Өөр хийгээд өрөөл дор сэтгэлийг тэгшигтэх ба арилжих

Цэнжаб Сэркон Ринбүүчи таалал барихаасаа хоёр сарын өмнө Доктор Берзинд тус сургаалыг үг үгээр нь дуудан өгч бичүүлж, түүний айлдсан хамгийн чухал сургаал болгон хадгалан уламжлуулахыг хүсжээ. Энэхүү сургаалд бидний зовлон, асуудлуудын хамгийн том эх сурвалж болох – өөрийг эрхэмлэх хандлагыг – арилгаж харин түүний оронд бүхий л амгалан, жаргалангийн эх сурвалж болох – бусдыг чин сэтгэлээс эрхэмлэх хандлагыг – төлөвшүүлэх бясалгалыг нарийвчлан тайлбарласан байдаг.

Бусдын тусад бүрэн зорьсон, тэдэнд аль болох их тус хүргэх үүднээс гэгээрлийн хутагт хүрэхийг зорьсон сэтгэл болох бодь сэтгэлийг төрүүлэх хоёр арга байна – шалтгаан ба үрийн долоон хэсэгт ёс (уг ба үрийн долоон увдис), өөрт болон бусдад хандах хандлагаа тэгшитгэх хийгээд солих ёс (өөр хийгээд өрөөл дор сэтгэлийг тэгшитгэх ба арилжих) эдгээр болно. Тус аргуудын аль аль нь тэдгээрийн өмнө тусад нь хийх, тэдгээрийн зэхэл бүтээл болох, тэгш сэтгэлийг төлөвшүүлэх өвөрмөц аргатай. Тэдгээр нь тэгш сэтгэл гэсэн ижил нэртэй боловч тэдгээрийг төрүүлэх хэлбэр нь өөр өөр.

  1. Шалтгаан ба үрийн долоон хэсэгт бясалгалын хамаг амьтныг эх гэж мэдэх ойлголтын өмнө гарах тэгш сэтгэлийн бясалгалд садан, дайсан, үл таних (завсрын) хүмүүсийг дүрслэх ба тэрхүү тэгш сэтгэл нь тэдэнд тачаах болон хилэгнэх сэтгэлийг арилгасан тэгш сэтгэл байна. Үүний өөр нэг нэр нь үнэндээ “садан, дайсан, завсрын хүмүүст төрүүлэх тачаах, хилэгнэх сэтгэлийг арилгасан эгэл тэгш сэтгэл” гэх нэр юм. Эгэл гэдэг үг нь дараагийн өөр зүйлийг багтаасан хоёр дахь арга бий гэсэн утгыг илэрхийлнэ.

    Тэгш сэтгэлийн энэхүү эхний төрлийн нөгөө нэр нь “шравака, пратекабуддха нарын дунд нийтлэг байх тэгш сэтгэлийг төлөвшүүлэх арга болох эгэл тэгш сэтгэл” гэсэн нэр байна. Шравака (шравага, сонсоод сонсогчид) болон пратекабуддха (брадигабуд, өөрөө ялгуугсад) нар нь Бурхан багшийн сургаалын Хинаяна ёсны (Бага хөлгөний) бүтээлчдийн хоёр төрөл юм. Энд эгэл гэдэг үг нь энэ төрлийн тэгш сэтгэлийн хувьд бидэнд бодь сэтгэл байхгүй, энэ тэгш сэтгэлд бодь сэтгэл оролцоогүй гэсэн утгыг илэрхийлнэ.
  2. Өөрт болон өрөөлд хандах хандлагаа солих хийгээд тэгшитгэх аргын зэхэл бүтээл болгон төлөвшүүлдэг тэгш сэтгэл нь дээрх тэгш сэтгэлийн адил тэгш сэтгэл биш юм. Энэ нь хамаг амьтанд тус хүргэх, тэдний асуудлыг арилгах зорилго бүхий бодол болон үйлд нь хол, ойрын ямар ч сэтгэл оролцоогүй тийм тэгш сэтгэл байна. Энэ нь онцгой ялгаатай нийтийн бус Махаяна ёсны (Их хөлгөний) тэгш сэтгэл төлөвшүүлэх арга юм.

Эгэл тэгш сэтгэл

Хэрэв шалтгаан ба үрийн долоон хэсэгт аргын хүн бүрийг өөрийн эх байсан гэж мэдэх ойлголтын өмнө гарах тэгш сэтгэлийг төрүүлэх арга нь юу вэ хэмээвэл, энэ нь дараах үе шаттай. Үүнд:

Гурван хүнийг дүрслэх

Эхэлж бид гурван хүнийг дүрсэлнэ: бидний дургүй, үнэхээр таашаадаггүй эсвэл өөрийн дайсан гэж боддог хүн, маш их эрхэмлэх дотно нэг хүн эсвэл садан, мөн эдгээр сэтгэлийн аль алиныг тэдэнд хандаж төрүүлдэггүй үл таних, завсрын нэг хүн байна. Эдгээр гурвыг хамт дүрсэлнэ.

Тэдний тус бүр дээр ээлжлэн анхаарах үед ямар сэтгэл төрж байна вэ? Бидний дургүй хүнтэй холбоотой гарах таагүй, бачимдах, дургүйцэх сэтгэл. Эрхэм дотно саданд гарах тачаах, хайрлах сэтгэл. Дайсан ч биш, садан ч биш тэр хүнд тачаах эсвэл хилэгнэх сэтгэл байхгүй учраас түүнд туслахыг ч, гэм хор хүргэхийг ч хүсэхгүй, түүнийг үл ойшоох сэтгэл төрнө.

Өөрийн таашаахгүй хүнд төрүүлэх дургүйцэх сэтгэлийг хорих

Тухайн сэдвийг хялбар болгох үүднээс дүрсэлж буй тэдгээр гурван хүн тус бүрийг эмэгтэй хүн гэж бодъё. Эхэлж өөрийн дургүй, бүр дайснаа гэж үзэж байж болох тэр хүнийг авч үзье.

  1. Түүнийг таагүй, дургүй хүргэм гэж үзэх сэтгэлийг төрүүлье. Энэ сэтгэл төрөх үед,
  2. тухайлбал, хэрэв түүнд ямар нэг муу зүйл тохиолдвол эсвэл түүний хүсээгүй зүйлийг тэр эдэлж, туулбал бидэнд сайхан байх дараагийн сэтгэл бидэнд төрж байгааг бид анзаарна.
  3. Ингээд бид эдгээр муу сэтгэл, хүсэл төрөх болсон шалтгааныг шинжилнэ. Ихэнх тохиолдолд тэр биднийг хорлосон, бидэнд гэм хортой зүйл хийсэн эсвэл бид болон бидний саданд ямар нэг сайнгүй зүйл хийсэн эсвэл хэлсэн нь түүний шалтгаан болж байгааг бид мэднэ. Ийм учраас бид түүнд ямар нэг муу зүйл болох, эсвэл түүнийг хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байхыг хүсдэг байна.
  4. Үүний дараа бидний үнэхээр дургүй тэр эмэгтэйд ямар нэг муу зүйл тохиолдохыг хүсэх тэр шалтгааныг авч үзэж, тэр нь үнэндээ зөв зүйтэй шалтгаан болох эсэхийг шалгана. Дараах байдлаар бодно:
    • Ийнхүү нэрлэх дайсан маань өнгөрсөнд олон удаа миний эх, эцэг бас миний садан, найз байсан. Тэр надад маш их, тоолшгүй олон удаа тусалсан.
    • Энэ насанд юу болох нь магадтай биш. Хожим тэрээр энэ насанд надад маш их тус хүргэж, сайн нөхөр минь болж болно. Ийм зүйлүүд болох үнэндээ боломжтой байдаг.
    • Юутай ч, тэр бид хоёр ирээдүйд олон олон төрөлд төрөх бөгөөд нэгэн үед тэр миний эх эсвэл эцэг болох нь гарцаагүй. Ийнхүү тэр надад маш их тус хүргэж, би түүнд бүх итгэл найдвараа тохоох болно. Иймд өнгөрсөн, одоо, ирээдүйд тэр надад тоо томшгүй олон хэлбэрээр тусалсан, тус хүргэж байгаа, туслах учраас тэр бол угтаа сайн нөхөр. Энэ бол мадаггүй үнэн. Ийм учраас энэ насанд надад бага зэрэг гэм хүргэсэн жаахан шалтгаанаар түүнийг дайсан хэмээн үзэж түүнд мууг хүсэх нь ердөө тохиромжгүй.
  5. Бид зарим жишээг авч үзэж болно. Эрх мэдэл бүхий нэг банкны ажилтан эсвэл нэг чинээлэг хүн надад их хэмжээний мөнгө өгөх санаатай байсан, өмнө бага зэрэг өгч байсан бөгөөд тэрээр нэг өдөр уурлаж, намайг алгадсан гэж бодъё. Хэрэв би уурлан асах юм бол энэ нь түүний надад дахин мөнгө өгөх санааг болиулахад хүргэж болно. Тэрбээр бодлоо өөрчлөн мөнгөө өөр хэн нэгэнд өгөхөөр шийдэх ч аюул байж болно. Харин хэрэв би түүний намайг алгадсан явдлыг тэвчиж, харцаа буулган, амаа хамхих юм бол тэрбээр дараа нь миний уурлаагүй явдалд талархан надад бүр илүү тааламжтай хандаж болно. Магадгүй тэрбээр бүр өмнө нь өгөх гэж байснаасаа илүү ихийг ч өгөхийг хүсэж болно. Хэрэв би уурлаж, том асуудал үүсгэсэн бол “Амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэнэ” хэмээх төвөд үгтэй адил болно.
  6. Иймд би өөрийн дургүй тэр хүнийг цаг хугацааны өргөн хүрээнд авч үзэх ёстой бөгөөд энэ нь бусад амьтныг авч үзэхийн хувьд бас адил. Урт хугацааны дараа тэд надад туслах нь 100% баталгаатай. Иймд би хэний ч надад хүргэж болох ялимгүй, аар саар гэмийн төлөө тэдэнд уурлах нь зохимжгүй юм.
  7. Мөн хилэнцэт хорхой, зэрлэг амьтан, эсвэл хий сүг нь дөнгөж чичих, хатгах төдийд хэрхэн шууд эргэн дайрдгийг авч үзэх хэрэгтэй. Ийм маягаар бид уурыг намжаана. Тухайн хүн надад ямар ч гэм хүргэсэн байсан хамаагүй би тэвчээр алдаж, уурлахгүй, үгүй бол би зэрлэг амьтан, хилэнцэт хорхойноос дээргүй болно гэж бодох хэрэгтэй.
  8. Эцэст нь, бид энэ бүхнийг логик силлогизм (хоёр ишлэлээс ургуулан батлах оюун дүгнэлт, найрлага) хэлбэрт оруулж болно. Надад зарим нэг гэм хүргэсэн шалтгаанаар би бусдад уурлахыг зогсооё, учир нь:
    • Өнгөрсөн төрлүүддээ тэд миний эцэг, эх байсан.
    • Хожим энэ насанд тэд миний эрхэм сайн нөхөр болохгүй гэсэн баталгаа үгүй.
    • Ирээдүйд нэгэн цагт тэд миний эцэг, эх болж надад ихээр тус хүргэх ба ийнхүү тэд надад гурван цагт тус хүргээд байна.
    • Хэрэв би түүний хариуд уурлах юм бол би зэрлэг адгууснаас дээргүй болно. Иймд би тэдний энэ насанд надад хүргэж буй багахан төдий гэм дор уурлахыг тэвчье.

Өөрийн таашаах хүнд төрүүлэх тачаах сэтгэлийг хорих

  1. Бидний эхэлж дүрсэлсэн дайсан, садан, завсрын хүн бүхий бүлгийн дотор байх тэрхүү өөрийн садан болох эсвэл хайртай хүн дээрээ анхаарлаа хандуулна.
  2. Түүнд тачаах, түүнийг хайрлах сэтгэлийг төрүүлье.
  3. Тэр хүнтэй хамт байхыг хүсэх илүү хүчтэй сэтгэл төрүүлж,
  4. тийнхүү сэтгэл алдах, сэтгэл хүлэгдэх шалтгааныг шинжилж үзнэ. Тэр хүн энэ насанд надад бага зэрэг тус хүргэсэн, ямар нэг сайхан зүйл хийсэн, сайхан сэтгэл төрүүлсэн гэх мэт шалтгаанаар би түүнд тачаан, ийнхүү элгэмсэг хандаж байна.
  5. Ингээд үүнийг түүнд ийм сэтгэл төрүүлэх зохистой шалтгаан мөн эсэхийг шалгана. Энэ бас тийм сайн шалтгаан биш байна. Учир нь:
    • Тэрбээр өнгөрсөн төрлүүддээ миний дайсан байж, надад гэм хор хүргэж, бүр миний махыг идэж, цусыг ууж байсан нь эргэлзээгүй.
    • Хожим энэ насанд тэр миний хамгийн муу дайсан болохгүй гэсэн баталгаа үгүй.
    • Ирээдүйд нэгэн цагт надад ямар нэг үнэхээр таагүй зүйл хийж, надад гэм хор хүргэх нь гарцаагүй.
  6. Хэрэв би түүний энэ насанд надад хийсэн ямар нэг яльгүй сайхан зүйлээр шалтгаалан түүнд сэтгэл алдан, хүлэгдвэл хүний мах иддэг мөрөн голын шулам эмийн шидэнд автах эрээс дээргүй болно. Тэд шидээр үзэсгэлэнт дүрд хувилж эрчүүдийг урхидан аваачиж, дараа нь тэднийг иддэг.
  7. Ийнхүү бид тэр эрэгтэй эсвэл эмэгтэйн энэ насанд бидэнд хийсэн багахан сайхан зүйлийн төлөө тэдэнд тачаан хүлэгдэхгүй хэмээн шийднэ.

Завсрын хүнд төрүүлэх үл ойшоох сэтгэлийг хорих

Гуравдугаарт, завсрын хүнд – бидний садан ч биш, дайсан ч биш үл таних тэр хүнд харгалзуулан өмнөхтэй адил аргачлалыг хэрэглэнэ.

  1. Дүрслэлдээ байх тухайн хүн дээр анхаарлаа хандуулна.
  2. Тэр хүнд туслах эсвэл гэм хүргэх, хамт байх эсвэл цааш түлхэх ямар ч сэтгэл төрүүлэхгүй байж,
  3. бүр цаашлан түүнийг үл ойшоох сэтгэлийг төрүүлнэ.
  4. Ийм сэтгэл төрүүлж буй шалтгаанаа шинжилнэ. Шалтгаан нь тэр хүн надад туслах эсвэл гэм хор хүргэх ямар ч зүйл хийгээгүй тул түүнтэй харилцах харилцаа байхгүй байгаа явдал байна.
  5. Энэ нь ийм сэтгэл төрүүлэх хүчин төгөлдөр шалтгаан мөн эсэхийг шинжилж, өмнөх тоолшгүй олон төрөлдөө, хожим энэ насанд, мөн хойдын төрлүүддээ тэр бидэнтэй дотно байж, бидний найз нөхөр болох учраас тэр бол угтаа бидний хувьд үл таних хүн биш гэж ойлгоно.

Ийм маягаар бид дайсан, садан, завсрын хүнд төрүүлэх уурлах, шунах, үл хайхрах сэтгэлийг хорьж чадна. Энэ бол шравака, пратекабуддха нарын бүтээлд нийтлэг байх мөн бодь сэтгэл төрүүлэх шалтгаан ба үрийн долоон хэсэгт аргын хүн бүрийг бидний эх байсан гэж үзэх ойлголтын зэхэл бүтээл болгон төлөвшүүлдэг эгэл тэгш сэтгэлийг төрүүлэх арга юм.

Өөрийн хандлагыг тэгшитгэх ба солих ёсны зэхэл бүтээл болох нийтийн бус Их хөлгөний ёсны тэгш сэтгэл

Өөрт болон бусдад хандах хандлагаа тэгшитгэх хийгээд солих ёсны зэхэл бүтээл болох нийтийн бус Их хөлгөний тэгш сэтгэлийг төлөвшүүлэх арга нь хоёр хэсэгтэй. Үүнд:

  • Харьцангуй үзэл дээр тулгуурласан тэгш сэтгэлийг төрүүлэх арга
  • Гүнзгий үзэл дээр тулгуурласан тэгш сэтгэлийг төрүүлэх арга.

Харьцангуй үзэл дээр тулгуурласан тэгш сэтгэлийг төрүүлэх арга нь хоёр хэсэгтэй. Үүнд:

  • Өөрийн зүгээс харсан ойлголтон дээр суурилсан тэгш сэтгэлийг төлөвшүүлэх арга
  • Бусдын зүгээс харсан ойлголтон дээр суурилсан тэгш сэтгэлийг төлөвшүүлэх арга.

Өөрийн зүгээс харсан ойлголтон дээр суурилсан тэгш сэтгэлийг төлөвшүүлэх арга

Үүнд гурван зүйл байна:

  1. Нэгэнт хамаг амьтан тоолшгүй олон төрөлдөө миний эцэг эх, ах дүү, найз нөхөд байсан учраас тэдний заримыг ойрын, заримыг холын, энэ нь найз, тэр нь дайсан хэмээн заримыг тэтгэж, заримыг түлхэх нь зохисгүй юм. Ээжтэйгээ арван минут, арван жил эсвэл арван төрөлдөө уулзаагүй байсан ч тэр миний ээж хэвээр байсаар байна гэдгийг бид бодож үзэх хэрэгтэй.
  2. Гэвч эдгээр амьтад надад тус хүргэсний адил бас заримдаа гэм хүргэсэн байх боломжтой. Тэдний надад хүргэсэн тусын хэмжээ ба тоотой харьцуулахад тэдний надад хүргэсэн гэм нь өчүүхэн бага. Иймд тэдний заримыг ойр хэмээн тэтгэж, заримыг нь хол хэмээн түлхэх нь зохимжгүй.
  3. Бид үхэх нь магадтай боловч хэзээ гэдэг нь болзоогүй. Бид маргааш цаазлуулна гэж бодъё. Иймд сүүлийнхээ өдөр хэн нэгэнд уурлан бухимдаж, гэм хүргэх нь утга учиргүй. Аар саар зүйл хийхээр шийдсэнээр бид сүүлийн өдрөө ямар нэг эерэг, утга учиртай зүйл хийх боломжоо алдаж болно. Жишээ нь, хэн нэг хүнд уурлаж, түүнийг маргааш өдөр нь хатуу шийтгэхээр шийдсэн нэг өндөр албаны хүн байсан гэж бодъё. Тэрээр тэр өдрийг бүхэлд нь тухайн хүнийг хэрхэн шийтгэх талаар төлөвлөж өнгөрөөгөөд маргааш өглөө нь ямар нэг зүйл хийхээсээ өмнө өөрөө гэнэт нас барав. Түүний уур бухимдал ямар ч утга учиргүй зүйл байв. Хэрэв нөгөө хүн нь дараагийн өдөр цаазлуулах бол энэ бас адилхан. Түүнд өнөөдөр гэм хүргэх нь ямар ч утгагүй.

Бусдын зүгээс харсан ойлголтон дээр суурилсан тэгш сэтгэлийг төлөвшүүлэх арга

Үүнд бас гурван зүйл байна:

  1. Өөрийн хувьд, би зовлон хүсэхгүй, бүр зүүдэндээ ч зовохыг хүсэхгүй ба хэдий их амгалан эдлэвч түүнийг хангалттай гэж боддоггүй явдлыг авч үзэх хэрэгтэй. Энэ бол бараг бүх хүний хувьд адил. Бүр хамгийн жижиг хорхой шавьжнаас эхлээд бүхий л амьтан зөвхөн жаргал хүсэх ба зовлон хийгээд ямар нэг асуудал хүсдэггүй. Иймд заримыг түлхэж, заримыг тэтгэх нь зохисгүй.
  2. Арван гуйлгачин манайд ирсэн гэж бодъё. Заримд нь хоол өгч, заримд нь өгөхгүй байх нь ердөө зохисгүй бөгөөд шударга бус. Тэд өлссөн, хоол хэрэгтэй байгаагийн хувьд бүгд адил. Төөрөгдөл үгүй амгалангийн хувьд – энэ бас адил, гэвч хэн үүнд хүрээд байна вэ? Бүх төөрөгдөл бүхий амгалангийн хувьд – хамаг амьтан түүгээр дутагдаж байна. Энэ бол амьтан бүрийн олохыг зорьж буй зүйл. Иймд заримыг түлхэж, заримыг тэтгэх нь зохисгүй.
  3. Өвчнөөр өвдөөд буй арван хүн байна гэж бодъё. Тэд зовж, зүдэрч байгаагаараа бүгд адилхан. Иймд заримд нь сайн хандан эмчилж, заримыг нь мартаж орхих нь шударга бус. Үүний адил хамаг амьтан өөр өөрийн тодорхой асуудал бэрхшээл, хяналтгүй дахин дахин гарах оршихуйн, орчлонгийн зовлонгоор шаналж байгаараа бүгд адил. Иймд заримыг хол хэмээн түлхэж, заримыг ойр хэмээн тэтгэх нь зохисгүй, шударга бус.

Гүнзгий үзэл дээр тулгуурласан тэгш сэтгэлийг төлөвшүүлэх арга

Үүнд бас гурван хэсэг ойлголт байна.

  1. Өөрсдийн төөрөгдлөөс шалтгаалан бид бидэнд тусалсан, сайн хандсан хэн нэгнийг жинхэнэ найз хэмээн, харин бидэнд гэм хүргэсэн хэн нэгнийг жинхэнэ дайсан хэмээн нэрлэдэг. Гэвч, хэрэв тэд бидний нэрлэж байгаачлан тэр мэтээр жинхэнэ оршдог бол Түүнчлэн гэтэлсэн Бурхан тэднийг тэр адил харах байсан. Гэвч Бурхан тэр мэт хараагүй. Шалгадгийн тийн тайлбар-таа (санскр. Праманаварттика) Дхармакирти “Бурхан бээр түүний биеийн нэг талыг үнэрт усаар сүрчих, нөгөө талыг сэлмээр цавчих тэдгээрт адил тэгш хандана” хэмээсэн.

    Бид энэхүү тэгш сэтгэлийг Бурхан багшид үргэлж атаархан түүнийг хорлохыг хичээх үеэл Дэвадаттадаа Бурхан багш хэрхэн ханддаг байсан жишээнээс харж болно. Иймд бид хүмүүсийг бидний нэрлэх тэр ангилалд жинхэнэ оршдог гэсэн төөрөгдлийн үүднээс тэдгээрийг ялган хувааж, түүнийг тууштай баримтлахаас зайлсхийх хэрэгтэй. Хэн ч тийм ангилалд жинхэнэ оршдоггүй. Жинхэнэ оршдог хэмээн баримтлах сэтгэлийг бид арилгахыг хичээх хэрэгтэй. Ингэж баримтлах сэтгэл нь юмсыг бидэнд буруу тусган харуулах бидний төөрөлдсөн сэтгэлээс гардаг.
  2. Хэрэв хамаг амьтныг садан эсвэл дайсан гэсэн ангилалд үнэхээр багтдаг гэж үзэх юм бол бидний тийнхүү баримталж байгаагийн адил тэд тэр ангилалд үргэлж байх хэрэгтэй болно. Жишээ нь, бидний үргэлж зөв явдаг гэж боддог нэг цагийг авч үзье. Зарим үед түүний нөхцөл өөрчлөгдсөнөөр цаг хоцорч явах боломжтойн адил бусдын нөхцөл ч хөдөлбөргүй тогтсон биш бөгөөд бас өөрчлөгдөж болно.

    Орчлонд хяналтгүй эргэлдэх энэхүү нөхцөлд ямар ч баттай зүйл үгүй хэмээх сургаалыг авч үзэх үед, хүү нь эцгээ идэж, эхээ зодон, дайснаа бүүвэйлэн суух тэр нэгэн жишээ бидэнд үүнийг ойлгоход тусалдаг. Энэ жишээ нь гэгээрэлд хүргэх бодь мөрийн зэргийн (лам-рим) дунд төрөлхтний сэдэл төлөвшүүлэх сургаалын хэсэг юм. Нэгэн удаа Хутагт Катяяна эцэг нь ойролцоох цөөрөмд загас болон төрж, хүү нь түүнийг идэн суух нэг айлд ирж, хүү урд эх нь байсан тэрхүү нохойг түүний эцэг байсан загасны ясаар чулуудан, дайсан явсан хүүг өвөр дээрээ бүүвэйлэн суухыг харжээ. Катяяна орчлонд эргэлдэх амьтдын байр суурь ийнхүү өөрчлөгдөх энэ байдлыг харан ихэд инээв. Иймд бид хүмүүсийг садан, дайсан гэсэн ангилалд хөдөлбөргүй оршдог хэмээн баримталж түүний үндсэн дээр нэг хэсгийг тэтгэн, нөгөө хэсгийг түлхэх явдлыг зогсоох хэрэгтэй.
  3. Суртгаалын хураангуй-даа (санскр. Шикшасамукчаяа) Шантидэва гэгээн өөр болон бусад харилцан нэг нэгнээсээ хэрхэн шалтгаалдгийг тайлбарлан үзүүлсэн. Холын болон ойрын уулын жишээ мэт, тэдгээр нь нэг нэгнээсээ шалтгаалах ба харьцангуй нэрлэгдэнэ. Бид ойрын ууланд хүрэх үед тус уул ойрын, нөгөө уул холын уул мэт санагдана. Холын ууланд хүрэх цагт ойрын уул холын, холын уул ойрын мэт санагдана. Үүний адил бид зөвхөн өөрийн зүгээс харагдах “би” мэт оршдоггүй ба учир нь өөрийг бусдын зүгээс харах үед бид “бусад” болдог. Энэ адил нөхөр болон дайсан нь нэг хүнийг харах, ойлгох ердөө өөр өөр хэлбэрүүд юм. Хэн нэг хүн нэг хүний сайн нөхөр, нөгөө хүний дайсан аль аль нь байж болно. Холын болон ойрын уул мэт энэ бүхэн бүгд бидний харах өнцгөөс хамааран өөрчлөгдөж байдаг.

Таван шийдвэр

Дээрх ойлголтуудад хүрснээр бид таван шийдвэр гаргах хэрэгтэй болно.

Хамаг амьтанд сэтгэлийг тэгшитгэе

Харьцангуй эсвэл гүнзгий үзлийн аль алины үүднээс харж байсан ч зарим хүмүүсийг ойр, заримыг хол хэмээн үзэх ямар ч шалтгаан байхгүй юм. Иймд бид нэг хатуу шийдвэрийг гаргах хэрэгтэй: би хамаг амьтанд сэтгэлээ тэгшитгэе. Заримыг түлхэх, заримыг тэтгэх тэгш бус сэтгэлийг арилгая. Дайсагнах хийгээд садансах хоёр сэтгэл нь хоёул надад энэ болон хойдын төрөлд, түр нэг хийгээд эцэст хүртэл, ойрын хийгээд ашдын хэрэгт тус болсон нь үгүй. Тэдгээр нь бүхий л зуун зуун зовлонгийн уг бөгөөд хяналтгүй дахин дахин гарах орчлонгийн зовлонгийн гянданд хорих харуул мэт.

1959 оны Төвөдийн бослогын дараа Төвөдөд үлдсэн тэдгээр хүмүүсийн жишээг харъя. Өөрийн хийд, хөрөнгө, эд зүйл, гэр орон, садан, найз нөхөд зэрэгтээ тачаасан тэдгээр хүмүүс тэр бүхнийг орхиж чадаагүй. Эцэст нь тэд шунах сэтгэлээс болж шорон, бөөнөөр хорих лагерьт 20 гаруй жилийн турш булшлагдсан гэж хэлж болно. Тэгш бус ийм сэтгэлүүд нь биднийг нэрмэлтгүй тамын галд аваачих харгис хэрцгий зандалчид, бидний дотор байх унтах нойрыг хасах буг чөтгөрүүд юм. Бид тэднийг бүхий л аргаар гарган хаях ёстой.

Харин хамаг амьтанд тэднийг зовлон бэрхшээлгүй, амгалантай байхыг хүсэх тэгш хандлагаар хандах нь түр нэг болон эцэст хүртэл, ямар ч үзлийн үүднээс чухал. Энэ бол бүх Бурхад, бодьсадва нарын зорьсон эрдэмдээ хүрэхдээ даган явсан хамгийн гол зам байсан. Энэ бол гурван цагийн бүх Бурхадын санаа зориг хийгээд чин хүсэл. Иймд бид хамаг амьтан өөрийн зүгээс надад ямар ч гэм хийгээд тусыг хүргэсэн байсан, харин би өөрийн зүгээс тэдэнд ялгал үгүй үйлдье гэж бодох хэрэгтэй. Хилэгнэхгүй хийгээд тачаахгүй. Хол хийгээд ойрд үзэхгүй. Асуудлуудыг шийдэх үүнээс өөр арга, хэлбэр байхгүй байж магадгүй. Хүн бүр амгаланг хүсэж, зовлонг хэзээ ч үл хүсэх тул тэдэнд хэрхэн хандаж, тэднийг хэрхэн авч үзэхийн хувьд би тэгш хандлагатай байя. Энэ бол миний аль чадах хэрээр хүчин чармайлт гаргах ёстой зүйл. Лам багштан та, үүнийг хийж чадахуй дор адислан соёрх оо. Эдгээр нь Ламын чодба – Багшийг тахихуйн зан үйлд байх энэ бүтээлтэй холбогдох таван бадгийн эхний бадгийг унших үед төрүүлэх ёстой болдог бодол юм. Эхний бадаг нь:

Өчүүхэн төдий зовлонг ч үл хүсэх хийгээд өөд амгаланд хэзээ ч ханан мэддэггүй нь: өвөр хийгээд бусдад ялгамжаа байхгүй хэмээн өрөөлд амгалан баясал төрүүлэхүй дор адисла.

Ийнхүү эхний энэ бадгаар бид хүн бүхэнд амгаланг өгч, тэдний зовлонг арилгахыг хүсэх сэтгэл хийгээд үйл хэрэгтээ хол, ойрын сэтгэлийг агуулаагүй тэгш хандлагыг төрүүлэхийг хүсэмжилнэ. Энэхүү тэгш сэтгэл бүхий хандлага нь энд яригдаж буй тэгш сэтгэл, тэгш хандлагын тодорхойлолт болно. Бид энэ хандлагыг төлөвшүүлж, түүнд хүрэх хатуу шийдвэр гаргах ба энэ нь дэлгүүрт байх сайхан эд зүйлийг харснаар худалдан авах шийдвэр гаргах үед ч адил байна.

Өөрийг энхрийлэн барих сэтгэлийг арилгая

Үүний дараа бид өөрийг энхрийлэн барихын гэмийн талаар бодно. Өөрийг энхрийлэх хандлага бүхий хувиа хичээх сэтгэлийн үүднээс бид сөрөг байдлаар үйлдэл хийн, арван хар нүглийг үйлдэж, улмаар тамын төрөлд унадаг. Тэндээс гэгээрэлд хараахан хүрээгүй хутагтын (архад, гэтэлсэн төрөлхтний) зэрэг хүртэлх тэр бүх зам мөрд тэрхүү хувиа хичээх сэтгэл бүхий л амгалан, жаргаланг үгүй хийх шалтгаан болдог. Хэдийгээр бодьсадва нар гэгээрэлд ойртсон ч тэдний зарим нь бусдаасаа илүү ойртон ирсэн байдаг. Тэдний энэхүү ялгаа нь тэдэнд байх өөрийг энхрийлэх сэтгэлийн хэмжээнээс шалтгаалдаг байна. Улс орнуудын хоорондын маргаан, багш шавь, гэр бүлийн доторх, эсвэл найз нөхдийн хоорондын зөрчил – энэ бүхэн өөрийг энхрийлэн барих сэтгэлээс бий болдог. Иймд хэрэв бид өөрийн дотор байх хувиа хичээх, өөрийг энхрийлэн барих сэтгэлийн энэхүү идээ бээрийг арилгахгүй бол амгалан жаргалан эдлэх ямар ч арга үгүй болох талаар бодох хэрэгтэй. Иймээс би өөрийг энхрийлэн барих сэтгэлийн эрхэнд хэзээ ч орохгүй байя. Лам багштан та, миний амин хувиа хичээх сэтгэл бүгдийг арилгахуй дор адилслан соёрх оо. Эдгээр нь хоёр дахь бадгийн үед бодох бодлууд юм. Хоёр дахь бадаг нь:

Өөрийг зөвхөн энхрийлэн барих архаг өвчин үүнийг үл хүсэх зовлон үүсгэхийн шалтгаанд хараад өөмтөглөн зэмлэж, өс дор барин үйлдээд өөдгүй Би-д барихын их адыг дарахуй дор адисла.

Ийнхүү хоёрдугаар бадгаар бид аминч үзлийн өөрийг энхрийлэн барих хандлагыг арилгах хатуу шийдвэр гаргана.

Бусдыг энхрийлэн барих сэтгэлийг голлон бүтээе

Үүний дараа бид бусдыг энхрийлэн барьснаар гарах эрдэм хийгээд ач тусын талаар бодно. Энэ насанд бүхий л амгалан жаргалантай учирна; хойдын төрөлд тэнгэр хийгээд хүмүүний төрлийг олно; ийнхүү гэгээрлийн хутаг хүртэлх бүхий л амгалан жаргалан бусдыг энхрийлэн барихаас гарна. Олон жишээний үүднээс бид энэ талаар их бодох хэрэгтэй. Жишээ нь, ихэд хүндлэгдэх түшмэлийн алдар хүнд түүний бусдын төлөө тавьсан сэтгэл, түүний бусдыг эрхэмлэсэн сэтгэлээс гарна. Бидний амьтны амь үл таслах, хулгай үл хийх ёс зүйн сахилга бат нь бусдыг эрхэмлэх сэтгэлээс гарах бөгөөд энэ бол бидэнд хүний төрлийг авчирдаг зүйл.

Дээрхийн гэгээн Далай лам, жишээ нь, хаа газрын бүх хүний сайн сайхныг бодох бөгөөд түүний бүхий л эрдэм нь энэхүү бусдыг эрхэмлэх сэтгэлээс төрсөн. Бодьсадва Тогмэй-зангпо түүнд хор хүргэх гэсэн хүслийн тэнгэр Камагийн хорлолд хорлогдоогүй. Энэхүү төвөд их мэргэн бээр шавьж хорхой галд ороход уйлдаг нэгэн байсан. Тэрбээр хамаг амьтанд чин сэтгэлээс санаа тавих учир бүр хий сүг зэрэг тэдгээр хорлогчид түүнд хорлол хүргэж чаддаггүй байв. Энэ нь лус тэдний хэлснээр түүний тэдэнд зөвхөн тус хүргэх, тэднийг энхрийлэн барих сэтгэлээс болдог байжээ.

Бурхан багш өмнөх төрлүүдийнхээ нэгэнд тэнгэр нарын хаан Эсрэн болж төрсөн ба нэгэн удаа тэнгэр нар болон асур тэнгэр нарын хооронд дайн болжээ. Асур нар ялж, Эсрэн бээр өөрийн тэргээр зугтав. Тэрбээр цугласан олон тагтаа бүхий замын хэсэгт ирснээр, тэднийг дайрах вий хэмээн тэргээ зогсоов. Үүнийг харсан асур нар түүнийг эргэн довтлох нь хэмээн зугтжээ. Хэрэв бид үүнийг дүгнэн харвал тэдний зугтсан нь Эсрэн тэнгэрийн бусдыг эрхэмлэх сэтгэлээс болсныг харна. Энэ мэт жишээгээр бид бусдыг энхрийлэн барихын ач тусыг олон өөр талаас нь авч үзэж болно.

Хэн нэгэн шүүгч эсвэл түшмэл албан өрөөнд цэмцийн суух үед түүний албан тушаал, түүнтэй холбоотой бүхэн бусад байгаагаас шалтгаалсан байдаг. Жишээ нь, бусдын ач тус тэдний оршихуйг бий болгодог. Хэрэв түүнээс өөр хэн ч байдаггүй бол тэр шүүгч байх боломжгүй. Түүнд хийх зүйл байхгүй. Бүр цаашилбал, хэдий хүмүүс байсан ч хэрэв хэн ч түүн дээр ирэхгүй бол тэр шүүгч хийх зүйлгүй, зүгээр сууна. Харин олон хүн түүний өмнө ирж, түүгээр хэргээ шийдүүлэхээр хандах юм бол тэднээс шалтгаалан тэрбээр цэх суун, тэдэнд үйлчилнэ. Ламын хувьд энэ бас адил. Бусдаас хамааралтайгаар тэр ая таатай суун, сургаал айлдана. Түүний байр суурь бүхэлдээ түүний тусыг хүртэх бусад байгаагаас шалтгаалж байна. Тэрбээр тэдэнд тус болохоор Ном айлдаж байгаа бөгөөд энэ тус нь тэдний өмнө хийсэн тусыг санах сэтгэл гэх мэтээр бусдаас хамааран гарч ирж байна.

Үүний адил бидний гэгээрэлд түргэн хүрэх нь бусдыг эрхэмлэсэн асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлээс шалтгаалдаг. Жишээ нь, хэн нэг дайсан бидэнд гэм хүргэснээр бид тэвчээрийг төлөвшүүлж гэгээрэлд ойртдог, энэ нь бидний бусдыг эрхэмлэх сэтгэлээс гарна. Ийнхүү, хэрэв тэд байхгүй л биш бол, хамаг амьтан нь бүх амгалан жаргалан, сайн сайхны үндэс, суурь болдог учраас тэд бидэнд юу ч хийх байсан, ямар ч гэм хүргэх байсан бусдыг би үргэлж эрхэмлэе хэмээн шийдэх хэрэгтэй. Бусад хамаг амьтан нь миний Номын багш, Бурхан, гурван эрдэнэ мэт бөгөөд тэднийг би машид энхрийлэн барьж, тэдэнд муу зүйл тохиолдох аваас миний гарз хохирол хэмээн санаж, юу ч болж байсан тэднийг хэзээд үл орхино. Хэзээд би ачийг санаж, асрал хайрыг төрүүлье. Лам багштан та, бусдыг гэх энэ мэт сэтгэлээс хормын төдий ч үл хагацах дор адислан соёрх оо. Энэ бол гуравдугаар бадгийн утга. Гуравдугаар бадаг нь:

Эхсийг тэтгэж, амгаланд байгуулахын оюуныг эн хязгааргүй эрдэм гарахын үүдэнд хараад эдгээр амьтад миний дайсанд боссон ч энхрийлж аминаасаа илүүд үзэхийг адисла.

Ийнхүү бид бусдыг энхрийлэн барих сэтгэлийг гол бүтээл болгон үйлдэх шийдвэр гаргана.

Өөрт хийгээд өрөөлд хандах хандлагыг солих миний чадамж

Өөрийг энхрийлэн барихын олон гэм, бусдыг энхрийлэн барихын олон тусыг санаснаар бидэнд өөр хийгээд бусдыг үзэх үнэлэмжийг солих ёстой гэсэн сэтгэл төрөх ба харин бид түүнийг үнэхээр сольж чадах болов уу хэмээнэ. Бид чадах нь гарцаагүй. Урд, Бурхан багш гэгээрэлд хүрэхээсээ өмнө бидний адил байсан тул бид бас өөрийн хандлагыг өөрчилж чадна. Тэрбээр мөн адил хяналтгүй дахин дахин гарах орчлонгийн нөхцөл, зовлонд төрлөөс төрөл дамжин эргэлдэж байсан. Гэвч Чадагч Бурхан хэнийг энхрийлэх тухайд өөрийн хандлагыг сольж чадсан. Бусдыг энхрийлэхийг хатуу барьснаар өөрийн хийгээд бусдын зорилгыг гүйцээж чадах тэр оргилд хүрсэн.

Харин бид зөвхөн өөрийг энхрийлж бусдыг орхисоор иржээ. Бусдад туслах бүхнийг хойш тавьснаар бид өөрт бүр өчүүхэн төдий тусыг эс хүргэсэн байна. Өөрийг энхрийлэн, бусдыг үл ойшоосноор өөрийг мөхөс дор болгон, үнэхээр ач холбогдолтой юунд ч хүрч чадсангүй. Бид өөрийн асуудлаас гарах шийдвэр, жинхэнэ магад гарах сэтгэлийг төрүүлж чадаагүй. Бид өөрийг муу төрөлд унах аюулаас хүртэл сэргийлж чадаагүй байна. Ийм байдлаар бид өөрийг энхрийлэхийн гэм, бусдыг энхрийлэхийн эрдмийг санана. Хэрэв Бурхан багш бидний адилаар эхэлж, өөрийн хандлагыг сольж чадсан юм бол бид ч бас өөрийн хандлагыг сольж чадна.

Үүгээр зогсохгүй, сэтгэлийг үүнд сайтар дадуулснаар, өөрийн биеийг асардгийн адилаар бусдын биеийг асрах нь ч боломжтой. Угтаа бид бусдын биеийн, тухайлбал, эцэг эхийн улаан, цагаан дуслыг авсан хийгээд тэднийг бид одоо өөрийн бие мэт энхрийлж байна. Угаас тэд биднийх биш байсан. Ийм учраас бид өөрийн хандлагыг солих нь боломжгүй биш хэмээн бодох хэрэгтэй. Би өөрт хийгээд өрөөлд хандан барих хандлагаа сольж чадна. Энэ бол миний хийж чадахгүй бус, харин хийж чадах зүйл. Иймд, лам багштан та, үүнийг чадахад адислан соёрх оо. Энэ бол дөрөв дэх бадгийн гол санаа юм. Дөрөв дэх бадаг нь:

Хураангуйлбаас нялхас зөвхөн өөрийн тусад хуурмаггүй Бурхан бол бусдын тусыг зохиодгийн гэм хийгээд эрдмийн ялгамжааг онохын оюунаар өвөр, бусдыг тэгш арилжихыг чадахуй дор адисла.

Ийнхүү бидний энд гаргах шийдвэр бол өөрийг хийгээд өрөөлийг энхрийлэн барих хандлагыг би лавтай сольж чадна гэсэн шийдвэр байна.

Өөрт хийгээд өрөөлд хандах хандлагыг бодитой солих

Энд бид өөрийг энхрийлэн барихын гэм, бусдыг энхрийлэн барихын эрдмийг дахин санах ба энэ удаа тэднийг өөр хэлбэрээр, тэдгээр хоёрыг хоршуулж бүтээнэ. Өөрөөр хэлбэл, бид арван хар нүгэл, арван цагаан буяныг жагсаалтын дагуу нэг нэгээр нь авч үзэх ба ингэхдээ тэдгээрийн үр дагаврыг өөрийг болон бусдыг энхрийлэх үүднээс харна. Жишээ нь, хэрэв би өөрийгөө энхрийлж байвал бусдын амийг авахаас татгалзахгүй. Түүний үрд би нэрмэлтгүй тамд төрөх ба хожим хүний төрөлд төрсөн ч өвчин зовлон бүхий богино настай болно. Харин би бусдыг энхрийлж байвал бусдын амийг авахгүй болох ба түүний үрд би сайн төрөлд төрөх хийгээд урт насыг насална гэх мэт. Түүний дараа эс өгснийг авах ба түүнийг хорих, зохисгүй бэлгийн үйл ба түүнийг хорих гэх мэтээр дээрх аргачлалыг давтана. Товчилбоос, тав дахь бадагт:

Зөвхөн өөрийгөө энхрийлэх нь доройтол бүхний үүд эүйтэй эх нүгүүдийг энхрийлэн барих нь эрдэм бүхний суурь тиймийн тул өвөр, бусдыг арилжихын егүүзэрийг
тийн анхааран авлагын шимэн дор үйлдэхийг адисла.

Тав дахь шийдвэр нь өөрт хийгээд өрөөлд хандах хандлагыг бодитой сольё гэсэн шийдвэр байх ба энэ нь мэдээж, одоо, би бол чи, чи бол би гэсэн утгатай биш юм. Харин энэ бол хэнийг эрхэмлэхтэй холбоотой баримтлах үзлээ солино гэсэн үг. Өөрийг энхрийлэн бусдыг үл ойшоохын оронд одоо би бусад бүгдийг энхрийлж, амин хувиа бодох хандлагыг орхиё гэнэ. Хэрэв бид үүнийг хийж чадахгүй бол бид ямар нэг эрдэмд хүрэх боломжгүй. Харин бид өөрийн хандлагадаа энэ өөрчлөлтийг гаргаж чадвал түүн дээр суурилан бид асрахуй ба нигүүлсэхүй сэтгэлийг төрүүлэх арга болох өөрийн амгаланг бусдад өгч, бусдын зовлонг өөрт авах дүрслэл бүхий бясалгалд суралцаж чадна. Үүний үндсэн дээр бид амьтан бүрийн бэрхшээл зовлонг арилгаж, тэднийг амгаланд хүргэх үлэмжийн санаа болон аль болох ихийг хийж чадахын тулд гэгээрлийн хутагт хүрэхийг зорих бодь сэтгэл эдгээрийг төрүүлж чадна.

Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Амьдралын утга учир”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Дүгнэлт

Энэхүү сургаалын эх сурвалж нь Гаадамбын ёсны их эрдэмт мэргэн Шантидэва гэгээний Бодьсадвын явдалд орохуй (санскр. Бодхичаряватара) болон IV Панчэн ламын найруулсан Ламын чодба – Багшийг тахихуйн зан үйл бүтээлүүд юм. Тус сургаал Дээрхийн гэгээн Далай ламын туслах багш агсан Кябжэй Трижан Доржчан ламтны Бүтээлийн цоморлогт дугаарласан хэсгүүд бүхий энэ хэлбэрээр байдаг. Гэвч үүний гарчиг болон дугаарлалыг хэт сонирхох нь өөрийн өмнө байх тавагтай долоон момог (буузыг) идэхийн оронд хэн нэгнээр тавганд хэдэн бууз байгаа, хэлбэр нь ямар эх сурвалжтай болохыг батлуулахыг хүсэхтэй адил болно. Ердөө суугаад, идэх хэрэгтэй!

Top