Шар малгайтны ёсны гарал

02:44

Ландарма хааны үед Бурханы шашныг хүчтэй хавчин дарсан байдаг. Зарим эх сурвалжид энэ үйл явдал 836 – 842 оны хооронд болсон гэж тэмдэглэгдсэн бол зарим нь 901 – 907 оны хооронд болсон гэж тэмдэглэдэг. Мар Шакяа (dMar Sha-kya), Ёо Гэжүн (g.Yo dGe-‘byung), Цан Рабсэл (gTsang Rab-gsal) гэсэн гурван ламаас бусад бүх лам нарын заримыг хороож, заримыг хүчээр сахилыг нь өргүүлж байв. Дээрх гурван лам Төвөдийн баруун нутгаар дамжин Зүүн Туркестаны (Шиньжян) Кашгарын Хар Ханы улсад түр хорогдож байгаад Данхуан, Гансуд ирснэээр хавчлагаас зайлсхийж чадав.

Цэнжаб Сэркон Ринбүүчи
Цэнжаб Сэркон Ринбүүчи

Зарим монгол эх сурвалжид тэд Киргиз нарын захирч байсан Монголоор дамжин Сибирт, Байгаль нуурын зүүн эрэгт хүрч ирсэн гэж тэмдэглэсэн байдаг. Тэнд тэд Чингэс хааны тав дахь үеийн өвөг, Монгол хаан Борти Чинэйн ач хүү Хорца Мэргэнд сургаал айлдаж, авшиг хүртээв. Бусад эх сурвалжид тэд Амдогийн хойд хэсгээс Өвөр Монгол хүртэлх бүс нутгаар нутаглаж байсан Бурханы шашинт Тангадын Миняг улсад суух болсон гэж тэмдэглэсэн бол бусад эх сурвалжид тэдний анх суурьшсан газар нь тухайн үеийн Цонка улсын нэг хэсэг байсан гэж гардаг. Хойд Амдогийн Марцан хийд тэдний сууж байсан агуйн ойролцоо баригдсан.

Сэркон Доржэчан
Сэркон Доржэчан

Ингээд хэдэн жил өнгөрсний дараа дээрх гурван лам Төвөдийн зүүн өмнөд хэсгийн Кам нутагт ирж Дэнтигшэлд суух болов. Нутгийн нэг иргэн хуврагийн сахил хүртэх хүсэлт ирүүлэхэд тэд түүнд рабжун сахил хүртээж тэрээр Гэва-рабсэл сахилын нэртэй болов. Гэлэн сахилыг таван хувраг хүртээдэг уламжлалтай тул тэд түүнд зөвхөн рабжун сахил хүртээж чадсан.

Тэр үед Ландарма хааныг хороосон Лхалун Пэлгэй-доржэ лам Лонгтанд зугтан ирсэн байв. Түүнээс сахил хүртээхэд туслахыг хүссэн боловч тэрээр энэхүү үүрэгт тохирохгүй хэмээн татгалзаад өөр лам олоход нь туслахаар амлав. Тэрээр Кибан, Гибан гэх хоёр хятад ламтай уулзаж тэднийг гэлэнгийн сахил хүртээх ламын тоог гүйцээхээр илгээв. Ийнхүү Цан Рабсэл хамба ламын үүргийг гүйцэтгэн тэрхүү нутгийн иргэн гэлэнгийн сахил хүртэж, Гонпа-рабсэл сахилын нэртэй болов. Хожим нь хүмүүс түүнд Лачэн (Эрхэм дээд) цолыг хүртээв.

Төвөдийн Юү болон Цан нутгийн хүмүүс Кам нутгийн лам нарын талаар сонсох болов. Лүмэй Цүлтрим-шэраб гэлэн сахил хүртэх хүсэлтэй арван залуу хүнийг тэргүүлэн ирэв. Энэ үйл явдал Ландарма хаанаас хойш 53, 70 жилийн дараа болсон. Тэд Цан Рабсэлийг хамба ламын үүргийг дахин гүйцэтгэхийг хүссэн боловч тэрээр өндөр настай хэмээн татгалзав. Тэд Гонпа-рабсэлд хүсэлт тавихад тэрээр гэлэн сахил хүртээд ердөө таван жил болж байна хэмээн мөн татгалзав. Судар бичгүүдэд тэмдэглэгдсэнээр сахил сахиж буй жилийн доод хязгаар нь арван жил байна. Гэвч Цан Рабсэл түүнд хамба ламын үүргийг тусгайлан хүлээлгэснээр тэдгээр арван залуу гэлэн сахил хүртэх болов.

Лүмэй хийдийн ёс жаягт суралцан тэндээ нэг жил өнгөрүүлсэн бол үлдсэн ес нь нутаг буцсан байна. Лүмэйг буцахын өмнө Гонпа-рабсэл түүнд өөрийн Бон ёсны малгайг шараар будуулж өгөөд өөрийн сурсан зүйл, бүтээлийн санан өмсөж байхыг захив. Лүмэй нутагтаа ирж хэд хэдэн хийд байгуулав. Бурханы шашны хожмын дэлгэрэлт тэр дундаа хуврагийн сахилын уламжлал ийнхүү түүнтэй холбогдох болов.

Хэдэн зууны дараагаар хийдийн ёс жаяг Төвөдөд дахин доройтох болов. Богд Зонхов (rJe Tsong-kha-pa Blo-bzang grags-pa) (1357-1419) түүнд дахин шинэчлэл хийн Гаадамба (bKa’-gdams gsar-pa) буюу Гэлүг (dGe-lugs) ёсыг үндэслэв. Тэрээр өөрийн шавь нартаа шар малгай өмсөж байхыг зөвлөн тэр нь өмнө нь Лүмэйн хийж байсны адил Төвөдийн сүм хийдүүдэд хуврагийн цэвэр ариун сахилын уламжлалыг эргүүлэн авчрах бэлэг тэмдэг болог хэмээн айлтгаж байлаа. Ийнхүү Гэлүг ёс нь мөн Шар малгайтны ёс хэмээн нэрлэгдэх болов.

Дээрхийн гэгээн XIV Далай лам
Дээрхийн гэгээн XIV Далай лам

Улаан малгайг Энэтхэгийн Бурханы шашны Наланда хийдийн бандида нарын өмсдөг байсан ёсны дагуу Төвөдийн эртний бусад Бурханы шашны уламжлалууд өмсөж байжээ. 

Атиша гэгээн
Атиша гэгээн

Top