Номоор дамжуулахаас илүү өргөн хүрээнд уншигчдад хүргэх боломжтой цахим хуудас эхлүүлэх болсон нь
Энэ жил 2004 он, www.berzinarchives.com цахим хуудсыг эхлүүлснээс хойш хоёр жил хагас гарантай хугацаа өнгөрсөн байна. Үүний цаад дахь санаа нь би өөрийн амьдралыг өөр ямар нэг зүйл хийлгүйгээр зөвхөн Бурханы шашны сургаал, номонд суралцаж, бүтээхэд зориулсан явдал байсан бөгөөд одоогоор амьдралынхаа нийт 42 жилийг түүнд зориулсан байна. Би хэд хэдэн ном бичиж – номыг бэлдэхэд маш, маш урт хугацаа ордог – редакторуудтай ажиллаж байсан боловч түгээлт нь тааруу, миний номнууд тааруу зарагдсан. Тэдгээр номнууд олон уншигчдад хүрээгүй. Олон уншигчдад хүрэх хамгийн сайн арга цахим хуудас байсан бөгөөд орчин цагийн нэг сурах хэв маяг болсон мэдээллийн шинэ хэрэгсэл түүнийг ашиглах нь зүйтэй мэт санагдсан.
Гар бичмэлээс эхлэн улмаар хэвлэсэн ном ашиглах болсны адил одоо бид суралцах өөр нэг арга буюу интернеттэй болсон. Хэдийгээр цахим хуудас маань интернетийн интерактив талыг бүрэн ашигладаггүй ч цахим хуудсаар дамжуулан хэвлэмэл номын хувьд боложмгүй өөр илүү олон зүйлийг хийх боломжтой. Та тодорхой нэг сэдвүүдтэй холбоотой богино хэмжээний өгүүллүүд бичиж, байрлуулж болно. Ингээд хайлтын системээр дамжуулан тодорхой санаануудыг хайн хооронд нь холбож, хэрхэн тэдгээр нь уялдаж байгааг харах боломжтой. Энэ бол суралцах нэг шинэ хэлбэр.
Энэхүү суралцах шинэ хэв маяг Бурханы шашны сургаал, номыг ойлгоход бидэнд хэрэгтэй тэр зүйлд маш тохиромжтой байдаг. Сургаал, номын үнэхээр олон хэсгүүд байх бөгөөд тэдгээр нь үнэхээр олон хэв маягаар хоорондоо уялддаг. Интернет хэрэгсэл үүнд үнэхээр нийцтэй. Учир нь та тэндээс тэдгээр уялдуулах бусад хэсгүүдийг олж, өөрийн уншиж байгаа зүйлтэй холбохыг оролдох боломжтой.
Ирээдүйд тохиолдох нь тодорхой зүйлүүдийн хувьд бид бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь маш чухал бөгөөд интернетийн хувьд энэ нь улам бүр гүнзгийрэн хөгжих нь мэдээж хэрэг. Хэрэв бид сургаал, номыг ирээдүйн үеийнхэнд уламжлагдан үлдэхийг хүсэж байгаа бол түүнийг бид энэ төрлийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах хэрэгтэй. Энэ бол интернетийг номыг номын тавиур дээр хадгалдгийн адил түүнийг ердөө нэг номын сан болгон ашиглах гэсэн үг бус. Сургаал номтой холбоотой илүү их хийж болох зүйл бий.
Энэтхэгээс баруунд маш их хэмжээний материалтай буцан ирсэн нь
Энэтхэгт 29 жил амьдарсны дараагаар 1998 онд энэхүү цахим хуудсаа ажиллуулах зэрэгт илүү сайн нөхцөлтэй байх үүднээс би баруунд нүүн ирсэн; Энэтхэгт үүнийг хийх нэлээн хэцүү байлаа. Ингээд би өөрийн амьдралын туршийн ажил болох маш их хэмжээний материалтай баруунд буцан ирж, түүнийг Берзиний архив гэж нэрлэсэн юм.
Энэтхэгт байх хугацаандаа би өөрийн сонссон сургаал бүрийн нарийвчилсан тэмдэглэлийг хийсэн байсан. Өөрийн судалсан бүхий л эх зохиолуудын тойм орчуулгыг бас хийсэн байсан бөгөөд мөн Сэркон Ринбүүчи болон Дээрхийн гэгээн Далай лам нарын айлдварыг орчуулсан орчуулгын бичигт буулгасан болон хальсанд бичсэн олон сургаалууд надад байсан. Мөн миний өөрийн орчуулсан эх зохиолууд, тавьсан лекцийн бичлэг гэх мэт өөр хэдэн зуун материалууд бас байлаа. Тэд бүгдээрээ 30,000 гаруй хуудас материал болж байсан – энэ бол нэлээд их тоо – үүнд хальсанд бичсэн бичлэг ороогүй; бичлэгүүд түүнээс хэдэн арав дахин их болж байлаа.
Эдгээр материалуудын ихэнх нь гар бичмэл бөгөөд сэргээн бичигт буулгах амаргүй байдаг. Мөн нэг тайлбар толь бэлдсэн байсан нь маш том үгийн сантай. Түүний дээр төвөд он тооллыг барууны тоололд шилжүүлэх, мөн төвөд зурхай зурлагын тооцооллыг гаргах нэг компьютер программын алгоритм бэлдсэн байсан. Төвөдийн Бурханы шашны дөрвөн уламжлал, Төвөдийн соёлын олон талууд төдийгүй түүний түүх, зурхайн ухаан, анагаах ухааны талаар бичсэн материалууд бас байв. Би Төв Азийн улс төрийн түүх, Төвөд, Төв Ази, Монголын Бурханы шашны түүх, мөн Бурханы шашинтай харилцаатай байсан төв азийн бусад шашнуудын талаарх нийт 1200 хуудас бүхий англи, франц, герман, орос хэл дээрх ном, өгүүллийг уншсан маш дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлсөн байсан – би орос хэл мэдэхгүй харин надад үүнийг өөр нэг хүн хийж өгсөн байлаа. Дэлхийн олон орны номын сан, их дээд сургуулиудаар зочлох үеэр тэдгээр зохиол бүтээлүүдийг олоход би маш их хүчин чармайлт гаргасан байдаг. Мөн Турк, Йордан, Египет, Узбекистан, Казахстан болон бусад Төв Азийн орнуудын эрдэмтэдтэй хийсэн ярилцлагын бичлэгүүд байлаа. Ингээд хэрэв эдгээр материалуудтай холбоотой ямар нэг зүйл хийхгүй бол намайг нас эцэслэх үед тэд бүгд шууд хог болж хаягдана. Би ийм зүйл болохыг хүсэхгүй байлаа.
Надад Дээрхийн гэгээн Далай лам, түүний багш нар зэрэг хамгийн сайн багш нартай, ердөө нэг энгийн гэвш бус хамгийн сайны сайн багш нараас суралцах гайхалтай боломж, тусгай завшаан тохиосон юм. Тэгэхээр Дээрхийн гэгээнээс сонссон Номын маш гүнзгий ойлголтууд дээр тавьсан хувийн асуултын хариулт гэх мэт миний цуглуулсан материал бол маш үнэт.
Би энэ бүхнийг хадгалан, уламжлуулахыг хүссэн. Мэдээж би энэ асар том даалгаврыг энэ насандаа дуусгаж бараг амжихгүй боловч аль чадах боломжоороо түүнээс хийж, намайг явсны дараа тэр нь үргэлжлэн ажиллах нэг тогтолцоо бий болгохыг хүсэж байгаа. Мэдээж би энэ тал дээр англи хэлийг голлохыг хүсэхгүй бөгөөд тийм ч учраас орос, польш, монгол, хятад гэх мэт олон өөр хэл дээр тэдгээрийг аль болох их хэмжээгээр боломжтой болгохыг хүсэж байна. Би үүнийг маш том төсөл гэж харж байгаа. Үүнийг улам бүр том болгох, өмнөх материал руугаа эргэж орохгүй харин үргэлж шинээр бичих нэг том хандлагатай болоод байгаа. Учир нь миний ойлголт үргэлж сайжран, өөрчлөгдөн, өсөн нэмэгдсээр байна.
Бурханы шашны сургаалыг тайлбарлан хүргэх хувьслын талаарх түүхэн үзэл хандлага
Хэрэв бид Бурханы шашны түүхэн хөгжлийг бүхэлд нь авч үзэх юм бол барууны сэтгэлгээний түүнд оруулах гол хувь нэмрийн нэг нь түүний өмнөх үеийн тайлбар зохиолуудаас өөр төрлийн нэг тайлбар зохиол гаргаж ирсэн явдал байх болов уу гэж би бодож байна.
Судрууд маш замбараагүй бичлэгтэй. Үнэндээ тэдгээр нь Бурхан багш шавь нарын хамтаар тодорхой нэг гэр бүлүүдэд үдийн хоолонд уригдан очихдоо тэдгээр гэр бүлийн хүмүүст эсвэл олон нийтэд зориулан айлдсан айлдварууд байдаг. Тэдгээр айлдварууддаа Бурхан багш тэдгээр гэр бүлийн хүмүүс болон өдрийн хоолонд байлцсан бусад хүмүүсийн хэрэгцээ шаардалагад тохируулан ойлголтын хувьд олон өөр түвшин, олон өөр үзэл баримтлалын үүднээс өргөн цар хүрээний сэдвүүдийг тайлбарласан байдаг.
Энэтхэг тайлбар зохиолууд нь тэдгээрийг энэрэн нигүүлсэх сэтгэл, мөнх бус, хоосон чанар, шашны зам мөр буюу сэтгэлийн төлөвшлийн үе шатууд гэх мэт тодорхой сэдвүүдэд хуваах маягаар тайлбарладаг. Харин төвөд мэргэд энэтхэг тайлбаруудыг хялбар болгох, тэдгээрээс суралцах үүднээс нарийвчилсан дэд гарчгуудыг нэмсэн байх ба тэдгээр энэтхэг тайлбарууд нь маш далд утгатай, олон өөр үзлийн үүднээс ойлгогдох боломжтой байдаг учраас төвөд болон монгол дамжлагын багш, мэргэд нар тэдгээр энэтхэг тайлбар зохиолуудын санааг илүү тодорхой тайлбарлахыг оролдсоор ирсэн.
Энэхүү хувьсалд оруулж болох барууны хувь нэмэр
Бурханы шашин одоо баруунд дэлгэрэх боллоо. Тэгэхээр бид ямар хувь нэмэр оруулж болох вэ? Өргөлийн өөр өөр эд зүйлс, хурал номонд зориулсан өөр хөгжмийн зэмсэг гэх мэт зүйлүүд нь өнгөц хөгжил, хувьсал байж болно – хэрэгтэй, гэвч өнгөц төдий. Эсвэл Төвөдийн нутаг усны уул, ойн савдаг гэх мэт ертөнцийн сахиусууд дээр энд Мексик эсвэл Бразилд байдаг өөр нэг бүлэг сахиусуудыг нэмэх үү – энэ тийм их чухал биш. Мэдээж та бүхэн тус бүс нутгийн бөөгийн уламжлалын тэдгээр газар усны эздийг нэмж болох боловч энэ мөн л маш өнгөц төдий хувь нэмэр байх болов уу.
Гэвч бидний оруулж болох нэг бодит хувь нэмэр бол хэв маягийг тодорхойлох, сэдвүүдийн түүхэн хөгжлийг харьцуулсан хэлбэрээр хөөж гаргах барууны арга байж болно гэж би бодож байна. Жишээ нь бид сэтгэлээс нэрлэх (сэтгэлээр нэрийдэх) гэх мэт тодорхой нэг сэдэв Энэтхэгийн Бурханы шашны үзэл сургуулиудад хэрхэн төлөвшиж ирснийг хөөж гаргаж үүднээс олон өөр үзэл тогтолцоонуудыг нэгтгэн авч үзэхдээ сайн. Барууны сэтгэхүй үүнийг хийхэд онцгой сайн бэлтгэгдсэн байдаг. Төвөдүүд сэтгэхүйгээ тийм маягаар хөгжүүлдэггүй. Төвөдүүд маш тодорхой нэг ойлголтон дээр мэтгэлцэх аргыг сургадаг. Таван төрлийн сэтгэхүйн хэлбэр байдгийн тодорхой нарийн нэг ойлголтыг сонгон авч түүний талаарх нэг гүнзгий ойлголтонд суралцах хэлбэрт мэргэшсэн байдаг бол баруунд бид хэв маягийг олох тэгш гүнзгий ойлголтонд суралцах хэлбэрт мэргэшсэн байдаг.
Барууны сэтгэлгээний энэхүү аргыг ойлгодог миний хувьдаа мэдэх нэг төвөд хүн бол Дээрхийн гэгээн Далай лам. Дээрхийн гэгээн Төвөдийн дөрвөн уламжлалыг ердөө тус тусад нь тайлбарлахаас илүүтэй тэдгээр нь хэрхэн хоорондоо нийцдэгийг ойлгох нэг нэгдсэн ойлголт гаргаж ирэхийг оролдсоор ирсэн. Гэвч Дээрхийн гэгээн маш олон тооны аргыг ойлгодог маш онцгой ухаантай. Тэгэхээр Дээрхийн гэгээний энэхүү асуудалд ханддаг хэв маяг нь барууны сэтгэхүйтэй бас адил биш, энэ өөр.
Баруунд, мэдээллийн энэхүү эрин зуунд бид Азийн орон бүрд хөгжсөн Бурханы шашны бүхий л өөр өөр төрлүүдтэй нүүр тулсан. Тэд бүгдийг одоо маш хялбар олж авах боломжтой байна. Тэгэхээр бид тэдгээрийг хэрхэн ойлгодог вэ? Энэ бол барууны сэтгэхүйн үүнийг шийдвэрлэхэд онцгойлон суралцсан тэрхүү чадварыг сорих сорилт: ерөнхий хэв маягийг олох.
Энэ бүх материалыг ойлгох нь ирээдүйд гарцаагүй хэрэгтэй зүйл. Учир нь илүү их мэдээлэл илүү их ихээр нээлттэй болно. Энэхүү бүхий л зөрчилдөх эдгээр олон мэдээллүүд нээлттэй болох үед Бурханы шашныг үнэндээ хүмүүс хэрхэн ойлгож, хэрхэн бүтээл болгож чадах вэ? Хэрхэн тэдгээрийг нэгтгэх вэ? Хаанаас эхлэх вэ? Тэгэхээр энэ бол барууны сэтгэлгээний Бурханы шашны түүхэн хөгжилд оруулахад хамгийн сайн тохирох маш чухал хувь нэмэр. Энэ бол миний багахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүсэж буй зүйл бөгөөд цахим хуудас бол түүнийг хийх нэг сайн хэрэгсэл.
Хойд төрөлдөө үзэх боломжтой материал бэлдэх нь
Өөрийн Бурханы шашны мэдлэг, бүтээлийн хувьд хэрэв бид өөрсдөө үнэхээр их орчлонгийн асуудалтай, бүхий л зүйл эмх замбараагүй байна хэмээн зөвхөн өөрийн хувийн хөгжил төлөвшилд энэ бүхнийг хийлгүй харин тодорхой нэг их хөлгөний сэдэлтэй, их хөлгөнтөн байхыг хичээвэл тэр нь маш тустай байх болов уу гэж би бодож байна. Үүнийг ердөө бидний ихэнхийн хувьд ямар ч утгагүй байдаг “Би энэ бүхнийг хамаг амьтны тусад хийж байна” гэсэн түвшинд үлдээхгүй байх хэрэгтэй. Тус цахим хуудасныхаа ажлыг харахдаа би энэ бол үнэндээ олон хүнд, зөвхөн энэ цаг үеийн хүмүүс төдийгүй ирээдүй хойч үеийнхэнд тустай гэж хардаг.
Ийм ойлголтын үүднээс бид лам-рим сургаалын бага төрөлхтний сэдлийн хүрээнд ирээдүйн олон төрлүүддээ тустай байх тухайд бодож болно. Хэрэв бид ирээдүйн төрлүүдээ сайжруулах сэдлээр энэ ажилдаа хангалттай хүчин чармайлт гаргах юм бол бид тус цахим хуудастай нэг үйлийн үрийн холбоо тогтоон тэгснээр хэрэв бид дараа төрөлдөө эрдэнэт хүний төрөлд төрөх хангалттай чөлөө учралтай бол бид тус цахим хуусдыг хялбар олж мэдэн, тэр нь Бурханы номонд дахин орох нэг арын хаалга болж үйлчилнэ. Бид мөн ийм сэдэлтэй тус цахим хуудсанд ажиллаж болно – энэ бол юутай ч миний хувьдаа боддог зүйл юм.
Бид дараагийн төрөлдөө хэр нухацтай бэлддэг вэ? Хэрэв бид үнэхээр Ном сургаалыг баримталдаг бол түүнтэй дахин холбогдох бодит ямар аргыг авах вэ? Энэ бол миний их боддог зүйл. Би бага төрөлхтний сэдлийг нухацтай авч үзэхийг хичээдэг. Иймд бага төрөлхтний сэдлийг аар саар эсвэл ялихгүй жижиг зүйл болгохгүй байхыг та бүхнээс хүсэх байна. Бид түүнийг хэр нухацтай авч үзэж, бидний сэтгэлд тэр нь хэр тусаж, бид түүний тухайд үнэхээр бодитой ямар нэг зүйл хийж байгаа эсэхийг нягталж үзэх хэрэгтэй.
Мэдээж энэ цахим хуудсанд ажиллахаас өөр ирээдүйн төрөлдөө бэлдэх олон өөр арга зам байгаа нь ойлгомжтой. Гэвч ямар нэг зүйл хийх нь чухал. Жишээ нь Номын төвд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж, бусад хүмүүс энд суралцах нөхцөл бий болгон, тэр дундаа хэрэв “хамаг амьтны тусад” хэмээн бодож түүндээ мөн бага төрөлхтний “Би бүхий л ирээдүйн төрлүүддээ эрдэнэт хүний төрөл олон Ном сургаалтай мөн үнэхээр эрдэм төгс багш нартай дахин дахин учирч байх болтугай” гэсэн сэдлийг багтааж байвал энэ нь гайхалтай хэрэг болно.
Атиша гэгээний үнэхээр эрдэм төгс багш нартай уулзахаар Суматра арал руу хийсэн маш хэцүү аялалыг бодох хэрэгтэй. Бусад хүмүүс ирж жинхэнэ үнэн зөв сургаал сонсох, хүртэх боломж олгох энэхүү Номын төвийн адил ийм нөхцөлүүдийг бий болгоход дээрхтэй адил хүчин чармайлт гаргаж, шийдвэр төгс ажиллах хэрэгтэй. Мөн тохиолдох аливаа бэрхшээлийг даван туулахад бэлэн байх хэрэгтэй. Тэд бол Сумарта арал руу хийсэн тэрхүү хэцүү далайн аялалынхаа дараа бүр өтөл насандаа Төвөд орон руу явган заримдаа ердийн хөсгөөр яван, одоо энд байгаа нөхцөл байдлаас хамаагүй илүү хэцүү нөхцөлд жинхэнэ үнэн зөв сургаалыг хүргэхээр хичээж байсантай харьцуулахад юу ч биш юм. Тэрхүү хүчин чармайлтын үр дүнг хар! Түүний хийсэн зүйл бүр өнөөдрийн өдрийг хүртэл, Энэтхэг, Төвөдөөс тэртээ хол бүр энд Мексикт хүртэл хүмүүст үргэлжлүүлэн ач тусаа өгсөөр байна.