Нгондро бүтээл болон бэлтгэл бүтээлүүдийн өмнө юу хийх хэрэгтэй вэ?

Жишиг нгондро зэхэл бүтээлүүд болон ямар ч бясалгалын үеийн эхэнд хийх зургаан бэлтгэл бүтээлийн аль аль нь аврал одуулах (аюулгүй зүг гаргах) болон өөрийн бодь сэтгэлийг дахин бататгахыг багтаана. Гэвч хэрэв бид энэ хоёр бүтээлийг эхэнд нь хийх ёстой бол аврал болон бодь сэтгэлийг урд нь төрүүлээгүй байтал хэрхэн тэдгээрийг хийх вэ? Энэ асуулт. 

Түүхэн нөхцөл 

Зургаан бэлтгэл бүтээлд хэрхэн хандаж, тэдгээр нь зам мөрийн тухай лам-рим эх зохиолуудад байх шаталсан зам мөрүүдийн үнэндээ хаана орохыг харьцуулан үзэх сонирхолтой байдаг. Ердөө нэг лам-рим зохиолд нэг байдлаар үзүүлсэн байх нь тэр нь чухам тохирох тэр хэлбэр байж, “Энэ ийм байх ёстой” гэж түүнийг баримтална гэсэн үг биш. 

Хэрэв бид Богд Зонховын лам-рим сургаал, Их бодь мөрийн зэргийг (Lam-rim chen-mo) авч үзэх юм бол тэрээр эхэлж Номын багштай тогтоох зөв харилцааны талаар үзүүлж, дараа нь эдгээр зургаан бэлтгэл бүтээлүүдийг – бясалгалын өрөөгөө цэвэрлэх, тахилаа тавих, зөв суух гэх мэтийг – үзүүлсэн. Богд Зонхов эдгээр зургааг багштай холбоотой өөрийн ойр холбоог хадгалах нэг хэлбэр болгон үзүүлсэн. Гэвч бид Богд Зонховын лам-рим сургаалаа заасан тэр нөхцөлийг харах хэрэгтэй. Нөхцөл нь өмнө нь зам мөрийн үе шатуудыг бататгадаг тарнийн авшгийн нөхцөл байсан. Тэгэхээр энэ нь аль хэдийн Номын багштай харилцаа тогтоосон байсан эрэгтэй, эмэгтэй хуврагуудад, тэр үед голлон эрэгтэй хуврагуудад зориулсан байсан. Тэгэхээр эхэлж багштай холбоотой харилцааг үзүүлсэн нь тэр нөхцөлийн хүрээн дэх зүйл – та аль хэдийн нэг багштай болсон байх ба одоо та тус багшаас авшиг хүртэж байгаа явдал, энэ тохиолдолд, энэ түүнийг хэрхэн хийх хэлбэр. 

V Далай лам өөрийн лам-рим зохиолдоо, Зам мөрийн зэрэглэсэн үе шатууд: Манзуширын хувьд нь хүртээсэн зөвлөгөө (Lam-rim ‘jam-dpal zhal-lung) (Манзуширын нигуураас гарсан эш номлол) зохиолдоо, лам-римын энэ бүхий л үйл явцыг эхлэхийн өмнө аюулгүй зүг буюу аврал болон бодь сэтгэлийг аль хэдийн төлөвшүүлсэн байх нь үнэхээр маш чухал хэмээн дурдаад, Богд Зонховын дарааллыг – багштай тогтоох харилцаа, түүний дараа эдгээр зургаан бэлтгэл бүтээлийг хийх дарааллыг баримталсан. Энэ талаар бодож үзэхэд, энэ бүрэн утга учиртай байх ба учир нь бэлтгэл бүтээлүүдийн нэг нь аврал одуулж, бодь сэтгэлийг бататгах явдал байх бөгөөд иймд хэрэв та аль хэдийн түүн дээр ажиллаагүй бол та хэрхэн тэдгээр сэтгэлийг төрүүлж болох вэ? 

 V Далай лам эдгээр эх зохиолуудыг бичсэн олон өөр их мэргэдийн дундаас хамгийн практик хандлагатай нь байсан байх, практикт, бодит амьдралд нийцсэн хандлагатай. Тэрээр Номын багштай холбоотой харилцааны талаарх яриандаа, эхэлж та багшийн сул талыг харах хэрэгтэй, ингээд энэ талаар бодит хандлагатай байж, түүнийг үгүйсгэхгүй байна, тэд бүгд төгс биш – гэвч түүн дээр төвлөрч, тэр талаар гомдоллох нь тусгүй гэж хэлсэн. Та сул талууд дээр нь төвлөрч, гомдоллосноор урам зориг авахгүй. Ингээд та эерэг чанарууд руу нь хандана. Тэгэхээр, “Тэд бүгд Бурхад, иймд тэдний хийх бүх зүйл төгс” гэх энэ хандлага биш. Энэ нэлээд мэдлэг, туршлагагүй явдал болж болно. Багш Бурхан байх тухай энэ санаа нэг бодит хандлага бүхий нөхцөлд тохирох ёстой бөгөөд бид ингэж харах зорилго юу болох мөн энэ үзлийн суурь нь юу болохыг ойлгох ёстой.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өөрийг бүх Далай лам нарын үргэлжлэл гэдэгт үнэхээр итгэлтэй байдаггүй гэж хэлдэг. Тэрээр түлкү (хойд дүрийн лам) тодруулах тогтолцоог уламжлалт тогтолцооноос маш, маш өргөн хүрээнд тайлбарладаг. Гэвч Дээрхийн гэгээн өөрийг V Далай лам болон XIII Далай лам нарын үргэлжлэл гэж түүнд санагддаг гэж хэлдэг. Тэдний маш практик арга нь түүний дотоод мэдрэмжээрээ дагадаг зүйл. 

V Панчэн лам өөрийн лам-рим зохиол болох Зам мөрийн зэргэлсэн үе шатууд: Түргэн мөр (Lam-rim myur-lam) зохиолдоо – тэгэхээр энэ нь V Далай ламын дараа (IV Панчэн лам V Далай ламын багш байсан) – зургаан бэлтгэл бүтээлийг эхэлж оруулан, дараа нь Номын багштай холбоотой харилцааг оруулсан. Тэрээр лам-рим сургаалын үе шат бүр дээр хэрхэн бясалгах талаар нэлээд өргөн тайлбарыг өгсөн ба ийм учраас та бэлтгэл бүтээлээр эхэлнэ, учир нь энэ нь бясалгалын нэг үеийг хэрхэн эхэлдэг тэр хэлбэр. Ингээд лам-рим дахь бататгах эхний сэдэв нь Номын багштай холбоотой харилцаа байна. 

Төвөдийн бусад уламжлалуудад тааралдах лам-рим сургаалтай ижил сургаалын тайлбаруудын заримд Номын багштай холбоотой харилцааны тухай сэдэв энэ бүх зам мөрийн сүүлд байгааг та олж харна. Дээрхийн гэгээн XIV Далай лам үүнийг илүү дээр гэж үздэг. Энэ нь буруу ойлголт, будилах байдал, зарим тохиолдолд, буруугаар ашиглах явдал гарах боломжийг багасгана. V Далай лам энэ санааг та энэ бүхий л лам-рим сургаалын үйл явцыг эхлэхийн өмнө аль хэдийн аврал одуулж, бодь сэтгэл үүсгэсэн байх хэрэгтэй гэж хэлэхдээ илэрхийлсэн байдаг.  

Энэ бага зэрэг түүхэн нөхцөлийн талаар байлаа, гэвч энэ нь олон өөр бүтээлүүдтэй холбоотойгоор тэдгээрт хэрхэн орох тухайд, ялангуяа Номын багштай холбоотой харилцааны хувьд тодорхой ойлголт өгнө гэж би бодож байна. V Далай ламын тайлбарын санаа нь та жинтэй бүтээлд бодитой орохын өмнө эдгээр сургаалууд дээр ажиллаж аль хэдийн нэг зөв сэдэлтэй болсон байх хэрэгтэй гэсэн санаа. Үгүй бол, таны сэдэл юу байх вэ? Энэ нэлээд ертөнцийн болох байх (хэрэв бид энэ үгийг хэрэглэж болох бол). Гэвч зарим хүмүүсийн хувьд ердөө багшийн жишээнээс төрөх асар их урам зориг хангалттай байна – түүний адил болох хүсэл эрмэлзэл эдгээр бүх зэхэл бүтээлүүдээр эхлэхэд хангалттай байна. Гэвч үүний нэг аюул нь, мэдээж, урам зориг нь багшийн бодит сайн чанаруудтай үнэндээ холбоотой гараагүй, өөрийн ойлголтыг багш дээр тусган харах, шавийн төсөөллөөс гарах явдал байна. 

Бүтээл хийхийн өмнө сэтгэлийг тайвшруулах 

Олон хүмүүс “Тэгэхээр, би Бурханы шашны зарим бүтээл хиймээр байна. Эхэлж би юу хийх нь дээр вэ?” гэж асуудаг. Ингээд олон хүмүүс “Тэгэхээр, ердөө тайван суугаад амьсгал дээрээ төвлөрч, ингээд ердөө өөрийн олон бодлууд болон сэтгэл хөдлөлүүдийг анзаарна, ингэснээр, та өөрийн сэтгэлийг илүү сайн мэднэ” гэсэн заавар өгнө. Тэд амьсгал дээр нам гүм сэтгэлээр төвлөрөхийг зөвлөдөггүй, учир нь ихэнх хүмүүсийн хувьд, сэтгэлийг нам гүм байлгах нь хэтэрхий хэцүү байдаг.     

Орчин үед ихэнх хүмүүс өөрийн iPod-оор тасралтгүй хөгжим сонсон явах болсон. Тэд ердөө ганцаараа байж, бодлоо шалгаж үзэх ямар ч хором хэзээ ч авдаггүй. Тэдний анхаарал үргэлж нэг зүйлд сарниж байх ёстой болдог. Эсвэл тэд гэртээ байвал радио эсвэл ямар нэг төрлийн хөгжим, эсвэл зарим тохиолдолд зурагт нь асаалттай байх ёстой болно. Тэд сэрсэн цагаасаа хэлэн унтах хүртлээ түүнийг асаалттай байлгана. Миний нэг авга эгч өрөөндөө зурагтаа өдрийн хорин дөрвөн цаг асаалттай байлгадаг. Энэ түүнд унтахад нь хэрэгтэй байдаг бөгөөд хэрэв тэр шөнийн турш түүнийг асаалттай байлгавал шөнө бага зэрэг сэрэх үед тэрээр зурагт асаалттай байвал түүнд тухтай санагддаг. Энэ талаар бодож үзэхэд энэ үнэхээр гайхмаар. Тэгэхээр ердөө хөгжимгүйгээр сэтгэлийг тайвшруулж, амьсгал дээр төвлөрөн өөрийн бодлууд зэрэг юу байгааг, мөн таны сэтгэл үнэндээ ямар байгааг анзаарах – тэд хөгжимд сарних эсвэл түүнд нөлөөлөгдөхгүй байх үед – энэ олон хүмүүсийн хувьд нэлээд их зүйлийг харуулсан, нүд нээсэн зүйл байна. 

За тэгэхээр, энэ нь олон хүмүүст хийж эхлэхийг зөвлөдөг нэг арга. Үнэндээ, цаг хугацаа өнгөрөх хэрээр энэ нь хийх хэрэгтэй илүү, илүү чухал бүтээл болно. Учир нь хүмүүсийн цаг үргэлж сонсдог зүйл нь ердөө хөгжим биш, зөвхөн залуу хүмүүсийн хувьд биш, бүх насны хүмүүсийн хувьд, энэ нь мөн гар утсаараа цаг үргэлж зурвас илгээх, цаг үргэлж гар утсаараа Нүүр ном, Жиргээнийхээ мэдээллийг шалгах – энэ бүх бусад зүйлүүд зэрэг явагдана – ямар нэг зүйлээс хоцрох вий гэсэн эмээх сэтгэлээр, таны найз өглөөнийхөө цайнд юу уусныг мэдэх нь үнэхээр чухал байна. 

Нью Йорк хотын нэг их сургуульд профессор хийдэг миний нэг найз саяхан над дээр зочилсон. Тэрээр оюутнуудад гурван цаг үргэлжлэх нэг семинар ордог бөгөөд мэдээж тэднийг гар утсаа үүдний дэргэдэх ширээн дээр үлдээхийг шаарддаг гэсэн. Учир нь хэрэв тэгэхгүй бол Америкийн их сургуулиудад юу болдог вэ гэхээр оюутнууд лекцийн турш зурвас илгээнэ. Сэтгэхүй нь “ Би ямар нэг зүйл туулж мэдрэхгүй байна, би ямар нэг сэтгэл хөдлөл эсвэл өөр ямар нэг зүйл мэдрэхгүй байна, хэрэв түүнийг зурвасаар бичихгүй бол” гэх байна хэмээсэн. Миний найзын хэлсэн зүйл нь, оюутнууд гартаа утсаа бариагүй тул танхимд ихээхэн дарамт үүсэх ба тэрээр цаг тутам оюутнуудад таван минутын зурвас бичих завсарлага өгөх ёстой болдог гэсэн юм. Энэ нь тамхи татах, бие засах завсарлага биш; энэ зурвас бичих завсарлага. Зурвас бичих нь одоо тамхи татах эсвэл бие засахаас илүү чухал болоод байна. Энэ маш харамсалтай, энэ нь Бурханы шашны нэг том, том сорилт болно – тасралтгүй урсах мэдээлэл болон хүмүүсийн тэмүүлсээр, улмаар хэт автдаг сэтгэл сарниулах зүйлүүдэд автах энэ байдлаас ямар нэг байдлаар гарахад нь хүмүүст туслах. 

Тэгэхээр нэг эхлэх бүтээл болгон, ердөө сэтгэлийг тайвшруулан, амьсгал дээрээ төвлөрч, өөрийн сэтгэлд юу ч орж ирсэн түүнд ердөө таатай байх нь – нэг утгаараа, өөрийг мэдэх нь (хэдийгээр энэ нь үүнийг илэрхийлэх маш дуалист хэлц хэдий ч) – тустай. Хэрэв бид нэг зэхэл бүтээлийн талаар ярих гэж байгаа бол амьсгал дээр төвлөрөх нь хэн нэгэнд 100,000 мөргөл хийхийг зөвлөхөөс хамаагүй өмнө байх ёстой болно. Хэрэв тэд 100,000 удаа мөргөх ёстой болж, мөргөх удаа бүр тэнд гар утас нь байж, тэд ямар нэг зүйл ирснийг шалгах ёстой болбол тэд үнэхээр хэцүү болно. Энэ утгагүй, гэвч хэрэв та өнөө үед дэлхий дахинд төлөвшиж байгаа сэтгэлгээний талаар бодож үзэх юм бол энэ үнэндээ нэг ноцтой асуудал. Хэрэв та гартаа гар утсаа бариагүй байж, юу ирснийг цаг үргэлж шалгаж, “Өө, би сая доош бөхийн, миний өвдөг өвдлөө. Би үүнийг хэн нэгэнд илгээж, Жиргээн дээр тавьснаар бүх ертөнц үүнийг мэднэ” гэсэн сэтгэгдэл бичихгүй бол тэвчиж чадахгүй, огтоос байж чадахгүй болбол хэрхэн та нэг нухацтай бүтээлийг удаан хугацаагаар хийж чадах вэ?      

Бурханы шашин түүхийнхээ туршид олон өөр нийгэмд, хүмүүсийн хэрэгцээ шаардлага, хүмүүсийн сэтгэхүйд нийцэн дэлгэрч ирсэн. Миний бие ирээдүйд, ойрын ирээдүйд – үнэндээ, одоо – Бурханы шашин болон ялангуяа бидний одоо ярилцаж байгаа эдгээр зэхэл бүтээлүүд тэдгээр асуудлуудтай ямар нэг байдлаар тохирох ёстой болно гэж боддог. Учир нь зэхэл бүтээлийн зорилго юу байдаг вэ? Энэ нь саадуудыг арилгах. Тэгэхээр, энэ бүх зурвас илгээх, олон нийтийн сүлжээ болон тасралтгүй үргэлжлэх iPod-ын хөгжмөөр төлөвшиж байгаа зүйлтэй холбоотой нэг том саад байна. 

Бид ялгах ухааны (shes-rab, санс. пражна) талаар ярих үед – гол төлөв билгүүн гэж орчуулагддаг зүйл, энэ нэлээд бүрхэг үг – ялгах ухаан нь: юу тустай болон юу гэм хортойг ялгах, хүмүүс хэзээ гар утсаа асаах болон хэзээ түүнийг унтраах, хэзээ энэ нь тустай (учир нь бид олон нийтийн сүлжээ болон гар утасны мессеж үйлчилгээг тустай гэдгийг үгүйсгэж болохгүй) болон хэзээ саад болохыг ялгаж сурах хэрэгтэй. Хэрэв та энэ ялгах ухааныг төлөвшүүлэхгүй бол тэр үед энэ маш хэцүү. Та ялгах ухааныг хэрхэн төлөвшүүлдэг вэ? Сургаалд энэ маш тодорхой байна: үүний тулд танд төвлөрөл хэрэгтэй, төвлөрөлд танд сахилга бат хэрэгтэй, тэгэхээр гурван суртгаал (ёс суртахуун, төвлөрөл, билгүүн), гурван дээд суртгаал. Үүнийг сургаалд, хэрхэн хийхийг, маш сайн үзүүлсэн байдаг. 

Эдгээр бэлтгэл бүтээлүүд сахилга бат төлөвшүүлэхэд маш, маш тустай. Гэвч би олон нийтийн сүлжээнд үнэхээр нэлээд автсан хүмүүс эдгээр бүтээлүүдээр бүр, бүр хамгийн эхэнд эхэлж үнэхээр болохгүй гэж би бодож байна. Тэд үүнийг хийж чадахгүй болов уу. Тэгэхээр, эхлээд танд үүний өмнө ямар нэг зүйл хэрэгтэй гэж би бодож байна. Амьсгал дээрээ төвлөрч, ердөө өөрийн бодлуудтай хамт байхыг хичээх нь нэг эхлэл байх болов уу. Гэвч нэгэнт та тийм их тавгүйтэхгүйгээр түүнийг шийдвэрлэж чаддаг болбол тэр үед эдгээр бэлтгэл бүтээлүүдийн зохион байгуулалт маш тустай байна. 

Эхлэн суралцагчийн хувиар зургаан бэлтгэл бүтээлийг хийх нь 

Ингээд бид асууна: Гэвч V Далай ламын үүний эсрэг байр суурийн тухайд юу байх вэ? Хэрэв та өмнө нь аль хэдийн ажиллагаагүй бол эдгээр зургаан бүтээлийн нэг болох аврал одуулж, бодь сэтгэл үүсгэхийг хэрхэн хийж болох вэ? Тэгэхээр энэ нэг тойрог зүйл, тийм биш гэж үү? Танд аврал болон бодь сэтгэл дээр бясалгахад эдгээр бэлтгэл зүйлүүд хэрэгтэй, гэвч эдгээрийг хийхийн тулд танд аврал болон бодь сэтгэл хэрэгтэй. Энэ нь нгондро, зэхэл бүтээлүүд дээр гардаг ижил асуудал. Хэрэв та аврал болон бодь сэтгэл төлөвшүүлээгүй бол Аврал болон бодь сэтгэлийн ерөөлийг 100,000 удаа давтан унших нгондро бүтээлийг хэрхэн хийх вэ? Тэр үед та ердөө үгсийг давтаж буй болно. Хэрэв танд Бурхан, Ном, Хуврагийн чуулганы – Гурван эрдэнийн – талаар ямар нэг ойлголт байхгүй бол та мөргөлийг юунд хийх вэ? Хананд уу? Зурагт уу? Юунд, гэж хэлэх гэсэн юм. Тэгэхээр бид үнэндээ аврал болон бодь сэтгэл төлөвшүүлэхийн өмнө эдгээр бэлтгэл бүтээлүүдэд хэрхэн орох талаар бага зэрэг илүү гүнзгий бодох ёстой. Эдгээрийг шийдвэрлэх эхлэн суралцагчдад үнэндээ тохирох арга бий юу? 

Миний бие Номын хялбарчилсан хувилбар болон Номын жинхэнэ хувилбар хоёрын хоорондын ялгааг гаргадаг. 

Эхэндээ Номын хялбарчилсан хувилбар – энэ маш тустай, учир нь энэ ихэнх хүмүүсийн байдаг түвшин – ердөө энэ насны амьдралын зүйлүүдийг сайжруулах зорилготой. Маш сайн. Энэ шаардлагатай. 

Жинхэнэ Ном нь лам-рим. Та үнэндээ ирээдүйн төрлүүдээ сайжруулахаар (муу төрөлд төрөхгүй), дахин төрлөөс чөлөөлөгдөх болон гэгээрэлд хүрэхээр (та хүн бүхэнд дахин төрлөөс гарахад нь тусалж чадна) ажиллана. Энэ бол жинхэнэ утга нь, энэ насны амьдрал биш. 

Мэдээж мөн аврал болон бодь сэтгэлийн хялбарчилсан хувилбар болон жинхэнэ Номын утгын хувилбар байна. Тэгэхээр бид үүнийг Номын хялбарчилсан хувилбарын түвшин дэх хүмүүст хэрхэн тохируулж болох талаар шинжилж, бодох хэрэгтэй. Учир нь идеалист байж “За, хүн бүр үнэхээр гүнзгий түвшинд байгаа, хүн бүр энэ зүйлийг чин сэтгэлээс үнэхээр хийнэ” гэх мэтээр бодох нь бодит байдалд нийцэхгүй. Энэ өөрийг хуурч буй хэрэг гэж би бодож байна. Эхлэлгүй сэтгэлийн (урд болон хойд төрлийг илэрхийлэх) талаарх ойлголтод бүрэн итгэх болон сэтгэлийн мөн чанарын, эхлэлгүй, энэ нь гэтлэхүй, гэгээрэлд хүрэх боломжийг бий болгох чанарын талаар хангалттай гүн ойлголттой болоход асар их хичээл, дүн шинжилгээ шаардлагатай гэж би боддог. Хэрэв та гэтлэхүй, гэгээрэлд хүрэх боломжтой гэж итгэхгүй байгаа бол та түүнд хэрхэн зорих вэ? Тэгэхээр та юу хийх хэрэгтэй вэ? Зэхэл бүтээлүүд. Бэлтгэл бүтээлүүд. Та үүнтэй холбоотой “Энэ хэнд хэрэгтэй юм бэ? Ердөө энэ насны амьдралаа сайжруулахыг хичээцгээе” гэх сэтгэлийн хаалтуудыг даван гарах ёстой. Энэ бол илүү гүнзгий явахад гарах нэг том сэтгэлийн хаалт, тийм биш гэж үү? Тэгэхээр бид үүнийг үнэхээр гүнзгий харах хангалттай нээлттэй сэтгэлтэй байж, зарим эерэг хүчийг бий болгох ёстой бөгөөд, тэгснээр, энэ нь нэг утгаараа биднийг зөв зүгт хөтөлнө.       

Баттай зүйл нь эдгээр бэлтгэл бүтээлүүд тустай – Ном сургаалд үргэлж хэрэглэгддэг тэр хэллэгийг би хэрэглэе – эхэнд, дунд, эцэст. Ойлгож байна уу? Зөвхөн эдгээр бэлтгэл бүтээлүүд төдийгүй мөн нгондро бүтээлүүд бас – эхэнд, дунд, эцэст тустай. Тэгэхээр эдгээр зургаан бүтээлийг Ном сонирхож байгаа хүмүүсийн өнөөгийн аягийн үүднээс, нэг практик түвшинд, бодит байдалд нийцүүлэн хэрхэн хэрэглэж болохыг харж, дүгнэн шинжилж, бодож үзэхийг хичээх хэрэгтэй.                                                        

Top