Бид эсвэл бидний мэдрэмжид онцгой зүйл юу ч үгүй

Удиртгал

Оюун судлахуй буюу хандлагын сургаал, төвөд хэлэнд ложон гэх энэхүү сургаал нь бид амьдралыг хэрхэн туулж мэдэрдэг болон туулж амсаж байгаа зүйлүүдийн талаарх хандлагыг хэрхэн өөрчилж болох тухай маш өргөн хүрээний сэдвийг хамардаг. Амьдрал сайн муу, өгсөж уруудах үйл явдлуудаар дүүрэн, ихэвчлэн маш амаргүй байдгийг бид бүгд мэднэ. Бидэнд цаг үргэлж олон янзын зүйл тохиолдох бөгөөд эдгээр нь шалтгаан ба нөхцөлийн маш өрөн хүрээнд явагдаж байдаг. 

Нэг жишээ авч үзье. Өнөөдөр энэ үдэш энд цугласан бидний хувьд. Юу та бүхнийг энд ирэхэд хүргэв? Замын хөдөлгөөн, тээвэр унаа гэх мэт физик талууд байн, та бүхний энэ хотод амьдарч буй явдал, мөн түүний дээр та бүхний сонирхол, гэр бүлд болж буй үйл явдал мөн ажил, амьдрал байна. Маш олон тооны шалтгаан, нөхцөлийн үр дүнд бид бүгдээрээ энд цугласан бөгөөд хүн бүр өөр өөр нөхцөл байдал, өөр өөр хэрэгцээ шаардлагатай байгаа. 

Ингээд бидний сууж байгаа энэ үед та нар, би, мөн орчуулагч байна. Мөн видео бичлэг хийж байгаа нэг видео камер байна. Та бүхний энэ камер болон намайг харах хоёрын ялгаа юу байх вэ? Бидний адил энэ камер бас олон шалтгаан, нөхцөлийн улмаас энд байж байгаа: хэн нэг хүн түүнийг үйлдвэрлэж, хэн нэгэн худалдан авч, өөр нэг хүн түүнийг энд авчирч суурилуулсан байгаа. Камер болон бидний аль аль нь мэдээлэл цуглуулж авна. Гэвч гол ялгаа нь бид цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн тухайлбал тодорхой түвшний баяр жаргал эсвэл зовлон гуниг гэх мэт сэтгэл мэдрэмж төрүүлдэг. Камер, компьютерууд авсан мэдээллээ амсаж мэдэрдэггүй.

Аз жаргал гэж юу вэ?

Амьдралын хамгийн суурь зарчим нь бид бүгд жаргал хүсэх ба зовлон хүсдэггүй явдал мэт санагддаг. Энэ нь биднийг “Тэгэхээр, үнэндээ аз жаргал гэж юу вэ? Бидний хүсэх тэрхүү зүйл чухам юу бэ?” гэсэн бодолд хөтөлнө.

Бурханы шашинд аз жаргалыг түүнийг туулж амсах үед түүнээс аяндаа салахгүй байхыг хүсэх тэрхүү сэтгэлээр тодорхойлох бөгөөд бид тэр мэдрэмжид сэтгэл таатай байж, тэр нь үргэлжилснээр ханамж авна.  

Энэ нь ямар нэг зүйл, хэн нэгнийг харах гэх мэт мэдрэхүйгээр мэдэх эсвэл ямар нэг зүйл, хэн нэгний талаар бодох сэтгэлийн мэдэхүйн аль алины оролцоотой нэг сэтгэлийн мэдрэмж юм. Энэ нь бид өөрийн харж байгаа эсвэл бодож байгаа зүйлд таатай байгаа явдал ер нь бол биш; харин тэдгээрийг харах эсвэл бодох үед төрж байгаа мэдрэмжид таатай байх явдал байна. Гэвч аз жаргал нь бие махбодын таашалтай адил биш: энэ бол нэг сэтгэлийн төлөв байдал. Энэ нь мөн чихэр шоколад, бидний залуу нас эсвэл бүр тэрхүү аз жаргал өөрөө гэх мэт аливаа зүйлийн сайн чанарыг хэтрүүлэн түүнд хүлэгдэн, түүнийг орхихгүй байх сэтэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл адил ч биш.  

Жишээ нь кино гэх мэт ямар нэг зүйлийг үзэж байх үед бидний эдлэх баяр жаргалын түвшин доогуур байж болох боловч хэдэн минут өнгөрөхөд бид түүнийг үргэлжлүүлэн үзсээр түүнээс нүдээ салгахыг хүсэхгүй болбол энэ нь бидний сэтгэл ханаж буйг илэрхийлэх ба бид тэрхүү мэдрэмжээс салахыг хүсдэггүй. Одоо хэр нь “түүнийг үзэж байхдаа сэтгэл таатай” байна гэж бид хэлж болох юм. Хэрэв бид түүнд дургүй байвал – туулж амсах үед аяндаа түүнээс салахыг хүсэх тэр нэг мэдрэмжээр тодорохойлогдох зовлон – түүнийг үзэхгүй байх байдлаар өөрийн туулж мэдрэх мэдрэмжийг өөрчлөхийг ихэвчлэн оролдоно. Мөн мэдээж бид заримдаа ямар нэг зүйлээс салахыг ч хүсэхгүй, салахгүй байхыг ч хүсэхгүй завсрын мэдрэмжтэй байна; бидэнд ялгаагүй байна. 

Гэвч ихэнх тохиолдолд бид “таатай” (жаргалтай), “таагүй” (зовлонтой) гэдэг үгийг авч үзэхдээ үнэхээр нүүр дүүрэн инээдтэй эсвэл үнэхээр их гутарч, хямрах гэсэн хэтрүүлэх утгаар авч үздэг. Гэвч бид амьдралын агшин бүрийг тодорхой түвшний жаргал эсвэл зовлонгийн мэдрэмжээр туулж байдаг бөгөөд ихэнх агшнууд нь хүчтэй сэтгэл хөдлөлтэй байдаггүй учраас жаргал болон зовлонгийн мэдрэмж тийм хурц байх шаардлагагүй.          

Амьдарлын сайн, муу

Агшин хором бүрд бид хэдэн сая шалтгаан, нөхцөлөөс бий болох жишээ нь бидний энд байгаа явдал гэх мэт олон зүйлийг туулж амсаж байдаг. Бид өөрийн эргэн тойронд эсвэл ердөө сэтгэлдээ болж байгаа зүйлсийн талаарх мэдээллийг авч, энэ хооронд түүнийг баяр, гунигийн олон өөр түвшингээр туулна. Бид энэ үзэгдлийг бидний сэтгэлийн төлөв (сэтгэл санааны байдал) гэж гол төлөв тодорхойлно – сэтгэл санаа сайн эсвэл муу байх.

Амьдралын мөн чанар бол, тэр үргэлж сайнтай, муутай байдаг, тийм биз дээ? Бидний сэтгэл санааны байдал нь бидний эргэн тойронд болж байгаа зүйл, бидний өөрсдийн хийж байгаа зүйлээс авах мэдээлэлтэй үргэлж холбоотой байдаггүй. Жишээ нь бид ерөнхийдөө хийх дуртай байдаг нэг зүйлээ хийж байж болно, гэвч сэтгэл санааны байдал муу байгаа учраас бид сэтгэл ханамжтай бус, түүнд дуртай биш байна. Эсвэл бид биеийн хүч шаардсан дасгал хөдөлгөөн гэх мэт тийм их таатай биш зүйл хийж байж болох ч түүндээ дуртай, үргэлжлүүлэхийг хүсэж болно. Бидний сэтгэл санааны байдал бидний хийж байгаа зүйлтэй үнэндээ үргэлж холбоотой байдаггүйг харахад их сонин байдаг. 

Агшин хором бүрийг туулах үедээ бид үргэлж түүнд тодорхой нэг хандлагатай байна. Хандлага бол бидний одоо энд ярьж байгаа зүйл, тэгвэл энэ нь юу вэ? Хандлага гэдэг бол ердөө бидний ямар нэг зүйлийг хэрхэн авч үзэх явдал. Бидэнд байж болох үнэхээр олон төрлийн хандлага байх бөгөөд тэрхүү хандлагаас шалтгаалан, бид ямар сэтгэл санааны байдалтай байхад тэр нь маш их нөлөөлдөг. Ердийн нөхцөлд, амьдралд цаг үргэлж туулах эдгээр сайн, муу зүйлүүдийг өөрчлөхөд үнэндээ бидний хийж чадах зүйл их байдаггүй. Хэдий та таны сэтгэл санааг өргөх тодорхой эм тан хэрэглэсэн ч тодорхой хугацаа өнгөрөхөд тэдгээр сайн, муу зүйлүүд дахин гарч ирнэ, тийм биз дээ? Гэвч бидний ажиллаж болох зүйл бол бидний хандлага. 

Ийнхүү өөрийн хандлагатай ажиллах тухай ярих үед, үүнд хоёр зүйл байна. Нэг нь юмсад сөрөг хандлагаар хандах байдлыг арилгах эсвэл зогсоохыг оролдох. “Сөрөг” (англ. destructive, гэм хортой) гэдэг нь бага зэрэг хүнд үг байж болох ба бид “үр өгөөжгүй” гэж хэлж бас болно. Гэвч эдгээр хандлагууд нь сэтгэлийг ердөө улам илүү муу болгодог учраас нэг утгаараа энэ нь өөрт хортой юм. Нөгөө нэг тал нь юмсыг илүү үр өгөөжтэй хэв маягаар харахад өөрсдийгөө сургах явдал. 

Энд бид хүмүүсийн “эерэг бодлын хүч” гэж нэрлэдэг зүйл болох хэт өөдрөг байх асуудлын тухай яриагүй гэдгийг тэмдэглэх нь чухал. “Бүх зүйл гайхалтай; бүгд агуу, төгс төгөлдөр!” Энэ нь тодорхой хэмжээгээр тустай байж болох ч бага зэрэг амарчилсан хэрэг юм. Өөрийн хандлагатай ажиллах үнэхээр үр дүнтэй байх нэг аргын хувьд, бид илүү гүнзгий харах хэрэгтэй.

Видео: Гэвш Лхакдор — “Бурханы шашинд суралцахын учир”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Надад хэрхэн санагдахад онцгой зүйл юу ч үгүй

Эхлээд өөрт төрөх сэтгэлд хандах өөрсдийн хандлагыг авч үзье, тухайлбал өөрт төрөх баяр эсвэл гунигийн түвшинд хандах бидний хандлага. Үүнийг ихэнх хүмүүст байдаг нэг асуудлын нөхцөлд бид авч үзэх болно – тэдний сэтгэлд (аливаа зүйл) хэрхэн санагдахын ач холбогдлыг хэтрүүлэх. 

Бид өөрсдийгөө – тэрхүү “би”-г – нэг том зүйл мөн бидэнд хэрхэн санагдахыг бас томоос том зүйл болгодог. Бид бүх зүйлийг дуалист (хоёр хэсэгт хуваах) аргаар туулж мэдэрч байдаг. Жишээ нь, нэг талд нь “би”-гийн талаарх ийм үзэл байх бол нөгөө талд нь зовлонгийн тухай үзэл байна. Бид зовлонгоос эмээж, өөрсдийгөө түүнээс аль болох хамгаалахыг хүсэж, түүнийг үгүй болгохыг оролдоно. Гэвч ийм хандлагатай байх үед энэ нь үнэндээ биднийг ямар болгох вэ? Энэ нь бүх зүйлийг илүү муу болгоно, тэгнэ биз дээ? 

Энэ талаар хэсэг бодоод үз: сэтгэл санааны таагүй байдалд байгаа, сэтгэл зовлонтой байгаа үед таны хандлага ямар байдаг вэ? Би та бүхний уйлж байгаа, үнэхээр зовлонтой байх үеийг хэлээгүй, харин таны суугаад ажлаа хийж байгаа эсвэл телевиз үзэж байгаа эсвэл өөр юу ч байсан та “Ямар ч хэцүү юм бэ дээ?” гэх тэр үеийг хэлж байна. Энэ нь биднийг энд сууж байх үед нэг том хар үүл гарч ирэн бид “Би үүнийг хүсэхгүй байна” хэмээн халхавчаа дэлгэхийг хүсэхтэй адил зүйл байдаг уу? Энэ нь таны туулж эдлэх зүйлийн нэг хэсэг байх уу? Ихэнх тохиолдолд сэтгэл санааны таагүй байдал ердөө л гэнэт гарч ирэх бөгөөд бид түүнийг хүсдэггүй мэт санагддаг. Ингээд түүний ямар таагүй болох тухайд хэдий их бид төвлөрнө төдий чинээ энэ нь илүү таагүй санагдана. Асуудлын гол нь бид болж байгаа зүйлийг хэтрүүлэн, түүнээс хоёр зүйлийг гаргаж ирнэ – нэг талд нь “би”, нөгөө талд нь сэтгэл санааны таагүй байдал. 

Тэгвэл аз жаргалын хувьд? Дахин хэлэхэд бид түүнийг туулж амсах бас нэг дуалист (хоёр хэсэгт хуваах) хандлагатай байна, нэг талд “би”, нөгөө талд нь баяр жаргал байна – ингээд бид түүнийг алдахаас эмээн, түүнд шунан, түүнийг байлгаж байхыг хичээнэ. Түүнийг өнгөрч одох эсвэл алдах вий хэмээн эмээж байдаг учраас тэнд нэг түгших мэдрэмж байна; бидний сайхан мэдрэмж үгүй болно. Баяртай, амгалан тайван байх үнэхээр хэцүү байна, учир нь тэрхүү түгшүүр үнэндээ түүнийг үгүй болгоно, тийм биз дээ? Мөн дээрээс нь “Би баярлах эрхгүй” гэх мэт олон янзын ярвигтай асуудлууд байж болно. 

Бодоод үзэхэд бид хэрхэн заримдаа амьтадын адил байдаг нь их инээдтэй санагддаг. Нохой хэрхэн иддэгийг харъя. Уг нь идэж байгаа зүйлээ таашаан идэж байх ёстой, гэвч ийш тийш харан, хэн нэгэн түүнийг нь авах гэж буй мэт түгшүүртэй байна. Та тийм мэдрэмж мэдэрдэг үү? Бид баяртай байх боловч хэн нэгэн хүрч ирж, үүнийг минь олж мэдэн, булаан авах вий гэж эмээх. Энэ их сонин. 

Мөн завсрын нэг мэдрэмж байна, энэ нь мөн адил “би” болон завсрын мэдрэмж гэсэн дуалист үзэл бүхий байна. Бид завсрын тэр мэдрэмжийг юу ч байхгүй, ямар ч мэдрэмж огт үгүй гэх байдлаар түүнийг хэтрүүлнэ. Бидний сэтгэлд ямар ч сэтгэгдэл төрөхгүй байгаа мэт ийм зүйл нэлээд тохиолдоно. Энэ нь бидэнд бид үнэндээ амьд сэргэг биш байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ завсрын мэдрэмж нь биднийг бага зэрэг гунигтай болгодог ба бид юу ч мэдрэхгүй байхыг үнэндээ хүсдэггүй.

Баяртай, зовлонтой, завсрын аль ч тохиолдолд бид тэдгээрийг хэдий их том зүйл болгоно тэр нь үнэндээ биднийг төдий чинээ их зовлонтой болгодог. Үүнээс харахад бидний өөрийн мэдрэмжид хандах хандлага нь бидний аливаа зүйлийг туулж мэдрэх мэдрэмжид маш чухал нөлөөтэй байдаг байх нь. Бид баяртай эсвэл зовлонтой эсвэл завсрын тэр мэдрэмжийг ямар нэг онцгой зүйлээр харах хандлагатай байдаг бөгөөд бид ихэнхдээ тэднийг өөрөөсөө тусдаа гэж үздэг. 

Таны өмнө гурван тавагтай хоол байна гэж бодъё. Нэг нь маш амтгүй, нөгөө нь маш амттай, гурав дахь нь ердөө дунд зэрэг; эдгээр нь зовлонтой, жаргалтай, завсрын сэтгэлүүдтэй адил гэе. Бид эдгээр мэдрэмжийг мэдрэх нь бид тэдгээрийг дотогш авч байгаа, “идэж” байгаатай адил. Энэ нь бид идэхгүй байхаар сонгож болох боловч үнэндээ тэгж болохгүй, бид сэтгэл мэдрэмжийн тухайд – “Би ямар нэг сэтгэл мэдрэмж мэдэрмээргүй байна” гэж болох билүү? Тэгвэл бидэнд бид бас амьд сэргэг бус мэт сэтгэл төрнө, энэ нь мөн л бидний сэтгэлд хүрэхгүй. Бид өөртөө, “би” энд байх, сэтгэл санааны байдал, мэдрэмж биднээс тусдаа тэнд байх нэг зүйл байна гэх ийм дуалист үзэл буй эсэхийг шалгаж үзэж болно.

Ердөө түүнийг хий

Өөрийн хандлагатай ажиллах үед бидний хийх хэрэгтэй хамгийн эхний зүйл бол “онцгой зүйл юу ч байхгүй” гэсэн хандлагатай байх явдал. Энэ нь их чухал зүйл биш санагдаж болох ч энэ бол үнэндээ маш гүнзгий зүйл. “Надад хэрхэн санагдахад онцгой  зүйл юу ч үгүй” – амьдрал сайнтай, муутай, заримдаа бидний сэтгэл санааны байдал сайн, заримдаа муу, заримдаа олон зүйл ердөө болоогүй байна. Үүнд гайхах зүйл ердөө байхгүй, хэдийгээр бид тодорхой хэсэг сэтгэлийн төлөвүүдийг мэдэрч, бусад төлөвүүдийг мэдрэхгүй байх хэрэгтэй мэт санагдаж байсан ч бидэнд онцгой зүйл юу ч үгүй. Хамгийн гол зүйл бол бидэнд хэрхэн санагдахаас хамаарахгүй бид ердөө л амьдралаа үргэлжлүүлэх явдал. 

Жишээ нь хэрэв та хүүхдүүдээ анхаарч асрах ёстой бол таны сэтгэл санаа сайн байх эсвэл муу байх нь хамаагүй та түүнийг хийх л хэрэгтэй болно. Сэтгэл санаа сайн байсан ч, муу байсан ч та унаандаа суугаад, ажилдаа явна. Хэдий бид өөр дээрээ, өөрийн сэтгэл мэдрэмж дээр их анхаарна төдий чинээ бид зовлонтой болно. Энэ нь бид ердөө юу ч мэдэрхээ болих гэсэн утгатай биш, энэ бол асуудлын гол санаа биш. Бид өөрийн сэтгэлийг ямар байгааг мэдэх хэрэгтэй боловч түүний хажуугаар үүнийг том асуудал болгохгүй байх явдал байна. 

Зарим хүмүүс зовохоос үнэхээр айдаг мэт санагддаг, учир нь зовлон тэднийг бүрэн эзэмдэнэ гэж боддог. Жишээ нь хэн нэгэн өөд болох эсвэл ямар нэг үнэхээр таагүй зүйл тохиолдох үед та зовлон гуниг хэтэрхий их болох учраас түүнд автахаас өөрийгөө хамгаалахыг хүсдэг. Энэ нь аяндаа төрж болно; энэ нь тэрхүү сэтгэлийг зориудаар зогсоож хамгаалах явдал байх албагүй. Энэ нь бид ямар нэг гадны зүйл дотогш орох гэж буй мэтээр түүнийг түлхэхийг хүсдэг мэт санагдаж болно. Гэтэл эсрэгээрээ өөрийгөө баяр жаргал эдлэх эрхгүй мэт боддог хүмүүс байдаг. Юмс сайн явагдаж байх боловч угтаа тэд тийм сайн биш учраас баярлаж хөөрөхгүй байх нь зөв гэж бодно. Мөн сэтгэлдээ ямар нэг мэдрэмж эдлэхгүй байж чаддаггүй, тасралтгүй хөгжим сонсох мэтээр цаг үргэлж ямар нэг зүйлээр сэтгэлийг зугаацуулж байх ёстой гэж боддог хэсэг байна. Тэд тухайн зүйл тэдний сэтгэлийг зугаацуулж, тэднийг баясгадаг мэт санаж чимээгүй, нам гүм байх завсрын мэдрэмжээс эмээдэг. Ийм маягаар нэг үгээр бид сэтгэлийн мэдрэмжээс байнга эмээж байдаг. Яагаад? Ердөө л бид тэдгээрийг их том зүйл болгон, тэдний ач холбогдлыг хэтрүүлдэг учраас. Гэвч сэтгэл, мэдрэмж бол амьдралын ердийн нэг хэсэг; тэр бол хором бүрийг бид хэрхэн мэдэрч туулдаг тэр л зүйл. Энэ бол биднийг видео камераас ялгадаг тэр зүйл, онцгой зүйл юу ч байхгүй. Энэ их хялбар мэт сонсогдож байв ч тийм хялбар зүйл биш.

Цонхон дээр суух шувууны жишээ

Бидэнд хэрэгтэй зүйл бол нэг торгон тэнцвэр. Мэдээж бид баяр жаргалтай байхыг илүүд үзэх боловч түүний хажуугаар өөрт одоо байгаа амгалан жаргаланг үгүй болгохыг хүсэхгүй нэг сэтгэл байх ба тэрхүү жаргалдаа шунан, түгшиж эхэлнэ. Өөрсдийн туршлагаас харах юм бол бидэнд байгаа баяр жаргал өнгөрч одох нь гарцаагүй гэдгийг бид мэднэ. Энэ нь ашид үргэлжилдэггүй, учир нь амьдралын мөн чанар бол тэр нь үргэлж сайнтай, муутай, өгсөж, уруудаж байдаг явдал. Хэрэв бид үүнийг мэдэж байгаа бол санаа зовох шаардлагагүй. Ердөө тэрхүү баяр жаргал үргэлжлэх хугацаанд баясан таашаах нь биднийг эрх чөлөөтэй болгоно. 

Үүнд зориулан миний заримдаа хэрэглэдэг нэг жишээ байдаг. Нэг маш сайхан шувуу танай цонхон дээр ирэн, сууж байна гэж бодъё. Бид тэр шувууны сайханд баясан сэтгэл таашаах боловч түүнийг зэрлэг шувуу, удахгүй нисэн одно гэдгийг ч мэдэж байдаг. Хэрэв бид түүнийг барьж аван торонд хийхийг оролдох юм бол тэр шувуу үнэхээр хөөрхийлөлтэй болно. Түүнийг барих явцад шувуу маш ихээр айж, нисэн явж, дахин хэзээ ч ирэхгүй байхыг хүснэ. Харин бид тайван байж, түүнийг тэнд байх хугацаанд түүний сайхнаас таашаал аван баясаж, хэн ч айж эсвэл зовохгүй бол тэр дахин ирж болно. 

Аз жаргал үнэхээр иймэрхүү байж  болох юм, тийм үү? Энэ нь бидний сэтгэл татагдах хүмүүсийн хувьд бас адилхан байна. Тэднийг ирэх үед бид ихэнх тохиолдолд бүр тэднийг гадуур хувцсаа тайлахаас өмнө “Яагаад илүү удаан байж болохгүй гэж?” гэсэн ийм хандлага илэрхийлдэг. “Дахиж хэзээ ирэх вэ?” Ийм маягтай. Энэ бол бидний баяр жаргалыг үгүй хийдэг тэр нийтлэг хэв маяг юм.    

Онцгой зүйл юу ч үгүй. Онцгой зүйл огт юу ч үгүй. Нэг шувуу бидний цонхон дээр ирж суулаа, нэг найз минь зочилж ирлээ, найзууд утсаар залган ярьж байна – онцгой зүйл юу ч үгүй. Ердөө л тэдний үргэлжлэх хугацаанд таашаан баяс, учир нь мэдээж тэр бүхэн өндөрлөж дуусна. Тэгэхээр бид юу гэж хүлээх ёстой вэ? Тийм, бид баяр жаргалтай байхыг хүснэ. Зовлон гунигтай байгаа үедээ түүнийг байгаагаар нь хүлээн авна. Түүнд ч мөн адил онцгой зүйл юу ч үгүй. Тэрхүү зовлон, гуниг бас өнгөрөн одно. Түүнийг цааш түлхэхийг хичээх үед тэр нь түүнийг илүү л зовлонтой болгоно.  

Иймд бид өөрийн сэтгэл, мэдрэмжийг ажиж, бид үнэхээр юунаас түгшиж байгааг тогтоож болно. Би харамсал, зовлон мэдрэхээс эмээж байна уу? Би баярлах эрхгүй учраас баяр жаргал мэдрэхээс эмээж байна уу? Тэнд ямар ч зүйл байдаггүй учраас би завсрын сэтгэл мэдрэмжийг мэдрэхээс эмээж байна уу? Бид юунаас эмээж байна вэ? 

Нам босго бүхий мэдрэмтгий чанарын сургалт (sensitivity training) гэж нэрлэдэг нэг зүйлийг би бий болгосон байдаг бөгөөд сургалтанд ашигладаг дасгалуудын нэг нь хүмүүст айх сэтгэлээ даван туулахад нь туслах зорилготой дасгал байдаг. Маш энгийн: та гараа илнэ, дараа нь чимхэнэ, дараа нь түүнийг ердөө барина. Нэг нь сайхан мэдрэмж, нөгөө тийм таатай биш, өөр нэг нь ердөө завсрын мэдрэмж байна. Гэвч тэдний алинд ч тийм онцгой зүйл байхгүй, тийм биз дээ? Тэд бол ердөө мэдрэмжүүд. Өөр юу байх вэ дээ? Энэ бол бидний төлөвшүүлэх хэрэгтэй хандлагын тэр төрөл. Би сэтгэл санааны таагүй байдалд байна – тэгээд одоо яах вэ дээ? Үүнд онцгой зүйл юу ч үгүй. Бид өөрсдийгөө сэтгэл санааны таагүй байдалд байна гэдгийг тэмдэглэж хэрэв түүнийг сайжруулах бидний хийж чадах ямар нэг зүйл байвал яагаад түүнийг хийж болохгүй гэж? Хэрэв хийж чадах зүйл байхгүй бол бид ердөө түүнийг даван туулна. Үнэндээ та түүнийг шийдвэрлэх үнэхээр шаардлагагүй байдаг бөгөөд ердөө л хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн цааш явж болдог. Хэрэв бид тэр сэтгэлийн мэдрэмжийг үнэхээр өөрчлөхийг хүсэж байвал тэр үед бид түүний талаарх өөрийн хандлагыг өөрчлөх өөр аргуудыг хайх хэрэгтэй. 

Энэхүү “онцгой зүйл юу ч үгүй” гэдэг бол эхний түвшин. Надад хэрхэн санагдахад тусгайлсан онцгой зүйл юу ч үгүй, эдгээр сэтгэлүүдээс тусдаа, түүнийг хамгаалах хэрэгтэй “би” гэж байхгүй. Сайн, муу ээлжилж байдаг бөгөөд энэ бол амьдрал хэрхэн үргэлжилдэг тэр л хэлбэр.

Надад онцгой зүйл юу ч үгүй

“Сэтгэл мэдрэмжид ямар нэг онцгой зүйл юу үгүй” гэдэгтэй “надад онцгой зүйл, одоо надад хэрхэн санагдаж байгаад онцгой зүйл юу ч үгүй” гэх хандлага холбогдоно. Энэ нь Бурханы шашинд “өөрийг эрхэмлэх” гэж нэрлэдэг тэрхүү сэдэвт хамаарна. Бид бүх зүйлийг өөрийг эрхэмлэх үүднээс туулж, мэдэрч байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь зөвхөн өөрт бүрэн санаа тавих гэсэн утгатай. Бид өөр дээрээ, өөрт хэрхэн санагдах тухай төвлөрөн бусад хэнийг ч анзаардаггүй: “Тэдний сэтгэл ямар байх нь хамаагүй. Надад зовлон шаналалтай байна” гэдэг. 

Дахин хэлэхэд, гол нь бидний хувьд болон бид юу гэж бодоход онцгой зүйл юу ч үгүй гэж бодох явдал. Сэтгэл нь “би”-д баригдах гэдэг үүднээс хэдий чинээ хумигдана үнэндээ төдий чинээ бид зовлон шаналалтай болдог. Энэ нь маш их чангарч, зангирсан булчин адил. Бидний сэтгэл – “би, би, би” гэсэн – ийм л байх ба хэрэв бид энэ гараг дээрх долоон тэрбум хүн, тоолшгүй олон амьтдыг авч үзэх юм бол бидэнд хэрхэн санагдах нь тийм онцгой биш байна. Хүн бүр одоо ямар нэг зүйл мэдэрч байгаа. Зарим нь баяртай, зарим нь зовлонтой, зарим нь завсрын мэдрэмж бүхий (унтаж байж болно!) байх бөгөөд хүн бүрийн хувьд энэ нь тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Үүнийг энэ талаас нь харвал, надад болон одоо надад хэрхэн санагдаж байгаад тийм онцгой зүйл юу байна вэ?   

Жишээ нь та нэг замын түгжрэлд байгаа үед. Замын түгжрэлд байгаа хүн бүр баяртай, үнэхээр сайхан байгаа гэж та боддог уу? Хэдий их бид “Би, би, би – би түгжрэлд орчихлоо, үүнээс гарахгүй юм байна, ямар завхарсан юм!” гэх байдлаар бодно төдий чинээ сэтгэл таагүй болно, тэгнэ биз дээ? Хэрэв та замын түгжрэлд байгаа хүн бүрийн талаар бодох юм бол энэ нь аяндаа таны сэтгэлийг илүү нээлттэй, тайван болгоно. 

Өнөөдөр наашаа ирж явснаа би санаж байна, хөдөлгөөн бараг урагшлахгүй, хажуу талын гудамжны бүх машин бидний явж байсан замын хөдөлгөөнд орохоор хүлээсэн байсан. Нөгөө талд манай эгнээг нэвтэрч хажуугийн эгнээнд орох машинуудын явах тэр зүгийн хөдөлгөөн нь бас урагшлахгүй болсон байсан боловч тэд яаж ийгээд хажуугийн эгнээнд орцгоож байсан. Мэдээж хүмүүс тэднийг оруулахгүй байсан, та “Бурхан минь, тэд яаж нөгөө эгнээнд орно оо?” л гэж бодохоор байсан. Тэд бага багаар урагшилсаар машиныхаа хамрыг оруулж авах гэх мэтээр тэр үнэхээр маш сонирхолтой болж эхэлсэн. Гэтэл бидний өмнө явж байсан нэг залуу урагшлах боломжтой байхад гар утсаараа ярин огт анхаарахгүй байсан. Тэр явж өгөхгүй байсан бөгөөд арын машины жолооч нар түүнд маш их уурлаж байсан. 

Энэ бүхэн болж байх хооронд гэнэт та өөрийн талаар “Яах билээ, би түгжрэлд ороод байдаг” гэж бодохгүй болсон байна. Энэ бүхэн таны үзэж байгаа жүжиг мэт болдог. “Тэд яаж энэ бүхнийг сүлжин эгнээнд орох юм бол доо? Тэд замаа яаж олох юм бол?” хэмээн гайхан та зөвхөн өөрийнхөө тухай бодоогүй байдаг. Та хандлагаа өөрчилсөн. Та өөрийн “би”-г тийм том зүйл болгохгүй байна. Өөрийн “би”-г том асуудал болгохыг зогсоох үед – “Би үнэхээр онцгой. Энэ замын хөдөлгөөн дотор би маш онцгой” гэх – тэр нөхцөл байдлыг туулж эдлэх бидний хэв маяг бүрэн өөрчлөгддөг. Энэ талаар бодоод үзээрэй.

Өөрийг эрхэмлэхийн асуудал

Күнү лама гэгддэг байсан нэг төвөд багш маш тустай нэг дасгалыг зөвлөсөн. Тэрбээр, өөрийг нэг талд, бусад хүмүүсийг нөгөө талд дүрслээд өөрөө ажиглагч маягаар тэдгээрийг хөндлөнгөөс хар хэмээсэн. Энэхүү дүрслэлийн нэг талд байх “би” зовлон гунигтай, гэвч нөгөө талд байх бусад хүмүүс бас адил. Эсвэл та замын түгжрэлд орсон, бусад хүмүүс мөн адил. Ингээд одоо тэрхүү завсрын ажиглагчийн хувиар, тэдний хэн нь илүү чухал вэ? Хүн бүрийн өмнө гарахаар шахах “би” гэх нэг хүн үү эсвэл хөдөлгөөнд түгжирсэн тэр бүх хүмүүс үү? Ингээд нэг бодоод үзээрэй. 

Мэдээж, нэг хүнээс илүүтэй нэг том бүлэг чухал биз дээ? Энэ нь бид бол хэн ч биш гэсэн үг биш. Үнэндээ бид хүн бүрийг анхаарч, тэдэнд санаж тавьж байгаа үед бид тэрхүү “хүн бүр” гэдэгт багтсан байдаг. Энэ бол ердөө л бид, ялангуяа өөрсдийн мэдрэмжийн хувьд бусдаас илүү онцгой биш гэсэн үг юм. 

Тэгэхээр асуудал бол энэхүү цаг үргэлж “Би, би, би. Би бол үнэхээр чухал” гэх өөрийг эрхэмлэх сэтгэл. Сэтгэл тавгүй үед, биднийг нөмөрсөн нэг үүл, түүнээс тусдаа “би” байна гэж бид бодох ба энэ бол тэрхүү “би”-г чухалчилж буй байдал. Баяр жаргалтай үед тэр нь мөн адил бүхэлдээ “би, би, би” гэх сэтгэл байна. Бид өөр нэг том нохой ирж бидний ясыг булаахыг хүсдэггүй. Ингээд заримдаа бид “Би, би, би. Надад ямар ч сэтгэл мэдрэмж төрөхгүй байна. Надад цэнгэх, баясах зүйл алга. Би баясах, цэнгэх хэрэгтэй байна” гэнэ.

Бусдыг эрхэмлэх

Өөрт болон өөрийн сэтгэл мэдрэмжид ийм явцуу байдлаар анхаарах өөрт эзлэгдэх сэтгэл бол асуудал. Бидний хийх хэрэгтэй зүйл бол энэ сэтгэлийн харааг өөрчилж хүн бүрийн үүднээс бодож, “Хүн бүр энэ замын түгжрэлээс гарах болтугай” гэсэн бусад хүн бүрийн үүднээс бодсон сэдэлтэй байх явдал. Сайтар бодож үзэх юм бол бид хэрхэн зөвхөн өөрөө энэ түгжирлээс гарч болох вэ дээ? Хөдөлгөөн багасах хэрэгтэй бөгөөд үүнд бид бүгд багтана. Хэрэв таны сэтгэл, анхаарал хүн бүрийг багтаасан ийм том цар хүрээтэй байвал бид илүү тайван байна. Бид түгжрэлд тийм их бухимдаж, сүйд болохгүй. Түгжрэлээс гарах үед “Ашгүй, би түгжрэлээс гарчихлаа” гэж бодохгүй “Ашгүй, бүгд түгжрэлээс гарлаа” гэсэн үүднээс бодох хэрэгтэй. Энэ үед бид хэн нэгэн ирж бидний ясыг булаах гэж буй мэт тэрхүү баярын сэтгэлд хүлэгддэггүй.

Энэ бол үнэндээ бидний энэрэн нигүүлсэх сэтгэл гэж нэрлэх, хэдий тэр нь онцгой зүйл биш байж болох ч бусдын асуудал, зовлонгийн талаар бодож өөрийн асуудал, зовлонд ханддагийн адил түүнийг анхааран үзэж бусдад түүнийгээ даван гарахад туслах үүргийг хүлээх сэтгэл юм. Дэлхийн хаа сайгүй тохиолдох тэр бүх асуудлуудыг бодож хямрах нь утгагүй. Тэр бүхэн бол цаг үргэлж болж байдаг, зүй тогтлоороо болж буй зүйл хэдий ч хүн бүр баяр жаргалтай байвал сайн биз дээ? 

“Би хүн бүрийн талаар санаа тавьж, тэднийг зовлонгүй байхыг хүснэ” гэж бодох тодорхой сайн дурын үүргийг хүлээх үед бид маш их зориг, өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Энэ бол Дээрхийн гэгээн Далай ламын байнга  хэлдэг нэг зүйл. Хэрэв бид зөвхөн өөрийнхөө талаар, өөрийн амар жаргалын тухай бодож байвал бид маш сул дорой болно. Гэвч бусад хүн бүрийн талаар, тэдний асуудал зовлонгийн талаар сайн дураар бодох нь маш их хүч шаардана. Энэ бол сул доройн шинж биш харин өөртөө итгэх гайхалтай итгэлд хөтөлдөг хүчний шинж юм. Энэ эерэг хандлага нь мөн баяр жаргал мэдрэхэд аяндаа хөтөлнө. “Таарсан гэдэг нь, түгжрэлд орж байдаг” гэх ийм зүйл байдаггүй. Харин түгжрэлд орсон хүн бүрийн тухай бодож тэднийг түүнээс гарахыг үнэхээр хүсдэг. Тэрхүү түгжрэлд байгаа хүн бүрийн талаар бодох нь маш их эр зоригтой хэрэг, бид  ч өөрийнхөө талаар илүү эерэг сэтгэлтэй үлддэг. Бид замын хөдөлгөөнд шаналсан, сул дорой байдаггүй; бид хүчтэй байдаг. 

Хэрэв бид зөвхөн өөрийн талаар бодохгүй, түгжрэлд хамт байгаа бусад хүмүүсийн талаар бодох юм бол энэ нь бусдад шууд бусаар тусалж байдаг. Жишээ нь бид дайрч түрэмгийлэн, дуут дохиогоо үргэлжлүүлэн дуугаргахгүй (хэн ч хөдлөх боломжгүй үед энэ нь мэдээж утгагүй). Хажуугийн гудамжнаас тэрхүү машин бага багаар урагшилж өмнүүр орох үед бид цонхоо нээн бүдүүлэг үгээр хашхичдаггүй. Тэр үед бидний аль аль нь тайван байна. Гэвч бид тийм их нөлөө үзүүлж чадахгүй. 

Энэ бол зүй тогтол болох амьдралын сайн мууг хэрхэн туулах чанарыг өөрчлөх өөрийн хандлагыг хэрхэн өөрчилж болох тухай нэг энгийн жишээ юм. Бид үнэхээр онцгой, бидэнд хэрхэн санагдах нь үнэхээр онцгой гэх сэтгэлийг даван туулж, нөхцөл бүрийг аль болох эерэг болгох энэ бүхэнд дадлага, бага зэрэг зориг шаардагдана.

Уур бухимдлыг даван туулах

Замын түгжрэлд хэн нэгэн өмнүүр орох үед бидэнд өөрийн эрхгүй уур гялс хийн төрж магадгүй. Өөрийн хандлагыг өөрчлөх өөр нэг арга бол тэр жолооочийн нялх хүүхэд нь өвдөөд эмнэлэг рүү яарч байж болох юм гэх мэт энэхүү нөхцөлийг бий болгосон байж болох бүхий л олон өөр өөр шалтгааныг бодож үзэх явдал байна. Энэ нь бидэнд илүү тайван байхад тусалж болно. 

Гэвч гол асуудал бол эдгээр эхэнд төрөх уур бухимдал цаг үргэлж байсааар байдаг явдал. Уурлах зуршил, хандлагыг даван туулах нь үнэхээр нэг урт хугацааны үйл явц байна. Энэ жишээн дээр гарсны адил тэрхүү яарч явсан хүнд ямар нэг шалтгаан байсан учраас тэгсэн байх гэж бодох байдлаар хандлагаа өөрчлөх нь уурыг шийдвэрлэх ердөө нэг түр арга юм. Уур бухимдлыг үндсээр нь сургалан гаргахын тулд бид өөрийг болон бусдыг хэрхэн ойлгох ойлголттой холбоотой маш, маш гүнзгий нэг ойлголтыг авч үзэх ёстой болно.  

Бид өөрсдийг болон бусдыг амьдралд тохиолдох ердөө нэг жижигхэн тохиолдлоор тодорхойлох хандлагатай байдаг. Жишээ нь бид замын түгжрэлд байх тэр хүнийг миний өмнүүр орох гэсэн нэг өөдгүй нөхөр гэж харах ба тэр хүний талаар бодох бодол бүхэлдээ ийм л байна. Тэгэхээр бид тэднийг тэдний амьдралд тохиолдох нэг зүйлээр, ялангуяа бидний тодорхой хэмжээний оролцоотой тэр үеэр тодорхойлдог. Бид өөрсдийгөө тодорхойлдгийн яг адил тэдэнд нэг хатуу тодорхойлолт өгдөг. Ингээд, уурлаж байгаа энэхүү “би” байна гэдэг. 

Бид тэднийг эсвэл өөрийг ямар нэг зүйлээр тодорхойлохгүй байх тэр хүртэл энэ бүхнийг ердөө сулруулахыг хичээх ёстой. Гэвч энэ бол урт хугацааны, гүнзгий үйл явц. Нэг хүний зургийг авч үзье. Энэ бол тэр хүний нэг агшин, гэвч түүний тухай бүх зүйл биш. Иймд бид өөрсдийгөө, өөрийн амьдрал, бусад хүмүүсийг хөдөлгөөнгүй нэг зургийн үүднээс харахаа зогсоох хэрэгтэй. Бүх зүйл цаг үрэлж өөрчлөгдөж байдаг. Аливаа хандлага улам бүр чангарч байдаг учраас нэгэнт бид юмсыг харах хуурмаг үзэгдлийг сулруулсан бол бид түүндээ дасах хэрэгтэй. Яваандаа тэрхүү уур эсвэл атаархал, өөр юу ч байсан эрчим нь дахин төрөхгүй болох бүрэн боломжтой.         

Баяр жаргалтай байхад буруу зүйл юу ч үгүй

Өөрийг эсвэл өөрийн сэтгэл мэдрэмжийг онцгой зүйл болгохгүй байх, өөрийг болон өөр хэн нэгнийг явцуу, хатуу тогтсон тодорхойлолтоор тусган харахгүй байх ийм оролдлого нь бидний амьдралын чанарыг сайжруулахад тусалдаг. Хэцүү нөхцөл байдлууд шийдвэрлэхэд илүү хялбар болж ингэснээр амьдрал тийм хэцүү болохгүй юм. Бид сэтгэл хөдлөлийн хувьд илүү тэнцвэртэй, илүү баяр жаргалтай хүн болно.

Илүү том зорилго нь бусдын талаар, тэдэнтэй хэрхэн харилцах талаар бодох явдал. Хэрэв бид гэр бүлтэйгээ амьдардаг, хүүхдүүдтэй бол, хэрэв бид найз нөхөд, хамтран ажиллагсадтай бол, хэрэв бид үргэлж сэтгэл санаа сайн биш, “би өрөвдөлтэй хүн” гэх мэт бодолтой байдаг бол бид тэдэнд үнэхээр тусалж чадахааргүй маш сул байр сууринд байх бөгөөд үнэндээ энэ нь тэднийг зовлон гунигтай болгодог. Иймээс бид өөрийн сэтгэл санааны байдлыг илүү үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэхийг хүсэх ба учир нь энэ нь бусдад, бидний гэр бүлд нөлөөлж байдаг. Бид ч тэдний талаар санаа зовж байдаг. Энэ бол өөртэйгөө ажиллах өөр нэг шалтгаан юм. 

Баяр жаргал хүсэх нь бараг л биологийн нэг хүчин зүйл бөгөөд баяр жаргалтай байхад буруу зүйл юу ч байхгүй, бид аз жаргалд хүрэхийг хичээх хэрэгтэй. Гэвч бид түүнийг олох үед түүний өнгөрч оддог мөн чанарыг таньж, түүнд ердөө тэнд тэр үед нь баясан хөгжих хэрэгтэй. Тэр тухайд бид хэдий их тайван амгалан байна төдий чинээ олонтоо баяр жаргал эдэлнэ. Заримдаа бид зовлон гунигтай байна, гэвч юу гэж? Бид юу хүлээх билээ? Энэ бол том асуудал биш. Онцгой зүйл юу ч үгүй. 

Болж байгаа зүйлийн талаар тийм онцгой ямар нэг зүйл юу ч үгүй гэж бодох үед энэ нь өөрөө аз жаргалтай байх илүү тайван арга болдог. Гол нь бид санаа зовохгүй, “Би үрэглж баяр жаргалтай байх ёстой, би үргэлж хөгжилтэй, зугаатай байх ёстой, би үргэлж өөрийн хүссэнээр байх ёстой” гэх байнгын, сэтгэл зовоосон хүсэл байхгүй байна. Ийм төрлийн бодол нь үнэндээ таагүй байдаг. Баяр жаргалтай байх нь бидний хийж байгаа зүйлтэй холбоотой байх шаардлагагүй гэж өмнө бид ярилцаж байсныг санаарай, та нэг зүйлийг хийж байх боловч нэг өдөр баяр жаргалтай, өөр нэг өдөр зовлон шаналалтай эсвэл сэтгэлийн завсрын төлөв аль алинд байж болно. Энэ бол ердөө та юун дээр анхаарч буй асуудал юм. 

Нэг жишээ татъя. Би шүдний эмнэлэг явахдаа үнэхээр баяртай байдаг. Учир нь шүдний эмч маань нэг гайхалтай хүн байдаг, бид маш нөхөрсөг харилцаатай, үргэлж хөгжилтэй зүйл ярилцана гэх мэт. Тийшээ явахад сайхан байдаг, учир нь би “Эмч шүд өрөмдөх болов уу, яах бол гэдгээс эмээж байна” гэх явдал дээр анхаардаггүй. Санаа зовох зүйл юу ч байдаггүй. Би үүнийг “Маргааш найзтайгаа очиж уулзана” хэмээн баяртайгаар хардаг. 

Та бүхэн намайг бага зэрэг хачирхалтай хүн байна гэж бодож болох ч нэг удаа би шүдний угийн сувгийн эмчилгээ хийлгээд дуусах үед би хөгжилтэй л байсан. Тэд аманд минь хэчнээн их багаж хэрэгсэл хийж байна вэ хэмээн миний инээд ихэд хүрч билээ. Өвчин намдаах эм тарьсан байсан учир надад тийм их өвдөлт мэдрэгдээгүй! 

Мэдээж өвчин намдаах тарилга их өвтгөдөг, гэвч яах билээ дээ? Та тарилгыг хийлгүүлэхгүйгээр угийн сувгийн эмчилгээний 30 минутын хугацаанд өвдөх өвдөлтийг илүүд үзэх үү эсвэл тарилга хийлгэх цөөн хэдэн секундын өвдөлтийг илүүд үзэх үү? Та тарилга хэдий өвтгөх ч тэр нь бага хугацаанд үргэлжлэх учир түүнийг хийлгэхээс татгалзахгүй.    

Бүх зүйл хандлагаас шалтгаална. Энэ бол хандлагатай ажиллах бүтээл. Энэ үнэхээр үр дүнтэй байдаг бөгөөд бидний амьралын чанарыг сайжруулдаг. Хэрэв бид сувгийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй бол түүнийг үнэхээр хэцүү эмчилгээ байлгахыг хүсэх үү эсвэл тийм ч их хэцүү эмчилгээ биш байлгахыг хүсэх үү? Бид түүнийг мэдрэх давж туулах л хэрэгтэй болно. Иймд бид түүнийг аль болох хүлээн авч болохуйц мэдрэмж болгох нь дээр. Энэ бол энэ бүхний цаан байх зарчим юм.

Дүгнэлт

Хэн ч өглөө сэрээд асуудал эсвэл зовлон бэрхшээл хүсдэггүй: бидний хийдэг бүх зүйл өөрийг амгалан жаргалтай болгоход чиглэсэн байдаг. Гэвч энэхүү олоход бэрх зорилгод хэзээ ч ойртож очихгүй байгаа мэт санагдана. Өөр дээрээ төвлөрөх, өөрийн хэн болох, юу хийдэг, хэрхэн бидэнд санагдахын ач холбогдлыг хэтрүүлснээр бид өөрт байгаа баяр жаргалыг эдэлж чадахгүй эсвэл тулгарах зовлон бэрхшээлийг давж чаддаггүй. Бусад болон тэдний сэтгэл, мэдрэмжийг илүүтэй багтаасан хандлагат суралцсанаар бид өөрсдийн туулж эдлэх сайн, муу зүйлүүдийг илүү тайван, баяр баясалтай туулж өнгөрүүлэх үүд хаалгыг нээдэг.     

Top