Хоёр үнэнээс дөрвөн үнэн

Шашны зам мөрийн зорилго

Шашны зам мөрийн зорилгод хүрэх хоёр хэлбэр байна. Үүнд:

  • Сүсэг дээр суурилсан – бидэнд тэрхүү зорилгод хүрэх боломжтой гэсэн сүсэг байна. Энэ сүсгийн үндсэн дээр хичээл зүтгэл гарган суралцах явцад улмаар тус зорилгод хүрэх боломжтой гэсэн итгэл төрнө. Жишээ нь хэрэв таны зорилго зовлонг бүрэн арилгах явдал байх ба танд энэ нь боломжтой гэсэн сүсэг байвал түүнд хичээл зүтгэл гарган хичээх явцад таны зовлон бэрхшээл багасвал танд тус зорилгод хүрэх боломжтой юм гэсэн итгэл төрнө. Өөрийн ахиц дэвшлийн хэсэг болгон та илүү ихээр суралцан, бясалгах ба үүгээр танд тус зорилго нь хүрэх боломжтой зорилго гэсэн учир шалтгааны үндэслэлтэй итгэл үнэмшил бас төрнө.
  • Итгэл үнэмшил дээр суурилсан – танд эхэлж энэхүү зорилго нь хүрэх боломжтой гэсэн учир шалтгаан, логик үндэслэл дээр суурилсан итгэл үнэмшил төрж, улмаар та түүнд хүрэхээр хичээл зүтгэл гаргана.

Хэрэв бид үүнийг Бурханы шашны өөрийнх нь тэрхүү сонгодог томьёололд оруулбал эдгээр нь бодь сэтгэлийг төрүүлэх хоёр арга гэдэг тэдгээр арга юм.

Эхэлж бид одоо хараахан хүрээгүй байгаа боловч хүрэх боломжтой өөрийн ирээдүйн гэгээрэлд хүрэх зорилго бүхий янагуух бодь сэтгэлийг төлөвшүүлдэг. Бид үүнд бусдад туслах үүднээс зорьдог ба учир нь бид хүн бүрд үнэхээр сайтар туслах цорын ганц арга зам бол шалтгаан ба үр дагаврыг болон бусдад хамгийн үр дүнтэй туслах аргуудыг бүрэн мэдэх энэхүү төлөвт хүрэх явдал гэдгийг ойлгосон байдаг. Мөн бидэнд энэ зорилгод хүрэх нь боломжтой гэсэн сүсэг байна.

Ийнхүү сэтгэлийн төлөвшилд ахиц гаргах хэрээр бид хоосон чанарын ойлголт – юмс байх боломжгүй байдлаар оршдоггүй гэсэн үнэнтэй холбоотой үнэмлэхүй бодь сэтгэл гэж нэрлэдэг тэр бодь сэтгэлийг төлөвшүүлдэг. Бид бодит байдлыг ойлгох ба сэтгэлийн мөн чанар нь бодит бус сэтгэлийн туурвилуудыг тусгахгүй байх төдийгүй зөвхөн бодит байдлыг таних чадамжтай гэдгийг ойлгоно. Үүнийг ойлгосноор бид тэрхүү зорилго нь хүрэх боломжтой гэсэн учир шалтгаан, логик дээр тулгуурласан итгэл үнэмшилтэй болно. Энэ үед бидний сүсэг итгэл үнэмшил болдог.



Нөгөө арга нь эхэлж бодит байдлын талаарх энэхүү ойлголтыг төрүүлэх ба энэ үед бид гэгээрэлд хүрэх боломжтой гэж ойлгосон байдаг – ийнхүү үнэмлэхүй бодь сэтгэл эхэнд нь байна. Үүний суурин дээр бидэнд бид гэгээрэлд хүрч чадна гэсэн итгэл төрөх ба энэ итгэлийн үүднээс бид түүнд хүрэхээр хүчин чармайлт гаргадаг. Энэтхэгийн их мэргэн Нагаржуна гэгээний бүтээл болох “Бодь сэтгэлийн тайлбар” (санскр. Bodhichitta-vivarana) зохиолд энэхүү хоёр дахь аргын талаар дурдсан байдаг.

Хоёр үнэнээс Хутагтын дөрвөн үнэн, Хутагтын дөрвөн үнэнээс Гурван эрдэнэ хэрхэн урган гардаг тухай бидний ярилцсан тэрхүү бадагт энэ аргыг үзүүлсэн байдаг ба ийнхүү үзүүлсэн нь гэтлэхүй (амгалан), гэгээрэл нь бодит байдал дээр суурилсан байдаг тул тэдгээрт хүрэх боломжтой гэдгийг ойлгоход бидэнд туслах зорилготой юм.

  • Гэтлэхүй (амгалан) гэдэг нь хяналтгүй дахин дахин төрөл авах явдлаас бүрэн чөлөөлөгдсөн төлөв гэсэн утгатай: орчлонгоос бүрэн чөлөөлөгдсөнөөр зовлонгоос ашид мөнх гэтэлнэ. Гэтлэхүйд хүрсэн тэдгээр төрөлхтнүүдийг гэтэлсэн төрөлхтөн, “архад” гэдэг.     
  • Гэгээрэл нь бүхий л хамаг амьтныг гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд нь туслах хамгийн сайн арга замыг мэдэхэд саад болох бэрхшээлүүд бүрмөсөн арилсан төлөв юм. Гэгээрсэн төрөлхтнүүдийг “Бурхад” гэнэ.  

Эдгээр нь хүрэх боломжтой зүйл төдийгүй зөвхөн Шагжамүни Бурхан ч бус бид ч гэтлэхүй, гэгээрэлд хүрч болно гэсэн итгэлтэй болох нь номын бүтээлд их хүч, тогтвортой байдлыг өгдөг. Гэвч ийнхүү ойлгох нь тийм хялбар зүйл биш бөгөөд хэн ч хэзээ ч үүнийг хялбар гэж хэлж байгаагүй!

Хоёр үнэн

Ярилцлагын эхний хэсэгт бид тус бадгийн эхний мөр болох дараах мөрийн талаар ярилцсан:

Бүхий л үзэгдэл юмсын орших хэлбэр, түүний суурь, хоёр үнэний утгыг ухаарснаар,

Бидний авч үзэх бүхий л зүйлийн тулах суурь нь хоёр үнэн бөгөөд эдгээр нь юмс хэрхэн оршиж, харилцан үйлчилдэгийг үзүүлдэг – өөрөөр хэлбэл энэ бол бүхий л юмсын хадгалагдах хэв маяг.  

  • Харьцангуй үнэн: юмс шалтгаан болон нөхцөлөөс хамаарч бий болдог. Мэдээж юмсыг бүрдүүлэгч хэсгүүд болон тэдгээр зүйлсийн талаарх ойлголтууд зэрэг бусад шалтгаалах зүйлсийн өөр бусад түвшингүүд байна. Энд авч үзэж буй гол зүйл бол үйлийн үрийн өөрийн эрхгүй гарах нөлөө бүхий ялангуяа бидний туулж эдлэх жаргал, зовлонгийн мэрэмжтэй холбогдох шалтгаан ба үр дагаврын тухай байна.
  • Туйлын (үнэмлэхүй) үнэн: хэдийгээр юмс харилцан хамааралгүй мэт бидэнд харагдаж болох ч оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийн тэдгээр алдаатай үзэгдлүүд бодит байдалтай нийцдэггүй. Бидний төсөөлөлтэй нийцэх тийм бодит байдал ердөө байдаггүй. Юмс шалтгаан болон нөхцөлөөс хамаарахгүй, бие даан орших оршихуйн ийм хэлбэр байхгүй байхыг “хоосон чанар” гэдэг.

Хутагтын дөрвөн үнэн

Хоёр үнэн дээр тулгуурлан Бурхан багш Хутагтын дөрвөн үнэнийг ойлгон, томьёолж чадсан юм. Үүнийг хоёр дахь мөрөөр үзүүлсэн:

Дөрвөн үнэнээр бид хэрхэн төрөл авч бас түүнээс буцахыг баттай болгоно.

Хутагтын дөрвөн үнэнийг хутагт төрөлхтөн нар үнэн гэж хардаг. Энэ их сонирхолтой байдаг. Учир нь энэ нь эдгээр үнэнийг үнэн гэж харсан төрөлхтөн нь зөвхөн Бурхан багш төдийгүй Бурханы хутагт хүрэхийн өмнөх тодорхой үе шатанд хүрсэн – үнэндээ түүнд хүрэхэд нэлээд урт хугацаа шаардагдах – тэдгээр төрөлхтнүүд хүртэл түүнийг үнэн гэж хардаг явдал юм. Энэ нь хоосон чанар буюу өөрөөр хэлбэл туйлын үнэнийг шууд онож таних үе юм. Тус ойлголт нь ямар нэг алдаа мадаггүй байх ба түүнд тухайн төрөлхтөн эргэлзээгүй байна. Шууд онож, таних гэдэг нь бид юмсыг ухагдахуун, томьёоллоор ойлгодоггүй гэсэн үг.

Юмсыг, жишээ нь нохойг томьёоллоор ойлгох үед түүнийг төлөөлөх нэг зүйл танд байна. Энэхүү төлөөлөл нь хүн тус бүрд бага зэрэг өөр өөр байж болох бөгөөд гудамж эсвэл хаа нэг газар бид нохой харах үед түүнийг тэр томьёоллоороо дамжуулан тусгана. Бидэнд байх нохойны тэр нэг дүрээр – энэ нь заавал нэг тодорхой дүрсэлсэн дүр зураг байх албагүй – бид нохойны тухай ойлголтыг тусгана. Ямар нэг зүйлийг шууд таньж мэдэх үед түүнд аливаа нэг томьёолол эсвэл түүнийг илэрхийлэх ямар нэг төлөөлөл байдаггүй. Ийм учраас түүнийг “шууд мэдэх” гэдэг. Та юмсыг хайрцагт оруулан тодорхойлохгүйгээр мэднэ.

Хутагт нар буюу санскрит хэлэнд арьяа нар гэгдэх төрөлхтнүүд бодит байдлыг “Би бодит байдлыг таньж байна” гэхтэй адил түүнийг “бодит байдал” гэх хайрцагт хийн тодорхойлохгүйгээр таньдаг. Тэд өөрсдийн танин мэдэж байгаа зүйлийг – бодит байдлыг – ямар нэг хайрцагт эсвэл ангилалд хийн томьёолохгүйгээр алдаагүй, эргэлзээгүй, бүрэн ойлгож байдаг. Ингэж ойлгох нь үнэхээр тийм хялбар биш. Юмсыг тодорхойлон илэрхийлэх тэдгээр хайрцгуудыг бид үгээр илэрхийлэхгүй байж болох ч энэ нь бидний бүх зүйлийг тусган ойлгодог тэрхүү ердийн хэлбэр юм. Бид юмсыг тус тусдаа, бие даан хайрцагт оршдог мэт тэднийг хайрцаглан тодорхойлдог.

Төсөөлөн (ерөнхий дохио утгыг төсөөлөн барих) танин мэдэхүйг энд цааш тайлбарлах шаардлагагүй болов уу. Гол зүйл бол бодит байдлыг ийнхүү танин мэдэхэд та Бурхан байх шаардлагагүй явдал юм. Бодит байдлыг төсөөлөх ойлголтоор бус шууд танин мэдэх үед бид Хутагтын дөрвөн үнэнийг үнэн гэж үзэн түүнд бүрэн итгэлтэй болдог.

Тэгвэл эдгээр дөрвөн үнэн нь юу байдаг вэ? Эхнийх нь зовлон. Хоёр дахь нь зовлонгийн шалтгаан. Гурав дахь нь зовлон болон түүний шалтгааныг хорих. Дөрөв дэх нь зовлонг хорих зам мөр буюу ойлголт. Эдгээр нь “зовлонгийн үнэн”, “зовлонгийн шалтгааны үнэн” гэх мэтээр нэрлэгдэх тэдгээр үнэнүүд юм.   

Энэхүү сэдэв нь бүхэлдээ дахин төрлийн – эхлэл үгүй мөн төгсгөл үгүй сэтгэлийн үрэгэлжлэлийн тухай ойлголтын – хүрээнд яригдах ба бид энэ талаар өмнөх өгүүлэлд бага зэрэг ярилцсан. Дахин төрөл бол суурь. Бид нэг агшнаас нөгөө агшинд тасралтгүй юмсыг туулж мэдэх бие даасан мэдэхүйн тухай ярилцсан бөгөөд хэрэв энэ нь шалтгаан ба үр дагаврын үүднээс харилцан үйлчилдэг бол гэв гэнэт эхлэх ямар нэг үнэмлэхүй эхлэл гэж байхгүй байна. Үүний адил юу ч үгүй болох хамгийн сүүлийн мөч гэж байхгүй. Энэ бол боломжгүй. Шалтгаан ба үр дагаврын ердөө тэр тулгуур үнэнээс бид бие даасан сэтгэлийн үргэлжлэлүүд нь эхлэл мөн төгсгөл үгүй гэж дүгнэх ёстой болох ба үүгээр дахин төрөл үнэн болно.

Зовлон үнэн

Зовлонгийн үнэний гурван тал байна. Үүнд:

  • Нэг дэх нь бидний ердийн зовлон бөгөөд үүнийг зовлонгийн зовлон гэнэ. Бид бүгд зовлон бэрхшээл туулдаг. Зовлон нь бие махбодын өвчин зовуурьтай адил байх шаардлагагүй. Жаргал болон зовлон, таашаал болон зовуурь нь харилцан адилгүй хос ойлголтууд юм. Таашаал болон зовуурь нь бие махбодын мэдрэмж байдаг бол жаргал болон зовлон нь сэтгэлийн төлөв байдал байдаг. Зарим хүмүүс хүч шаардсан биеийн тамирын дасгал хийхтэй адил хэдий зовлон зүдгүүр эдэлсэн ч баяртай байдаг бол зарим нь хүчээр бэлгийн харилцаанд орохтой адил таашаал эдлэх боловч баяр жаргалгүй байдаг. Ийнхүү эдгээр нь хоёр өөр хэмжигдэхүүнүүд юм. Энд бид бид бүгдийн мэдэх зовлонгийн тухай ярьж байгаа бөгөөд үүнийг бүхий л төрлийн зовлон эдлэх хамгийн муу төрлийн үүднээс тайлбарладаг.
  • Хоёр дахь хэлбэрийг урвахуйн зовлон гэж нэрлэх ба энэ нь бидний эгэл жаргалтай холбоотой. Бидний эгэл жаргалын асуудал бол тэр үргэлжилсээр байдаггүй ба хэзээ ч сэтгэлийг бүрэн хангадаггүй. Бид үргэлж илүү ихийг хүсэх ба хэт их болж ирэх үед бид залхан тэр нь зовлон болж эхэлдэг. Хялбар нэг жишээ гэвэл та дуртай зүйлээ хэт их идсэнээр тэр нь таныг өвдөхөд хүргэдэг. Ингээд та түүнийг идэхийг хүсэхгүй болж, сэтгэл таагүй болно. Тэгэхээр асуудал бол бидний эгэл жаргал сэтгэл хангадаггүй бөгөөд тогтвортой биш байдаг явдал. Бидний амьдрал сайнтай, муутай байх ба заримдаа бид баяр жаргалтай, заримдаа зовлон гунигтай байна. Үүнд баталгаа байдаггүй. Бидний эргэн тойронд юу ч болж байсан дараагийн агшинд бидний сэтгэл ямар байхыг бид хэзээ ч мэддэггүй. Гэнэт сэтгэл зовлон гунигтай болж эсвэл уйдаж цөхрөн эсвэл сэтгэл хямарч болно. Сэтгэл үргэлж сайн муу, сайн муу болсоор байдаг.
  • Гурав дахь хэлбэрийн зовлон нь түгээмэл хуран үйлдэхүйн зовлон гэж нэрлэгдэх ба энэ нь бидний зовлон гуниг, эгэл жаргалын сайн мууг эдлэх суурь болдог. Энэ суурь нь санскрит хэлэнд самсара (сансар, орчлон) гэгдэх хяналтгүй дахин дахин гарах оршихуй буюу төрөл юм. Бид амьдралын эгэл жаргал, зовлон гуниг, өгсөж уруудахыг туулах суурь болох нэг төрлийн бие, сэтгэлийг дахин дахин авч төрсөөр байна. Энэ бол зовлонгийн үнэн, бидний асуудал бэрхшээлийн үнэн. Энэ бол бодит байдлыг таних үед бидний харах зовлонгийн хамгийн гол хэлбэр юм.

Зовлонгийн шалтгаан үнэн

Хэрэв та бодит байдлыг таних юм бол бидний туулж эдлэх зүйлүүд сайнтай, муутай байх ба ийнхүү үргэлжлэх нэг суурь бүхий байна гэдгийг үнэн гэж харна. Үүнийг таньснаар бид тэдгээр нь шалтгаанаас үүдэх ёстой гэж ойлгоно. Харьцангуй (янагуух) үнэний гол чанар бол бүх зүйл шалтгаанаас бий болдог явдал. Тэгвэл дээрх бадагт дурдсаны адил бид хяналтгүйгээр дахин дахин төрөл авахын жинхэнэ шалтгаан нь юу вэ? Өөрөөр хэлбэл, энэ нь хэрхэн гардаг вэ? Энэхүү тойргийг үргэлжлүүлсээр байдаг шалтгаан нь юу вэ?

Өмнөх ярианд хэрэв бид зовлон гуниг туулж байвал тэр нь сөрөг зан байдлын үр дагавар, хэрэв бид эгэл баяр жаргал эдэлж байвал тэр нь эерэг зан байдлын үр дагавар болох талаар ярилцсан. Үүний дээр бид үйлийн үр буюу миний гол төлөв өөрийн эрхгүй байдал гэж орчуулдаг зүйлийг нэмж авч үздэг. Тэгэхээр бидэнд өөрийн эрхгүй гаргадаг сөрөг зан байдал, өөрийн эрхгүй гаргах эерэг зан байдал байна. Энэ эерэг зан байдал нь Бурханы эерэг үйлтэй адил биш – харин энэ зан байдал нь өөрөөрөө сайрхах сэтгэл дээр суурилсан өөрийн эрхгүй сайн зүйл хийх эсвэл өөрийн эрхгүй бүх зүйлийг төгс байлгах, зөв хийх гэсэн ийм төрлийн өөрийн эрхгүй зан байдал байдаг. Энэ нь нэлээд сэтгэл зовоосон зүйл байна.

Хэрэв бид өөрийн эрхгүй байдлаар үйлдэл хийж байвал энэ нь бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагын нөлөөнд байгаа хэрэг бөгөөд үүнийг бид өөрийн эрхгүй гаргадаг сөрөг зан байдлын үүднээс өмнө нь авч ярилцсан. Уур бухимдлын улмаас бид хэн нэгний амь насанд хүрдэг; шуналын улмаас бид хулгай хийдэг; мэдлэг туршлагагүй гэнэн, ухвар мөчид улмаас бид өөрийн үйлдлийн үр дагаврыг бодолцохгүй “Намайг үүнийг хийсэн гэж мэдэхгүй учир хамаагүй. Хэрэв би үүнийг хулгайлан авбал завшаантай хэрэг болно!” гэж боддог.  

Энэхүү өөрийн эрхгүй гарах сөрөг зан байдлын цаана гол төлөв “мунхаг” гэж орчуулагддаг үл мэдэх явдал байх бөгөөд энэ нь бид ухаангүй бус ердөө төөрөлдсөн гэсэн утга илэрхийлнэ. Бид юуг мэдэхгүй байна вэ? Юуны түрүүнд бид шалтгаан ба үр дагаврыг мэдэхгүй байгаа бөгөөд хэрэв бид үүнийг ойлгосон, түүнд итгэлтэй байдаг бол бид сөрөг байдлаар үйлдэл үйлдэхгүй. Бид энэ бүхэн нь шийтгэл бус ердөө бидний бий болгосон шалтгааны үр дагавар болох зовлон бэрхшээлийг бидэнд авчирна гэдгийг аяндаа мэдэж байна.  

Мэдэхгүй байх хоёр хэлбэр байх ба нэг нь сөрөг байдлаар үйлдэл үйлдэх нь зовлон бэрхшээл авчирна гэдгийг мэдэхгүй байх эсвэл үүний эсрэгээр “Хэрэв би сөрөг байдлаар үйлдэл хийвэл надад тустай байх болно. Би хүсэж буй зүйлээ хулгайлан авбал надад сайн хэрэг болно. Дайснаа хоролбол надад тустай” гэж бодох явдал байна. Сөрөг байдлаар үйлдэл үйлдсэний дараа “За, энэ шумуулыг ямар ч байсан алж орхилоо, одоо нэг амарч болох байх!” гэх байдлаар сэтгэлд бодогдож болох ч үүний урт хугацааны дараа гарах үр дагавар нь тухайлбал юу ч болж байсан сэтгэл үргэлж таагүй байх ийм үр дагавар байж болно. Ийм сэтгэл мэдрэмж нь энэ мэт сөрөг зан байдлын үр дагавар байдаг. Ийм маягаар сөрөг зан байдал нь шалтгаан ба үр дагаврыг мэдэхгүй байх буюу өөрөөр хэлбэл янагуух (харьцангуй) үнэнийг мэдэхгүйгээс үүдэн гардаг байна. Энэ бүхнийг ойлгоход хялбар гэж би хэлэхгүй, учир нь энэ бол тийм биш, гэвч энэ бол түүнийг ойлгох үүднээс бидний хичээл зүтгэл гаргаж болох зүйл.

Хэрэв энэ санааг дүгнэж үзвэл сэтгэл ихэнхдээ тавгүй байдгийн шалтгаан нь бид шалтгаан ба үр дагаврыг ойлгоогүй байдаг явдал байдаг. Сэтгэл уур бухимдал, шунал, атаа гэх мэт сэтгэлд автсан үед энэ нь биднийг өөрийн эрхгүй сөрөг байдлаар үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ нь үнэндээ өөрт хортой, учир нь үүний үр дүнд бидний сэтгэл нэлээдгүй хугацаанд зовлонтой байдаг. Бид ийм байдлаар холбож үзэх хэрэгтэй.

Бидний эдлэх баяр жаргал нь мөн адил мэдэхгүй байдлаас үүддэг ба энэ тохиолдолд тэр нь юмсын үнэмлэхүй үнэнийг мэдэхгүй байх явдал байна. Илүү тодруулбал, мэдэхгүй байх явдал нь эерэг болон сөрөг зан байдлын аль алиных нь цаана байдаг гэдгийг бид хэлэх ёстой. Сөрөг зан байдлын хувьд бид үнэмлэхүй үнэн болон янагуух үнэний аль алиныг мэдэхгүй байдаг бол эерэг зан байдлын хувьд бид зөвхөн үнэмлэхүй үнэнийг мэдэхгүй байдаг. “Би юу хийвэл дээр вэ? Би өөрийн хүссэнээр байхыг хүсэж байна. Миний санаа зовж байна” гэж бодох нэг төрлийн дуу хоолой хэрхэн бидний толгойд эргэлдэж байдаг талаар өмнөх хэсэгт бид бага зэрэг ярилцсан. Ийнхүү ярих нэг жижигхэн “би” үнэхээр тэнд байдаг мэт санагддаг. Гэвч энэ нь бодит байдалтай нийцдэггүй. Тийм зүйл байдаггүй. Бидний бодлын ердөө үгийн хувь байх боловч бодитой олдох гомдол тавих, санаа зовох жижигхэн “би” байдаггүй. Бид өөрсдийн хэрхэн оршдогийг мэдэхгүй байгаа үед бид үнэмлэхүй үнэнийг мэдэхгүй байдаг бөгөөд өөсрдийг өөрийн дотор байх энэхүү “би”-гийн бодит бус төсөөллөөр тодорхойлдог. Энэ нь бодит байдалтай нийцдэггүй учраас бид түүнд итгэлтэй бус байж, түүнийг баттай болгохыг хичээнэ. Мэдээж бид амжилтанд ердөө ч хүрдэггүй.

Тэрхүү төсөөлсөн жижигхэн “би”-г баталгаатай болгохыг хичээхэд хэрэглэгддэг нэг механизм нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл байдаг. “Хэрэв би тухайн нэг зүйлийг авах юм бол санаа зовох зүйлгүй болно” гэж санагдсанаар бидэнд шунал, хүлэгдэх сэтгэл, тачаал төрнө. Мөн бидэнд “Хэрэв би тухайн нэг зүйлийг өөрөөс холтгох юм бол санаа зовох зүйлгүй болно” гэж санагдах үед тухайн зүйлд уурлаж бухимдах, дургүйцэх сэтгэл төрнө. Эсвэл бид “Хэрэв өөрт тулгарч байгаа зүйлүүдийг байхгүй мэт дүр эсгэвэл санаа зовох зүйлгүй болно” гэж гэнэн ухвар мөчид байдлаар бодож болно. Үүн дээр суурилсан өөрийн сэтгэл санааны дарамтын түвшин нэмэгдэж байгааг мэдэхгүй байх зэрэг үеүдэд бид бас сөрөг зан байдлыг гаргаж байдаг. Уурлаж бухимдсаны үндсэн дээр бид бусад руу хашхичиж, тэдэнд гэм хор хүргэж, бүр тэдний амь насанд хүрдэг. Шунах сэтгэлээр бид хулгай хийн эсвэл бусдад гэм хор хүргэсэн зохисгүй бэлгийн харилцаанд ордог. Мэдлэг туршлагагүйн улмаас бид хэт их ажиллан, эрүүл бус хүнс хэрэглэн, дасгал хөдөлгөөн хийдэггүй. Тэгэхээр энэ бүхэн нь бид хэрхэн оршдог талаарх үнэмлэхүй үнэн болон шалтгаан, үр дагаврыг мэдэхгүй байх мэдлэг туршлагагүй, үл мэдэх мунхагаас шалтгаалдаг.

Эерэг зан байдлын хувьд түүний цаана сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл байхгүй байж болох хэдий ч энэхүү үл мэдэх мунхаг байсаар байдаг. Бид өөрсдийн оршихуйг төгс эсвэл сайн хүн байх замаар, эсвэл хамгийн сайн эцэг эх байх эсвэл “Энэ зүйл миний толгойд эргэлдэх тэрхүү жижигхэн “би”-г санаа зовох зүйлгүй болгоно” гэх мэтээр ямар нэг зүйлээр батлах эсвэл бий болгохыг хичээдэг. Энэ нь хэзээ ч амжилтанд хүрдэггүй. Бид хэзээ ч амар тайван байдаггүй. Хэдийгээр бид бусдад туслах зэргээр тодорхой баяр жаргал эдэлж болох боловч энэ нь эгэл баяр жаргал учраас удаан үргэлжлэхгүй. Бидэнд өөрийн эрхгүй, бид хангалттай сайн, хангалттай төгс биш байна гэж санагдах учир бидэнд сэтгэл ханамж хэзээ ч төрдөггүй. Бид ямар нэг зүйл батлах ёстой мэт бидэнд санагдсаар байна. Энэ нь энэхүү бид хэрхэн оршдогийг гүнзгий түвшинд нь мэдэхгүй байх явдал дээр суурилсан байдаг нь илэрхий байдаг.  

Зовлон гуниг болон эгэл баяр жаргалын сайн мууг эдлэх суурь болох энэхүү гурав дахь төрлийн зовлонгийн хувьд “12 шүтэн барилдлага” гэж нэрлэгддэг маш нарийн, нэг цогц ойлголт байдаг бөгөөд энд би тэдгээрийг нарийвчлан тайлбарлахгүй хэдий ч энэ нь үйлийн үр хэрхэн явагддаг үйл явцыг авч үздэг.

Маш энгийнээр тайлбарлавал үйлийн үр нь бидний сөрөг эсвөл эерэг тодорхой нэг байдлаар үйлдэл хийх суурь болдог өөрийн эрхгүй байдалтай холбоотой байдаг. Өөрийн эрхгүй гэдэг нь чухам юу гэсэн үг вэ? Өөрийн эрхгүй гэдэг нь жишээ нь хэн нэгэн хүн хуруугаараа ямар нэг зүйл тогших гэх мэт аливаа нэг зүйлийг үнэндээ хянаж чадахгүй хийх гэсэн утгатай. Энэ нь ердөө ямар нэг зүйл хиймээр санагдсанаар гарч ирдэг. Үүний төвөд үг нь ердөө хашхичмаар санагдах, эсвэл тэвэрмээр санагдах, эсвэл хоол идмээр санагдах гэх мэт мэдрэмжийг илэрхийлэх “Би түүнийг хиймээр байн, би түүнийг хийхийг хүсэж байна, би түүнийг хийх дуртай” гэсэн утгатай үг байдаг. Ингээд өөрийн эрхгүй байдлын хөдөлгөгч хүч гарч ирснээр бид үйлдэл хийнэ. Энэ нь ердөө тэрхүү үйлдлийг дахин давтан хийх мөн хэрэв тэр нь сөрөг үйл байвал зовлон бэрхшээл, хэрэв эерэг үйл байвал баяр жаргал туулах тодорхой нэг хандлагыг бий болгоно. Энэ хандлага нь тодорхой нэг үе, тодорхой нөхцөл бүрдэхэд идэвхэжнэ. Ийнхүү энэ нь боловсорч сэтгэл баяр жаргалтай эсвэл зовлон гунигтай эсвэл дахин хашхичмаар эсвэл дахин тэвэрмээр санагдана.

Бид тухайн зан байдлыг үргэлжлүүлэх энэхүү хүслийг байнга туулах учраас энэ нь тасралтгүй үргэлжилсээр байх нэг хэв загвар болдог. Зан байдлын тэр хэв маяг нь төгсгөлгүй үргэлжлэх ба учир нь бид түүнийг байнга улам бүр хүчтэй болгож байдаг. Ингээд бид баяр жаргал, зовлон гунигийн сайн, мууг ийнхүү үргэлж туулсаар байна.

Ярилцаж буй сэдэвт хамгийн илүүтэй хамаарах тэр асуулт бол эдгээр хандлагууд хэрхэн идэвхжиж нөлөө үзүүлснээр бидэнд тухайн зан байдлыг давтах мэдрэмж төрдөг явдал юм. Хэдий энэ нь маш нарийн төвөгтэй ойлголт боловч 12 шүтэн барилдлагад түүнийг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Бид тэдгээр сайн муу, өгсөж уруудах бүхнийг тасралтгүй туулж эдлэх ба эдгээр нь заавал илэрхий байх албагүй. Бүр унтаж байх үедээ ч бид тавтай сайн унтаагүй, сэтгэл маш тайван бус нэг завсрын төлөвт байж болно. Тэгэхээр зовлон гуниг болон эгэл баяр жаргалыг туулж эдэлж байгаа үед бидний сэтгэлийн төлөв ямар байдаг вэ? Үүнийг илэрхийлэх санскрит үг нь тршна гэдэг үг байх бөгөөд энэ нь “цангах” гэсэн утгатай. Үүнийг гол төлөв “шунахуй, хурьцахуй” гэж орчуулдаг боловч уг үг нь ердөө цангах гэсэн утгатай үг байдаг.

Зовлон бэрхшээл туулж байгаа үед бид гол төлөв цангасан үед цангаагаа тайлахыг хүсэхтэй адил түүнээс ангижрахыг хүсэн анган цангаж байдаг бол баяр жаргал эдлэх үед түүнээс хагацахгүй байхыг хүсэж, бүр илүү их хүсэн цангаж байдаг. Энэ нь та үнэхээр их цангасан үед эхний балга ус – хангалттай байдаггүй, тийм биз дээ, түүнтэй адил байна. Та түүнээс салахгүй байхыг, бүр илүү ихийг хүснэ. Тэгэхээр үүнд түлхдэг зүйл нь “Би энэ зовлонгоос ангижрах ёстой”, “Би энэ баяр жаргалаас салахгүй байх ёстой” гэж бодох би-д барих сэтгэл байх бөгөөд энэ нь үйлийн үрийн хандлагыг идэвхжүүлнэ. Энэ бол түгээмэл хуран үйлдэхүйн зовлонгийн жинхэнэ шалтгаан. Тэгэхээр баяр жаргал, зовлон гуниг зэргийг туулж эдлэх хандлагууд нь бодит байдлыг гүнзгий түвшинд нь үл мэдэх – бидний сэтгэл хэрхэн оршдог (тэдгээр нь цаг үргэлж өөрчлөгдөж байдаг), бид үнэндээ хэрхэн оршдогийг (бидний толгойд бодитой орших хамгаалах ёстой нэг зүйл байх ба түүнийг сахин хамгаалснаар тэр нь аюулгүй болохтой адил зүйл биш) үл мэдэх явдлаас бий болдог сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлтэй холилдсон бидний өөрийн эрхгүй гаргадаг зан байдлаас гардаг.          

Энэхүү үл мэдэх явдал нь хамгийн суурь шалтгаан болдог бөгөөд бидний эерэг болон сөрөг зан байдалтай холбоотой байна. Энэ бол баяр жаргалтай, зовлон гунигтай байх, өөрийн зан байдлуудыг дахин дахин давтах хандлагын, үнэндээ эдгээрийн оршин байх шалтгаан болдог жинхэнэ асуудал үүсгэгч юм. Хэрэв бид тэрхүү цангааг авч үзэх юм бол тэр нь бид хэрхэн оршдог талаарх энэхүү үл мэдэх явдалтай дотоод нарийн холбоотой байдаг. Бид “Би баяр жаргалтай байна эсвэл зовлон гунигтай байна ... тэгээд яах вэ дээ?” гэхийн оронд “Би бол тэрхүү чухал цорын ганц би, иймд би энэ баяр жаргалаас хагацахгүй байх ёстой. Би гуниг зовлонтой байхгүй байх нь маш чухал” гэж боддог. Бидний хяналтгүй дахин дахин гарах төрлийн жинхэнэ шалтгаан нь ердөө л бидний эдгээр хоёр үнэнийг мэддэггүй явдал байдаг.

Зовлонгийн шалтгааныг хорих нь үнэн

Гурав дахь үнэн бол хорихуйн үнэн ба энд зовлонгийн шалтгааныг хорьсноор зовлонг бас хорих юм. Бодит байдлыг үл мэдэх энэхүү явдлыг арилгах нь хэр боломжтой зүйл вэ? Бодит байдалтай нийцэхгүй зүйлийг тусгах үед түүнд суурь байдаггүй. Бодит ямар нэг зүйлтэй холбоогүй байдаг учраас түүний тулгуур болох зүйл байдаггүй.

Жишээ нь театрын бүтээлийн тайзны засал нь түүнийг тулж байх тулгуур саваанууд бүхий байдаг. Тэгвэл үүний адил, тухайн төвөд үг нь боломжгүй зүйлсийг тусгах бидний төсөөллийн тулгуур болох зүйл юу ч байдаггүй гэсэн утгатай үг байна. Тэрхүү тайзны заслыг тулах ямар нэг зүйл байхгүй бол юу болох вэ? Ердөө нуран унана.

Хэрэв та, бидний алдаатай төсөөллүүдийг тулах ямар ч зүйл байхгүй гэсэн энэ ойлголтон дээр нэгэнт төвлөрч чадвал олон дахин дадлага хийснээр яваандаа энэ ойлголтон дээр үргэлж төвлөрсөн хэвээр байж чадна. Тэрхүү тайзны засал дахин босож ирэх ямар ч боломж байхгүй болно. Миний толгойд байх, “Би юу хийх хэрэгтэй вэ?”, “Би төгс төгөлдөр байх ёстой”, “Би өөрийн хүссэнээр байх ёстой” гэж санаа зовох жижигхэн би-гийн тухай энэхүү жүжгийн зохиол дуусах болно. Бидний төсөөллийг тулах ямар нэг зүйл ердөө байгаагүй гэдгийг ойлгох үед сэтгэл ямар нэг боломжгүй зүйлсийг тусган харахаа больдог. Энэ үндсэн дээр бид тэдгээр хандлагуудыг идэвхжүүлэхгүй болдог ба учир нь тэдгээрийг идэвхжүүлэх зүйл юу ч байхгүй болсон байдаг. “Би би би. Би баяр жаргалтай байх ёстой, би зовж шаналах ёсгүй!” гэх зүйл байхгүй болдог.

Хандлагыг идэвхжүүлэх ямар нэг зүйл байхгүй үед танд тэдгээр хандлага ердөө байхгүй болсон гэж хэлж болохгүй. Хэрэв үр дагавар байж болох бол зарим зүйл зөвхөн үр дагавар гарах хандлага байж болно. Өөрөөр хэлбэл хандлагын тухай ойлолт нь бүхэлдээ ямар нэг үр дагавар байхтай холбоотой. Хэрэв үр дагавар байхгүй бол түүнийг бий болгох хандлага байхгүй болж болно.

Энэ бол хяналтгүй гарах дахин төрлийг хэрхэн бид буцааж болох тэр тухай юм. Хэдийгээр бидний сэтгэл эхлэл үгүй цагаас хандлагуудаар дүүрсээр ирсэн ч хэрэв тэдгээрийг идэвхжүүлэх зүйл байхгүй бол тэдгээр нь байхгүй болно. Бодит байдлыг ойлгон мэдэх үед бид ердөө илүү их хандлагуудыг бий болгох өөрийн эрхгүй гарах зан байдлыг гаргахгүй болдог. Ийнхүү хяналтгүй дахин дахин гарах төрөл болон сэтгэлийн сайн, муу мэдрэмжүүдийн суурь үгүй болж, дахин хэзээ ч гарахгүй болно. Ийнхүү хорихуйн үнэнд хүрч бид гэтэлдэг, амгаланд хүрдэг.

Хорихуйн үнэнд хүргэх сэтгэлийн зам мөр үнэн

Хутагтын дөрөв дэх үнэнийг ихэвчлэн “мөрийн үнэн” гэж орчуулдаг бөгөөд энэ нь нэг замын адил таныг нэг зорилгод хөтлөх сэтгэлийн төлөв байдлууд, ойлголт юм. Энэ бол хоёр үнэний эргэлзээгүй, зөв ойлголт. Энэ ойлголтонд хэдий их дасна тэр хэрээр яваандаа энэ ойлголт нь бидэнд байнга төрөх болсноор хяналтгүй дахин дахин гарах төрлийн хорихуйд хүрэх нэг зам мөр болдог.

Дүгнэлт

Энэ бол хоёр үнэнээс дөрвөн үнэн хэрхэн урган гардаг тэрхүү холбоо юм.

Бид орчлонг (сансар, самсара) хэрхэн эхлүүлдэг вэ? Бидний авч үзэн ярилцаж байгаа бадгийн дагуу бол энэ нь Хутагтын дөрвөн үнэний эхний хоёр үнэн болох зовлонгийн үнэн болон зовлонгийн шалтгааны үнэнтэй холбоотой. Үнэндээ бид хоёр үнэний талаар төөрөлдсөн байдаг учраас орчлонг эхлүүлдэг. Бид бодит байдлыг мэддэггүй эсвэл бодит байдлыг үнэндээ түүний юу болохоос нэлээн өөр байдлаар төсөөлдөг. Үүнээс бид хэрхэн гарах вэ? Хутагтын гурав болон дөрөв дэх үнэн буюу хорихуйн үнэн болон сэтгэлийн зам мөрийн үнэнээр гарна. Тэгэхээр бодит байдлын талаарх хоёр үнэнийг мэдэхгүйгээс Хутагтын нэг дэх болон хоёр дахь үнэн гарах ба тэдгээрийг мэдэхээс дараагийн хоёр үнэн гардаг байна.
Хэдийгээр энэ нь маш нарийн төвөгтэй сэдэв ч энэ бол Бурханы шашны гарган тавьдаг, бидний бүтээлээрээ хүрэхийг зорьдог тэдгээр зорилгууд нь хүрэх боломжтой зүйл гэсэн итгэл үнэмшил олж авах, төрүүлэх үүднээс сургаалуудыг авч үздэг хэлбэр юм. Бид энэ бүгдийг нэгэнт алдаагүй зөв ойлгосон тохиолдолд түүнийг түүний илэрхийлэх бусад зүйлстэй холбож болно. Бясалгалаар бид өөрсдийгөө үүнд илүү танил, дасал болгоно: бид түүнийг бодит байдлыг харах нэг зуршил болгоно.

Сонсох, санах (тунгаах), бясалгах эдгээр суурин дээр бид бидний бүтээлээр хүрэхийг зорьж байгаа зорилго бол үнэндээ боломжтой зүйл бөгөөд хэрэв хангалттай хүчин чармайлт гаргавал хүрэх боломжтой, бид өөрсдөө ч хүрч болох зорилго гэсэн итгэл үнэмшил төрж болно. Ийм маягаар бидний бүтээл илүү бат тогтвортой болдог ба учир нь бидний зорьж байгаа зүйл нь боломжтой зүйл байж магадгүй юм гэсэн эргэлзээ бүхий ойлголтон дээр суурилаагүй байдаг. Бид бүрэн итгэлтэй байдаг.

Top