НСЁЗ-н боловсрол: Дэлхийн хүн байх

Эмори Их Сургууль, Нийгэм, сэтгэл, ёс зүйн боловсролын хөтөлбөр, Товч агуулга

Нийгэм, сэтгэл, ёс зүйн (НСЁЗ -н) боловсролын хөтөлбөр нь (англ. Social, Emotional and Ethical (SEE) Learning) Эмори Их Сургуулийн Бясалгал судлал, нигүүлсэхүйд суурилсан ёс зүйн төвөөс боловсруулсан гаргасан хөтөлбөр. Тус хөтөлбөрийн зорилго нь сэтгэл зүйн хувьд эрүүл, ёс зүйн хувьд хариуцлагатай хувь хүн, нийгмийн бүлэг, үндэстнийг төлөвшүүлэхэд туслах. НСЁЗ-н боловсрол: Дэлхийн хүн байх гэсэн энэхүү сүүлийн гурав дахь хэсэгт бид дэлхий дахин хэрхэн бие биеэсээ хамааралтай, бүхий л хүний төрөлтөн бид жаргалыг хүсэх нийтлэг нэг хүсэлтэй болох хийгээд бид дэлхий дахины түвшинд эерэг өөрчлөлтөнд хэрхэн хувь нэмэр оруулж чадах талаар авч үзэх болно.

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц эрчимтэй даяарчлагдаж, улам илүү нарийн ярвигтай, харилцан бие биеэсээ ихээр хамааралтай болж байгаа. Өнөө хийгээд ирээдүйн үеийнхний өмнө тулгарч байгаа сорилтууд маш өргөн, алс хэтийн мөн чанартай. Тэдгээрийг шийдэх шийдлүүд нь хамтын ажиллагаа, олон салбар, глобал баримжаа бүхий сэтгэлгээний болон асуудал шийдэх хэв маягийг шаардсан байх нь гарцаагүй. Дэлхий дахинтай харилцахад энэрэн нигүүлсэх сэтгэл дангаараа хангалттай биш. Бид бидний амьдарч байгаа тогтолцооны талаарх өргөн хүрээний ойлголтон дээр суурилсан хариуцлага бүхий шийдвэр гаргах чадвартай энэрэн нигүүлсэх сэтгэлийг хослуулах хэрэгтэй.      

Глобал буюу дэлхий нийтийн түвшний хамрах хүрээ нь эхэндээ сүрдмээр санагдаж болох ч энэ нь Хувь хүн болон Нийгмийн хамрах хүрээнд шинжлэн үзсэн тэр мэдлэг, чадвар дээр суурилах ба ердөө түүнийг өөрийн нийгмийн бүлэг, нийгэм, глобал түвшинд тэлж буй хэрэг. Үүний илрэх илрэлүүд нь бид өөрийн зан байдлыг ойлгодгийн адилаар бусдын зан байдлыг ойлгох чадвар хийгээд систем тогтолцооны үйл явц нь мөн дотоод мөн чанартай байдгийг ойлгох чадамж. Энэ ойлголтыг гүнзгийрүүлж, нарийн ярвигтай нөхцөлүүдэд критикал сэтгэлгээг (өөрийн сэтгэл болон үзэл бодлын нөлөөгүйгээр сэтгэх процесс) ашиглах үед ёс зүйн оролцоо үүснэ. Асуудал шийдвэрлэх нь бидний асуудлуудыг жижиг жижиг, холбоогүй хэсгүүдэд хуваах хандлагаас зайлсхийсэн илүү холистик, бүхэл үйл явц болно. 

Дэлхий нийтийн Хамрах хүрээг дараах сэдвүүдийн хүрээнд авч үзнэ. Үүнд: 

  • Харилцан хамаарлыг ойлгох 
  • Хүний нийтлэг мөн чанарыг таних 
  • Нийгэм болон дэлхийн нийтийн түвшин дэх оролцоо 

Харилцан хамаарлыг ойлгох 

Харилцан хамаарал гэдэг нь юмс, үйл явдлууд ямар нэг тэдгээрийн орших эсвэл гарах хам нөхцөлгүйгээр үүсэн бий болдоггүй, харин тэдгээр нь оршин байхын тулд бусад олон зүйлс, үйл явдлуудаас шалтгаалдаг гэх ойлголт. Жишээ нь, бидний идэж буй энгийн нэг хоолыг, түүний орц найрлагуудыг цаг хугацаа болон орон газрын үүднээс хөөж үзэх юм бол маш олон тооны эх сурвалж, хүмүүсийн оролцоотойгоор бий болсон байдаг. Харилцан хамаарал нь мөн нэг хэсэг дэх өөрчлөлт өөр нэг хэсэг дэх өөрчлөлтөнд хөтөлдөг гэсэн утгатай. Үр дагаврууд шалтгаантай бөгөөд үнэндээ тэдгээр нь олон шалтгаан, нөхцөлүүдийн улмаас үүссэн байж болно.

Харилцан хамаарлыг тунгаан үзэхийн зорилго нь манай дэлхий нийтийн тогтолцоо хэрхэн явагддагийг ойлгох нэг эгэл ойлголтыг төрүүлэх тухай бус харин бидний, бусдын, дэлхийн нийтийн сайн сайхны талаарх мэдлэгтэй холбогддог. Харилцан хамаарлыг бид дараах хоёр тал хандлагын үүднээс авч үзэж болно. Үүнд:

  • Харилцан хамаарал бүхий тогтолцоог ойлгох 
  • Тогтолцооны хам нөхцөл дэх хувь хүмүүс 

Харилцан хамаарал бүхий тогтолцоог ойлгох гэдэг нь “(өөрийн) дотоод” болон “гадаад” гэх хандлагаас өргөн хүрээний тогтолцоо болох “гадаад” хандлагат шилжих гэсэн утгатай. Бид өөрийн ойлголтыг шалтгаан ба үр дагавар гэх мэт харилцан хамаарал болон дэлхий нийтийн тогтолцооны зарчмын тухай ойлголт уруу чиглүүлдэг. Харин тогтолцооны хам нөхцөл дэх хувь хүмүүс гэдэг нь бид бидний оршихуй болон бусдын оршихуй дэлхийг  хамарсан өдий төдий үйл явдал, шалтгаан, хүмүүстэй хэрхэн маш нарийн холбогдсон байдгийг ойлгохоор илэрхийлэгдэнэ. 

Харилцан хамаарал бүхий тогтолцоог ойлгох 

Харилцан хамаарал нь байгалийн хууль мөн хүний амьдралын тулгуур бодит байдал. Хэн ч хүнс, ус, орон байрны суурь хэрэгцээг хангах болон боловсрол, хууль сахиулах, засгийн газар, газар тариалан, тээвэр, эрүүл мэндийн гэх мэт салбарууд түүнийг дэмжих дэд бүтэцэд ажиллаж байгаа тэдгээр олон тоолж барахгүй бусдын дэмжлэггүйгээр амьдралыг тэтгэж чадахгүй, дэвжин дээшлэхгүй. 2007 – 2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал гэх мэт гол, нийтээр мэдэх хямралууд, дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүчирхийлэл бүхий зөрчилдөөнүүд эдгээр нь эдийн засаг, экологийн харилцан хамаарлыг дэлхийн түвшинд харуулж байгаа юм. 

Уламжлалт өмнөх нийгмүүдэд бусадтай холбогдох холбоо харилцаа бидний өдөр тутмын амьдралд илүү гүнзгий сууж өгсөн байсан. Амьдрал ихэнх тохиолдолд эд баялаг хуваалцах болон тариалан хураахаас эхлээд барилга байгууламж барих, араатан амьтадтай хамтран тэмцэх гэх мэт нийгмийн хамтын ажиллагааны бусад хэлбэрүүдээс шалтгаалж байв. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш эдийн засгийнхаа нэр хүндийг өргөх сонирхлын үүднээс бид илүү хөдөлгөөнтэй, нийгмийн бүлгүүдээс өөрсдийгөө тусгаарлах болсон. Энэ нь бие даасан байдал гэсэн буруу ойлголтыг төрүүлж, насанд хүрэх үед бусдын дэмжлэг шаардлагагүй болно гэсэн итгэл үнэмшлийг хялбар төрүүлж байв. Энэхүү бие даасан байдлын буруу мэдрэмж нь сэтгэл зүйн болон нийгмээс тусгаарлагдмал байдлын өсөн нэмэгдэж буй чиг хандлагат хувь нэмэр оруулах болсон. Бид бидний амьдралын болон сэтгэлийн амар амгалан бусадтай холбоотой харилцаанаас шалтгаалдаг тийм гүнзгий нийгмийн амьтад.    

Тогтолцооны хам нөхцөл дэх хувь хүмүүс 

Харилцан хамаарал бүхий тогтолцооны тухай ойлголтыг ойлгомжтой болгох үүднээс бид өөрсдийгөө илүү том дүр зурагт оруулан харах хэрэгтэй. Энэ нь бид өөрсдийгөө бусадтай холбоогүй эсвэл тэрхүү том тогтолцооноос ямар нэг байдлаар тусгаар гэж буруу харах хандлагыг сөрөхөд тусалдаг. Энд бид бидний бусад хүмүүстэй холбоотой харилцаа болон тэдгээр харилцааны нарийн нийлмэл байдлыг авч үзнэ. Энэ нь гурван хэсэгтэй. Үүнд: 

  • Тогтолцооны түвшинд бусдад талархах чин сэтгэлийн талархал
  • Бусдын амьдралд нөлөөлөх боломжтой талаарх гүн ойлголт 
  • Олныг хамрах амар амгалан авчрах үйлүүдийг хийх эрмэлзлэл 

Бид бидний зан байдал бусдад хэрхэн нөлөөлдөг хийгээд бусдын зан байдал бидэнд хэрхэн нөлөөлдгийг харах байдлаар эхэлнэ. Ингээд бид бусад бидний сайн сайханд хувь нэмэр оруулдаг тэдгээр олон хэв маягуудыг авч үзнэ. Бид нэг жагсаалт гарган түүнийг дахин дахин эргэн харах байдлаар үүнийг хийдэг. Нийгмийн хүрээнд анхаардагчлан бид өөрийн мэддэг хүмүүс дээр төвлөрөөхөөс илүүтэй энд бид илүү өргөн хүрээг – хувь хүмүүс, нийгэм, бидний хувиараа мэдэхгүй байж болох хүмүүс бүхий тэрхүү тогтолцоог багтаах явдал. Бид зөвхөн өөрийн биеэр тоолж барахгүй тэдгээр бусад хувь хүмүүсийн оролцоогүйгээр өсөн дэвжихгүй – эсэн мэнд оршихгүй гэдгийг ойлгох нь бусдад талархах чин сэтгэлийн талархлыг төлөвшүүлэх үндэс. 

Хүн бүр бидний амьдралыг тэтгэх хүмүүсийн тэр өргөн сүлжээнд нэг үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг ойлгох үед бид харилцан бие биедээ туслах сэтгэлгээг төлөвшүүлдэг. Бид ямар нэг байдлаар ач тус байна гэж хүлээн зөвшөөрөхөөс өмнө бусад бидэнд чухам хэрхэн тус болохыг харах шаардлагагүй болно. Ийнхүү энэ ойлголт нэмэгдэх хэрээр харилцан нөхөрлөлийн бие биедээ тустай байх мөн чанарыг зөвхөн өөрт төвлөрсөн явцуу эсвэл өрсөлдөх хандлагаас алгуур чухалчилж эхэлдэг. Энэхүү бусадтай ойртох сэтгэл бусдыг ойлгосон баяр баяслын чадамжийг нэмэгдүүлэх байдлаар ганцаардлыг шууд сөрдөг. Энэ нь бусдын амжилтанд дам баясах сэтгэлийг төрүүлж, атаа, жөтөө, өөрийг хэт шүүмжлэх болон өөрийг бусадтай бодит бус байдлаар харьцуулах зэргийг сөрдөг. 

Хүний нийтлэг мөн чанарыг таних

Харилцан хамаарлын талаарх дэлгэрэнгүй ойлголт нь ялангуяа энэ нь бусдын талаар сэтгэл тавих Нийгмийн хамрах хүрээнд төлөвшсөн тэдгээр чадваруудтай хосолсон үед илүү их бусдын сайн сайханд анхаарал хандуулах сэтгэл төлөвшиж мөн бид бүгд хэрхэн харилцан бие биеэсээ хамаарлтай байдаг тэдгээр хэв маягуудыг таньж байдаг. Энэ нь цааш хүний нийтлэг мөн чанарыг таних тэрхүү ойлголтоор улам хүчтэй болж, тэлдэг. Ийнхүү энд бид бүхий л хүмүүс өөрийн дотоод амьдрал, амьдралын нөхцөлүүдийн хувьд ямар тодорхой нийтлэг чанаруудыг хоорондоо хуваалцаж байдгийг авч үзнэ. Энэ үед бид хаана ч байгаа, ямар ч хүнд хэдий тэд биднээс холын хол эсвэл биднээс хэдий өөр байсан ч тэдэнд талархах, тэднийг хайрлах, энэрэх сэтгэлийг төрүүлдэг. Хүний нийтлэг мөн чанар дараах хоёр сэдэвт хуваагдана. Үүнд:

  • Нийтийн суурь тэгш эрхийг (адил байдал) ойлгох 
  • Тогтолцоо хэрхэн нийтийн сайн сайханд нөлөөлдгийг ойлгох

Нийтийн суурь тэгш эрхийг (адил байдал) ойлгох гэдэг нь хүн бүр – бидний найз нөхөд, гэр бүлээс эхлээд гарагийн нөгөө талд байгаа бидний мэдэхгүй тэдгээр хүмүүс хүртэл – амар амгалан, сайн сайхныг хүсэж, зовлон хүсдэггүйгээрээ бүгд адил гэдгийг харах явдал. Тогтолцоо хэрхэн нийтийн сайн сайханд нөлөөлдгийг ойлгох гэдэг нь глобал тогтолцоо нь эерэг үнэт зүйлийг шинээр өвлөн авч эсвэл хуучин асуудал бүхий итгэл үнэмшлүүдийг хадгалан авч үлдэх байдлаар бүгдийн сайн сайхныг өсгөн нэмэгдүүлж эсвэл бууруулж болдог гэдгийг харах. 

Нийтийн суурь тэгш эрхийг (адил байдал) ойлгох

Бид хүн төрөлхтний суурь адил байдлын талаарх ойлголтыг өөрсдийн нийгмийн гаднах тэдгээр хүмүүс рүү тэлдэг. Үнэндээ бид энэ ойлголтыг дэлхий нийтийн түвшинд тэлдэг. Ингэхдээ бид бид бүгдэд байх дэвжин дээшлэхийг хүсэж, сэтгэл үл ханах болон зовлон зүдүүрээс зайлсхийх сэтгэл гэх мэт ижил зүйл дээрээ анхаардаг. Энэ нь ялгаварлах үзэл (хувийн үзлийн нөлөөгөөр шударга бус шийдвэр гарган нэг талыг барих) болон бусдын хэрэгцээг тооцохгүй орхих бидний хандлагыг бууруулахад тусалдаг. 

Бусдыг ийм байдлаар ижил гэж таниснаар бидний “бүлэг дотор” гэх хандлага бусад үндэстэн, ястан, шашны хүмүүс рүү тэлдэг. Энэ чадамж нийгмийн дунд хувь хүн цусаа хандивлах, байгалийн гамшгийн дараах тусламжийн аянд оролцох, эрх нь зөрчигдсөн бусад бүлгийн жагсаал, цуглаанд оролцох хүртэл олон хэлбэрээр илэрнэ. Харилцан хамаарлыг ойлгох, бусдын сайн сайхны төлөө анхаарал тавих чадварууд ялгаварлах үзэл, бусдаас өөрийг тусгаарлах сэтгэл болон  бидний ойрын тойргоос гадуурх тэдгээр хүмүүсийн асуудалд анхаарал үл хандуулах гэх мэт бидний бусадтай харилцах харилцаанд байх олон саадуудын ерөндөг болдог.

Бид өөр дээрээ төвлөрөх үед дэлхий ертөнц жижигхэн санагдаж бидний асуудал, санаа зовоож байгаа зүйл том болж харагддаг. Харин бид бусад хүмүүс дээр анхаарал хандуулах үед дэлхий ертөнц тэлж ирдэг. Бидний асуудал сэтгэлийн зах руу шилжиж, жижиг мэт санагдаж бид бусадтай холбогдох чадамж, энэрэнгүй үйлээ нэмэгдүүлдэг.

Тогтолцоо хэрхэн нийтийн сайн сайханд нөлөөлдгийг ойлгох

Эерэг үнэт зүйлсийг уриалах эсвэл тэгш бус байдал, хуучны асуудал бүхий итгэл үнэмшлүүдийг хадгалан авч үлдэх байдлаар тогтолцоо нь нийтийн сайн сайхныг соёлын болон бүтцийн түвшинд дэвшүүлэн гаргаж эсвэл түүнийг бууруулж болно. Биднийг урьдаас буруу харах, шударга бусаар тал барих, тэгш бус хандах, ялгаварлах үед бидэнд хэрхэн санагддагийг тунгаан бодоход бид цаг гаргаж болно. Бид ийм асуудал бүхий систем тогтолцооны үр дагаврыг харуулах жишээнүүдийг түүхээс болон өнөөгийн үйл явдлуудаас харж болно. Эцэст нь бид урьдаас буруу харах, ялгаварлахыг ер нь зөвтгөж болох эсвэл хүн бүр амар амгалан хүсэх ижил эрхтэй эсэхийг тунгаан бодож болно.

Өргөн хүрээг хамарсан энэрэх сэтгэл төрүүлэх нь чухал. Учир нь хүн болохын хувьд бидэнтэй хамт төрсөн бидний энэрэх чадамж олныг хамарсан зовлон эсвэл дэлхий нийтийн түвшний асуудлуудыг автоматаар багтаах байдлаар гарч ирдэггүй. Жишээ нь, бидний ихэнх нь олон тооны хохирогчоос илүүтэй нэг хохирогчийг онцгойлон үзэх хүчтэй хандлагатай байдаг. Гэвч бүтцийн болон соёлын асуудлуудын талаар судлах хэрээр бидний зовлонг ойлгох ойлголт, ухаан тэлж улмаар зовлонд хандах хандлага нарийн болж ирдэг.         

Хүний нийтлэг мөн чанарыг таньж мэдсэнээр бусдын талаарх илүү бодит ойлголт, хүлээлттэйгээр үндэстний цөөнхүүд болон нийгмийн бүлгүүдтэй хамтран ажиллаж, харилцаж сурч эхэлдэг. Бусадтай бид юугаараа адил болохыг илүүтэй мэдэх болсноор бид тодорхой ялгаа бүхий зүйлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байх бус харин тэдгээрийг ойлгож энэ нь урьдаас буруу харах байдал, тусгаарлах байдлыг бууруулахад хөтөлдөг. Хувь хүний сайн сайхныг тогтолцоо хэрхэн бий болгодгийг ойлгосноор бидний энэрэх сэтгэл илүү гүнзгий, илүү өргөн хүрээтэй болж хүний зовлонгийн боломжит шийдлүүдийн талаарх шийдвэр ч мөн илүү өргөн хүрээтэй, гүн гүнзгий болж ирдэг. 

Нийгэм болон дэлхийн нийтийн түвшин дэх оролцоо

Харилцан хамаарлыг ойлгож, бусдаас ач тус хүртэх хэв маягуудыг харж, хүний нийтлэг мөн чанарыг таних нь ямар нэг үйлдэл хийх хүсэл, үүрэг хариуцлагын мэдрэмж төрүүлдэг. Энэ үед бидэнд нийгмээс хүртсэн олон зүйлүүдэд хариу өгөх, зовлон зүдүүр амсаж байгаа тэдгээр хүмүүсийн төлөө ямар нэг зүйл хийх хүсэл аяндаа төрдөг. Гэвч бид нарийн төвөгтэй тэрхүү тогтолцоо буюу нийгмийн болон дэлхийн түвшинд хэрхэн үр нөлөөтэй оролцож болох вэ? 

НСЁЗ-н боловсролын гол зорилго нь өөрсдийг дэлхийн энэрэнгүй иргэн байх нөөц чадамжаа таньж, мэдэхэд бидэнд хүч өгөх явдал. Үүнд хүрэх хоёр үе шат байна:

  • Нийгэм болон дэлхийн түвшний эерэг өөрчлөлтөнд нөлөө үзүүлэх бидний чадамж
  • Нийгэм болон дэлхийн түвшний шийдлүүдэд оролцох 

Энэхүү хоёр санаа төстэй боловч эхнийх нь бид өөрсдийн чадвар, боломж дээр тулгуурлан эерэг өөрчлөлтөд нөлөө үзүүлэхэд юу хийж чадах талаах таньж мэдэхэд бидэнд тусах бол хоёр дахь нь бидний нийгмийн бүлэг болон дэлхий дахинд нөлөө үзүүлж буй асуудлуудад үр бүтээлтэй шийдэл олоход бидэнд тусалдаг. 

Нийгэм болон дэлхийн түвшний эерэг өөрчлөлтөнд нөлөө үзүүлэх бидний чадамж

Хэрэв бид нийгэм болон дэлхийн түвшний үйл ажиллагаанд оролцож түүний хэрэгцээ шаардлагыг өөрт болон бусдад тустай хэмээн харж тэр нь бодит, үр нөлөөтэй гэж үзэж байгаа үед өөрсдийн чадамж, сул талыг аль алиныг тооцох хэрэгтэй. Бүх зүйл бидний шууд хүчинд ордоггүй бөгөөд гүнзгий суусан асуудлуудыг өөрчлөхөд хугацаа ордгийг бид анхаарч үзэх нь чухал. Энэ нь бид үр нөлөө бүхий үйл хийж чадахгүй гэсэн үг биш юм. Үнэхээр хэрэв хэцүү асуудлуудын өмнө хүчин мөхөс санагдаж байвал энэ нь өөрт болон бусдад энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх явдлыг илүү бэрх болгож байдаг. Үүний учир нь зовлонг арилгах хүсэл буюу энэрэн нигүүлсэх сэтгэл нь зовлонг арилгаж болно гэсэн үнэмшил болох итгэлээс шалтгаалж байдагтай холбоотой. 

Бид бүхэл тогтолцоог өөрчилж чадахгүй байж болох ч тогтолцооны доторх суурь элементүүдийг анхаарах байдлаар өөрчлөлтийг хамгийн их болгох тэдгээр аргаар үйлдэл хийж болно. Энэ нь дэлхийн болон тогтолцооны түвшний асуудлуудын цар хэмжээнд мэгдүүлэхгүйгээр бидэнд сэтгэлийн хүч өгч болно. Хэрэв бид тогтолцоонд хамгийн их нөлөө үзүүлэх цөөн  хэдэн голлох хүчин зүйлүүдийг тодорхойлсон бол тэдгээр хүчин зүйлүүд дээрээ төвлөрч тодорхой үр дүнд хүрч болно. Бид өргөн хэмжээний өөрчлөлтийг шууд авчирч чадахгүй байсан ч бидний нөлөө үзүүлж чадах бага хэмжээний цар хүрээ бүхий өөрчлөлтүүд ч үнэхээр үр нөлөөтэй болохыг мөн бодож үзүүштэй. Одооны бага хэмжээний цар хүрээ бүхий өөрчлөлтүүд хожим илүү өргөн хүрээний өөрчлөлт болон өргөжиж болно. Олон жижиг үйлдлүүдээс тэдгээр өргөн хэмжээний өөрчлөлтүүд гарч болно. Харилцан хамаарал бүхий тогтолцооны талаарх нарийн нягт ойлголтоор хэдий бид үр дүнг шууд харж чадахгүй байсан ч бага хэмжээний үйлдлүүд, зан байдлууд нь ирээдүйн илүү их нөлөөллийн үе шат болж өгдөг гэсэн итгэл үнэмшлийг олж авдаг.     

Нийгмийн болон дэлхий нийтийн түвшний нарийн нийлмэл асуудлуудыг дүгнэн шинжилж, тэдгээрт оролцож болох жижиг хэсгүүдэд хуваан авч үзэх хэрэгтэй. Бидний үйлдэл асуудлуудын нэг жижиг бүрэлдэхүүн хэсэг хэрхэн болж болох хийгээд тэдгээр бүрэлдэхүүн хэсгүүд түүний өргөн хүрээний тогтолцоонд хэрхэн нэг нэгнээсээ харилцан хамаарч байдгийг харах үед бид итгэл, эзэн байх мэдрэмж, хүч олж авдаг. Үүнд бидэнд критикал сэтгэлгээний чадвар (өөрийн сэтгэл болон үзэл бодлын нөлөөгүйгээр сэтгэх процесс) хэрэгтэй болдог. Энд критикал сэтгэлгээ нь нарийн нийлмэл асуудлуудыг хүний суурь үнэт зүйлсүүдийн үүднээс авч үзэх сэтгэлгээний үйл явцыг багтаана. Энэ нь хэдийгээр авсан арга хэмжээ нь бусдад тустай мэт заавал тооцогдохгүй байсан ч критикал сэтгэлгээ нь эерэг үр дүнд хүрэх магадлалыг өсгөж байдаг. 

Нийгэм болон дэлхийн түвшний шийдлүүдэд оролцох

Хэдийгээр бид ямар нэг шийдэлд хүрч чадахгүй байсан ч бид асуудлууд болон тэдгээрийг шийдэх шийдлийн талаар бодож болно. Бидэнд тулгарч буй асуудлуудыг дараах бүдүүвчийн дагуу авч үзэж болно. Үүнд:

  • Тогтолцоо ба түүний нарийн нийлмэл байдлыг таних 
  • Үйлийн богино болон урт хугацааны турш үзүүлэх үр дагавруудыг үнэлэх
  • Нөхцөлүүдийн хүний суурь үнэт зүйлсийн хүрээнд үнэлэх 
  • Сөрөг сэтгэл хөдлөл болон ялгаварлах хандлагын нөлөөг бууруулах 
  • Нээлттэй (аливааг нээлттэй хүлээн авах чадвар), хамтын ажиллагаатай, оюун, сэтгэхүйн хувьд төлөв даруу байх зан чанаруудыг төлөвшүүлэх 
  • Тухайн нэг үйлийн давуу болон сул талуудыг тооцдог байх

Ихэнх тохиолдолд үйлдлүүдийг тэдгээрийн богино болон урт хугацааны турш үзүүлэх үр дагавруудын зөв тооцохгүйгээр хийдэг. Тодорхой нэг асуудыг шинжилж үзэх үед бид тухайн үйлийн нөлөөнд орох олон өөр хүмүүсийн талаар мөн бодох хэрэгтэй болдог. Хэрэв бид энэ үйл явцыг баримтлан, үүнд суралцах юм бол үйлүүдийн илүү өргөн хүрээний урьдач нөхцөл, тэдгээр нь тухайн асуудлаас эхэндээ нэлээд хол мэт санагдах тэдгээр хүмүүст хэрхэн нөлөөлөхийг аяндаа харж эхэлнэ. Мөн бид асуудлууд хүний суурь үнэт зүйлстэй хэрхэн холбогдож байгааг, шийдлүүд нь хувь хүн, нийгэм, дэлхий нийтийн сайн сайханд хэрхэн нөлөөлж байгааг харах хэрэгтэй болно. 

Нийгэм болон дэлхий нийтийн түвшин дэх оролцоо нь бусадтай хамтрах, бусдын үзэл бодол, мэдлэг, туршлагыг хүндэлдэг, түүнээс суралцах хүсэл эрмэлзэл бүхий нээлттэй хандлага дээр илүүтэй суурилна. Эрүүл мэтгэлцээн нь хэдийгээр бусдын байр суурь биднийхээс өөр гэсэн хэдий ч тэд өөрсдийн барьж байгаа байр суурьтаа тэдний туршлага, учир шалтгааныг мөн хэрэглэж байгаа гэдгийг бодолцох үед тэр нь боломжтой байдаг. Оюуны төлөв даруу чанар, нээлттэй байдалгүйгээр мэтгэлцээн, харилцан зөвшилцөл боломжгүй болж харилцан яриа үр дүнгүй зөрчил, эрх мэдлийн төлөөх тэмцэл болон хувирч болно.   

Хувь хүний хувьд бусадтай хамтарч, ажиллахгүйгээр дан ганцаар шийдэх асуудал цөөн бөгөөд үүнд өөрийн үзэл бодол, үнэт зүйлийг тодорхой ойлгосон байх явдал шаардлагатай. Ийнхүү нийгэм болон дэлхий нийтийн түвшний оролцоо нь өөрийн байр суурийг томьёолох, асуулт асуух, бусдаас суралцах, мэтгэлцээнд эерэг арга замаар оролцох зэрэг дээр илүүтэй суурилна. Бидний критикал сэтгэлгээ болон үнэт зүйлс дээр суурилсан тодорхой харилцах чадвар, бүр дуу хоолойгоо бусдад хүргэж чадахгүй байгаа тэдгээр хүмүүсийн өмнөөс бусдад үлгэр дууриал төрүүлж,итгэл, хүч өгөх арга замаар ярьдаг байх нь дэлхий хүн, өөрчлөлт авчрах лидерүүдийн нэг хүчтэй чадвар юм. 

Дүгнэлт 

Эхний хоёр хэсэгт бид өөрсдийн сэтгэл хөдлөлийг удирах тухай болон гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо эв зүйтэй харилцах талаар авч үзсэн. Энэхүү гурав дахь болон сүүлийн хэсэгт бид дэлхий дахин хэрхэн хоорондоо харилцан хамааралтай болох, бүх хүн төрөлхтөн хэрхэн бүгд амар амгалан хүсэж, зовлонгоос зайлсхийж байдаг адил эрмэлзэлтэй хийгээд бидний үйлдэл хэрхэн илүү өргөн дэлхийн түвшний өөрчлөлтөнд нөлөө үзүүлж болох талаар авч үзлээ. 

Бидний амьдарч буй энэ дэлхий ертөнц нэлээд нарийн төвөгтэй. Нас биед хүрсэн хүмүүсийн хувьд бидэнд заримдаа бид хэн нэгний тусламж дэмжлэггүйгээр өөрсдөө эсэн мэнд амьдарч болох мэт санагддаг. Дэлхий даяар амьдарч байгаа хүмүүс бидэнд хамаагүй мэт санагддаг – тэд биднээс маш өөр санагддаг. Ингээд ихэнх тохиолдолд дэлхий дахинд ямар нэг бодит өөрчлөлт хийх хэцүү, боломжгүй мэт харагддаг. Бидний идэж буй хоол, өмсөж буй хувцас, унаж буй машин бүгд хэрхэн бусдын хөдөлмөрөөр бүтсэн тэрхүү өөрсдийн нөхцөлийн бодит байдлыг ойлгох үед бидэнд тэдэнд талархах сэтгэл төрдөг. Ингээд тэдгээр төрөл нэгт хүмүүс маань бидний адил амгалан хүсдэг гэдгийг харах үед бид мөн тэднийг амгалан жаргалтай байхыг хүсдэг. Эцэст нь бага хэмжээний үйлдэл том хэмжээний үр дүн болон хуримтлагддаг гэсэн ойлголттойгоор бид бидний хийж буй аливаа эерэг үйл – хэдий бага байх нь хамаагүй – дэлхий нийтэд үр нөлөө үзүүлнэ гэсэн итгэлтэй болдог.   

Энэхүү сургалтын хөтөлбөр нь ердөө нэг уншаад, мартах гэсэн зорилго бүхий бус; харин бид түүнийг тэдгээр гол санаануудын дагуу амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Хүмүүс бид бүгд өөр, гэвч хувийн олон асуудлууд, нийгмийн нөхцөл байдлуудыг туулахдаа олон олон сорилтуудтай тулгардаг. Амьдралын сайн, мууг даван туулах явцад бидний үйлдлүүдийн хувьд өөрийн ашиг сонирхлын үүднээс өдөөгдсөн болон бусдын ашиг сонирхлыг бодсон үйл хоёрын хоорондын тодорхой ялгаа тодрон гарч байдаг. Өөрийн ялгаварлах хандлага, өөрийн эрхгүй үйлдэл хийх байдлуудыг сайтар ойлгож, нөхцөл байдлыг хянуур шинжлэн хариу үйлдлээ удирдаж сурснаар бид амьдралд тохиолдох аливаа зүйлийг шийдвэрлэж чадна. Бид урагш алхан, сайн сайхны: өөрийн, бусдын, дэлхийн нийтийн – сайн сайхны хүч болох өөрсдийн асар их нөөц бололцоог харж чаддаг. 

НСЁЗ -н боловсролын хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хөтөлбөрийн бүрэн хэмжээний хувилбарыг эндээс, Бясалгал судлал ба нигүүлсэхүйд суурилсан ёс зүйн төвийн (Center for Contemplative Science and Compassion-Based Ethics) бусад хөтөлбөрийг эндээс тус тус үзнэ үү.   

Top