Ертөнцийн найман ном ба баримтлах үзэл нь

Ертөнцийн найман ном

Бидний сэтгэлээр туулж эдлэх зүйлс, мэдрэмжүүдээс гадна бидний амьдралын агуулга гэж байна. Энэ нь бас адил: бид тэр бүхнийг том зүйл болгохгүй байх хэрэгтэй. Бурханы шашны сургаалуудад бүх зүйл үргэлж өгсөж уруудах хөдөлгөөнд байдаг гэсэн тэр зарчмыг баримталсан “ертөнцийн найман зовнил” буюу “ертөнцийн найман ном” гэж нэрлэгддэг амьдралд байх түр зуурын мөн чанартай найман зүйлийг багтаасан нэгэн жагсаалтыг онцлон тэмдэглэсэн байдаг.  

Олзтой ба олзгүй

Заримдаа бид олзтой, заримдаа үгүй. Санхүүгийн хувьд бид заримдаа ашиг олж, заримдаа алдагдал хүлээнэ. Заримдаа бид ямар нэг зүйл худалдан авах ба энэ нь маш сайн хэрэг (энэ бол олз), гэвч заримдаа тэр нь эвдрэх нь хурдан (энэ бол олзгүй). Энэ бүхэнд мөн л онцгой зүйл юу ч үгүй. Энэ нь хөзөр тоглохтой эсвэл хүүхдийн тоглоомтой адил; заримдаа бид хожиж, заримдаа хожигдоно. Өөр юу гэх вэ дээ? Онцгой зүйл ердөө биш.

Үнэндээ бид хожигдох үедээ уйлж, “Би хожих байсан юм!” гэх хүүхэд шиг байхгүй байхыг өөртөө сануулах хэрэгтэй. Та яагаад үргэлж хожих ёстой гэж? Энэ нь хүн бүхэн танд сайн байна гэж найдахтай адил. Бурханы шашинд нэг хэллэг байдаг, “Бурхан багшид хүн бүхэн дуртай байгаагүй, иймд бид өөртөө юу хүлээх билээ – хүн бүхэн бидэнд дуртай байна гэж үү?” Мэдээж үгүй. Хүн бүр бидний Нүүр номын хуудаст дуртай байгаагаа илэрхийлэхгүй. Заримд нь бид ердөө таалагдахгүй. Тэгээд яах билээ? Энэ бол хэвийн зүйл. 

Ямагт олзтой эсвэл олзгүй байна. Хэн нэгэнтэй харилцаа тогтоосноор улмаар тэр нь эцэслэнэ. Бид өмнө нь цонхон дээр ирж суух шувууны тухай жишээ авч байсан, тэр ердөө хэсэг хугацаанд ирсэн, тэр чөлөөтэй учраас нисэж одно. Энэ нь аливаа нэг харилцаанд бас адил. Хэдий та “Намайг битгий орхи, би чамгүйгээр амьдарч чадахгүй” гэсэн ч, хэдий та бүхэн насан туршдаа хамтд амьдарсан ч нэг нь түрүүлж нас эцэслэх нь гарцаагүй. Бид найзтай болно, найзаа алдана, үүнд онцгой зүйл юу ч үгүй. Амьдрал ийм л байдаг. Гэвч энэ нь найз нөхөдтэй болох үед баярлаж, алдах үед гуниглахгүй гэсэн үг биш – ямар ч сэтгэл төрөхгүй байх нь “юу ч хамаагүй” гэх хандлага байж болох бөгөөд энэ бол “онцгой зүйл юу ч үгүй” гэхтэй ердөө адил биш – бид хоёр туйл руу хазайдаггүй, бид тэдгээрийг том асуудал болгодоггүй. 

Өөрсдийгөө мөн олзтой, олзгүйд бид хэрхэн хандаж байгааг харах сонирхолтой байдаг. Жишээ болгож би өөрийгөө үргэлж хардаг, учир нь би цахим хуудсандаа нэлээд сэтгэл автдаг ба тэр нь өдрийн турш миний бодол, үйл ажиллагааг нэлээд үгүй их эзэмддэг. Бидэнд статистикийн програм байх бөгөөд өдөрт хэдэн хүн уншиж байгааг бид мэднэ. Хэрэв тоо нь нэмэгдвэл үнэхээр сайхан байх ба хэрэв тодорхой тоонд эсвэл миний бодсонд хүрэхгүй бол тийм сайхан биш. Энэ бол олзтой бас олзгүй байгаа хэрэг.

Нэг талаараа би баяр баяслыг нэлээн доогуур түвшинд мэдэрдэг. Энэ нь тийм эрс огцом зүйл байдаггүй. Хэдэн долоон хоногийн өмнө нэг өдөр 6000 зочин хандсан, энэ бол “Хөөх, 6000, энэ бол үнэхээр их!” гэмээр зүйл боловч түүнээс авах баяр баясал нь маш бага. Энэ тийм сүртэй хэрэг байгаагүй, үнэндээ яагаа ч үгүй. Сэтгэлд “Яах вэ, сайн л байна. Өөр шинэ зүйл юу байна?” гэж бодогдож байв. Харин өөр нэг өдөр 4500 зочин болж буурахад би бага зэрэг урамгүй “Өнөөдөр тийм их олон хүн хандсангүй” гэнэ. Гэвч илүү анзаарагдахуйц санагддаг нэг зүйл нь статистикийг цаг үргэлж харахыг хүсэх нэг би-д барих сэтгэл байдгийг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бурханы шашинд энэхүү өөрт эзлэгдэх сэтгэл нь сэтгэл бусад зүйлд эзлэгдэхээс илүү хүчтэй байдаг гэж үздэг ба учир нь “би”-гийн талаарх бодол үнэхээр ая зөндөө гарч байдаг. Энэ нь өөрийг гайхалтай эсвэл мундаг эсвэл хэн ч намайг хайрладаггүй гэх мэтээр бодох байдлаар бодитой илрэх албагүй боловч ийм бодол үргэлж тэр бүхний цаана байж байдаг. 

Та бүхэн бүгд өөр өөрийн жишээг бодож үзэж болно, магадгүй Нүүр ном эсвэл мессежтэй холбоотойгоор. Өнөөдөр надад хэдэн мессеж ирэв? Хэн миний нийтэлсэн зүйлд дуртай байгаагаа илэрхийлэв? Ямар нэг зүйл ирсэн эсэхийг шалгах гэж бид Нүүр ном эсвэл гар утсаа хэр байнга шалгадаг вэ? Өмнө нь интернет гэх зүйл байгаагүй ч хүмүүс шуудан зөөгчөөс үүнтэй адил зүйлийг асуудаг байсан. “Өнөөдөр надад захиа ирсэн үү?” Захиа байхгүй байвал: “Бүгд надад дургүй юм байна” гэдэг. Эсвэл тэдгээр нь ердөө зар сурталчилгаа байх бөгөөд бид тэдгээрийг хүсдэггүй. “Онцгой зүйл юу ч үгүй” гэсэн энэ хандлага бидэнд сэтгэл хөдлөлийн хувьд хэт хөөрөх, сэтгэлээр хэт унахгүй байхад тусална. Учир нь бид юу ч болж байсан сэтгэл хөдлөлийн хувьд илүү тэнцвэртэй болдог. Харин хэцүү зүйл нь юу ирсэн эсэхийг үргэлж үзэж, шалгахад автах тэрхүү сэтгэлийг даван туулах явдал байна. 

Хандлагыг өөрчлөх нь удаан явагдах, урт хугацааны үйл явц. Юмс хурдан бус алгуур өөрчлөгддөг. “Би компьютер, гар утасныхаа боол болсон байна, учир нь би үргэлж тэднийг харж байх хэрэгтэй болдог. Би үргэлж хэдэн хүн хандсаныг шалгах хэрэгтэй болно. Яагаад би боол мэт болчхов?” гэх байдлаар өөрийгөө илүү бодитойгоор харж эхлэх үед их сонирхолтой байдаг. Метронд явж байгаа бүх хүмүүс, тэдний хэчнээн нь гартаа гар утастайгаа явж байгааг харъя. Яагаад? Үүнд “Би ямар нэг зүйлээс дутахыг хүсэхгүй байна” гэсэн сэтгэхүй бүхий өөрийг эрхэмлэх сэтгэл, өөрт итгэлгүй байх байдал байдаг. Яагаад? Юу тийм үнэхээр чухал юм бэ? Зарим зүйл нь чухал байж болно, юу ч чухал биш гэж бид хэлэхгүй боловч бид байнга бусадтай холбоотой, байнга интернетэд байхын ач холбогдлыг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ бүхнийг өөрийн сэтгэл хөдлөлийг тэнцвэртэй байлгах үүднээс шинжилж үзвэл их сайн. 

Тэгэхээр бид заримдаа ялж, заримдаа хожигдоно. Энэ бол нэг хос.

Амгалан ба амгалан бус

Хоёр дахь хос нь юмс заримдаа сайн явагдаж, заримдаа муу байдаг явдал байна. Бид үүнийг олон түвшинд ойлгож болох ба хариулт нь үүнд “онцгой зүйл юу үгүй.” Нэг өдөр маш сайн, дараагийн өдөр нь дүүрэн саадтай, хүмүүс биднийг хэцүү байдалд оруулан, бүх зүйл буруугаар эргэж байгаа мэт санагдана. Энэ бол энгийн зүйл. Өглөө эрч хүч сайн байх боловч үдээш хойш маш муудна. Заримдаа эрүүл мэнд сайн, заримдаа ханиад томуу хүрч болно. Онцгой зүйл ердөө үгүй.    

Магтаал ба муушаал

Дараагийн хос нь магтаал болон шүүмжлэлийг авч үзнэ. Зарим хүмүүс бидний магтаж, зарим нь муушаана. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Хүн бүр Бурхан багшийг сайшааж байгаагүй; зарим хүмүүс, ялангуяа түүний үеэл түүнийг маш их шүүмжилдэг байсан. Ийм байхад бид яагаад хүн бүр биднийг магтана хэмээн хүлээнэ гэж?

Би өөрийн жишээг бас дахин авъя. Би вэб хуудасныхаа талаар олон имэйл хүлээн авдаг бөгөөд ихэнх нь вэб хуудас тэдэнд их тустай байсан талаар бичсэн байдаг, үе үе шүүмжлэл ирнэ. Мэдээж магтаалыг давж гарахад хялбар байна; шүүмжлэл нь сэтгэлийг илүү их үймүүлж болно. 

Магтаалын хувьд, би бол үнэхээр мундаг гэж бодох эсвэл эсрэгээр “Би үүнийг хүртэх эрх байхгүй. Хэрэв тэд миний жинхэнэ би-г мэдэх юм бол тэд надад сайн байхгүй нь лавтай” гэх хоёр туйлыг баримтлахгүй байх хэрэгтэй. Магтаалыг авч явахад илүү хялбар байна. Тэгвэл шүүмжлэл яагаад тийм их хэцүү байдаг вэ? Учир нь бид өөрийгөө эрхэмлэдэг. Хандлагын сургаалаар бид өөрсдөөсөө илүү бусад руу анхаарал хандуулах ба бидний хийсэн зүйл л тэд биднийг шүүмжлэхэд хүргэсэн гэж боддог. Хэрэв бид ямар нэг зүйл хийж чадах бол энэ нь ердөө нэг уучлал гуйх байсан ч “Энэ танд хэцүү байдал үүсгэсэн байх гэж би бодож байна. Үнэхээр уучлаарай, санаатай тэгээгүй юм шүү” гэх мэтээр тухайн зүйлийг хийх хэрэгтэй. Яваандаа бид өөрийг эрхэмлэх сэтгэлийг бусдыг эрхэмлэх сэтгэл болгон өөрчилж чадна. 

Үүнийг бид бусадтай харилцах өдөр тутмын, ердийн харилцаанд хэрэгжүүлж болно. Заримдаа тэд бидэнд сайн байх боловч, заримдаа үгүй. Хүмүүс бидэнд сайн хандаж байгаа үед энэ их амар байна. Гэтэл харилцахад ердөө хэцүү, биднийг үргэлж шүүмжилж эсвэл бидэнд сөрөг хандлагатай байдаг зарим хүмүүс бидний амьдралд байдаг. Тэдэнд хандах бидний хандлага ямар байдаг вэ? Бид тэднийг ердөө маш хэцүү, тааламжгүй хүн гэж хардаг уу? Эсвэл тэднийг маш зовж байгаа хүн гэж хардаг уу? Та бүхний амьдралд бүгдэд чинь ийм хүн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэд тань руу утасдаж эсвэл уулзаж, өдрийн хоол идэхийг хүсэх ба энэ уулзалт 100% тэдний тухай яриа, гомдол болно гэдгийг та мэдэж байдаг. Та “Дахиад л нөгөөдөх чинь” гэж бодож болно. Гэвч та үргэлж завгүй гэж хэлж болохгүй! 

Хэрэв бидний хандлага тэдэнтэй хамт байж, тэдний гомдоллохыг сонсох өөрт хэчнээн хэцүү байх талаар бодох явдал байвал бид өөрийн энэ үзлийг өөрчилж болно: тэд үнэндээ маш их зовлонтой, бас ганцаардсан байгаа учраас цаг үргэлж гомдоллож байна гэж бодож болно. Хэн ч тэдэнтэй хамт байхыг хүсдэггүй учраас хүмүүс ихэвчлэн гомдоллож байдаг. Иймд хэрэв бид тэдэнтэй цагийг өнгөрүүлэх хэрэгтэй болбол бид илүү тэдний асуудлыг ойлгож болно. Бид “би” гэсэн үүднээс бус тэдний үүднээс энэ бүхнийг бодож байгаа учир энэ нь тийм их таагүй зүйл биш байна.

Нэр алдартай ба нэр алдаргүй

Дөрөв дэх хос нь сайн, муу мэдээ сонсох. Энэ нь өмнөхтэй адил: бүх зүйл үргэлж өгсөж, уруудаж байна. Мэдээж эдгээр дөрвөн хос бие биетэйгээ давхцаж болох ба “онцгой зүйл юу ч үгүй” гэдэг зарчим нь найман зүйл тус бүрд хамаарна. Сайн, муу аль аль мэдээг сонсоход онцгой зүйл юу ч үгүй, энэ бол хүн бүхний амьдралд тохиолддог зүйл. 

Тэгвэл ийм төрлийн сургаалыг эсэргүүцдэг хэсэг байх ба тэд хэрэв ийм сайн, муу зүйл байхгүй бол амьдралыг үнэндээ мэдрэхгүй учраас сэтгэл хөдлөлийн эргүүлэг (галзуу хулгана –тоглоом) байх нь сайн гэдэг. Гэвч бид үүнийг бидэнд тус болох хандлага мөн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. 

Юуны өмнө, бид сэтгэл хөдлөлийн эргүүлэгт байсан ч байгаагүй ч бид амьдралыг мэдэрсээр л байна. Энэ бол тийм ухаалаг няцаалт биш. Тэгвэл сэтгэл хөдлөлийн эргүүлэгт байх үед юу болдог вэ? Бид сэтгэл хөдлөлд автсан байдаг учраас үнэндээ бодитоор сэтгэж чаддаггүй. Хэрэв бид илүү тайван байвал амьдрал тийм эрс ширүүн байхгүй, бид нөхцөл байдлуудыг илүү сайн аргаар шийдвэрлэж чадна. Хэрэв та тодорхой сайн бодож чадахгүй, уурласан байвал та дараа нь харамсах зүйлүүдийг хэлнэ. Сэтгэл хөдлөлийн хувьд тэнцвэртэй байх гэдэг нь бид ийм зүйлүүдийг хийхгүй гэсэн үг. Мөн хүн бүр баяр жаргал хүсдэг гэдгийн хувьд энэ төрлийн тайван, амгалан баяр баясал нь “баярлан хашхирах” төрлийн баяр жаргалаас илүү тогтвортой байдаг.

“Онцгой зүйл үгүй” гэж үзэх суурь үзэл баримтлал  

Бидний ярилцаж байгаа тус хандлагын суурь буюу үзэл баримтлалын үндэслэлийг авч үзье. Үүний тулд бид атхаг буюу төсөөлөх ойлголт гэдгийг мэдэх нь чухал. Атхаг (төсөөлөх ойлголт) гэж юу вэ? Төсөөлөх ойлголт гэдэг нь юмсыг ерөнхий шинж чанар, айгаар, тухайлбал, “ямар нэг онцгой зүйл” гэх мэтээр үзэх эсвэл мэдэрч туулахыг хэлнэ. Энэ нь сэтгэлийн нэг хайрцаг мэт зүйл байх бөгөөд бид ямар нэг зүйл туулж мэдрэх үед түүнийг “онцгой зүйл” гэх хайрцагт хийх явдал юм. 

Энэ нь бидэнд цаг үргэлж тохиолдож ба учир нь энэ бол бидний юмсыг хэрхэн ойлгож, боловсруулдаг тэр явц. “Эмэгтэй хүн” гэсэн сэтгэлийн хайрцаг байна. Би нэг хүнийг хараад түүнийг “эмэгтэй хүн” гэсэн хайрцагт хийнэ. Үүний адил бид өөрийн туулж эдэлж байгаа олон зүйлийг өөр өөр сэтгэлийн хайрцагт хийнэ. Жишээ нь “эрэгтэй” эсвэл “эмэгтэй” гэсэн хайрцагт хийж байгаа тухайн хүнийг бид бас “залуу хүн” эсвэл “настай хүн” эсвэл “шаргал үстэй” эсвэл “бараан үстэй” гэсэн хайрцагт хийж болно. Үнэхээр олон төрлийн хайрцаг байна. 

Бодит байдал дээр юмс хайрцагт оршдоггүй. Энэ нь мэдээж илэрхий мэт санагдаж байж болох ч үүнийг ойлгож, ухаарахад үнэхээр маш хэцүү зүйл байсаар байна. Жишээ нь бид хэн нэгнийг “тааламжгүй хүн” гэсэн хайрцагт хийж болох боловч хэн ч ердөө тааламжгүй хүнээр оршдоггүй, учир нь хэрэв тухайн хүн үнэхээр тийм байдлаар оршдог бол хүн бүр түүнийг тэр адил харах бөгөөд тэрээр төрсөн цагаасаа эхлэн тийм байсаар байх байсан. 

Эдгээр сэтгэлийн хайрцгууд нь юмсыг ойлгоход бидэнд туслах бөгөөд бусдад чиглэх бидний хандлага тэдгээрийг багтаасан хайрцгаар маш их тодорхойлогдоно. Бид эдгээр сэтгэлийн хайрцгууд бол ердөө сэтгэлийн бүтээл бөгөөд бодит байдалтай холбоогүй гэдгийг санаж байх хэрэгтэй – бодит байдал дээр ямар ч хайрцаг байхгүй, тийм биз дээ?

Хайрцгийг бид хэрхэн бий болгодог вэ?

Бид юмсыг хэрхэн тодорхойлж энэ биш, харин тэр сэтгэлийн хайрцагт хэрхэн хийдгийг авч үзье. Бид тухайн зүйлийн бусад зүйлсээс тэднийг үнэхээр ялгадаг гэж боддог тодорхой нэг онцлог шинж дээр суурилж түүнийг хийнэ. Үүнийг “ялгарах онцлог” гэж нэрлэж болох бөгөөд энэ бол нэг мэргэжлийн хэллэг. Нэг энгийн жишээ гэвэл, бид юмсыг “дөрвөлжин” гэсэн хайрцагт хийх үед түүний ялгарах онцлог нь юу болохыг харах явдал байж болно. Энэ нь дөрвөн тэнцүү талтай байх ёстой – ингээд ийм юмсыг бид “дөрвөлжин” гэх сэтгэлийн хайрцагт хийнэ. 

Энэ бол нэг энгийн ерөнхий шинж чанар буюу ай байна. Тэгвэл “төвөгтэй хүн” гэсэн айн хувьд ямар байх вэ? Тухайн хүнийг “төвөгтэй хүн” гэсэн ийм хайрцагт харахад хүргэх тэр хүний онцлог чанар юу вэ? Төвөгтэй тэр зүйл нь юу байхыг харахыг хичээх их сонирхолтой байдаг. Толгой тойрон эргэх ялаа, энэ хүн хоёрыг “төвөгтэй” гэсэн хайрцагт хийхэд хүргэх тэр нийтлэг зүйл юу байх вэ? 

Миний хэлэх зүйл бол тэдний аль алин нь миний сэтгэл хөдлөлийн тэнцвэр, сэтгэлийн тайван, амгалан байдлыг алдахад хүргэх ямар нэг зүйл хийдэг. Тэгэхээр үнэндээ бид тэрхүү сэтгэлийн хайрцгийг нөгөө хүний үүднээс бус өөрийн үүднээс тодорхойлж байгаа нь харагдаж байна. Учир нь миний төвөгтэй гэж харж байгаа зүйлийг та төвөгтэй гэж харахгүй байж болно. Мөн миний сэтгэлийн тайван байдлыг алдагдуулдаг зүйлсийн хувьд тэр  нь миний үнэхээр их сэтгэл татагддаг, намайг галзууруулах дөхдөг ямар нэг зүйл бас байж болно. Тэгэхээр бид юмсыг хэрхэн тодорхойлж, хайрцагт хийдэг нь үнэндээ бүгд бидэнтэй холбоотой байдаг нь их сонирхолтой байдаг. 

Мөн бидэнд энэ бүх сэтгэл, мэдрэмжүүд байна. Одоо их сонирхолтой болж эхэлнэ (магадгүй аль хэдийн сонирхолтой болж эхэлсэн байх). Бидэнд “аз жаргал” гэдэг сэтгэлийн хайрцаг байна. Энэхүү “аз жаргал” гэдэг хайрцагт бид юмсыг хэрхэн хийдэг вэ? Үүнийг хэлэхэд үнэхээр хэцүү. Хэн нэгэн биднээс “Та аз жаргалтай байна уу?” гэж асуухад бид юу гэж хариулахаа ч бүр мэддэггүй. Хэрэв бид өөрөөсөө “Би аз жаргалтай байна уу?” гэж асуувал – үнэндээ энэ юу гэсэн үг болохыг ч би мэдэхгүй байдаг. Тэгэхээр аз жаргалтай байх гэдгийн ялгарах онцлог нь юу вэ? Бид аз жаргалтай байхыг маш их хүсдэг, гэвч аз жаргалтай гэдэг нь юу болохыг ч мэдэхгүй байна. Хачирхалтай байгаа биз? Тодорхойлолт нь, энэ бол туулж эдлэх үед салахгүй байхыг, түүнийг үргэлжлэхийг хүсэх ямар нэг зүйл байна. Энэ бол Бурханы шашны зохиолууд дээр гардаг тодорхойлолт, энэ нь бага зэрэг тус болох байх.

Нүүр номын хувьд? Бид “дуртай” байгаагаа илэрхийлэх зүйлүүдийг хэрхэн тодорхойлдог вэ? Энэ нь биднийг инээмсэглэх, бидэнд сайхан мэдрэмж төрүүлэх зүйлүүд байж болох юм. Гэвч хэрэв та түүнийг өдөржингөө харж, түүнээс өөр зүйл харахгүй бол яваандаа тэр зүйл бидэнд таалагдахаа болино, тэгнэ биз дээ? Энэ их сонин, тийм биш гэж үү?

Төсөөлөх ойлголт буюу атхаг ухаанд тухайн айг (ерөнхий шинж чанарыг) төлөөлөх  үргэлж нэг сэтгэлийн дүр зураг (ерөнхий дохио) байна. Ингээд “нохой” гэж бодох үед таны сэтгэлд нохойны нэг дүр зураг буух ба энэ нь хүн бүрийн хувьд өөр өөр байна гэдэгт би итгэлтэй байна. Энэ нь дур булаам хүн эсвэл төвөгтэй хүнийг илэрхийлэх тэр зүйлийн сэтгэлд буух дүр зурагт бас адилхан.    

Тэгэхээр миний дуртай зүйлийг юу илэрхийлэх вэ? Энэ нь илүү хэцүү. Гэвч бид “Би ийм загварт дуртай, би ийм төрлийн хоолонд дуртай, ийм төрлийн кинонд дуртай, тэр бүсгүй бол миний сонирхдог төрлийн бүсгүй биш, тэр залуу бол миний сонирхдог төрлийн залуу” гэж ярьдаг. Миний дуртай зүйлийг юу төлөөлөх вэ? Нүүр номонд байх нэг зургийн хувьд бид түүнийг өөрийн дуртай зүйлийн мэдрэмжтэй харьцуулан түүнийг “дуртай” гэсэн айд багтаадаг болов уу? Энэ бүхэн бүгд тухайн зүйлээс бус бидний өөрийн сэтгэлээс гардаг гэдгийг бид санаж байх ёстой. Хэрэв тухайн зүйлээс гарах ямар нэг зүйл, тухайлбал, тэрхүү зүйлд байх бодит дур татах зүйл байдаг байсан бол хүн бүр түүнд дуртай байх байсан. Тэгэхээр энэ бол бүхэлдээ субъектив.

“Онцгой”-г тодорхойлбол

Дараагийн үе шат бол тухайн зүйлийг онцгой болгох тэр зүйлийг авч үзэх. Тухайн зүйлд ямар нэг зүйл байна уу эсвэл ердөө бидний өөрсдийн тодорхойлсон “ямар нэг онцгой зүйл” гэсэн сэтгэлийн хайрцаг байна уу? Ямар нэг зүйлийг онцгой болгох зүйлийг харах үед бид “онцгой зүйл юу ч үгүй” гэдгийн онолын суурийг ойлгож эхэлнэ. Тухайн зүйлийн тал дээр ямар нэг онцгой зүйл үнэндээ юу ч байдаггүй. Онцгой гэсэн аливаа санаа зөвхөн бидний санаа, бидний онцгой гэсэн өөрийн сэтгэлийн хайрцгаас гарна. Энэ нь, энэ бол онцгой, тэр бол биш гэсэн юмсыг тусгаж авах бидний шүүлтүүр. 

Ингээд бид өөрсдөөсөө асууж болно, онцгой гэдгийг бид хэрхэн тодорхойлдог вэ? Зарим хүмүүс ямар нэг зүйлийн өвөрмөц байхыг хэлнэ гэх байх: “Энэ үнэхээр онцгой уран зураг байна” эсвэл “Энэ маш өвөрмөц хоол байна” гэх мэт. Гэвч бүх зүйл өвөрмөц өөр өөр биш гэж үү? Ав адил хоёр зүйл гэж байдаггүй. Овоолоотой байцаа бүгд тус тусдаа онцгой.
Ингээд та “Юмс өөр өөр байна. Онцгой байхын тулд тэдгээр нь өөр өөр байх ёстой” гэж бодож болох юм. Гэвч хэрхэн өөр өөр байх вэ? Энгийн болон онцгой хоёрыг хэрхэн ялгах вэ? Хэрхэн тэдгээрийг тодорхойлох вэ?

Ингээд та ямар нэг онцгой зүйл нь ямар нэг шинэ зүйл байх ёстой гэж хэлж болох юм. Гэвч тэр нь миний хувьд шинэ байх уу эсвэл гараг ертөнцийн хувьд уу? Бид бүх юмсыг ихэвчлэн “би”-гийн үүднээс тодорхойлох ба бидний туулж эдлэх зүйл бүр шинэ байна, тийм биз дээ? Өчигдөр туулж эдэлсэн тэр зүйлийг өнөөдөр эдлэхгүй. Өнөөдөр бол өчигдөр биш. Тэгэхээр нэг үгээр хэлбэл, бүх зүйл онцгой бөгөөд энэ нь үнэндээ онцгой зүйл юу ч үгүй гэсэн утгатай юм. Бүх зүйл онцгой содон, бүх зүйл өөр, бүх зүйл бие даасан, иймд онцгой гэж зааж болох зүйл юу ч үгүй. Хэрэв бид ямар нэг зүйлд дуртай байгаад түүнийг онцгой гэж хэлэх юм бол бидний дурлах зүйлс мөн цаг үргэлж өөрчлөгдөж байдгийг бид мэддэг; хэрэв бидэнд тухайн зүйл хэт их байвал бид түүнд дургүй болдог, хэрэв бидэнд удаан хугацааны турш байвал бид уйдна.

Эдгээр нь бидний юмсыг “онцгой” хайрцагт хийх тэрхүү зуршлаа даван гарахын тулд ажиллах шаардлагатай болох тэдгээр зүйлүүд юм. “Надад одоо хэрхэн мэдрэгдэж, санагдаж байгаа нь үнэхээр чухал” гэдэг. Яагаад? Энэ нь ямар учраас “чухал” гэдэг хайрцагт орж байгаа вэ? Бидний хийхээр хичээж байгаа зүйл бол аливаа юмсыг шаардлагагүй сэтгэлийн хайрцагт харахгүй байх явдал. Мэдээж хэрэгтэй, шаардлагатай хайрцгууд бий; тэдгээр нь байхгүй байсан бол бид хэлийг ойлгохгүй байх байсан. Хүмүүс нэг үгийг хэлэхдээ өөр өөр аялгаар, өөр өөр дуу өнгөөр хэлж өөр өөр дуу авиа гаргах ба бид түүнийг тухайн үгэнд зориулсан сэтгэлийн хайрцгаар дамжуулан ойлгодог.  

Иймд бид бүх хайрцгийг гарган хаяж болохгүй. Гэвч тодорхой сэтгэлийн хайрцгууд хэрэгтэй, тустай биш байх ба тэдгээр нь бүхэлдээ субъектив байдаг, “ямар нэг онцгой зүйл” гэх мэт. Үүнийг шинжилж эхлэх үед энэ бүхэн нь ердөө бидний хандлагат байдаг: бидний онцгой гэж итгэж байгаа зүйл, хэдий бид онцгой гэдэг нь юу болохыг тодорхойлж чадахгүй байсан ч тэр, тэр нь бидний хандлагат байна.        

Үүнийг хэрэгжүүлэх үнэндээ маш хэцүү. Бид “Би юмсыг ямар нэг онцгой зүйлээр харахгүй” гэх өөрийн хяналт, сахилга батыг үүнд зөвхөн ашигладаггүй. Харин ойлголтоор, бид энэ бол ердөө сэтгэлийн туурвил, үнэндээ юу ч онцгой биш гэж харж чадна.

Атхагийг ухаарсан оюун судлахуй (төсөөлөх ойлголтыг ойлгосноор хандлагыг өөрчлөх)

Оюун судлахуйгаар (хандлагын сургаалын хувьд) өөрийн хандлагатайгаа ажиллаж болох маш олон түвшин байдаг. Бид юмсыг өөр өөр сэтгэлийн хайрцгаар дамжуулан ойлгодог бөгөөд бид тусгаж байгаа объектыг нэг хайрцгаас нөгөө хайрцагт шилжүүлж болно. Иймд хэн нэгнийг “төвөгтэй, яршигтай хүн” гэсэн хайрцагт хийхийн оронд түүнийг “зовлонтой, ганцаардсан хүн” гэсэн хайрцагт ойлгох нь тухайн хүнтэй харилцах бидний бүхий л хэв маягийг эрс өөрчилнө. Бид тухайн хүний зүгт түүнийг ийм эсвэл тийм болгох уг мөн чанар бүхий зүйл юу ч үгүй боловч тэднийг хэрхэн ойлгох бидний хандлага бид тэднийг хэрхэн мэдрэх, тэдэнтэй хэрхэн харилцахад нөлөөлдөг гэдгийг ойлгодог. 

“Онцгой” гэх мэт зарим сэтгэлийн ай нь (ерөнхий шинж чанар, ангилал) ердөө ямар ч ач холбогдолгүй байдаг. Онцгой хүмүүс, онцгой үйл явдлууд гэх мэтээр байна. Гэвч төрсөн өдөр эсвэл шинэ оныг маш онцгой гэж бодох нь хэчнээн үндэслэл муутай болох талаар та бодолцож үзсэн үү? Тэдгээрийг онцгой болгож байгаа зүйл нь юу вэ? Ердөө л хүмүүс түүнийг онцгой гэж тодорхойлсон. Нэгдүгээр сарын 1-ний хувьд онцгой зүйл юу ч үгүй, энэ өдөр нь бүр одон оронтой ч ямар нэг холбоогүй. Дэлхий нарыг тойрон эргэх ба та “Энэ бол жилийн эхний өдөр” хэмээн ямар нэг эхлэл заах боломжгүй. Хамгийн эхний гэсэн зүйл байхгүй, ийм ч учраас орон бүр өөр өөрийн шинэ жилтэй байдаг. Үүнд онцгой зүйл юу ч үгүй. Хэрэв та шинэ жил тэмдэглэдэг нэг оронд байгаа бол түүнийг хэнд ч хэрэггүй хэмээн бодох эсвэл үглэх хэрэг байхгүй, гэвч түүнийг том зүйл болгон хэт баярлан хөөрөх ч хэрэг байхгүй. 

Сэтгэлийн хайрцаг, ай болон эдгээр ялгарах онцлогтой холбоотой энэхүү төсөөлөх ойлголтын суурь мөн чанарыг ойлгосноор тэдгээрийг хэрэгтэй үед нь авч ашиглан, хэрэггүй үед нь орхидог.

Эцэст нь, өөрийн хандлагыг өөрчилж, сайжруулах үед тодорхой сэдэл, бас тэвчээр хэрэгтэй болно. Олон дахин давтаж өөрчлөлт илүүтэй гарах хэрээр тэр нь бидний өдөр тутмын амьдралд аяндаа төрөх хандлага болдог. Бидний хийх хэрэгтэй зүйл бол сэтгэл тавгүй санагдах үед өөртөө “Би зөвхөн би, би, би хэмээн бодож байна” гэж сануулах явдал.
Хандлагыг өөрчлөх нь удаан хугацааны боловч маш чухал үйл явц юм.

Дүгнэлт

Бид өглөө бүр нэг ижил зорилготой сэрдэг: илүү сайн, баяр жаргалтай ирээдүйг хүсдэг. Үүгээрээ бид бүгд адилхан. Мөн бид “би” бол дэлхий ертөнцийн төв гэж боддогоороо адилхан бөгөөд энэ нь бидэнд хэлж барахгүй их асуудал бий болгодог. “Би”-г асарч хамгаалдаг учраас үнэхээр хэрэгтэй мэт санагдах энэхүү өөрийг эрхэмлэх сэтгэлийн улмаас бид үнэндээ зовлонд унаж, хүсэж буй баяр жаргалаасаа холддог байна. Юмсын жинхэнэ орших байдал буюу бодит байдлыг ойлгож эхлэх үед энэ бүхэн өөрчлөгддөг. Амьдрал сайнтай, муутай байх ба үргэлж тийм л байна; бид үүнийг хянаж чадахгүй, харин бидний хянаж чадах зүйл бол бидний хандлага: хором тутамд өөрсдийн туулж эдэлж байгаа зүйлүүдэд хэрхэн хандах хандлага. Хүчин чармайлт гаргасны үр дүнд бид өөрийн амьдралыг гадаад нөхцөл байдал ямар байхаас үл хамааран өөрт болон бусдад чин сэтгэлээс анхаарал тавих, баяр жаргал бүхий амьдрал болгон өөрчилж чадна.  

Top