Монгол дахь Бурханы шашны нөхцөл байдал, 1994 он

Монголын Бурханы шашны товч түүх

Монголчууд 120 орчим хийдийг сэргээсэн бөгөөд одоогоор нэлээд олон бага насны лам хүүхдүүд тэнд ном үзэж байна. Голлох хийдүүдэд Гандантэгчэлин, Дашчойлин, Эрдэнэ зуу (Төвд.: Ринчэн Жово), Шанх, Амарбаясгалан (Төвд.: Дэвэр Гава) хийдүүд багтана. Тэдгээрийн түүхийг авч үзвэл:

Алтан хан Төвөдийн Бурханы шашныг авч хэрэглэх болсны дараагаар Сонам Гяцод Далай лам буюу “далай” гэдэг нь “гяцо” гэдэг хэмээх нэрийн орчуулга болох энэхүү цолыг хүртээжээ. Ийнхүү Сонам Гяцо нь III Далай лам болсон юм. Тэрээр Алтан ханы дэмжлэгтэйгээр 1579 онд Хөх хотод анхын Гэлүг ёсны хийд болох  Их хүрээг (Хятд. Дажао Си 大召寺) байгуулсан ба хожим нь үүнийг Манжийн хараат Өвөр Монгол гэдгээр нь мэдэх болсон юм. Алтан хан 1583 онд жанч халав.

Түүнээс хойш тун удалгүй Халхын Абдай (Абтай сайн) хаан III Далай ламыг Халхад (одоогийн Гадаад Монгол) хүрэлцэн ирж тэнд бас хийд байгуулахыг хүсэв. 1586 онд III Далай лам Сажа ёсны нэгэн ламтанг явуулснаар Абтай хаан Монголын эртний нийслэл болох Хархорумд Эрдэнэ зуу хийдийг байгуулав. Хархорум нь Чингис хааны хүү Өгэдэйн төр барьж байх үеийн XIII зуунаас эхлэн Хубилай хаан нийслэлийг Хятадын хилийн ойролцоо, Бээжинд ойр байрлал болох Өвөр Монгол дахь Шандуд шилжүүлэх үе хүртэл Монголын эзэнт гүрний нийслэл байсан. Эхэн үедээ Эрдэнэ зуу нь лам хувраг бүхий идэвхтэй үйл ажиллагаатай хийд байгаагүй, ердөө нэг суварга, нэг сүм бүхий байгууламж байлаа.

Монголд өөрийн Занабазар хэмээх нэрээрээ алдартай I Жавзандамба 1635 онд Эрдэнэ зуугийн ойролцоо төрсөн байдаг. Тэрээр Абтай хааны ач байсан бөгөөд Алтан хааны ач болж 1589 онд төрсөн IV Далай ламтай ижил шугаманд жишигддэг. 1648 онд I Жавзандамба Эрдэнэ зуу хийдээс 22 километрийн зайд орших одоогийн Шанхын хийдийн суурин дээр анхныхаа ерөөлүүдийг хурж байжээ. Тэрээр тэнд Баруун хүрээг байгуулсан бөгөөд энэ нь Халхын лам хувраг бүхий идэвхтэй үйл ажиллагаатай Гэлүг ёсны анхны хийд болсон юм. Түүнээс хойш тун удалгүй Эрдэнэ зуу хийдэд мөн лам нар суух болов.

Баруун хүрээ хийд нь улмаар долоон дацан, 1500 лам хуврагтай болов. Дагсалын Чора, тарнийн Гю-па, анагаах ухааны Мэн-па, Калачакрагийн Дү-кор, зурхайн Золхай, Амитаба бурханы Айвид, Майдар бурханы Майтрин дацангууд гэж байв. Дөрвөн аймгийн лам нарт зориулсан дөрвөн голлох сүмтэй байлаа. Эрдэнэ зуу хийд нь улмаар 1000 ламтай, дагсалын Цэн-ний, тарнийн Гю-па, Калачакрагийн Дү-кор, зурхайн Золхай гэсэн дөрвөн дацантай болсон бөгөөд зургаан аймгийн лам нарын зургаан голлох сүмтэй болов.

1654 онд Төвөдөөс буцан ирсэн I Жавзандамба Зүүн хүрээ буюу мөн Их хүрээ гэж олонд танигдсан тэргэн дээр бүтээсэн нүүдлийн хүрээг байгуулсан боловч улмаар 1688 онд Зүүн гарын цэргийн халдлагаар сүйдэн үгүй болсон юм. Түүнийг 1694 онд Манжийн Энх амгалан хааны захиргаанд орсны дараа Энх амгалан хаан тэрээр Эрдэнэ зуу хийдийг хуучин нийслэл Хархорумын ойр барьсны адил Хубилай хааны үеийн нийслэл болох Шандугаас 30 километрийн зайд, Долонорт, Долонор хийдийг байгуулав. Зүүн хүрээг 1706 онд мөн адил нүүдлийн их тэргэний загвараар дахин байгуулав.

I Жавзандамба хутагт 1723 онд Бээжинд жанч халсан бөгөөд Энх амгалан хаан түүний чандарт зориулан Халхад нүүдлийн бус, суурин хийд байгуулахыг хүссэн бөгөөд тэр нь нүүдлийн Зүүн хүрээнд байрших болов. Манжийн дараагийн хаан болох Найралт төв ийм зорилгоор Амарбаясгалан хийдийг бариулах болсон бөгөөд хийдийг Манжийн Тэнгэр тэтгэгч хааны нэгдүгээр он, 1736 онд барьж дуусгасан байна. 1778 онд Зүүн хүрээ нь одоогийн Улаанбаатар хот болох тухайн үеийн Өргөө хотод байнга төвхнөх болж, харин I Жавзандамбын чандарыг тэр жилдээ Амарбаясгалант хийд рүү нүүлгэсэн байна.

Эхэн үедээ Өргөө дэх Зүүн хүрээ нь хийд, хотын аль аль нь байсан боловч хийдийн эргэн тойронд хийгдэх худалдаа арилжаа хэт ихэдсэнээс хийд, хот хоёрыг удалгүй салгасан юм. Хожим нь XIX зууны дундуур V Жавзандамба хийдийн орчинд хэт их худалдаа арилжаа явагдаж байна гэж мөн үзсэн учраас тэрээр Зүүн хүрээний арван гурван дацангаас тавыг нь бага зэрэг хол нүүлгэв. Үүнд Гэлүг ёсны үндсэн гурван эх зохиолыг судалдаг Чойрын Цэн-ний дацан, мөн Дүйнхорын болон Жанрайсиг дацангууд багтсан бөгөөд түүнийг Гандан Тэгчэнлин гэж нэрлэв.

Эдгээр бүх хийдүүд 1937 онд зарим нь бүрэн, зарим нь тал байдлаар сүйдсэн бөгөөд 1946 онд Гандантэгчэнлин хийдийг үзмэр маягаар дахин нээж, 1970-аад оны эхээр тэнд лам нар бэлтгэх сургууль нээсэн байна. Эрдэнэ зуу хийдийг 1960, 1970 онуудад тус тус засварлаж байсан ба 1990 онд хийд болгон дахин нээсэн ба Баруун хүрээг мөн V Далай ламаас уламжилсан болов уу гэж үздэг Нингма ёсны тодорхой хэсэг зан үйлүүдийг үйлдэх үүднээс V Жавзандамба хутагтын байгуулж байсан Пунцаг Даргэлин хийдийн суурин дээр 1990 онд сэргээн нээсэн бөгөөд тус газрыг Шанх сум хэмээн нэрэлжээ. Зүүн хүрээг 1991 онд дахин нээж, Дашчойлин хэмээн нэрлэв. Амарбаясгалантыг мөн засварлан, дахин нээсэн байна.

Өнөөгийн нөхцөл байдал, 1994 он

  1. Гандантэгчэлин хийд одоогоор 300 лам хуврагтай бөгөөд тэдний ердөө цөөхөн нь сахилыг бүрэн сахидаг байна. Энд Монголын бусад хийдүүд дээр байдгийн адил лам нарын ихэнх нь оройд эхнэр, хүүхдүүд дээрээ очих ба архи согтууруулах ундаа хэрэглэнэ. Тэд төрөөс цалин, тэтгэвэр авах ба лам байж, зан үйл үйлдэх нь тэдний ердөө ажилд тооцогддог байна.

    Гандантэгчэлин хийд хэл болон чойрын ном үзэх лам нар бэлтгэх сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар ирсэн бөгөөд түүнийг Бурханы шашны дээд сургууль хэмээн нэрлэх болсон. 100 гаруй оюутантайгаас хэд хэд нь буриад оюутнууд байна. Дарамсалагаас Еше Лодро Ринбүүчи гэх мэт төвөд багш нар ирж багшилж байсан боловч одоогоор (1994 он) нэг ч багш байхгүй байна. Тэд мөн бага насны лам хүүхдүүдийг төвөд хэл дээр уншиж сургах бага сургуулийг нээгээд байна. Одоогоор Жамяан Зэйпагийн зохиолуудыг үзэх Цэн-ний дацан, Таши Чопэлийг сэргээн барьж байгаа бөгөөд Жэцунпагийн зохиолуудыг үзэх Игэ Чозэлин, Панчэн ламын зохиолуудыг үзэх Кунга Чолин дацангуудыг барихаар тус тус төлөвлөж байна.

    Тэд мөн Дү-кор (Калачакра) дацан, сүмийг бариад байгаа бөгөөд Дарамсалагийн Намгял хийдийн гурван лам тэнд багшилж байна. Мөн анагаах ухааны Мэн-па дацанг нээсэн бөгөөд арван таван лам, хоёр эмч, хоёр багштай байна. Жанрайсиг сүмийг засаж байгаа бөгөөд Жанрайсиг дацанг эхлүүлэхээр бэлдэж байна. Монголын сүсэгтэний холбооны тусламжтайгаар тэд Лам-рим дацанг нээгээд байгаа бөгөөд 30-аад лам “Лам-рим чэнмо” үзэж байна. Тус дацанд энэ оны сүүлээр гэргийтэн хүмүүст зориулсан Лам-римын сургалт явуулахаар төлөвлөж байгаа боловч одоогоор ном худалдаж авах тал дээр санхүүгийн асуудал тулгараад байгаа бөгөөд сургалт явуулах цаг завтай багш хараахан байхгүй байна. Гандан хийдийн эрдэмтэн багш нар 1994 оны 9-р сард Дээрхийн гэгээн Далай ламын айлчлал, түүний айлдварт зориулан “Тунгаамал алт” зохиолыг монгол хэлэнд хөрвүүлэх ажлыг эхлүүлээд байна.
  2. Дашчойлин хийд нь голдуу гэр бүл зохиосон 100 гаруй ламтай бөгөөд тэд төвөд хэл, англи хэл үзэж, зарим зан үйлүүдэд суралцан Лам-рим, чойрын номноос бага зэрэг судалдаг. Гандантэгчэнлин хийдийн хамба нь Монголын шинээр байгуулагдсан 120 сүм хийдийн удирдах бус бүтцийн тэргүүнд тооцогддог. Харин Дашчойлин хийд үүнээс тусдаа байдаг.
  3. Эрдэнэ зуу хийд 40 лам хуврагтай бөгөөд тэдгээрээс ердөө тав нь гэр бүлгүй, бүрэн сахилтай лам юм. Бусад нь гэр бүлтэй, өдөр бүр 11.00 – 15.00 цагийн хооронд хурал, ерөөл хурахаар ирж, дараа нь гэр бүл рүүгээ явдаг. Лам нар төвөд загвар бүхий Дэчэн Янгцэ лабранг зөвхөн ашиглах бөгөөд хятад загварын гурван сүм нь одоо хэр нь музейн үүргийг гүйцэтгэж байна. Сэра Мэй хийдийн Шэраб Зангпо гэвшийн хойд дүрээр тодорсон 31 настай Франц иргэн Мили Ринбүүчи одоогоор Эрдэнэ зуу хийдэд сууж байна. Хийдийн лам нар зан үйл үйлдэн хурал хурахаас өөр ямар нэг сургалт авдаггүй мэт санагддаг учраас тэрээр тэдэнд Ламын тавин бадагтаас (Багшийг шүтэх тавин бадагт, төвд. Lama Nga-chupa) заах болсон. Монгол лам нар түүнийг их хүндлэх бөгөөд тэрээр Ринбүүчи учраас түүний сургаалыг сайтар сонсоно. Гэвч тэрээр өөрөө маш бага зүйл суралцсан байдаг. Түүний багш Гангчэн Ринбүүчи бөгөөд тэрээр түүнийг Монголд авчирч Ринбүүчи хэмээн танилцуулсан байна. Гангчэн Ринбүүчи нь маргаантай сахиус болох Шүгдэн сахиусыг голлон дэмжигчдийн нэг юм. Олон шинэ хийдүүд Мили Ринбүүчийг хийдийнхээ хамба болохыг хүссэн боловч тэрээр татгалзсан байдаг.      
  4. Шанхын хийд 53 лам, нэг хуучны, хоёр шинэ сүмтэй. Лам нар тарнийн зан үйл үйлдэж, ерөөл хурдаг.   
  5. Амарбаясгалант хийдийг саяхан сэргээн засварласан. Өмнөх дүрийн Гонсар Ринбүүчи хийдийн хамбаар 40 жил суусан байдаг. 1993 онд одоогийн Гонсар Ринбүүчи шинэ хамбаар суусан бөгөөд тэрээр мөн Шүгдэн сахиусын гол дэмжигч юм.
  6. Улаанбаатарын гадна Зуун модод Манзушир хийд музейн зориулалтаар нээгдэв.
  7. Мэн-па дацан арав орчим оюутантай, эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тэд сүм, анагаахын сургууль, эмнэлэг, албан тасалгаа бүхий нэг цогцолборыг барихаар ажиллаж байна.
  8. Өмнө нь нэг төрлийн коммунистуудын гар хөл болж байсан байгуулга болох Энх тайвны төлөөх Азийн Бурханы шашинтны чуулган нь ихэнх санхүүжилтээ алдсан бөгөөд Японд байрлах салбараасаа үзүүлэх багахан санхүүжилтээр ойр жижиг хэмжээний хөтөлбөрүүдийг явуулж байна.      
  9. Энэтхэг улсаас Монгол улсад сууж буй элчин сайд Бакула Ринбүүчи 1992 онд Нацагдоржийн нэрэмжит Хотын номын санд хувийн Бакула шашны сургуулиа нээсэн бөгөөд нийт байсан 42 оюутны арав нь Энэтхэгт суралцахаар явж, мөн монгол хийдүүдээс ирсэн өөр нэг хэсэг хорин оюутантайгаар шашныхаа сургалтыг үргэлжлүүлэн явуулж байна. 15 – 20 насны оюутнууд нь төвөд хэл, уйгаржин монгол бичиг, англи хэл, гар бичмэлд суралцан мөн лам болох бэлтгэл болгон анхан түвшний шашны сургаалуудыг үзэж байна. Тэдгээр хөвгүүд бүгд гэцэл сахилтай лам болохын өмнөх шат болох Барма Рабжун (Дунд түвшний гэргийтэн сахилтнууд) сахилтай бөгөөд үүнийг Бакула Ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламын зөвшөөрөлтэйгөөр Ладакт уламжлал болгон эхлүүлсэн байдаг. Ийнхүү тэдгээр хөвгүүд гэргийтний гэнэн сахилыг бүрэн сахих бөгөөд бэлгийн амьдралыг бүрэн тэвчиж, орхимж өмсөж, нэрээ солино. Мөн гэр бүлтэйгээ амьдрахгүй, архи, тамхи хэрэглэхгүй. Энэтхэгээс морилсон Чагдо Ринбүүчи одоогоор тус сургуульд багшилж байна.        
  10. Бакула Ринбүүчи мөн хоёр аймгаас ирсэн эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэй хуврагуудын хоёр хийд, гэргийтэн эмэгтэйчүүдэд зориулсан нэг төв болох Гэнэнма төвийг байгуулсан. Үүнээс урд Монголд эмэгтэй хуврагын уламжлал гэж байгаагүй. Одоогоор арван нэгэн эмэгтэй гэцүлма байгаагийн дөрөв нь бага настай.

Номлогчид

Эдийн засгийн хямрал, архидан согтуурах үзэгдлийн хажуугаар Монголд тулгараад буй өөр нэг том асуудал бол дээрэнгүй америк Мормон болон Баптист номлогчдын урсгал болоод байна. Тэд эхэлж англи хэл заахаар ирж байгаа бөгөөд дараагаар нь мөнгө болон хэрэв гэр бүлүүд шашинд орвол хүүхдүүдийг нь Америк сургахыг санал болгож байна. Есүс болон Христийн шашны тухай монгол хэл дээр бичсэн, өнгө үзэмж сайтай товхимол үнэгүй тарааж, кино үзүүлэх болов. Бурханы шашинтнууд ердөө өрсөлдөх боломжгүй байна. Орчин цагийн монгол хэл дээр хэвлэгдсэн Бурханы шашны тухай нэг ч ном байхгүй, тэдгээр нь зөвхөн уйгаржин монгол бичиг дээр байх бөгөөд орчин цагийн бичигт буулгах хүн, хэрэв буулгасан тохиолдолд тэдгээрийг хэвлэх мөнгө байхгүй байна. Ийм байгаа учраас залуу хүмүүс, сэхээтнүүд Христийн шашинд татагдаж байгаа бөгөөд тэд түүнийг орчин үетэй холбож байна. Гандан хийдийн хамба III Далай ламын “Тунгаамал алт” лам-рим бүтээлийг орчин цагийн монгол хэлэнд буулгахаар хүчин чармайлт гаргаж байгаа нь энэхүү сорилтыг давах эхлэл болж байна.

Top