Өөрийгөө энхрийлэн барихыг гэтлэх зөвлөгөө

Та өөрийн дүрэм, хууль, журмыг гаргадаг. Хэрэв бусад таны хуулийг зөрчих юм бол та тэднийг барьж шийтгэдэг. Бусдын бурууг шүүгч та өөрийн алдааг үл харна. Гэвш Шармава  хэлэхдээ, “Өөрийн сул талыг олж, өөрийгөө дайсан гэж харж чадахгүй бол юу ч чамд тус болж үл чадна” гэжээ. Хэрэв та өөрийн мэдрэмжийг хамгийн чухал гэж боддог бол хэн ч танд тусалж чадахгүй. Өөрийн биеийг бодогч нэгэнд ямар ч мундаг лам тус болж чадахгүй. Яагаад гэвэл ламын сургаал номлол өөрийгөө энхрийлэн барих хандлагатай тэрсэлдэнэ. Өөрийн зам мөрийг багшаар чиглүүлэхийг хүсвэл та өөрийгөө энхрийлэн барих нь буруу гэдгийг ухаарах ёстой. Өөрийгөө энхрийлэн барих нь бүх муу үйлийн шалтгаан болдог. Иймээс үйлдлээ цэгнэж, учир шалтгааныг дэнсэлж үзвэл зохилтой. Мэргэн багш нар танд тусалж чадахгүйгээс гадна энгийн нөхөд тань ч бас танд тусалж үл чадна. Яагаад гэвэл та бусдын зөвлөгөөг хүлээн авах чадамжгүй байна.

Хүмүүс бид өөрийгөө энхрийлэн барих буруу хандлагатай гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Зөвхөн Будда л өөрийгөө энхрийлдэггүй. Бид энэ алдаагаа ухамсарлаж, засах гэж хичээх хэрэгтэй. Хэрэв бид ядаж өөрсдийгөө энхрийлэн барих буруу хандлагатай гэдгээ ухаарвал их ахиц болно. Өөрийгөө өмөөрсөн үзлээс болж та бусдын үгийг шүүмжлэл гэж хүлээн авдаг гэдгээ ухаар. Үүнийг ухаарч чадахгүй бол шүүмж сонсох үед таны уур хүрнэ. Өргөс хатгах үед та уурлан эргүүлж цохих юм бол хэн нь хохирч үлдэх бол? Хэрэв бид өчүүхэн шүүмж, таагүй нөхцөл байдлыг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй бол энэ биеэр туулах зовлон бэрхшээлийг яаж гэтэлгэх болж байна вэ?

Бусдын бай болсон мэтээр төсөөлөх хэрэггүй гэж Гэвш Жаннава хэлсэн байдаг. Хүмүүс шүүмжлэх үед бид өөрсдийгөө бусдын бай болсон мэт төсөөлдөг. Хэрэв анхнаасаа бусдын бай болсон гэж бодохгүй л бол хэн ч таныг онилж сум харвахгүй. “Дүүжлэх олсонд бид өөрсдөө толгойгоо хийдэг” гэж үг байдаг. Буруу үйл хийгээгүй байхад тань хүмүүс таныг шүүмжилж байвал та урьд насандаа бусдыг дорд үзэж байсан болохоор тэр. Тухайлбал, Буддагийн шавь гурван сахилын дагуу уур хилэн, буруу хандлагаас ангижран архад байжээ. Гэсэн ч түүнийг тангаргаа зөрчсөн гэж хэсэг хүмүүс хэлж, түүний эсрэг зогсжээ. Будда  архдыг сахилаа зөрчсөн гэсэн гүтгэлгийг үл таалан архад хүн санваар алдах учиргүй гэжээ. Архад тэргүүтэн оюун санааны өндөр түвшинд хүрсэн буддын шашны шавийг сахилаа алдсан гэж гүтгэх юм бол буддын шашинтан биш хэмээн Будда айлдсан бөгөөд мөн Буддын шашны сургаал номд харш үйлдэл юм гэж айлджээ. Архдыг яагаад шүүмжилснийг хүмүүс асуув. Архад урьд насандаа хов зөөгч, гөрдөгч байсан агаад хааныг хатнаа үлдэн хөөхөд хүргэсэн гэж Будда хариулжээ. Хийсэн үйлийнхээ үр нь одоо илэрч байгаа нь энэ аж.

Бусдыг шүүмжлэх, хов ярих, буруутгах нь маш хортой юм. Яагаад гэвэл эдгээр үйлдэл нь өөрт тань тус болохгүйн дээр бусдын сэтгэлийг шархлуулж, эргэлзээ төрүүлэхэд хүргэдэг аж. Гэгээрэлд хүрсэн хоёр хүн л нэгнийгээ шүүж болно гэдэг. Худал ч бай, үнэн ч бай бусдын шүүмжлэх үедээ бид муу үйлийн үр хурааж байдаг. Этгээд үйл хийсний төлөө сайныг санаж бодьсадваг шүүмжилсэн ч мөн сөрөг үр дагаварт хүргэнэ.

Бусдыг үргэлж шүүмжлэх зуршилтай хүмүүс өөрийгөө энхрийлэх хандлага нь ихэд гүнзгийрсэн хүмүүс байдаг. Зарим лам нар номын дуу их сонссон ч үйл хэрэгтээ түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй байдаг нь тэд урьд насандаа өөрийгөө энхрийлэх хандлагатай хүмүүс байсантай холбоотой. Дайсандаа муу үйл хийх нь ч бас өөрийгөө энхрийлэх үйлдэл мөн.

Буддагийн үед нэгэн лам хувцсаа будаж байх үед хэн нэгний сармагчин алга болж гэнэ. Будагч савнаас хувцсаа гаргахад сармагчны цусанд будагдсан байхыг харж гэнэ. Сармагчны амийг хороон, идсэн байна гэж хүмүүс ламыг буруутгажээ. Ламын хэргийг шүүж, эцэст нь түүнийг шийтгэжээ. Хэсэг хугацааны дараа өнөө сармагчин гарч ирээд, лам буруугүй болох нь нотлогджээ. Яагаад ийм зүйл болсон тухай лам Буддагаас асуухад лам урьд насандаа өөр нэг ламыг сармагчин хулгайлсан хэрэгт буруутгаж байсан болохоор тэр гэж хариулжээ.

Хүмүүс бид аз жаргалтай, ая тухай амьдралыг ихэд хүсэмжлэн, эд мөнгө хураахын төлөө шаргуу зүтгэн хулгайч нарын бай болдог. Хурааж цуглуулсан зоосоо алдахаас айгаад уутанд хийгээд таазнаасаа өлгөдөг нэгэн хүний тухай түүх байдаг. Нэг өдөр өнөөх ууттай зоос нь толгой дээр нь унаад бэртээсэн гэдэг. Энэхүү түүх нь өөрийгөө бодсон үйлдэл бидний аз жаргалыг өдөр бүр хулгайлж, эцэст нь огт аз жаргалгүй нэгэн болгодог гэдгийг харуулж буй юм. Хүмүүс бид бүгдээрээ урьд амьдралдаа өөрийгөө энхрийлэн барих хандлагатай байсан тул өөрийн дутагдал хэмээн ухаарсан ч энэ зан биднээс тийм ч амар салахгүй.

Тиймээс бид ямар шүүмжлэлд хариу үзүүлэх хэрэггүй. Бусдыг шүүгч тэдний буруу гэж бодон өөрийгөө энхрийлэх хандлага илэрч байгааг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө энхрийлэх хандлагыг хангалттай ухаарч чадвал тэвчээртэй нэгэн болоход тустай. “Гал бол халуун” гэдгийг хүн бүр мэднэ. Эргэлзээд байх зүйл үгүй. Үүний нэгэн адил хүн хэрэв таныг шүүмжилбэл энэ нь та хоёрын аль алиных нь өөрийгөө энхрийлэх хандлагаас улбаатай гэдгийг ойлгох нь зүйтэй. Ингэж ойлговол уур бухимдал, солиорол бий болохгүй. Яагаад гэвэл нөгөө хүний буруу гэдгийг нотлох шаардлагагүй. Их хөлгөний сударт “Өөрийгөө энхрийлэн барих нь өөрийгөө болон бусдыг үгүй хийж, ёс суртахууныг уландаа гишгэхэд хүргэдэг” гэжээ. Өөрийгөө бодсон үйлдэл бүр таныг дор замд хөтлөн, тэр бүү хэл тамд ч хүргэж мэднэ. Будда, бодьсадва нь өөрийгөө энхрийлэн барихыг үл зөвшөөрдөг бөгөөд үүний улмаас үүсэх таагүй бүхэн эцэстээ дараа амьдралд доод төрлийг олоход хүргэдэг гэж үздэг.

Өөрийгөө энхрийлэн барих нь бидний бүхий л хүчин чармайлтыг үгүй хийж, өсөн дэвжихэд саад болдог. Амьдралын амин сайхныг мэдрэхэд саад болдог хор гэж үздэг. Өөрийн төвт үзлээ цаг үргэлж дарж байх хэрэгтэй. Ямар ч үйл хийсэн өөрийгөө хэт дөвийлгөхөөс зайлсхийх нь зүйтэй. Гаадамба гэвш ном унших бүртээ бүх муу шинж бүрийг өөрийн хэмээн, сайн шинж бүрийг бусдынх гэж үздэг нь өөрийгөө энхрийлэн барихаас сэргийлдэг гэжээ. Өөрийгөө энхрийлэн барихаа хүлцэж чадахгүй бол бодьсадвагийн шинжийг хүн өөртөө агуулж үл чадна. Энэрэнгүй сэтгэл, бодьсадвагийн ачаар хүн өөрийгөө энхрийлэн барих сэтгэлээ дарж чадна. Энэрэнгүй сэтгэл өөрийгөө дөвийлгөх хүслийг дарж, бидний сэтгэлийг дүүргэх хүслийн модны үрийг тарьдаг. Хэрэв та энэрэнгүй байх аваас эерэг нөлөө нь өөрийгөө энхрийлэн барихтай холбоотой бүхий л сөрөг нөлөөг дарж чадна.

“Пенпогийн нэгэн хэсэгт Хамлунба гэвшээс илүү аз жаргалгүй хүн үгүй байжээ. Жаннава гэвшийн байсан газар мөн адил байв. Тэд өөрийгөө энхрийлэн барих хүслээ дарж чадсан болохоор тэр” гэж гэвш Ботова хэлжээ. Жаннава гэвш нэн ядуу байсан ба хэл дээрээ хоол тавих нь ховор байв. Нөхөөстэй арьсан өмсгөл өмсдөг хэр нь өөрийгөө баян гэж боддог тэрээр, “Би бүх ертөнцийг тэтгэж чадна” гэж хэлжээ. Өөрийгөө дээр үзэх хандлага нь хүний шуналаас үүдэлтэй ба бодийн сэтгэл төрөхөд хамгийн том саад болдог. “Бүхий л бодгалийг энэрэх сэтгэлтэй байх нь хүсэл биелүүлэх эрдэнийн чулуу мэт. Үүнийг ойлгохгүй бол бид төөрсөөр байх болно. Өөрийгөө дээдлэх, өөрийгөө энхрийлэх сэтгэлийг үгүйсгэх атал бид бодгалийг өөрийн дайсан мэт үзэж, жинхэнэ дайсныгаа нөхөр мэт үзэж байна” гэж бичсэн байдаг. Өөр нэгэн номд “Хамгийн том чөтгөр, шулмыг хүн гаднаас олохгүй. Харин бие дотроосоо олно. Энэ бол өөрийгөө энхрийлэн барих хүсэл” гэсэн байдаг.

Бодь сэтгэлийн ачаар бид өөрийгөө энхрийлэн барих хүслийг дарж чадна. Өөрийгөө дөвийлгөх хүслээс болж бид ад донгийн хорлолд өртөж, шүүмж дайралтыг эсэргүүцэн, ёс суртахуунгүй үйлдэл хийхэд хүргэдэг. Өөрийн хүслээ хангахын тулд өөрийгөө бусдаас илүү мэт авирладаг.

Үргэлж бусдад таатай үйл хийнэ гэж байхгүй. Гэхдээ өөрийгөө энхрийлэн барих нь өөрийнхөө төлөө хүн бусдыг дорд үзэж, хохирол учруулах гол үндэс болдог. Бардамнал, атаархлыг бий болгодог. Хэн нэгэн зорьсноо олж авахад та хэдий “Баяр хүргэе” гэх ч өөрт тань байхгүй болохоор та түүнд атаархана. Хэрэв өөрийгөө энхрийлэн барих хандлагагүй байсан бол атаархахын оронд бусдын ололт амжилтад та баярлаж, эерэг нөлөөллийг бий болгох байсан. Амьдралд хагал бутрал үүсгэдэг зүйл бол өөрийгөө энхрийлэн барих юм. Өөрийгөө хаацайлж, бусадтай зөрчилдөж, тэвчээргүй авир гаргаж, бусдын хийж буй үйлдэл бүрд цухалдаж, бачуурна.  Энэ мэт өөрийгөө хамгаалсан үйлдэл эхнэр нөхөр, эцэг эх хүүхдийн хооронд хагарал үүсэхэд хүргэнэ.

Гадам гэвш дөчин нас хүрэх хүртлээ хулгайч байжээ. Олон га газартай ч тэр дээрэм хийдэг байжээ. Дэргэдүүр өнгөрч явсан нэгнийг тэрээр өдрийн цагаар дээрэмдээд, шөнө нь айл гэрийг тонодог байжээ. Нэг өдөр тэр бээр замналаа өөрчилж, бурхны шашинд суралцаж, өөрийгөө энхрийлэн бодох хандлагаа даржээ. “Өмнө надад идэх хоол олддоггүй байлаа. Харин одоо идээд ч барахгүй их өргөл барьц авдаг болсон” тэрээр хэлжээ.

Эдгээр бүх зүйл нь бодийн сэтгэлийг төрүүлэхэд тустай. Агуйд суун бясалгавч өөрийгөө энхрийлэн барих хандлага нь Сүмбэр уулын хэмжээтэй байх бол агуйд бясалгал үйлдэхийн ямар ч хэрэг гарахгүй. Харин эсрэгээрээ өөрийгөө энхрийлэн барихаа таягдаж чадвал дан гагцаар бясалгал үйлдэх үр дүнтэй.

Top