Бодисадвын гишүүн санваар

Удиртгал 

Бодисадвын гишүүн санваар нь гэм бүхий 46 үйлийг эс үйлдэх буюу тэвчихийг хэлнэ. Эдгээр гэм бүхий 46 үйлийг долоо долоон аймагт (хэсэгт) хуваах бөгөөд аймаг тус бүр нь чинадад хүрэх зургаан барамид болон бусдад туслах нэг гээд долоод хамаарах үйл юм. 

Зургаан барамид нь дараах зургаан барамид болно. Үүнд:

  1. Өглөгийн барамид
  2. Шагшаабадын барамид
  3. Тэсвэрийн барамид
  4. Хичээнгүйн барамид
  5. Дияаны барамид
  6. Билгийн барамид 

Гэм бүхий үйлийг үйлдэх нь бодийн хутаг олоход тотгорлох ч бүр бүхнээ хүлэгч дөрвийн (а.буруу үйлдэлээ бурууд үл үзэх, б. дахин үйлдэхгүй байх хүсэлгүй байх, в. буруу үйлдэлдээ баясах болон г. буруу үйлдэлдээ ичгүүр, сонжуур төрөхгүй байх) үүднээс үйлдсэн байсан ч бодисадвын санваараа алдахгүй юм. Хэдийгээр тийм боловч гэм бүхий үйлийг аль болохоор бага үйлдэх тусам тэр хэмжээгээр бид бодисадвын замаар замнахад дөхөм болно. Хэрэв гэм бүхий үйлийн аль нэгийг үйлдсэн ахул бодисадвын үндсэн сахилын үетэй адил буруу үйл үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч дөрвөн хүчний ерөндөгийн үүднээс арилгах хэрэгтэй.  

Гэм бүхий 46 үйлийн тухай ярихад их нарийн юм. Заримдаа гэм бүхий 46 үйлийг үйлдсэн ч гэм үгүй байх нь бий. Ерөнхийдөө зургаан барамид, бусдад туслахтай хамаатай гэм бүхий үйл нь ямар сэтгэлийн өдөөгдлөөр (хотол өдүүлбэр) үйлдсэнээс хэр хэмжээний буруу үйл болох нь хамаардаг. Хэрэв хүсэл шунал, уур хилэн, омог тэргүүтэн сэтгэлийн үүднээс буруу үйл үйлдсэн бол тэрхүү үйл нь эс мэдэх, залхуу, мартах зэрэг сэтгэлийн үүднээс хийсэн үйлээс ч илүү гэмтэй. Эс мэдэх мунхгийн сэтгэлд баригдсанаар сүсэглэх, баттай сэтгэл эс төрөн суралцахын тус эрдмийг үл харах, залхууд баригдсанаар өөрт илүү зугаатай, амархан зүйлийг хийсээр эс суралцах, дурдал үгүй үед бусдын тус үйлдэх ам тангаргаа бүр мартаж орхидог. Гэм бүхий 46 үйлийн ихэнхийг нь үйлдэхгүй гэсэн сэтгэлийн өдөөгдөл байх юм бол мэдээж бид гэм алдаа хийхгүй нь тодорхой боловч бидний нисваанисын сэтгэл их хатуу чанга тул өөрийн сэтгэлийг барин жолоодох нь нэн хэцүү байдаг.  

Гэм бүхий үйлийн тухай тайлбарыг 15-р зуунд Гэлүгбагийн ёсыг үндэслэсэн Богд Зонхавын туурвисан Бодисадвын шагшаабадын тийн номлол бодийн үндсэн зам хэмээх зохиолд тулгуурлан тайлбарлая.         

Өглөгийн барамидад суралцахад харшлах гэм бүхий долоон үйл

Өглөг гэдэг нь өгөхийг хүсэх сэтгэл буюу сэтгэлийн өдөөгдөл юм. Өглөг нь эдийн өглөг, аюулаас аврах өглөг болон номын өглөг гэж гурав байна.  

Өглөгийн барамид-тай харшлах гэм бүхий долоон үйлдлийн хоёр нь бусдад эд өглөг өгөх хүслийн сэтгэлд харшлах хоёр үйл, бусдыг аюулаас аврах сэтгэлд харшлах хоёр үйл, бусад өглөгийн барамидад суралцан хөгжихөд нь харшлах шалтгаан болох буюу саад болох хоёр үйл мөн түүнчлэн ном номнох, хөтлөх, дэлгэрүүлэхэд харшлан хор учруулах гэм бүхий нэг үйл гээд нийт долоон гэм бүхий үйл байдаг. 

Эд өглөгийн өглөг өгөх хүслийн сэтгэлд харшлах гэм бүхий хоёр үйл 

(1) Бие, хэл, сэтгэлийн гурван үүднээс чухаг дээд гурван эрдэнийг үл тахих 

Гурван эрдэнийг үл тахихын шалтгаан нь алин нэгэнд ундууцан уурласан, эс бөгөөс залхуурах, эс мэдэх, эсвэл бурхан, ном, хувраг гурван эрдэнэд адаглаад биеийн үүднээс мөргөх, хэлний үүднээс магтах, сэтгэлийн үүднээс гурван эрдэнийн эрдмийг санах тэргүүтэн дурдалыг мартаснаар гурван эрдэнийг өдөр гурав, шөнө гурвантаа тахиж чаддаггүй.  Хэрвээ бид авралын орон болсон гурван эрдэнэд баясахын сэтгэлээр өдөр шөнө тахил үйлдэж эс чадах аваас өөрт буй бүх зүйлээ бусдад харамгүй өгч чадах сэтгэлийн чинадад хэрхэн хүрэх билээ? 

(2) Хүслийн сэтгэлийн эрхэнд орох 

Хүслийн сэтгэлийн эрхэнд орох гэдэг нь хүсэл шуналын сэтгэлээр эс бөгөөс аливаад сэтгэл эс ханан дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй тэргүүтэн хүслийн таван эрдмийн аль нэгэнд дурлан тачаахыг хэлнэ.  Жишээ нь амттанд дурласан нэгэн хэдийгээр өлсөөгүй ч гэсэн хөргөгчөөсөө бялуу гаргаад амтархан идээд сууж байдаг. Хармын сэтгэлээс салахад шуналын сэтгэл садаа болдог. Хүслийн сэтгэлээр бид өөрөө л идэхийг хүсэн идэх хэмжээнээсээ илүү бялуу аваад бас ч бусад идчих вий гээд нууж суух нь бий. Шуналын сэтгэлээсээ салахыг үнэхээр хүсэвч хорьж дийлж чаддаггүй. Түрүүн жишээ авсанаар бидний идэх юманд хэт шунах сэтгэл хэт хүчтэй байснаар дахин нэг зүсэм бялуу авахдаа бид өөрийгөө буруутгахгүй байдаг. Хэдийгээр хүслийн сэтгэл их байсан ч бид өөрөө өөрийгөө хянаж чадах сэтгэлийг дадуулсанаар жижигхэн зүсэм авах, дахин дахин идэх хүслийг дарах дадлыг суулгаж чадна. 

Аюулаас аврах хүслийн сэтгэлд харшлах гэм бүхий хоёр үйл 

(3) Ахмад хүнийг хүндлэхгүй байх 

Ахмад хүн гэдэгт эцэг эх, багш, эрдэм мэдлэгтэй хүн, ер нь л өөрөөс ахмад хүмүүсийг хэлнэ. Ахмад хүний хүндлэхгүй буруу үйл гэдэгт омгийн сэтгэл, уур хилэн, ундууцал, эс мэдэх мунхаг сэтгэл, мартах зэрэг сэтгэлийн үүднээс жишээ нь нийтийн тээвэрт суудал тавьж өгөхгүй байх, хол аян замаас ирэхэд нь тосохгүй, хүнд ачааг нь хөнгөлж барилцахгүй байх зэргээр өөрөөс ахмад хүмүүст хэцүү, сэтгэл санааг нь зовниосон нөхцөл байдалд оруулахыг ахмад хүнийг эс хүндлэх буруу үйл гэж хэлэх юм.    

(4) Асуултанд хариу өгөхгүй байх 

Омгийн сэтгэл, уур хилэн, ундууцал, залхуу, мартах зэрэг муу сэтгэлийн үүднээс бусад хүний чин сэтгэлээс асуусан асуултанд хариулахгүй байхыг асуухад эс хариулах буруу үйл гэдэг. Чин сэтгэлээс асуусан асуултанд хариулахгүй байснаар асуусан хүн хэн ч надад тус болохгүй юм байна, туслах хүн ер нь байхгүй бололтой гэж тээнэгэлзэх, айх, итгэлгүй байдалд ордог.

Богд Зонхавын зохиолд гэм бүхий үйлийн талаар тодорхой жишээнүүд авсан байдаг. Асуултанд хариу өгөхгүй байх нь буруу үйл боловч зарим тохиолдолд хариу өгөхгүй чимээгүй байх, хариу өгөхөө азнахад гэм буруу болохгүй үе байна. Жишээ нь хүнд өвдсөн үед мөн шөнө унтаж байхад сэрээн асуусан асуултанд үнэхээр л чухал тулгамдсан асуулт биш бол өвчин дарагдсан үед, мөн өглөө хариу өгье гэж хэлэхэд гэм үгүй ээ.   

Мөн бусдад ном зааж байх, өөр хүнтэй ярьж байх, зан үйл үйлдэж байх, бусдыг тайтгаруулан ярьж байх, хичээлд сууж байх, ном сонсож байх үед  хэн нэгэн асуулт асуух юм бол эелдгээр та багахан хүлээгээд асууна уу гэж хэлж болох юм. 

Зарим тохиолдолд эс дурдах, эс бөгөөс асуултанд дараа нь хариулах шаардлага ч гарах нь бий. Жишээ нь барууны оронд олон нийтэд хандсан лекцийн үед буддын сургаал дээр гардаг тамын тухай хэт дэлгэрэнгүй ярих юм бол барууны хүмүүст залхуутай санагдах улмаар буддын ном үзэхэд нь садаа болж болох юм.  Өөрийн үндэс угсаа, шашныг бусдаас илүүд үздэг хэн нэгний хариултанд өөрсдийн итгэл үнэмшлээ хэлэхгүй байсан нь дээр  байх тал бий. Учир нь өөрийн шүтлэг, үнэмшлээс өөр итгэл үнэмшилтэй болохыг мэдсэнээр тэр хүн шалтгаан үгүйгээр бидэнд уурлан дургүйцэх, бидний тусыг авахаас татгалзах сөрөг нөлөө гарч болно.   Мөн зарим тохиолдолд бусдын буруу явдлыг засахын тулд чимээгүй байх нь тустай тал байдаг. Жишээ нь үргэлж өөрийн амьдралд тохиож буй бүхий л асуултандаа хариу авах гэж, бусдаар шийдвэр гаргуулах гэдэг хүнд өөрөөр нь шийдвэр гаргуулж асуудлаа өөрөө шийдэхэд нь туслахын тулд чимээгүй суух нь хэрэгтэй байх тохиолдол бий. 

Мөн үг дуу гаргаж болохгүй чимээгүй бясалгал хийж байх үед хэн нэгэн асуулт асуух юм бол мэдээж хариу өгөх нь утгагүй юм. Бясалгалын дараа асуултанд нь хариулж болно. Завсарлага үгүй бясалгалыг үргэлжлүүлэх, хэт ярьж сунжраах юм бол хүмүүс ядрах, оройтох зэргээс шалтгаалан хүмүүс бясалгал хийх, бясалгал зааж буй багшид дургүйцэх байдал гарч болно.  

Бусад өглөгийн барамидад суралцан хөгжихөд нь харшлах шалтгаан болох хоёр буруу үйл  

(5) Зочноор урихад урилга хүлээн авахгүй байх 

Омгийн сэтгэл, уурлах, ундууцах, залхуу, эс мэдэх мунхгийн сэтгэлд баригдан хэн нэгэн таныг хоолонд урих, зочлохыг урихад нь урилга хүлээж авахгүй байх нь тэр хүн  бусдыг урин залж буян хураах  сайн үйлд нь садаа хийж буй буруу үйл юм. Үнэхээрийн урилга хүлээн авч чадахгүй шалтгаан үгүй л бол тухайн айлыг их, бага гэлтгүйгээр зочлон очих нь зүйтэй.   

(6) Өгсөн бэлэг авахаас татгалзах 

Дээр дурдсан учир шалтгаантай адил юм. 

Номын өглөгт харшлах гэм бүхий нэг үйл 

(7) Номд дуршин суралцахыг хүсэгчид номын өглөг өгөхгүй байх 

Уурлаж ундууцах, атаархах, залхуу, эс мэдэх мунхгийн сэтгэлээр буддын сургаал номонд суралцах хүсэлтэй нэгэнд ном хэлж өгөхгүй байх, бусдад номоо өгөхгүй харамлах, өөрийн тэмдэглэлээ бусадтай хуваалцахгүй өөртөө л хадгалах нь номын өглөгт харшлах гэм бүхий үйл, үйлдэл юм. Бодисадвын хоёрдох үндсэн сахилын үед бид хүсэл шунал, хармын сэтгэлийн үүднээс уналд ордог гэж заасан байдаг.  

Шагшаабадын барамидад суралцахад харшлах гэм бүхий есөн үйл 

Шагшаабад гэдэг нь нүгэл эс үйлдэхийг хүсэх сэтгэл юм. Мөн шагшаабад нь буяны үйлэнд шамдах, бусдад туслахыг хэлнэ.  

Шагшаабад улам дээшлэн дэвжихэд саад тотгор болдог есөн буруу үйл байдаг. Тэдгээрийн дөрөв нь бусдын тус бодох, гурав нь өөрийн тусыг бодох мөн хоёр нь өвөр, бусдын тусыг бодох үетэй хамаарах есөн буруу үйл юм. 

Бусдын тусыг тухайлан бодох үед харшлах дөрвөн буруу үйл 

(1) Буруу явдалтанг тоомжиргүй хаях 

Уур уцаар, залхуу, эс мэдэх мунхаг сэтгэл, мартах зэрэг сэтгэлийн эрхэнд орон сахилаа алдсан, бүр завсаргүй үйл үйлдсэн хэн нэгнийг эс тоон хаях, нүд хялаан үзэх юм бол бид буяны үйл бүтээх, бусдад туслах шагшаабадаа доройтуулах юм. Харин ч тэр муу явдлаар явж буй хүнд сэтгэл гаргаж туслах хэрэгтэй. Учир нь тэдгээр хүмүүс нь одоо болон ирээдүйд их зовлон зүдгүүртэй учрах үйлийг үйлдэж буй тул бид өөрийгөө зөв явдалтан, өндөр ёс суртахуунтай гэсэн омгорхог сэтгэлээс хагацан тэдэнд туслах хэрэгтэй. Жишээ нь гянданд хоригдож буй хүмүүст бясалгал зааж өгөх зэргээр туслах нь хэрэгтэй. 

(2) Бусдад сүсэг хүндэтгэл төрүүлэх сайн явдлаар эс явах 

Хэдийгээр мөн чанараараа хорлолт нүгэлт үйл биш боловч номонд суралцахад саад тотгор болдог олон үйлийг Бурхан багш хориглосон байдаг. Жишээ нь хар хүн болон тойн хувраг согтууруулах ундаа уух, тойн хувраг эсрэг хүйсний хүнтэй хамт нэг сууцанд амьдрахыг хориглосон байдаг.  Бага хөлгөн болон бодисадвын хөлгөн аль алинд эдгээр үйлийг нэгэн адил хориглосон байдаг. Хэрвээ бодийн сэтгэлийг анхлан дадуулж буйн хувьд бурханы сайн явдал, номонд сүсэг үгүйн учир шалтгаанаар эс бөгөөс залхууран өөрийгөө залж эс чадан буруу үйлийг хорьж эс чадах аваас бусад хүмүүс бидний буруу үйлдлийг хараад бурханы шашинтан, буддын сургаал номлолыг хүндлэх, сүсэглэх нь үгүй болох тул аливаа буруу үйлийг эс үйлдэхгүй байх нь нэн чухал юм. 

(3) Бусдад туслахдаа тоомжиргүй хандах 

Лам хувраг нарыг зөв явдал мөртэй байлгахын тулд Бурхан багшийн тогтоосон лам хүний сахил санваарт тойн хувраг унтах үедээ заавал номын гурван хувцастай байх ёстой гэж заасан байдаг. Энэхүү сахил нь үндсэн сахих сахил бус дашрамд сахих сахил юм. Зарим тохиолдолд иймэрхүү төрлийн сахилыг сахихаас илүүтэй бусдад зайлшгүй туслах ажил давхардан гарах үе бий. Жишээ нь хэн нэгэн өвдсөн үед тэрхүү өвчтэй хүнийг харж хандан хонох шаардлага гарч болно. Энэ тохиолдолд тэр өвчтэй хүнд уурлаж ундууцах, эсвэл зүгээр залхууран номын гурван хувцас байхгүй тул хонож чадахгүй нь гэж шалтаг хэлэн өвчтэй хүнийг орхин явах бол гэм бүхий үйлдэл болох юм. Нөхцөл байдлыг тунгаан бодолгүйгээр зөвхөн сахилаа л чанд сахина гэх нь сахилаа зөв сахихад садаа болж болох юм.

(4) Асран нигүүлслийн үүднээс зайлшгүй буруу үйл хийх хэрэгтэй үед эс үйлдэх  

Зарим үед бусдын тусын тулд тэдэнд учрах аюулыг зайлуулахын тулд бие, хэлээр үйлдэх долоон нүглийн аль нэгнийг зайлшгүй хийхээс өөр аргагүй онцгой нөхцөл байдал гарч болно. Бие, хэлээр үйлдэх долоон нүгэл нь амьтны амь таслах, эс өгсөнийг авах, буруу бэлгийн харьцаа, худал хэлэх, хов хутгах, муу үг хатуу ширүүн үг хэлэх, хэнд ч хэрэггүй чалчих эдгээр болно. Бусдын зовлонг арилгая гэсэн чин сэтгэлийг үүсгэн эдгээр долоон нүглийн аль нэгийг гарцаагүй үйлдэх болсон үед уур хилэн, хүсэл шунал, үйлийн үрд мунхарсан сэтгэл үгүй, нүглийн үр ямар ч байсан бүр тамын зовлон байсан ч хүлээн авна гэсэн сэтгэл байх ахул шагшаабадын барамидыг доройтуулахгүй юм. Харин ч номын зам мөрөөр улам түргэн одох их буян хураана. 

Ямартай ч хэрвээ бодисадвын сахил хүртэн үнэхээрийн сахих үед чухамдаа зайлшгүй долоон нүглийн аль нэгийг хийх хэрэгтэй эсэхээ үл мэдэх үед үйлдэхгүй байсан нь дээр. Бусдын зовлонг өөрийн амгалангаар солихыг дадуулан ярих нь бага байснаар үргэлжид бусдад туслах шагшаабадын чинадад хүрэхэд садаа болно. Бидний бодийн сэтгэл сул, баттай бус тул аливаа буруу үйлийн үр болох зовлонг амссанаар бодисадвын зам мөрөөс шантрах, урам үгүй болох, бусдад туслах зам мөрийг орхих нь ч бий тул анханд суралцаж буй хүмүүс гадаад байдалдаа нигүүлсэхүй төдий байх, бодисадвын санваарыг эс сахих, бодисадвын зам мөрөөр явахгүй байхад гэм үгүй юм. Үүнтэй хамааруулан өгүүлэхэд бодисадвын бага газар (анхан шатанд) буй хүмүүс дээд газрын бодисадвын явдлаар явахыг оролдох аваас жишээ нь Бурхан багш нэгэн төрөлдөө өөрийн биеийг өлсгөлөн эм бард өгсөн өглөгийн адил бодисадвын явдлаар явахыг оролдох аваас анхан шатны суралцагч нарт гарах зовлон ихийн улмаас бусдад туслах сэтгэлээс урвах аюул гарч болох тул анхлан суралцагчид үүнийг тунгаан бодож болгоомжтой байх нь зүйтэй юм. 

Яг ямар үед зайлшгүй бусдын тусад аль нэг нүглийг үйлдэж болох вэ гэдэг нь өөрөө ихээхэн асуудалтай тул бид судар номноос дэлгэрүүлэн харах нь зүйтэй. Гарцаагүй нүгэл үйлдэх нь үүнээс өөр ямар ч аргаар бусдад тус болж чадахгүй тийм нөхцөл байдалд нүгэл үйлдэж болох юм гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Жишээ нь олон хүнийг хорлон хөнөөх гэж буй хэн нэгний амийг таслах, дайн самуунд өртсөн улсын иргэдэд түгээн өгөх эмийг өөрт ашиг унагахаар дамлан зарж буй этгээдээс тэрхүү эмийг хүчээр булаан авах, буяны үйлсэд зориулсан сангийн мөнгийг шамшигдуулж буй удирдах тушаалтнаас санг хүчээр салгаж авах зэрэг харахад буруу үйл боловч үүнээс өөрөөр бусдын тусыг бүтээж эс чадах үйлүүд байж болно. Хэрэв аль нэгэн эмэгтэй өөр хүний гэргий, эсвэл эцэг эх нь хориглож буй гэрлээгүй эмэгтэй, эсвэл хурьцаж эс болох, эс бөгөөс тэр эмэгтэй бодийн сэтгэлийг төрүүлэхийг хүсэх авч хүслийн сэтгэлээр хурьцахыг хүсэх тэрхүү эмэгтэйтэй эс хурьцан тэр ч эмэгтэй нь насан эцэслэсэн байвал тэрхүү эмэгтэй нь өс хонзон өвөрлөж бодийн сэтгэл, бодисадвын явдлыг хэт муушаан хардаг нэгэн болж дараа төрөлдөө төрөх магадлал бий. 

Дээрх нөхцөл байдал нь зайлшгүй буруу хурьцал хийж болох эсэх асуулт юм. Зарим тохиолдолд нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёул буддын шашинд шамдан суралцах үед жишээ нь эхнэр нь бэлгийн харьцаанд орохыг эс хүсэн харин нөхөр нь тийм бодол үгүй тохиолдолд эхнэр нь бэлгийн харьцаанд орохоо болих юм бол нөхөрт нь эхнэр нь өөрийг нь тоохгүй болжээ гэсэн бодол төрж болох юм. Энэ тохиолдолд мөн эхнэр нь буддын шашинтан харин нөхөр нь үгүй байх тохиолдолд  нөхөр нь буддын шашинд дургүйцэх, уурлаж болно. Хэрэв гэр бүл салах юм бол нөхөр нь бурууг буддын шашинд өгнө. Хэрэв буддын шашинд дургүйцэх байдлыг нь өөр байдлаар эргүүлэх өөр арга үгүй, мөн тэрхүү эмэгтэй бодисадвын сахил сахиж буй бол бусдын тусыг үйлдэх сэтгэлээ доройтуулалгүйгээр бусдын тусыг бодож хааяа нөхөртэйгээ бэлгийн ажил үйлдэж болох талаар бодолцох нь зүйтэй.  Энэхүү нөхцөл байдал нь тарнийн сахилын үес дэх ариун явдлыг сахихтай (бэлгийн ажил үл хийх) ихээхэн холбоотой асуулт бас мөн юм. 

Тийн боловсорсон (өндөр шатны) бодисадвын адил бид бусдын амийг аврах, биеийн шарх, эндэгдэл авахаас нь хамгаалж худал хэлж болно. Мөн ч бид өөрийн хүүхдийг муу нөхдөөс салгахын тулд, буруу замд татагч багшаас шавийг салгахын тухайд хов үг ярьж болно. Ямар ч шалтгаан үгүй гэрийн даалгавраа хийхгүй байгаа хүүхдэдээ бид нар хатуу ширүүн үг хэлж болно. Буддын шашныг сонирхож буй хүн нь чалчаа яриа, архи дарс, зугаа цэнгэл, найр наадам, дуулах, бүжиглэх, зохистой бус бүдүүлэг хошин шог яриа ярих дуртай нэгэн байх аваас тэр хүний тэрхүү дуртай зүйлийг нь шууд хорилгүй хамтад зохистой байдлаар зугаацаж цэнгэснээр тэрхүү хүн нь буддын шашинтнууд ерөөс зугаа цэнгэлийг ойшоодоггүй ер нь буддын шашин надад тохирохгүй гэсэн бодлыг нь үлдэн хөөж аажмаар зөв замд оруулах арга байх нь ч бий. 

Өөрийн тусыг бодох үесийн гурван буруу үйл   

(5) Буруу амьжиргаагаар амьдрах 

Буруу амьжиргаа гэдэг нь шудрага бусаар, хуурмаг аргаар орлого олон амьдрахыг хэлнэ. Үндсэн таван буруу амьжиргаа нь а) хуурмаг хоёр нүүр гаргах, б) бусдыг мунхруулахын тулд худал магтах, в) бусдыг сүрдүүлэх, эд хөрөнгийг нь булаах, гэмшил дээр нь тоглож өөрт ашиг унагах, г) худал хэрэг, торгууль зохион авлигал авах д) багыг өгөн ихийг олох буюу авлигал өгөх. Эдгээр таван буруу амьжиргаа нь өөрийн нэр хүнд, ёс зүйд болон бусдад хорлолтой тул үйлдэхгүй байх хэрэгтэй.  

(6) Дур хүсэлдээ хөтлөгдөн шим үгүй, тус бага үйлэнд дурлах  

Сэтгэл ханамж үгүй байх, уйдах, буруу зөвийг бодох зав зай байхгүй, хүслийн сэтгэлдээ татагдах зэргээр жишээ нь дэлгүүрээр хэсэх, телевизийн сураг эргүүлэн суух, компьютер тоглоом тоглох зэрэг нь шим үгүй, тус бага үйл юм. Өөрийг эс барьж чадваас иймэрхүү хэрэг багатай зүйлд ихэнх цагаа өнгөрөөх болно. Хэрэв бусдыг тайвшруулах, сэтгэлийг нь өргөх, дээр дурдсан хэрэг тус багатай зүйлд цагаа өнгөрөөгөөд дадал болчихсон хүнд туслах, өөрт уурлан дургүйцсэн хүний сэтгэлийг татах, найз нөхөрлөлөө бататгах зэрэг учир шалтгааны улмаас дээр дурдсан тус багатай зүйлийг хийх нь бусдын тусыг бүтээх сахил санваарт гэм болохгүй.  Хэрэв үүнээс өөр илүү сайн хийх зүйл алга аа хэмээн тэдгээр хэрэг тус багатай үйлийг үйлдсээр байх аваас бид өөрөө өөрийгөө л хуурч байгаа юм. Мэдээж үүнээс илүү тус ихтэй ажил олон бий.  Заримдаа шинэ хүч сэлбэх, ядарсан, сэтгэл санаа хямарсан үед дээр дурдсаны адил зүйлсийг цагийн хязгаарлалтайгаар хийхэд гэм үгүй юм. 

(7) Орчлонд байх хүслэн 

Судар номд бодисадва нар орчлонд оршихыг хүсэн нирвааныг үл хүсдэг хэмээх тайлбарыг нисваанисын сэтгэлээ арилган бодийн хутаг олохын тулд шамдан хичээх хэрэггүй юм, бусдад туслахын тулд бид нисваанисын сэтгэлтэйгээ хамтад байхад болох юм гэж буруугаар ойлгож болохгүй. Энэ нь бодисадвын язгуурын арван найм дах сахилд бурхны хутаг олохын тулд шамдан хичээхийг түр азнах бодийн сэтгэлээ орхих гэсэнтэй утга адил үгүй юм. Нисваанисын сэтгэлээ арилгах нь их чухал хэрэгтэй биш ээ гэж үзэх нь сахил санваараа дордуулах шалтгаан болох юм. Хэдийгээр бодисадвын явдал мөр нэн ялангуяа ханьцашгүй яогийн үед орчлонд орших хүслийг бодийн хутаг олох сэтгэлд урвуулах нь бий ч энэ нь бид хүсэл шуналаа зоргоор нь тавиад тэвчих хэрэггүй гэсэн үг биш юм.    

Өөрийн болон бусдын тусыг бодох үед хамаарах хоёр буруу үйл 

(8) Өөрийн нэр хүндийг унагах явдал мөрийг эс тэвчих 

Жишээ нь бид мах идэх дуртай байя гэж үзье. Хэрвээ бид цагаан хоолтой буддистуудын дунд байхдаа би заавал стэйк иднэ гээд зүтгээд байх юм бол тэдний шүүмжлэл, дургүйцлийг хүргэж биднийг эс хүндлэх болно. Чингэснээр буддын сургаал номын талаарх бидний ярих яриаг тоохгүй, бидний мах иддэг талаар бусдад ярина, бусад ч бас биднийг үл тоон ном ярилцах, тусламж авахаас татгалзах сөрөг үр дагавартай. Бодисадвын замд суралцагчийн хувьд иймэрхүү буруу явдлыг эс засах аваас гэм ихтэй юм. 

(9) Буруу явдал, сэтгэлтэй хүнийг засаж залахгүй байх

Хэрвээ бид аливаа нэгэн байгууллага, сургууль, сүм хийд, гэр бүлийн тэргүүн байх үед хэн нэгэн буруу үйлийг үйлдэж, бусдад муу сэтгэл агуулж буй хүн байвал тэр хүнийг өөртөө татан сайн байлгахын тулд түүний буруу явдал, сэтгэлийг хэлж засаж ойлгуулахгүй юм бол бид бодисадвын сахил санваараа доройтуулан нийт ажиллагсад, гэр бүлийн гишүүдийн ёс зүйг доройтуулах гэмтэй.    

Тэсвэрийн барамидад харшлах дөрвөн буруу үйл 

Өөрт хорлол учруулагч хэн нэгэн, мөн буддын сургаал номыг бүтээх үед гарах саад бэрхшээл болон өөрт учирсан зовлонг уур хилэн, уцаар үгүйгээр хүлээн авч чадах сэтгэлийг тэсвэр хэмээнэ. 

(1) Буяны дөрвөн суртгаалийг тэвчих (буяныг судлагчийн дөрвөн ном лугаа хамаарах)

Буяныг судлагчийн дөрвөн ном гэдэг нь а) харааж загнавч хариуд нь эс харааж загнах (хэл амаар муушааж, гэмийг өгүүлэвч хариу эс үйлдэх),  б) уурлавч хариуд нь эс уурлах  (бусад уурлавч хариуд нь уурлахгүй байх), в) хоригийг уудлавч хариуд нь хоригийг үл уудлах (бидний урьд үйлдсэн гэмт буруу явдлыг нь гаргаж хэлэвч хариуд нь бусдын гэмт явдлыг гаргаж үл хэлэх),  д) зодож нүдэвч хариуд нь эс зодож нүдэх энэ дөрвөн зүйлд суралцах юм. Буяныг судлагчийн дөрвөн ном эдгээрийг өөрт хэрэгжүүлснээр тэсвэр тэвчээр улам төрөхийн үндэс суурь болдог. Хэрвээ эс тоон орхих юм бол буяны хүч улам дэлгэрэхэд садаа болдог.  

(2) Өөрт уурласан нэгнийг эс тоох 

Хэрвээ хэн нэгэн хүн бидэнд уурласан, өс санасан үед бид уурлан уцаарлах, эс бөгөөс омгийн сэтгэлээр, атаа сэтгэлээр, залхуурах, эс тоох байдлаар тэр хүний уур хилэнг арилгах юу ч хийлгүй орхих юм бол тэр хүний уур хилэн дарагдахгүй тул тэр хүний өмнө гэм үйлдсэн ч эс үйлдсэн ч ярилцаж эелдгээр уучлал гуйх нь зүйтэй юм. Хэрэв эсрэгээр байх аваас тэвчээрийн чанх эсрэг тал болох уур хилэнг бусдад ч өөрт ч байлгасаар байх гэмтэй юм.    

(3) Бусдын уучлалыг эс хүлээн авах 

Бодисадвын язгуурын гуравдах унал нь бусдын уучлал гэмшлийг эс сонсох  юм. Энэ нь бусад уурласан үедээ хэлсэн үг, хийсэн хэрэгтээ гэмшин уучлал хүсэхэд нь бид өс хонзон, уур хилэнгийн улмаас тэдний уучлалыг сонсохыг хүсэхгүй, хүлээн авахгүй байхыг хэлнэ.

(4) Уурласаар байх 

Хэрвээ бид ямар нэгэн нөхцөл байдлаас болж уурласан үедээ уурын эсрэг бодлыг эс төрүүлсэн, өс хонзон зангидан суух аваас тэвчээрийн барамидтай харшлах бидний үйлдэл улам ихэссээр байх юм. Хэрвээ уурын ерөндөг болох асрал нигүүлслийг бодон бясалгах авч уур хилэн сулрахгүй байсаар байх бол гэм үгүй юм. Яагаад гэвэл бид ямартай ч уур хилэнг арилгахын тулд хичээн шамдаж тэсвэр тэвчээрээ алдаагүй учраас гэм үгүй. 

Хичээнгүйн барамидад харшлах гурван буруу үйл 

Хичээнгүй гэдэг нь зөв тустай үйлд хичээнгүйлэн шамдахыг хэлнэ.

(1) Өргөл хүндлэл олохын тулд найз нөхөд цуглуулах 

Бусдаас өргөл хүндлэл олох, хайр хишиг хүртэх, хүслээ гүйцээх, өдөр тутмын ажилдаа тус дэм авахын тулд найз нөхөд, хүндлэн бишрэгч хураах эс бөгөөс хэн нэгэнтэй гэрлэх, хамт амьдрахыг хүсэх аваас бусдад туслах тэргүүтэн буяны үйл үйлдэх хичээл шамдлаа шамшигдуулна. Бусдад би яаж туслах вэ биш харин бусдаар өөрийн ажлыг, өөрт хэрэгтэй байгаа зүйлийг хийлгэх хүсэлд автан бусдад туслах буяны үйлээ доройтуулдаг.  

(2) Залхуурах тэргүүтнээр юу ч хийхгүй суух 

Залхуу, үл мэдэх мунхаг сэтгэлд автагдан ажил хийх дур хүсэлгүй, юу ч хийх сонирхолгүй алмайран зүгээр л өдрийг унтаж өнгөрөөх, өдрийн турш орондоо хөлбөрөн хэвтэх, унтах, зүгээр л өдөр хоногийг өнгөрүүлээд байвал энэ нь дадал болох аюултай бөгөөд ингэснээр өөрт ч бусдад ч тустай үйлийг хийхэд шамдахгүй нэгэн болж хувирна. Мэдээжийн хэрэг өвдөх, ядрах үед амарч хэвтэх хэрэгтэй гэхдээ хэтэрхий өөрийн биеийг бөөцийлөн алив зүйлд хичээж шамдахгүй бол энэ насыг өөрт ч бусдад ч тус үгүй, үр дүнгүй өнгөрүүлэх аюултай.  

(3) Өдрийг ярьсаар өнгөрөөх  

Өдрийн турш хол ойрын элдэв сонин хачин зүйл ярьж, сонсож, телевизор, кино үзэж, алдар нэртэй хүмүүс, улс төрийн элдэв сонин, хүчирхийлэл, садар самуун зүйлийг интернэтээр үзээд суух нь бусдад туслах хичээл шамдалд их садаа тотгор болдог.

Дияаны баримадад харшлах гурван буруу үйл 

Дияан бясалгал гэдэг нь живэх хийгээд догшрохын (бясалгалын үед нойр хүрэх эс бөгөөс сэтгэл алгасрах буюу анхаарал сарних) гэм үгүй сэтгэл нэгэн үзүүрт төвлөрөхийг хэлнэ. 

(1) Бясалгал хийхгүй байх 

Уур уцаар, омог бардам, залхуу, үл мэдэх мунхаг сэтгэлийн үүднээс буяны садан багш  хэрхэн сэтгэлээ төвлөрүүлэх талаарх хичээл заахад хичээлд суухгүй, эс тоох юм бол хэрхэн бид сэтгэлээ удирдан жолоодох, төвлөрөхөд суралцах билээ? Хэрэв өвчин туссан, эс бөгөөс бясалгалын талаар буруу зааж байна гэсэн тээнэгэлзэл төрсөн, эс бөгөөс бясалгалын чинадад хүрсэн бол бясалгалын хичээлд суухгүй байж болох юм. Өөрөөр бясалгалын ач тусыг бодон хичээлд суух нь зүйтэй юм.

(2) Бясалгал үйлдэхэд тотгорлох саадыг эс тэвчих 

Бясалгал үйлдэхэд тотгор болдог таван зүйлийн садаа байдаг. Эдгээр таван саадыг даван туулах аргыг эс мэдэх аваас бясалгал үр дүнтэй болдоггүй. Хэрэв тэдгээр таван саадыг арилгахыг хичээвч одоохондоо тэвчиж эс чадах аваас гэм үгүй юм. Хичээн зүтгэх аваас алгуур арилгаж чадах юм. Бясалгал үйлдэхэд садаа болдог таван садаа нь (a) хүслийн таван эрдэм (нүдээр харах дүрс, чихээр сонсох дуу авиа, хамраар үнэрлэх үнэр, хэлээр амтлах амт, биеэр хүрэлцэх хүрэлцэхүй гээд таван хүслийн орон) аль нэгний араас шунан тэмүүлэх, (б) уурлаж уцаарлах, (в) живэх ба балартах (бясалгалын үед нойр хүрэх, залхах), (г) догшрох (бясалгалын үед анхаарал сарних) ба гэмших, (д) тээнэгэлзэн эргэлзэх тав болно.

(3) Бясалгал үйлдэхэд мэдэрч буй амгаланд шунах 

Ерөнхийдөө бид ихэнхдээ санаа зовнил, тээнэгэлзэл, шунах, уурлах зэрэг сэтгэлд автан нэгэн үзүүрт сэтгэлээр эрч хүчтэйгээр ажил үйлсээ өрнүүлж чаддаггүй. Аливаа ажил хийсэн ч эс бөгөөс залхах, эсвэл анхаарал сарнин өөр ажил хийх зэргээр эрч хүчээ сулруулдаг. Харин бясалгал хийн анхаарлаа төвлөрүүлж сурснаар их эрч хүчийг олохоос гадна бие, сэтгэлийн их амгалан байдлыг олдог. Хэр ихээр бие, сэтгэлийн амгалан олох тусам тэр хэмжээгээр бясалгалд гүнзгий ордог. Ханьцашгүй яогийн бясалгалын үед сэтгэл нэгэн үзүүрт төвлөрөх үеийн эдлэх амгалангаас илүүтэй машид нарийн тодорхой гэрлэн сэтгэлийг олон хоосон чанарыг ухаарах бясалгалд ордог. Хэрэв бид сэтгэл нэгэн үзүүрт төвлөрөх бясалгал эс бөгөөс тарнийн бясалгалын үед гарах тэрхүү их амгаланд шунан зөвхөн тэрхүү амар амгаланг мэдрэхийн тулд бясалгал үйлдэх аваас дияаны барамидад хүрэхэд саад тотгор болдог юм. 

Билгийн барамидад харшлах найман буруу үйл 

Билгүүн буюу юмс үзэгдлийг тийн ялгах билгүүн нь зөв хийгээд буруу, зохистой хийгээд эс зохистой, тустай хийгээд эс тустайг ялган салгах билгүүн ухаан юм.

(1) Шравагийн хөлгөнг тэвчих 

Бодисадвын сахилын язгуурын зургаадах унал нь шравагийн буюу бага хөлгөний номлол нь Бурхан багшийн сургаал биш хэлэх,  мөн арван дөрөвдүгээр унал нь бага хөлгөний сургаал номлол нь хүсэл шунал тэргүүтэн нисваанисыг дарж чадахгүй гэж хэлэх нь унал болдог. Шравагийн хөлгөний номд багтах ангид тонилгогч санваартай (тойн хувраг болон энгийн хүний сахих сахил) энгийн эсхүл тойн бодисадва нь би бодисадва мөний тул ангид тонилгогч санваарыг сахих хэрэггүй хэмээх өгүүлэх нь бодисадвын язгуурын уналын арван гуравдах болно. Хэрэв ийнхүү ангид тонилгогч санваарыг сахихгүй байснаар сахилаа алдана. Шравагийн хөлгөнг тэвчих буруу үйл нь дээр дурдсанаар бодисадва нь шравагийн ном сонсох хэрэггүй гэж бодох, өгүүлэхийг хэлнэ. Ялангуяа ангид тонилгогч санваартай бол сахилаа алдахгүй сахих нь зүйтэй юм. 

Винайн сахил санваарыг сахихын хамтад сургаал номонд суралцсанаар авах, гээхийн явдал мөрийг ялган салгаж чадах билгүүн улам бадардаг. Хэрэв буруу үйлийг боомтолсон ангид тонилгогч санваарыг эс тоон сахихгүй аваас билгэ билгүүн улам дээш бадрахгүй ээ.  Шравагийн ном сургаал нь зөвхөн шраваг нарт л хамаатай бодисадва нарт чухал бишээ гэж бодох нэн эндүүрэл юм. 

(2) Өөрийн ёсон байсаар атал түүнд шамдах 

Хэрэв бид зөвхөн ангид тонилгогч сахилаа эрхэмд үзэн сахих, суралцахад шамдаад харин асрал нигүүлсэлийг номносон бодисадвын номыг анхааран авч шамдан суралцахгүй байвал мөн л билгүүн доройтохын нэгэн үндэс болох юм. Шравагийн номд суралцахын хамтад бодисадвын хөлгөний номонд хичээн шамдаж суралцах хэрэгтэй.  

(3) Буддын сургаалаас өөр номонд хичээн шамдан суралцах 

Зарим тайлбарт буддын бус номд логик, хэл зүйн номыг оруулсан байдаг. Эдүгээ гадаад хэл сурах сурах бичиг, математик, сэтгэл судлал, философи зэрэг шинжлэх ухааны олон салбарын ном сурах бичгийг ч буддын бус номд оруулж болох юм. Тэдгээр салбарын ном сурах бичгийг судалж үзэх нь буруу гэж хэлж байгаа юм биш. Юуг буруу гэмтэй гэж хэлж байна вэ гэвэл бид бүх хичээл зүтгэлээ тэдгээр судлагдахууныг сурахад зарцуулж Их хөлгөний ном сургаалыг анхааран үзэж суралцахгүйн улмаас Их хөлгөний номыг мартах гэм байгаад оршиж байна. Хэрвээ билгэ ухаан хурц, учир шалтгааны үүднээс Их хөлгөний номыг гүн гүнзгий баттай ойлгож чаддаг, ойлгосноо мартахгүй, өдөр бүр Их хөлгөний номд суралцаж, хэрэгжүүлж чаддаг бол буддын бус ном сурах бичиг үзэхэд ямар ч гэм үгүй юм. 

Буддын шашинд суралцан мөн төвөд хэл сурахыг хүсэж буй гадаад хүн энд өгүүлж буй зүйлийн талаар тунгаан бодох хэрэгтэй. Хэрвээ та гадаад хэл сурахдаа төвөггүй амархан сурчихдаг, Буддын шашны номлол сургаалын талаар тодорхой бат мэдлэг олж авсан, номд суралцах болон гадаад хэл суралцах аль алинд нь зав чөлөөтэй бол төвөд хэл сурсанаар буддын сургаал ном үзэж судлахад төвөд хэл их тус дэм болно. Харин гадаад хэл шинээр сурахад хэцүү санагддаг,  цаг зав муутай, буддын ном сургаалыг анхлан үзэж байгаа, мөн өдөр тутам бясалгал ном бүтээл хийдэггүй бол төвөд хэлд ихэнх цагаа өгөн суралцах нь буддын сургаал номд шамдан суралцахад садаа болох тал бий. Иймээс өөрт аль нь илүү зохистой, хэрэгтэй байгааг тунгаан бодож шийдэх нь чухал юм.  

(4) Хичээн шамдах тусам дуртай болох 

Буддын сургаал ном бус жишээ нь төвөд хэл зэрэгт суралцахад дээр дурдсаны адил нөхцөлийг хангаж байв ч тэрхүү буддын бус номыг хэт шунаж үзэх юм бол алгуур буддын сургаал номоо үзэх нь багасаж алгасрах гэм бий. Төвөд хэл, математик зэрэгт төгс мэргэн болох нь нисваанисаас салах, зовлонгийн үндсийг тастах эрдмийн суурь болохгүй юм. Мөн бусдын тусыг ихээр бүтээх бодийн сэтгэлийг ч төрүүлэхгүй. Зөвхөн бодийн сэтгэл, зургаан барамидад суралцсанаар нэн ялангуяа хоосон чанарыг ухаарснаар бусдын тусыг ихээр бүтээж бодийн хутгыг олох билээ. Тиймээс мэдээж буддын бус ном эрдэмд шамдан суралцах нь чухал ч түүнд хэт эс шунан бодийн сэтгэл, хоосон чанарыг ухаарах билгүүнд илүүтэй шамдан суралцах нь зүйтэй юм. Ийнхүү аль нь илүү тустай аль нь багахан тустайг ялган салган бодож тунгаан тэр ч их тусыг бүтээх ажилд илүүтэй шамдан хичээх нь зүйтэй юм. 

(5) Их хөлгөнийг тэвчих 

Бодисадвын сахилын язгуурын зургаадугаар унал нь Их хөлгөний судар шастир нь Бурхан багшийн зарлиг (сургаал) биш хэлэх юм. Их хөлгөний судар шастирыг Бурхан багшийн сургаал мөн гэдгийг хүлээн зөвшөөрөвч тэрхүү сударт буй бодисадвын аугаа их явдал жишээ нь олон ертөнцийн тоолшгүй олон амьтанд тусыг бүтээхийн тулд бурхан нэг цагт олон дүрийг хувилган гаргах, ухаж ухаарахад бэрхтэй цөөхөн үгээр утгыг хураан шүлэглэн өгүүлсэн гүн гүнзгий хоосон чанарын сургаалд эргэлзэн тээнэгэлзэх нь бий. Ер нь дараах дөрвөн зүйл бүгдээр эс бөгөөс аль нэг нь буруу, хэрэг үгүй байна гэж бодсоноор бид аливаа сургаал, судар номыг эс тоон үздэг байна. (а) Агуулга-хэрэг тус багатай дэмийг зүйлийг өгүүлсөн, (б) Бичвэр-ойлгомжгүй бичигдсэн, (в) Зохиогч-Бурхан багш номноогүй зэрэг, (д) Тус хэрэг-хэрэгжүүлэх боломжгүй, тус багатай. Үнэндээ дээр дурдсаны адил буруу зөвийг ялгаж салгаж эс ойлгосноор бид чухам хэрэгтэй эс бөгөөс хэрэг багатай ном зохиол, сургаалыг ялгаж чаддаггүй.

Ер нь бид ойлгоход бэрхтэй судар номтой таарах үед сэтгэл талбиун суух нь зүйтэй. Бурхан, бодисадва нар үг, утгыг болгоон бусдын тусын тулд номносон байх тул одоо ойлгохгүй, утганд баясахгүй байхнаа ч ирээдүйд ухаарч ойлгоно гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтэй байх хэрэгтэй. Ийнхүү номд сүсэг бишрэл, итгэлийг үүсгэхгүй ч гэсэн хэдийг хүртэл буддын сургаалыг хэрэг тус багатайд үзэх, муушаахгүй байх аваас гэм үгүй юм. Судар ном ойлгогдохгүй бол эс муушаан харин бид ухаж ойлгохгүй байна хэмээн дундыг барин суух хэрэгтэй юм.  

(6) Өөрийг магтан бусдыг муулан суух 

Бодисадвын сахилын язгуурын анхдугаар унал нь бусдаас илүү нэр хүнд, өргөл хүндлэлийг олохын тулд өөрийг магтан бусдыг муулах юм. Сэтгэлийн өдөөгдөл нь атаархал, омог, заль мэх, уур хилэн юм. Хэн нэгнээс өөрийгөө илүү гэж үзэх үед эдгээр муу сэтгэлүүд гарч ирдэг. 

(7) Ном номнохоор эс одох 

Хүсэл шунал, хармын сэтгэлээр бусдад ном эс заах нь бодисадвын сахилын хоёрдугаар үндсэн унал юм. Уур омог, залхуу, мунхгийн сэтгэлээр бусдад ном номнохгүй, буддын зан үйл хийхгүй эс бөгөөс оролцохгүй, ном сонсохгүй байх зэрэг нь алиныг үйлдвэл зохилтойг эс мэдэх буруу үйлд багтана. Гэвч дараах нөхцөлд ном заах, сонсохоор явахгүй байхад гэм үгүй юм. Энэ нь өөрийгөө багшлах хараахан болоогүй байна гэж бодох, өвчин туссан байх, сонсох номын агуулгад эргэлзэх, тухайн номыг сонсохыг хүсэгчдэд олон удаа заасан, ном сонсох улс аль хэдийн тухайн номыг мэдэж байгаа, тухайн заах номыг бүрэн дүүрэн үзэж сайн ойлгосон, номын утгыг нэгэн үзүүрт сэтгэлээр тунгаан бодож байх үе, угаас утгыг мэдсэн тул дахин дахин сонсож харин ч ойлгосондоо эргэлзэж эхлэх зэрэг тохиолдолд ном заах, сонсохыг хойшлуулж явахгүй байж болно. Мөн багш бидэнд өөр ажил даалгасан үед тэр ажлыг хийлгүй орхин ном заахаар эсвэл сонсохоор явж болохгүй нөхцөл байна.   

(8) Үг даган багшийг муушах 

Ном зааж буй багш судар номын утгыг зөв тайлбарлаж байвч багшийн хэлний дуудлага, дүрмийн алдаа зэргийг харан өөнтөглөж номын гол шим утгыг эс заан зөвхөн уран цэцэн өгүүлэх хэн нэгнийг дагахыг үг даган багшийг муушаан орхих буруу үйл гэдэг.  

Бусдад туслахад харшлах арван хоёр буруу үйл 

(1) Тус хэрэгтэйд эс туслах 

Уур уцаар, залхуу, мунхаг сэтгэлийн үүднээс дараах найман тохиолдол тэргүүтэнд бусдад тус дэм болохгүй байх. (1) Хурал цуглаан зэрэгт олноор зөв зүйтэй ажил хийх шийдвэр гаргах үед, (2) аялж яваа хүнд, (3) бидний мэддэг гадаад хэлийг хэн нэгэн суралцаж байх үед, (4) буруу биш үйл хийж байх үед, (5) байшин, сүм хийд болон эд хөрөнгөө харж манаж буй хүнд, (6) хэрүүл зодооныг зогсоож буй хүнд, (7) хурим найр зэрэг тэмдэглэлт өдөр зохион байгуулж буй үед, (8) бусдад туслах өглөгийн ажил хийж буй хүнд тус дэм болохгүй байвал буруу үйл юм. Хэрвээ өвчтэй байх, өөр хүнд тусална гээд ам өгсөн байх, тухайн ажилд нь тусалж чадах хүн явуулсан, илүү чухал ажилтай байх, эс бөгөөс туслах чадваргүй байх аваас тус дэм болохоор явахгүй байхад гэм үгүй юм. Мөн хэрэв тухайн тусламж хүсэж буй ажил нь бусдад хорлолтой, номд харш, эс бөгөөс тухайн тусламж хүсэж буй хүнд өөр туслах хүн байгаа тохиолдолд туслахгүй байхад гэм үгүй.  

(2) Өвчтэй хүнийг тоолгүй орхих 

Уур уцаар, залхуу болон мунхаг сэтгэлийн үүднээс өвчтэй хүнийг асарч тойлолгүй орхин явах нь буруу үйл юм.  

(3) Бусдыг зовлон зүдгүүрийг эс хөнгөлөх 

Уур уцаар, залхуу зэрэг муу сэтгэлийн үүднээс бусдын зовлон зүдүүрийг хөнгөлөхгүй байх нь буруу үйл юм. Дараах долоон хүнд тухайлан туслах хэрэгтэй. (1) хараагүй, (2) дүлий, (3) эрхтэн дутуу, (4) аян замд ядарсан, (5) сэтгэл нэгэн үзүүрт төвлөрөхөд садаа болдог таван бэрхшээлээс ядарсан, (6) хорлох сэтгэлд автагдсан, хэт нэг үзлийг барьсан, (7) өндөр албан тушаалаас буусан нэгэн болно.

(4) Сэрэмж үгүй хүнд ном эс номнох 

Зөв буруу үйлийн үрийг тоож үздэггүй тул энэ нас, эцэс хойдход зовлон эдлэх сэрэмж үгүй нэгэнд буруу үйл хийж буйг нь анхааруулан сануулж туслах хэрэгтэй. Хэрвээ бид буруу явдалтай хүнийг эс тоон өөрийгөө илүү сайн явдал мөртэй нэгэн хэмээх бодох омгийн сэтгэл байх аваас тус үгүй юм.  Буруу явдалтай хүнд туслахын тулд зөөлөн арга хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь бидний хөрш ан авд дуртай нэгэн байх юм бол шууд ан гөрөө хийх нь дараа төрөлдөө тамд унах нүгэлтэй үйл юм гэж шууд хэлж болохгүй. Ингэж хэлбээс тэр хүн бидэнтэй харилцаа холбоогүй тасална. Үүний оронд гэр бүл, найз нартаа ангийн хишиг хүртээдэг хэмээн хэлэн хөрштэйгөө найзлан дотносож бидний үгийг сонсох боломж нөхцөл гарсан үед алгуур ан ав хийх нь буруу үйл болохыг ойлгуулах хэрэгтэй.      

(5) Хариу тус эс барих 

Тус болсон хүндээ хариу тус хүргэх, эс бөгөөс ердөөс хүний тусыг эс санах, буцаан туслахыг ч бодохгүй байх нь буруу үйл юм. Бидэнд тус болсон хүн жишээ нь машин засаж байх үед хэрвээ бид машин засах талаар ямар ч мэдлэггүй байх бол гэм үгүй юм. Мөн хариу тус хэрэггүй гэж хэлж байхад нь заавал тусалья гэх эс бөгөөс хэрэггүй дээ гэсэн байхад заавал талархан бэлэг өгөх гэж хүчлэх хэрэггүй юм. 

(6) Бусдын зовлон шаналлыг арилгахгүй байх 

Уур уцаар, залхуу, эс тоох сэтгэлийн үүднээс хэн нэгэн хайрт хүн, эд хөрөнгө, үнэт зүйлээ алдан сэтгэл нь шаналсан үед бид тэдний сэтгэлийг засаж тайвшруулах хэрэгтэй. Бид тэр хүнийг чин сэтгэлээс асарч энэрэх хэрэгтэй. 

(7) Тусламж хэрэгтэй хүнд өглөг өгөхгүй байх 

Уур уцаар, залхуу, эс тоох сэтгэлийн үүднээс тусламж хэрэгтэй хүнд өглөг өгөхгүй байх нь буруу үйл юм. Хэрвээ хармын сэтгэлээр өглөг эс өгсөн бол тэр нь бодисадвын язгуурын унал болно.

(8) Найз нөхдийн тусыг эс бүтээх 

Уур уцаар, залхуу, эс мэдэх мунхаг сэтгэлийн үүднээс өөрийн эргэн тойрны хамаатан садан, найз, хамтран ажиллагсад, ажилтан ажилчид, оюутан зэрэг хүмүүсийг эс тоон туслахгүй байх нь их буруу юм. Нэн ялангуяа нийгмийн тустай ажил хийж байх үед үүнийг анхаарах хэрэгтэй.  Бид амраг садан, найз нөхөд гээд ойр дотнын хүмүүсийнхээ бие, сэтгэлийн ая тухтай байдалд санаа тавин тусалж байх хэрэгтэй. Хамгийн ойр дотны хүндээ туслахгүй юм бол хамаг амьтанд хэрхэн туслах билээ? 

(9) Бусадтай санал зөрөлдөн харшилдах 

Хэрэв өөрт болон бусдад тус хэрэггүй эс бөгөөс хорлол үгүй бол бусдын хийхээр хүсэж буй таалагдаж буй зүйлтэй дэмий санал нийлэхгүй байх нь буруу юм.  Хүн бүр өөр тул өөр өөрийн арга барилаар аливаа зүйлийг хийдэг. Уур уцаар, залхуу, мунхаг сэтгэлийн үүднээс хаана хоол идэх, ямар хоол захиалах зэрэг өчүүхэн зүйл дээр бусдын уур уцаарыг хүргэж тавгүй байдалд оруулж маргаж санал зөрөлдөх нь огт буруу үйл юм.  

(10) Бусдын эрдмийг эс өгүүлэх 

Уур уцаар, залхуу, эс тоох сэтгэлийн үүднээс хэн нэгэн сайн үйл хийсэнд эс бөгөөс тэр хүний сайн үйлийг хэн нэгэн ярих үед магтаж урамшуулахгүй байх нь тэр хүн үргэлжлүүлэн сайн үйл үйлдэх, бусад ч дэмжихэд садаа болох буруу үйл юм. Харин олны дунд эс бөгөөс ганцаар байхад нь магтахад дуртай бус, мөн нүүрэн дээр нь магтсанаар тэр хүний омгийн сэтгэл их болох нөхцөлд магтах эсэх, магтаалын үгээ бодох нь зүйтэй юм. 

(11) Нөхцөл байдалд тохируулан эс зэмлэн шийтгэх 

Хэрэв хэн нэгэн буруу үйл хийх аваас тэр хүнийг баалан муушаах сэтгэлээр бус харин бусдын тусын тулд зэмлэн дэг журмыг тогтоож байх хэрэгтэй. Хэлж засах зүрх хүрэхгүй байх, эсвэл залхууран орхих, эс тоох байдлаар буруу үйлийг зогсоохгүй бол зөв зам мөрийг бусдад хэлж засаж байх хүч улам буурах гэмтэй.  

(12) Ид шид үзүүлэхгүй байх 

Зарим онцгой үед бусдад туслахын тулд тусгай үйл буюу ид шид үзүүлэх зэрэг үйл хийх хэрэгтэй болдог. Ид шид тэргүүтэнг эрхшээсэн байх ахул хэрэг тус болох үед эс үйлдэх аваас бусдад тусалж чадахгүй. Бидэнд ямар авьяас чадвар хүч байна тэр бүгдээр бусдад туслах ёстой.

Top