What is enligtment abhijeet gourav

Гэгээрэл гэдэг нь Бурхан болох – хүний хөгжил, чадамжийн оргил – гэсэн утгатай бөгөөд энэ нь Бурханы шашны туйлын зорилго. Энэ бол дэлхий дээрх амьд амьтан бүрд үүнд хүрэх чадамж нь хадгалагдаж байдаг нэг зүйл юм.

Одоо бид Бурхан биш – харин асуудлаар дүүрэн, тасралтгүй өгсөж уруудах амьдралыг туулж байгаа хүмүүс. Үүнд бид гүнзгий шигдсэн байдаг. Учир нь бидний сэтгэл бүх зүйл дээр утгагүй төсөөллүүдийг өөрийн мэдэлгүй тусган харж, түүнийгээ бодит байдал хэмээн итгэж байдаг. Бид өөрт жинхэнэ аз жаргал авчирна гэж итгэн тодорхой аргуудаар аливааг хийх боловч эцэст нь тэр нь зөвхөн бэрхшээл авчирдаг.

Ер нь бид өөрийгөө бүх юмны төв, чухал ганц зүйл гэж боддог учраас хүссэн зүйлээ бусдад хэрхэн нөлөөлөх талаар бараг бодолгүйгээр хийдэг. Ийм бодол нь бодит байдалтай таардаггүй: энэ бол хувиа хичээх явдал, энэ нь өөрт болон бусдад зовлон авчирдаг. Гэгээрэхийн тулд бид дараах зүйлээс эхлэх хэрэгтэй:

  • Өөрийн зан байдлын өөрт болон бусдад үзүүлж буй нөлөөг ойлгож, гэм хортой үйлээс зайлсхийх
  • Юмс хэрхэн оршдогийг таньж, өөрийн төсөөлөлд хууртахаа зогсоох.

Сэтгэлд ургасан төсөөллүүддээ итгэх явдлыг зогсоосноор энэхүү төөрөгдөл дээр суурилж гардаг уурлах, үзэн ядах, шунах, атаархах гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдээ бас зогсооно. Бид дахин хэзээ ч өөрийн сөрөг сэтгэлийн улмаас аливаа үйлдлийг өөрийн эрхгүй хийдэггүй болно. Үүнд дараах зүйлүүд шаардлагатай:

  • Бодлогогүй зан байдлыг хорих хүч бүхий ёс зүйн хувийн сахилга бат
  • Анхаарал сарних эсвэл анхаарал сулрахаас сэрэмжилсэн сэрэмж бүхий төвлөрөл
  • Юу зөв, юу бурууг, үнэн ба худлыг ялгах билиг ухаан
  • Асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт эерэг чанаруудыг төлөвшүүлснээр бий болох сэтгэл зүйн тэнцвэрт байдал.

Энэ бүхнээс сэтгэлийн амгаланг олсон ч энэ нь хангалттай биш: бид бүх зүйл, бүх хүмүүсийн хоорондын харилцан хамаарал, харилцан холбоог ойлгож чадахгүй хэвээр байна. Иймээс бусдад туслах хамгийн сайн арга замыг ердөө олохгүй.

Иймд бид сэтгэл нь юуг ч буруу тусгадаггүй (туурвидаггүй) бүрэн гэгээрсэн Бурхан болох хэрэгтэй. Бид оршин буй бүхний харилцан шүтэлцээг тодорхой ойлгож, түүний үндсэн дээр бусдад хэрхэн туслахыг нарийн мэдэх болно. Бидний бие хязгааргүй энерги бүхий болж, хүн бүхэнтэй төгс харилцан, сэтгэл бүх зүйлийг бүрэн ойлгоно. Бидний асрах, энэрэх, хамаг амьтныг тэгш үзэх сэтгэл маш хүчтэй болох ба энэ нь ганц хүүтэй эхийн хүүгээ хайрлах сэтгэлийн адил байна. Бид ямар нэг хариу нэхэхгүйгээр бусдын тусад ажиллана. Гэгээрэлд хүрсэн үед тэвчээр алдах, уурлах, бусдад шунах, завгүй эсвэл ядарсан учраас бусдыг анзаарахгүй байх боломжгүй болно.

Бурхан болохын хувьд бид бүхнийг чадагч бус харин бүхнийг мэдэгч байна. Бид бусдын зовлонг арилгаж чадахгүй, харин бид сургаалаар, мөн бодитой жишээ үзүүлэн тэдэнд арга замыг харуулж чадна. Гэгээрэлд хүрэх бүх зам мөрөөр явахын тулд:

  • Маш их эерэг хүчийг хураах: чадах чинээгээрээ хоёргүй сэтгэлээр (хувиа хичээхгүй) бусдад туслах
  • Бодит байдлыг ойлгохын хичээх: орчлонгийн утгагүй төсөөллүүдийг зогсоох хэрэгтэй болно.

Бид бүгдэд гэгээрэлд хүрэх шалтгааныг бий болгох – ашиглаж болох хэрэгсэл – бие махбод, хүний оюун ухаан бий. Бидний зүрх, сэтгэлийн мөн чанар нь сэтгэл хөдлөлийн нөлөө бүхий хямрал, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг бодлоор бохирдоогүй огторгуй мэт байдаг. Бидний хийх ёстой зүйл бол тэдгээрийг бүх чадамжинд нь хүртэл төлөвшүүлэх явдал.

Гэгээрэл нь бараг хүрч-болшгүй зорилго мэт санагдаж болно, хүрэхэд маш хэцүү – хэн ч үүнийг амархан гэж хэлж байгаагүй! Гэвч энэ зүгт зорих нь амьдралд асар их утга учир өгдөг. Хүн бүхэнтэй холбоотой харилцан хамаарлыг ойлгосноор бид өөрийгөө сэтгэлийн хямрал, зовнилоос хамгаална. Бид хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх – их аян замд гарч байгаа учраас бидний амьдрал үнэхээр дүүрэн болно.

Видео:  Кандро Ринбүүчи – Бурханы хутаг: Бид юунд хүрдэг вэ?
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 
Top