Олон нийтийн сүлжээний эрин зуунд Бурханы шашны санал болгодог хэм хэмжээг баримтлах нь

Интернэтэд тулгуурласан мэдээллийн эрин зуун нь фэйсбүүк, твиттэр гэх мэт олон нийтийн сүлжээ, хаа сайгүй хэрэглэгдэх гар утасны мессэж зэрэгт суурилсан олон нийтийн сүлжээний эринд шилжээд байна. Энэ нь хүмүүсийн бие биетэйгээ харилцах харилцааг өөрчилж байна. Түүнээс гадна, iPod-ын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ, өдрийн турш хөгжим сонсох болсон явдал, олноор гарч буй видео тоглоомуудын нөлөөгөөр хүмүүс өдөр, шөнийн турш хаана ч байсан хөгжим, тоглоом, мессэж, олон нийтийн сүлжээнд холбоотой байх боллоо. Эдгээр ололт бүхэн сайн бас сөрөг үр дагавар авчирсан. Ямарч тохиолдолд эдгээр нь хүмүүст маш хүчтэй нөлөө үзүүлж байна. Энэхүү нийгмийн өөрчлөлтөөс гарч буй зүйлүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хор холбогдлыг нь бууруулахад Бурханы шашин хэрхэн тус болох талаар ярихыг би хүсэж байна. Ингээд энэхүү олон нийтийн сүлжээний ач тусын талаар эхлээд хэдэн зүйл хэлж дараа нь түүний сул талууд болон энэ өөрчлөлтөнд Бурханы шашны санал болгох зүйлийн талаар яръя.

Видео: 14-р Далай лам — “Жинхэнэ нөхөрлөл”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Бидний юу гэж бодож буй нь чухал гэх сэтгэл

Терроризмын аюул занал, цаг уурын өөрчлөлт, цөмын зэвсэг дэлгэрүүлэх явдал, дэлхийн эдийн засгийн хямрал, ажилгүйдэл зэрэг асуудлуудын өмнө хүмүүс ихэнх тохиолдолд өөрийгөө хүчин мөхөс, сул дорой мэт санаж, ганцаарддаг. Фэйсбүүк гэх мэт олон нийтийн сүлжээгээр дамжуулан тэд өдөр тутмын амьдралынхаа талаар, өөрсдийн бодол санааг нийтэлж найз нөхөд нь түүнд дуртай байгаагаа илэрхийлэх байдлаар хариулах боломжтой болсноор энэ нь үнэндээ тэдний хийж буй, бодож буй зүйл чухал мэт санагдахад тусалж болно. Энэ нь нэг талаараа тэд энэхүү ертөнцөд байгаа гэдгийг, дотор нь байхад маш хүчин мөхөс мэт санагдах тэр дэлхийд тэд бол чухал гэж батладаг мэт санагддаг.

Гэвч “лайк” хүлээн авахын сул тал нь өөрийгөө үнэлэх талаар буруу ойлголт төрүүлж, өөрийн чадварыг хэтрүүлж үнэлэх хандлагыг нэмэгдүүлж болно. Эдгээр “лайкууд” нь ердөө ач холбогдолгүй, ямарч утгагүй зүйл юм. Түүгээр зогсохгүй хүмүүс фэйсбүүк хуудсандаа хүлээн авч байгаа “лайк” болон найзын тоог жинхэнэ найз байх, нөхөрлөлийн чанараас илүү чухалд үздэг. [Хэрэв “лайк” хүлээн авахгүй бол сүйрэх мэт болно.] Өдрийнхөө хоолонд юу идсэн тухайгаа, тэр нь сайхан байсан гэх мэт өөрт тохиолдсон үнэхээр аар саар зүйлүүдийг нийтлэснээр энэ нь бидний болон бусдын цагийг утгагүй чалчаа яриагаар үрэх байдлыг ихэсгэдэг. Мэдээж чалчаа яриа нь Бурханы шашны сургаалд дурддаг утгагүй зүйлийг утга учиртай зүйлд тооцон ярих хэлээр үйлддэг сөрөг үр дагаварт хүргэх дөрвөн үйлийн нэг юм.

Тэгвэл Бурханы шашин үүнтэй холбоотой юуг санал болгодог вэ? Бурханы шашны энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүлэх бясалгалуудын нэгэнд бид бүхий л хамаг амьтны ач тусаас хэрхэн бүрэн хамаардгийг онцлон авч үздэг. Бидний идэж ууж, тааашаал авч буй бүх зүйл бусдын хөдөлмөрөөр бий болдог. Бид харилцан хамааралтай байдаг. Энэ бол бодит байдал. Миний болон хүн бүрийн хийж буй зүйл бусдын амьдралд тус, хувь нэмэр оруулдаг. Тариа ногоо тарьж ургуулж буй хүмүүс, түүнийг тээвэрлэж буй, зам тавьж буй, техник төхөөрөмж үйлдэрвлэж буй, зарж борлуулж буй хүмүүс гэх мэт бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай. Бидний идсэн хоолны талаар “таалагдсан” гэж хэлж бидний сэтгэлийг өргөх, бидний оршин байгааг батлах шаардлага байхгүй. Бид оршиж байна, бид бие биеэсээ харилцан хамааралтай байдаг.

Бурханы шашны гүн ухаанд дурдсан харьцангуй орших “би” болон хуурмаг “би” хоёрын хоорондын ялгааг мэдэх үед бид бусадтай үнэхээр бодит холбоотой мэт санагддаг. Харьцангуй орших “би” нь энд байж, сууж, ярьж, идэж, унтах тэр би бөгөөд харин хуурмаг “би” нь би үнэхээр чухал, хүн бүр миний өдрийн хоолонд идсэн зүйлийг мэдэж байх ёстой гэх мэтээр хэт дөвийлгөсөн “би” юм. Энэ нь өөрийгөө чухалчлах нэг төрлийн хэлбэр, өөрийн талаарх хүчтэй тогтсон нэг ойлголт юм. Ийнхүү Бурханы шашинд харьцангуй орших “би” ... , бид мэдээж оршдог боловч энэхүү хэт дөвийлгөсөн “би” гэсэн мэдрэхүй нь хоосон, буруу ойлголт гэж үздэг. Энэ бол ердөө тусгал. Хэрэв бид үүнийг хүлээн зөвшөөрч, “Миний хийж буй бүх зүйл үнэхээр чухал бөгөөд хүн бүхэнд сонирхолтой байна” гэсэн энэхүү өөрийгөө хэт дөвийлгөх хандлагаас холдох үед бид бусадтай бодит холбоотой санагдаж эхлэх ба энэ байдал нь өөрийгөө чухалчилж, сайшаах гол цэг болох хүчтэй тогтсон тэрхүү “би” гэсэн ойлголтыг өөрчилнө. Бидний мэдэх харьцангуй орших “би” байх ба түүнийг батлан харуулах шаардлагагүй гэдэгт итгэлтэй болох үед бид бусдаас түүнийг батлахыг хүлээхгүй.

Бурханы шашин илүү их чин сэтгэлтэй байхыг сургадаг. Ердөө нэг ёс төдий, утгагүй “дуртай байна” гэхийн оронд бид бусдад хэрэгтэй байдлаар туслахын тулд илүү гүн, утга учиртай зүйлийг бичиж болно. Бид бусадтай бодитойгоор хэрхэн харилцах вэ гэдэг талаасаа энэ бол маш чухал гэж би боддог. Ямарч утгагүй, “Тийм шүү, үнэхээр гайхалтай” гэх, ердөө нэг “Таалагдаж байна” гэсэн товч дарах нь үнэндээ биднийг хэнтэй ч холбохгүй. “Өнөөдрийн өдрийн хоолонд идсэн зүйлдээ” хэдэн арван “лайк” авсан учраас надад их сайхан байна, энэ бол үнэхээр чухал гэж бодох нь нилээд утгагүй, хөнгөн хийсвэр хэрэг юм.

Харилцааны мэдрэмж

Олон нийтийн сүлжээний өөр нэг давуу тал нь гэр ажлын хооронд явдаг, ганцаар, тусгаарлагдмал амьдралаар амьдардаг хүмүүст хамаарна. Олон нийтийн сүлжээ нь тэдэнд нийгмийн бүлгийн нэг хэсэг гэж мэдрэхэд тусалж болно. Энэ нь тэдний сэтгэл санааг өргөх ямар нэг хамааралтай байх мэдрэмж өгдөг. Эцэст нь хэлэхэд хүн бид нийгмийн амьтан бөгөөд өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэж мэдрэх нь маш чухал. Харин сул тал нь гэвэл өөрсдийн багтдаг гэж үзэх найз нөхдийн бүлэгтэй ямар нэг утга учир бүхий харилцаа холбоотой бус, тухайн бүлэг нь ач холбогдолгүй зүйлээр нэгдсэн байх явдал.

Бурханы шашин зам мөрөөр хамт явах найз нөхдийг их чухалчилдаг. Бид нэг бүлэгт багтдаг гэж мэдрэх нь тустай. Мэдээж ийм зүйл сүм хийдэд байна. Дэлхий даяар байгаа Номын төвүүдэд ч бас бий. Гэвч бидний багтаж байгаа хэсэг бүлэг нь заавал Бурханы шашны эсвэл бусад шашны бүлэг байх албагүй харин ямар нэг эерэг үнэт зүйлээр нэгдсэн, бусдад туслах ямар нэг зүйл хийхийг хичээн нэгдсэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрэв бид ямар нэг олон нийтийн сүлжээнд нэгдэх гэж байгаа бол тэр бүлэг нь эерэг, бусадтай хуваалцаж болох сайн үр дагаварт хүргэх зүйлээр нэгдсэн байвал илүү их тустай байх юм.

Олон нийтийн сүлжээний өөр нэг тустай зүйл нь гэр бүл хоорондоо холбоотой байж, гэр бүлийн гишүүд юу хийж байгааг мэдэх явдал. Тэр дундаа нь хувь хүн тус бүрээс илүүтэйгээр гэр бүлээр хүмүүсийг тодорхойлдог, гэр бүлийн ахмад гишүүд нь залуу гишүүдийгээ өөрсдийн бараг үргэлжлэл гэж үздэг ази гэр бүлийн хувьд их тустай. Фэйсбүүк гэх зэргээр дамжуулан гэр бүлүүд хүн бүр хүн тус бүрийн юу хийж байгааг мэдэж байгаа гэж үзнэ. Энэ үнэхээр тустай. Гэвч үүний сул тал нь бид бүхий л хувийн асуудал, амьдралаа нууцлах эрхээ хялбархан алдаж болно. Хэдийгээр бид зөвхөн нэг хүнтэй фэйсбүүк эсвэл и-мэйлээр дамжуулан харилцаж болох ч заримдаа бидний бичсэн зүйл, тэр дундаа фэйсбүүкийн хувьд гэж би хэлэх гэсэн юм, бүр бид хувийн байлгахаар илэрхийлсэн ч түүнийг хүлээн авч байгаа хүнээр дамжин бидний зөвшөөрөлгүй олон нийтэд нээлттэй болдог. Фэйсбүүкийн мессэжний хэсэг, гар утасны мессэж, и-мэйл нь илүү тохиромжтой боловч гар утасны мэссэж нь ердөө дэмий яриа болж хувирдаг, огт хэрэггүй зүйл бичилцдэг.

Бурханы шашин ялгах ухамсар төлөвшүүлэх талаар сургадаг. Энэ тохиолдолд юу олон нийтийнх, юу хувийн болохыг ялгах явдал. Тарнийн сургаалд жишээ нь бусад хүмүүс бидний хэлж байгаа зүйлийг буруу ойлгож эсвэл буруу ашиглаж магадгүй учраас  тодорхой зарим сургаалыг зөвхөн хувьдаа эсвэл нууц байлгаж сурдаг. Хэрэв бид өөрсдийн талаарх бүх зүйлийг олон нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй байвал ийм ялгах ухамсарыг өөрийн амьдралын бүхий л хүрээнд тэлж болно. Энэ бол ердөө өөрийгөө хянах тухай асуудал юм. Хэрэв та ямар нэг зүйл фэйсбүүк хуудсандаа байрлуулах гэж байгаа бол түүнийг олон нийтэд нээлттэй болгохыг хүссэн байх ёстой, хэрэв үгүй бол гар утасны мессэж, и-мэйл илүү дээр байх болов уу.

Урам авах

Твиттэрийг авч үзье. Тэнд маш богино хэлэх зүйлийг оруулдаг. Үлгэр дууриалтай гэж үздэг хүмүүсээс өдөр бүр твиттэрээр дамжуулан тэдний хэлэх зүйлийг хүлээн авах нь ганцаар тусгаарлагдмал амьдралаар амьдардаг хүмүүст бусадтай бодитойгоор харилцахгүйгээр тодорхой хэмжээний нийгмийн харилцаанд орж буй сэтгэгдэл төрөхөд тус болж болох сайн талтай. Түүний сөрөг тал нь өөрийн үлгэр дууриал болдог гэж үздэг хүмүүсийн үлгэр дууриал эсвэл зөвлөгөөг бодитойгоор дагахгүйгээр ердөө сэтгэлд таатай байх үүднээс түүнийг хэрэглэх явдал юм. Олон хүмүүс Дээрхийн Гэгээн Далай лам эсвэл бусад аугаа хүмүүсээс өдөр бүр твиттэрээр дамжуулан тэдний хэлэх зүйлийг хүлээн авдаг.

Бурханы шашинд багшийн егүзэр (бүтээл) гэж нэрлэдэг өөрийн бие, хэл, сэтгэлийг багшийн бие, хэл, сэтгэлтэй нэг гэж үзэх зорилго бүхий зам мөрөөр хөтлөх багшаасаа үлгэр дууриал, урам зориг авах бүтээл бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл үнэндээ багшийнхаа адил үйлдэл хийж, ярьж, бодохыг хичээх гэсэн утгатай. Ердөө онол сургаалын хүрээнд бус харин бодит амьдрал дээр хэрэгжүүлэх тухай юм. Иймд энэ санааг шашны төлөөлөгчийн хүрээнээс гадна хэлсэн зүйлийг нь өөрийн твиттэр хуудсандаа хүлээн авч байгаа тэдгээр үлгэр дууриал болох хүмүүс рүү тэлж болно. Өөрөөр хэлбэл хэрэв та ямар нэг илүү утга учиртай зүйлтэй холбоотой байхад тустай гэдэг үүднээс өдөр бүр эдгээр твиттэрээр илгээсэн үгийг хүлээн авдаг бол түүнийг ердөө сэтгэлд таатай байх үүднээс хэрэглэх бус харин өөрийн амьдралд бодитойгоор түүнийг холбохыг оролдох явдал юм.

Ичих явдлыг давах

Өөр нэг тустай зүйл нь бусдын дэргэд биеэ их барьдаг хүмүүст бусадтай илүү нээлттэй харилцах боломж олгодог. Тэр дундаа найз нөхөд нь өөр оронд байгаа эсвэл бид төрөлх хэлнээсээ бусад хэл дээр бичиж байгаа тохиолдолд. Зарим хүмүүс өөрийгөө ярихаас илүүтэйгээр бичгээр сайн илэрхийлэх боломжтой байдаг. Тэгвэл үүний сул тал нь бидний нүүр тулан харилцах чадварыг хязгаарладаг. Бидний нүүр тулан харилцах харилцааны нэг хэсэг болох бусдыг мэдрэх мэдрэмжээ бид алдаж болно. Ялангуяа, зарим хүмүүсийн гаргадагчлан хэрэв бид хуурамч дүр эсгэж байгаа бол тааламжгүй, эвгүй мессэж ирэх үед бид төхөөрөмжөө салгах эсвэл хариулахгүй байх хандлагатай байдаг. Энэ бол үнэндээ том асуудал юм.   

Нөгөөтэйгүүр Бурханы шашин нь өөрт байхгүй чанаруудыг байгаа мэт дүр эсгэж, өөрт буй сул талуудыг нуухыг оролдохгүй байхыг сургадаг. Хэрэв бид өөрийн талаар үнэнч байх үндсэн дээр эдгээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан өөртөө итгэх итгэл олж авсан бол бид түүнийгээ бодит амьдралын нөхцөлүүд рүү тэлж эхлэх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээний хувьд энэ үнэхээр тустай юм. Хэрэв энэ нь бидэнд харилцааны хувьд өөртөө илүү итгэлтэй болох боломж олгож байвал гарч нүүр учран харилцах хэрэгтэй. Түүнийгээ компьютерийн дэлгэцний ард нууж орхих хэрэггүй.

Үр дүнтэй харилцах

Өөр нэг ач тус гэвэл твиттэр болон гар утасны мессэж нь бодол санаагаа хурдан, товч тодорхой илэрхийлснээр харилцааг хурдан үр бүтээлтэй болгож байдаг. Тэдгээрийг утсаар эсвэл скайпын видео яриагаар ярьж их цаг зарцуулах шаардлага байхгүй. Энэ нь аялаж яваа эсвэл яаралтай нөхцөлүүдэд их хэрэгтэй. Бид бусдаас яаралтай хэлэх зүйлүүд хүлээн авдаг. Ийм тохиолдод маш их хэрэгтэй. Гэвч өөрийгөө цөөн үгээр, бүр бүрэн гүйцэд бичихгүйгээр илэрхийлэхийн сул тал нь өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх, харилцан ярилцах чадвар алдагдагдах явдал. Юмсыг маш хурдан ердөө хэдхэн хормын дотор хийснээр бидний төвлөрөх, анхаарлаа тогтоох чадвар багасаж болно.   

Бурханы шашин бусдад туслахын тулд сайн, утга учиртай харилцаж чаддаг байх нь маш чухал гэдгийг онцлон тэмдэглэдэг. Нэг удаагийн хэлэх зүйл чинь үсгийн тоогоор хязгаарлагдмал байх твиттэр зэрэг нь биднийг бодит тохиолдлуудад утга төгөлдөр гол санаагаа илэрхийлэхдээ холбогдолгүй үг хэллэгүүдийг хасахад сургаж болно. Зөвхөн гол санаагаа илэрхийлэх, өөр бусад зүйл байхгүй. Гэвч бид, твиттэрт ч мөн адил, ямарч харилцаа үүсэхгүйгээр гол санаагаа илэрхийлж байгаа эсэхээ анхаарах ёстой.

Бурханы шашин нь илүү их анхааралтай байхад тус болох, аливаа зүйлийн гол санаа нь юу болохыг харах, мэдээж, төвлөрөл төлөвшүүлэх олон олон бясалгалын аргуудаар нилээд баялаг. Үүнийг би Бурханы шашны ирээдүйд хэрэг болно гэж харж буй маш чухал зүйл гэж боддог. Жишээ нь мэдээг авч үзье, нэвтрүүлэгч мэдээ уншиж байхад дэлгэцийн доогуур өөр нэг зүйлийн талаар мэдээ урсаж, заримдаа дэлгэцэн дээр нэг зэрэг хоёр, гурван зүйл гардаг. Энэ нь хүмүүст нэг зүйл дээр анхаарч, төвлөрөхөд маш их бэрхшээл учруулдаг. Хүмүүсийн анхаарал энэ зүйл дээр нэг хэсэгхэн хугацаанд, тэр зүйл дээр нэг хэсэгхэн хугацаанд тогтох ба дүрс болон юмс маш хурдан солигдоно. Энэ нь төвлөрөлд маш их хортой. Гэвч миний хэлсэнчлэн хэрэв хүмүүс өөрийгөө төлөвшүүлэх гэдэг үүднээс үнэхээр цааш алхахыг хүсэж байвал Бурханы шашин нэн ялангуяа бидэнд төвлөрөл төлөвшүүлэхэд их хэрэгтэй байх болно. Үнэндээ мэдээллийн хэрэгслийн нөлөөгөөр хүмүүсийн анхаарлын үргэлжлэх хугацаа багасаж байгаагаас шалтгаалан хүмүүс илүү их сорилттой нүүр тулах байх; гэвч бид үүнтэй ажиллах ёстой.

Байнгын харилцаа

Өөр нэг асуудал бол хаана ч, хэзээ ч харилцаж болох, хаана ч, хэзээ ч холбогдож болох интернэттэй холбогдсон гар утас юм. Үүний сул тал бол дэлгэцнээс тусаж байгаа гэрэл, эдгээр электрон төхөөхөмжүүд нь өөрийн эрхгүй таны анхаарлын татан, түүнээс таныг хамааралтай болгох шинж чанарыг хадгаладаг явдал. Нэг тийм сэтгэл татах чанартай. Энэ үнэхээр бэрх ... Берлинд метроны (бид түүнийг Ү-банн гэж нэрлэдэг) вагон бүрт телевиз суурилуулдаг нь үнэхээр сонирхолтой (үнэндээ хоёрыг суурилуулсан байдаг) бөгөөд түүгээр мэдээ, зар сурталчилгаа, цаг агаарын мэдээ зэрэг зүйлүүд гарна. Хэдийгээр та тэдгээрийг үзэхийг хүсэхгүй байсан ч анхаарлыг тань татах нь гайхалтай. Бид хорхой шавьж, амьтаны адил гэмээр, гэрэл гялтаганахад түүнийг харахгүй байх үнэхээр хэцүү.

Энэ мэт гар утас, компьютерын дэлгэц зэрэг нь бас бидний сэтгэлийг маш их татах бөгөөд бид түүнээс хамаарч эхэлдэг. Эдгээр нь маш их сэтгэл татах бөгөөд та ямар нэг зүйлээс хоцрохгүйн тулд байнга мессэжээ шалгах ёстой мэт санана. Дээр нь та үргэлж өөртөө итгэлгүй байх ба бүхэл өдрийн турш гартаа утсаа барьснаар аюулгүй байх мэт ташаа сэтгэл төрнө. Энэ нь надад Ганга мөрний ус бүхий жижигхэн сав барин алхах саду нарыг (Хиндү шашны даяанч) санагдуулдаг. Цаг үргэлж гар утсаа гартаа барих хэрэгтэй болдог тэрхүү байдал. Бүхий л өдрийн турш гар утас, фэйсбүүкийн мессэжээ шалгаж, хариулах нь таны маш их цаг хугацааг үрнэ. Ихэнх тохиолдод тэдгээр нь аар саар зүйлийн тухай байдаг.

Өөрийгөө чухалчлахыг ташаа ойлгосон ойлголтоосоо болж бид мессэж болон утасны дуудлагаараа ямарч үед хэний ч хийж байгаа зүйлийг тасалдуулж болно гэж бас бодно. Мөн нилээн бүдүүлэг, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчих хандлагатай байдаг. Бид бүр хэн нэгэнтэй хамт байж байхдаа гар утсаараа хэн нэг өөр хүнтэй ярьж, мессэж бичдэг. Энэ нь өсвөр насныхны дунд маш түгээмэл тохиолдоно.

Бурханы шашин бидэнд хүлэгдэх сэтгэлээ багасгахыг бас заадаг. Хүлэгдэх сэтгэл гэж юу вэ? Хүлэгдэх сэтгэл гэдэг нь ямар нэг зүйлийн сайн чанар, ач тусыг хэтрүүлэн үнэлэх, заримдаа бүр байхгүй зүйлийг бий болгон тусгаж, сөрөг чанарыг нь ердөө хайхрахгүй байх явдал юм. Ингээд түүнийг орхихыг хүсдэггүй. Энэ бол хүлэгдэх сэтгэл. Хэрэв бид энэхүү олон нийтийн сүлжээний ач тусын талаар илүү бодитой хандлагатай байвал, түүнд мэдээж хэрэгтэй зүйл бий, гэвч сул талыг нь бас мэдэж байх нь эдгээр төхөөрөмжүүдтэй холбоотой нилээд ухамсаргүй үйл ажиллагаа, тэдгээрт хүлэгдэх сэтгэлээ даван туулахад тус болно.

Мөн Бурханы шашин нь бидэнд бусдын талаар анхаарал тавьж, ач холбогдолгүй яриагаар тэдэнд түвэг удаж, цагийг нь үрэхгүй байх талаар сургадаг. Сөрөг үр дагаварт хүргэх ач холбогдолгүй дэмий яриа буюу чалчаа яриа нь ямар учраас сөрөг үр дагавартайд тооцогддог вэ? Бид ач холбогдолгүй зүйлийг маш их ач холбогдолтой гэж боддог төдийгүй бусдад бас саад болдог. Бид өөрийн болон бусдын цагийг үрдэг. Ялангуяа өөрийн дэмий яриагаараа чухал, хэрэгтэй зүйл хийж байгаа хүнд түвэг удах нь маш сөрөг, муу үр дагавартай.

Стресс бүхий орчноос тусгаар орон зай болох

Дэлхий нийтийг хамарсан дэндүү ярвигтай асуудлуудтай тулгарч буй энэ үед олон нийтийн сүлжээ, iPod, видео тоглоом зэрэг нь хүмүүст анхаарлаа хязгаарлан, идэвхтэй байж, ямар нэг үйл ажиллагаанд түүнийгээ хандуулан төвлөрөх боломж олгодог. Ийм байдлаар өөрийн болон дэлхий нийтийн асуудлын талаарх бухимдал цөхрөлөөс зайлсхийх хоргодох газар болж өгнө. Дэлхий ертөнц, энэ үнэхээр нарийн түвэгтэй, үнэхээр адармаатай; ажилгүй болох, эдийн засгийн хүндрэл гэх мэт өөр юу ч байж болно, энэ бүх таны өөрийн асуудлууд үнэхээр хэцүү бөгөөд та дэлгэцэн дээрх жижигхэн аюулгүй ертөнцөд найз нөхөдтэйгөө байж эсвэл тоглоом тоглож сатаарахыг хүсдэг. Эсвэл өөр юу ч байж болно, хөгжим сонсох гэх мэт. Ингэснээр, нэг үгээр хэлбэл, танд аюулгүй газар байгаа мэт сэтгэл төрнө.

Тэгвэл үүний сул тал нь юу вэ? Сул тал нь та өөрийн асуудалтай нүүр тулдаггүй. Энэ бол бодит байдлаас зугтаж буй хэрэг. Үүнд Бурханы шашин мэдээж Хутагтын дөрвөн үнэний сургаалыг санал болгоно. Энэ бол Бурхан багшийн гол сургаал бөгөөд сургаалын гол үндэс нь асуудлуудтайгаа нүүр тулж, асуудал, бэрхшээлүүдээ тодорхойлж, тэдгээр асуудлууд бодитой байна гэдгийг хүлээн зөвшөөрч, тийм асуудлууд байхгүй мэт дүр эсгэх бус тэднийг шийдвэрлэх тухай юм. Иймд та энэ талаар бодитойгоор тунгааж, шинжлэх ёстой. Зөвхөн өнгөц төдий шалтгаануудыг бус хамгийн гүн шалтгааныг нь олтол сайтар гүн гүнзгий шинжлэх хэрэгтэй. Зөвхөн нэг шалтгаан дээр бурууг тохох бус асуудлууд олон олон шалтгаан нөхцөлийн маш өргөн харилцан нөлөөллөөс бий болдогийг ойлгох. Үүний дараа эдгээр асуудлуудыг зогсоож, арилгаснаар дахин гарахгүй байх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй.  

Үнэхээр гүн гүнзгий утгатай, хэрэв бид Бурханы шашны бүтээл хийх гэж байгаа бол, бидний ойлгох хэрэгтэй чухал зүйл нь тэр бүх асуудлуудыг арилгаснаар дахин гарахгүй байх боломжтой гэсэн санаа юм. Бид Бурханы шашны маш энгийн хувилбар, ердөө асуудлуудыг багасгахыг хичээх бус харин тэдгээр асуудлууд дахин дахин гарах нь зайлшгүй учраас тэрхүү нөхцөл байдлыг сайжруулахыг хичээе гэдэг үүднээс бодох хэрэгтэй. Асуудлуудыг багасгахыг хичээх нь Бурханы шашны жинхэнэ “утга санаа” биш юм. Иймд бид эдгээр асуудлуудыг арилгаснаар дахин гарч ирэхгүй байх боломжтой гэдгийг ойлгохыг хичээн шамдах хэрэгтэй. Ингээд бид юу энэ бүхэнд хүргэхийг мэдэх хэрэгтэй болно. Энэ бүхэнд хүргэх зүйлийг үнэн зам мөр гэдэг. Зам мөр гэдэг нь бодох, үйлдэл хийх, ярих арга зам гэсэн утгатай бөгөөд юуны өмнө бидний төөрөгдөл, буруу ойлголтын яг эсрэг нь болох юмсыг ойлгох нэг хэлбэр юм. Төөрөгдөл, буруу ойлголтоосоо болж өөртөө илүү их асуудал бий болгохгүйгээр түүнийг зөв ойлголтоор солих хэрэгтэй. Хэрэв бид тэрхүү зөв ойлголтыг цаг үргэлж хадгалсаар байвал эдгээр асуудлууд гарч ирэхгүй.

Иймд асуудлуудаасаа зугтаж, өөрсдийгөө видео тоглоом, фэйсбүүкийн чатаар сатааруулахаас илүүтэйгээр тэдгээртэй нүүр тулахыг оролдох хэрэгтэй. Гэвч энэ нь бид эдгээр зүйлүүдэд түр хугацаагаар ч гэсэн сатаарч болохгүй гэсэн үг биш. Бурханы шашинд, бид ямар нэг зүйлээс аврал эрж болох боловч тэр нь түр зуурын зүйл, ердөө өнгөц төдий зүйл байх болно гэж гардаг нь их сонирхол татдаг. Түүнийг туйлын аврал болгохгүй байх хэрэгтэй гэдэг. Аврал нь амьдралд бид ямар зам мөрөөр явж, тулгарч байгаа бэрхшээлүүдийг даван туулахдаа юу хийж байгаагаар тодорхойлогдоно.

Мэдээлэл солилцох

Хэдийгээр нэг талаараа олон нийтийн сүлжээ нь бидний оролцооны хүрээг хязгаарлаж байдаг ч, фэйсбүүк, твиттэр нь нөгөө талаараа мэдээллийг маш өргөн хүрээнд хялбар түгээх боломж олгодог. Жишээ нь тэдгээр нь улс төр болон шашны хүргэж буй илгээлтийг дамжуулахад хэрэглэгдэж болно. Найз нөхөддөө болон бусад хүмүүст тустай байж болох вэб хуудсын хаягийг нийтлэх ч боломж олгодог. Энэ нь өөрийн сэтгэлийг, мөн бусад хүмүүст сэтгэлээ нээхэд нь туслахад хэрэглэгдэж болно. Тэгвэл сул тал нь, тэдгээрийг суртал ухуулга хийх, үзэн ядах сэтгэлийг өдөөхөд бас хэрэглэх явдал юм. Энэ үнэхээр ноцтой асуудал бөгөөд зөвхөн твиттэр болон эдгээр олон нийтийн сүлжээгээр хязгаарлагдахгүй интернэт бүхэлдээ үүнд хамаатай.

Энэ бол интернэтийн хамгийн том асуудлын нэг байх гэж бодож байна, үнэхээр их мэдээлэл байна. Бид тэдгээрийг хэрхэн ялгах вэ? Вэб хуудас ажиллуулдаг, тэр талаар тодорхой судалгаа хийсэн ямарч хүн хэрэв хүмүүс ямар нэг үгээр хайлт хийвэл өөрийн вэб хуудсыг хайлтын эхний нүүрний дээд хэсэгт байрлуулах боломжтой аргуудыг мэддэг. Тэр бол ердөө нэг арга бөгөөд эхний хуудсан дээр байгаа зүйл бол тухайн сэдвийн талаарх хамгийн сайн нийтлэл гэсэн үг биш юм. Энэ бол үнэхээр анхаарал тавиуштай зүйл. Хэрэв та Google гэх мэт хайлтын систем дээр “Бурханы шашин” гэж бичиж оруулбал, бурхан минь, хэдэн арван сая нийтлэл, вэб хуудас гарч ирэх бол? Энэ бүхнийг бид хэрхэн ялгах вэ? Учир нь тэдний ихэнх нь хэрэггүй зүйл байдаг. Зарим нь үнэхээр баталгаатай, зарим нь тийм биш байдаг.

Иймд юуны түрүүнд твиттэр болон фэйсбүүк зэргээр дамжуулан нийтэд тавьж, илгээж байгаа зүйлийн хувьд Бурханы шашин мэдээж зөв зүйтэй сэдэлтэй байхыг онцлон тэмдэглэнэ. Бидний сэдэл гэж юу вэ? Сэдэл гэдэг бол Бурханы шашин дахь нэг сонирхолтой зүйл. Энэ нь хоёр талтай. Нэг нь, бидний зорилго. Жишээ нь бид лам-римын сонгодог сургаалд (бодь мөрийн зэргийн сургаалд) үзүүлсэнчлэн, илүү сайн төрөлд зорьж байна уу, зовлонгоос гэтлэхийг зорьж байна уу, эсвэл гэгээрэлд хүрэхийг зорьж байна уу? Сэдлийн хоёр дахь тал нь, шалтгаан. Тэрхүү зорилгод хөтөлсөн сэтгэл нь юу вэ? Зовлон, дахин төрлөөс залхсан магад гарах (уйсах) сэтгэл үү? Гэгээрэлд чиглүүлдэг энэрэл нигүүлсэл, асрах сэтгэл, бодь сэтгэл үү? Доод төрлөөс айсан айдас ба илүү сайн төрөлд хүрч болох арга байдаг гэдгийг ойлгосон ойлголт уу? Эдгээр нь сэдлийн хоёр тал юм. Нилээд сонирхолтой бас нэг зүйл нь (ихэнх тохиолдолд үүнийг дурддаггүй) хэрэв зорилгодоо хүрвэл юу хийх вэ гэдэг асуулт. Энэ нь бас сэдлийн нэг хэсэг болно гэж би бодож байна. Бодь сэтгэлээр зорьсон зорилгодоо хүрснээр бид бусдад аль болох их тус хүргэнэ, тус хүргэхийг хичээнэ. Гэгээрэлд хүрэх зорилгыг бодь сэтгэлээр биелүүлнэ.

Ийнхүү хэрэв бид интерэтэд ямар нэг зүйл байршуулах гэж байгаа бол тэр нь твиттэр, ямар нэг вэб хуудас, эсвэл ердөө фэйсбүүкийн найз нөхдийнхөө хүрээнд хүргэх байсан ч, сэдэл бол маш чухал гэж би бодож байна. Ямар учраас би энэ зүйлийг байршуулах гэж байна вэ? Хүн бүрт өнөөдөр өдрийн хоолондоо юу идсэнийгээ, түүндээс таашаал авсныгаа хүргэснээр юу бүтээх вэ? Эсвэл нэг телевизийн хөтөлбөр үзэж, тэр нь сайн биш байсныг, надад таалагдаагүйг хэлэх нь? Түүний зорилго нь юу юм бэ? Үүнийг ямар зорилгоор хийж байна вэ? Яах гэж? Яагаад үүнийг бусдад хүрэж байна вэ? Энэ мэдээллийг хүргэснээр, тухайлбал түүнийг мэдэх нь хэн нэгэнд ямар тустай вэ? Энэ бүхнийг бодолцож үзэх нь чухал гэж би бодож байна. Хэрэв хүмүүс Бурханы шашны энэхүү сэдлийн талаарх сургаалд суралцсан бол тэд эдгээр олон нийтийн сүлжээг ердөө өдрийн хоолондоо юу идсэн талаараа мэдээллэх бус илүү тустай байдлаар, илүү утга учиртай байдлаар ашиглах байх.

Өөрийн бодлоо илэрхийл

Твиттэрийн хувьд, түүний өөр нэг тал, ач тус нь, жишээ нь хүмүүс үзэл бодлоо бусад хүмүүс түүнд дуртай байх үгүйд санаа тавихгүйгээр илэрхийлэх боломжтой байх явдал. Фэйсбүүкийн хувьд хүмүүс “таалагдаж байна” эсвэл үгүй гэж хэлдэг. Харин твиттэрийн хувьд таны хэлсэн зүйлд хэн ч хариулахгүй. Энэ бол тустай, ялангуяа зарим асуудлуудын талаар бухимдаж, уурласан үед, сэтгэлд хуралдсан зүйлээ илэрхийлснээр бусад хүмүүс тэр талаар юу гэж үзэхийг бодолцохгүйгээр нийтэд дэлгэхийг хүсэх тохиолдлуудад. Тэгвэл сул тал нь мөн доромжлон гутаах болон хүчирхийлэл, зөрчилд турхирах боломж олгодог.

Дахин хэлэхэд бүх зүйл сэдлээс шалтгаална. Бурханы шашинд ямар нэг зүйл хийж, хэлэхээсээ өмнө үргэлж сэдлээ шалгаж байхыг сургадаг. Мөн харилцааны чадварын үүднээс сонсож буй хүнээ ялгаж, тэдэнд тохирох чадварлаг арга хэрэглэхийг хичээх хэрэгтэй гэж заадаг. Энэ бол уран арга гэдгийн утга юм. Уран арга хэрэглэдэг байх гэдэг бол бусдад туслах, харилцааны уран арга хэрэглэх гэсэн утгатай. Дахин хэлэхэд сонсож буй хүн маш чухал. Ердөө “Амьдрал үнэхээр бүтэлгүй байна. Аймшигтай байна” гэх мэт зүйлийг хэлбэл бидний үг бусдад ямар нөлөө үзүүлэх бол? Үүний бусдад үзүүлэх нөлөө юу байх бол? Ийм бухимдал, уураа илэрхийлэх нь бидэнд бага зэрэг тайвшрал өгч болох ч энэ нь мэдээж бусдад тус болохгүй. Бурханы шашны сургаалд суралцсанаар бид зөвхөн өөрийн зүгээс, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ шаардлагыг голлон, бусад түүнийг сонирхож буй эсэх, бусдад тус болох эсэхийг харгалзахгүй байх бус бусад түүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг анхаардаг.

Шууд мэдээлэл болох нь

Өөр нэг ач холбогдол нь, Твиттэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй, таны гэрчлэх зарим мэдээлийн ач холбогдолтой үйл явдлуудыг шууд мэдээллэх боломж олгодог. Гар утасны бичлэг, фэйсбүүкээр дамжуулан үйл явдлын талаарх зураг, бичлэгийг болж буй үед нь дамжуулж болно. Энэ үнэхээр тустай, ялангуяа дайн, жагсаал цуглаан болж байгаа хэцүү бүс нутгуудад гэх мэт. Эсвэл мэдээ бус, сайхан үйл явдлуудыг дамжуулж болно.

Сул тал нь энэ мэдээллийн хэрэгслийг ач холбогдолгүй зүйл дамжуулахад ашиглаж болно. Хүмүүс хамгийн хэрэггүй зүйлүүдийг дамжууладаг, энэ нь садар самуун, хүчирхийлэл зэрэг рүү чиглэж болно. Бурханы шашин ялгах ухамсарыг чухалчилдаг. Үүнийг би Бурханы шашны сургаалын маш, маш чухал тал гэж боддог. Ялгах ухамсар нь бид үнэхээр хэрхэн оршдог, ертөнцийн бодит нөхцөл байдал юу болохыг бидний буруу тусгасан төөрөгдлөөс ялгах гүнзгий түвшний төдийгүй, энгийн түвшинд юу утга учиртай, юу утга учиргүй, юу тустай, юу хортойг хооронд ялгах ухаан юм. Энэ бол бидний төлөвшүүлэх хэрэгтэй маш чухал чадвар.

Дуу хөгжмөөр дамжуулан сэтгэлийг тайвшруулах ба идэвхжүүлэх

Миний хэлэхийг хүссэн сүүлийн нэг ач тус бол iPod, энэ бүх хөгжимтэй холбоотой. Энэ нь манайд, Берлинд үнэхээр нилээд содон. Метрогоор (тэндэхийнхэн Ү-банн гэж нэрлэдэг) явж байхад хүмүүсийн бараг 80% нь чихэвч зүүж, хөгжим сонсож байдаг. Гадаа хаана л явна, хөгжим сонсоно. Өдрийн ихэнх хугацаанд iPod-оор хөгжим сонсох нь ямар төрлийн хөгжим сонсож байгаагаас шалтгаалан их сэтгэлийн дарамттай хүмүүст тайвшрахад тусалж болно. Хэрэв тэд техно хөгжим, үнэхээр маш хүчтэй хөгжим сонсох юм бол ядарсан үед эрч хүч сэргэхэд тусалж болно. Энэ бол ойлгомжтой тустай зүйл. Гэвч түүний гол сул тал бол сэтгэх үйл явцыг хязгаарлаж бас сэтгэл тайван байхад нилээн саад болдог.

Олон хүн Германд бидний “чихний өт” гэж нэрлэдэг толгойд дуу хоногших асуудалтай байдаг. Мэдээж байнга хөгжим сонсох нь танд бодох боломж олгохгүй. Хэрэв хүмүүс “Хэрэв би ямар нэг зүйлийн талаар бодвол сэтгэл хямрах учраас би юу ч бодохыг хүсэхгүй байна” гэж бодож байвал энэ нь зам мөрөөр урагшлах, өсөж хөгжихөд тус болохгүй гэдэг нь ойлгомжтой. Тэдний сэтгэл ердөө тайван байхгүй. Өөрийгөө хөгжүүлэхэд ямар нэг ахиц үнэхээр гаргахын тулд бид толгой дахь дуу чимээгээ намсгаж, илүү утга учиртай зүйл бодох хэрэгтэй.

Бурханы шашинд хувийн сахилга бат төлөвшүүлэх бүтээл, заавар бий. Хувийн сахилга батыг хэрхэн төлөвшүүлэх вэ? Ингэхийн тулд өөрсдийн зан байдлын давуу тал, сул талыг бодолцон зөвхөн шаардлагатай үед хөгжим сонсож, сэтгэлийг зөвхөн бясалгалаар тайвшруулах ба хөгжмийг ердөө түүнд хавсрага болгож сонсох хэрэгтэй. Хичээнгүйг төлөвшүүлэх сургаалууд нь хэзээ завсарлага хийхийг мэддэг байхыг сургадаг. Хэрэв та өөрийгөө хэтэрхий их шахвал энэ нь нилээд гэм хор болж болно. Иймд хэзээ завсарлахыг мэдэж, гэвч түүнийг буруу ашиглаж болохгүй, өөрийгөө хүүхэд адил бөөцийлөн, үргэлж завсарлага авахгүй байх хэрэгтэй. Ерөндөг хэрэглэх бөгөөд бага зэрэг завсарлага авахтай адил хэзээ ерөндөг хэрэглэхгүй байхыг бас мэдэх хэрэгтэй.

Хязгаар тогтоох

Зөвхөн хөгжимд төдийгүй телевиз, DVD үзэх гэх мэт зүйлүүдэд ерөндөг хэрэглэх нь чухал. Эдгээр мэдээллийн хэрэгсэл нь миний өмнө хэлсэнчлэн тэдгээр гэрэл, энэ бүх зүйл нь тэдгээрээс маш их хамааралтай болгох шинж чанартай. Амьтдын адил бид тэдгээрт автан салж чадахгүй болдог. Гэвч ихэнх тохиолдолд тус болдог арга бол хязгаар тогтоох явдал. Би гучин минут, эсвэл тодорхой нэг хугацаанд хөгжим сонсъё, телевиз үзье, эсвэл интернэтээс мэдээлэл авъя гэх. Үргэлжлэх хугацаа нь ямар байх нь хамаагүй.

Ёс зүйн сахилга батын тухай сургаал нь нилээд сонирхолтой. Би Ванчин гэвштэй (бага Лин Ринбүүчигийн багш) ярилцаж байсныгаа санаж байна. Тэрээр хамгийн чухал зүйл бол хил хязгаар тогтоох гэж хэлсэн. Мэдээж өөр өөр хүмүүстэй бага зэрэг өөр өөр хил хязгаар тогтооно. Сөрөг үр дагаварт хүргэх зан байдал зэргийн талаар өөр өөр зохиогчид бүтээлдээ бага зэрэг өөр өөрөөр тайлбарласан байдгийг харвал юу сөрөг үр дагаварт хүргэх, хүргэхгүй зүйлүүдийн хил хязгаар бас бага зэрэг ялгаатай. Жишээ нь зохисгүй бэлгийн харилцааг авч үзэж байсан түүхийг харвал өөр өөр бүтээлүүдэд бага зэрэг өөр өөрөөр тайлбарласан нь бий. Вачин гэвш тэрээр хязгаар тогтоож, “Би ийм хэмжээтэй хийнэ, түүнээс цааш хэтрэхгүй. Тэр хэмжээнээс цааш би гарахгүй” гэх нь хамгийн чухал гэж хэлсэн.

Гол нь тодорхой нэг нөхцөл, тодорхой нэг зүйл гэм хортой гэдгийг ялгах ухамсар төлөвшүүлэх явдал. Сул тал бий болгодог учраас би тэдгээр зүйлийг хийхгүй гэх. Хэрэв бид ямар нэг ийм хил хязгаарыг тогтоож, түүнийг дагаж чадвал ... мэдээж юуны түрүүнд өөрийн биелүүлж чадах боломжийн хязгаар тогтоох ба хэрэв тухайн асуудал нь бидний хувьд нилээд хэцүү зүйл бол хугацааг нь багасгах байдлаар хязгаар тавих хэрэгтэй. Жишээ нь нэг долоон хоног би интернэтэд холбогдохгүй гэх мэт юу ч байж болно. Юу байх нь хамаагүй. Гол нь сахилга бат төлөвшүүлэх, өөрийн тавьсан тодорхой хязгаарын дотор амьдрах. Дур зоргоороо бус, ямар нэг хууль дүрэм эсвэл хэн нэгний удирдлаганд бус харин өөрт болон бусдад хор хүргэх, тодорхой гэм хортой зүйлүүд байдаг гэдгийг ухамсарласны үндсэн дээр би үүнийг хийхийг хүсэхгүй байна, энэ нь ердөө асуудал, бэрхшээлийг бий болгоно гэх. Хэрэв бид тодорхой хил хязгаарыг баримтлавал бидний хийж байгаа зүйл юу ч байсан, хил хязгаар тогтоох хэрэгтэй ямарч асуудал байсан бид түүнийгээ улам улам хатуу баримтлаж чадна.

Бид iPod, гар утасны мессэж гэх мэт тэдгээрээс хамааралтай болох боломжтой зүйлүүдийг ашиглаж байгаа үед, мэдээж тэд өөрийн гэсэн ач тустай, тэд бол ямар нэг гэм хортой зүйл биш ч бид тэдний сул талыг мэдэж байх нь маш чухал. Хэрэв бид тэдний сул талыг мэдэж байвал хэрэглээгээ хязгаарлаж, зайлшгүй хэрэг болох үед нь хэрэглэж, учир утгатай ашиглахыг, жишээ нь iPod-ыг ердөө нэг дууг дахин дахин сонсож, цааш нь өөр дуу хайх гэх мэтээс илүүтэйгээр ном сургаал, лекц сонсох зэрэгт ашиглахыг хичээх хэрэгтэй. Илүү утга учиртай байдлаар ашиглахыг хичээх хэрэгтэй.

Энэ бүхэн дэлхий даяар болж байгаа зүйлийн талаар та бүхэнтэй хуваалцахыг хүссэн миний бодол юм. Бид Бурханы шашинтай холбогдсон, Бурханы сургаалыг бусдад хүргэхийг, бусдад тустай байх, тэдэнд ач холбогдолтой болгохыг хичээж байгаа бол бид дэлхий дээр өнөөдөр юу болж байгааг тооцож үзэх хэрэгтэй. Энэ бүх олон нийтийн сүлжээтэй холбоотойгоор дэлхий дахин маш хурдацтай, эрс өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнд бид анхаарлаа хандуулж, Бурханы шашин энэ үйл явцад хэрхэн тус болж чадахыг харах шаардлагатай юм.  

Top