Бодлыг багасгах

07:34
Ямар нэг зүйлийн талаар "бодох" гэдэг нь тухайн зүйлийг олон талаас нь сайтар бодох, дүгнэх гэсэн утгатай. Гэвч оюун төсөөллүүд зөвхөн хормын хугацаанд юмсыг ангилах буюу оюун санааны хүрээнд бий болгосон ангилалд хуваарилах үйл ажиллагааг хийнэ. Энэ үйл ажиллагаа явагдахгүй бол бид дэлгүүрт байгаа тодорхой бүтээгдэхүүнийг жишээ нь, алимыг лийрээс ялгаж чадахгүйд хүрнэ. Энэ нь "Жүжгийн хоёр тасалбар авъя" гэх мэт хэлний суурь болно. Гэвч зарим тохиолдолд оюун төсөөллүүд өөрөө бэрхшээл болох тохиолдол байна. Жишээ нь бясалгалын үеэр төвлөрөх үед сэтгэлд бодогдох бодлууд, урьдчилан төсөөлөх төсөөллүүдийг намжаах шаардлагатай болдог.

Сэтгэлийг амирлуулах

Бясалгалын нэг арга бол сэтгэлийг амирлуулж, өөрийгөө угийн төлөв байдалд аваачих. Энд бидний заавал ойлгох ёстой нэг чухал тал бол сэтгэлийг амирлуулахыг оролдох нь радио унтрааж байгаа адил сэтгэлээсээ бүх зүйлийг авч хаяна гэсэн үг биш. Энэ нь бясалгалын зорилго огт биш. Хэрэв гол зорилго нь ийм байсан бол бид унтаж амарч болох юм. Бясалгалын зорилго бол сэтгэл зовнисон бүх төлөв байдлыг намжаах явдал юм. Айх, түгших, сэтгэл зовох нь сэтгэлийг маш их хямраадаг. Бид ийм сэтгэл хямраадаг сэтгэлийн хөдлөлүүдийг багасгах хэрэгтэй.

Сэтгэлийг тайван тогтуун болгоход бидний хийх зүйл нь хүнийг ойлгон хайрлаж, хүн бүгдэд байдаг халуун дулаан сэтгэлээ илэрхийлж чадахуйц маш тодорхой, соргог сэтгэлийн төлөв байдлыг бий болгох явдал юм. Ингэхийн тулд сэтгэл маш амгалан тайван байх хэрэгтэй. Үүнд бие махбодийн зайлшгүй шаардлагатай булчингийн уян хатан байдал төдийгүй сэтгэлийн халуун дулаан чанар, эрүүл саруул байдлыг бууруулж байдаг сэтгэл санааны түгшүүртэй байдал, сэтгэлийн хөдлөлүүдийг багасгахыг шаарддаг. Энэ нь зүгээр нэг унтраагаад асаадаг ямарч бодол сэтгэлгүй техник ажиллагаатай адил үйл явц биш юм.

Зарим хүмүүс бодох бүх үйл ажиллагаагаа зогсоохыг бясалгал гэж ойлгодог. Энэ буруу ойлголт. Бүх бодлоо зогсоохоос илүү ирээдүйн тухай анхаарал сарниулсан (Оройн хоолондоо юу идэх вэ?) эсвэл сөрөг, ач холбогдолгүй (Тэр өчигдөр надад харамч зан гаргасан, их муухай хүн гэх мэт) бодлуудаа зогсоох ёстой. Эдгээр нь сэтгэлийг сарниаж, түгшээдэг бодлууд юм.

Гэвч сэтгэлийг тогтуун тайван болгох нь эцсийн зорилго биш. Хэрэв бидний сэтгэл илүү тайван уян хатан, нээлттэй, саруул байвал үүнийг үр дүнтэй ашиглаж болно. Үүнийг бид өдөр тутмынхаа амьдралд ашиглаж болно. Мөн бясалгалын дундуур өөрийн амьдралын нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход ашиглаж болно. Түгшүүр, ач холбогдолгүй бодлуудаас чөлөөлөгдсөн сэтгэлээр: Энэ амьдралд би юу хийж амжуулав? Гэр бүлийн харилцаа минь ямар байна? Эрүүл саруул харилцаа байна уу? Эрүүл бус харилцаа байна уу? гэх мэт сэдвүүдээр илүү сайн тунгаан бодож болно. Дүн шинжилгээ хийж болно. Өөрсдийн амьдралын талаар, өөрийн дотооддоо юу болж байгаа талаар ажиглахыг – өөрийгөө шинжих гэж нэрлэдэг. Тэдгээр асуудлуудыг ойлгох, илүү бүтээлч байдлаар өөрийгөө шинжихэд бидэнд саруул цэлмэг сэтгэл хэрэгтэй. Сэтгэл тогтуун тайван байх хэрэгтэй. Бясалгал бидэнд сэтгэлийн ийм төлвүүдийг авчирдаг арга юм.


Видео: Доктор Алан Валас  — “Завгүй хүмүүс ба бясалгал”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Өрөөсгөл ойлголт болон түүнээс зайлсхийх

Бясалгалын талаарх олон бүтээлүүдэд өрөөсгөл бодолд хөтлөгдөхийг зогсоож, түүнд баригдаагүй сэтгэлийн төлөвт суралцахыг зөвлөдөг. Гэхдээ энэ нь бүх бясалгалд ашиглагддаггүй, ихэвчлэн бодит байдалд төвлөрсөн гүнзгий түвшний бясалгалд хэрэглэгддэг. Гэвч бүх төрлийн бясалгалд заавал зайлсхийх шаардлагатай нэг төрлийн өрөөсгөл бодлын тухай ойлголт байдаг. Өрөөсгөл ойлголтын өөр өөр хэлбэрүүдийг ойлгохын тулд “өрөөсгөл” гэдэг үг ямар утга санаа илэрхийлдэгийг мэдэх хэрэгтэй.

Зарим хүмүүс өрөөсгөл ойлголтыг бидний сэтгэлээр дамжин бидний “толгойд эргэлдэж буй дуу хоолой” – энгийн өдөр тутмын үгээр илэрхийлж буй бодлууд гэж ойлгож, ердөө тэрхүү дуу хоолойг зогсоохыг өрөөсгөл бодлуудаас татгалзаж байна гэж үздэг. Гэвч толгойд эргэлдэж буй тэдгээр дуу хоолойг зогсоох нь зөвхөн эхлэл. Бид тогтуун тайван сэтгэлийн төлөв байдлуудыг нөхцөлдүүлэхэд ач холбогдолгүй, сэтгэл түгшээсэн бодлуудыг багасгах тухай өмнө нь ярилцсан. Гэвч өөр нэг хэсэг нь ямар нэг зүйлийг үнэхээр ойлгохын тулд бид уг зүйлийг өрөөсгөл ойлголтгүйгээр зөв ойлгох хэрэгтэй. Өрөөсгөл ойлголт, зөв ойлголт хоёр нь харилцан эсрэг тэсрэг ойлголт гэж үздэг. Энэ бас тохирох тодорхойлолт биш.

Өрөөсгөл ойлголтын талаарх нарийн төвөгтэй байдлын учрыг гаргахад эхлээд бид аливаа зүйлийг ойлгох эсвэл бидний бодолд байгаа зүйлийг үгээр илэрхийлэх хоёрын хоорондох ялгааг мэдэх хэрэгтэй. Бидний бодолд байгаа аливаа зүйлийг ойлгож, эсвэл ойлгоогүй ч бид үгээр илэрхийлж чадна. Жишээлбэл, бид өөр гадаад хэл дээр байгаа ерөөлийг ямар утгатайг нь ойлгож бас ойлгоогүй ч дуудан уншиж чаддаг. Үүнтэй адил хайр гэх мэт зарим зүйлийг бид үгээр тайлбарлаж эсвэл тайлбарлахгүйгээр ойлгож чаддаг.

Өрөөсгөл ойлголт болон түүний эсрэг тал болох түүнээс зайлсхийх тухай асуудал нь аливаа нэг зүйлийг ойлгох, ойлгохгүй байх тухай асуудал биш. Бясалгалд ч, өдөр тутмын амьдралд ч бид аливаа ойлголтыг үгээр илэрхийлж байгаа эсэх эсвэл өрөөсгөл ойлгосон эсэхээ үргэлж шалгаж үзэж байх хэрэгтэй байдаг. Заримдаа үгээр илэрхийлэх нь тустай байдаг ч заримдаа ямар ч тус болохгүй, бүр хэрэг ч болдоггүй. Жишээлбэл, гутал үдэх. Бид гутлыг хэрхэн үдэхийг ойлгодог. Гутал үдэх үед үдээсийг яадгийг үгээр илэрхийлэх шаардлага байна уу? Үнэндээ бол үгүй. Бидний ихэнхэд нь гутлыг хэрхэн үддэгийг үгээр дүрслэх нь нэлээн төвөгтэй байх болно гэж бодож байна. Гэвч бидэнд ойлголт байгаа. Ойлголтгүйгээр бид амьдралд юу ч хийж чадахгүй, тийм биз дээ? Бид хаалга ч нээж чадахгүй. Үгээр илэрхийлэх нь олон талаасаа тустай; бусадтай харилцахад үгэн илэрхийлэл бидэнд хэрэгтэй. Гэвч бидний бодолд үгэн илэрхийлэл ямарч шаардлага байхгүй. Үгэн илэрхийлэл нь саармаг шинжтэй. Үгэн илэрхийлэл оролцсон зарим бясалгал бас байдаг. Жишээлбэл, цээжээрээ маань унших нь сэтгэлд тодорхой нэг хэмнэл өгдөг. Хэдийгээр мэдээж сэтгэлдээ ямар нэг зүйл хэлэхгүйгээр асарч хайрлах сэтгэлийн төлөв байдалд төвлөрсөн хэвээр байж чадах ч маанийн тогтмол хэмнэл нь маш чухал, сэтгэлийн тодорхой төлөв байдалд төвлөрөхөд тусладаг. Жишээлбэл, Ум Ма Ни Бад Ми Хум тарнийг унших үед асарч хайрлах сэтгэлийн төлөв байдал дээр төвлөрөхөд арай амархан байна. Тэгэхээр үгээр илэрхийлэх нь өөрөө асуудал биш юм. Нөгөө талаасаа хэрэв сэтгэл хэрэггүй дэмий үг яриагаар сарнисан байвал мэдээж түүнийг зогсоох хэрэгтэй.

Тэгэхээр өрөөсгөл ойлголтын асуудал нь үгээр илэрхийлэх эсвэл ойлгох тухай асуудал биш юм бол чухам тэр асуудал нь юу юм бэ? Өрөөсгөл ойлголт гэж юу вэ? Бясалгалаар сурах ёстой тэр өрөөсгөл ойлголтоос татгалзах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бясалгалын бүх үе шат бас бидний өдөр тутмын амьдралтай холбоотой юу? Энэ бүхнийг тодруулах нь маш чухал.

Өрөөсгөл ойлголт гэдэг нь “ангилж ойлгох” гэсэн үг. Өөрөөр хэлбэл юмсыг “сайн” эсвэл “муу”, “хар” эсвэл “цагаан”, “муур” эсвэл “нохой” гэх мэт хайрцагт хуваана гэсэн үг. 

Мэдээж худалдаа хийх болоход бид алим жүрж хоёрыг, болсон жимс болоогүй жимс хоёрыг хооронд нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Иймэрхүү өдөр тутмын нөхцөлд ангилах нь асуудал биш. Гэвч асуудал болдог өөр төрлийн ангиллууд байна. Нэг нь бидний нэрлэж заншсан “эчнээ бодол”. Эчнээ бодлын нэг жишээ нь: “Тэр хүн надад үргэлж таагүй хандана гэж би бодож байна. Учир нь өмнө нь надад ингэж хандаж байсан, их муу хүн. Юу ч болж байсан цаашид тэр муу хүн байсаар байх болно гэж би одоо дүгнэж байна.” Энэ муу хүн цаашид бидэнд муу зүйл хийсээр байх болно гэж урьдчилан дүгнэж байна – энэ бол эчнээ бодол. Сэтгэлдээ бид тухайн хүнийг “муу хүн” гэсэн ангилал буюу хайрцагт хийж байна. Хэрэв ингэж “тэр бол муу хүн, надад үргэлж таагүй ханддаг” гэсэн бодлыг хэн нэгэнд тохоох юм бол тухайн хүн болон бидний хооронд том хаалт үүснэ. Бидний урьдчилан харсан бодол тухайн хүнтэй харилцах бидний бодолд нөлөөлнө. Тэгэхээр эчнээ бодол гэдэг нь юмсыг сэтгэлдээ ангилж хайрцагт хийдэг сэтгэлийн төлөв юм. Ингэж ангилахгүй байх – өрөөсгөл ойлголтоос татгалзах олон түвшин байдаг хэдий ч нэг түвшин нь ямар ч нөхцөл үүссэн тэрэнд нээлттэй байх явдал. Энэ нь бүх танин мэдэхүйн ойлголтуудаа орхи гэсэн үг биш. Жишээлбэл, олон хүмүүсийг зуусан нэг нохой байсан гэж бодъё. Ингээд тус нохойг “нохой зуудаг” гэсэн ангилалд оруулж уг нохойны эргэн тойронд анхаарал болгоомжтой байдаг. Бидэнд амьтадын талаар тодорхой хэмжээний сэрэмж байх боловч “тэр нохой намайг гарцаагүй зууна, тийм болохоор би ойртохыг ч хүсэхгүй” гэсэн урьдчилсан бодол тэр бүр бидэнд байдаггүй. Тухайн үүссэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх болон нөхцөл байдлыг бүрэн туулж үзэхийг хязгаарлаж байдаг эчнээ бодлоос татгалзах хоёрын хооронд нэг уян хатан тэнцвэр байдаг.

Бүх бясалгалд хэрэгтэй байдаг өрөөсгөл ойлголтоос татгалзах нэг хэлбэр нь урьдчилсан бодлуудаас чөлөөлөгдөх явдал юм. 

Хамгийн ерөнхий зөвлөгөөний нэг нь ямарч хүлээлт, сэтгэлийн зовнилгүй байх явдал. Бясалгалын үеэр гардаг урьдчилсан бодлууд нь бясалгал амжилттай сайн болно гэсэн хүлээлт эсвэл удаан сууснаас хөл өвдөнө гэсэн зовнил эсвэл “би хийж чадахгүй байх” гэсэн бодол байж болно. Бид сэтгэлдээ үгээр хэлж ч болно, хэлээгүй ч байж болно – эдгээр хүлээлт, зовнисон бодлууд нь урьдчилсан бодлууд юм. Ийм бодлууд нь бидний дараагийн бясалгалыг “гайхалтай” эсвэл “хэцүү” гэсэн ангилалд оруулдаг. Бясалгал дахь өрөөсгөл ойлголтоос зайлсхийх нэг арга нь юу ч болж байсан нөхцөл байдлыг шууд хүлээж аваад бясалгалын заавруудын дагуу нөхцөл байдлыг буруутгалгүйгээр тэдгээртэй ажиллах явдал.

Видео: Кандро Ринбүүчи — “Эхлэн суралцагчдын бүтээл”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Дүгнэлт

Оюун төсөөллүүдийн харилцан адилгүй төрлүүдийг ойлгоогүйн улмаас тэдгээр нь бясалгал болон бүр өдөр тутмын амьдралд бэрхшээл учруулдаг гэж бид буруу ойлгодог. Ихэнх бясалгалд толгойд бодогдож байгаа бодлуудыг намжаах, бүхий л урьдчилан төсөөлсөн төсөөллүүдийг орхих хэрэгтэй болдог. Гэвч хамгийн гүнзгий түвшний бүтээл хийж байгаагаас бусад бүтээл хийж байгаа тохиолдолд бясалгалын үеийн болон бясалгал хийгээгүй үед аль алинд нь ямар нэг зүйлийг ойлгоход тухайн зүйл нь үгээр илэрхийлэгдсэн эсвэл үгүй эсэхээс үл хамааран тэдгээрийг ямар нэг оюун төсөөллийн ангилалд оруулахыг шаардана. 

Top