Арван хар нүглийн (арван сөрөг үйлийн) тайлбар

Өмнө нь тайлбарлаж байсны адилаар тайлбарлавал та бүхэнд тустай байна гэж бодож байна уу? Номыг тайлбарлан хүргэх олон өөр арга байдаг учраас би ийнхүү асууж байгаа юм.

Доктор Берзин: Ринбүүчи санал асууж байна. Эдгээр сэдвийг ийм маягаар тайлбарлавал та бүхэнд тохиромжтой байна уу?

Хэрэв ийм маягаар үргэлжлүүлж болно гэж үзэж байвал би үргэлжлүүлэн тайлбарлая. Үүний гол учир нь та бүхэнд тус болох ямар нэг зүйлийг тайлбарлаж, тэр нь танд ач тус өгөх, хэрэгтэй зүйл болох ёстой. Эдгээр сэргийлэх аргуудын талаар ямар нэг сургаал сонсож, юу ч суралцаж байсан тэр нь эхэлж сонсож түүний үндсэн дээр тэдгээрийг мэдэх тухай юм. Тэдгээрийг мэдсэнээр та тэднийг бодит бүтээл болгохыг хичээх хэрэгтэй – энд бидний багтааж байгаа тэдгээр зүйлүүдийг.

Эдгээр сэргийлэх аргуудын аль нэгийг хэрэглэж, бүтээхгүйгээр тэдний талаар ердөө мэдэж байх нь тийм их үр дүнд хүргэхгүй. Хэдийгээр та сэргийлэх арга хэрэглэж, бүтээхийг хүсэж байсан ч хэрэв ямар арга хэрэглэхээ мэдэхгүй бол сэргийлэх боломжгүй. Иймд аргад суралцаж, түүнийг бүтээхийн аль аль нь чухал. Эдгээр аргуудын талаар сургаал, тайлбар сонсож, тэднийг судалж, бүтээх ёстой. Энэ бүхэн зэрэг явагдах ёстой: энэ бол нэг үйл явц.

Биеэр үйлдэх гурван хар нүгэл (сөрөг үйл)
(Үргэлжлэл)

Амь таслахыг тэвчих үйлийн талаарх бататгал

Би та бүхэнд амьтны амь таслах үйлд багтах зүйлүүдийн талаар тайлбарлаж өглөө. Одоо надаас сонссон энэ тайлбар дээр суурилан та нар энэ талаар мэддэг боллоо. Тэгэхээр та бүхэн юу сонссон бэ? Амьтны амь тасалсны үрд гарах бүх сул тал, гэмүүдийн талаар мөн амьтны амь таслахыг тэвчсэнээр гарах бүх сайн тал, ач тусын талаар сонслоо. Ингээд одооноос энэ бүхнийг мэддэг болсон учраас түүнийг бүтээн хэрэгжүүлэх нь нэг маш хүчтэй амлалт авах буюу энэ мөчөөс эхлэн “Би бүр өчүүхэн төдий хорой шавжнаас эхлэн ямар ч амьтны амь таслахгүй” гэсэн шийдвэр гаргах явдал байна.  

Ийм төрлийн гэмтэй үйл хийхээс өөрийг сэргийлэх, тэвчих нь үнэндээ түүнийг бүтээж байгаа хэрэг юм. Гэвч өдөр тутмын амьдралд алхаж явах үед газарт байх жижиг шавж хоройн дээр зайлшгүй гишгэх болно. Энэ үед та түүнийг санамсаргүй, хийж байгаа зүйлээ тодорхой мэдэхгүйгээр хийж байна. Энэ нь санаатай биш үйл бөгөөд тухайн үйл гүйцэх бүх хүчин зүйл тэнд бүрдээгүй байна. Иймд энэ бол нэг өөр нөхцөл.

Хутагт Катяаяанагийн үед нэг нядлагч амьдарч байсан бөгөөд тэрээр Катяаяана хутагттай учран тэрхүү үйлийг тэвчих сахил хүртжээ. Ингэхдээ тэрээр “Өдрийн цагаар нядалгааг тэвчих боломжгүй харин шөнийн цагт түүнийг тэвчих амлалт гаргаж чадна” хэмээжээ. Ингээд тэрээр өдрийн цагаар нядалгаагаа үргэлжлүүлэн хийж, харин үдшийн бүрэнхийгээс хойш амьтны амь таслахгүй байх сахил сахих болов. Үүний үрд түүний дараагийн төрөлд амьтны амь таслахыг тэвчсэн тэр цагийнх нь дагуу шөнийн цагт бүх зүйл маш сайн байдаг байжээ. Идэх, уух зүйл элбэг дэлбэг, бүх зүйл тав тухтай сайхан байдаг байв. Гэвч өдрийн цагт эргэн тойрны амьтад түүн рүү халдан дайрч, бүх зүйл үнэхээр таагүй өрнөдөг байжээ. Учир нь эргэн тойрны тэдгээр бүх зэрлэг амьтад түүнийг мөргөж, түүнд халдахыг оролддог байв.

Хэрэв та бүхэн үүний эсрэг, шөнийн цагт амьтны амь тасалж, өдрийн цагт түүнийг тэвчсэн жишээг авч үзэх бол тэр тохиолдолд өдрийн цагт бүх зүйл маш таатай байна. Идэх, уух бүхэн элбэг дэлбэг; бүх зүйл тавтай тухтай, таны эргэн тойрны хүмүүс эв эетэй байна. Өдрийн цагаар бүх зүйл нь сайн явагдах боловч шөнө бүхий л амьтад халдан дайрах ийм нэг төрлийн нөхцөлд байх хүнтэй таарч байсан нэг лам хүн байсан гэдэг. Тэрээр Бурхан багшаас үүний шалтгааныг асуухад Бурхан багш тэр хүн өмнөх төрөлдөө нядлагч байсан бөгөөд өдрийн цагт мал амьтан нядлахыг цээрлэж харин шөнийн цагаар нядалгаагаа хийдэг байсны үр хэмээн тайлбарлажээ.

Хулгай хийх

Биеэр үйлдэх сөрөг үйлийн дараагийн нэг хэлбэр нь танд өгөөгүй зүйлсийг авах үйл юм. Энэ нь таных биш бүхий л зүйлтэй холбогдоно. Танд өгөөгүй зүйлийг авах гэдэгт зөвхөн бодит хулгай хийх төдийгүй жишээ нь замын хураамж төлөх цэг дээр зогсож замын хурамжийг төлөхгүйгээр жолоо барих хүртэл багтана. Энэ нь мөн танд өгөөгүйг авч байгаа явдал: энэ бол хулгай.

Ийм үйлтэй холбоотой гарах дахин төрлийн хэлбэрийн хувьд энэ нь мэдээж бусад гэм бүхий үйлүүдийн оролцоотой там, бирд, адгуус зэрэг муу төрлүүдийн аль нэгэнд төрөх төрөл байна (тийн боловсролын үр). Хэрэв нэгэн цагт та дахин хүний төрөл авбал үр нь тэр төрөлдөө та маш ядуу байх ба өөрийн гэх зүйлгүй болно. Энэ нь таны туулж амсах зүйлийн шалтгаантай холбоотой үр байх юм (амслагын шалтгаан зохилдох үр): та маш ядуу байна. Таны дотоод мэдрэхүйн зан байдлын шалтгаан болох үрийн хувьд хэдий та баян чинээлэг байж болох ч, эсвэл хэдий их эрдэм мэдлэгтэй, авьяас чадвартай байсан ч хулгай хийхэд өөрийн эрхгүй татагдана (үйлийн шалтгаан зохилдох үр). Эрхэт үрийн хувьд та хур бороо цагтаа ордоггүй, хоол хүнс маш ховор ядуу газар оронд төрнө.

Жишээ нь Америк хоол хүнс элбэг маш баян орон бөгөөд энэ нь эндэхийн хүмүүс өнгөрсөнд хулгай хийж байгаагүйн үр юм. Иймд хэрэв та баян улс, баян орон газар үргэлжлүүлэн төрсөөр байхыг хүсвэл хулгай хийх, өөр хэн нэгний эд зүйл, таных бус зүйлийг авахыг тэвчих хэрэгтэй. Хулгай хийхийг тэвчсэнээр боловсрон гарах үрд та энэ мэт баян чинээлэг газар төрнө (тийн боловсролын үр). Таны туулж эдлэх зүйлийн шалтгаантай холбоотой үрийн хувьд та маш баян чинээлэг байх ба хүссэн бүхэн танд байна. Эрхэт үр нь таны төрсөн газар хөгжиж цэцэглэсэн, хангалуун чинээлэг байна. Иймд та хулгайч байх, хулгай хийхийн сул тал, гэмийг анхааран үзэж түүнийг тэвчихийн ач тусын талаар бодож үзэх хэрэгтэй. Ингээд хэрэв та дахин хэзээ ч хулгай хийхгүй байхыг амлан сахил авбал энэ нь маш сайн зүйл болох бөгөөд үүнээс маш эерэг үр гарна.

Ном бол таны дараагийн төрлөөс эхлэн бүхий л ирээдүйн төрлүүдэд тань зориулсан сэргийлэх арга хэрэглэх тухай бүтээл юм. Иймд энэ нь жишээлбэл ирээдүйн төрөлдөө би эрүүл, урт настай байхыг хүсэж байгаа учраас амьтны амь таслахыг тэвчих тэрхүү сэргийлэх аргыг авч хэрэглэе гэх бодол байна. Ирээдүйн төрлүүддээ би баян чинээлэг, элбэг дэлбэг амьдрахыг хүсэж байгаа учраас хэзээ ч хулгай хийхгүй байх, өөрт өгөөгүй зүйлийг авахгүй байх тэрхүү сэргийлэх аргыг авч хэрэглэе гэнэ. Энэ бол үнэндээ Номын сэргийлэх аргыг хэрэглэх тухай ярих үед авч үздэг зүйлүүд юм.

Зохисгүй бэлгийн харилцаа

Биеэр үйлдэх дараагийн нэг сөрөг үйл бол зохисгүй бэлгийн харилцаа (буруу хурьцал) юм. Зохисгүй бэлгийн харилцаанд хамаарах зүйл нь жишээ нь гэр бүлийн хүнээс өөр хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орох явдал байна. Ийм төрлийн бэлгийн зохисгүй харилцааны үрд авах хойд төрөл нь маш бохир газар доод төрлийн амьтан болж төрөх явдал байдаг. Жишээ нь та бүхэн муу усны суваг, маш бохир намагшиж тогтсон ус зэрэгт амьдрах тэдгээр ялаа шавжнуудыг мэднэ. Энэ бол зохисгүй бэлгийн харилцааны үрд гарах тийн боловсролын (авах төрлийн) үр юм. Таны туулж эдлэх зүйл буюу амслагын шалтгаан зохилдох үр нь нэгэн цагт та хүн болон төрөх үед таны гэр бүлийн хүн танд үнэнч биш, гэр бүл тогтворгүй, таны биеэс маш таагүй үнэр гардаг байх болно. Тэгвэл зохисгүй бэлгийн харилцааг тэвчсэний үрд таны бие маш тааламжтай үнэртэй, гэрэлтсэн байх ба та гэр бүлийн таатай харилцаанаас сэтгэл ханамж авдаг байна.

Хулгай хийх, танд өгөөгүй зүйлийг авах тухай ярьж байгаа үед эдгээр үйлүүд бүрэн гүйцэд болоход дөрвөн зүйл бүрдсэн байх хэрэгтэйг санах хэрэгтэй. Хулгай хийх үйл гүйцэхэд авсан зүйлээ одоо өөрийнх болсон гэх бодол, сэтгэл төрүүлсэн байх ёстой. Зохисгүй бэлгийн харилцааны үйл гүйцэхэд дур тавьсан байх шаардлагатай.  

Эдгээр нь биеэр үйлдэх гурван нүгэл (сөрөг үйл) юм.

Хэлээр үйлдэх дөрвөн хар нүгэл (сөрөг үйл)

Худал хэлэх

Дөрөв дэх сөрөг үйлээр хэлээр үйлдэх сөрөг үйлийн бүлэг эхэлнэ. Хэлний дөрвөн сөрөг үйл байх бөгөөд эхнийх нь худал хэлэх. Худал хэлэх нэг суурь нь дараах дөрвөн зүйлийн аль нэг байна. Үүнд: таны харсан эсвэл сонссон, таны учирсан эсвэл мэдэх нэг зүйл байна. Үүний адил эдгээрийн эсрэг дөрвөн зүйл байж болно. Үүнд: таны хараагүй эсвэл сонсоогүй зүйл, таны учирч, биеэр туулаагүй эсвэл таны мэдэхгүй зүйл байна.

Сууриа эндүүрээгүй байх нь таны туулж эдэлсэн зүйлийн эсрэг зүйл байна. Өөрөөр хэлбэл та ямар нэг зүйл харснаа мэдэж байх боловч та хараагүй гэж хэлэх, эсвэл та ямар нэг зүйл сонссоноо мэдэж байх боловч сонсоогүй гэж хэлэх ба эсвэл эдгээрийн эсрэг нь байна: та ямар нэг зүйл хараагүй гэдгээ мэдэж байх боловч та түүнийг харсан гэж хэлнэ. Сууриа эндүүрээгүй байх нь ийм хэлбэртэй байна.

Худал хэлэхэд ямар ч хэлбэрийн сэдэл (хотол өдөөлөг) байж болох бөгөөд тэдгээр нь шунла, уур, мунхагийн гэсэн ангиллын хүрээнд байх боломжтой. Эдгээр нь бүх нүглийн (сөрөг үйлийн) сэдэлд адил байх ба шунал, уур, мунхаг гэх эдгээр гурван гэм бүхий хандлагын аль нэгээс гарсан байна. 

Таныг худал хэлэхэд хүргэхэд өдөөх хүчин зүйл, сэдэл нь таны худал хэлэх байнгын зуршил байж болно. Өөрөөр хэлбэл, хэрэв та үргэлж бусдыг хуурдаг бол, хэрэв та үргэлж юмсыг зохиож хэлдэг бол эдгээрийн хүч нь таны худал хэлэх явдлыг өөрийн эрхгүй аяндаа гарч ирэхэд хүргэнэ. Ингээд худал хэлэх бодит үйл нь ямар нэг зүйл хэлэх явдал байна. Гэвч та бүр ямар нэг зүйл хэлээгүй байсан ч, тэр нь худал хэлэх биеийн дохио зангаа, биеийн хөдөлгөөн эсвэл хэлний болон биеийн зарим нэг төрлийн илэрхийлэл байж болно. Үйлийн төгсгөл нь эсрэг талын хүн тань хэдийгээр түүнийг үгээр эсвэл дохиогоор эсвэл илэрхийлэл эсвэл өөр бусад байдлаар хүргэснээс хамаарахгүй үнэндээ таны худал хэлсэн, ойлгуулахыг хичээж байгаа зүйлийг ойлгож, мэдэж авах явдал байх ба үүгээр үйл гүйцнэ.     

Эсрэг хүн тань таны худал хэлсэн зүйлийг ойлгох гэж ярьж байгаа үед энэ нь тухайн хүн таны худал хэлсэн гэдгийг ойлгох гэсэн утгатай бус. Энэ нь тэр хүн таны хэлсэн зүйлийг ойлгон, танд итгэх, тухайлбал та үзэж хараагүй байсан ч харсан хэмээн хэлэхийг тань ойлгон үнэндээ таны хараагүй зүйлийг таныг харсан гэж ойлгох гэсэн утгатай юм. Энэ нь тэд таныг худал хэлсэн гэдгийг мэдэх гэсэн утгатай бус харин ердөө та тэдэнд ойлгуулсан гэж мэдэх ба таны ойлгуулахыг хичээсэн зүйлийг ойлгож мэдэж авсан гэсэн утгатай.   
   
Одоо миний хэлсэн зүйлийг надад хэлж өгөөч, би юу гэж хэлэв? Худал хэлэх үйлийн төгсгөл нь юу вэ, энэ нь хэрхэн гүйцдэг вэ?

Хэрэв та хэн нэгнийг хуурах үед тэд таныг ойлгох үе үү?

“Ойлгох” гэж юу гэсэн үг вэ?

Тэд, таны тэдэнд өөрчилж хэлэхийг зорьж байгаа санааг ойлгох тохиолдол уу?

Энэ нь эсрэг хүн тань таны худал хэлж байгааг ойлгох гэсэн утгатай бус. Энэ нь ердөө таны хэлсэн зүйл, таны илэрхийлсэн дохиог ойлгох гэсэн утгатай. Хэрэв тэд таны худал хэлж байгааг ойлгож мэдээгүй бол тэр нь тэд таны хэлсэн эсвэл илэрхийлсэн зүйлийг үнэн гэж ойлгосон гэсэн утга илэрхийлнэ.

Хов хэлэх

Дараагийн сөрөг үйл нь арван сөрөг үйлийн тав дахь буюу хэлээр үйлдэх дөрвөн сөрөг үйлийн хоёр дахь үйл болох хэлсэн зүйлээрээ бусдыг хооронд нь салгах хов хэлэх үйл юм. Суурь нь эвтэй эсвэл эв түнжингүй хоёр тал байна; эдгээр хоёр тохиолдлын аль аль нь байж болно. Өмнө дурдсаны адил санаа буюу бодол нь сууриа эндүүрэггүй зөв таньсан байх (хуран мэдэл) мөн сэдлийг (хотол өдөөлөг) багтаасан байх ёстой. Жишээ нь хуран мэдэл нь та хоёр хүн харж байх ба тэдгээр хоёр хүн нь таны салгахыг хүсэж буй хүмүүс мөн гэж таньж байна. Та тэднийг хоорондоо таарамжгүй байхыг хүснэ. Ийнхүү та тэднийг таны салгахыг хүсэж буй хүмүүс мөн гэж мэдэж байх ёстой. Сэдэл нь дараах хоёр тохиолдлын аль аль нь байж болно: хэрэв тэд найз нөхөд бол тэдний хооронд ан цав гаргаж, тэднийг дайсан болгох, эсвэл хэрэв тэд дайсан бол харилцааг улам муутгах.

Үйл нь үнэн, худал нь хамаагүй ямар нэг зүйл хэлэх, ердөө ямар нэг юм хэлэх. Таны сонссон эсвэл сонсоогүй ямар ч зүйл байж болно, энэ нь хамаагүй; ямар нэг зүйл хэлснээр тэр нь тухайн хоёр хүнийг салгах эсвэл хэрэв тэд аль хэдийн таарамжгүй бол улам таарамжгүй болгох. Үйлийн төгсгөл нь хоёр тал таны хэлснийг ойлгон, таны хэлсэн тэдгээр үгс тэдний хооронд байсан аливаа нэг эв зүйг эвдэнэ – энэ бол үйлийн төгсгөл. Дахин хэлэхэд, энэ нь тэдний хоорондын эвийг эвдэх үүднээс таныг тэр зүйлийг хэлсэн гэж тэд ойлгоно гэсэн утгатай биш юм.

Бодит үйлийн хувьд таны хов болгон хэлсэн зүйл болон хүмүүсийг салгаж буй танаас гадна хамгийн багадаа хоёр тал оролцсон байх ёстой. Энэ нь хоёр хүнээс цааш өөр хэдэн ч хүн байж болно. Жишээ нь, энэ нь бүх хүмүүсийг хооронд нь эв түнжигүй болгон бүхэл нэг улсыг хооронд хагаралдуулж, эсвэл нэг бүс нутгийг хамарч болно.

Ширүүн үг

Дараагийн сөрөг үйл нь арван нүглийн зургаа дахь буюу хэлний дөрвөн сөрөг үйлийн гурав дахь бөгөөд энэ бол ширүүн үг хэлэх. Ширүүн үг хэлэх таны энэхүү үйлд багтах нэг тал нь танаас өөр хэн нэг хүн байна – өнгөрсөнд танд хор хүргэсэн эсвэл одоо хор хүргэж байгаа эсвэл ирээдүйд танд хор хүргэх эсвэл ердөө таныг бухимдуулах нэг дайсан, найз, эсвэл гэр бүлийн хүн байна. Сэдэл болон хуран мэдэл нь өмнөх сөрөг үйлүүдтэй төстэй байх ба санаа, бодол нь тухайн хүн, амьтанд ямар нэг ширүүн зүйл хэлэх, хашхичих явдал байна.

Ингээд бодит үйлийн хувьд үнэн, худал байх нь хамаагүй, тухайн хүний нийгмийн гарал, эсвэл тэдний эд хөрөнгө эсвэл бие махбод, эсвэл зан чанар гэх мэт аливаа нэг зүйлийн талаар ямар нэг ширүүн үг хэлэх, хашхичих явдал байна: тэдний талаар маш ширүүн ямар нэг зүйл хэлэх.

Эдгээрийн эхнийхийн хувьд хэн нэгнийг тэдний нийгмийн гарал эсвэл нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой муу нэрээр нэрлэх, жишээ нь англи хэлэнд хэн нэгнийг бутач гэх мэт иймэрхүү байдлаар нэрлэх байж болно. Энэтхэгт зарим баярын үеэр бөмбөр тоглодог тайган хүмүүс, эсвэл үйлчлэгч гэх мэт хүмүүс нийгмийн хамгийн доод бүлэгт багтдаг; иймд тэднийг үйлчлэгч гэх мэтээр дуудах нь маш муу. Төвөдөд жишээ  нь төмрийн дархан хүмүүс, мал нядлагч, авсчин хүмүүс нийгмийн маш доод бүлэгт багтдаг. Иймд бодит үйл нь хэн нэгнийг бутач гэж дуудахтай адил дээрх нэрээр нэрлэх явдал байж болно.

Бие махбодын талын хувьд тэр нь хэн нэгнийг тахир дутуу гэх, эсвэл “сохор”, “дүлий”, “царай муутай” гэх мэт бие махбодын байдлаар нэрлэх байж болно. Үүний адил хэн нэгнийг тэдний зан байдалтай холбоотойгоор тэнэг, илжиг, нохой гэх мэтээр дуудаж болно. Ерөнхийдөө энэ нь бусдыг хэл амаар доромжлох аливаа нэг хэлбэр юм. Тухайн хүн таны хэлсэн зүйлийг ойлгосноор үйлийн төгсгөл гүйцнэ.

Чалчаа үг

Дараагийн сөрөг үйл нь арван хар нүглийн долоо дахь буюу хэлээр үйлдэх дөрвөн сөрөг үйлийн дөрөв дэх үйл бөгөөд энэ бол чалчаа яриа юм. Суурь нь ямар ч утгагүй, хэрэггүй ямар нэг зүйлийн талаар ярих. Та өөрийн ярьж байгаа утгагүй зүйлийг утгатай зүйл гэж үзсэн, тийнхүү мэдэж байх ёстой. Сэдэл нь эдгээр утга зорилгогүй, хэрэггүй зүйлсийг хэлэх, илэрхийлэх хүсэл байна. Бодит үйл нь эдгээр утгагүй, зорилгогүй зүйлүүдийг илэрхийлэх явдал байх бөгөөд төгсгөл нь үнэндээ таны хэлсэн зүйлийг ойлгох хэн нэгэн байхыг шаарддаггүй бөгөөд түүнийг ердөө өөртөө илэрхийлэх, амандаа хэлэх зэрэг нь үйл гүйцэх хангалттай хүчин зүйл болдог.

Үүнд жишээ нь бясалгаж байх үеийн бодлыг оруулж ойлгож болох уу?

Үгүй. Бясалгалд байдаг, жишээ нь “би”-г хайх үүднээс “би” нь толгойд байна уу эсвэл хөлөнд байна уу хэмээн бодох ийм төрлийн бодол нь чалчаа үг биш юм. Чалчаа үгэнд суурь нь ямар ч утгагүй, хэрэггүй ямар нэг зүйл байна. Бясалгалд гарч ирэх бодлуудыг дуулдахуйц илэрхийлэх нь чалчаа үг бас биш. Бясалгалын явц нь хэдий тэр үед ямар нэг утгагүй, ухаалаг биш зүйлсийн талаар бодсон бодол байсан ч тэр нь утга учиргүй, хэрэггүй зүйл болдоггүй.

Та бясалгалын үеэр гэнэт төрж болох бодол гэх мэт зүйлийг хэлж байна уу?

Доктор Берзин: Миний хэлсэн зүйл бол янз бүрийн бодлууд.

Сэтгэл янз бүрийн өөр зүйл бодож байгаа үеийг чалчаа үг гэж бодож болох уу?

Доктор Берзин: Жишээ нь?

Юу ч байж болно. Жишээ нь, бясалгалын дараа хийх гэж байгаа зүйл гэх мэт.

Доктор Берзин: Түүнийг сонсогдохуйц хэлэх үү?

Үгүй, ердөө бодох.

Доктор Берзин: Тэгэхээр тэр бол хэлний нэг үйл, гэвч би Ринбүүчигээс түүнийг сонсогдохуйц хэлэхийн хувьд юу болохыг асууя.

Сэркон Ринбүүчи: Юуны түрүүнд тэдгээр нь чалчаа үг болохын тулд сонсогдохуйц илэрхийлэгдсэн байх ёстой; сэтгэлд эргэлдэж байгаа бодлууд бол өөр зүйл. Энд яригдаж байгаа зүйл бол хэлний бодит үйл бөгөөд ийм үүднээс тэр нь ямар ч утгагүй, хэрэггүй зүйл байх ёстой. Та бясалгаж байгаад өлсөн, “Өлсөж байна. Өдрийн хоолонд юу хийж идэх вэ?” гэж чангаар хэлж болно. Энэ бол чалчаа үг биш, учир нь үүнд тодорхой утга бий. Гэвч үнэхээр бодлогогүй, утгагүй, ямар нэг зорилгогүй зүйл байж болно.

Сэтгэлээр үйлдэх гурван хар нүгэл (сөрөг үйл)

Хомхой сэтгэл

Дараагийн үйл нь арван хар нүглийн найм дахь үйл болох бөгөөд үүгээр сэтгэлийн гурван сөрөг үйл эхлэх ба эхнийх нь хомхой сэтгэл буюу бусдын эд зүйлд шунах сэтгэл. Суурь нь хэн нэгний эд хөрөнгө эсвэл эд зүйл байна. Сэдэл нь таны шунан, өөрт авахыг хүсэж байгаа зүйл юу болохыг таньсан байхыг шаардана. Жишээ нь, хэрэв та хэн нэгний байшинг харж байвал тэрхүү байшин суурь болж, “Энэ миний байшин байсан болоосой” гэх бодол нь таны хүсэж байгаа зүйл юу болохыг эндүүрэггүй таньсан хуран мэдэл болно. Сэдэл нь юмсыг өөрийн болгохыг үргэлж хүсэх тэрхүү байнгын зуршил байна. Бодит үйл нь тухайн зүйлийг өөрийн болгохыг хүсэн тухайн зүйлийг авахаар ямар нэг зүйл хийхээр шийдэх бодол байна. Ийнхүү үйл нь түүнийг авахаар ямар нэг зүйл хийх бодол байх бол үйлийн төгсгөл нь өөрийн болгохыг хүсэж байгаа зүйлийг авахыг оролдохоор гаргаж буй шийдвэр байх юм.

Хорлох сэтгэл

Сэтгэлээр үйлдэх дараагийн сөрөг үйл бол хорлох сэтгэл буюу бусдад хорт сэтгэл төрүүлэх үйл. Суурь нь ширүүн үг хэлэх үйлийн суурьтай төстэй байна. Энэ нь жишээлбэл өөрт тань өнгөрсөнд гэм хүргэсэн, эсвэл одоо хүргэж буй, эсвэл ирээдүйд хүргэж болох таны дайсан эсвэл дургүй хүн тань байна. Тухайлбал энэ нь өнгөрсөнд танд гэм хүргэсэн, эсвэл одоо хүргэж буй, эсвэл ирээдүйд хүргэж болох, таныг бухимдуулах таны найз, хамаатан хэн нэгэн хүн байж болно. Тэгэхээр ямар ч хүн, амьтан хорлох сэтгэлийн орон болж болох ба санаа нь тухайн хүний талаар бодсон, түүнийг цохих, зодох, түүнд ямар нэг таагүй зүйл хүргэх хүсэл байна. Сэдэл нь жишээ нь тухайн хүн дээр хүрч очин, түүнийг үнэндээ цохих байнгын бодол байна. Үйл нь үнэхээр явж очин, хорлох сэтгэлээ гүйцэлдүүлэх тухай бодох энэ нь зөвхөн хэн нэгнийг хорлох тухай бодол бус харин үнэндээ түүнийг бодитой үйлдэхийг хичээх сэтгэл байдаг. Үйлийн төгсгөл нь жишээ нь “Тэр савааг авч очин тухайн хүнийг түүгээр цохьё” гэсэн шийдвэр гаргах үе юм. Түүнийг хийх тууштай шийдвэр гаргах үед тэрхүү хорлох сэтгэлийн үйл гүйцнэ.

Буруу үзэл

Буруу үзлийн хувьд суурь нь тийм гэх нэг зүйл байх ёстой. Хуран мэдэл нь үнэн бус юмыг үнэн хэмээн итгэх: сэдэл буюу санаа нь үнэнийг үгүйсгэх явдал байна. Бодит үйл нь жишээ нь хойдын төрлүүд бий гэдэг нь үнэн байхад хойд төрөл байхгүй гэх, эсвэл шалтгаан ба үр дагаврын холбоо гэх зүйл байхгүй, эсвэл эерэг үйл хийснээр амар амгалан бий болдоггүй гэх бодлоо бусдад хэлнэ гэх бодох явдал байж болно. Үйлийн төгсгөл нь өөрийн буруу үзлийг олонд хүргэнэ гэж шийдэх үе юм.

Дүгнэлт

Эдгээр зүйлүүдийг мэдэх нь маш чухал; зөвхөн эдгээр сөрөг үйлүүдийн талаар мэдэх төдийгүй тэдгээр сөрөг үйлүүдийг хийхийг тэвчиж энэхүү сургаалыг бүтээх нь чухал. Энэ бол бидний авч үзэж болох хамгийн чухал санаа юм. Атиша гэгээн Төвөдөд уригдан ирэх үед түүнийг урьсан хаан түүнээс “Бидэнд юуны түрүүнд үйлийн үрийн талаар; зан байдлын үр дагаврын хуулийн талаар тайлбарлаж өгнө үү. Бидэнд тарнийн өндөр түвшний бүтээлийн талаар шууд бүү яриарай” хэмээн хүсжээ. Энэ хүсэлтийг сонсоод Атиша гэгээн ихэд баяртай байсан гэдэг.

Бидний хандлагыг өөрчлөх буюу ариусгах ложон – оюун судлахуйн сургаалууд мөн бодит байдлын их тамга, их мутарлагийн сургаалууд (сэтгэлийн мөн чанарын бясалгал) – энэ бүхэн үйлийн үр, зан байдал ба түүний үр дагаврын талаарх тэдгээр ойлголтуудыг тус бүрийн зэхэл бүтээл болгон багтаасан байдаг. Тэдгээрийг ойлгохгүйгээр эдгээр сургаалуудыг ойлгох өөр зохистой арга байхгүй, учир нь энэ бол тэдгээрийн суурь, утгын хамрах хүрээ юм.

Ингээд одоо бүгдээрээ бидний ярианы эхлэл, Ном гэж юу вэ, сэргийлэх арга буюу номын бүтээл гэж юу вэ гэсэн асуулт руугаа эргэж оръё. Номын бүтээл нь эхний түвшиндээ маш муу төрөлд төрөхөөс сэргийлэх аргыг багтаана. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрийн ирээдүйн төрлүүддээ зориулан хичээл зүтгэл гаргах тухай юм. Ингээд та өөрийн зан байдлыг авч үзэн тэдгээрийн таны ирээдүйн төрлүүдэд тань гарах үр дүн юу байх талаар бодож үзсэнээр ирээдүйн төрлүүдийг тань хэцүү, бэрх болгох тэдгээр сөрөг үйлийг хийхийг тэвчих ба энэ үед тэр нь нэг Номын бүтээл болох юм.

Үйлийг үрийн дөрвөн хууль

Жишээ нь та маш мэдлэг туршлагагүй байж, амьтнаар тахил, цусан тахил өргөснөөр энэ нь танд ирээдүйд баяр жаргал авчрана гэж бодож байж болно. Ийм зүйл хийдэг хүмүүс андуурсан байдаг, учир нь амьтны амь авах сөрөг үйл хийснээр ирээдүйд юмс сайн байх ямар ч боломжгүй. Цусан тахил өргөх үүднээс амьтны амь таслах үйлийн цорын ганц үр дүн бол жаргал үгүй, зовлон. Энэ бол үйлийн үрийн эхний хууль (үйл магадтай ёс) бөгөөд хэрэв та зовлон бэрхшээл эдэлж байвал тэр нь өмнө үйлдсэн сөрөг үйлийн үр дагавар байх нь гарцаагүй.

Үйл ба түүний үр дагаврын хуулийн дараагийн нэг тал нь түүний ихсэх хүчин зүйл байна (үйл ихээр арвижих ёс). Үүнийг гадаад түвшинд ойлгож болно. Хэрэв та тоорын үр суулгасан бол түүний үрд гарах зүйл нь маш том тоорын мод байна; хэрэв та жижигхэн алимны үр суулгавал түүнээс гарах мод маш том байна. Үүнтэй адил хэрэв та маш бага эерэг үйлийг шалтгаан болгон суулгавал түүнээс гарах үр нь, амар амгалан нь маш их, барагдашгүй байж болно.

Жишээ нь хэрэв та үнэхээр маш зөв, эерэг бодолтой байж, маш эерэг санаагаар нэг удаа сунаж мөргөвөл тэр үед та өөрийн биеийн хэмжээний газарт байх тоосны тоотой адил тоогоор ертөнцийг эзэлсэн их хааны биеийг олж төрөх үрийг суулгаж болно. Энэ нь сөрөг үйлийн хувьд бас адил байна: өчүүхэн төдий сөрөг үйлийн үрд гарах асуудал, зовлон асар их байж болно. Нэг хуврагийг “Нохой адил дуугардаг” хэмээн доромжилсон нэг хүн түүнийхээ үрд таван зуун удаа нохой болж төрсөн жишээ байдаг. Тэгэхээр ширүүн хэлж, хэн нэгэн рүү хашхичихын маш том аюул байдаг. Та хэн нэгэн рүү хашхичин түүнийг нохой гэж дуудах нь тухайн хүнийг нохой болгох хүчтэй бус харин та нохой болж төрөх их аюул тэнд байдаг.

Бурхан багшийн ойрын шавь нар дотроос билиг ухаанаараа хамгийн цуутай хэмээн тэмдэглэгдсэн нь Шарипутра байсан юм. Бүх шавь нарын дундаас тэрээр хамгийн тод сэтгэл, хурц ухаантай нь байв. Үүний шалтгаан нь тэрээр урдын нэг төрөлдөө шуудан зөөгч байхдаа захиагаа хүргэж яваад хуучирч хаягдсан нэг сүмд хонохоор буужээ. Тэрхүү сүмийн ханан дээр Бурханы бие, хэл, сэтгэлийг илэрхийлсэн зургууд байсан бөгөөд Шарипутра тэр шөнө гутлаа засахаар лаа асаан нь Бурханы чанарыг илэрхийлсэн тэдгээр зургууд гэрэлтүүлжээ. Тэдгээр зургуудыг тодруулан, гэрэлтүүлсний үрд тэрээр хамгаас тод сэтгэлтэй, хамгаас хурц ухаантай болжээ. Иймд та гэгээрсэн төрөлхтөн, Бурхадын дүр бүхий  ямар ч өрөө тасалгаанд байсан хэрэв та тэдгээрийг гэрэлтүүлэн, зул өргөн, эсвэл бүр гэрэл чийдэн асаан гэрэл өргөвөл түүний үр нь асар их байна. Мэдээж та маш анхааралтай, ухаалаг байж зул, хүж өргөхдөө гал гарч болох аюулыг бодолцох ба эдгээр зүйлийг өргөх хэв маягтаа анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй.

Үйлийн үрийн гурав дахь хуулийн хувьд (үйлийг эс үйлдвээс эс учрах ёс), Бурхан багшийн ахмад шавь нарын дотор зарим тохиолдолд арван зургаан архад ч гэж нэрлэдэг, арван зургаан шавь (Батат агч, найдан) байсан бөгөөд тэдний нэг нь Канакаваца байв. Тэрээр өмнөх нэг төрөлдөө энэ галавын анхны Бурханы үед амьдарч байжээ. Тэрхүү Бурхан өөрийн уналга болгон маш сүрлэг нэг зааныг унаж хэрэглэдэг байсанд тэр хүн маш их сүсэг бишрэл, хүндлэлээр алтан унжлага өргөжээ. Түүний үрд тэрээр Шагжамүни Бурхан багшийн үед нэгэн айлд төрөх үед түүнтэй зэрэгцэн нэгэн алтаар баадаг заан тэр айлд иржээ. Түүний төрсөн улсын их хаан Ажаташатру тэрхүү зааныг өөрийн ордонд авчрах зарлиг буулгав. Гэвч албаны хүмүүс тэрхүү зааныг тэр айлаас хааны ордон газар аваачихыг оролдох удаа бүр тэрээр газар доогуур орон алга болж дараа нь дахин гарч ирдэг байв. Тэд зааныг аваачихыг гурван удаа оролдсон боловч тэр удаа бүрд заан алга болон дахин гарч ирж байжээ. Энэ нь тэрхүү хаан тэр зааныг эзэмших ямар нэг эерэг үр суулгаагүй, харин тэр айлын тэрхүү хүү тийм үрийг суулгасанд байжээ. Энэ бол хэрэв та тодорхой нэг үйлийн уг үрийг суулгаагүй бол түүний үрийг эдлэхгүй байхын нэг жишээ юм.

Дөрөв дэх хуулийн хувьд (үйлдсэн үйл үл шамшигдах ёс) хэрэв та ямар нэг үйл үйлдсэн бол түүний уг үр хэзээ ч барагдан эсвэл хуучирч үгүй болохгүй ба харин үнэндээ алтан заантай байх үйлийн үр бүхий хүүд тохиолдсоны адил боловсрох юм. Тэр хүү улмаар гэргийтний амьдралаас уйсаж Бурхан багшаас хуврагийн сахил хүртсэн бөгөөд Бурхан багш түүнд “Одоо чамд ийм алтан заан байх хэрэг үгүй болсон” хэмээн хэлсний хүчээр тэр заан алга болсон байна. Энэхүү хүү хичээн шамдсаар зовлонгоос гэтэлсэн төрөлхтөн, архадын хутагт хүрсэн бөгөөд архад Канакаваца хэмээн алдаршжээ.

Top