Номонд итгэх итгэл

Лам-римын гол ойлголтуудыг сэргээн санах 

Лам-рим сургаал нь гурван төрөлхтний сургаалд хуваагдах бөгөөд тэдгээр нь тус бүрдээ гэгээрэлд хүргэх зам мөр болох сэтгэлийн өөр өөр төлөвийн сургаалтай. Энэ бүтцийг XI зууны Энэтхэгийн их мэргэн Атиша гэгээн анх томьёолсон бөгөөд тэрээр Энэтхэгээс Төвөдөд Ном хоёр дахь удаагаа дэлгэрэхэд гол хувь нэмэр оруулсан. Атиша гэгээн тус сургаалаа Гэгээрэлд хүргэх бодь мөрийн зул (Санс. Bodhipatha-pradipa) бүтээлдээ үзүүлсэн.      

Гаадамбын ёс Атиша гэгээнтэй холбогдох ба цаг хугацааны явцад түүнийг Богд Зонхов дахин ангилан шинэтгэснээр Гэлүгийн ёс бий болсон. Гаадабмын ёс нь бусад уламжлалуудад мөн нөлөөлсөн байдаг. Үүнийг ложон буюу оюун судлахуйн сургаалыг бүх уламжлалд өргөн заах байх бөгөөд тэр нь Гаадамбын ёсноос эхтэй байдгаас харж болно. Гаадамбын ёсны нөлөөний өөр нэг жишээ нь Гампопа гэгээнтэй холбогдоно. Гаржүд ёсны олон уламжлалууд Гампопа гэгээнээс эхтэй бөгөөд тэрээр Гаадамба, Махамудра сургаалын урсгалыг холбосон эрдэмт мэргэн хэмээн хүндлэгддэг. 

Атиша гэгээн лам-рим сургаалынхаа энэхүү хэв маягийн санааг Шантидэва гэгээний Бодисадвын явдалд орохуй (I.4) зохиолын нэг бадгаас авсан бөгөөд тус бадагт: 

Эл чөлөө учрал үүнийг олохуйяа машид бэрхтэй
Энгүй амьтны тусыг бүтээх чадлыг эрхшээсэн тул 
Эдүгээ хэрэв энд л эс бүтээвээс 
Эцэс хойшдоо үүн лүгээ учирна гэж хаана байх?

хэмээсэн байдаг.  

Атиша гэгээний дэлгэрүүлснээр “Энгүй амьтан” гэдэг нь гурван төрөлхтний сургаалын гурван түвшний хүмүүсийг илэрхийлж байгаа юм. 

Бага төрөлхтний сургаал нь багшийг шүтэх (номын багштай тогтоох эрүүл харилцаа), эрдэнэт хүний төрөл, үхэл ба мөнх бус, гурван муу төрлийн зовлон, аврал буюу аюулгүй зам мөр, Бурхан, Ном, Хуврагийн чанар, үйлийн үр болон сөрөг зан байдлаас зайлсхийх тухай сэдвүүдийг хамарна. 

Дунд төрөлхтний сургаал нь гурван сайн төрлийн зовлон, орчлонгийн буюу хяналтгүй дахин дахин гарах төрлийн зовлонгийн тухай өгүүлнэ. Үүнд мөн сөрөг сэтгэл хөдлөл буюу Хутагтын дөрвөн үнэний утгын хүрээн дэх нөхөр сэтгэлүүд (сэтгэлээс гарах сэтгэлүүд) болон зовлонгийн үнэн (жинхэнэ) шалтгааны тайлбар багтана. Мөн 12 шүтэн барилдлагын нарийвчилсан тайлбар болон бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь Хутагтын дөрвөн үнэний эхний үнэн болох Зовлонгийн үнэнийг хэрхэн төрүүлдэг талаар өгүүлнэ. Түүний дараа орчлонгоос гэтэлж, гэтлэхүйд хүрэх арга болох ёс зүйн сахилга бат (шагшаабад), төвлөрөл, ялгах ухааныг (билиг) багтаасан гурван суртгаалын тайлбар орж ирнэ. Мөн энэхүү дунд төрөлхтний сургаалд ёс зүйн сахилга батад хамаарах хуврагийн болон гэргийтний сахилын тайлбар багтах ба эдгээр нь бүгд магад гарах сэтгэлийн (зовлонгоос ангижрахыг хүсэх сэтгэл) хүрээнд багтах дунд төрөлхтний сэдэл болно.        

Их төрөлхтний сургаалд бодь сэтгэлийг төлөвшүүлэх олон аргууд орно. Цаглашгүй тэгш сэтгэлийн суурин дээр эхэлж хүн бүрийг өөрийн эх гэж мэдэх зэргээр бясалгах 7 хэсэгт шалтгаан ба үрийн бясалгал (Уг үрийн долоон увдисын үүднээс оюунаа судлах) гэж бий. Өөр нэг арга нь өгөхүй, авахуйн “тонлэн” бүтээлийг багтаасан өөрт болон бусдад хандах хандлагыг тэгшитгэж, солих (Өөр хийгээд өрөөлийг арилжихуйн үүднээс оюунаа судлах) арга. Богд Зонхов бодь сэтгэл төрүүлэх энэхүү хоёр аргыг нэгтгэсэн 11 хэсэгтэй бясалгалын дарааллыг үзүүлсэн. Мөн бодисадвын сахил авах болон тэдгээр сахилын талаарх тайлбар бий. Тайван, амарлисан сэтгэлийн төлөв болох шаматхагаар дамжуулж чанадад хүрэх сэтгэлийн тогтвортой байдал буюу төвлөрлд хэрхэн хүрэх тухай маш дэлгэрэнгүй тайлбар бүхий зургаан чанадын хандлагын (зургаан барамид) бүтээл мөн энд багтана. Мөн чанадын ялгах ухааны (чанадын билгүүн) тайлбарыг онцгой ойлгох чадвар бүхий сэтгэлийн төлөв болох випашянаг хэрхэн төрүүлэх тухай сургаалын үүднээс үзүүлсэн байдаг. Эдгээр нь бүгд их төрөлхтний түвшний сургаалд хамарна.     

Энэхүү товч тоймоос хэрэв бид сургаалыг судар болон тарнийн сургаалын үүднээс ангилж үзвэл тэдгээр нь бүгд судрын сургаалын ангилалд багтах маш их судлах зүйлийг лам-рим сургаал багтааж байдгийг харж байна. Энэ бүх сэдвийн талаарх тодорхой түвшний гүн ойлголт нь Төвөдийн Бурханы шашны бүх уламжлалуудын санал нэгддэг тэр цэг болох тарнийн сургаал түүний төгс зэхэл болно.     

Лам-рим сургаалд багтах ойлголтууд Төвөдийн бүх уламжлалуудад байдаг болох нь 

Миний тоочсон тэдгээр бүх ойлголт тус бүрийн  нарийн тайлбар руу орох нь боломжгүй бөгөөд тус сэдвүүдийг урт богино олон хэлбэрээр үзүүлсэн, сургаал, зааврыг дэмжих үүднээс энэтхэг эх зохиолуудаас татсан өөр өөр хэмжээний ишлэлүүдтэй олон өөр бүтээлүүд бий. Хамгийн том хувилбарыг Богд Зонхов туурвисан бөгөөд түүнийг Лам-рим чэн-мо буюу Их бодь мөрийн зэрэг хэмээдэг. Тэрээр энэ бүтээлдээ шаматха болон випашянатай холбоотой их хэмжээний нарийн тайлбарыг өгсөн. V Далай ламын хувилбар нь бясалгалууд дээр нэлээд хэмжээний хувийн заавар өгсөн байдаг. Маш олон хувилбар зохиолууд байх ба тус бүрдээ бие даасан тусгай тусгай онцлогтой.

Лам-рим сургаалд тусгасан бүх судлах зүйлүүд Төвөдийн Бурханы шашны бүх уламжлалуудад байдаг гэдгийг мэдэж байх нь чухал. Ялгаа нь тухайн бүтээлийн бичиглэлийн бүтцийн хэлбэр. Жишээ нь, Гампопа гэгээн өөрийн тайлбарыг хоёр янзаар бичсэн байдаг. Тэрээр Гэтлэхүйн эрдэнийн чимэг бүтээлээ шалтгаан болох үүднээс Бурханлаг мөн чанарын тухай яриаг эхлэн оруулж, дараа нь эрдэнэт хүний төрлийг суурь, багш садныг нөхцөл, багшийн зааврыг арга болгон үзүүлсэн хоёр хэсэгт хуваасан. Эдгээр нь бүгд хойдын сайн төрөл, гэтлэхүй, гэгээрэлд хүрэх зорилго бүхий лам-рим сургаалд байх тэдгээр бүх ижил зүйлүүдэд хөтөлнө. Ингээд Гампопа гэгээн Сажийн ёсны “Дөрвөн хүлээснээс хагацахуй” хэмээх бүтээлийг санагдуулам дөрвөн тотгорыг дарах тухай сургаалыг оруулан сургаалынхаа аргыг бүрдүүлэв. Тэрээр өөрийн өөр нэг хэлбэр бүхий бүтээл болгож  “Гампопагийн дөрвөн Ном” хэмээх зохиолоо гаргасан.          

Дригунг Гаржүд ёсонд судлах зүйлийг суурь, зам мөр, үрийн үүднээс зохион байгуулан үзүүлдэг бөгөөд үүнтэй төстэй зохион байгуулалтыг Сажийн ёсны “Гурван үзэгдэл” бүтээлээс харж болно. Ариун бус үзэгдэл, биеэр туулах үзэгдэл, ариун үзэгдэл гэж байна. Зарим бүтээлүүдэд Гампопагийн дөрвөн Номыг гурван төрөлхтөнтэй нэгтгэсэн байдаг бол зарим нь түүнийг дөрвөн хүлээстэй нэгтгэсэн байна. Өөр нэг жишээ гэвэл Патрул гэгээний Миний төгс багшийн үгс зохиол бөгөөд түүнд гадаад болон дотоод зэхэл бүтээлүүдийн талаар өгүүлнэ. Эдгээр бүх бүтээлүүд нэг ижил сэдвийг хамрах тул бид өөрийн судалж байгаа хувилбарыг цорын ганц эсвэл хамгийн сайн нь хэмээн бодох ямар нэг ёс, уламжлалаар хуваагдах хандлага баримтлахгүй байх хэрэгтэй. Энэтхэг эх зохиолуудаас авсан ишлэлүүдийн зарим нь бага зэрэг өөр байж болно, мөн бясалгалд зориулсан хувийн заавруудын зарим нь бага зэрэг өөр байж болно. Гэвч үндсэндээ тэд бүгд ижил. 

Итгэлийн гурван төрөл

Лам-рим сургаалыг хутагтын дөрвөн үнэний хүрээнд ойлгох боломжтой бөгөөд хэрэв бид Номын жинхэнэ утгын дагуу өөрсдийгөө үнэхээр төлөвшүүлэх гэж байгаа бол тэдгээр зорилгуудыг хүрэх боломжтой хэмээн итгэх нь үнэхээр чухал болох талаар бид ярилцсан. Энэхүү итгэлийг бид хоёр зүйлээс авч болно. Нэг нь гурван төрлийн гол төлөв “сүсэг” гэж орчуулагддаг тэр зүйл. Илүү сайн орчуулга нь “бодит баримтанд итгэх” гэж байж болох юм гэж би боддог. Учир нь бид хөрөнгийн зах зээл маргааш илүү сайн байна гэж найдах эсвэл бидний мэдэж чадахгүй нэг зүйлийн талаар ярьж байгаа биш. Бид ойлгох боломжгүй нэг зүйлд сүсэглэх тухай бус үнэн зүйлд итгэх тухай ярьж байгаа юм.    

Эхний итгэл нь ариусгах итгэх бөгөөд энэ нь сэтгэлд хандах сөрөг хандлагыг сэтгэлээс ариусгах буюу түүнийг амарлиулах тэр зүйл. Жишээ нь, энэ нь сэтгэлийг шийдвэр төгс бус байдал, эргэлзээ, айдсаас тайвшруулна. Айдас нь гэгээрэлтэй холбоотой байж болох ба “Хэн түүнд хүрч чадна гэж?” гэх эсвэл түүнд хэт татагдан “Гайхалтай, би түүнийг зөвхөн өөртөө, өөртөө л хүсэж байна” гэх явдал байж болно. Ариусгах итгэл нь энэ бүхнийг амарлиулах бөгөөд учир шалтгаан дээр суурилсан итгэл болох дараагийн хоёр дахь төрлийн итгэл дээр суурилна. Өөрөөр хэлбэл, гэтлэхүй, гэгээрэлд хүрэх зорилго нь учир шалтгаантай. Энэ нь логик учир шалтгаантай, утга учиртай. Энэ нь боломжгүй эсвэл учир шалтгаан дээр үл тулгуурласан биш. Гурав дахь итгэл нь тэр бүхэн нь хүрэх боломжтой бөгөөд бид түүнд хүрэх чадамжтай хэмээн итгэж, түүнд хүрэхээр тэмүүлэх хүсэл эрмэлзэл бүхий итгэл.    

Үнэнд итгэх эдгээр гурван төрлийн итгэлээс тэдгээр зорилгууд учир шалтгаантай, хүрч болох бөгөөд хүн бүр түүнд хүрч чадна хэмээн итгэх нь чухал гэдгийг харж байна. Ийм итгэл төрснөөр бидний сэтгэл амгалан болж ямар нэг айдас, эргэлзээ эсвэл хэтрүүлэх зүйлгүй болоод зогсохгүй бид тэдгээр зорилгуудад хүрсэн бусдад атаархаж, эсвэл өөрийн хүрсэн эрдмүүдээр бардамнадаггүй.    

Хутагтын дөрвөн үнэний 16 ялгамжаа 

Итгэлийн чухлыг онцгойлсон сургаалуудын өөр нэг тал нь хутагтын дөрвөн үнэний 16 ялгаамжааг судлах явдал. Бид хоосон чанарыг (томьёололгүйгээр) шууд онож таньсан Арьяа буюу “Хутагт төрөлхтөн” нарын талаар ярилцсан. Үнэндээ энэ нь зөвхөн хоосон чанар төдийгүй Хутагтын дөрвөн үнэний 16 ялгамжааг шууд таньсан явдал байдаг. Энд би тэдгээр 16 ялгамжааг дурдахгүй. Дөрвөн үнэн тус бүрийн дөрвөн ялгамжаа бий. Тэдгээрийг судалж, тэдгээрт итгэл төрүүлэх нь чухал. Бидэнд үнэн хорихуй (зовлон зогсох) нь боломжтой, зовлонгийн үнэн шалтгаан нь үл мэдэх явдал, сэтгэлийн үнэн зам мөр нь зовлонгийн шалтгаануудыг үнэхээр бүрэн арилгана гэсэн итгэл хэрэгтэй. Тэдгээр 16 ялгамжаа энэ бүхнийг тайлбарлах бөгөөд бидэнд итгэл төрөхөд тусална. 

Хорихуйн үнэн, мөрийн үнэнд итгэх нь авралын (аюулгүй зүг) суурь 

Номыг өөрийн амьдралтай уялдуулахыг хичээхийн ач тус, чухлыг харуулах үүднээс би энэ бүх зүйлийг дурдаж байгаа юм. Ингэх нь Номын доторх аливаа санаа тус бүрийг ойлгох бидний ойлголтонд хүч нэмж, тэдгээрийг гүнзгийрүүлнэ. Хэрэв бид үнэхээр аврал одуулбал – өөрөөр хэлбэл, Гурван эрдэнийн: Бурхан, Ном, Хуврагийн чуулганы үзүүлсэн тэрхүү аюулгүй зүгийг өөрийн амьдралд гаргавал – тэр үед бид бодитоор тэр зүгт явахыг хүснэ.       

Ном эрдэнийн зүг (аврал) юу вэ? Энэ бол Хутагтын гурав болон дөрөв дэх үнэн буюу Арьяа төрөлхтний сэтгэлийн үргэлжлэл дэх хорихуйн болон мөрийн үнэн. Бид энэ тодорхойлолтыг мэдэх хэрэгтэй. Хутагтын гурав болон дөрөв дэх үнэн нь зүгээр агаарт оршиж байдаггүй, тэдгээр нь үнэндээ бидний сэтгэлийн үргэлжлэлүүдийн суурь дээр байдаг. Энэ бол хорихуй, тодорхой нэг сэтгэлийн үргэлжлэл дээрээс (биднийх гэж найдаж байна) зовлон болон түүний шалтгаануудыг бүрмөсөн арилгах. Зам мөрийн сэтгэл нь энэ бүхнийг авчрах ойлголт. Бурхад (Бурхан эрдэнэ) нь хорихуйн үнэн, мөрийн үнэнд бүрэн хүрсэн тэдгээр төрөлхтнүүд. Хутагт хуврагууд (Хувраг эрдэнэ) нь тэдгээрт хараахан бүрэн хүрээгүй боловч талд нь хүрээд буй төрөлхтнүүд. 

Бид үнэндээ хэр чин сэтгэлээсээ аврал одуулдаг вэ? Энэ нь ердөө бид үсээ авахуулж, нэг төвөд нэр авах гэх мэт зүйлүүд үү? Эсвэл бид юунд аврал одуулдаг вэ, Улаан өндөгний баярын туулайд уу? Аврал бол нэг аюулгүй зүг чиг, тэгэхээр бид ямар нэг байдаг, оршдог гэж итгэдэг зүйлд аврал одуулах ёстой. Бид хорихуйн үнэн, мөрийн үнэн гэж байгаа, тэдгээрт хүрсэн төрөлхтнүүд бий, бид бас тэдгээрт хүрч чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Бидэнд тэдгээрт хэрхэн хүрэх зэрэглэсэн үе шат байгаа, Бурхан багш үнэндээ тэдгээрийг заасан гэсэн итгэл хэрэгтэй. Тэдгээрийг үнэндээ оршин байдаг зүйл гэсэн итгэлтэй болох үед бид тэрхүү зүгт явахаар шийднэ. Ингээд бид бодь сэтгэлийг нэмэх үед хүн бүхэнд тус хүргэхээр өөрсдөө Бурхан болох тэр бүх замаар зорчихыг зорино. 

Эхэндээ аврал нь гэтлэхүйн (өөрөө зовлонгоос ангижрах) хүрээнд байдаг. Авралын уншлагад байх сэдлийн тухай мөрд эхэлж гэтлэхүйд хүртэл Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал одуулж, дараа нь өглөг (барамид) хийгээд бусад буяны чуулганаар - (эерэг хүчээр) хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэмүй гэдэг. Эхний хэсэг нь гэтлэхүйн зорилготой холбоотой. Хоёр дахь хэсэг, бодь сэтгэл нь гэгээрэлд зорьдог. Бид эдгээр үе шатаар явах хэрэгтэй. 

Тэгэхээр, эхэлж бага төрөлхтөн, тэгээд дунд төрөлхтөн, түүний дараа их төрөлхтөн болохын гол суурь нь эдгээр зорилгууд нь хүрэх боломжтой гэсэн бүрэн итгэлтэй холбоотой байна. Энэ бүхэн нь тэдгээрт итгэл төрүүлэхэд чиглүүлэх зам мөр. Лам-рим сургаалын дотор байгаа бүх зүйлийг гэтлэхүй, гэгээрэлд зорих утгын хүрээнд ойлгох ёстой. Энэ нь аливаа бүтээлийг аюулгүй зүгийн утга бүхий Бурханы шашны бүтээл болгодог зүйл. Учир нь Бурханы шашныг бусад шашнаас ялгадаг зүйл нь аврал. Хэрэв бид түүнийг орхигдуулбал бага төрөлхтний сургаал нь бусад шашинтай бараг ижил болно. Бид илүү сайн хойд төрлүүд, эсвэл тэнгэрт төрөхийг хүснэ. Энэ бол Бурханы шашны тохирох санаа биш.                 

Гурван эрдэнэд аврал одуулах нь Бурханы шашны ялгарах онцлог

Бурханы шашнаас өөр шашнуудад мөн адил байх Бурханы шашны олон бүтээл бий. Ертөнцийн оршихуйгаас ангижрах хүсэл болох магад гарах сэтгэл олон өөр шашнуудад байх бөгөөд шаматха, випашянад хүрэх бүрэн сургаал Энэтхэгийн Бурханы шашны бус олон уламжлалд мөн бий. Тэдгээр нь хоосон чанар дээр анхаардаггүй боловч тэдэнд тэдгээр сэтгэлийн төлөвт хүрэх аргууд лавтай байгаа. Мөн Бурханы шашинд байдагтай адил хүрд, судал, энергитэй ажиллах тарнийн ёсны хиндү хувилбарууд бас байна. 

Юу эдгээрийг Бурханы шашны бүтээл болгодог вэ? Асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл үү? Үгүй, учир нь бид тэдгээрийг бараг бусад бүх шашнаас олж харж болно. Энэ нь багшийг шүтэх үү (багшийн тусламж уу)? Үгүй, энэ мөн өөр олон уламжлалд бий. Ёс зүйн сахилга бат уу (шагшаабад)? Үгүй. Лам хувраг болох уу? Үгүй. Зан үйл хийх эсвэл хурал хурах уу? Үгүй, энэ бүгдийг бид бусад бүх шашнаас мөн олж харна. 

Тэгэхээр, юу тэр бүхнийг Бурханы шашных болгож өгдөг вэ? Бид хариултыг бүх зохиол, бүтээлүүдээс мэдэж болно – энэ бол авралын аюулгүй зүг. Энэ нь жирийн нэг хэлсэн үг биш. Энэ нь “Манай Бурхан багш танай тэнгэрээс илүү” гэж хэлж байгаа бус, энэ нь аюулгүй зүг болон шалтгааныг нь бүрмөсөн арилгах дээр суурилсан зовлонг хорих үнэн болон түүнд хөтлөх зам мөрийн сэтгэлийн үнэн буюу Хутагтын гурав, дөрөв дэх үнэний тухай юм. Өөрөөр хэлбэл, үнэн гэтлэхүй (зовлонг зогсоох). 

Энэтхэгийн бусад шашнууд мөн гэтлэхүйн тухай ярьж болох хэдий ч Бурханы шашны үүднээс тэр нь бүрэн гэтлэхүй биш байдаг. Учир нь тэдгээр шашнуудын бүтээлчид тодорхой хэмжээний сөрөг сэтгэл хөдлөл, бэрхшээлүүдтэй хэвээр үлдсэн байх ба тэдний бодит байдлын талаарх буруу ойлголт арилаагүй байна. Бурхан багшийн заасан зүйл үнэн гэх бидний итгэл ердөө Бурхан багшид сүсэглэх сүсэг дээр суурилж болохгүй: Бурхан багш тэр бүхэн үнэн гэж хэлсэн учраас тэд үнэн гэдэггүй. Бидний итгэл Бурханы багшийн заан үзүүлсэн гэтлэхүй бол үнэн гэтлэхүй гэсэн учир шалтгаан бүхий итгэл дээр суурилж байх хэрэгтэй. Энэ итгэл нь бидний сэтгэл тэрхүү гэтлэхүйд чиглсэн сөрөг хандлагуудаас ангижирсан байх тийм учир шалтгаан дээр суурилах хэрэгтэй. Энэ нь манай гэтлэхүй тэдний гэтлэхүйгээс илүү гэх бус. Бид өөрийн гэтлэхүйн хувьд бардам сэтгэлтэй байж, түүнд хэт хүлэгддэггүй. Бид түүний талаар эргэлздэггүй. Зөрүүд байж, өөрийнхөөс бусад үзэл санааг хүлээн авдаггүй бус, өөрийн ёсыг хэт баримталж эсвэл бусдынхад атаархаж, бусадтай өрсөлддөггүй. Бидэнд гэтлэхүйд хүрэх боломжтой, бид түүнд хүрнэ гэсэн эрмэлзэл бүхий тэрхүү гуравдагч төрлийн итгэл байна. Энэ үед лам-рим сургаал дахь бүх зүйл утга учиртай болж эхэлнэ. 

Өөрийн сэдлийг (хотол өдөөлт) шалгах

Номын хялбарчилсан утга бүхий арга барилтай байгаа эсэхийг харах үүднээс бид өөрийн сэдлийг шалгах хэрэгтэй. Бид Номын аргуудыг ашиглан зөвхөн энэ насны амьдарлаа сайжруулахыг хичээж байна уу эсвэл ирээдүй, хойдын төрлүүдийнхээ талаар бодож байна уу? Бидэнд гэгээрэл гэж чухам юу болох, тэр нь хүрэх боломжтой эсэх талаар ямар нэг ойлголт байна уу? 

Хэрэв Номын хялбарчилсан хувилбар бидний баримталж буй хувилбар бол түүнд ямар нэг буруу, муушаах зүйл байхгүй. Ердөө зүгээр. Энэ бол барууны ихэнх хүмүүсийн эхэлдэг, эхлэх ёстой цэг, бидэн шиг өөр уламжлал, нөхцөлтэй хүмүүсийн хувьд. Хэрэв бид Номын хялбарчилсан хувилбарыг баримталж байгаа бол Номын жинхэнэ утга нь өөр зүйл байдаг гэдгэийг мэдэх нь үнэхээр чухал бөгөөд бид түүнийг хүндлэх хэрэгтэй. Ирээдүйд бид Номын жинхэнэ утгыг бүтээж чадна гэсэн найдвар тавих нь зөв. Хэрэв бид өөрийн сэдлийг шинжилж үзэх гэж байгаа бол Номын жинхэнэ утгын гурван зорилгыг тодорхой мэдэж байх хэрэгтэй.       

Дараагийн алхам нь бидэнд тэдгээр зорилгуудад хүрэхийг хүсэхэд чиглүүлэх зарим нэг бодит сэтгэл байх явдал. Бид хойдын сайн төрлүүд, гэтлэхүй, гэгээрэл нь хүрэх боломжтой зүйлүүд гэж итгэж байж болох ч тэдгээрт үнэндээ зориход маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгэхээр хэрэв бид тэдгээр гурван зорилгод хүрэх боломжтой гэж ойлгож байвал биднийг түүнд хүрч чадахгүй гэхийг зогсоох сэтгэлийн татах хүч дээрээ ажиллаж, тэдгээрт хүрэх ямар нэг зүйл хэрэгтэй. Номын хялбарчилсан хувилбараас Номын жинхэнэ утгад шилжихийн тулд бид хоёр зүйл дээр ажиллах ёстой. Нэг нь бидний ойлголт, нөгөө нь бидний сэтгэлийн тал бөгөөд алиныг нь ч орхигдуулж болохгүй. Хоёулаа ижил чухал.

Бид хэн болох, бидний хүсэл юу болох? 

Лам-рим сургаалд хэрэглэсэн хэллэг нь тусгайлсан утгатай, “бодгаль”-ийн тухай ярих үед. Бид ямар хүн бэ? Бид ердөө энэ насны эд баялаг, хайр дурлал гэх мэтэд санаа тавьдаг хүмүүс үү? Бид үнэхээр хойдын төрлүүдийн талаар бодож, доод төрөлд төрөхгүй байж тэгснээр өөрийн Номын мөрөө үргэлжлүүлэх боломжтой байхад анхаарч буй хүмүүс үү? Бид бүх зовлонг арилгаж, гэтлэхүйд хүрэхээр зорьж байгаа хүмүүс үү? 

Гэтлэхүй гэдэг нь хяналтгүй дахин дахин гарах төрлөөс гэтлэх гэтлэхүй бол Номын хялбарчилсан хувилбарын гэтлэхүй нь ердөө энэ насны хяналтгүй дахин дахин гарах асуудлуудаас гэтлэх гэтлэхүй гэдгийг санаарай. Бид, бүгдэд, энэ ертөнц дээрх амьтан тус бүрд тус хүргэх үүднээс гэгээрэлд зорьж байна уу? Үүнд бүхий л хорхой шавж ижил багтана! Энэ хязгааргүй их. Энэ бол бидний “Их хөлгөн” гэдэг зүйл, сэтгэлийн өргөн хөлгөн. Эдгээр зорилгууд бидний ямар хүн болохыг тодорхойлох ба энэ их чухал. Эдгээр зорилгод хичээх нь бидний ямар үндэстэн болох, ямар ажил мэргэжилтэй эсвэл ямар хүйсний хүн байхаас гарцаагүй илүүтэй бидний амьдралыг утга учиртай болгоно. Лам-рим сургаалын гол хийдэг зүйл нь биднийг ямар хүн болохыг тодорхойлж өгөх.   

Тэгэхээр бид өөрийн амьдралын хэв маягийг бий болгож байгаа зүйлийг харахын тулд өөрөөсөө тэдгээр асуултуудыг асуух хэрэгтэй. Хэрэв тийм үгүй бол бидний Ном үзэж байгаа нь ямар нэг зүйлд суралцаж байгаа мэт болно, тэр нь ердөө нэг сонирхолтой зүйл, машин хэрхэн засахыг сурч байгаа мэт магадгүй бага зэрэг хэрэгтэй зүйл болж болно. Энэ нь зугаатай, заримдаа хэрэгтэй байж болох ч бидний амьдралын бүхэл хэлбэрийг тодорхойлохгүй. Бидний амьдралын мөн чанарыг тодорхойлох зүйл нь үе шаттайгаар тэдгээр гурван төрлийн хүн болоход хичээх явдал. 

Өөртөө үнэнч байх 

Оюун судлахуйн долоон утгат хэмээх ложон сургаалын нэг мөр санаанд орж байна. Үүнд гэвш Чайкава өөрийн сэтгэлийг сургахад гаргаж буй дэвшлээ хэмжих аргын нэг болгож “Хэрэв, хоёр гэрчээс сонгох бол, би голлох түүнийг нь сонгоё ...” хэмээсэн. Энэ нь бидний сэдлийн түвшин, шашны зам мөрийн ахицыг гэрчилж, үнэлэх би болон бусад хоёрын түүнийг үнэхээр мэдэгч нь бид өөрсдөө гэсэн утгатай. Хэрэв бид өөртөө үнэнч байвал бид түүнийг мэднэ. “Хамаг амьтны тусын тулд би гэгээрэлд хүрэх болтугай” хэмээн хялбархан унших үедээ бид үнэхээр ертөнц дээрх шавж бүрийг гэтэлгэхийг зорьж байдаг уу, эсвэл үгүй юу? Бид хэнээр тоглоод байна? Үнэхээр түүнд зорьж байна уу, эсвэл юу гэсэн үг болох талаар бодож байна уу? Бид бол өөрсдийгөө хамгийн сайн үнэлж чадах тэр нэгэн. Бид үүнийг, нэг талаар өөрийг ямар нэг гэм буруутайд тооцох эсвэл өөрийг муушаах сэтгэлгүйгээр, нөгөө талаар “За, энэ бол миний байж байгаа байдал, ингээд л боллоо. Би муу араншинтай, ууртай хүн, тэгэхээр хүмүүс үүнд дасах нь дээр” гэж бодох үл ойшоох сэтгэлгүйгээр хийх хэрэгтэй. Харин түүний оронд бид “Энэ бол одоо миний байгаа байдал, гэвч би илүү сайжрахыг хүсэж байна” гэх хандлагыг төлөвшүүлэхийг хичээх хэрэгтэй. 

Гэвч “Би энэ төрлийн бүтээл хийхэд бэлэн байна уу?” гэх мэт асуулт гарах үед юу болдог вэ? Энэ нь багшаасаа асуух зүйл үү эсвэл бид үнэхээр өөрсдийгөө үнэлж чадах уу? Мэдээж бид багш нараасаа асууж болох ба хэн ч биднийг тэдэнтэй зөвлөх хэрэггүй гэж хэлэхгүй. Гэвч, “Би өөрийнхөө хувиа хичээх сэтгэлийг арилгасан уу?” Бид үүнийг өөр хэн нэгнээс асуух уу эсвэл бид өөрсдийгөө үнэлэх үү?                                            

Энэ бага зэрэг ярвигтай болж ирнэ. Заримдаа бид, бид бусадтай хэрхэн харилцаж байгаагаа үнэхээр мэддэггүй бөгөөд хэдий тухайн асуудалд бодитой, шударга (хувийн сонирхолгүй) хандах хэн нэгнийг олоход хэцүү ч бидэнд санал бодол хэрэгтэй байдаг. Бид “Би бидний хоорондын харилцаанд хувиа хичээх хандлага гаргаж байгаа юу?” гэж асууж болох ба нөгөө хүн маань өөрийн гэсэн сэтгэл зүйн зорилготой байж болно. Эцэст нь, бид хувиа хичээж байна уу эсвэл үгүй юу гэдгийг шүүх хамгийн сайн шүүгч нь бид өөрсдөө. Өөрийн сэтгэл эсвэл бусдын санаа бодол дээр суурилан бид өөрсдийгөө үнэлэнэ. Бусдаас илүү өөрийнхөө талаар бодит үнэлгээ хийх нь хялбар байдаг, учир нь бид өөрсдийгөө илүү сайн мэддэг.       

Өөрчлөлт гаргахад тулгарах сэтгэл зүйн эсэргүүцлийг даван туулах

Гэвч өмнө дурдсанчлан хэдий бид өөрсдийгөө өөрчлөх, сайжруулахыг хүсэж байсан ч бид сэтгэл зүйн эсэргүүцэлтэй байнга нүүр тулдаг. Үүнийг даван туулахын тулд тэрхүү эсэргүүцлийн цаана байх төөрөгдлийг гүнзгий дүгнэн үзэж, юу түүний шалтгаан болж байгааг олохыг хичээх хэрэгтэй. Хэрэв бид дүн шинжилгээгээ Бурханы шашны бүх Энэтхэг уламжлалд нийтлэг байх тэр түвшинд хүргэх юм бол тэр төөрөгдөл  нь бие даасан, бидний мэдэж болох “би”-д итгэсэн итгэл байдаг. Энэ төөрөгдөл нь эсэргүүцлийг төрүүлж байдаг бөгөөд бид энэ “би”-г ( би-ийн тухай ойлголтыг) эвдэж эхлэх хэрэгтэй. Энэ бол “Би гэгээрэлд хүрэхийг хүсэхгүй байна; би бусдад туслахыг хүсэхгүй байна” гэхэд буй дангаар нь мэдэж болох нэг “би” юм. Энэ нь бүтээл хийхийг хүсэхгүй байгаа нэг бие даасан “би” байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. 

Энэ нь бүтээл хийхийг хүсэхгүй байгаа нэг сэтгэл үү? Эсвэл энэ нь залхуу зан уу? Энэ чухам юу вэ? Бид “би” гэдгийг “Би бүтээл хийхийг хүсэхгүй байна” гэдгээр боддог. Гэвч энэ “би” нь залхуу, айдас, итгэлгүй байдал болон бусад нөхөр сэтгэлүүдийг (сэтгэлээс гарсан сэтгэл) багтаасан нэг сэтгэл дээр тохсон зүйл байна. Хэрэв бид энэхүү нэг сэтгэл, нөхөр сэтгэлүүд, сэтгэл хөдлөл, итгэлгүй байдал зэргийн бүхэл цогцыг авч үзэхийг хүсэж байвал түүнийг бид “би” -ийн үүднээс ойлгож болно. “Би” бүтээл хийхийг хүсэхгүй байгаа мэт үнэхээр санагддаг. 

Гэвч энэ “би” нь бие даан оршдоггүй боловч түүнийг бид тэдгээр бусад зүйлийн хам нөхцөлд л зөвхөн мэдэж чадна. Нөхцөл байдлыг өөрчлөн бүтээл хийхэд тулгарах эсэргүүцлийг даван гарахын тулд хэрэв бид өөрсдийгөө бие даасан, мэдэж болох нэг “би”-ийн үүднээс ойлгож байвал тэр үед бид тэрхүү “би”-г эсэргүүцэх явдлаас болиулах хэрэгтэй болно. Энэ нь бид өөрсөд рүүгээ “Алив, ингэхээ боль” хэмээн хашхичих, эсвэл өөрсдийгөө шийтгэх, бүтээл хий хэмээн хүчилж болох мэт. Энэ нь нөлөө үзүүлэхгүй. Энэ нь “би”-ийн талаарх буруу ойлголтон дээр суурилсан. 

Иймд ерөндгийг зөв тавих нь чухал, бие даасан, мэдэж болох “би” дээр бус, учир нь тэр нь оршдоггүй. Бид ерөндгийг “би”-г дээр нь тохдог тэдгээр янз бүрийн нөхөр сэтгэлүүд, сөрөг сэтгэл хөдлөлүүд рүү чиглүүлэх хэрэгтэй. Тэгэхээр бид бүтээл хийхийг хүсэхгүй байгаа “би”-г тохох суурь болсон бидний айдас, залхуу, итгэлгүй байдал зэрэг дээр ажиллахадаа тэдгээр Номын төгс аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ингээд хэрэв бид тэдгээр сэтгэлүүдийг арилгавал хичээнгүй гэх мэт сэтгэл бүхий бүтээл хийхийг хүссэн нэг “би”-г тохох суурийг олно. Энэ бол хоосон чанарын шинжилгээг хэрхэн бид ашиглаж болох жишээ. Энэ тийм их оюуны ажиллагаа шаардсан, эсвэл хэцүү шинжилгээ биш; энэ бол ердөө энд юуны тухай ярьж байгааг ойлгож, түүнийг хэрхэн үр ашигтай байдлаар хэрэглэх тухай юм.   

Дүгнэлт 

Бид хэн бэ, бид юу хүсэж байна вэ? Энэ үнэндээ тийм хялбар асуулт биш бөгөөд биднээс өөрсдийгөө үнэнчээр шалгаж үзэхэд хугацаа зарцуулахыг шаарддаг. Бид Номын хялбарчилсан хувилбарт таатай байх эсвэл бага, дунд, их төрөлхтний сэдэл төрүүлэхээр чармайж байгаа аль нь ч байсан бид наад зах нь өөрсдийгөө хаана байгааг мэдэж авах юм. Эцэст нь, бид өөрсдийнхөө хамгийн сайн гэрч. 

Бидний ярилцсанчлан аврал буюу аюулгүй зүг нь Бурханы шашныг бусад шашнаас үнэндээ ялгадаг тэр зүйл. Аюулгүй зүг нь чухамдаа Бурханы шашны бүх сургаалын үүд, сөрөг сэтгэл хөдлөлүүдийг арилгах, өөрийг сайжруулах, Бурханы хутагт хүрэх зам мөрөөр зорчих аяны эхлэл.    

Top