Уламжлалт түүхэн өгүүллүүд: Үйлийн үр, аврал

Хов хэлэхийг цээрлэх (үргэлжлэл)

Өчигдөр бид сөрөг үр дагавартай үйлийн тав дахь нь болох хов хэлэх тухай ярьж эхлээд зогссон. Бид сөрөг үр дагавар бүхий биеэр үйлддэг гурван үйл болон хэлээр үйлддэг дөрвөн үйлийн нэг дэх үйлийн талаар тус тус ярилцсан. Түүний дараагаар бид сөрөг үр дагавартай хэлний үйлийн хоёр дахь үйл болох хов хэлэх талаар ярилцах юм. 

Хов хэлэх үйлийн объект нь (орон нь) хоорондоо эв түнжинтэй эсвэл эв түнжингүй бүлэг хүмүүс юм. Энэ үйлийн орон нь хоёр байгаа учир нь та эв түнжинтэй нэг бүлэг хүмүүсийг хооронд нь эвдрэлцүүлэх, үүний адил эв түнжингүй хүмүүсийг улам бүр эвдрэлцүүлэх тохиолдол байдаг. Үүнийг хийх санаа нь сэдэл, сөрөг сэтгэлийн хандлага, орноо тодорхой мэдэж байх гэсэн эдгээр гурван хүчин зүйлийг багтаасан байдаг. Орноо тодорхой мэдэж байх гэдэг нь ярилцаж буй хүмүүсийнхээ тус тусын байр суурийг тодорхой мэдэж байх явдал. Сөрөг сэтгэлийн хандлага нь шунал, уур, аливааг буруу таньсан явцуу сэтгэл байж болно. Сэдэл нь эв түнжингүй хүмүүсийг эвлэрүүлэхгүй байх, эв түнжинтэй хүмүүсийг эвдрэлцүүлэх сэдэл байх юм. 

Бодитой үйл нь үнэн эсвэл худал ямарч төрлийн яриа байж болно. Та сайхан үг хэлж болно, тааламжгүй зүйл ч хэлж болно. Хэрэглэх олон арга бий. Үйл нь тэдний дунд хоёр тал бий болж, том ан цав үүссэнээр гүйцнэ.

Ширүүн үгийг цээрлэх

Хэлний дараагийн сөрөг үр дагавартай үйл нь зэрлэг балмад үг бүхий ширүүн, зүхсэн үг хэлэх. Энэ үйл нь мөн орон, санаа, үйлдэл, төгсгөл гэсэн хэсгээс бүрдэнэ. Орон нь танд эсвэл таны найз, гэр бүлийн хүмүүст гэм хүргэсэн, ирээдүйд дахин хүргэнэ гэж таны үзэж байгаа хүмүүс юм. Та тэдгээр хүмүүст маш их бухимдаж дургүйцэнэ. Санаа нь ямар нэг ширүүн үг хэлэх сэдэл байх ба үг нь үнэн, эсвэл худал аль аль нь байж болно. Ямар ч төрлийн ширүүн үг байж болно. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгнийг “тахир дутуу” гэх ба энэ нь үнэн боловч хүний сэтгэлийг ихээр шархлуулдаг. Бие махбодын хувьд эрүүл хүнийг “тахир дутуу” гэх нь худал ширүүн үгний нэг жишээ юм. Аль аль нь таатай бас таагүй үгсийг багтаасан байж болно. Та хэн нэгнийг одой хэмээн дуудаж, тоглоом шоглоом хийж болох юм. Бараан арьстай хүнийг “Чи ямар сайхан цагаан арьстай хүн бэ!” хэмээн таатай үгсээр егөөдөж болно. Эсвэл ядуу хоосон хүнийг ямар баян хүн бэ хэмээн тоглоом шоглоом хийх гэх мэт. Бурханы хутагт хүрээгүй байгаа хүнийг Бурхан хэмээн егөөдөх. Энэ бол хэн нэгэнтэй сайхан үг ашиглан сэтгэлийг хөндөх байдлаар ярьж буй хэрэг. Тухайн хүн таны хэлсэн зүйлийг ойлгосноор энэ үйлдэл нь гүйцнэ.

Чалчаа үгийг цээрлэх

Хэлний дараагийн нэг сөрөг үр дагавартай үйл нь чалчаа үг буюу утгагүй зүйл ярих. Үүнд мөн орон, санаа, үйлдэл, төгсгөл байх хэрэгтэй. Орон нь ямарч төрлийн утгагүй, хэрэггүй яриа байна. Үйл гүйцэхээс бусад нь дээрхтэй адил. Үнэндээ таны хэлсэн зүйлийг хүн ойлгох албагүй. Ердөө л ямар нэг хэрэггүй, утгагүй зүйл ярих нь үйлдлийг гүйцээдэг. Тухайлбал утгагүй зөгнөлт зохиолыг чанга дуугаар дуудаж унших нь чалчаа үгэнд ордог бөгөөд үүнийг бид ямарч зорилгогүй хийж байдаг.

Бусдын эд зүйлд санаархах сэтгэлийг цээрлэх

Дараагийн сөрөг үр дагаварт хүргэх үйлүүд нь сэтгэлийн үйл байдаг. Эхнийх нь бусдын эд зүйлд санаархах сэтгэл бөгөөд ийм сэтгэлээр бид бусад хүмүүст буй зүйлийг өөрөө эзэмшихийг хүсдэг. Орон нь хэн нэг хүний эзэмшил мөнгө, эд баялаг, материаллаг зүйл, байшин гэх мэт аливаа эд зүйл байна. Юу ч байж болох ба сэтгэл нь эдгээр зүйлсийг харж өөрт байхыг хүснэ. Та тухайн хүнд буй зүйлийг авахын тулд ямар нэг зүйл хийхээр шийдэх үед энэ үйл гүйцдэг.

Хорлох сэтгэлийг цээрлэх

Сөрөг үр дагаварт хүргэх ес дэх үйл нь хорлох буюу бусдад гэм хор учруулахыг хүсэх сэтгэл. Энэ үйлийн орон нь ширүүн үг хэлэх үйлийн оронтой адил, тухайлбал, танд эсвэл таны гэр бүл, найз нөхдөд гэм хүргэсэн, ирээдүйд дахин гэм хүргэнэ гэж таны бодож буй, бухимдал төрүүлэх тэдгээр хүмүүс. Танд төрөх сэдэл нь тэднийг нудрах, цохих, эсвэл ямар нэг байдлаар тэдэнд гэм хор хүргэх сэдэл юм. Үйл нь хорлох сэтгэлээр үйл хийхээр бүрэн шийдэх үед сэтгэлийн түвшинд гүйцнэ. Жишээ нь, “Тэр хүнд дөхөж очин түүнийг нүүр өөд нударъя” эсвэл “Энэ хүнийг цохихоос нааш би санаа амрахгүй нь” гэх мэт.

Төөрөгдлөөс зайлсхийх

Төөрөлдсөн үзэл баримтлахын хувьд орон нь төөрөлдсөн ойлголт байх ёстой. Ийм ойлголт нь зөв зүйлийг үгүйсгэсэн байдаг. Жишээ нь ирээдүйн төрлүүд байдаг гэдэг нь үнэн байхад тэдгээрийг байхгүй гэж зүтгэх эсвэл шалтгаан ба үр дүнгийн хоорондын холбоо гэх мэт зүйл байхгүй, эсвэл баяр баясгалан нь эерэг, сайн үр дүнд хүргэх үйлээс шалтгаалахгүй гэж үзэх. Энэ бүгд нь төөрөлдсөн үзэл баримталж, үнэн зүйлийг үгүйсгэж байгаагийн жишээ юм.   

Зөнгөөрөө гарах хандлагууд (үйлийн үлдээсэн ул мөр) болон тэдгээрийн дамжин гарах зам (боловсорч гарах зам)

Цааш үргэлжлүүлэн судлан үзэж болох олон үзэл санаанууд бий. Сөрөг үр дүнд хүргэх бие болон хэлээр үйлдэх долоон үйлдэл нь бүгд зөнгөөрөө гарч байдаг бөгөөд эдгээр хандлагуудын дамжин гарах зам бий. Тэгвэл сөрөг үр дүнд хүргэх сэтгэлийн гурван үйл нь тэдгээр зөнгөөрөө гарч байдаг хандлагуудын дамжин гарах зам болдог. Гэвч сэтгэлийн гурван үйл нь өөрсдөө зөнгөөрөө гарч байдаг хандлагууд биш. Зөнгөөрөө гарч байдаг хандлага нь сэтгэлээс гарч байдаг хандлага бөгөөд тухайн хандлагын дамжин гарах зам биш юм. Энэ бол цааш судлан үзэж болох нарийн ялгаа нь юм.

Цаашдаа энд сайн Гэвш ирвэл энэ нь асуух хэрэгтэй зүйл шүү. Огторгуйн биетүүд эсвэл гүнзгий утга санаагүй энгийн зүйлсүүдийн талаар гэх мэт янз бүрийн асуултууд асуугаарай. Хэрэв та нар бүтээл хийж маани тарни уншдаг бол хэсэг хугацааны дараа эдгээр асуултуудын хариулт эрдэмтэй бусад хүнээс асуух шаардагагүйгээр тодорхой болох болно. Нар, сар гэх мэтийн тухайд хариултууд нь эх бичгүүдийг уншсаны үндсэн дээр ойлгомжтой болох болно. Би ердөө багахан зүйлийг нэг талаас нь тайлбарлаж байна. Эдгээр бүх асуудлуудыг дэлгэрүүлэн ярих хангалттай цаг байхгүй байна.

Үйлийн хүнд, хөнгөний ялгаа

Үйл хүнд эсвэл хөнгөн байх ялгаа бий. Цаг үргэлж сөрөг үр дагаварт хүргэх үйл хийж дадсан хүн, жишээ нь мал нядлагч, багахан сөрөг үр дагаварт хүргэх үйл хийсэн ч тэр нь маш хүнд болдог. Мөн чалчаа яриа нь шинж чанарынхаа хувьд сөрөг үр дүнд хүргэдэг арван үйлийн хамгийн хөнгөн нь боловч бид үүнийг цаг үргэлж хийдэг учраас давтамжаасаа шалтгаалан маш хүнд болдог. Жишээлбэл, бүр маш нимгэн олон тооны хуудас цаас маш хүнд болдог шүү дээ. Цаашилбал хэрэв та ямар нэг үйлийг маш хүчтэй санаагаар хийвэл бас илүү хүнд болно. Үүнтэй адил хэрэв та нэг сөрөг, муу үр дүнд хүргэх үйлийг хийгээд түүндээ харамсахгүй эсвэл ул мөрийг арилгах дөрвөн аргыг хэрэглэхгүй бол таны сэтгэлд хураагдах сөрөг ул мөр нилээн хүнд байх болно.

Сайн үр дагаварт хүргэх үйлээр таны сэтгэлд бий болсон эерэг ул мөр бас хүнд, хөнгөн байж болно. Хэрэв та уурлаж бухимдахгүй байвал сэтгэл дэх эерэг ул мөр хүчтэй хэвээр үлдэнэ. Хэрэв таны хийж буй сайн үйлийн орон нь номын багш, эцэг эх, эсвэл Гурван эрдэнэ бол эерэг ул мөр нь маш хүчтэй байна. Үүний адилаар хэрэв та тэдгээр оронд ямар нэг сөрөг, муу үр дагаварт хүргэх үйл хийвэл сэтгэлд бий болж үлдэх сөрөг ул мөр маш хүчтэй болох юм. 

Энэ талаас нь авч үзвэл бидний хийх ёстой зүйл бол эерэг, сайн үр дагаварт хүргэх хүчтэй, жинтэй үйлүүдийг хийж, хамгийн хүнд сөрөг үйлүүдээс зайлсхийхээр шийдэх явдал. Хэрэв танд тэнцүү хэмжээтэй хар тугалга, алт байгаа бол та алтаа нэмэгдүүлэхийг хүснэ, харин хар тугалгыг нэмэхийг хүсэхгүй. Үүний адилаар сэтгэлийн эерэг, сөрөг ул мөрийн хувьд хэрэв тэдгээрийн жин адилхан хүнд байвал та сөргийг орхиж, эерэгийг нь хадгалж үлдэхийг хүсэх байх. 

Биеэр үйлдэх гурван сөрөг үйл, хэлээр үйлдэх дөрвөн сөрөг үйлийг үзүүлсэн дарааллын дагуу эдгээр үйлүүдийн эхнийх хамгийн хүнд. Тэдгээрийн дараа нэрлэгдсэн нь арай хөнгөн байдаг. Хүн бүр өөрийн ам насыг хамгийн их хайрладаг учраас амь таслах биеийн үйл дотроос хамгийн хүндэд тооцогддог бол хулгай хийж бусдын эд зүйлийг авах нь түүнээс арай хөнгөн, зохисгүй бэлгийн харилцаа нь эдгээр гурав дотроо хөнгөнд тооцогдоно. Хэлний сөрөг үр дагаварт хүргэх үйлийн хувьд бас адил байх ба хамгийн хүнд нь худал хэлэх, түүний дараа хов хэлэх орно. Ширүүн үг хэлэх, чалчаа яриа нь дарааллаараа хөнгөрдөг. Сөрөг үр дагаварт хүргэх сэтгэлийн үйлийн хувьд энэ дараалал нь эсрэг. Эхнийх нь арай хөнгөн, сүүлийнх нь хамгийн хүнд. Эдгээр гурав дотроо бусдын эд зүйлд санаархах сэтгэл нь хамгийн хөнгөн, хорлох сэтгэл нь арай хүнд, төөрөгдөл бүхий сэтгэл нь хамгийн хүндэд тооцогддог.

Эдгээр сөрөг үр дагаварт хүргэх арван үйлийг үйлдэхээс зайлсхийж, эерэг үр дагаварт хүргэх арван үйлийг үйлдэх нь туйлын чухал. Дээр үед нэгэн маш чадварлаг, эрдэмтэн монгол гэвш байдаг байсан. Тэр үнэхээр ховор эрдэмтэй мэргэн нэгэн байсан бөгөөд тарнийн сургуулиудын нэгнийх нь хамба лам байсан юм. Би өөрөө түүнээс сургаал сонсож байв. Нэг удаа нэгэн язгууртан хүн ирж түүнээс хоосон чанарын тухай асуухад тэрээр “Хоосон чанарын талаар март, харин тийм их хулгай хийдгээ болих хэрэгтэй” хэмээсэн байдаг. Учир нь тэр язгууртан шударга бусаар ашиг олдог гэдгийг гэвш мэдэж байжээ. Зарим өглөгийн эзэд сүм хийдүүдэд байнга өргөл өргөдөг боловч тэд бас ард түмнээс шударга бусаар ашиг олж түүнийгээ хувьдаа ашиглаж байдаг. 

Бид үйлийн хүнд, хөнгөний ялгааны талаар ярилцлаа.

Үйлийн үр дагавар

Энэ бүх сөрөг үр дагаварт хүргэх үйлийн боловсрох үр нь бүгд адил там, бирд, адгуусны төрөл юм. Тэдгээрийн уг зохилдуу үр нь хоёр янз. Биеэр туулж амсах уг зохилдуу үр, зан үйлдлийн уг зохилдуу үр гэж гарна. Үүнийг өчигдөр амь таслах үйлийн үр дүнд гарах жишээгээр тайлбарласан. Биеэр туулж амсах уг зохилдуу үр нь та өвчин зовлонгоор шаналсан богино настай байх үр юм. 

Ширүүн үг хэлсэний үрд бусад хүмүүс үргэлж тан руу хашгичин танд бүдүүлэг үг хэлэх ба та үргэлж бүдүүлэг үг сонсож байх хэрэгтэй болно. Чалчаа ярианы үрд нэг ч хүн таны хэлэх зүйлийг сонсохгүй байх ба танд анхаарал хандуулахгүй, таны үгийг нухацтай хүлээн авахгүй. Хэрэв хүмүүс таны хэлэх зүйлийг анхааралтай сонсдог бол энэ нь чалчаа яриаг цээрлэж байсны үр дүн юм. Мөн та бусдын эд зүйлд хүчтэй санаархах сэтгэлтэй бол түүний үрд та маш их хүсэн хүлэгдэх, шунах сэтгэлтэй болно. Хорлох сэтгэлийн үрд та өсөрхөг, ууртай хүн болно. Төөрөлдсөн сэтгэлийн улмаас та маш явцуу сэтгэлтэй, харанхуй мунхаг хүн болох юм. 

Эдгээр сөрөг үр дагаварт хүргэх үйл тус бүрийн зан үйлдлийн хувьд гарах уг зохилдуу үр нь та тэдгээр сөрөг үйлүүдийг бага наснаасаа дахин дахин хийх хандлагатай байх явдал. Өчигдөр бидний ярилцсанчлан амь таслахыг цээрлэсний эзэмших үрд та хоол хүнс нь маш баялаг, сайн чанартай газар төрөх болно. Мөн тэр газрын эмийн үйлчилгээ нь маш сайн байна. Өгөөгүй зүйлийг аван хулгай хийсний эзэмших үрд үр тариа маш муу газар төрнө. Ургац маш бага, хур бороо маш ховор, тоос шороо маш их байх гэх мэт. Зохисгүй бэлгийн харилцааны үрд та хаа сайгүй ялгадас, хог байх маш бохир газар төрнө.

Худал хэлсэний үрд, хэрэв та газар тариалан эрхэлбэл таны төлөвлөсөн үр дүн гарахгүй. Хов хэлсэний үрд та газрын гадарга нь тэгш бус, гүн, нарийн хавцал бүхий нутагт төрнө. Хаа нэг тийш явахад үнэхээр хэцүү байх болно. Ширүүн үг хэлснээр өргөс, хад чулуу ихтэй, байгаль орчны хатуу ширүүн нөхцөлтэй газар төрнө. Чалчаа ярианы үрд ургац тогтворгүй байх ба тохиромжгүй цагт ургах эсвэл тариалалтынхаа хугацаанд ургац огт ургахгүй.

Бусдын эд зүйлд санаархах сэтгэлтэй байснаас гарах эзэмших үрд улсын бүхий л зүйл нь маш хурдан эвдэрч сүйдэж эхлэх ба ямарч сайхан зүйл бий болгосон ердөө л нурж байхгүй болно. Хорлох сэтгэлээс гарах эзэмших үрд улс оронд элдэв өвчин, тахал гарна. Гүрү Ринбүүчи Бадамжунай ирээдүйд өмнө гарч байгаагүй, анагаах арга, эмчилгээний эм бэлдмэл байхгүй олон шинэ өвчин гарах ба энэ нь маш хүчтэй хорлох, өсөрхөх сэтгэл төрүүлсний үр дагавар байх болно хэмээн урьдчилан хэлсэн. Энэ нь надад үнэн юм шиг санагддаг. Орчин үед хүн төрөлхтөн олон өвчинтэй нүүр тулж байна. Төөрөгдлийн улмаас гарах эзэмших үрд тухайн улсын байгалийн баялаг шавхагдана. Тус улс хэдий их ус, мод, эрдэс баялаг, газрын тосоор баялаг байсан ч тэр бүхэн нь шавхагдан дуусна. 

Эерэг сайн үр дагаварт хүргэх үйлээс гарах эзэмших үр нь эдгээрийн эсрэг байна. Амь таслахыг цээрлэснээр тус улсын эм тариа хүч, үр дүнтэй байх ба чанартай, тэжээллэг хоол хүнстэй байна. Эерэг үйлээс гарах бусад эзэмших үрийг та бүхэн сөрөг үр дагаварт хүргэх үйлийн үрд гарах эзэмших үрийн ердөө эсрэг үр дүнгээр авч үзээрэй.

Үйлийн ул мөр үлдээх хүч

Мөн дөрвөн өөр хүчин зүйлээс хамааран үйлийн үлдээх ул мөрийн хүч ялгаатай байдаг. Үүнд үйлийн орон буюу үйлийн чиглэсэн объект болох хүн, үйлийг хийж буй хүний нөхцөл болох суурь, бодитой хийж буй зүйл, сэтгэлийн төлөв зэрэг эдгээр дөрвөн хүчин зүйл нөлөөлнө. 

Үйлийн орон болох эхний хүчин зүйлийн хувьд хэрэв тэр орон нь Гурван эрдэнэ (Бурхан, Ном, Хувраг), номын багш бол энэ тохиолдолд үйл маш хүчтэй болно. Мөн номын багш эсвэл ихэс хуврагтай төстэй орон буюу танд эерэг болон сөрөг үр дагавартай үйлийн ялгааг хэлж өгч буй тэдгээр хүмүүст хандаж хийсэн үйл бас маш хүчтэй байдаг. Танд сайн зөвлөгөө өгч буй хэн боловч номын багш эсвэл ихэс хувраг адил юм. Үүнтэй адил эцэг эх бол үйлийн маш хүчтэй орон. Учир нь та тэдэнд шууд чиглэн эерэг, сөрөг ямарч үйл үйлдсэн тэр нь маш хүчтэй ул мөр үлдээдэг. Тэдгээр хүмүүст ердөө багахан туслахад маш хүчтэй эерэг ул мөр үлддэг бол багахан сөрөг, муу үр дагаварт хүргэх үйлийг хийхэд маш их сөрөг ул мөр бий болдог байна. 

Тухайн үйл хийж буй хүний өөрийн нөхцөлийн хувьд, хэрэв сахил авсан бол үйл нь маш хүчтэй болно. Гэргийтний сахил, хуврагийн эхний бүлэг сахил эсвэл хуврагийн бүрэн сахил авсан нөхцөлд тэдний эерэг болон сөрөг үйлүүд нь илүү хүчтэй болдог. Тэр дундаа бусдад, гэгээрэлд чиглэсэн чинхүү бодийн сэтгэлийн үндсэн дээр эерэг үр дагаварт хүргэх үйл хийвэл тэр үйл нь туйлын их хүч, нөлөөтэй болно. Хэрэв та өдрийг “Урд шөнө би насан эцэслээгүй нь ямар гайхалтай хэрэг вэ. Одоо би амьд сэрүүн байгаа учраас энэ өглөөнөөс өөрийн зүрх сэтгэлийг бусдад, гэгээрэлд хүрэхэд зориулъя. Би өөрийн чадлаар эерэг, сайн хандлагатай байя” хэмээн бодож эхэлвэл өдрийн туршид хийх таны үйл энэхүү сэтгэлийн хүчтэй төлөв байдлын нөлөөтэй хийгдэнэ. Та бүр энэ талаар өдрийн турш санахгүй байсан ч хүчтэй нөлөөлсөн хэвээр байна. Иймд эерэг санаагаар өдрийг эхлэх нь чухал.  Ийм байдлаар сэтгэлийн төлөв байдал буюу санаа зорилгын үүднээс үйлийн сэтгэлд үлдээх ул мөр хүчтэй болдог.  

Дээрх жишээ бол дөрөв дэх хүчин зүйлийн жишээ юм. Одоо гурав дахь хүчин зүйл болох бодитой хийж буй зүйлийн жишээг авч үзье. Тухайлбал, өглөг өгөхийн хувьд, хэрэв та бусдад сургаал ном тавих, зам мөрийн арганд сургах гэх мэт үйлийг хийвэл тэр нь тэдэнд материаллаг ямар нэг зүйл өгөхөөс илүү хүчтэй үйл юм. Дөрөв дэх хүчин зүйл нь сэтгэлийн төлөв байдлын оролцоотойгоор тодорхойлогддог тухай бид сая ярилцсан. Жишээ нь хэрэв та нэг цэцгийг тоолшгүй олон амьтанд тус болох зорилгоор өргөвөл бий болох эерэг ул мөр нь түүний хэмжээтэй тэнцүү хамааралтай байдаг учраас аливаа хийж байгаа зүйлийнхээ эхэнд маш хүчтэй эерэг санаа төрүүлэх нь чухал. Тодруулж хэлбэл, үйл бүрийнхээ өмнө бодь сэтгэлтэй, таны хийж буй зүйл бүхий л хамаг амьтанд тус болохыг хүсэж байх нь чухал. Үдэш болоход мөн адил өдрийн туршид бий болгосон эерэг ул мөрийг хүн бүрт тус болох үүднээс гэгээрэлд хүрэхэд өргөн зориулах нь маш чухал. 

Ийм байдлаар өглөө төрүүлэх санаа, үдэш хийх зориулга туйлаас чухал. Унтахаасаа өмнө санаагаа маш эерэг сайн хандлагатай болгож, маргааш өдөр хамаг амьтны тусад аль болох их ажиллахыг хичээх сэтгэлийг төрүүлбэл энэхүү хүчтэй санаа шөнийн турш хадгалагдан амрах хугацаа бүхэлдээ маш эерэг байх болно. Хэрэв та өдөр, шөнийг ийм эерэг, сайн үр дагаварт хүргэх байдлаар өнгөрүүлбэл та үнэндээ зам мөрийг гүйцээн, амьдралаа бүрэн дүүрэн ашиглаж чадах юм.

Эрдэнэт хүний төрлийн тийн боловсорсон найман төгөлдөр чанар 

Эдгээр сөрөг үр дагаварт хүргэх арван үйлээс өөрийгөө хамгаалах талаар бодох үедээ өнгөрсөнд сайн үр дагаварт хүргэх тэдгээр арван үйлийг сахисны үр дүнд та одоо танд буй энэхүү эрдэнэт хүний төрлийг авсан гэдгийг санах хэрэгтэй. Хамгийн үр бүтээлтэй, хялбар аргаар гэгээрэлд хүрэхийн тулд найман төгөлдөр чанар бүхий суурь болох хүний биеийг олсон байх хэрэгтэй. Эдгээрт урт нас, сайхан бие төрх, сайн угсаа язгуур, баялаг, итгэл төрүүлэх үг, эрх мэдэл нөлөө, бие хийгээд сэтгэлийн хүч багтах бөгөөд Номын бүтээлд өөрийгөө зориулахад эмэгтэй хүмүүсээс илүү эрэгтэй хүмүүст хялбар байдаг учраас найм дахь чанарыг эр хүйстэй байх гэж үздэг. Юутай ч ингэж үздэг уламжлалтай юм. 

Эдгээр чанар тус бүр нэг үүрэгтэй. Урт насалснаар та үнэндээ өөрийн бүх сурах зүйл, хийх бүтээлээ гүйцээж чадна. Хэрэв та сайхан төрхтэй бол бусад хүмүүс хүрэлцэн ирж таны хэлэх зүйлийг сонсоно. Хэрэв та язгуур угсаа сайтай бол бусад таны хэлэх зүйлийг аяндаа сонсож, зөвлөгөөг тань дагана. Та эд баялаг ихтэй бол бусдууд танд татагдан, та ч олон эерэг зүйл хийх нөөц боломжтой байх болно. Хэрэв та итгэл төрүүлэх үг яриатай бол бусад таны хэлсэн зүйлийг сонсож, танд итгэх болно. Хэрэв та эрх мэдэл, нөлөөтэй бол бусад таныг дагалдан, хэлсэн зүйлийг тань хүлээн зөвшөөрөх болно. Хэрэв та эрэгтэй болж төрвөл таны бүтээлд бага саад, тотгор гарах бөгөөд хүчтэй чадал сайтай бол Милбогдын адил есөн давхар цамхаг барих гэх мэт хэцүү даалгаваруудыг биелүүлж чадна. 

Эдгээр чанар тус бүр бий болох шалтгаантай. Урт насны шалтгаан нь амь таслахыг цээрлэж, амьтдын амь аварч, өвчтэй хүнийг асарч, шаардлагатай эм танг нь өгөх явдал. Сайхан дүр төрхтэй байхын шалтгаан нь Гурван эрдэнэд зул, чимэг зүүлт, номын дурдан өргөх мөн уур бухимдал, атаа жөтөө төрүүлэхгүй байх. Язгуур угсаа сайн эсвэл нийгмийн сайн давхаргын гэр бүлд төрөхийн шалтгаан нь номын багш, мэргэд, эцэг эх мөн эрдэм мэдлэг, гайхалтай сайн чанартай тэдгээр хүмүүсийг үргэлж хүндлэх явдал юм. Өөр нэг шалтгаан нь биеэ тоох бус харин төлөв даруу, бусдад хүндэтгэлтэй байх явдал. Эд баялаг арвин байх шалтгааан нь ядууст хоол, хувцас, мөнгө гэх мэт хэрэгтэй зүйлийг нь бүр асуугаагүй байхад өгөх. Итгэл төрүүлэх үг ярианы сөрөг үр дагаварт хүргэх хэлний үйлүүдийг хийхгүй байх явдал. Үүнд, худал хэлэх, ширүүн үг, хов хэлэх, чалчаа яриа ярихгүй байх.

Нөлөөтэй, эрх мэдэлтэй байх нь Гурван эрдэнэд залбирч, тэр дундаа бүхий л сайн чанарыг эзэмшиж, нөлөө бүхий байх талаар залбирч байсны үр дүн юм. Эрэгтэй болж төрөхийн шалтгаан нь амьтныг засахгүй байх, эрэгтэй хүмүүст байх бүтээлийг тасралтгүй хийх чанарыг магтаан сайшаах, Манзушир, Майдар гэх мэт бодьсадва нарын алдарыг дуудах зэрэг юм. Бие болон сэтгэлийн хүчтэй байх шалтгаан нь бусдын хийж чадахгүй эсвэл хийж чадахгүй гэж боддог үйлүүдийг хийх. 

Эдгээр чанар бүрэн төгссөн хүний төрөлд төрөх ерөөл тавьж, үүнийг бий болгох бүхий л эерэг, сайн үр дагаварт хүргэх үйлүүдийг хийхийг хичээх нь чухал. Хэрэв та ийм төрөлд төрсөн бол түүнийг сайн үр дагаварт хүргэх байдлаар ашиглах нь бас чухал. Учир нь хэрэв та амьдралаа сөрөг, муу үр дагаварт хүргэх байдлаар өнгөрүүлбэл үр дүн нь илүү муу байх болно. Ийм төрөл авч түүнийгээ эерэг зорилгоор ашиглах тухай гүйцэд, сайн ерөөл тавих нь чухал. Хэрэв та сэтгэлийн сайн зуршил төлөвшүүлэх бясалгал хийхийг хүсэж байгаа бол өөрт тань байгаа бүх сайн чанаруудыг бодож, тэднийг сайшаан, сэтгэлдээ баяртай байх хэрэгтэй. Ингээд энэ насныхаа амьдралын үр шимийг гаргаж, эдгээр бүх боломжуудыг утга учиртай болгох хэрэгтэй. Түүнийг бүү дэмий үр, ирээдүйн төрлүүддээ тус болох талаас нь түүнийг ашигла. Хэрэв танд ийм ойлголт төрвөл энэ нь эхний түвшний сэдэл болно. 

Та бүхний энд хүрэлцэн ирсэн явдал бол бүхий цаг хугацаагаа ердөө ажиллаж өнгөрүүлэх нь хангалттай сайн хэрэг биш гэдгийг ойлгосон гэсэн үг. Та бүхэн энд ирж, сургаал сонсох цаг гаргасан байна. Энэ бол та бүхэнд аль хэдийн тодорхой багахан хэмжээний ойлголт төрсөн гэдгийг харуулж байна. Эрдэм, ойлголт төрөхийг агаарт нисэх эсвэл хаданд хөлийнхөө мөрийг үлдээх гэж бүү ойлгоорой. Хэрэв тийм байсан бол миний адил жар гаруй жил бүтээл хийсэн хүмүүс бүгд тэр мэт хүчийг эзэмшсэн байх байсан. Тэдгээр зүйлүүдийг хийж чаддаг байхад ч бас их гайхах хэрэггүй. Амьсгалын болон хийн янз бүрийн бясалгал хийн газраас хөндийрч, агаарт явж чаддаг олон хүмүүс байдаг. Үүнийг хийх тийм гойд зүйл биш. Харин сөрөг үр дагаварт хүргэх арван үйлийг тэвчих нь бүр илүү хэцүү эрдэм юм.

Тарнийн бүтээлийн бэлтгэл болгож сөрөг үр дагаварт хүргэх үйлийг цээрлэх шаардлага

Атиша гэгээнийг Төвдөд уригдан ирэхэд номын хаан Жанчүб-во түүнээс шалтгаан ба үр дагаварын талаар сургаал тавихыг хүсжээ. Хаан тэрээр “Бидэнд тарнийн маш гүнзгий, хэцүү сургаал бүү заа” хэмээн хүссэн нь Атиша гэгээнд үнэхээр таатай санагджээ. Тарнийн сургаал сонсож, авшиг хүртэх зэрэг нь үнэндээ маш сайн ул мөр, үр суулгадаг. Танд ийм боломж гарах нь үнэхээр сайн үр дүнд хүргэх зүйл. Ийм боломжтой учрах нь үнэхээр завшаантай хэрэг. Гэвч үүнд хүрэх арга нь сөрөг үр дагаварт хүргэх бүхий л үйлээс зайлсхийх байдлаар анхан түвшний бүтээлүүдийг маш сайн хийх явдал. Үүний үндсэн дээр илүү өргөн хүрээг хамарсан түвшний сэдлийг төрүүлж, улмаар бусдыг бүрэн багтаасан үнэнхүү бодийн сэтгэлийг төрүүлж, тэдэнд туслах үүднээс гэгээрэлд хүрэх сэтгэлийг төлөвшүүлэх юм. Хэрэв ийм үндсэн дээр тарнийн бүтээлд орвол энэ нь гэгээрэлд хүрэх хурдтай, үр дүнтэй арга болно. 

Сэтгэлийг хамгаалах далд арга бүхий тарнийн сургаал нь бүтээлийг үр дүнд хүргэхтэй холбоотой бүтээлийн хөлгөн юм. Бүтээлийн ердийн арга бүхий судрын сургаал нь түүний нөхцөлдүүлэх шалтгаан нь болдог. Шалтгааныг нь бүрдүүлэх хөлгөний сургаалын тайлбарыг үзэлгүйгээр үр дүнд хүргэх хөлгөнд орох үнэхээр боломжгүй, шалтгаан нөхцөлгүйгээр та үр дүнд хүрэх боломжгүй. Хэрэв та шалтгаан нөхцөлийг нь бүрдүүлдэг хөлгөн дээр суурилж эхэлвэл түүний дараа үр дүнд хүргэх хөлгөнд орох хэрэгтэй бөгөөд энэхүү очир мэт хүчтэй тарнийн хөлгөн нь гэгээрэлд хүрэх маш хурдан, үр дүн бүхий хөлгөн болно. 

Хэрэв та эдгээр тарнийн арга нь гэгээрэлд хүрэх маш хурдан арга гэж сонсоод авшиг авч, бүтээл хийхийг хүсэх юм бол ямар нэг үр дүнд хүрэхэд үнэхээр хэцүү байх болно. Жишээ нь онгоц агаарт хэдий хурдан нисдэг ч та онгоцонд нислэгийн дундуур сууж чадахгүй. Хурдан явах онгоцонд суух цорын ганц арга бол бүх бэлтгэл үе шатууд болох тасалбараа авах, хилээр гарах, онгоцны буудлын урсдаг зам, шат, онгоцны буудлын дотоод чиглэлийн галт тэрэг, онгоц руу орох шатаар явах гэх мэт бүх үе шатуудыг дамжих явдал юм. Та ийм дэс дараатай дэг жаягаар онгоцонд суудаг. Хэрэв та гэгээрэлд хүрэх хурдан хөлгөнд орохыг хүсвэл энэ хурдан хөлөгт суух тэдгээр бүх анхан шатны үе шатуудыг дамжих хэрэгтэй. Тухайлбал, сөрөг үр дагаварт хүргэх арван үйлийг тэвчих нь чухал. Тэндээс та тэрхүү хурдан хөлгөнд орох алгуур, тогтвортой аргыг эзэмших болно. 

Манзушир, Жанрайсиг, Майдарын дүр танд үзэгдэж тантай ярих нь хүртэл тэдний танд өгөх сургаалын нэг хэлбэр юм. Хэрэв та үнэхээр сайн суралцаж, маш сайн бүтээл хийсэн бол бүхий л гүн гүнзгий сургаалуудыг танд өгөхөд бэлэн байх болно. Хэрэв та сөрөг үр дагаварт хүргэх үйлийг хэрхэн хорих тухай суралцсаны үндсэн дээр эхлээгүй бол та Манзушир, Майдараас сургаал сонсохгүй төдийгүй тэд танд үзэгдэх эсвэл та тэдний зөв дүрийг ч харахгүй юм. Хэрэв та бүтээлийг үнэхээр маш сайн хийвэл та тэдгээр гайхалтай төрөлхтөнүүдтэй шууд нүүр нүүрээ харан уулзах цаг ирнэ. 

Атиша гэгээн болон түүний шавь Дромтонпа нарын шавь болох ах дүү гурав байдаг байв. Тэдний нэгийг Пүчүнва хэмээх ба тэрээр есөн жилийн турш маш эрчимтэй бүтээл хийн хүний ердийн хэрэглэдэг хоол хүнснээс татгалзсан байжээ. Тэр ууланд амьдрах ба амьтны ялгадас түүж, түүнд агуулагдах дутуу шингэсэн арвайн үрийг чанаж, шөл хийдэг байжээ. Нэг удаа тэрээр бүтээлээсээ гарч, Лхасын гол дуганд байх маш алдартай дүрийг харахаар иржээ. Тэрээр хот руу явж байх замдаа 21 Дарь эх түүнийг дагаж явахыг харжээ. Тэр “Би хувраг хүн. Ийм олон бүсгүй хүн надтай хамт хотод очих нь үнэхээр таатай харагдахгүй” хэмээн тэдэнд хэлэв. Тэд “Санаа зовох хэрэггүй. Хэн ч биднийг харж чадахгүй” гэв. Тэрээр Лхаст ирэн дуган дахь тэдгээр дүрүүдийг харвал үнэндээ тэд түүнтэй ярилцсан байжээ. 

Тэр ууланд анх даяан хийж байхдаа бэлчээрт ургасан ургамлыг эрчилж түүнийгээ шатаан хүж болгон өргөдөг байжээ. Бүтээлийнхээ эхэнд ийм цэвэр ариун сэтгэлээр өргөл өргөдөг байсан учраас хожим нь тэрээр маш ховор эмийн ургамлын найрлага бүхий хүж өргөж чадах болжээ. Нэг ширхэг хүж нь зургаан зуу орчим долларын үнэ бүхий тийм үнэтэй байжээ.

Үйлийг хийхээр бэлдэх ба түүнийг бодитой үйлдэх

Үйлтэй холбоотой олон ангилал бий. Тодорхой үйлийг хийхээр бэлдээд дараагаар түүнийг хийдэг; зарим үйлийг бэлдээгүй боловч түүнийг хийдэг; заримыг нь бэлдсэн боловч хийдэггүй; заримыг нь бэлддэг ч үгүй, хийдэг ч үгүй. Эдгээр ангилалуудыг бичиж авах хэрэгтэй шүү. Маш сонирхолтой бөгөөд сурч мэдэх чухал зүйлүүд бий. Цаашид эндээ багштай болохоороо илүү дэлгэрэнгүй тайлбарыг асууж болох юм. Энэ удаа дэлгэрүүлж яривал нилээд их цаг шаардагдах болов уу.

Санаа, үйлдэл

Ач тус хүргэх санаатай боловч муу үйлдэл байх боломжтой ба хор хүргэх санаатай сайн үйл, мөн хор хүргэх санаатай муу үйл, ач тус хүргэх санаатай сайн үйл гэж байдаг. Хэрэв та чадаж байвал санаагаа ч, үйлээ ч сайн байлгах хэрэгтэй. Сайн санаатай муу үйлийн жишээ бол та хэн нэгэнд ямар нэг зүйл заах үед тэд сурахгүй тохиолдолд таны санаа тэдэнд туслах байсан хэдий ч та тэднийг цохих, зэмлэх үйл хийж болно. Хор хүргэх санаатай сайн үйлийн жишээ бол хэн нэгнийг ямар нэг амжилтанд хүрэхэд нь саад хийх зорилгоор өөр зүйлд сатааруулах байж болно. Жишээ нь, тэднийг салхинд гаргах, түүх дурсгалын газар үзүүлэх, эсвэл тэдний цагийг өнгөрүүлэх ямар нэг таатай зүйл хийлгэснээр тэд хүссэн зүйлдээ хүрч чадахгүй болох. Энэ тохиолдолд таны санаа гэм хортой боловч үйлдэл тань ач тустай байна. Санаа, үйл нь аль аль нь ач тустай байх жишээ татахад маш хялбар.

Гэм хортой болон ач тустай үр дагавар

Бас өөр дөрвөн ангилал бий. Өнгөц харахад ач тустай боловч урт хугацааны туршид гэм хор болох үйл; өнгөц харахад гэм хортой боловч урт удаан хугацаанд ач тус болох үйл; тухайн үедээ ч, урт хугацааны туршид ч ач тустай үйл; тухайн үедээ ч, урт хугацааны туршид ч гэм хор болох үйл гэж бий. Хэрэв тухайн зүйл наанаа ч, урт хугацааны туршид ч ач тус өгөх зүйл бол та түүнийг хийх хэрэгтэй. Хэрэв тухайн үйл наанаа гэм хортой мэт боловч урт хугацааны туршид ач тус өгөх бол та түүнийг бас хийж болно. Хэрэв тухайн зүйл эхэндээ ач тустай боловч цаашдаа урт хугацаанд гэм хор хүргэх бол түүнийг хийхгүй байх нь дээр зүйл. Хэрэв тухайн зүйл богино хугацаанд ч ач тусгүй, цаашдаа ч ач тусгүй бол түүнийг ердөө хийхгүй байх хэрэгтэй. Та бүгд маш ухаантай, хэрсүү учраас эдгээрийг шууд ойлгоно.

Үйлийн дөрвөн зарчим

Үйлийг бас өөрөөр дөрөв ангилж авч үздэг. Үйл нь магадтай ёс; үйл болон үр нь ихээр арвижих ёс; хэрэв үйлийг үйлдээгүй бол түүний үр дагаварыг үл эдлэх ёс; хэрэв үйл үйлдсэн бол үр дагавар нь талаар өнгөрөхгүй, гарцаагүй гарах ёс гэж бий. 

Үйл магадтай байх гэдэг нь хэрэв та ямар нэг сайн үр дагаварт хүргэх зүйл хийсэн бол үр дүн нь гарцаагүй баяр баясгалан байна. Харин та ямар нэг сөрөг үр дагаварт хүргэх үйл үйлдсэн бол үр дүн нь гарцаагүй зовлон, бэрхшээл, асуудал байна. Жишээ нь, та будаа тарьвал буурцаг хурааж авахгүй. Үйл арвижих гэдгийг тарианы нэг үр суулгаснаар гарах үр дүнгээр дүрсэлж болно; та маш их хэмжээний тариа авдаг. Нэг багахэн эерэг үйлээс маш их баяр баясгалан гарч болох бол өчүүхэн сөрөг үр дагавартай үйлээс маш их асуудал бий болж болно. 

Үйл магадтай ёсны талаар нэг жишээ хэлье. Хэсэг хүмүүс суварга босгож байв. Нэг ажилчин хийж буй ажилдаа маш их түүртэн цаг үргэлж зовлон тоочиж байжээ. Суваргыг босгож дуусах үед тэрээр суврагаа харж “Энэ үнэхээр сайн үйл боллоо” хэмээн маш их баяртай байв. Тэрээр суврагын оройд өргөхөөр нэгэн онцгой хонх худалдан авахад цалингаа зарцуулсан бөгөөд үрд нь Бурхан багшийн амьдарч байх үед Сайхан дуу хоолойт хэмээн алдаршсан нэгэн болж төржээ. Тэр гайхалтай дуу хоолойтой байсан боловч маш үзэмжгүй муухай биетэй, дэндүү жижигхэн, буруу хэлбэртэй байжээ. Түүний дуу хоолой үнэхээр сайхан, бүр ойролцоох амьтад хүртэл түүний ном уншиж байгааг зогсон сонсдог байв. Нэг удаа тус улсын хаан Бурхан багшид бараалхахаар иржээ. Хаан тэр хуврагийн дуу хоолойг сонсоод түүнтэй уулзаж болох эсэхийг асуув. Бурхан багш хаанд “Түүнтэй уулзахгүй байсан нь дээр байх” хэмээжээ. Гэвч хаан хүссээр байсан тул Бурхан багш түүнийг хуврагтай уулзуулахаар авч явав. Хаан түүнийг ямар үзэшгүй муухай биетэй байсныг хараад яагаад тэр ийм сайхан дуу хоолойтой боловч тийм муухай биетэй байгаа талаар асуухад Бурхан багш хаанд түүний өмнөх насны талаар ярьж өгчээ. 

Одоо үйл хэрхэн арвиждаг талаар жишээ авъя. Нэг хүн нэг хуврагт “Дуу хоолой чинь тэр нохойныхтой адил байна!” хэмээжээ. Түүний үрд тэрээр таван зуун удаа нохой болон төржээ. Хүмүүсийг ширүүн, зүхсэн үгээр эсвэл хочлон дуудахгүй байх тал дээр маш анхааралтай байх хэрэгтэй. Учир нь ердөө нэг хэл хальтарснаар та маш аюултай алдаа гаргаж болох юм.
Бурхан багшийн шавь нарын дотор оюун ухаанаараа хамгийн их алдартай нь Шарипутра (Шарийбу) байжээ. Энэ төрлөөсөө олон төрлийн өмнө тэр нэг удаа шуудан хүргэгч байжээ. Нэг удаа хоногийг Бурхан багшийн маш сайхан ханын зураг бүхий нэгэн хийдэд өнгөрүүлэхээр болов. Тэрээр гутлаа засаж янзлахаар гэрэл асаахдаа тэдгээр бүх Бурхадын дүрийг харжээ. Үүний үрд тэрээр тийм их агуу мэдлэгтэй болж төрсөн байна.

Үйлийн талаарх дараагийн нэг хүчин зүйл бол хэрэв та үйл үйлдээгүй бол түүний үр дагавартай үл учирна. Харин та үйл үйлдсэн бол түүний үр дагавартай учрах нь ердөө цаг хугацааны асуудал байдаг. Гэвч хэрэв та ямар нэг эерэг зүйл хийсэн бол уур бухимдал таны бий болгосон эерэг ул мөрийг арилгаж болно. Хэрэв та ямар нэг муу зүйл хийсэн бол түүнийг буруу гэдгийг хүлээн зөвшөөрч ерөндөгийн (арилгах) дөрвөн хүчийг хэрэглэж сөрөг ул мөрийг сэтгэлээсээ арилгаж болно. Түүнээс бусад тохиолдолд та хийсэн зүйлийнхээ үр дагаварыг заавал эдэлнэ. Уур бухимдал таны баяр жаргалын үндэс болох сэтгэл дэх эерэг ул мөрийн чадамжийг тань бүрэн үгүй хийж болно. Энэ нь фото зургийн хальсыг онгоцны буудлын хэт ягаан туяаны машинаар нэвтрүүлэхэд хальсан дээрх дүрс бүрэн арилдагтай ижил юм. 

Эрт урьд нэг цагт Цунмо Сангмо гэдэг хатан өөрийн шивэгчин нарын хамт салхинд явж байжээ. Тэд салхилан явж байх үедээ шувууны үүр бүхий нэг жижиг бутанд гургуулын хэдэн цурав (ангаахай) байхтай таарав. Хатан, шивэгчин нарынхаа хамтаар бутыг галдаж, тэдгээр ангаахайнуудыг шатааж хөгжилдөв. Харин нэг шивэгчин ус авчрахаар явсан байсан бөгөөд түүнд оролцолгүй үлджээ. Хожим нь Бурхан багшийн үед тэр хатан эрэгтэй биеийг авч хувраг болон олон янзын рид хувилгаан үзүүлдэг архадын түвшинд хүрсэн байжээ. Нөгөө зарц эмэгтэй нь ч тэр цагт бас хувраг болсон байсан бөгөөд архадын түвшинд хүрээгүй байв. Тэдний урд хийсэн үйлийн үрээр нэг удаа тэдний амьдарч байсан байшинд гал гарчээ. Хатан байсан тэр архадад өмнөх үйлийнх нь муу ул үр мөр үлдсэн байсан учраас рид хувилгааны хүчээ ашиглан галаас зугтаж гарч чадсангүй. Тэрээр галд шатаж амиа алджээ. Энэ бол хэрэв ямар нэг тодорхой ул мөр суулгасан бол тэр нь аяндаа алга болдоггүй, та түүний үрийг эдэлдгийн жишээ юм. Урд шивэгчин байсан тэр хувраг байшингийн усны сувгаар гарч галаас зугтаж чаджээ. Энэ нь хэрэв та ямар нэг үйл хийгээгүй бол түүний үрийг эдлэхгүйг харуулж байна.

Ийм асуулт гарч ирдэг. Архадын түвшинд хүрсэн төрөлхтөний сэтгэлд сөрөг ул мөр үлдэх боломж хэрхэн байж болох вэ? Үүнийг өөрийгөө ариусгах ерөндөгийн хүчийг хэрхэн ашиглах эсэхээр ойлгож болно. Хэрэв тэдгээр хүчийг маш сайн, зөв хэрэглэвэл бүхий л сөрөг ул мөрийг өөрөөсөө бүрэн арилгаж болно. Хэрэв зөв сайн хийхгүй бол тодорхой хэмжээний сөрөг ул мөр үлдэж болно.

Үйлийн үрийн тухай сургаалд сэтгэл итгэмжлэх

Энэ бол зан байдал болон түүний үр дагаварын хууль, үйлийн үрийн тухай маш сайн сэдэв юм. Энэ талаар дэлгэрүүлж Цэцэн, тэнэгийн үлгэр хэмээх судраас уншиж болно. Энэ судар дээр гардаг түүхүүд уншихад үнэхээр сайхан. Шалтгаан ба үр дагаварын талаарх энэ бүх ойлголтонд сэтгэл итгэмжлэх явдал нь судар бичвэрийн нэр хүнд дээр үндэслэдэг. Эдгээр ойлголтууд үнэн гэдгийг дан ганц логик дүн шинжилгээгээр баталж болдоггүй зүйл. 

Бурхан багшийн сургаал бүхий судар бичвэрүүдэд хэрхэн итгэх вэ гэвэл Бурхан багшийн заасан хоосон чанар, бодит байдлын тухай ойлголтуудыг авч үзэх хэрэгтэй. Тэдгээр сургаалууд бол зөв. Хэрэв та энэ бүгдийг сайтар бодож үзвэл логикийн үүднээс түүний хэлсэн бүх зүйлийг та баталж чадна. Хэрэв та Бурхан багшийн бодит байдлын талаар хэлсэн зүйл зөв гэдэгт логик үүднээс итгэж байвал түүн дээрээ суурилан түүний хэлсэн шалтгаан ба үр дагаварын талаарх сургаал бас зөв гэж үзэж болно. 

Хэрэв та Бурхан багшийн зөвлөснөөр сайхан, дулаан сэтгэлийг төлөвшүүлж, сэтгэлээ бусдад, гэгээрэлд хүрэхэд зориулан бодь сэтгэл төлөвшүүлбэл үнэндээ таны бүх зүйл сайн байх болно. Хэрэв та Бурхан багш хоосон чанарын талаар юу гэж сургасныг бодож, бүхий л тайлбар тус бүрийг нь шинжилж үзвэл логик учир зүйн хувьд тус сургаал нь бүрэн үндэслэлтэй, зөв болохыг ойлгоно. Үүнд үндэслэн та Бурхан багшийн хэлсэн бусад зүйлд итгэж болно. Хэрэв ийм үйл явцыг баримтлахгүй бол Бурхан багшийн хэлсэн зүйлд үнэндээ сэтгэл итгэмжлэхэд хэцүү. Та Цэцэн, тэнэгийн үлгэр гэх мэт судруудыг уншин тэдгээрийг ердөө нэг үлгэр, домгийн цуглуулга гэж үзэх болох юм. Зан байдал болон түүний үр дагаварын хууль, үйлийн үрийн энэхүү ойлголтыг бүхэлд нь баримтлах нь маш чухал.

Аврал одуулах ба Бурхад

Зан байдал болон түүний үр дагаварын хуулийн дагуу амьдралаа хөтлөхийн гол санаа бол аврал одуулах буюу өөрөөр хэлбэл амьдралдаа аюулгүй, зөв чиг гаргасны дараа тэдгээрт суралцах явдал юм. Аврал одуулахын тулд танд тэрхүү авралыг олгох (аюулгүй зөв зүгийг заах) сурвалж байх хэрэгтэй. Аюулгүй зөв зүгийг үзүүлэх гурван сурвалж бий. Тэдгээр гурав нь юу вэ?

Шавь: Бурхан, Ном, Хувраг.

Ринбүүчи: Бурхан гэж юу вэ?

Би сайн мэдэхгүй байна.

Бурхан гэдэг бол тов тодорхой, бүрэн төлөвшсөн сэтгэлтэй хүн юм. Бурхан гэдэг төвд үгний эхний үе нь тодорхой сэтгэлт гэсэн утгатай байдаг. Энэ нь сэтгэлийн бүхий л тайван бус, сэтгэл хямраадаг хандлагуудыг бүрэн арилгасан гэсэн утга илэрхийлдэг. Бүрэн төлөвшсөн гэдэг нь үгийн хоёрдугаар үе. Энэ нь бүхий л сайн чанар, бүх зүйлийн талаарх бүрэн ойлголтыг эзэмшин сэтгэлийн хамгийн дээд төлвийг төлөвшүүлсэн гэсэн утгатай юм.

Бурхад энэ ертөнцөд хэрхэн гарав

Юуны түрүүнд Бурхад өөрсдийн сэтгэлийг хамаг амьтанд бүрэн туслахад зориулсан бөгөөд үүнийг хийхийн тулд сэтгэлээ тов тодорхой болгон бүрэн төлөвшүүлэхээр хатуу шийдсэн юм. Ингэж тэд чинхүү бодь сэтгэлийг төрүүлсэн. Ийм байдлаар сэтгэлээ зориулаад зогсохгүй тэрхүү төлөвт хүрэх боломж олгох эерэг ул мөрийг гурван тоолшгүй олон галавын турш бий болгожээ. 

Нэг галавын эхэнд хүний насны хэмжээ нэг тоолшгүй олон жил байдаг байна. “Тоолшгүй” гэдэг төвд үг нь хязгааргүй гэсэн утгатай биш харин хязгаартай боловч тоолох боломжгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Нэг зуун жил өнгөрөхөд насны хэмжээ нэг жилээр багассаар эцэстээ арван жил болно. Тэгээд насны хэмжээ наян мянга хүртэл зуун тутамд нэг насаар нэмэгдэнэ. Тэгээд дахин арав хүртэл багасана. Ийнхүү нэмэгдэж, багасан арван найман удаа үргэлжлэн нэг завсрын галавыг бий болгоно. Ийм үе шат бүхий хорин завсрын галавын хугацаанд ертөнц орших буюу тодорхой нэг төлөвт байна. Түүний дараагийн хорин завсрын галавын хугацаанд ертөнц эвдэрнэ. Энэ нь ертөнцөд долоон өдрийн турш долоон нар гарч бүх зүйл шатах байдлаар явагдана. Түүний дараагийн хорин завсрын галавын хугацаанд ертөнц хоосон байж, дараагийн хорин завсрын галавын хугацаанд хийн мандал буюу долгионы давхрагаас эхлэн ертөнц үүсэн бүрэлдэж эхэлнэ. Энэ бүх үйл явц нь наян завсрын галавын хугацаанд явагдах бөгөөд үүнийг нэг их галав гэдэг. Хэрэв та үүнийг нэг тоолшгүйгээр үржвэл нэг тоолшгүй их галав болно. Бурхад сэтгэлээ тов тодорхой болгон бүрэн төлөвшүүлэхийн тулд гурван ийм их хугацааны туршид сэтгэлдээ эерэг ул мөрийг бий болгосон.

Харанхуй их галав, Бурхан заларсан гэрэлт их галавууд гэж бий. Бидний одоогийн амьдарч буй их галав бол гэрэлт галавын үе буюу “сайн цаг” юм. Энэ сайн галавт мянган Бурхан багш болон заларна. Эхний гурван Бурхан багш нь хүний насны хэмжээ жаран мянга, дөчин мянга, хорин мянган жил байхад заларсан. Эдгээр Бурхадыг би тодорхой сайн мэдэхгүй байна, судраас үзэх хэрэгтэй байх. Харин хүний насны хэмжээ нэг зуу болсон үед дөрөв дэх Бурхан багш Шагжамүни нэрээр ертөнцөд заларсан. Энэ нь хүний насны хэмжээ багасаж буй үе байв. 

Хүний насны хэмжээ арваас дахин нэмэгдэн наян мянган жил болох үед Хүрдэн эргүүлэгч хаан бүхий ертөнцийн улсууд гарах ба алт, мөнгө, зэс, төмөр хүрдэн эргүүлэгч дөрвөн хаан гарна. Бурхан багшийг залрах үед зарим хүмүүс зуун нас насалдаг байсан бол одоо хүмүүс зуу давж наслах нь маш ховор болсон. Насны хэмжээ алгуур багассаар арав хүрч дахин урт удаан хугацааны туршид нэмэгдэнэ. Ингээд наян мянга болох үед Майдар бурхан заларна.

Бурханы лагшин (бие)

Бид Шагжамүни, Майдар зэрэг төрөлхтөнүүдийг сэтгэлээ тов тодорхой болгон бүрэн төлөвшүүлсэн Бурхадын жишээ гэж хардаг. Бурхад олон бие, лагшинтай. Бүх зүйлийг илт мэдэх Бурханы билгүүний лагшин (Жнанадармакаяа) бий. Бурханы олон дүрст лагшин (Рупакаяа) байх ба бодит дүрст лагшин (Самбогакаяа) болон хувилгааны дүрст лагшин (Нирманакаяа) бий. Бүх зүйлийг илт мэдэх Бурханы билгүүний лагшин бол зөвхөн Бурхад өөрсдөө хоорондоо мэдэх зүйл юм. Зөвхөн хутагт бодьсадва болон түүнээс дээш түвшний төрөлхтөн нар бодит дүрст лагшин харж чадах ба түүнээс доогуур эрдэм бүхий төрөлхтөнүүд тэдэнтэй учирдаггүй. 

Хувилгааны лагшны хувьд дээд, бүтээлч, хувилгаан лагшин гэж бий. Дээд хувилгааны лагшныг эгэл хүмүүс харж болдог. Хэдийгээр эгэл хүмүүс дээд хувилгааны лагшинг харж болох ч түүнийг харахын тулд тухайн хүн маш ариун үйл болон сэтгэлийн ул мөртэй байх хэрэгтэй. Тийм биш бол энгийн бидний адил хүмүүс гучин хоёр бэлэг, наян найраг бүхий дээд хувилгааны лагшинг үнэндээ харж чадахгүй. Дээд хувилгааны лагшинд хүрэхэд аль хэдийн тонилхуйн хутгийг олж, паринирвааныг үзүүлсэн байдаг учраас бидэнд харагдах зүйл гэж үгүй.     

Дээд хувилгааны лагшин нь орой дээрээ тэргүүн үснэртэй (ушниша), гарын толиондоо маш тодорхой хүрдний тэмдэгтэй, цээж нь дэлгэр, арслан мэт байдаг. Орчин үеийн албаны хүмүүсийн дүрэмт хувцас мөрдөстэй байдаг. Магадгүй тэд дээд хувилгааны лагшингууд ч юм билүү, хэн мэдэх вэ дээ. Тэдний хумс зэсийн өнгөтэй. Энэ нь мэдээж хумсаа будсан хэрэг биш. Уруул нь будаагүй боловч маш улаан. Хөмсөгний хооронд нь цагаан эрчилсэн үс (урна) байх ба хэрэв түүнийг татвал тасрахгүй улам бүр урт болон гардаг. Их боть зохиолуудыг судалж үзвэл эдгээр бүх их, бага шинжүүдийг мэдэх боломжтой. Түүнээс гадна тэдний бие гэрэлт цагаригаар хүрээлэгдсэн байдаг. Энэ нь хичнээн хол байсан ч ямарч гэрлээс тод гэрэлтэнэ. Жишээлбэл, тэнгэрүүд гэрэлт цагаригтай боловч Бурханыхтай харьцуулахад том гэрэлт цацрагийн дэргэдэх жижигхэн лаа мэт байдаг.

Бурханы зарлиг (хэл)

Бурханы гэгээрсэн зарлиг нь жаран онцгой чанартай. Жишээ нь, Бурханыг ярих үед урд сууж байгаа хүмүүст түүний дуу хоолой чанга, хойно сууж байгаа хүмүүст сул сонсогддоггүй. Хүн бүр нэг адил хэмжээнд сонсоно. Үүний зэрэгцээ, хэрэв олон өөр орны хүмүүс байвал Бурхан багш нэг л хэлээр ярьж харин хүн бүр түүнийг өөр өөрийн хэлээр ойлгоно. Түүнд орчуулагч хэрэггүй.

Бурханы таалал (сэтгэл)

Бурханы гэгээрсэн сэтгэл нь ойлголт, танин мэдэхүйн хорин нэгэн зүйлтэй бөгөөд аливаа төөрөгдлөөс бүрэн ангид байдаг. Энэ нь маш өргөн хүрээтэй сэдэв. Жишээ нь тэдгээр ангиллын нэг зүйлд сэтгэлийн түйтгэр арилсан төлөвт чиглүүлэх гучин долоон хүч зүйл багтдаг. Мөн архадын анхны түвшний сэтгэл гэх мэт сэтгэлийн түвшинд байдаггүй арван найман чанар гэж бий. Дээрх хорин нэгэн зүйл тус бүрдээ өөр өөр дэд хэсгүүдэд хуваагддаг. 

Энэ бүх чанарууд, Бурханы голлох бие махбодын онцлогууд нь гурван тоолшгүй их галавын туршид бий болгосон сэтгэлийн асар их эерэг ул мөрийн үр дүн юм. Бурханы дээд хувилгааны лагшин хэдий бидний өмнө ирсэн ч бидэнд цэвэр үйлийн үр, сэтгэлийн цэвэр ул мөр байхгүй учраас түүнийг харж чаддаггүй. Хувилгаан (хүний бие бүхий) хувилгааны лагшин нь бидний уулзан учирч, харж болох зүйл юм. Жишээ нь, Дээрхийн Гэгээн Далай лам байна, тэр бол Авалокитешвара. Хэдий тийм боловч Дээрхийн Гэгээнийг сэнтий дээр сууж байхад түүнийг харж чаддаггүй гэвш нар байдаг байсан. Бид Дээрхийн Гэгээнийг харж чадаж байгаа нь үнэхээр завшаантай хэрэг. 

Одоо бүтээлч хувилгааны лагшингийн нэг жишээ авъя. Өөрийгөө энэ ертөнцийн хамгийн сайн хөгжимчин гэж боддог нэгэн тэнгэрийн хөгжимчдийн хаан байжээ. Тэрээр маш бардам, дээрэнгүй нэгэн байв. Тэр мянган утастай чавхдаст хөгжим тоглодог байжээ. Бурхан нэгэн хөгжимчний дүрд хувилан тэр хааныг уралдаанд дуудав. Тэд хөгжмийнхөө утсыг нэг нэгээр нь таслан хэн нь хөгжмөө алдахгүй үргэлжлүүлэн тоглохыг үзэхээр болов. Ингээд тэд нэг нэг утастай үлдэв. Бурхан хөгжмийнхөө сүүлийн утсыг тасалсан боловч гайхалтай аялгуу эгшиглүүлсээр байв. Харин хаан сүүлийнхээ утсыг таслан аялгуу эгшиглүүлж чадахгүй болов. Ингээд түүний омог бардам нь багасжээ. Энэ бол бүтээлч хувилгааны лагшингийн нэг жишээ юм.

Бурхан эрдэнэ

Бурхан аврал гэж ярих үед бид дээрх түйтгэр үгүй лагшингуудын аль нэгийг авч үзэх хэрэгтэй. Бүтээл хийх тухайд бид энд байгаатай адил бүхий л Бурханы дүрүүдийг жинхэнэ Бурхан гэж үзэх нь чухал байдаг. Бүтээлийн явц дахь сэтгэлийн таван зам мөр гэж бий. Сэтгэлийн эхний мөрийг чуулганы мөр гэдэг ба энэ нь бага, дунд, их гэсэн гурван түвшинтэй. Та сэтгэлийн чуулганы мөрийн их түвшинд хүрэх үед энэ бүх Бурхадын дүрүүдээс сургаал ном сонсож, хүлээж авч чаддаг болно. Иймд маш болгоомжтой байх нь чухал. Орчин цагт та сонин гэх мэт хаа сайгүй Бурхад болон гэгээрсэн төрөлхтөнүүдийн дүрүүдтэй таарч болох бөгөөд хэрэв та Бурхадын эдгээр дүрүүдэд хэрхэн хандаж, хүлээн авч байгаагаа анхаарахгүй бол хэцүү асуудлууд бий болох юм шүү.

Ном эрдэнэ

Ном эрдэнэ гэдгээр Бурханы гэгээрсэн сэтгэлийн бүхий л чанаруудыг ойлгодог. Энэ бол Номын аврал юм. Бүтээл хийхдээ бид бүх судар бичгүүдийг жинхэнэ Ном эрдэнэ гэж үзэх хэрэгтэй. Номыг илэрхийлж болох аливаа үсэг, бичгийг ямарч хэлнийх байсан хүндэтгэлтэй хандах нь чухал. Хогийг сонинд битгий боож байгаарай. Тэр бол маш хүндэтгэлгүй, муу үйл болдог. Хэвлэсэн үгийг хүндэтгэж байх нь чухал. 

Түүнчлэн хэрэв салангид хуудастай Ном судар уншиж байх үед салхи салхилвал хуудсууд хийсэхээс сэргийлж дээр нь эрхи тавихыг зөвшөөрнө. Үүнээс бусад тохиолдолд ном судар дээр ямар нэг зүйл тавихгүй байх хэрэгтэй. Мөн хуудсыг чийглэж эргүүлэх үүднээс хуруугаа шүлсээрээ норгож болохгүй. Гэвч хэрэв та хуруугаа чийглэж хуудсыг эргүүлэх шаардлагатай бол аяганд цэвэр ус хийж дэргэдээ тавин хуруугаа дүрэх хэрэгтэй. Ямар нэг гадаргуунд шууд хүрэхгүй байх үүднээс ном судрыг баринтаглаж байх нь чухал. Номон дээр гишгэж эсвэл дээгүүр нь алхаж болохгүй. Ном судрыг Бурханы дүрийн дээрх тавиурт тавьж болно, харин Бурханы дүрийг судар дээр эсвэл судраас дээгүүр тавихгүй байх хэрэгтэй.

Хувраг эрдэнэ

Гэгээрэлд зорьсон хуврагийн чуулган эрдэнэ нь өндөр эрдэмд хүрсэн, хоосон чанар, бодит байдлыг илт онож таньсан хутагт төрөлхтөнгүүд юм. Ер нь хуврагийн бүрэн сахилтай дөрвөн хувраг нь хувраг эрдэнийг бүрдүүлдэг. Нэг, хоёр эсвэл гурван хуврагийг хувраг эрдэнэ гэдэггүй. Бүтээл хийхийн хувьд бид Бурханы шашны орхимж нөмөрсөн хэн ч байсан түүнийг жинхэнэ хувраг гэж авч үзэх хэрэгтэй. 

Бурхан эрдэнэ бол сургаал ном заан амьдралын аюулгүй зам мөрийг үзүүлэх нэгэн. Ном эрдэнэ бол аюулгүй зам мөрийн жинхэнэ уг сурвалж, жинхэнэ аврал; хэрэв та зам мөрийн бүхий л аргуудыг хэрэгжүүлбэл тэр нь амьдралд тань аюулгүй, найдаж болох зүг чигийг бий болгож өгдөг. Хувраг эрдэнэ нь зөв зүг чиг бүхий амьдралаар амьдрахад тань туслах хань нөхөд юм. Би нэг түүх ярьж өгвөл үүнийг ойлгоход илүү хялбар болох байх. 

Стирамати гэдэг нэртэй нэгэн тэнгэрийн хүү байжээ. Тэрээр Гучин гурван тэнгэрийн орны нэг тэнгэр байв. Тэнд бүх зүйл маш сайхан. Бүх зүйлс нь үнэт эрдэнээр хийгдсэн. Ямарч бохир, муухай зүйл байхгүй. Цэв цэвэрхэн байдаг. Тэрээр маш их аз жаргалтай, ямарч зовлон бэрхшээлгүй амьдардаг байв. Ингээд түүний үхэх цаг болоход түүний зүүсэн цэцгийн хэлхээ гандан, цэцэгс нь үхэж, түүний биеэс маш муухай үнэр гарч эхлэв. Тэнгэрийн найз нар нь түүнд ойртон ирэхээ болив. Түүний нөхдийн дундаас хамгийн үнэнч, удаан нөхөрлөсөн хэсэг нь ердөө холхон зогсож, түүнийг харж байжээ. Тэрхүү тэнгэр өөрийнх нь бий болгосон бүх эерэг ул мөр барагдан дуусч, одоо харин түүнд үлдсэн сөрөг ул мөрийнхөө үр дүнд гурван муу төрлийн нэгэнд төрөл авна гэдгээ харж чадаж байжээ. Тэрээр дараа төрөлдөө гурван муу төрлийн нэгэнд төрөл аваад зогсохгүй түүний дараагийн төрөлдөө гахай болж төрнө гэдгийг ч харж байлаа. Үүнийг мэдэх үед тэр ямар их сэтгэлийн зовлон эдлэхийг та бүхэн төсөөлж байгаа байх. Тэнгэрийн эдэлдэг ийм зовлонгоос илүү их сэтгэлийн зовлон байдаггүй. 

Тэрээр тэнгэрийн хаан Индра дээр очин энэхүү хувь заяанаас гарах ямар нэг арга зааж өгч, туслахыг хүсжээ. Индра “Уучлаарай, үүнээс гарах ямар нэг арга би мэдэхгүй. Харин би чамайг Бурхан багштай уулзуулъя. Түүнд хамгийн сайн арга бий” гэв. Тэрээр Бурхан багштай уулзахад Бурхан багш түүнд Ушниша Вижаяа (Намгялма) хэмээх ядам бурхан, охин тэнгэрийн бүтээлийг зааж өгчээ. Энэ охин тэнгэр нь насны гурван бурханы нэг бөгөөд гурван нигуур, найман мутартай, лагшин нь цагаан өнгөтэй байдаг. Тэр тэнгэр бүтээлийг ёсчлон хийжээ. Ингээд үхэх болоход тэрээр гурван муу төрөлд төрөөгүй төдийгүй өмнө төрснөөсөө илүү өндөр тэнгэрийн төрлийн орон болох Түшидийн оронд төржээ. Индра түүнийг харж чадахгүй байв. Учир нь тэр өөрийн түвшний болон түүнээс доогуур түвшний тэнгэрүүдийг харж чадна. Тэрээр Бурхан багшаас тэрхүү тэнгэрийн хаана төрснийг асуухад Бурхан багш Түшидийн оронд төрсөн гэжээ.

Энэ жишээнээс бид Бурхан бол зөв зүгийг үзүүлсэн багш гэдгийг харж байна. Аюулгүй зам мөрийг бодитой гаргадаг зүйл нь тэрхүү тэнгэрийн хийсэн Ушниша Вижаяагийн бүтээл юм. Энэ бол Ном эрдэнийн жишээ. Энэ зүгийг олж, ороход тусалсан төрөлхтөн нь тэнгэрийн хаан Индра байв. Энэ бол Хувраг эрдэнийн жишээ юм.

Төгсгөлд нь өгөх зөвлөгөө

Хэрэв та бүхэн ямар нэг бясалгал хийхийг, сэтгэлийн сайн зуршил төлөвшүүлэхийг хүсвэл, бүх Бурхадыг төлөөлүүлэн Дээрхийн Гэгээн Далай ламыг өмнөө дүрслэх хэрэгтэй. Түүнд хандан адистит хүсэх хэрэгтэй. Түүнээс гэрэл цацран таны сөрөг ул мөрийг арилгаж байна хэмээн төсөөлөн УМ МАНИ ПЭМЭ ХУН хэмээн уншаарай. 

Өдөр бүр хийж заншихыг оролдох хэрэгтэй бүтээлийн маш үр дүнтэй нэг хэсэг бол өглөө сэрээд маш хүчтэй эерэг санааг төрүүлэх явдал. Тухайлбал, “Өнөөдөр би аливааг эерэг, сайн үр дагаварт хүргэх байдлаар, бусдад тус болох зүйл хийнэ” хэмээн бодох хэрэгтэй. Өдрийн төгсгөлд өөрийн хийсэн бүх эерэг зүйлийг бодож бий болгосон ул мөрийг бусдын сайн сайхны төлөө, бусдын тусын тулд тов тодорхой, бүрэн төлөвшсөн сэтгэлийн төлөвт хүрэхийн тухайд зориулах хэрэгтэй. Аврал одуулах энэхүү сэдэв маш чухал юм. Энэ талаар маргааш илүү дэлгэрэнгүй хэлж өгье.

Өнөөдрийн ярьсан зүйлээс асуух зүйл байна уу?

Дармакаяа гэж юу вэ?

Дармакаяа гэдэг бол бүх зүйлийг багтаан илт мэддэг Бурханы сэтгэл юм. Миний өмнө хэлсэнчлэн ямар нэг буруу ойлголтоос бүрэн ангид хорин нэгэн онцгой төрлийн танин мэдэхүйн ангилал байдаг. Үүнд сэтгэлийн арван хүч, айдас үгүй дөрвөн төлөв гэх мэт чанарууд багтана. Хэрэв эдгээрийг дэлгэрүүлэн яръя гэвэл маш их цаг орно. Энэ үнэхээр өргөн агуулгатай. Жишээ нь Бурханы арван хүч гэдгээс дурдвал, юуны түрүүнд Бурхан бүхий л үйлийн зохистой, зохисгүй байдал, бүх үйлээс гарах үр дагавар, хүн бүрийг зорилгод нь хүргэх зам мөр зэргийг мэддэг.

Бурханы айдаггүй дөрвөн зүйлийн хувьд, тэрээр бүх гэмээ бүрэн арилгасан, хүрч болох бүх сайн чанаруудыг бүгдийг нь эзэмшсэн гэж хэлэхээс эмээдэггүй. Түүний өмнө хичнээн олон түмэн сонсогч байсан ч хамаагүй, тэрээр ямарч айдасгүй, итгэлтэйгээр бүхнийг мэднэ гэж хэлж чаддаг. Капила хэмээх нэгэн бярман хүн (энэтхэг санваартан) ойролцоох бүх тосгонуудаар явж айл бүрээс нэг нэг ширхэг будаа авч тус бүрд нь маш сайн тэмдэг тавьж хөтлөв. Тэрээр сагс дүүрэн будаагаа Бурхан багшийн өмнө тавиад “Та бүхнийг мэддэг. Энэ будаа тус бүрийг хаанаас авсныг мэдэж байна уу?” хэмээн асуужээ. Бурхан багш “Хэлье” гээд тэмдэглэснийх нь дагуу сагстай бүх будааг хэлж дуусгажээ.
Бурхан багшийн үед асар том моднууд ургадаг байв. Бас нэг бярман хүн Бурхан багшийг сорихоор нэг модны бүх навчийг тоолжээ. Үүнд тэрээр хэдэн сар зарцуулав. Ингээд Бурхан багш дээр ирж “Та үнэхээр ухаантай. Бүгдийг мэддэг. Энэ мод хэдэн навчтай юм бол?” хэмээхэд Бурхан багш шууд л түүнд яг тэр тоог нь хэлсэн гэдэг. 

Та бүхэнд миний сэтгэлийг уншихад хэцүү байхтай адил надад ч та нарын сэтгэлийг уншихад маш хэцүү. Тэгвэл Бурханы сэтгэлийг ямар гэдгийг мэдэх бүр боломжгүй юм. Бүр сэтгэлийн арван түвшний хамгийн өндөр түвшний сэтгэл бүхий аравдугаар газрын бодьсадва нар хүртэл Бурханы сэтгэл ямар чанартай болохыг мэддэггүй. Хэрэв та бүхэн бүх зүйлийг багтаан илт мэдэх Бурханы билгүүний лагшин, жнанадармакаяагийн бүх чанар, шинжийнх нь талаар мэдэхийг хүсвэл Майдарын бүтээлүүдийн нэг Илтэд онохуйн чимэг (Скт. Абисамаяа-аламкара) зохиолыг судлах хэрэгтэй. Наймдугаар бүлэг нь энэ сэдвийн талаар маш тодорхой өгүүлдэг. Хэрэв та бүхэн Бурханы бүхий л сайн эрдэм чанаруудыг мэдэхгүй бол Бурханд бодитой итгэхэд хэцүү. Нэг Төвдөд болсон түүх санаанд орж байна.

Төвдөд Гандангийн сэнтий залгамжлагч гэдэг бол маш өндөр хэргэм зэрэг. Тэрхүү сэнтийг залгамжлагчийг маш чухал хүндтэй хүнд тооцдог. Түүнийг хаана ч явсан алтан өнгийн шүхэр барьж өгөн хүмүүс дагалдан явдаг байна. Нэг удаа би Ринбүүчигээс тэрээр үнэхээр хаана ч явсан тэр шүхэртэйгээ явдаг юм уу гэж асуухад мэдээж ариун цэврийн өрөөнд орохдоо шүхэргүйгээр орно шүү дээ гээд намайг ийм тэнэг байх хэрэггүй гэж билээ. Нэг өдөр нэгэн настай эмэгтэй Гандан хийдэд мөргөл хийж яваад Гандангийн сэнтий залгамжлагчийг дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар явж өнгөрөхийг харжээ. Түүний дэргэд явж байсан нэг хувраг “Хараач, тэнд Гандангийн сэнтий залгамжлагч явж байна” гэхэд тэрээр Гандангийн сэнтий залгамжлагч гэдгийг тэрхүү шүхэр гэж бодон “Гандангийн сэнтий залгамжлагч минь авралдаа багтаа” хэмээн залбирав. Цуваа явж өнгөрсөний дараа нөгөө эмэгтэй хуврагт хандан “Шүхэр дор явж байсан тэр нэг настай лам Гандангийн сэнтий залгамжлагч биш юм уу?” хэмээжээ. 

Иймд бид Бурхан үнэндээ ямар болохыг тодорхой сайн таньж чаддаг байх хэрэгтэй. Өнөөдөр энд хүрээд өндөрлөе. 

[Сургаалын дараагийн өдрүүдийн бичлэг байхгүй байна]   

Top