Бага төрөлхтний oюун судлахуйн

1 – 7-р бадаг

Ариун дагшин газар хүрэлцэн ирсэн энэхүү боломжийг ашиглах

Миний өчигдөр хэлсэнчлэн бид энд, Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн, мөн олон гэгээрсэн төрөлхтөнүүд саатан морилж байсан энэ онцгой газар цуглаад байна. Жишээ нь Нагаржуна гэгээн, түүний хоёр шавь болон өөр олон төвд хүмүүс энд Бод Гаяад амьдарч байсан. Мөн Санггэй-ешэй Кам нутгаас ирж, нутгийн хийдийнхээ хамба болж байлаа. Өөр олон хүмүүс олон өөр газраас ирж энэ газрын адиститээр эрдэм олныг төрүүлж байжээ. Энэ бол энэ газрын онцлог юм. Иймд хэрэв бид энд байх хугацаандаа хүчтэй, зөв сэдэл төрүүлж, ерөөлийг хүчтэй тавьж, хичээнгүйлэн бүтээлийг зөв үйлдвээс бид маш их эерэг хүч бий болгож чадна.

Ялангуяа Төвдөөс ирсэн хүмүүсийн хувьд хэдийгээр тэнд нөхцөл байдал хэцүү байгаа ч та бүхэн энэ ариун газар ирсэн боломжоо ашиглан аль болох их эерэг хүч хуримтлуулахыг хичээх хэрэгтэй. Энд байгаа бид бүгд үнэхээр их завшаантай байна. Дэлхий дахинаараа маш их төөрөгдөлд орж, шунал, дайсагнах сэтгэл газар авч байгаа ийм цаг үед Бурхан багшийн энэрэн нигүүлсэх, асрах сэтгэл зэргийн тухай сургаал сонсох боломж гарч байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг. Хэдийгээр дэлхий дахинаа маш их эд баялгийг бий болгосон ч мөнгөөр үхэх, өтлөх, өвдөх гэх мэт асуудлуудыг арилгах ямарч боломж байхгүй. Зовлон бэрхшээл нь сэтгэлтэй холбоотойгоор гарч ирдэг учраас эд баялаг гэх мэт гадаад нөхцөлүүд сэтгэлийн зовлонг арилгаж чадахгүй. Иймд оюун санааны, шашны аргуудыг хэрэглэх нь маш чухал бөгөөд та бүхэн Бурханы шашныг ийнхүү сонирхож байгаа тань үнэхээр сайн хэрэг.

Бидний дунд байгаа олон барууны хүмүүсийг харцгаая. Тэд Бурханы шашныг үнэхээр сонирхон энд ирсэн байна. Тэд бясалгал хийн, ерөөл уншиж, бүтээл хийдэг бөгөөд нилээдгүй зүйлийг бас мэднэ. Тэдний Бурханы шашныг сонирхох болсон нь сургаалыг логик, учир шалтгааны үүднээс авч үзсэн явдал дээр суурилдаг. Бурханы сургаалыг хүлээн авахаасаа өмнө тэд эхэлж сайтар шинжилсэн. Тэдний жишээгээр харахад Бод Гаяагийн адил ийм ариун газар бидний байгаа нь маш ховор, чухал боломж гэдгийг харж болно. Энд бидэнд гэгээрсэн Бурхадын бүхий л агуу үйл, чанаруудыг сануулдаг. Эерэг зан байдал, сэтгэл төрөхөд үнэхээр таатай нөлөөтэй ийм газар байх нь маш ховор учраас бид энд аль болох их эерэг хүч бий болгохыг хичээх хэрэгтэй. Энд хэдий их эерэг үйл хийнэ төдий чинээ их эерэг хүч бий болно. Ийм онцгой газар байснаар ямарч газраас илүүтэйгээр их эерэг хүч бий болдог. Ойлгож байна уу?

Төвд зочдод өгөх зөвлөгөө

Энд байх хугацаандаа хэдийгээр та бүхэн хориглогдоогүй бараа бүтээгдэхүүн зарж байгаа ч үнэнч байх хэрэгтэй. Худалдаанаасаа тодорхой ашиг олж болох боловч шударга бус эсвэл шуналын сэтгэлтэй байж болохгүй. Мөн гороо хийж байхдаа дэмий ярих, хэрэггүй бодолд автахгүй, харин анхаарал, хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Энд тэндгүй газар цаас, хог хаях, хаа сайгүй бие засахгүй байх хэрэгтэй. Хэрэв та бүхэн зөвхөн бие засах газар хэрэглэхээр дугаарлан зогсох тохиолдолд нилээн удаан хугацаагаар хүлээх хэрэгтэй болж магадгүй учраас өөр газар явах шаардлага гарч болно. Тийм тохиолдолд аль болох цэвэрхэн байхыг хичээх хэрэгтэй. Төвд бол хүйтэн орон. Харин Энэтхэг бол нам дор газар учир нөхцөл байдал өөр. Иймд орчноо бохирдуулж болохгүй. Хянамгай, хариуцлагатай байгаарай.

Мөн таван гишүүнээр мөргөх, сунаж мөргөх байдлаар мөргөл хийх маш сайн боловч тэдгээрийг зөв хийх хэрэгтэй. Мөргөхдөө гарын алгыг тэнийлгэн, алгаар нь газарт хүргэж байгаарай. Зул өргөх хэрэгтэй. Ийм зүйлүүдийг хийх хэрэгтэй шүү. Ингэвэл маш сайн байх болно. Ерөөл уншиж, бясалгал үйлдэж байх хэрэгтэй. Хэдийгээр эдгээр нь төвлөрөх бясалгал биш ч гэсэн маш сайн ул мөр үлдээнэ. Хамгийн чухал зүйл бол хиргүй цэвэр сэдэлтэй байх явдал. Иймд бид өөрийн сэтгэл, аливааг хийж буй сэдлээ шинжих хэрэгтэй. Энэ бол маш чухал. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудыг аль болох багасгах хэрэгтэй.

Хамгийн чухал хийх ёстой зүйл бол бусдыг чухал, өөрийг чухал биш гэж үзэх хандлагыг төрүүлэх явдал. Энэ бол Их хөлгөний гол мөн чанар. Сайхан сэтгэлтэй байгаарай. Эерэг үйл ажиллагаатай, асарч хайрлах, халуун дотно, сайхан сэтгэлтэй байх нь гол санаа юм. Номын гадаад үйл ажиллагаанд омог бардам сэтгэлээр, өрсөлдөх сэтгэлээр, эсвэл дайсагнах үүднээс оролцож байвал энэ нь ердөө сөрөг үйлийн үрд хүргэнэ. Иймд бидний хийж буй зүйл, түүнийг хийж буй шалтгаан нь маш чухал, хариуцлагатай юм. Бид сэдлээ үргэлж шалгаж, засаж байх хэрэгтэй.

Top