Аврал гэж юу вэ?

What ias refuge%20article

Бид бүгд амьдралын утга учир юу болохыг эрж хайж байдаг. Зарим хүмүүс үүнийг өөрсдийн ажил мэргэжлээс хайдаг бол зарим нь сүүлийн үеийн загвараас, бусад нь алс хол газар аялах зэргээс хайна. Гэвч эцэст нь ажил мэргэжил нь тэтгэвэрт гарснаар дуусч, загвар цаг үргэлж өөрчлөгдөж, амралт нүд ирмэхийн зуур өнгөрдөг. Эдгээрийн аль нь ч бидэнд үргэлжийн сэтгэл ханамж эсвэл амар амгаланг өгдөггүй. Орчин цагт бий болоод буй - материаллаг зүйлс болон оюуны хувьд хийж болох сая сая сонголтуудын дунд амьдралд юу хийх нь зөв болох талаар маш их төөрөгдөл бий болсон.  

Бурханы шашинд аврал нь өөрийн амьдралд утга учиртай, зөв зам мөр гаргах тухай байна. Энэ зам мөр нь өөрт болон бусдад хамгийн сайн тус хүргэх тэр бүх өөрийн чадамжуудад хүрч, бүхий л сул талаа арилгах үүднээс өөртэйгөө ажиллах тухай юм. Бурханы шашны аврал нь ердөө түр зуурын гуниг, өлсгөлөн, эсвэл сэтгэл хямрал зэргээс гарах гарц байхаас илүүтэй үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь гадаад ямар нэг зүйлийг өөрчлөх, тухайлбал ямар нэг тусгай хувцас өмсөж, үс засалтаа өөрчлөх шаардлагын тухай бус. Бурханы шашны аврал нь сэтгэлийн төлөвөө өөрчлөх тухай байна. Энэ нь амьдралыг юу зорилготой болгодог, одоо хийгээд ирээдүйд бидэнд юу амар амгалан авчрах тухайд өөрсдийн ойлголтыг гүнзгийрүүлэх тухай юм. Товчоор хэлбэл, Бурханы шашны аврал биднийг зовлонгоос хамгаална.

Бурханы шашинтнууд “аврал одуулах” хэмээх хэллэгийг хэрэглэдэг бөгөөд энэ нь нэг идэвхтэй үйл явц. Энэ бол бид өөрсдийгөө Бурханы шашны зам мөрд зориулдаг тэрхүү суурь үе шат. Гэвч яагаад бид үүнийг хийдэг вэ? Хүний төрөлх чанарыг олж мэдэх үед – бид бүгд амар амгалан, сэтгэл ханамжийг эрж хайж байдаг бөгөөд бидний нэг нь ч зовлон хүсдэггүй – бид өөрт тус болох ямар нэг зүйл хайж байдаг. Ийнхүү бид Бурханы шашны Гурван эрдэнэд аврал одуулахаар ханддаг.     

Эдгээр Гурван эрдэнэ бол Бурхан, Ном, Хуврагийн чуулган.

Бурхан нь гэгээрсэн багш, бидэнд утга учиргүй, зорилгогүй оршихуй болон зовлонгоос бүрэн гэтлэх арга замыг заасан учраас бид түүнээс аврал айлтгадаг. Тэрээр сэтгэл нь угтаа цэвэр ариун мөн чанартай учир энэрэн нигүүлсэх сэтгэл, билиг ухааны тусламжтайгаар бид өөрт буй төөрөгдөл, сөрөг сэтгэл хөдлөлийг дахин төрөхгүй байхаар арилгаж болно хэмээсэн. Харин Ном нь үүнд хэрхэн хүрэхийг заасан Бурхан багшийн сургаал бөгөөд Номд аврал одуулахдаа бид бидний амьдралд байх бүхий л асуудлуудыг шийдвэрлэх Бурханы шашны тэдгээр олон аргуудыг авч хэрэглэдэг. Хуврагууд нь эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд болон бусад Бурханы шашинтай хүмүүс байна. Тэдний дундаас бид Бурхан багшийн сургаалыг үнэхээр бүтээж байгаа тэднийг даган дуурайх ба тэд бидэнд зам мөрөө үргэлжлүүлэн дагасаар байх урам зориг өгдөг.

Аврал одуулснаар бидний хүлээх үүрэг нь өөрсдийгөө найз нөхөд, нийгмээс тусгаарлах хэрэгтэй гэсэн утга санаа илэрхийлдэггүй. Үнэндээ Гурван эрдэнэд аврал одуулснаар бид өөрийн гэсэн утга учиртай амьдралыг бий болгоод зогсохгүй өөрсдийгөө бусдад нээн, өөрийн эргэн тойронд байгаа хүмүүс, дэлхий нийтийн сайн сайханд хэрхэн өөрийн хувь нэмрийг оруулж болохыг харж эхэлдэг.       

Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал одуулснаар аливаа зүйлд төөрөлдөх шаардлагагүй болно. Шашин, номтой холбоотой аливаа худалдан авалт хийх, хэдийгээр бидэнд тодорхой түвшний материаллаг тав тух, эд зүйл хэрэгтэй ч тэдгээр нь биднийг ашдын амгалантай болгоно хэмээн бодож тэдгээрт найдах шаардлагагүй болдог. Бурханы шашны зарчмуудыг баримтлахаар хүлээсэн бидний үүрэг нь үнэндээ биднийг сэтгэл хямралаас чөлөөлж, өөрсдийгөө сэтгэл зүйн хувьд илүү амар амгалантай, илүү эрүүл байлгах гэх мэт тэдгээр чухал зүйлүүд дээр ажиллахад илүү цаг зориулах боломжийг бидэнд олгоно.

Ийм учраас аврал нь байнга үргэлжилж байдаг идэвхтэй үйл явц. Түүн дээр тасралтгүй ажиллаж байх шаардлагатай зүйл. Энэ нь Бурхан багшийг нэг тэнгэрийн адил бодож түүнд итгэж, залбирах явдал биш. Бидний Бурханы шашинтай найз нөхдийн бидэнд хийж өгөх зүйл ч биш. Ийм учраас хамгийн дээд аврал нь Бурхан багшийн сургаал буюу Ном гэдэг. Хэдийгээр бид Бурханд итгэх хүчтэй итгэл, олон сайн ухаалаг, энэрэнгүй Бурханы шашинтай найз нөхөдтэй ч гэсэн Ном сургаалыг өөрсдөө дагаж, түүнийг ашиглахгүй бол авралын ач тусыг хүртэхгүй. Бусдад хор хүргэхгүй байж, буяны үйлд шамдаж, өөрийн сэтгэлийг номхтго гэсэн гол сургаалыг дагах үед бидний амьдрал илүү утга учиртай болно.

Бурханы шашны зам мөрд албан ёсоор орох тусгай зан үйл байдаг хэдий ч бидний хүлээх жинхэнэ үүрэг нь зүрх сэтгэлтэй холбоотой. Өөртэйгөө үнэндээ ажиллаж эхлэх тэр үе бол жинхэнэ аврал одуулж буй явдал.

Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 
Top