Амьдрал нэг дээшилж, нэг доошлон, заримдаа жаргалтай сайхан байх ч, заримдаа уйтгарлаж гуниглан шанална. Бид ихэнхдээ л “Амьдрал ийм л байдаг” гэж хэлээд үүнээс цааш нарийн харахыг хүсэхгүй. Тэгвэл дараагийн эгшинд ямар байхыг ч мэдэхгүй ийм амьдралыг бид үнэхээр хүсэж байгаа билүү? Харин Бурхан багш гүн гүнзгий шинжлэн харж, энэ бүхний үндсэн суурь бэрхшээлийг олсон нь ихэд завшаантай хэрэг мөн. Үнэн бэрхшээл зовлон бол бидний авч төрсөн энэ бие, сэтгэл юм. Энэ бие, сэтгэл бол өгсөж, уруудан, зовж жаргахын суурь бөгөөд тэр бүхнийг яг л соронз адил татдаг. Ингээд цааш гүнзгийрүүлэн ажиглабал үнэн зовлон бол энэ бие, сэтгэлийг авснаар зөвхөн одоо эсвэл ирэх долоо хоногт бус харин энэ нас дуустал өгсөж, уруудахыг эцэс төгсгөлгүй үүдсээр байдаг юм. Үүгээр ч зогсохгүй, Бурхан багшийн айлдсанчлан, зөвхөн энэ насны зовлонг үүддэг юм бус, тэрчлэн дараа хойчийн төрлүүдийг ч үүдэж байдаг юм. Дараа төрөл гэдгийг хараахан ойлгоогүй, хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч дараа дараагийн үеийнхээ зовлон бэрхшээлийг үүддэгийг харж болно. Өнөөгийн уур амьсгалын хямралыг ажвал, хэдий бид энэ гариг дээр байхгүй болсон ч бидний үйлдлээс үүдсэн бэрхшээл үргэлжилсээр байна гэдгийг тодорхой харж болно.
Тэгэхээр энэ бие, сэтгэлийг авахын жинхэнэ бэрхшээл юу байна вэ? Тэдгээр нь ихэд хязгаарлагдмал байдаг нь бэрхшээл мөн. Бие махбод өвдөж шанална, нас явахын хамтаар доройтно гэдэг нь хэмжээ хязгаартай гэсэн үг. Савтай сүү гашилж муудна, гэхдээ сүү яг хэзээ муудах нь тодорхойгүй байдаг нь бүр ч хэцүү. Бидний энэ биеийн хугацаа хэзээ дуусах нь тодорхойгүй. Энэ биетэй байгаа цагт түүнийг асран тэтгэх гэж хичнээн их цаг зарцуулах ёстой болдгийг саная. Угааж цэвэрлэх, хувцаслах, хооллож ундлах, бие засуулах, дасгал хөдөлгөөн хийлгэх, амраах унтуулах, тэрчлэн гэмтэж бэртэх, өвдөхийн цагт асарч сувилах хэрэгтэй болно. Энэ бүхэн зугаатай сайхан гэж үү? Бурханы шашны Энэтхэгийн нэгэн их багшийн онож айлдсанчлан, бид энэ биеийнхээ боол нь юм.
Бидний сэтгэл оюун, сэтгэлийн элдэв хөдөлгөөн, хуран мэдэл мөн хязгаартай. Сэтгэл оюуныг судалж суралцах хэрэгтэй ба хэдий тэгсэн ч бидэнд ойлгож ухаарахгүй зүйл асар их. Юмсыг бид бүрэн бүтнээр нь харж чадахгүй, жишээлэхэд, дэлхийн дулаарал, хуурамч оюун ухаан, робот, дуураймал виртуал орчин зэргийн үр дагавар юу болохыг мэдэх нь битгий хэл өөрийн өдөр тутмын амьдралд юу болж байгааг ч харахгүй. Үүнээс ч долоон дор нь, хөгшрөхийн хамтаар бие махбодын адил сэтгэл санаа доройтож, дөнгөж саяхны зүйлийг мартагнаж, оюун ухаан удааширч, амархан төөрөлдөж будилна.
Үүн дээрээс нэмээд, амархан гомдож, амархан баярлаж хөөрөх тул тодорхой бодож сэтгэж ч чадахгүй. Гэвч энэ бүхний үнэн бэрхшээл бол энэ хязгаартай бие махбод, сэтгэл оюун, хуран мэдэл нь эцэс төгсгөлгүйгээр тэдгээрийг үүдэж, тийнхүү ахин дахин авч төрнө.