Ёс зүйн хувийн-сахилга бат (шагшаабад) нь Бурханы шашны зам мөрийн нэг суурь хэсэг. Гэвч ёс зүй нь бүх шашны уламжлалуудад байдаг зүйл; зөвхөн шашны уламжлалуудад төдийгүй, ёс зүй нь бүх нийгмийн тогтолцоонуудад байна. Бурханы шашны ёс зүйг “Бурханы шашных” болгодог зүйлийг тодорхойлохын тулд бид түүнийг Хутагтын дөрвөн үнэний – Бурхан багшийн заасан суурь сургаалын – нөхцөлд авч үзэх хэрэгтэй.
Хутагтын дөрвөн үнэний нөхцөл дэх ёс зүй бүхий зан байдал
Хутагтын нэгдэх үнэн: Бид бүгд зовлонтой тулгарна
Амьдралд байх нэгдэх үнэн нь бид бүгд жинхэнэ зовлонтой тулгарна (зовлон үнэн). Юуны түрүүн, шаналал, зовлонтой байх ердийн зовлон (зовлонгийн зовлон) байна. Түүний дараа, амар амгалан (аз жаргал) нь үргэлжид үргэлжлэхгүй, хэзээ ч сэтгэл хангахгүй байх гэх мэт бидний эгэл төрлийн амар амгалантай (аз жаргалтай) холбоотой асуудлууд байна. Бид дараагийн агшинд юу тохиолдохыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд бид амар амгаланд (аз жаргалд) бодитой хүрэх үед, тэр нь ихэвчлэн зовлон болж өөрчлөгдөнө (урвах зовлон). Жишээ нь, хэт их мөхөөлдөс идэх нь гэдэс өвдөх үр дүнд хүрнэ. Эцэст нь, бүхэнд тархмал зовлон (түгээмэл хуран үйлдэхүйн зовлон) гэж байх бөгөөд энэ нь эхний хоёр төрлийн зовлонгийн суурь болно. Бүхэнд тархмал зовлон нь бидний хяналтгүй дахин дахин гарах төрөл (санс. самсара) бөгөөд энэ нь сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл болон хандлагуудаар өдөөгдсөн бидний өөрийн эрхгүй гарах үйлийн үрээс гарах үйлүүдээр шалтгаалан гарсан байна. Эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл, хандлагууд нь зан байдлын шалтгаан ба үр дагавар болон юмс хэрхэн оршдог талаар үл мэдэх явдал, мунхгаас шалтгаалан гарна. Энэ үл мэдэх явдал нь эхний хоёр төрлийн зовлонг туулах суурь болох тийм төрлийн дахин төрлийг үргэлжлүүлэн авах шалтгаан болно. Тэгэхээр, үл мэдэх явдал нь сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл, хандлагууд гарах шалтгаан болох бөгөөд тэдгээр сэтгэл хөдлөл, хандлагууд нь эргээд биднийг өөрийн эрхгүй байдлаар үйлдэл хийх, хяналтгүй дахин дахин гарах төрөл авах шалтгаан болох үйлийн (үрийн (үр дүн)) чадамжуудыг бий болгоно. Хяналтгүй гарах төрөл нь эхний хоёр төрлийн зовлонгийн – зовлон болон үргэлж оршихгүй эсвэл хэзээ ч сэтгэл хангахгүй эгэл амар амгалангийн (аз жаргал) – сайн, муу зүйлүүдийг туулах суурь болно.
Хутагтын хоёрдох үнэн: Зовлонгийн шалтгаанууд
Хутагтын хоёрдох үнэн нь зовлонгийн жинхэнэ шалтгаанууд (зовлонгийн шалтгаан үнэн). Зовлонгийн жинхэнэ шалтгаан нь бидний үл мэдэх явдал (зан байдлын шалтгаан ба үр дагавар болон бодит байдлын талаар үл мэдэх), тус үл мэдэх явдлаас шалтгаалсан сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд (шунал, хүчтэй хүсэх хүсэл, уур бухимдал, мэдлэг, туршлагагүй байдал (гэнэн байдал)) болон тус үл мэдэх явдлаар өдөөгдсөн өөрийн эрхгүй гарах үйлийн үрийн (үйлийн үр дүн болох) үйлүүд байна.
Хутагтын гуравдах үнэн: Зовлонг зогсоох боломжтой
Хутагтын гуравдах үнэн нь тэдгээр гурван төрлийн зовлон дахин гарахгүй байхаар тус үл мэдэх явдлыг жинхэнэ (бүрэн) зогсоох боломжтой байх явдал (хорихуйн үнэн) байна.
Хутагтын дөрөвдөх үнэн: Зовлонг зогсоох зам мөр
Хутагтын дөрөвдөх үнэн нь сэтгэлийн жинхэнэ зам мөр буюу зовлонг зогсоох жинхэнэ ойлголт (зам мөрийн үнэн) байна. Жинхэнэ зам мөр нь зан байдлын шалтгаан ба үр дагавар болон бодит байдлын талаарх зөв ойлголт. Хэрэв бид энэ зөв ойлголтыг, тус хяналтгүй дахин дахин гарах төрлөөс чөлөөлөгдөх хүчтэй шийдвэртэйгээр төлөвшүүлбэл, тэр үед Хутагтын эхний хоёр үнэнээс (жинхэнэ зовлон болон түүний шалтгаан) чөлөөлөгдөн, бид гэтлэхүй гэдэг зүйлд хүрнэ. Гэвч бусдад хамгийн сайн туслахын тулд бид илүү гүнзгий ойлголттой байх хэрэгтэй; бид, бидний сэтгэл бүх зүйлийн харилцан холбоог ойлгоход тотгор болдог тэдгээр саадуудыг арилгах хэрэгтэй.
Хэрэв бид бүх зүйл хэрхэн холбогддогийг ойлговол, бид зан байдлын шалтгаан ба үр дагаврыг бүрэн ойлгох ба энэ нь бид бусдад хэрхэн хамгийн сайн туслахыг мэднэ гэсэн утгатай; бидний тэдэнд заах аливаа зүйлийн үр нөлөө юу болохыг бид мэднэ. Асрал хайр (бусдыг амар амгалантай (аз жаргал) байхыг, амар амгалангийн (аз жаргал) шалтгаануудтай байхыг хүсэх хүсэл) болон энэрэн нигүүлсэх сэтгэл (бусдыг зовлонгүй байхыг, түүний шалтгаануудгүй байхыг хүсэх хүсэл) дээр суурилан, бид онцгой шийдвэрийг (үлэмж сэтгэл, үлэмж санаа) төлөвшүүлэх ба үүгээр бид хамаг амьтныг гэтлэхүй, гэгээрэлд хүрэх бүх замын турш хөтлөх үүргийг авна. Гэвч бидний өөрийн одоогийн төлөвт бид үүнийг хийж чадахгүй гэдгийг ойлгосноор бид бодь сэтгэлийг төлөвшүүлнэ. Бодь сэтгэлээр бид бусад хамаг амьтныг гэгээрлийн төлөвт хөтлөх тус зорилгод бодитой хүрэхийн тулд өөрсдөө гэгээрэлд хүрэх өөрийн зорилтыг тавина. Хэрэв бид бодит байдлын талаарх өөрийн ойлголтыг энэхүү бодь сэтгэлийн сэдэлтэй хослуулбал, тэр үед бид гэгээрэлд хүрнэ – бид нэг Бурхан болно.
Тэгэхээр, цөөн хэдэн өгүүлбэрээр хэлбэл, энэ нь Бурханы шашны зам мөр. Ёс зүйн хувийн-сахилга батаар, бид сөрөг байдлаар үйл үйлдэхээс зайлсхийснээр, бид муу төрлүүдэд төрөхөөс зайлсхийж, түүний оронд сайн төрлийн төлөвүүд авна. Гэвч, шашны бусад олон уламжлалууд, ёс зүйн сахилга батыг тэнгэрийн дээд төрөлд хүрэх үүднээс заана; дээд төрөлд хүрэх зорилт нь зөвхөн Бурханы шашны зорилт биш байна. Бурханы шашинд, ёс зүйн дээрх түвшний бүтээл (дадлага болгох зүйл) (сайн төрөл авахын тулд сөрөг, гэм хортой зан байдлаас зайлсхийх) нь гэтлэхүй, гэгээрэлд хүрэх зам мөрд туслах зүйл (нэг үе шат) болно. Бид гэгээрэлд хүрэхэд шаардлагатай зүйлийг хийхийн тулд олон дээд төрлүүд авах хэрэгтэй бөгөөд иймд ёс зүйтэй зан байдлыг дадлага болгох нь маш эерэг зорилготой. Энэ түвшний бүтээлийг (дадлага болгох зүйл) Бурханы шашных болгодог зүйл нь бид ёс зүйн сахилга батыг угтаа гэтлэхүй, гэгээрэлд хүрэх үүднээс бодь сэтгэлийн сэдлээр бүтээж (дадлага болгож) байдаг явдал.
Гурван дээд суралцах зүйл (Гурван суртгаал)
Бурханы шашинд бид гурван дээд суралцах зүйлийн талаар ярих ба тэдгээрийг өөрийн хувийн гэтлэхүйд хүрэх (өөрөө өөрийн зовлонгоос ангижрах) сэдэл, эсвэл гэгээрэлд хүрэх сэдлээр бүтээж (дадлага болгох) болно. Хамгийн дээд суралцах зүйл нь дээд ялгах ухаанд суралцах. Энэ нь юу бодит байдал болох болон юу уран сэтгэмж буюу төөрөгдөл (буруу ойлголт) болохыг ялгах чадвар. Иймд ялгах ухаан нь төөрөгдөл буюу мунхгийг ойлгож, шийдвэрлэх (таслах) хурц сүх адил байна.
Энэхүү дээд ялгах ухааныг ашиглаж чадах суурийг дээд төвлөрөл буюу дээд төгс төвлөрөл (сэтгэлийн сарних болон бүрхэх байдлын (догшрол болон живэл) бүх түвшин байхгүй, төвлөрлийн нэг орон (зүйл) эсвэл сэтгэлийн нэг төлөв дээр бүрэн ууссан төвлөрөл) гэж нэрлэнэ. Төвлөрөл гэдэг нь нэг орон (зүйл) дээр, тэр дундаа, юмсын бодит байдал дээр, анхаарлаа ямар нэг өөр зүйлд сарниулахгүй эсвэл анхаарлаа бүрхэг болгохгүйгээр төвлөрч чадах явдал – дээрх байдлаар өөрийн хүссэн хугацаагаар төвлөрч чадах гэсэн утгатай. Төвлөрөх энэ чадвар нь сүхээр сайн зорилгод хүрэхтэй адил; бид сүхээр зорьсон орныг үргэлж цохиж чадах хэрэгтэй, бидний төөрөгдлийг таслахыг хүссэн тэр цэг дээр үнэндээ цохих хэрэгтэй. (Модыг тайрахын тулд сүх модны нэг цэг дээр цохиж байх хэрэгтэй. Үүнтэй адил, нэг Бурханыг дүрслэх бясалгалын үед, бидний төвлөрөл сүхний цохилттой адил, сэтгэл сарних болон бүрхэх байдлыг арилгах бидний зорилгод хүрэхийн тулд, үргэлж Бурханы дүр дээр төвлөрч байх хэрэгтэй.)
Дээд төвлөрлийн суурь нь хувийн дээд сахилга бат бөгөөд эндээс бидний ёс зүй болон сахилга батын тухай сэдэв эхэлнэ. Төвлөрч чадахын тулд, анхаарал сарних үед түүнийг засах сахилга бат бидэнд хэрэгтэй, сэтгэл бүрхэж, нойр хүрэх үед бидэнд анхаарлыг засах сахилга бат хэрэгтэй. Үүнд сахилга бат хэрэгтэй, энэ нь сүхийг ашиглаж чадах хүчтэй байхтай адил. Тэгэхээр ёс зүйн хувийн-сахилга бат нь төвлөрлийн суурь буюу заавал байх урьдчилсан нөхцөл болох бөгөөд төвлөрөл нь эргээд дээд ялгах ухааны суурь болно.
Төвлөрөл нь бид хоосон чанар дээр бясалгах эсвэл өөр бусад орон (зүйл) дээр бясалгах үед зөвхөн чухал биш. Энэ нь бүх нөхцөлд үр дүнтэй байдлаар төвлөрөх гэсэн утгатай. Жишээ нь, та хэн нэгэнд туслахыг хичээж байвал, та нөгөө хүний ярьж байгаа зүйл дээр төвлөрөх хэрэгтэй болно. Та сонсох хэрэгтэй; таны сэтгэл өөр бусад зүйл рүү сарниж болохгүй: Үдийн хоолоо хэзээ идэх вэ, гэх мэт. Та сэрэмжтэй байж, эргэн тойрон болж байгаа зүйлдээ анхааралгүй байхгүй байхын тулд анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хэлэх зөв зүйл юу байх, хэлбэл тустай байх зүйл юу байх, хийвэл тустай байх зүйл юу болох болон юу зохисгүй, тусгүй болохыг ялгахын (энэ нь ялгах ухааны өөр нэг утга) тулд та төвлөрч чадах хэрэгтэй. Тэгэхээр мөн л, танд юу хиймээр санагдаж байгаа (явж үдийн хоолоо идэх) талаар бодохыг зогсоож чадах сахилга бат хэрэгтэй, үүний оронд, та нөгөө хүнд юу хамгийн сайн байх талаар бодох хэрэгтэй.
Тэгэхээр ёс зүйн хувийн-сахилга батын шаардлага их байдаг; Бурханы шашны нөхцөлд, энэ нь ялгах ухаанаар бодит байдал болон бусдад туслах дээр төвлөрөх төвлөрөлтэй байж чадах гэсэн утгатай.
Тэгэхээр, төвлөрлийн тухай ярьж байх үед, бид сэтгэлийн үйл ажиллагааны талаар ярьж байдаг бөгөөд бидэнд сахилга бат хэрэгтэй байна – ялангуяа сэтгэлийн сахилга бат. Мэдээж бидэнд бясалгалд сууж чадах, залхуурах байдлыг давах, сэтгэл сарних эсвэл бүрхэх байдлыг давах сахилга бат хэрэгтэй. Гэвч сэтгэлийг сахилга баттай болгох нь биеийн болон хэлний (биеэр болон хэлээр үйлдэх) зан байдлыг сахилга баттай болгохоос хамаагүй илүү хэцүү байна. Тэгэхээр бид сэтгэлийн зан байдлыг сахилга баттай болгож чадах хүчийг хэрхэн олж авах вэ? Бид үүнийг эхэлж биеийн болон хэлний үйлийн сахилга баттай байхаас олж авна.
Өрнөдийн нөхцөл дэх ёс зүй
Ёс зүйг авч үзэх Бурханы шашны ойлголт болон түүнийг авч үзэх бусад ойлголтуудын хоорондын ялгааг ойлгох нь чухал. Бидний ихэнх нь өрнөдийн эсвэл Ойрхи Дорнодын соёлд өссөн бөгөөд өрнөдийн болон Ойрхи Дорнодын соёлд, ёс зүй нь голлон хуулийн тухай асуудал байна. Эзэн тэнгэр эсвэл Аллах тэнгэрийн ариун хуулиуд, мөн иргэний нийгмийн хүрээнд хаант эсвэл хууль цаазат төрийн хуулиуд байна. Өрнөдийн соёлд, ёс зүйн үзэл санаа нь бүхэлдээ дуулгавартай дагаж мөрдөх явдал – ариун хууль эсвэл иргэний нийгмийн хуулиуд, эсвэл аль алиныг нь дагаж мөрдөх явдал – дээр голлон суурилсан байна. Хэрэв бид хуулиудыг дуулгавартай дагаж мөрдвөл, бид нэг сайн хүн эсвэл нэг сайн иргэнд тооцогдоно: хэрэв бид хуулиудыг дуулгавартай дагаж мөрдөхгүй бол нэг тааруу хүн эсвэл нэг тааруу иргэнд тооцогдоно. Шашны хүрээнд, тухайн хүнд нүгэлтэн харин иргэний нийгмийн хүрээнд тухайн хүнд гэмт хэрэгтэн гэсэн нэр өгнө.
Тэгэхээр, өрнөдийн эсвэл Ойрхи Дорнодын нөхцөлд, хууль зөрчигчид болон нүгэлтэн нь ёс суртахууны хувьд таарууд тооцогдох ба соёлууд нь гэм буруутай гэх үзэгдлийг тэмдэглэнэ. Биднийг – хууль ёсны үүднээс мөн сэтгэл судлалын үүднээс – гэм буруутай гэж үзнэ. Өрнөдөд, бидний ёс зүйн гол үзэл санаа нь ихэнхдээ хуулийг дуулгавартай дагаж мөрдөх тус санаан дээр суурилна. Нийгмийн зарим гишүүд шийтгэлээс зайлсхийж чадна; хэрэв тэд маш гүйлгээ ухаантай, хангалттай мөнгөтэй байвал тэд хуулийн цоорхой олж ямар нэг байдлаар хариуцлага хүлээхээс зайлсхийх үүднээс өмгөөлөгч хөлслөн авна.
Бурханы шашны нөхцөл дэх ёс зүй
Өрнөдийн эсвэл Ойрхи Дорнодын ёс зүйд хандах хандлага Бурханы шашны үзлээс маш өөр байна. Бурханы шашинд байх ёс зүй нь дуулгавартай дагаж мөрдөх дээр суурилахгүй; харин, энэ нь “ялгах ухаан” (shes-rab) гэж нэрлэгдэх зүйл дээр суурилна. Бид энэ хэллэгийн талаар өмнө авч үзсэн, бодит байдал болон уран сэтгэмж хоёрыг ялгах гэдэг утгаар. Гэвч энэ нь гол төлөв юу тустай болон юу гэм хортой болохын ялгааг гаргах, тэдгээрийг ялгах явдал байна. Энэ нь шүүхийн нөхцөлд юу хууль ёсны болон юу хууль ёсны бус болохыг ялгахаас нэлээд өөр. Бурханы шашны нийт хам утга нь бид зовлонгоос гарах эсвэл түүнийг арилгахыг хүсэх явдал байна. Ингээд түүнийг хийх арга нь зовлонгийн шалтгааныг арилгах явдал. Энэ нь бид зовлонгийн шалтгаан юу болохыг зөв ялгах хэрэгтэй гэсэн утгыг илэрхийлнэ. Бидэнд тэр шалтгааныг арилгах эсвэл тэр шалтгааныг шийдвэрлэх нэг сэдэл хэрэгтэй болно. Мэдээж, бүгд амар амгалан (аз жаргалтай) байхыг хүснэ; энэ бол оршихуйн инстинкттэй (дотоод мэдрэмж) холбоотой заяагдмал мэдэхүй бөгөөд энэ маш тулгуур инстинкт. Гэвч ихэнх тохиолдолд бид зовлонгүй байхад туслах эсвэл бидэнд амар амгалан (аз жаргал) авчрахад туслах зүйлийг үнэхээр ойлгодоггүй.
Тэгэхээр, ялгах ухаан нь ёс зүйн хувийн-сахилга баттай дагалдана. Бид “Хэрэв би энэ байдлаар үйлдэл үйлдвэл, энэ нь асуудлууд гаргана – магадгүй бусдад гэвч голлон өөрт. Хэрэв би нэг эерэг байдлаар үйлдэл үйлдвэл, энэ нь надад тусална, магадгүй бусдад бас тусална” гэж зөв ялгана. Сөрөг зан байдлаас зайлсхийх эсэх нь үнэндээ бидний өөрийн сонголт байна; энэ нь бид өөрийг хэрхэн нухацтай авч үзэж байгаа болон ирээдүйд бидний туулж болох зовлонгийн талаар хэр их анхаарч байгаагаас шалтгаална. Энэ нь хэн нэгэн ердөө юу тустай болохыг мэдэхгүй байх явдал байж болох бөгөөд иймд хэрэв бид ердөө сайн мэдэхгүй учраас сөрөг байдлаар үйл үйлдэж байгаа хэн нэгэнтэй таарвал, бид тэдэнд ойлгоход нь туслахыг оролдож болно.
Хамгийн нийтлэг жишээ гэвэл бага насны хүүхдүүд. Бага насны хүүхдүүд, жишээ нь, бид бусад хүүхдүүдийн тоглоомыг эвдэж болохгүй эсвэл тэдний тоглоомыг авч болохгүй гэдгийг мэдэхгүй; бид тэдэнд сургах хэрэгтэй. Манай өрнөдийн сурталдан хүмүүжүүлэх явдал тус дэггүй хүүхдийг “тааруу хүү” эсвэл “тааруу охин” гэж нэрлэхэд хүргэж болно, гэвч үнэндээ тэд ердөө сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр, хүүхдэд гэм буруутай мэт сэтгэл төрүүлэх шаардлагагүй – энэ гэм буруугийн тухай асуудал ердөө биш – энэ ердөө боловсролын асуудал. Хэрэв бид хүүхдүүдэд өөрийн зан байдлын үр дүнд тэд бэрхшээлтэй тулгарна гэж заавал, хэрэв бид тэдэнд тэд тааруу зан байдал гаргавал, бусад хүүхдүүд тэдэнд дургүй байна гэдгийг ойлгоход нь тусалж чадвал тэд түүнээс суралцана.
Хэрэв бид будилсан учраас сөрөг байдлаар үйл үйлдэж байгаа хэн нэгэнтэй таарвал, тэр хүн нь энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх зохих орон болно – уур бухимдал эсвэл шийтгэлийн зохих орон биш. Хэрэв тэд бусад хүнд гэм хүргэж байвал, энэ тохиолдолд энэрэн нигүүлсэх сэтгэлийн байж болох нэг хэлбэр нь тус хүнийг албадан хорихыг багтаах явдал байж болно. Гэвч тус үйлийг энэрэн нигүүлсэх сэтгэлээр хийх хэрэгтэй – бид тус хүнийг бусад хүмүүст гэм хүргэх эсвэл бусдын амь насанд хүрэхээс сэргийлэн, өөртөө илүү их асуудал үүсгэхээс сэргийлэн хорино. Шүүхийн гэм буруутайд тооцох болон шийтгэл оногдуулах нөхцөлтэй харьцуулахад, Бурханы шашны нийгмийн асуудалд хандах хандлага нь маш өөр байна.
Өрнөдийн ёс зүйн ойлголтыг Бурханы шашны ойлголтод хамруулан авч үзэхгүй байх
Бурханы шашны сургаалыг дадлага болгох үед бид өөрсдийн өрнөдийн ёс зүйн ойлголтыг Бурханы шашны ойлголтод хамруулан авч үзэхгүй байх нь маш чухал. Бидний Бурханы шашны бүтээлд (сургаалыг дадлага болгох) олон асуудлууд гардаг, учир нь, өрнөдийнхөн бид, ёс зүйн өрнөдийн бидний ойлголтыг өөрийн Бурханы шашны бүтээлд буруу тусган ойлгодог. Зарим хүмүүс “сайн” Бурханы шашинтан байх үүднээс өөрийн бясалгал бүтээлийг тэд хийх ёстой гэж бодож магадгүй. Зарим өрнөдийнхөн тэд багшийнхаа хэлсэн зүйлийг дуулгавартай дагаж мөрдөх хэрэгтэй гэж бодож магадгүй, энэ нь Бурханы шашны үзлийн хувьд нэлээд хачирхалтай ойлголт. Үнэндээ, бид багшийн зөвлөгөөг авах хэрэгтэй боловч бид өөрийн ялгах ухааныг мөн хэрэглэх хэрэгтэй. Зарим тохиолдолд, багш биднийг өөрийн оюуныг ашиглахад сургах үүднээс үнэхээр хачин зүйлсийг хэлнэ.
Бурхан багшийн нэг өмнөх төрлийн талаарх нэг түүх байдаг. Энэ үед Бурхан багш нэг багшийн дэргэд хамт суралцаж байсан олон шавь нарын нэг байсан бөгөөд нэг удаа багш нь бүх шавь нараасаа ойролцоох тосгон руу явж, түүнд ямар нэг зүйл хулгайлж авчрахыг хүссэн. Бурхан багшийн тэрхүү өмнөх төрлийн дүр – тэрээр ердөө өрөөндөө үлдэв – бусад шавь нар нэг зүйл хулгайлан, багшдаа авчран өгөв. Багш нь Бурхан багшийн тус дүрийн өрөөнд орж ирэн, түүнээс “Чи ямар учраас надад ямар нэг зүйл хулгайлан авчрахаар гадагш гарсангүй вэ? Чи намайг баярлуулж, миний сэтгэлийг таатай байлгахыг хүсэхгүй байна уу?” хэмээн асуув. Тэрээр “Хулгай хийх нь хэн нэгнийг хэрхэн амар амгалантай болгох билээ?” хэмээн хариулав. Тэгэхээр энэ үлгэрийн сургаал нь багшийн хэлсэн зүйлийг, түүнийг нэг цагдаа эсвэл цэргийн албан тушаалтан байгаа мэтээр, харанхуйгаар дуулгавартай даган мөрдөх нь Бурханы шашны багшийг авч үзэх хэв маяг биш гэдгийг харуулна. Угтаа багш нь зөвлөгөө өгнө, багш чиглэл өгнө. Багш бидэнд өөрийн ялгах ухааныг ашиглаж сурахад тусалж байгаа бөгөөд ингэснээр бид өөрсдөө Бурхан болно. Бид нэг Бурханы нэг албат болохыг зорьж байгаа биш; бид өөрсдөө нэг Бурхан болохыг зорьж байгаа.
Хуулиуд хөдөлшгүй байх тухай өрнөдийн ойлголт
Өрнөдийн ёс зүй болон Бурханы шашны ёс зүйн хооронд байх өөр нэг ялгаа нь өрнөдөд хуулиуд халдашгүй – тэдгээр нь өөрийн гэсэн бараг нэг амьтай байна – гэсэн итгэл үнэмшил байна. Хүмүүс Эзэн тэнгэрийн бүтээсэн ариун хуулийг өөрчлөх боломжгүй гэж бодно. Мөн иргэний нийгмийн хүчин төгөлдөр хуулиудыг, хэдийгээр тэдгээрийг хууль тогтоох үйл явцаар өөрчилж болох ч, тэднийг нэлээд халдашгүй байдалтайгаар мөн авч үзнэ. Энд бидний олж харах хэрэгтэй зүйл нь бидний хоосон чанарын бясалгалаар хийдэг зүйлтэй төстэй зүйл байна. Хоосон чанар нь оршихуйн байх боломжгүй хэлбэрүүд байхгүй байх талаар ярина. Хоосон чанарыг ойлгох ойлголтод, бид оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийг тодорхойлж, тэдгээр нь ямар нэг бодит зүйлтэй холбогдохгүй байгааг ойлгох хэрэгтэй байна. Оршихуйн байх боломжгүй хамгийн гол хэлбэрүүдийн нэг нь тус орныг (зүйл) (энэ тохиолдолд, нэг хууль) өөрийн хүчээр, ямар нэг зүйлээс хамаарахгүйгээр, бий болгох эсвэл түүнийг оршин байлгах нэг зүйл түүний дотор байна гэж бодох явдал байна. Иргэний нийгмийн хуулиудын нөхцөлд, байх боломжгүй ойлголт нь: “Энэ бол хууль. Үүнд нөхцөл байдлууд, тухайн нэг нөхцөл, эсвэл тухайн зүйлийг тайлбарлах нөхцөл нь юу байх нь хамаарахгүй. Хууль нь өөрөө бий болсон, өөрөөрөө оршино” гэх явдал байна.
Саяхан Швейцарт, кино найруулагч Роман Поланскийг АНУ-ын засгийн газрын гомдлын дагуу баривчилж, түүнийг 30 жилийн өмнө үйлдсэн байж болох бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр сэжиглэн, АНУ-ын талд шилжүүлж магадгүй болж буй тухай хэрэг гарсан. Энэ нь “Үүнд хэрэг 30 жилийн өмнө болсон нь хамаарахгүй. Хохирсон байж болох эмэгтэй түүний эсрэг гомдол гаргахыг хүсэж байгаа эсэх нь хамаарахгүй. Хууль бол хууль. Хэн ч хуулиас дээгүүр биш. Тэр шийтгүүлэх ёстой” гэх сэтгэлгээний нэг сайн жишээ. Энэ нь хууль өөрийн гэсэн амьтай, бусад хүчин зүйлүүдээс хамаарахгүй, хууль бол хууль, бөгөөд хуулийг дуулгавартай дагаж мөрдөх ёстой гэх санааны маш сайн жишээ. Бурханы шашны үзлээр, энэ нь алдаатай үзэл бодол.
Бурханы шашны ёс зүй зааварчилгаа болох нь
Бурхан багш мөн чанарын хувьд зовлон бэрхшээл учруулах эсвэл Номын ахиц төлөвшилд гэм болох үйлүүдтэй холбоотой олон зааварчилгаа өгсөн. Жишээ нь, эрэгтэй, эмэгтэй хуврагуудад үдээс хойш хооллохыг хориглоно, учир нь энэ нь үдэш тэднийг бясалгах үед сэтгэлийг бүрхэг болгодогтой холбоотой. Бурхан багш зан байдалд зориулсан олон зааварчилгааг гаргасан хэдий ч, Бурханы шашны сахил буюу ёс зүйн зааварчилгаа нь (жишээ нь, амь таслахаас зайлсхийх сахил) чулуун дээр сийлсэн, хууль, Эзэн тэнгэрийн гаргасан цээр адил, биш байна. Энэ нь тус зааварчилгаа халдашгүй бөгөөд тухайн нөхцөл, тухайн зүйлийг тайлбарлах нөхцөл, эсвэл ямар нэг хөнгөрүүлэх хүчин зүйлүүдээс ердөө хамаарахгүй гэсэн үг биш. Үүнээс ялгаатай нь, Бурханы шашны ёс зүйн зааварчилгаанууд нь “шүтэн барилдан гарсан” (харилцан хамааран гарах) үзэгдлүүд байна. Тэдгээр нь шалтгаанууд болон нөхцөлүүдээс хамааран, тухайн зүйлийг тайлбарлах нөхцөл байдлуудаас бий болсон байна.
Бид үүнийг хуврагийн сахил бий болсон үйл явцаас маш тодорхой харж болно. Бурханы шашны хүрээнийхэн бий болсон эхэн үед сахил байгаагүй. Гэвч, тус хүрээнийхний дунд – хуврагуудын дунд эсвэл хуврагууд болон тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх гэргийтний бүлэг хооронд – асуудлуудыг бий болгож байсан олон нөхцөлүүд гарч ирэх болсон. Ингээд Бурхан багш “Энэ асуудлаас зайлсхийхийн тулд энэ үйлийг бүү үйлд” хэмээн хэлэх болсон бөгөөд үүнээс сахилууд бий болсон. Винаяа сургаалуудыг (сахил болон сахилга батын дүрмүүд) судалж үзэх үед, тус сургаалд сахил (дүрэм) тус бүр хэрхэн гарсан талаарх үйл явдлын – Бурхан багш тус сахилыг гаргасан – шалтгаан болсон нөхцөл юу байсан талаарх тайлбарыг үзүүлж байгаатай нэлээдгүй таарна. Гэвч, эдгээр бүх сахилуудад, бусад хүчин зүйлүүд тус сахилаас чухал байх үед, сахилыг зөрчих хэрэгтэй болох нөхцөл үргэлж байна.
Нэг жишээ гэвэл, Винаяа сургаалд эрэгтэй хувраг дур төрөхөөс зайлсхийх үүднээс эмэгтэй хүнд хүрэхгүй гэж гарна. Гэвч хэрэв нэг эрэгтэй хувраг эмэгтэй хүн усанд живж байгаатай таарвал, тэрээр харан зогсож болохгүй – хувраг эмэгтэйд туслах ёстой болно. Зарим тохиолдолд шаардлага хориглолтоос чухал байх нь маш тодорхой байх бөгөөд үүнийг Винаяа сургаалд тусгайлан зөвшөөрнө. Бурханы шашинд, ёс зүй болон зааварчилгаанууд харьцангуй байна – тэдгээр нь тодорхой нөхцөлд хамааралтай байна. Хэрэв сөрөг байдлаар үйл үйлдэх шаардлага байгаад, тус үйлдэл бэрхшээл гаргах бол, тэр үед бид үйлдлийг маш хянамгай хийнэ. Бид “Бусдад туслах үүднээс, тус үйлийн үр дүнд гарах бэрхшээлийг би өөртөө хүлээн авъя” хэмээн мэдэж байна.
Бурхан багшийн урд төрлүүдийн нэг амьдралын өөр нэг түүх энэ санааг гаргана. Бурхан багш тус төрөлдөө нэг усан онгоцны чиглэл тогтоогч байсан бөгөөд хөлөг онгоц дээр 500 худалдаачин аялан явж байв. Тэдгээр худалдаачдын эд зүйлийг авах үүднээс нэг сэлүүрч тэднийг хөнөөхөөр завдаж байв; Бурхан багш үүнийг өөрийн илт мэдлээр мэдэв. Бурхан багш тус үйл явдлыг тухайн сэлүүрчийн өөрийн амийг хөнөөхөөс өөрөөр зогсоох боломжгүйг мэдэв. Ингээд тэрээр 500 хүний амь аврах, мөн сэлүүрчийг тус үйлийн маш таагүй үр дагаврыг туулах нөхцөлөөс сэргийлэхээр, сэлүүрчийн амийг хөнөөхөөс гарах үйлийн үр дагаврыг өөрийн сайн дураар, зориуд өөрт авахаар шийдсэн.
Ёс зүй ба бодьсадвын сахилууд
Бодьсадвын сахилд үндсэн болон дагалдах (гишүүн) сахилууд багтана. Дагалдах сахилуудын ихэнх нь чанадад-хүрэх зургаан хандлага буюу бидний зургаан барамид (санс. парамита) гэж мэдэх чанаруудын ангиллын дагуу зохион байгуулагдсан байна. (Зургаан барамид нь: өглөгч сэтгэл, ёс зүйн хувийн-сахилга бат, тэвчээр, хичээнгүй сэтгэл, сэтгэлийн төвлөрөл болон ялгах ухаан байна.) Бодьсадвын сахилууд нь бодь сэтгэл төлөвшүүлэхэд гэм болох буруу үйлээс зайлсхийх амласан үүргүүд байна. Сахилуудын хоёр нь ёс зүйн хувийн-сахилга бат төлөвшүүлэхтэй холбогдоно. Эхнийх нь, бид бусдын сайн сайхны талаар анхаарал хандуулах (бусдад туслах) үед чухал биш, ач холбогдолгүй зүйлд анхаарах эсвэл бага байдлаар-сэтгэхээс зайлсхийх явдал байна. Чухал биш, ач холбогдолгүй зүйлд анхаарах хандлага нь биднийг дараах байдлаар бодоход хүргэнэ: Энэ хүн миний тусламжийг хүртэх зохистой хүн биш. Түүнд үнэхээр их алдаа дутагдал бий – ямар учраас би түүнд бүр туслахыг оролдож өөрт төвөг удна гэж? Эсвэл: Миний бясалгалын цаг болж байна, иймд би түүнд тусалж чадахгүй; миний цагийн хуваарийн дагуу би бясалгалаа одоо хийж байх ёстой, би танд онцгой тохиолдол болгон цаг гаргаж чадахгүй – магадгүй, өөр нэг удаа. Энэ нь чухал биш, ач холбогдолгүй зүйлд анхаарах явдал.
Бага байдлаар-сэтгэх хандлагын өөр нэг жишээ нь: Танай Номын төвийн нэг эрэгтэй хуврагт хүнд жинтэй нэг зүйл өргөж явахад нь тусламж хэрэгтэй болсон бөгөөд тэрээр орхимжоо зөв өмсөөгүй байсан байг гэж бодъё. Бага байдлаар-сэтгэх хандлага нь: Түүнийг орхимжоо зөв болгон засаж өмсөх хүртэл би түүнд туслахгүй. Энэ нь, тус тохиолдолд, хуврагт тухайн зүйлийг өргөн авч явахад нь туслах тэр хамгийн чухал зүйлд анхаарал хандуулахын оронд, чухал биш зүйлүүдийн талаар анхаарч буй явдал. Өөр нэг жишээ нь, нэг хүн миний энэ лекцийг англи хэлнээс герман хэлэнд сайн дураар орчуулан өгч байг гэж бодъё. Түүний дүрмийн эсвэл дуудлагын алдааг миний бие засаж эхлэх нь маш бага байдлаар-сэтгэж буй явдал болно. Ийм төрлийн шүүмжлэл хүрэлцэн ирсэн хүмүүст миний ярьж байгаа зүйлийг ойлгоход нь туслах тэр гол зорилгод хүрэхэд туслахгүй.
Бодьсадвын тус ангилалд хамаарах хоёрдох сахил нь асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл тухайн үйлийг үйлдэхийг шаардах үед, сөрөг байдлаар үйлдэл үйлдэхээс зайлсхийх явдал байна. Жишээ нь, хүүхэд цагаан хорхойтсон үед, хүүхдэд цагаан хорхойг дарах эм өгөхгүй байхаар шийдэж болно. Учир нь Бурханы шашинд заасан арван сөрөг үйлийн нэг нь бусдын амь авах үйл байна; Миний бие тэдгээр үйлүүдийг ямар нэг онцгой тохиолдлыг тооцохгүйгээр дагах нь чухал гэж ойлгосон байж болно. Гэвч, миний бие хүүхдэд асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх хэрэгтэй нь, ойлгомжтой. Хүүхдийг эмчид үзүүлэх хэрэгтэй; хүүхдэд цагаан хорхойг дарах эм өгөх хэрэгтэй. Мэдээж, тус өт хорхой өмнөх төрлүүддээ миний эх болж байсан гэдэг нь үнэн, өт хорхойнуудад тэгш сэтгэлээр хандах хэрэгтэй нь үнэн. Гэвч хүүхдийн өвчнийг эмчлэхгүй байх хэт туйлширсан шийдвэр гаргах нь Номонд ухаалаг бус хандаж буй, хэт шүтэж буй явдал болно. Хүүхдийн энэ насны амьдралд, хүүхэд түүний гэдсэнд байж болох өт хорхойноос илүүтэй бусдад тус болж болох нь ойлгомжтой. Бид хорхойг үзэн ядах сэтгэл, уур бухимдлаар арилгахгүй (“Чи муу хорхой!”); бид хорхойд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлнэ, бид хорхойд сайн сайхныг хүснэ, бид амь авах үйлдээ баясах сэтгэл төрүүлэхгүй. Гэвч хэдий тийм боловч, бид зарим тохиолдолд сөрөг үйлийг асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс хийх хэрэгтэй болно.
Уян хатан биш байхын сул тал
Бидэнд дараах ойлголт байвал энэ нь бидэнд тулгарч болох нэг төрлийн бэрхшээл: хууль бол хууль, Бурханы шашны ёс зүй нь хууль дээр суурилах ба хэрэв бичигдсэн бол тэр нь халдашгүй, хатуу чанд байна. Бидэнд нөхцөлийг шинжилж, жинхэнэ асуудлыг тодорхойлохыг үргэлж сануулна. Тус хуулийн үсэг бүрийг хатуу баримтлах ийм нөхцөлийг шинжилж үзэх үед, үүний бодит асуудал нь юу байх вэ, хуульд хэт бишрэгч байдлаар итгэхийн гол шалтгаан нь юу байх вэ? Асуудал нь алдаатай “би”-г баримтлах явдал байна. Бидэнд өөрийг үзэх хоёрт үзэх үзэл байна: Сахилгагүй бөгөөд хяналттай байдлаар биеэ авч явахад нь сургах нэг биет “би” байна; мөн хүмүүжүүлэгч өөр нэг “би” байна. Нэг талд нэг “би” байх ба нөгөө талд тэр нь “өөрийг” ямар нэг таагүй зүйл хийхээс зогсоох мэт “Би өөрийг түүнийг хийхийг зогсоох ёстой” гэж бодно. Бидэнд ийм сэтгэхүй байх үед, бид тэрхүү боломжит гэмт хэрэгтэн болон цагдаа гэсэн – биет хоёр “би”-д хүчтэй итгэнэ. Ингээд тэр “би”-г анхааран ажиглахаар бидний илгээх сэрэмж нь бидний зан байдлыг тагнах бидний сэтгэлд байх үнэхээр-орших “КГБ”-ын нэг төлөөлөгч байгаа мэт болно. Нэг тагнуулч болох биет орших “би”-д итгэх энэ итгэлийн үр дүн нь юу байх вэ? Үр дүн нь, бид маш, маш гуйвалтгүй, уян хатан биш болно.
Сахилга батын талаарх энэ буруу ойлголт Шантидэва гэгээний Бодьсадвын явдалд орохуй зохиолын хэд хэдэн бадгийг буруу ойлгосноор батжиж болно. Хэрэв та ямар нэг таагүй зүйл, эсвэл нэг сөрөг зүйл хэлэх (зохиолд сөрөг зан байдлын нэг урт жагсаалтыг дурдсан байна) гэж байвал, зохиолд дараах байдлаар өгүүлнэ: “мод мэт орш.” Бид үүнийг дараах байдлаар буруу ойлгож болно: тайрсан мод мэт, робот мэт, хөдөлшгүй бай. Бид хөдөлшгүй ийм байдлыг авч үзэх үед, “Би ямар нэг үйлдэл хийхгүй; Би хариу үйлдэл үзүүлэхгүй; Би юу ч хийхгүй” гэх байдлаар бодож болно. Энэ нь тус зөвлөгөөний зөв тайлбар биш. Мод мэт орших гэдэг нь “тус сөрөг үйлийг үйлдэхээс зайлсхийхийн хувьд гуйвшгүй байх” гэсэн утгыг илэрхийлнэ; энэ нь “мод мэт хөдөлгөөнгүй байх” гэсэн утга илэрхийлэхгүй. Бид ийм алдаатай “би”-гийн тухай бодож байх үед, бид нэг робот адил уян хатан биш болно; бид “Би энэ хүмүүжилгүй ‘би’-г хүмүүжүүлэх хэрэгтэй, үгүй бол би муу хүн” гэж бодно.
Бурханы шашны ёс зүйг авч үзэх зөв хэлбэр
Тэгэхээр бид тайвшран амрах хэрэгтэй. Ёс зүйн зохих сахилга батыг хадгалахын зэрэгцээ тайван амгалан байх нь чухал. Үүнийг бид хэрхэн хийх вэ? Юуны түрүүнд, бид хуулийн тухайд бус - зааварчилгааны тухайд ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Зааварчилгаанд хэрэв бид зовлонгоос зайлсхийх эсвэл түүнийг багасгахыг хүсэж байгаа бол, бид тодорхой энэ төрлийн үйлээс аль болох зайлсхийхийг зөвлөнө. Энэ нь, бид тус хуулийн зорилго юу болох талаар мэдэхгүй байсан хэдий ч, энэ таагүй хууль байна гэж бодож байсан хэдий ч түүнийг хүчээр дагах ёстой мэт санагдах нэг хууль байдаггүй. Ийм биш. Бурханы шашны ёс зүй нь таагүй хуулиуд байдаггүй. Бурхан багш, бидэнд өөрт асуудлуудыг бий болгохоос зайлсхийхэд туслах үүднээс, энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс, тодорхой асуудлуудыг заан үзүүлсэн. Зааварчилгаанууд энэрэн нигүүлсэх сэтгэл болон юу асуудлууд бий болгох, юу асуудлуудыг холдуулахыг ойлгох явдал дээр суурилан гарсан. Бидэнд тулгарах нөхцөл тус бүр өөр өөр байна; бид, нөхцөл тус бүрд, үйлдэл хийх тустай хэлбэр нь юу болох эсвэл эсрэгээр, бид ямар үйлдлээс зайлсхийх хэрэгтэй болохыг шийдэхийн тулд өөрийн ялгах ухааныг ашиглах хэрэгтэй болно. Энэ ойлголт (юу хийх эсвэл юу хийхгүй байхыг мэдэх) нь аяндаа гарах хэрэгтэй, цагдаа боломжит гэмт хэрэгтнийг хүмүүжүүлэх мэт хоёрт үзэх үзлийн үүднээс бус.
Ёс зүйн хувийн-сахилга бат нь нэг сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл, сэтгэлээс гарах сэтгэл) болох нь
Бурханы шашинд ёс зүйн хувийн-сахилга бат гэдгээр бид чухам юуг илэрхийлэх вэ? Бурханы шашны авч үздэг ойлголтод, ямар нэг зүйлийг туулж мэдрэх бидний мэдрэхүйн агшин бүр олон, олон өөр өөр хэсгүүдээс бүрдэнэ гэж гарна. Эдгээр хэсгүүдийг, таван цогц гэж нэрлэх, таван бүлэгт хувааж болно. Бид, тухайн энэ мөчид – нэг хормыг туулж мэдэрч байна. Энэ мөчид, энэ хоромд, бидний туулж мэдэрч буй зүйлийг юу бүрдүүлж байх вэ? Үүнд олон, олон хэсгүүд байна. Мэдээж, миний бие миний туулж мэдрэх явдлын хэсэг; мэдрэхүйн олон өөр системүүд оролцоно, миний харааны эд эсүүд, гэх мэт. Би хүртэж байгаа орнуудаа (зүйлүүд) харах, сонсох гэх мэт хэд хэдэн өөр өөр төрлийн мэдэхүйнүүдийг ашиглан мэднэ. Өөр өөр сэтгэл хөдлөлүүд оролцоно, төвлөрөл, анхаарал, сонирхол гэх мэт өөр өөр сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд, сэтгэлээс гарах сэтгэлүүд) байна. Тэгэхээр, бидний аливааг туулж мэдрэх хором бүрийг бүрдүүлэх эдгээр бүх үзэгдлүүдийг “таван цогц” гэж нэрлэх таван бүлэгт хуваан ангилж болно. Эдгээр бүгдэд “сэтгэлийн хүчин зүйлс (нөхөр сэтгэлүүд, сэтгэлээс гарах сэтгэлүүд)” гэж нэрлэгдэх зүйл тархан байна. Ёс зүйн хувийн-сахилга бат нь нэг сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл).
Тэгэхээр, юуны өмнө, сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) гэж юу вэ? Бид сэтгэлийн (нэг) хүчин зүйлийг “анхдагч мэдэхүй” (тийн мэдэл) гэдэг зүйлээс ялгана. Хором бүрд бид мэдээлэл хүлээн авч, мэдээллийг боловсруулна. Тус мэдээлэл тархинд цахилгаан болон химийн импульсын (дохио) хэлбэрээр очно. Анхдагч мэдэхүй нь тархинд ямар төрлийн мэдээлэл ирж байгааг мэддэг зүйл. Анхдагч мэдэхүй нь тодорхой нэг хэсэг мэдээллийг харааны мэдээлэл, жишээ нь, эсвэл тэр нь дууны мэдээлэл, эсвэл тэр нь халуун, хүйтэн гэх мэт биеийн мэдрэхүй гэж мэднэ. Бид бүгд энэхүү гарч байгаа “мэдэх” үзэгдлийн талаар мэднэ – хэрэв бидэнд анхдагч мэдэхүй байхгүй байсан бол ердөө ямар нэг илэрхийлэл (тайлбар) байхгүй, боловсруулаагүй цахилгаан дохионууд байна.
Сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэлүүд) нь анхдагч мэдэхүйтэй (тийн мэдэл) дагалдана. Тэдгээр нь ирж буй мэдээлэлтэй мэдэхүй харилцахад тусална. Сэтгэлийн хүчин зүйлүүдэд анхаарал тавих, сонирхох, эсвэл тухайн мэдээллийн талаар таатай эсвэл таагүй мэдрэх зэрэг багтаж болно. Сэтгэлийн хүчин зүйлүүд нь эерэг эсвэл сөрөг аль аль нэг сэтгэл хөдлөл байж болно. Олон сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэл) байна. Бидний туулж мэдрэх явдлын агшин бүрд олон өөр сэтгэлийн хүчин зүйлүүд (нөхөр сэтгэл) дагалдана. Ёс зүйн хувийн-сахилга бат нь эдгээр сэтгэлийн зүйлүүдийн (нөхөр сэтгэл) нэг.
Ёс зүйн хувийн-сахилга бат нь “сэтгэлийн өдөөх хүч (сэтгэхүй)” гэх сэтгэлийн хүчин зүйлийн (нөхөр сэтгэл) дэд ангилал. Сэтгэлийн өдөөх хүч нь бидний сэтгэлийн үйл ажиллагааг тодорхой нэг зүйлийн зүгт хөтөлдөг зүйл; энэ нь биднийг ямар нэг зүйл хийхэд хөтөлдөг зүйл. Сэтгэлийн өдөөх хүч нь толгойгоо маажих нэг хүсэл байж болно; ямар нэг зүйл хэлэх өдөөх хүч байж болно; эсвэл, энэ нь ямар нэг зүйл хэлэх-гүй байх өдөөх хүч байж болно, ямар нэг зүйл хэлэхээс зайлсхийх; эсвэл энэ нь хөргөгч рүү явах өдөөх хүч байж болно.
Хөргөгч рүү явах өдөөх хүч нь зурагт үзэхтэй дагалдах сэтгэлийн нэг өдөөх хүч байж болно. Зурагт үзэх зуур, бидний тархинд биеэр (нүдний гэрэл мэдрэмтгий эсүүдээр) мөн нүдний мэдэхүйгээр (хараа) дамжин олон дүрсүүд ирэх ба мөн хөргөгч рүү явах өдөөх хүч бас байна.
Босох энэ хүсэл зурагт үзэх явдлаар туулж буй мэдрэхүйтэй хамт дагалдана. Тэгэхээр бид тус өдөөх хүчний дагуу үйл үйлдэж эсвэл үйлдэхгүй байж болно. Хөргөгч рүү явах хүсэл гарах үед, “Үгүй, би хөргөгч рүү явахгүй, хэдийгээр надад явмаар санагдаж байсан ч. Би хөргөгч рүү явж, зүсэм бялуу авч идэхийг хүсэж байсан ч, би хоолны дэглэм сахиж байгаа учраас түүнээс зайлсхийнэ” гэсэн шийдвэр дээр суурилан, бид түүнийг үйлдэхгүй байх ёс зүйн хувийн-сахилга баттай байж болно.
Ингээд бид одоо ёс зүйн хувийн-сахилга бат гэдгийн тодорхойлолтыг харж болно. Ёс зүйн хувийн-сахилга бат нь өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлүүдийг хамгаалах сэтгэлийн өдөөх хүч. “Хамгаалах” гэдэг нь ямар нэг зүйл хийхээс сэргийлэх гэсэн утгатай; хамгаалах өдөөх хүч нь бусдад гэм хүргэх ямар нэг хүслээс өөрийн сэтгэлийг буцааснаар гарна. Тэгэхээр, би бусдад гэм хүргэхийг хүсэхгүй байгаа учраас би өөрийн үйлүүдийг хамгаалъя; би сөрөг байдлаар үйлдэл үйлдэхээс зайлсхийе. Энэ нь “Үгүй, би үүнийг хийхгүй, би охиноо жимсний шүүсийг цалгиулж асгасан явдалд түүнийг цохихгүй. Би түүнийг тэр алдааг гаргасан явдлаар зэмлэхгүй” гэх өдөөх хүч. Энэ өдөөх хүч нь мөн биднийг өнгөрсөнд бусдад гэм хүргэхээр өдөөсөн сэтгэлийн тайван байдал алдагдуулах, сөрөг сэтгэлийн хүчин зүйлүүдээс (нөхөр сэтгэлүүд) өөрийн сэтгэлийг буцааснаас бас гарч болно. Бидэнд уур бухимдлын улмаас үйлдэл хийхээс зайлсхийх өдөөх хүч төрсөн байж болно. Уур бухимдлыг амжилттай хянахыг хичээх дээр суурилснаар, хувийн-сахилга батын өдөөх хүч төрөх ба энэ нь уурлан бухимдаж, тус уур бухимдлаар үйлдэл үйлдэхээс зайлсхийхэд тусална.
Ёс зүйн хувийн-сахилга бат нь ердөө тухайн хоромд гарах өдөөх хүч биш (жишээ нь, охиноо зэмлэхийг хүсэх тэр агшинд, түүнээс зайлсхийх биш), харин бидний сэтгэлийн үргэлжлэлд нэг ерөнхий зааварчилгаагаар байх тус зарчмын ерөнхий хэлбэр байна: “Би тодорхой нэг төрлийн зан байдлаас зайлсхийнэ. Би бусдыг зэмлэхээс өөрийг буцаах үүднээс, сэтгэлийн цавуу адил сэтгэл болох дурдан санах сэтгэлийг хэрэглэх ба сэтгэл өөр зүгт сарнисан (алгасарсан) эсэхийг таних (мэдэх) үүднээс сэрэмжийг (ухамсарлахуй, мэдэмсэр) хэрэглэнэ” гэх явдал байна.
Бусдад гэм хүргэх сөрөг зан байдлаас зайлсхийхийн дээр, ёс зүйн хувийн-сахилга батын олон дэд ангиллууд байна. Тэгэхээр, сахилга бат гэдгийг илүү ерөнхийлбөл, энэ нь зөвхөн бусдад төдийгүй, мөн өөрт гэм болох сөрөг зан байдлаас түдгэлзэх, эерэг үйлүүдээс зайлсхийхээс түдгэлзэх гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, бясалгах, суралцах, эсвэл Номын өөр өөр бүтээлүүд (дадлагууд) хийх гэх мэт эерэг үйлүүдийг хийх сахилга бат байна. Мөн, бусдад туслах ёс зүйн сахилга бат байна.
Тэгэхээр ёс зүйн хувийн-сахилга батын гурван хэлбэр байна: сөрөг зан байдлаас түдгэлзэх, эерэг зан байдлыг үйлдэх болон бусдад туслах. Ёс зүйн сахилга бат нь биднийг, сөрөг байдлаар үйл үйлдэхгүй, эерэг байдлаар үйл үйлдэх болон бусдад туслах гэсэн үүднээс өөрийн зан байдлыг хамгаалах, ийм тодорхой зүгт сэтгэлийг хөтлөх сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл, сэтгэлээс гарах сэтгэл). Ёс зүйн сахилга бат нь өөрийн зан байдлыг хамгаалах – түүнийг болгоомжтойгоор сахин харуулдах явдал байна.
“Болгоомжлох хандлага” гэх сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл)
Хувийн-сахилга баттай дагалдах өөр нэг сэтгэлийн хүчин зүйлийг (нөхөр сэтгэл) “болгоомжлох хандлага” гэнэ. Болгоомжлох хандлагыг, бусдын болон өөрийн нөхцөлүүдийг нухацтай авч үзэж, тус нөхцөлүүдийн улмаас, болгоомжлох хандлага нь бидэнд эерэг хандлагууд болон тусархаг зан байдлын зуршил бий болгох шалтгаан болж, сөрөг хандлагууд болон гэмтэй зан байдал руу хазайхаас хамгаалах сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) гэж тодорхойлно. Болгоомжлох хандлагыг зарим тохиолдолд “болгоомжтой байх” гэж орчуулж болно. Жишээ нь, хэрэв би тань руу хашхичвал, энэ нь танд таагүй сэтгэл төрүүлнэ; мөн танд таагүй сэтгэл төрөхийн дээр, хэрэв би тань руу хашхичвал, би маш их хямарна гэдгийг би нухацтай авч үзнэ. Түүний дараагаар би унтаж чадахгүй байж ингээд би зовлонтой байж болно. Бид энэ талаар нухацтай авч үздэг үү? Болгоомжлох хандлага нь өөрийн зан байдлын бусдад болон өөрт үзүүлэх үр дагавруудын талаах бодож үзэхэд тусална. Энэ нь зарим эерэг зан байдлуудыг бий болгож, сөрөг зан байдлуудаас зайлсхийхэд тусална.
Болгоомжлох хандлага нь ёс зүйн хувийн-сахилга баттай байхад шаардлагатай. Энэ нь хэрэв би сөрөг байдлаар үйл үйлдвэл энэ нь асуудал бий болгоно, эсвэл хэрэв би бусдад туслахгүй байвал тэр мөн асуудлууд бий болгож болно гэдгийг нухацтай авч үзэхэд бидэнд тусална. Жишээ нь, би хүүхдийн тэргийг шатаар өргөж гаргахдаа бэрхшээлтэй тулгарч байгаа нэг эмэгтэйтэй таарсан гэж бодъё. Болгоомжлох хандлага нь дараах байдлаар бодоход хүргэнэ: “Хэрэв би эмэгтэйд хүүхэд болон хүүхдийн тэргийг шатаар өргөж авч явахад нь туслахгүй бол, энэ нь би хувиа хичээж буй явдал болно. Хэрэв би түүний адил хүүхэдтэй хүн байсан бол, би гарцаагүй хэн нэгэн надад туслахыг хүсэх байсан.”
Ёс зүйн сахилга батаар, бид үргэлж тусархаг байх чигт явахыг хүснэ. Ингээд би цаг үргэлж сахилга батыг сахина, учир нь надад тус болгоомжлох хандлага байна; ямар нэг хэлбэрэлт байгаа эсэхийг мэдэх үүднээс би сэрэмжийг ашиглана; юу зохистой, юу зохисгүй болох, мөн хуулийг харанхуйгаар дагахгүйгээр – нөхцөл байдалд юу тохирохыг тодорхойлох үүднээс би ялгах ухааныг ашиглана. Бид үүнийг, нэг талд боломжит гэмт хэрэгтэн болох нэг “би,” нөгөө талд боломжит гэмт хэрэгтнийг цаг үргэлж сахин харуулдаж байх ёстой нэг цагдаа болох нэг “би” байх мэтээр хоёрт үзэх үзэл байхгүй учраас, уян хатан бус байхгүйгээр хийж байна.
Бурханы шашны үзлийн үүднээс “би”-гийн талаарх үзлийн тухай ярих үед “янагуух би” ( янагуух: ямар нэг зүйлийг илэрхийлэхээр яриа болон ойлголтод хэрэглэх, нэг ангилалд оноосон, нийтээр хүлээн зөвшөөрөх үг эсвэл хэллэгээр тодорхойлогдох ойлголт) гэдэг зүйл гарч ирнэ. Ингээд, бид агшин бүрийг “би”-гээр тодорхойлж болох бөгөөд – би үүнийг хийж байна, би түүнийг хийж байна гэнэ. “Би” нь ердөө үг эсвэл ойлголт биш байна; энэ нь ямар нэг зүйлийг илэрхийлж байна. Энэ “би” нь бидний дотор хаа нэг газар байх нэг бие даасан, өөрийн оршихуйтай нэг зүйл биш. Хэрэв та биеийг эсвэл тархийг задлан хайвал, тэндээс та “би”-г олж чадахгүй. Бидэнд – бие, сэтгэл, болон сэтгэл хөдлөлүүд гэсэн – үүргүүдийн энэ бүхэл бүрдэл байх ба ингээд бид “би” болон “бусад хэн нэгэн”-ийг хооронд нь ялгаж болно. Болгоомжлох хандлагаар, бид янагуух (ямар нэг зүйлийг илэрхийлэхээр яриа болон ойлголтод хэрэглэх, нэг ангилалд оноосон, нийтээр хүлээн зөвшөөрөх үг эсвэл хэллэгээр тодорхойлогдох) “би”-д нөлөөлөх бидний зан байдлын нөлөөний талаар анхаарна. Хэрэв бидэнд янагуух “би” гэсэн ямар нэг мэдрэмж, эсвэл янагуух “би”-гийн талаар ямар нэг мэдэхүй байхгүй байсан бол тэр үед бид ямар нэг зүйлийн талаар анхаарал, болгоомжлол тавихгүй. Би гэгээрэлд хүрэх талаар анхаарахгүй байсан; би өглөө орноосоо босох талаар анхаарахгүй байсан. Тэгэхээр энэ янагуух “би”-г үгүйсгэж болохгүй. Харин өөрийг нэг биет “би”-гээр үзэх үед бидэнд хоёрт үзэх (ямар нэг зүйл орших бодит хэлбэртэй тохирохгүй оршихуйн хэлбэрийг гарган үзэх) үзэл төрнө: боломжит хоригдол болон хоригдлыг сахин харуулдах ёстой цагдаа; бид маш гуйвалтгүй, маш уян хатан биш байх ба энэ нь асуудлуудыг бий болгоно.
Тэгэхээр, орших янагуух “би,” болон ердөө оршихгүй байх боломжгүй, алдаатай “би” хоёрыг ялгах – үүнийг ялгах нэлээд хэцүү. Энэ нь маш их шинжлэл, өөрийн бодол, ойлголт, мэдрэхүйг шалгаж үзэх үйл ажиллагааг багтаана. Гэвч бид ёс зүйтэй хүн байж, ёс зүйн сахилга баттай байх үед, хэрэв үйл явцад нь, бид маш гуйвалтгүй, уян хатан биш, тайван амгалан биш байвал – өөрөөр хэлбэл, бид тавтай биш байвал – тэр үед байх боломжгүй “би,” нэг биет “би”-гийн суурин дээр сахилга батыг дадлага болгож байх боломжтой. Хэрэв бид илүү тайван амгалан байвал, тэр үед бид ёс зүйн сахилга батыг илүү зөв хэлбэрээр дадлага болгож байх боломжтой. “Тайван, амгалан” гэдэг нь назгай байх гэсэн үг биш; энэ нь илүү уян хатан байж, ингэснээр ёс зүйн сахилга батын хувьд түүнд илүү таатай байна гэсэн утгатай. Хэрэв бид бусдад юу тустай болох, өөрт юу тустай эсвэл гэм хортой болохыг бодолцон, нөхцөл бүрд тохирох байдлаар үйл үйлдэж чадаж байвал, тэр үед бид ёс зүйн хувийн-сахилга батыг чанадад-хүрэх хандлагын тухай Бурханы шашны сургаалд түүнийг үзүүлсэн байдлаар дадлага болгож байх бүрэн боломжтой.
Чанадад-хүрэх зургаан хандлага
Чанадад-хүрэх хандлагууд буюу ёс зүйн сахилга бат, тэвчээр, өглөгч сэтгэл, хичээнгүй, сэтгэлийн тогтвортой байдал болон ялгах ухааны барамид нь тэдгээрийг бодь сэтгэлийн сэдлээр дадлага болгох үед, олон хүн, юмсад ихээр нөлөөлнө (чанадад хүрнэ). (Бага хөлгөний сургаалд мөн барамидууд байна. Бага хөлгөн гэдэг нь зовлонгоос чөлөөлөгдөх шийдвэр, магад гарах сэтгэлээр сургаалыг дадлага болгох гэсэн утгатай. Их хөлгөн нь бодь сэтгэлээр (өөрийн гэгээрэлд хүрч, түүгээр хамаг амьтанд туслахыг зорих сэтгэл) сургаалыг дадлага болгож байгаа үе байна. Тэгэхээр, барамидууд буюу чанадад-хүрэх хандлагууд нь Бага болон Их хөлгөний аль алинд байна.) Гэвч аль ч тохиолдолд, хэрэв та чанадад-хүрэх хандлагууд, зургаан төгөлдрийг дадлага болгож байгаа бол, тэр үед тэдгээр зургаа тус бүрийг бусад тавтай нь нэг дор дадлага болгохыг зөвлөнө. Тэгэхээр, ёс зүйн сахилга батын хувьд, түүнд оролцох “би,” түүнд оролцох “та” болон сахилга батыг өөрийнх нь талаар ойлгосон ялгах ухаан бидэнд байх хэрэгтэй; эдгээр бүх хүчин зүйлүүд хэрхэн оршдог талаар ойлгох нь маш, маш чухал.
Дүгнэлт
Энэ нь Бурханы шашин дахь ёс зүйн хувийн-сахилга батын талаарх үндсэн тайлбар байлаа. Энэ маш гол бүтээл (дадлага болгох зүйл). Ёс зүйн хувийн-сахилга батыг гэтлэхүй (зовлонгоос ангижрах), гэгээрэлд хүрэх үүднээс дадлага болгож, төлөвшүүлнэ, зөвхөн нэг сайн иргэн эсвэл нэг сайн хүн байхын тулд бус. Энэ нь хуулиудыг, тодорхой нэг Эзэн тэнгэр эсвэл төр улсын тогтоосон хуулиудыг дуулгавартай дагаж мөрдөх дээр суурилдаггүй. Үүнд сайн хүн эсвэл муу хүн байх гэсэн ойлголт байдаггүй; гэм буруу гэж байдаггүй, эсвэл шагнал эсвэл шийтгэл гэж байдаггүй. Ёс зүйн сахилга бат нь гурван үйл ажиллагааг багтаасан нэг сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл, сэтгэлээс гарах сэтгэл) байна: (1) сөрөг (бусдад болон өөрт гэм хортой) зан байдлаас зайлсхийх, (2) эерэг, амар амгалан (аз жаргал) авчрах (бясалгал гэх мэт) зан байдлыг төлөвшүүлэх, эсвэл (3) боломжит ямар ч байдлаар бусдад туслах. Энэ нь бидний зан байдлыг нэг тодорхой зүгт хөтлөх сэтгэлийн нэг өдөөх хүч байна. Сөрөг байдлаар үйлдэл үйлдэхээс сэргийлэн харуулдах, эерэг байдлаар үйлдэл үйлдэхгүй байхаас зайлсхийх болон бусдад туслахгүй байхаас зайлсхийхэд бидэнд ёс зүйн хувийн-сахилга бат хэрэгтэй. Ёс зүйн сахилга бат болох сэтгэлийн энэ хүчин зүйлд болгоомжлох хандлага, дурдан санах, сэрэмж, болон ялгах ухаан дагалдана.
Асуулт, хариулт
Хэрэв бид эдгээр төлөвүүдийг төлөвшүүлэх аргыг мэдэж байвал, энэ арга бидэнд үргэлж хэрэг болох уу эсвэл тодорхой хугацаа өнгөрөхөд бид сэтгэлийн тэдгээр төлөвүүдийг ямар нэг хүчин чармайлтгүйгээр, ямар нэг арга хэрэглэхгүйгээр хадгалж чаддаг болох уу?
Тийм, энэ нь яваандаа аяндаа төрнө. Бидний Бурханы шашны бүтээлээрээ (дадлага болгох зүйл) төлөвшүүлэхийг оролдох бүх эерэг зүйлүүдийг төлөвшүүлэх бодит арга ажиллагаа нь (1) эхэлж бид тэр талаар сонсоно, ингээд бид зөвхөн тэр талаар сонссон дээрээ суурилан түүнийг дадлага болгоно. Гэвч энэ үед (2) бид түүнийг ойлгох хүртэл, тэр нь үнэхээр үнэн гэсэн итгэлтэй болох хүртэл бид тэр талаар бодох хэрэгтэй болно. Та ёс зүйн хувийн-сахилга батын талаар ердөө сонссон тохиолдолд, та түүнийг дадлага болгохгүй байж болно. Гэвч тэр талаар сонсож мөн бодож ойлгосны дараа (3) тэдгээрийн талаар бясалгасны суурин дээр бид түүнийг дадлага болгох хэрэгтэй болох ба энэ нь бид шалтгаануудаар (нөхцөлүүд), арга ажиллагаануудаар мөн аргуудаар ёс зүйн сахилга батыг бодитой төрүүлнэ гэсэн утгатай. Тэгэхээр, дурдан санах, сэрэмж (ухамсарлахуй, мэдэмсэр) болон өөр бусад аргуудыг хэрэглэн бид ёс зүйн сахилга батын тулгуур болох болгоомжлох хандлагыг төлөвшүүлнэ. Ёс зүйн хувийн-сахилга батыг төлөвшүүлэхэд бидэнд туслах олон арга байна. Аргуудад: Номын багштай ойр байх эсвэл Номын багшийг үргэлж дурдан санах, бидний төлөвшилд дэмжлэг болох зохих нийгмийн бүлгийн дунд орох, адил зүйл хийж байгаа бусад хүмүүстэй ойр байх. Үүнийг чармайлт гарган (шамдлаар) төлөвшүүлэх гэнэ: бид махран ажиллаж, хөдөлмөрлөж, хүчин чармайлт гаргаж өөрсдийгөө төлөвшүүлэх хэрэгтэй. Улмаар дадлага нь чармайлт шаардахгүй (шамдал үгүй) болно; чармайлт шаардахгүй гэдэг нь өөртөө өөрийн зорилгыг сануулах тодорхой процессыг (үйл явц) дамжих дээр тулгуурлах шаардлагагүй болно гэсэн утгатай; энэ нь ердөө аяндаа төрнө.
Бодьсадвын сахилд (тухайлбал, дагалдах (гишүүн) сахилд) зайлсхийх есөн зүйлийн – бидний ёс зүйн хувийн-сахилга батын төлөвшилд гэм болох зан байдлуудын – нэг жагсаалт багтсан байна. Миний бие тэдгээрийн заримаас дурдсан; жишээ нь, бид бусдын сайн сайхны талаар анхаарал хандуулах (бусдад туслах) үед чухал биш, ач холбогдолгүй зүйлд анхаарах явдал байна. Бид тэдгээрийг өөртөө сануулж байх хэрэгтэй. Бид үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үүднээс өөртөө сануулж байх хэрэгтэй, учир нь бид өөрийн төлөвшилд гэм болох сөрөг үр дүнгээс зайлсхийхийг хүснэ. Бидний ёс зүйн хувийн-сахилга бат нь чармайлт шаардахгүй (шамдал үгүй) болох үед, энэ нь бид бодьсадвын сахилуудыг анхаарахгүй байна гэсэн үг биш; энэ нь бидэнд тэдгээр нь хэрэггүй болсон гэсэн утгатай биш. Энэ нь ердөө, бид тэдгээрийг өөртөө байнга сануулах шаардлагагүй болно, учир нь бид сахилуудыг аяндаа санана гэсэн утгатай – энэ нь үргэлж бэлэн байна. Энэ нь ердөө “би тэдгээр үгсийг санаж байна” эсвэл “би тэдгээрийг цээжээр дуудан уншиж чадна” гэхтэй адил “би түүнийг санаж байна” гэсэн үг биш; харин, хувийн-сахилга бат нь миний зан байдалтай үнэндээ интеграцид орж (хоёр ба түүнээс дээш зүйл хоорондоо нэгдсэнээр илүү үр нөлөөтэй болох), түүнийг албадан сахих шаардлагагүй болно. Эхэн үедээ, эдгээр бүтээлүүд (дадлага болгож байгаа зүйл) маш хиймэл санагдана. Зөвхөн дахин дахин давтан ойлголт төрүүлснээр тэдгээр нь аяндаа төрж, үр нөлөөтэй болж ирнэ, энд бид үг хэллэгийг маш уян хатан байдлаар хэрэглэж байна. Энэ бол концепт бүхий болон концепт-үгүй (шууд) түвшний ойлголтуудын ялгаа. (Дээрх үг хэллэгүүд ойлголтын (концепт) түвшний болон ойлголтын (концепт)-бус түвшний гэх эдгээр үгсийн мэргэжлийн үг хэллэгийн хувь дахь зөв хэрэглээ биш, гэвч өрнөдөд бид тэдгээр үгсийг дээрх байдлаар уян хатан хэрэглэх хандлагатай байна.) Өөрөөр хэлбэл, эхэлж бид хувийн-сахилга бат гэдгийг ойлгох ойлголтын (концепт) түвшний ойлголттой байх ба улмаар бид түүнийг ойлгох ойлголтын (концепт)-бус түвшний ойлголтод хүрэх ба ийнхүү хувийн-сахилга бат нь бидний зан байдалтай угаас, аяндаа гарах байдлаар холбогдож, үр нөлөө үзүүлж эхэлнэ.