Тарнийн нийтийн үндсэн сахил

Үндсэн агуулга 

Бодийн хутаг олохыг хүртэл төрлөөс төрөлд сэтгэлийн үргэлжид хадгалан сахих бодисадвын сахилд үндсэн болон гишүүн гэсэн хоёр сахил байдаг. Бодисадвын сахилыг Төвөдийн Гэлүг, Гаржуд болон Сажийн ёсонд тарнийн дөрвөн ёсны дээд хоёр ёс буюу ёог хийгээд ханьцашгүй ёог дамжлагын авшиг, даган соёрхол, эс бөгөөс тарни хураах (snags btus) алиныг ч өгч буй үед өгдөг бол Нинма ёсны зургаан тарнийн дамжлага ёсны ёог, их ёог, ану-ёог, эс бөгөөс ати-ёогын (зогчэн) авшиг, даган соёрхол, тарни хураах өгөх үед бодисадвын сахил хүртээдэг.   

Бодисадвын сахилын тухай дэлгэрэнгүй тайлбар нь тарнийн сахилын тухай тайлбартай ч хамааралтай байдаг. 

14 үйлийг тэвчих тарнийн үндсэн сахил байдаг. Хэрэв дөрвөн нисваанисын (төвөд: kun dkris нарийн нисваанис, хотлоос урьсан нисваанис, бүхнээ хүлэгч) үүднээс сахил алдах аваас тарнийн сахилын үндсэн унал болж тарнийн сахилаа алдах юм. Тарнийн үндсэн сахилыг сахих үгүйгээр тарнийн ёсны шид бүтээлийг олж чадахгүй юм. Учир нь тарнийн сахил нь тарнийн ёсоор замнах, шид бүтээл олохын үндсэн суурь болж байдагт оршино. Бодийн сэтгэлийг орхих нь бодисадвын сахилын үндсэн унал болдгийн адил тарнийн үндсэн 14 сахилын нэг болох бодийн сэтгэлийг орхих нь тарнийн сахилын үндсэн унал болдог. Өөрөөр тарнийн бусад 13 сахилыг дөрвөн нисваанисын үүднээс эс үйлдсэн бол тарнийн сахилыг доройтуулахаас үндсэн унал болохгүй юм. Өөрөөр хэлбэл бидний сэтгэлийн үргэлжил дэх тарнийн сахилыг үгүй болгохгүй юм. 

Тарнийн үндсэн сахилын талаар тус тусдаа номносон хоёр ёс байдаг. Нэг нь Цагийн хүрдний ёстой холбоотой бөгөөд нөгөө нь бусад бүх ёог, ханьцашгүй ёог түүн дотроо Цагийн хүрдэнг багтаасан ёс гэж бий. Энд өгүүлж буй тарнийн үндсэн сахил нь Гэлүг ёсыг үндэслэгч 15-р зууны үед заларч байсан Богд Зонхавын туурвисан Нууц тарнийн шагшаабадын тийн номлол бүтээлийн үр (gsang sngags kyi tshul khrims kyi rnam bshad dngos grub kyi snyema) хэмээх номын тайлбарын дагуу тайлбарлан өгүүлж байна. Мөн 15-р зууны үед заларч байсан Гэлүг лам Хайдувнорзанжамц ламын Тангараг тодруулах зул (dam tshig gsal ba’i sgron me) зохиолоос тайлбар авав. 

Арван дөрвөн нийтийн тарнийн үндсэн унал 

(1) Очирт багшийг муушаах  

Очирт багш гэдэг нь тарнийн авшиг, даган соёрхол, эс бөгөөс аль нэг дандрын аймгийн тарни хураахыг хайрласан, тэдгээрийн номыг бүтэн, хагас хөтөлсөн, бодитой бясалгах аман иш хайрласан багшийг хэлнэ. Очирт багшийг муушаах гэдэг нь багшийн дэргэд омогтой байх, багшаа гэмтэйд үзэн муушаах, хүндэтгэлгүй хандах, харьцах, багшийн сургаал номлол тус үгүй хэмээн бодох ярихыг хэлнэ. Багшаа хүндлэн дээдлэхгүй багш биш мэт үзэх болсноор бид энэхүү үндсэн уналд унах юм. Цагийн хүрдний тарнийн ёсонд зохистой бус, эрдэм төгс бус, зөв явдлаар эс явагч тарнийн багштай зай барин харьцах тухай заасан байдаг нь энд өгүүлж буй очирт багшийг муушаахаас ондоо зүйл юм. Тарнийн ном бус энэрэн нигүүлсэх сэтгэл, хоосон чанарын талаар бидэнд ном заасан, аврал одуулах, тус тус гэтлэх сахил эс бөгөөс бодисадвын сахил хүртээсэн багшийг муушаах, эс хүндлэх нь очирт багшийг муушаах үндсэн уналд орохгүй боловч номын замаар замнахад ихээхэн садаа учруулах муу үйл юм.                          

(2) Түүнчлэн заларсны зарлигаас давах (гэгээрсэн бурханы үгээс зөрөх)

Түүнчлэн заларсны зарлигаас давах гэдэг нь Бурхан багш эс бөгөөс хожмын их багш нар тус тус гэтлэх, бодисадва эс бөгөөс тарнийн сахил санваарын талаар номносон сургаал номлолыг зөрчихийг хэлнэ. Энэхүү унал гарах нь тарнийн сахил аван эс сахиснаар унал гарахаас гадна өөр хоёр хүчин зүйл хамтад байдаг. Нэгд сахил нь сэтгэлийн түйтгэрээ арилгасан нэгнээс дамжин ирсэн сахил гэдгийг ухамсарлан мэдэж байх, хоёрт сахилаа сахихгүй байх нь гэмтэй бус, сөрөг үр дагавар үүсгэхгүй хэмээн сахил сахихыг онц чухалтайд эс бодож өгүүлэх байдаг юм. Тарнийн сахил бус мөн бурханы зарлиг болохыг мэдээгүй байх ахул тарнийн энэ үндсэн унал болохгүй боловч ном бүтээл туурвихад садаа болох нь магадтай юм. 

(3) Очирт садандаа уурлах 

Очирт садан гэдэг нь нэг багшаас хамтдаа аль нэг тарнийн дамжлагын үүднээс тарнийн сахил хүртсэн, сахиж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэлж байгаа юм. Очирт садан нь заавал нэг цагт хамтдаа авшиг авсан, түүнчлэн тарнийн дамжлагын адилхан авшиг байх албагүй юм. Очирт садандаа уурлах үндсэн унал нь нэгд тухайн хүн, хүмүүс нь бидний очирт садан болохыг бид сайн мэдэж байгаа, хоёрт очирт садны алдаа дутагдал, буруу үйл, сахилаа зөрчсөн болохыг нь хэлж доромжлох, гуравт очирт садан үнэхээр алдаа дутагдал гаргасан, сахилаа зөрчсөн эс зөрчсөнөөс үл хамааран очирт садан нь бидний өгүүлж буй доромж үгийг ойлгосноор очирт садандаа уурлах үндсэн унал гарах юм. Энэхүү үндсэн унал гарах сэтгэлийн сэдэл (өдөөгдөл, өдүүлбэр) нь дургүй байх, уурлан хилэгнэх, үзэн ядах сэтгэл юм. Очирт садны алдаа дутагдлыг муу сэтгэлийн үүднээс бус тэдэнд туслахын сэтгэлээр өөрт нь хэлэх юм энэ үндсэн унал гарахгүй юм.        

(4) Асралын сэтгэлийг орхих 

Асрал гэдэг нь хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай гэсэн хүсэл юм. Асралын сэтгэлийг орхих үндсэн унал гэдэг нь цуврал аллага үйлдсэн хэн нэгэн зэрэг аль нэг хүнийг амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр байх болтугай хэмээн үл хүсэх, эсрэгээр харин ч зовох болтугай зовох нь зүйтэй юм гэсэн сэтгэлтэй байснаар унал гарах юм. Амгалан гарах үндсэн шалтгаан нь алив зүйлийн мөн чанарыг бүрэн дүүрэн ухааран ойлгох, үйлийн үрийн хуулийг ойлгохоос хамаардаг. Дээр дурдсан цуврал аллага үйлдэгч үйлийн үр, алив зүйлийн мөн чанарыг ойлгон дараа төрөлдөө дахин муу үйл хийхгүй байх болтугай, алсдаа амгалантай байх болтугай гэж хүсэх нь зүйтэй юм. Хэн нэгэнд тусалж чадах боловч туслахгүй орхих нь тарнийн үндсэн унал болохгүй боловч хэн нэгэн хүнийг хэзээ ч амгалан жаргалтай байхгүй байгаасай гэж бодох юм бол тарнийн үндсэн унал болох юм.    

(5) Бодийн сэтгэлийг орхих 

Энэхүү бодийн сэтгэлийг орхих үндсэн унал нь бодисадвын 18 дахь үндсэн уналтай адил бөгөөд хамаг амьтны тусын тулд бодийн хутаг олох бодийн сэтгэлийг орхих сэтгэл төрснөөр унал гарах юм. Дөрвөн нисваанисын сэтгэлд хөтлөгдөөгүй ч бодийн сэтгэлийг орхих сэтгэл төрсөн даруй бодисадва, тарнийн сахилаа алдах юм. 

(6) Өөрийн болон бусдын номыг муушаах 

Энэ үндсэн унал нь бодисадвын 6 дахь үндсэн уналтай адил бөгөөд буддын шашны аль нэг ном сургаалыг Бурхан багшийн сургаал биш хэмээн өгүүлэн муушааснаар унал гарах юм. Бусдын үзэл буюу тогтсон таалал гэдэгт шравака, пратекабуддха эс бөгөөс Их хөлгөний ном судар орох бөгөөд өөрийн тогтсон таалал гэдэгт Их хөлгөний дотор багтах тарнийн ном судрыг хэлнэ. 

(7) Эс боловсорсон хүнд нууц ном хэлэх

Нууц ном сургаал гэдэг нь анханд суралцагч нарт эс номносон хоосон чанарыг ухаарах бясалгал буюу үүсгэл болон төгсгөлийн зэргийн бясалгалын тухай сургаал номыг хэлнэ. Үүнд сэтгэлийн тодорхой гэрлийн хамтад хоосон чанарыг гүн гүнзгий ойлгох их амгаланг төрүүлэх тодорхой садхана бясалгал орно. Эс боловсорсон хүн гэдэгт тарнийн бясалгалын талаар мэдлэгтэй, сүсэгтэй эс сүсэгтэйг эс хамааран тарнийн авшиг эс хүртсэн хүнийг хэлнэ. Эс боловсорсон хүнд нууц ном хэлэх үндсэн унал нь тарнийн авшиг эс хүртсэн хүнд нууц тарнийн номыг дэлгэрэнгүй тайлбарлан өгүүлсэн, сонссон хүн тарнийн бясалгал хэрхэн хийх талаар мэдлэгтэй болж үйлдэхийг завдсанаар эс боловсорсон хүнд нууц ном хэлэх үндсэн унал гарах юм. Тарнийн номын талаар буруу ойлголттой хүнд туслахын тулд нууц тарнийн талаар тайлбарлаж хэлэх нь үндсэн уналд орохгүй. Тарнийн бясалгал хийх талаар дэлгэрэнгүй биш ерөнхийд нь судалгаа шинжилгээний хүрээнд тайлбарлаж ярих нь мөн үндсэн уналд орохгүй. Тарнийн авшиг хүртэх зан үйлийг ажиглан оролцож буй хүнд нууц тарнийн номын талаар өгүүлэхэд гэм үгүй ээ.    

(8) Цогцсоо доройтуулах 

Таван цогцос гэдэгт бидний агшин тутмын ахуй байдал орно. Таван цогцос гэдэг нь а) дүрс, дуу тэргүүтэн үзэгдэж сонсогдох дүрс, дуу зэрэг, б) амгалан эс амгаланг мэдрэх мэдрэмж (сэрэхүй), в) нэг зүйлийг нөгөө зүйлээс нь ялган салгаж мэдэх тийн мэдэл, г) хайр, үзэл ядалт зэрэг бусад сэтгэл буюу хуран мэдэл, д) нүд, сэтгэлийн тийн мэдэл буюу танин мэдэх сэтгэл энэ тав юм. Ерөнхийдөө таван цогцос гэдэг нь бидний бие, сэтгэл болон сэтгэл хөдлөлийг хэлж байгаа юм. 

Ер нь таван цогцсыг цувралт хэмээн нэрлэх бөгөөд энэ утгаар цувралт анхааран авсныг бохирдсон гэсэн утгаар авч үздэг. Ханьцашгүй дандарын ёсонд таван цогцсын мөн чанарыг цувралт бус харин цувралт үгүй билгүүн болох таван төрлийн билгүүн болгон хувиргаж үздэг. Таван билгүүн нь толь мэт билгүүн, тэгшид харах билгүүн, тус тусад онохуйн (мэдэх) билгүүн, үйл бүтэхийн билгүүн болон номын агаарын билгүүн тав юм. Эдгээр таван билгүүнийг Бяруузана (Вайрочана) бурхан тэргүүтэн язгуурын таван бурханы дүрээр илэрхийлдэг. 

Ханьцашгүй дандарын ёсны авшиг нь энэхүү таван билгүүн ургах хөрөнгийг суулгаж өгдөг. Үүсгэлийн зэргийн үед таван цогцсын ариуссан дүр болох язгуурын таван бурханыг төсөөлөн бодох бясалгал хийснээр бидний таван цогцос ариун болох ариуслын хөрөнгийг анханд суулгадаг. Төгсгөлийн зэргийн үед сэтгэлийн тодорхой гэрлийг бясалган таван төрлийн билгүүнийг ухааран ариуслын хөрөнгийг боловсруулдаг. 

Цогцсоо доройтуулах үндсэн унал нь бид өөрсдийн таван цогцос буюу бие, сэтгэлээ муу үйл, нисваанисын эрхээр авсан тул гэгээрэхийн суурь бус хэмээн муушаах, эс бөгөөс муу цогцос хэмээн дур гутан албаар муутгах, доройтуулснаар энэхүү үндсэн унал гарах юм. Тарнийн бясалгал бүтээл нь судрын ёсонд хүний бие бол ариун бус, зовлон гарахын уг суурь гэж үздэгтэй харшилж байгаа биш юм. Бидний бие ариун бус, өвчин зовлон зэргийн уг суурь болдог нь үнэн. Хэдийгээр тийм боловч тарнийн ёсонд бидний бие цогцсын мөн чанар нь ариун бус, зовлонгийн сууриас илүүтэй өөр гүн гүнзгий утга агуулгатай, бусдын тус ихийг бүтээж чадах чухал бие хэмээн үздэг. Тэрхүү гүн гүнзгий мөн чанарыг эс ухаарах юм бол бид өөрсдийн биеэ мууд үзэн, бидний сэтгэл угаас сайн сайхан чанартай биш хэмээн хардаг. Ийм харалган бодлыг агуулснаар өөрийн бие, сэтгэлийг тордох бус харин эсрэгээр доройтуулах, хордуулах амьдралын хэв маягтай болох, мансууруулах бодис хэрэглэх зэргийг үйлдсэнээр цогцсоо доройтуулах тарнийн үндсэн уналд унадаг.   

(9) Хоосон чанарыг үгүйсгэх

Хоосон чанар гэдэг нь “Билгүүний чинадад хүрэх судар”-д буй зөвхөн бодгаль би үгүйгээс гадна бүх юмс хоосон чанартай гэсэн сургаал, эсвэл Их хөлгөний Сэтгэл төдийтөн мөн Төв  үзлийн тогтсон таалалд юмс өөрийн зүгээс эс бүтсэн хоосон чанартай гэсэн хоосон чанарын тухай сургаалд гарч буй хоосон чанарыг өгүүлж буй юм. Хоосон чанарыг үгүйсгэх гэдэг нь тэдгээр сургаал номлолд эргэлзэх, итгэхгүй байхыг хэлж байгаа юм. Их хөлгөний аль тогтсон тааллыг барьдаг байхаас хамааралгүй тарнийн ёсны зам мөрөөр замнах үед бид хоосон чанарын сургаалд итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Хэрвээ хоосон чанарыг үгүйсгэх юм бол магадгүй бид өөрсдийн төсөөлөн бодох бясалгалаа туйлын үнэн бодитойд барих эндүүрэл гарч болох юм. Энэхүү эндүүрэл, буруу ойлголт гарах аваас сансар хорвоогийн зовлонг улам л ихэсгэж магадгүй, оюун санаа ч самуурч болох юм. Тарнийн зам мөрөөр замнан бясалгах хийх явцад Сэтгэл төдийтнөөс Төв үзлийн тогтсон таалал руу улмаар Төв үзлийн Өөрийн үндэст төв үзлийн тогтсон тааллаас Төв үзлийн Хэтрүүлэгчийн төв үзлийн тогтсон тааллын хоосон чанарын сургаалыг илүүтэй барих нь зүйтэй юм. Хоосон чанарын талаар гүн гүнзгий дэлгэрэнгүй эс тайлбарласныг орхих гэдэг нь юмсын хоосон чанарын зөв үзлийг орхиж буй гэсэн үг биш юм.     

(10) Хорлонт хүнд асралтай байх 

Хорлонт хүн гэдэг нь бидний багш, буяны садан мөн Бурхан багш, ном, хуврагийг тохуурхан доромжилдог, хорлол учруулдаг хүнийг хэлнэ. Мэдээж бидний зүгээс тэрхүү хүн амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр байхыг хүсэх нь зүйтэй ч тэдгээр хүмүүстэй дотно найрсаг харилцаа тогтоох юм бол энэ хорлонт хүнд асралтай байх үндсэн унал болох юм. Хорлонт хүнтэй дотносон нөхөрлөх, тэдний хийсэн бүтээсэн эд зүйлийг худалдан авах, бичсэн номыг нь худалдан авах зэрэг үйл үйлдэл нь энэхүү үндсэн унал гарах үйл болно. Хэрэв бид тэдгээр хорлонт хүмүүсийг чин сэтгэлээс хайрлан энэрч хүч хэрэглэхнээ нь ч болов тэднийг зөв зам мөрд оруулж чадах бол мэдээжийн хэрэг бид зайлшгүй тэдэнд туслах нь зүйтэй. Харин тэгж чадах чадал тэнхээ үгүй бол зүгээр л тэр хүмүүстэй харьцахгүй байхад гэм үгүй юм.    

(11) Хоосон чанарын тухай үргэлжид эс бясалгах 

Тарнийн есдүгээр үндсэн сахилд өгүүлсэнчлэн хоосон чанарыг Их хөлгөний Сэтгэл төдийтөн эс бөгөөс Төв үзлийн үүднээс ухаарах хэрэгтэй. Хоосон чанарын үзлийг ухаарснаас хойш хоосон чанарыг бясалгахгүй нэг өдрөөс дээш болох бол тарнийн үндсэн унал болох юм. Уламжлалт ёсоор бол өдөрт гурав, шөнө гурван удаа хоосон чанарыг бясалгах хэрэгтэй байдаг. Мэдэгдэхүүний түйтгэрийг арилгах хүртэл бид хоосон чанарын бясалгалыг үргэлж үйлдэх хэрэгтэй. Мэдэгдэхүүний түйтгэрийг арилгасан цагт цаг ямагт хоосон чанарыг ухаарсан ухааралтай байдаг. Мэдэгдэхүүний түйтгэрийг эс арилгасан атал одоо хангалттай хоосон чанарыг бясалгасан гэж бодох юм бол хэзээ ч мэдэгдэхүүний түйтгэрийг арилгаж гэгээрэхгүй билээ.  

(12) Сүсэгтэн хүнийг цөхрөөх 

Сүсэгтэн хүнийг цөхрөөх гэдэг нь тарнийн зохих авшиг авсан, тарнийн ном бясалгах сав болсон, хүсэл зорилготой хүнийг зориудаар урам зоригийг нь унтрааж шантраахыг хэлнэ. Тарнийн ном үзэх, бясалгах хүслийг нь унтрааснаар сүсэгтэн хүнийг цөхрөөх үндсэн унал гарах юм. Хэрвээ тухайн хүн хараахан тарнийн ном үзэх, бясалгах цаг нь болоогүй бол хэдийгээр шууд хэлэхэд төвөгтэй ч эхлээд юунд суралцаж ухаарсны дараа тарнийн бясалгал үйлдэж болохыг нь хэлж өгөхөд гэм үгүй юм. Бусдын урам зоригийг хугалах биш харин тэдний хүсэл зорилгыг анхааран авч туслах юм бол тэдний өөртөө итгэх итгэлийг улам тэтгэж өгөх тустай.   

(13) Тангаргийн зайг зохистой байдлаар эс хэрэглэх  

Ханьцашгүй тарнийн ёсонд суралцаж буй бол үе үеийн цогчид өргөх зан үйлийг хийх хэрэгтэй байдаг. Цогчдын зан үйлийн үеэр адистид мах, нанчид (дотоод тахил буюу архи) хүртдэг. Мах, нанчид нь биеийн цогцсыг бэлгэдэх бөгөөд Цагийн хүрдний ёсонд бидний үндсэн хий нь эгэлийн байдлаар харахад нисваанист боловч цувралт эндүүрлээс ангижирсан үед билиг билгүүнийг төрүүлэх хүч агуулдаг хэмээн үздэг. Мах, нанчдыг архи уудаггүй эс бөгөөс цагаан хоолтон тул хүртэхгүй гэх, эс бөгөөс шунал хүслээр хэт их хэрэглэх аваас тангаргийн зайг зохистой байдлаар эс хэрэглэх тарнийн үндсэн унал гарах юм. 

Хэрвээ урьд нь архинд ороод гарсан хүн нэг дусал архи амссанаар буцаад архинд орох аюул байх бол цогчид өргөх үед нанчид амсаж байна хэмээн төсөөлөн бодож амсалгүйгээр цогчдын зан үйлийг хийж болно.     

(14) Эмэгтэй хүнийг муушаах  

Ханьцашгүй тарнийн ёог ёсоор замнах үндсэн зорилго нь хоосон чанарыг ухаарахын тулд сэтгэлийн тодорхой гэрлийг олох, цувралт нисваанис, муу авьяасыг арилгах хэрэгтэй. Цувралт нисваанис, муу авьяас нь бусдын тусын тулд гэгээрэл, бүхнийг болгоогч хутгыг олоход үндсэн тотгор болдог юм. Их амгалангийн билгүүн нь сэтгэлийн тодорхой гэрлийг олох үндсэн уг болдог. Улмаар их амгалангийн билгүүн тодорхой гэрлийн түвшинд хүрэх үед хоосон чанарын бясалгалыг хийн ухаарах аваас цувралт нисваанисыг арилгах хүчтэй ерөндөг болдог. 

Нэгэн үзүүрт бясалгал хийх үед живэх (унтах) хийгээд догшрох (сэтгэл алгасрах) сэтгэлийг арилгах тусам тэр хэмжээгээр их амгалангийн билгүүн төрдөг. Үүнтэй адил хэдий хэмжээгээр нисваанисын сэтгэлээс салах тусам төдий хэмжээгээр хоосон чанарын ухаарлыг олдог. Хоосон чанарын тухай бясалгал улам хүчтэй болох тусам илүү амгалантай болдог. 

Ханьцашгүй тарнийн ёогийн ёсонд эрэгтэй хүн нь эмэгтэй хүнд шүтэж нэгэн үзүүрт сэтгэлд төвлөрсөн хоосон чанарын амгаланг хүчтэй мэдэрч чаддаг. Энэ бясалгалыг хамтад байх эмэгтэй хүнийг гэгээрсэн бурхан хэмээн бясалгаж бодитойгоор үйлдэх (үйлийн мутар) эс бөгөөс дангаар эмэгтэй хүнийг төсөөлөн бодож үйлдэх (билгийн мутар) хэмээх хоёр байдлаар үйлдэж болно. Эмэгтэй хүн мөн эрэгтэй хүнд шүтэж ийнхүү хоосон чанарын амгаланг амсаж болно. Эмэгтэй хүнд шүтэж хоосон чанарын их амгаланг мэдэрдэг тул аль нэг эмэгтэй хүнийг эс бөгөөс эмэгтэй хүмүүсийг нийтэд нь мөн эмэгтэй дүртэй бурханыг дорд үзэх, муушаах, шоглож тохуурах нь эмэгтэй хүнийг муушаах тарнийн үндсэн унал болдог. Эмэгтэй хүнийг муушаах дорд үзэх байдлаар эмэгтэй хүнийг муушаах, тоог тохуу хийх, тэр доромж доог тохууг сонссон эмэгтэй доромж, тохуу хийж буйг нь ойлгож мэдсэнээр эмэгтэй хүнийг муушаах тарнийн үндсэн унал бүрэн гардаг. Хэдийгээр эрэгтэй хүнийг муушаах нь буруу ч ийнхүү үйлдсэнээр тарнийн үндсэн унал гарахгүй.

Top