхийн тулд адислахыг хүсдэг.

Багш нарын өлмий бат орших тухай залбирах

Дараагийн гишүүн багш нарын өлмий бат орших тухай залбирал. Залбирахдаа бид зогсолтгүй, үргэлжид сургаал номоо айлдаж байхыг хүсдэг. Бид багшдаа дасаж, уягдсан учраас ингэж хүсч байгаа бус. Бид бүтээл номондоо чин сэтгэлтэй, нухацтай байгаагаа илэрхийлж байгаа юм. “Бусдад тусалж чадахын тулд, гэгээрэлд хүрэх бүх зам мөрийг туулахыг хүсч байна. Тиймээс өнө удаан саатаарай. Бид их зүйл сурах ёстой” хэмээн хүсэмжилдэг. Бид сургааль бичвэрүүдэд хандаж, жишээлбэл Шантидэва болон түүний бүтээлд сургаалийг улам улам ойлгож, илүү их ахиц гаргаж, бид болон бусдыг гэгээрэлд хүрэх хүртэл саатан оршиж, сургахыг хүсэмжилдэг.

Зориулга

Сүүлийн долоо дахь гишүүн нь зориулга. Өөрсдийн сурсан, ойлгосон бүхэн гэгээрэлд хүрч, хамаг амьтанд тус хүргэх шалтгаан болох болтугай гэж бид боддог. Миний ойлголт улам гүнзгийрч, улмаар түүнийгээ гэгээрэлд хүрэх зам мөрдөө ашиглах, мөн сурсан зүйлээ өдөр дутмын амьдралдаа ашиглаж чадсанаар бусадтай харилцах харилцаандаа өөрчлөлт гаргаж, тэднийг илүү их баяр баясгалантай болгох болтугай хэмээн зориулдаг.

Долоон гишүүнт соёрхол залбирал (Шантидэва)

Хэрэв бид хүсвэл Шантидэва Гэгээний долоон гишүүнт соёрхол залбиралыг уншиж болно. Залбирлын эхэнд бид сэдэл засах ерөөл уншиж, төгсгөлд нь мандал өргөдөг.

Бурхан, Ном, Хуврагийн чуулганд, бодийн хутгийг хүртэх авралыг айлтгая. Аяа миний үйлдсэн өглөг тэргүүтэн буяны чуулганаар, амьтныг нигүүлсэх Бурхан бүтэх болтугай.
Арван зүгийн газар дэлхий бүхнээ, арсайх чулуул хайрга үгүй болоод, алганы толио адил тэгшхэн оршоод, агуу биндэръяа чанарт зөөлөн болох болтугай.

Хүний хийгээд тэнгэрийн өргөсөн, нд ахуй хийгээд сэтгэлээр бүтээсэн тахилууд, Самантабадрагийн өргөсөн дээдийн тахилын үүлс адил, огторгуй даяар дүүрэн болох болтугай.
(1) Алин хамаг гурван цагийн бурхад, авралт ном ба чуулганы дээдэст, алин хотол орны тоосны тоогоор, алд биеэрээ мөргөж сөгдмү би.
(2) Манзушир тэргүүтэн бодьсадва нар хэрхэн, магад бурхадыг тахин зохиосон адил, миний бие тэрчлэн залрагсад болоод, машид итгэлт бодьсадва сэлтийг тахисугай.
(3) Тэргүүлшгүй цагаас сансар дор, энэ хийгээд бусад төрөл тутамд, үл ухаж өөрөө үйлдсэн нүгэл буюу, өрөөл бусдаар үйлдүүлсэн нүгэл ба эргүү мунхагт дарагдсан би бээр, элдэв нүгэлд даган баяссан зэрэг, элдвийн гэм тэднийгээ ухаж мэдээд, энэрэлт танаа зүрхний мухраас наминчилму.
(4) Хамаг амьтныг амгаланд байгуулах, ханьцашгүй бодь сэтгэлийн далай буян хийгээд, хамаг амьтны тусыг бүтээх буянаа, харьшгүй баясгалангаар даган баясму.
(5) Арван зүгийн бурхад танаа, алгаан хавсран айлтгах нь, балай мунхагийн харанхуйд төөрөгсдөд, буянт номын зулыг бадруулан соёрх оо.
(6) Арилсан нирвааныг таалагч бурхад дор, алгаан хавсран айлтгах нь, алив амьтныг мунхагийн харанхуйд үл төөрүүлэн, амлаж тоолшгүй галавт ч ажран соёрх оо.
(7) Тэр адилаар энэ бүхнийг үйлдэж, тийнхүү миний хураасан буян, түүгээр хамаг амьтан бүхний, тэсэшгүй зовлон бүхэн амирлах болтугай.
Газар дэлхийг хүж цэцэгсээр жигдлээд, сүмбэр уул, дөрвөн тивийг нар сараар чимэглэсэн үүнийг, бурханы оронд зорин өргөснөөр, хамаг амьтан бүгд энэ ариун орныг эдлэх болтугай.

ИДАМ ГҮРҮ РАДНА МАНДАЛАКАМ НИРЯТАЯМИ. 

Долоон гишүүнээр ингэж сэтгэлийн тодорхой төлөв байдлыг бий болгосноор бид бясалгах сургаалиа эхлэхэд бараг бэлэн болдог. Гэвч бид ном сонсох, үзэж судлах, бясалгахдаа анхаарлаа сайн төвлөрүүлнэ гэсэн шийдвэрийг ухамсартайгаар хийх нь их чухал байдаг. Хэрэв анхаарал сарнивал буцааж авчрах, нойрмогловол өөрийгөө сэргээх ёстой гэж шийдэх нь төвлөрөх илүү сайн нөхцөл болдог.

Ингээд сүүлд нь бид өөрсдийн анхааралдаа энергийн нарийн тохиргоо хийдэг. Нойрмог бүүдгэр байгаа тохиолдолд эрч хүчээ нэмэгдүүлж, өөрсдийгөө сэргээх хэрэгтэй. Ингэхдээ Дүйнхорын бүтээлд дурьдсанчлан толгойг өндийлгөлгүйгээр нүдээрээ дээш харж, хоёр хөмсөгний хоорондох цэг дээр төвлөрнө. Харин сэтгэл зовниж, түгшсэнээс сарнисан байвал сэтгэлийг тогтоож, тайвшруулах хэрэгтэй. Ингэхдээ толгой цэх байдлаар нүдээрээ доош харж, хүйснээс бага зэрэг доогуур биеийн төв хэсэгт төвлөрдөг. Амьсгалаа хэвийн аваад, гаргах шаардлагатай болтол амьсгалаа барина.

Үүгээр ном сонсох, бясалгах, өөрөө үзэж судлахын өмнө хийх бэлтгэл, бүтээл бүрдэж байгаа юм. Шантидэва гэгээнтэн өөрөө энэхүү долоон гишүүнт бэлтгэлийн ач тус, хийх зайлшгүй шаардлагыг онцолсон байдаг ба миний уулзаж байсан бүх Төвдийн Бурханы шашны бүтээлчид бас тус бүтээлийг өдөр тутмын бясалгал бүтээлийн үндэс гэж үзэж байсан. Бид энэ бэлтгэл бүтээлийг Шантидэвагийн бичсэн дээрх бадгууд шиг ерөөлүүдийг дуудан унших эсвэл ямар нэг ерөөл уншилгүйгээр өөрсдийн үгээр хэлэх, эсвэл сэтгэлдээ бодох байдлаар хийж болно. Хамгийн чухал нь долоон гишүүн тус бүрийн утгыг санах явдал. Сэтгэлд ямар нэг зүйл санаж мэдрэх нь сэтгэлийг бясалгал хийх, ном үзэж судлахад тохиромжтой төвлөрсөн байдалд аваачдаг.

Энэхүү бэлтгэл бүтээлийн дараа хийх үндсэн бясалгалын хувьд бид амьсгал дээрээ, эсвэл бодь мөрийн зэргийн (ламрим) аль нэг сэдэв дээр, эсвэл Шантидэвагийн зарим мөртүүд дээр төвлөрч болно. Бэлтгэл бүтээл нь бид үндсэн бясалгалдаа юу сонгосоноос үл хамааран, сэтгэлд аливааг бүрэн дүүрэн хүлээж авах боломжийг олгодог. Бид бэлтгэл үйлийг дангаар нь хийхээр ч сонгож болох юм. Тэдгээр гишүүнүүдэд нь үнэхээр маш сайн бүтээл болдог. Бэлтгэл бүтээлд зарцуулах хугацаа өөр өөр байж болно. Хурдан ч хийж болно, удаан ч байж болно. Гол нь тэднийг зүгээр нэг хоосон зан үйл болгож болохгүй. Утгыг нь сэтгэлдээ бодож, үе шат бүрийг чин сэтгэлээрээ мэдрэхийг хичээх хэрэгтэй.

Top