Хутагтын дөрөв дэх үнэн: Үнэн мөр

Үнэн зовлонгийн үнэн шалтгааныг үнэн хорихуйд хүргэдэг үнэн мөр бол хоосон чанарыг илтэд оносон оюун юм. Бид өөрийгөө, бусдыг болон юмс үзэгдлийг хэрхэн оршдгийг эндүүрч таниад, түүнийгээ үнэн гэж байгаатай нийцэх юу ч үл олдох нь хоосон чанар юм. Хоосон чанарыг илтэд онох нь үнэн хорихуйд хөтөлдөг мөрийн үүргийг гүйцэтгэдэг учраас сэтгэлийн үнэн мөр мөн билээ.

Хутагтын эхний гурван үнэн

Зовлон бэрхшээл, таашаал цэнгэл ээлжилж эцэс төгсгөлгүй өгсөж, уруудах амьдралыг үргэлжид бүтээдэг, тэдгээрийг эдлэх хязгаарлагдмал бие, цогцосыг ахин дахин авдаг нь бидний үнэн зовлон мөн хэмээн Бурхан айлджээ. Түүний үнэн шалтгаан нь бид болон тэдгээр хуран мэдэл хэрхэн оршдгийг үл танин мэдэх мунхаг болой. Тэдгээрийг бид биеэ даан, юунаас ч хамааралгүй оршино гэх зэргээр байж боломгүй оршихуйг нялзаагаад, бидэнд үзэгдэх хуурмаг үзэгдлийг нь тэдний жинхэнэ оршихуйтай нийцэж байна хэмээн итгэж үнэмшинэ. Энэхүү эндүүрлээс нисванис урган гарч, тэр нь гүжирдлэг төдий оршиж буй “би” хэмээхийг баталж нотлох, өмгөөлж хайцаалах дийлдэшгүй үйлийн хүчийг өдөөнө. Мөн энэ л эндүүрэл үхэл ирэх цагт ахин нэгэн цувиралт бие, сэтгэлийг өөрийн эрхээр бус авах төрлийг (сансар) өдөөнө. 

Эдгээр үнэн шалтгаанаас ангижирч болох учир үнэн зовлонг ахин хэзээ ч эдлэхгүй хагацаж болно хэмээн Бурхан таньж мэдээд, айлдаж сургасан байна. Энэ адилын үнэн хорихуйд хүргэх үнэн ерөндөгийг хутагтын дөрөв дэх үнэнээр айлджээ. 

Мунхагийг үүрд арилгах үнэн мөр бол зөв үзэл мөн 

Зовлон, таашаал эсвэл юуг ч үл амсах үест бид үүнийг зүгээр л онцгой, бас баттай хэмээн хараад, үүрд энэ адил байна хэмээн санадаг. Гэвч бидэнд төрж буй ямар ч мэдрэхүй, хуран мэдэлд онцгой зүйл юу ч үгүй, бүгд мөнх бус, бүгд өөрчлөгдөнө. Тэдгээрийг амсах хугацаанд хүч нь тасралтгүй өөрчлөгдөж, улмаар бүгд л аяндаа төгсгөл болно. Үүнийг таньж мэдэхгүй эсрэгээр нь санаж, толгой дотор чангаар хашгирах “энэ ямар сайхан юм бэ, би энэ жаргалаас хэзээ ч салахгүй юмсан” эсвэл “энэ ямар бэрх юм бэ, би энэ зовлонгоос салах юмсан, би тэсэж тэсвэрлэх арга алга” эсвэл “ямар амар юм бэ, би үргэлжид юу ч мэдрэхгүй байх юмсан” зэрэг дуу хоолойд хууртан мэхлэгдэнэ. Ийнхүү “би” хэмээн барьж, “би”-г өөрөө бүтсэн хэмээн хөөрөгдсөнөөр нисванис төрж, нүгэл хилэнцийг үйлдсэнээр үнэн зовлонг үүднэ. 

Өөрөө бүтсэн, бие даасан, бие сэтгэлээс ангид тусдаа, толгой доторхи дуу хоолойны эзэн “Би” хэмээх нь үнэнээр оршиж байна гэж яагаад итгэнэ вэ гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв үүнд “тийм л юм шиг санагдаад байгаа болохоор би тэгж бодож байна” гэж хариулж байгаа бол тэр нь ямар нэгэн зүйлд баттай итгэх шалтгаан болж чадах уу гэж асуугаарай. “Би тэгж бодож байгаа учраас” гэдэг төдийд л суурилаад өөрийн талаархи хуурмаг гүжирдлэгт итгэх үест яагаад тээнэгэлзээ төрнө вэ? Учир нь энэхүү хуурмаг итгэл үнэмшлийг нотлох юу ч алга. Үүнийг нотлох баримт ч, учир шалтгаан ч алга. 

Үнэн хэрэг дээрээ жаргал цэнгэл, зовлон бэрхшээлийн хуран мэдэл, харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх, бодоход төрөх амсуурга зэрэгт онцгой гойд юу ч үгүй билээ. Тэдгээрт шунан тачаах юу ч үгүй. Тэдгээрт шунах нь үүлнээс барьж авах гэж оролдох адил огтоосоо утга учиргүй юм. “Би” хэмээхэд, би юу мэдэрч байна гэдэгт онцгой гойд юм юу ч үгүй. Бие дааж, өөрөө бүтчихээд толгой дотор яриад, өөрийнхөөрөө зүтгээд байгаа мэтээр бид оршдоггүй. Бид оршино, гэхдээ тийм л юм шиг “надад санагдаж байгаа” учраас тийнхүү оршино хэмээн эндүүрчихээд түүндээ итгээд буй байж боломгүй байдлаар оршдоггүй юм.

Өөрийн талаар ийнхүү эндүүрэн төөрөлдөж буйгаас ангижрахын тулд тэдгээрийг бүрэн ерөндөглөн дарах чанх эсрэгийг төрүүлэх хэрэгтэй. Сэтгэлийг тогтоож, энэ адилын бодлыг амарлиулах нь эндүүрэл төөрөлдлийг түрхэн зуур дарж болох ч ахин урган гарахыг зогсоож чадахгүй юм. Үнэн зовлонгийн үнэн шалтгааныг үнэн хорихуйд хүрэх үнэн мөрийг бүтээсэн сэтгэл нь үл танин мэдэх мунхагаас чанх эсрэг сэтгэл байх ёстой. Үл танин мэдэхийн эсрэг нь танин мэдэх байна. Тэгвэл чухам юуг танин мэдэх ёстой вэ? Бид бие даан оршдог хэмээх эндүүрлийг энэ адил нь үл оршино гэдгийг илтэд оносон, атгагаас хагацсан оюунаар буюу хэдий хоосон чанарыг зөв зүйтэй ухаарлаа ч өөрийн бодлоор ажиглах бус харин хоосныг нь илтэд оносон оюунаар дарна. Бид үнэн хэмээн эндүүрч байсан нь бодит байдалтай нийцэхгүй гэдгийг учир шалтгаан, атгагаас хагацсан амслагад суурилан таньж мэдснээр, зөвхөн “би тэгж бодсон учраас” гэдэгт суурилсан төдийгөөр үнэн бодит байдалтай нийцнэ хэмээн санах эндүүрлийг ерөндөглөн дардаг юм. Үл танин мэдэх мунхаг нь сэтгэлд ихэд гүн бат суусан байдаг тул түүнийг алгуурхнаар, хэсэгчлэн, зэргэмж дарааллаар дарна. 

Үнэн мөрийн дөрвөн зүйл 

Хоосон чанарыг илтэд оносон билиг билгүүн бол үнэн мөр хэмээн Бурхан багш айлджээ. Энэхүү билгүүнээр юу үнэн, юу хуурмаг болохыг ялгаж салгадаг юм. 

  • Нэгт, энэхүү билиг билгүүн бол мөр бүтсэн сэтгэл бөгөөд энэ нь зэрэг дараалан мунхагийн элдэв хувийг ерөндөглөн, бүрнээ хориход хөтөлнө. Юун түрүүнд, эцэг, эх, нийгмийн бидэнд суулгасан мэтийн элдэв итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцоонд суралцаж, хүлээн зөвшөөрснөөс төрсөн мунхаг, эндүүрлээс үүрд гэтэлгэнэ. Үүнд элдэв зар сурталчилгаа, нийгмийн сүлжээнээс олж авсан нь эндүүрэл төөрөгдөл ч багтана.

    Сайхан гоё харагдах хүмүүс, тэдний зугаацан цэнгэх зургийг нийгмийн сүлжээнээс олж хараад, таны амьдрал ямар байх ёстой юм, та ямар харагдах ёстой юм гэдэг бодол санаанд тань хэрхэн нөлөөлдөг вэ? Та баяртай сайхан болдог уу, эсвэл гуниг төрдөг үү? Эдгээр зураг бол бодит амьдралыг харуулахгүй гэдгийг таньж буй билиг билгүүн бол зургууд тэрчлэн харуулна хэмээх эндүүрлээс үүрд ангижруулах мөр билээ. Ингээд үр дүнд нь өөрийгөө бусадтай харьцуулах, тэд адил болохыг хүсэх зэрэг эндүүрлээс үүдэн төрдөг гуниг гутралаас үүрд гэтэлнэ.

    Энэхүү эхний алхамаас чанагш гарч, өндөр дээд эрдмийг олсон “хутагтан” болсноор энэхүү билиг билгүүн нь толгойд тасралтгүй эргэлдэх дуу хоолойн ард биеэ даасан, эрж хайснаар олж болох “би” хэмээх оршино гэх мэтийн шууд л урган гардаг мунхагаас алхам алхмаар үүрд ангижруулах болно. Ингээд гэтлэхүйд хүрч, улмаар гэгээрлийн хутагт хүрнэ. Хоосон чанарыг оносон билгүүнээр үнэн зовлонгийн үнэн шалтгаанаас үүрд ангижирна гэдгийг ухаарснаар тэдгээрээс гэтлэх арга зам байхгүй гэдэг эндүү үзлийг ч арилгана.
  • Хоёрт, биеэ даасан, бусдаас хамааралгүй “би” хэмээх үл оршино гэдгийг оносон билиг билгүүн бол энэ адил нь оршино хэмээх мунхаг болон эндүүрлийг үүрд дарах зохист ерөндөг мөн. Учир нь эдгээр нь харилцан бие биенийхээ чанх эсрэг нь юм. Ийм байж болно гэснээ ийм байж болохгүй гэвэл хоёуланд нь нэгэн зэрэг итгэх аргагүй биз дээ? Үүгээр билиг билгүүн бол үнэн хорихуйд хүрэх зохист арга бус гэдэг эндүүрлийг дарна. 
  • Гуравт, хоосон чанарыг оносон билгүүныг олох нь хутагт болох, гэтлэхүйд хүрэх, төгс гэгээрсэн Бурхан болох зэрэг эрдмийг зэргэмж дараалан олох арга мөн. Үүгээр дияан бясалгалын зарим түвшинд хүрэх нь эдгээр эрдмийг олох арга мөн хэмээх эндүүрлийг дарна. 
  • Дөрөвт, гэтлэхүй, гэгээрлийн хутагт тотгорлодог нисванис, тэдгээрийн үр хөрөнгө, авъяасаас үүрд баттай ангижрах арга бол билиг билгүүнийг олох билээ. Үүгээр эдгээр нь сэтгэлийн уг мөн чанар учраас эдгээрээс бүрэн хагацна гэж үгүй хэмээх эндүүрлийг тасална. 

Дүгнэлт

Билиг билгүүнээр магадлан хоосон чанарыг илтэд онож үнэн мөрийг бүтээсэн сэтгэл бол үнэн зовлонгийн үнэн шалтгааны ерөндөг мөн. Энэхүү үнэн мөр сэтгэлд бүтвэл төрлөөс төрөлд өөрийн эрхгүй ахин дахин эдлэх зовлонг үүдэхийн үнэн шалтгаан болох үл таньж мэдэх мунхаг, эндүүрлээс зэргэмж дараалан, үүрд хагацна. Энэ адилын сэтгэлийг олох нь хичээн шамдвал зохих хамгаас хэрэг тустай зүйл бус гэж үү? 

Top