Сэтгэлийн үргэлжлэлийн ариун чанар ба их төрөлхтөн

Үл мэдэх мунхаг, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, үйлийн үр нь эхлэл үгүй

Бид бүгд өөр өөрийн гэсэн эхлэл үгүй, төгсгөл үгүй сэтгэлийн үргэлжлэлтэй бөгөөд бид үргэлжлүүлэн төрөл авсаар байна гэдэг талаар бид ярилцсан. Мөн эхлэл үгүй цагаас бидний сэтгэлийн үргэлжлэл нь мунхаг буюу энгийн үгээр хэлбэл төөрөгдөлтэй холилдсоор ирсэн. Энэхүү төөрөгдөл нь зан байдлын шалтгаан ба үр дагаврыг мэдэхгүй байхыг илэрхийлнэ: бид амгалан бус нь сөрөг зан байдлаас, амгалан нь эерэг зан байдлаас бий болдог талаар мэддэггүй. Энэ нь мөн бодит байдлын талаарх бидний суурь үл мэдэх явдлыг илэрхийлнэ: бид, бид өөрсдөө, бусад хүмүүс болон бусад бүхий л зүйлс хэрхэн оршдог талаар мэддэггүй. Өөрсдийн энэхүү үл мэдэх явдал (мунхаг) дээр суурилан бид сөрөг сэтгэл хөдлөл, хандлагуудыг төрүүлж, улмаар тэрхүү төөрөгдөлтэй холилдсон сөрөг эсвэл эерэг, өөрийн эрхгүй байдлаар үйлдлүүдийг үйлдэнэ. Энэ нь үйлийн үрээс шалтгаалсан чиг хандлага (авьяас) болон эерэг, сөрөг үйлийн үрийн хүчийг багтаасан үйлийн үрийг (нөлөөг) бидний сэтгэлийн үргэлжлэлд үлдээнэ. Ийм маягаар бидний болон бусдын сэтгэлийн үргэлжлэл үл мэдэх мунхаг, сөрөг сэтгэл хөдлөл, үйлийн үртэй эхлэл үгүй цагаас холилдсоор ирсэн. 

Үйлийн үр сэтгэлийн үргэлжлэл дээр хэрхэн хадгалагддаг вэ?      

Үйлээс үүсэх хандлага (авьяас) болон түүнээс үүсэх үйлийн үрийн потенциал (гарч төлөвших чадамж) нь биет үзэгдэл ч биш, ямар нэг зүйлийг мэдэх мэдэхүй ч биш. Тэдгээр нь ердөө бидний сэтгэлийн үргэлжлэл дээрх (нэр төдий орших) шинж байна. Жишээ нь, хэрэв бид өнөөдөр кофе ууж, өчигдөр мөн ууж, түүний өмнөх өдөр, тэрний өмнөх өдөр гэх мэтээр уусан бол энд кофе уух хандлага байна гэж хэлнэ. Энэ хандлага бол ямар нэг биет зүйл биш, ямар нэг зүйлийг мэдэх мэдэхүй ч бас биш. Энэ бол ердөө ижил үйл явдлуудын дараалал бүхий нэг зүйлийн шинж (ул мөр).  

Бидний үл мэдэх явдал, сөрөг сэтгэл хөдлөл, аливаад хандах байр сууриуд нь тэдний үргэлжлэх байдлаас шалтгаалсан хандлагуудтай. Гэвч бид өдрийн бүхий л хором тутамд кофе уудаггүйтэй адил бид хором тутамд ууртай байдаггүй. Гэвч нэг үргэлжлэл байх ба түүнийг хандлагаар тайлбарлана. Энэ нь бидний сэтгэлийн үргэлжлэл дээрх хандлагаас гарна. Үл мэдэх явдал, сөрөг сэтгэл хөдлөлүүд болон үйлийн үрийн нөлөө нь бидний сэтгэлийн үргэлжлэл дээр хадгалагдсаар ирсэн бөгөөд хэрэв бид түүниийг зогсоох ямар нэг зүйл хийхгүй бол тэдгээр нь үргэлжилсээр байна.    

Үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барих 

Бидний сөрөг сэтгэл хөдлөл, өөрийн эрхгүй гарах үйлийн үр бүхий зан байдлын цаана байх бодит байдлыг үл мэдэх явдал (мунхаг) нь бидний сэтгэл юмсыг байх боломжгүй байдлаар харах тэрхүү асуудал дээр суурилна. Үнэндээ бидний сэтгэл цаг үргэлж үүнийг хийдэг. Үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барьснаар бид тэдгээр хуурмаг үзэгдлүүдийг төрүүлээд тэдгээрийг бодит байдал хэмээн итгэнэ. Мэдэхгүй байгаа учраас бид тэдгээрийг үнэн биш хэмээн мэддэггүй.     

Үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барих, үл мэдэх мунхаг, сөрөг сэтгэл хөдлөл, аливаад хандах байр сууриуд, үйлийн үрийн хандлагууд, үйлийн үрийн гарч ирж төлөвших чадамж (потенциал) эдгээр нь бүгд дээрхтэй холбоотой бөгөөд нисванисын түйтгэр (муу сэтгэл – уур, шунал, мунхагаас үүсэх саад) болно. (Зовлонгоос) гэтлэхүйд саад болно. Энэхүү үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барих зуршил нь зөвхөн тэрхүү барихуйг төрүүлээд зогсохгүй үнэхээр бүтэн оршиж буй мэт үзэгдэх хуурмаг үзэгдэл, оршихуйн байх боломжгүй хэлбэрийг гаргана. Сэтгэл цаг үргэлж үүнийг төрүүлэх тул энэ нь “байнгын зуршил.” Энэ нь бүхнийг илт мэдэх гэгээрэлд саад болох мэдэгдэхүүний (танин мэдэхүйн) түйтгэр болно. Гэтлэхүйд хүрэхээс өмнө энэхүү зуршил нь хуурмаг үзэгдэл гаргах болон тэдгээр хуурмаг үзэгдлүүдийг хүлээн авч, тэдгээрт итгэх байдлуудыг төрүүлнэ. Гэтлэхүйд хүрсний дараа боловч гэгээрэлд хүрэхийн өмнө тэдгээр зуршил нь хуурмаг үзэгдэл гарган түүнийг ердөө хүртэж мэдрэх боловч тэдгээр үзэгдлүүдийг бодит байдал хэмээн итгэхгүй. 

Үзэгдэж, харагдаж байгаатай адил байдлаар орших тийм зүйл байхгүй гэсэн хоосон чанарыг томьёололгүйгээр шууд танин мэдсэн мэдэхүй нь дээрх түйтгэрүүдийг энэ ойлголтын цаана байх сэдлийн хүчний хэмжээгээр арилгана: магад гарах сэтгэл дангаараа эсвэл магад гарах сэтгэл, бодь сэтгэл хоёр хамт байх.

Үнэн бүтэж оршихуй хэмээхийн утга 

Бидний сэтгэлийн гаргадаг байх боломжгүй оршихуйн хэлбэрүүдийн олон нарийн түвшингүүд байна. Хамгийн гүн, хамгийн нарийн түвшиндээ энэ нь бидний “үнэн бүтэж оршихуй” хэмээн нэрлэх нэг үзэгдэл. Энэтхэгийн Бурханы шашны өөр өөр тогтсон тааллуудад (үзэл сургуулиудад) үнэн бүтэж оршихуйг олон янзаар тодорхойлох бөгөөд энд бид голлон Гэлүгийн ёс хэмээн үздэг Прасангика ёсны тодорхойлолтыг авч үзэх болно.       

“Оршихуйн хэлбэрүүд” гэдэг үг хэллэг нь оршихуйг бий болгох тэр зүйлийг илэрхийлнэ. Хэдийгээр ялгаа нь маш нарийн хэдий ч энэ нь үнэндээ ямар нэг зүйл оршиж байгаа эсэх тэр хэлбэрийн талаар өгүүлж байгаа бус. “Бий болгох” гэдэг энэ үг ямар нэг зүйл оршиж байгааг юу баталж байгаа эсвэл түүний шалтгаан нь юу болохыг тайлбарлах гэсэн утгыг илэрхийлнэ. Эхэн үеийн тогтсон тааллуудын ямар нэг зүйл оршин байгааг харуулах маш энгийн нэг санаа нь тухайн зүйл ямар нэг үүрэг, функц үзүүлж буй явдал. Ямар нэг зүйл гүйцэтгэж байгаа учраас тэр зүйлийг гүйцэтгэж байгаа нь түүнийг оршиж байгааг баталж, харуулна гэдэг. Доод тогтсон тааллуудад ингэж үзүүлнэ. 

Прасангика тогтсон таалал нь үнэн бүтэж оршихуйн талаар ярих үед энэ нь тухайн зүйлийг оршиж байгааг харуулах тэр орны (зүйл) дээр ямар нэг зүйл байна гэсэн санааг илэрхийлнэ. Тэр нь дангаараа эсвэл сэтгэлээс томьёолон өгсөн нэр бүхий бусад хүчин зүйлтэй холбоотой байж болно.     

Бид хоосон чанарыг ойлгох үед оршихуйн тэдгээр байх боломжгүй хэлбэрүүдтэй холбогдох бодит зүйл байхгүй байгааг олж харна; тийм зүйл байхгүй. Үүнийг ойлгохыг тулд нэг жишээ авъя. Бид “Миний бие хүчтэй” гэж хэлж болно. Учир нь бидний сэтгэл ямар нэг өөр зүйлээс хамааралгүй, бидний биеийг хүчтэй болгох нэг зүйл биед байна гэж хардаг. Сайн эрүүл мэнд, сайн хоол, дасгал гэх зэрэг “Би хүчтэй, эрүүл” гэхийн бүх шалтгаанууд бидэнд харагддаггүй. Толинд харах үед хүчтэй бие нь тэр бүхнээс бий болсон мэт санагддаггүй харин өөрийн зүгээс орших нэг үнэхээр хүчтэй бие байгаа мэт санагддаг.            

Хэрэв хүчтэй бие байх нь биеийн өөрийн зүгээс бүтсэн бол тэр нь ямар ч нөхцөлд хүчтэй байх хэрэгтэй болно, бүр бусад зүйлтэй харьцуулах үед ч. Нярай хүүхдийн биетэй харьцуулахад насанд хүрсэн хүний бие хүчтэй боловч нас биед хүрсэн эр горилла бичний хувьд хүчтэй биш, сул. Хүч олон хүчин зүйлээс шалтгаалж гарна. Энэ нь зөвхөн хооллолт, дасгалаас шалтгаалах төдийгүй бидний түүнийг харьцуулж байгаа бусад зүйлтэй харьцангуй хамааралтай байна. Үүгээр зогсохгүй мөн “хүчтэй” гэх үг, ойлголтоос хамаарна.

Ямар нэг байдлаар бид өөрсдийн өдөр тутам хийдэг зүйлд чиглэн түүн дээрээ “хүчтэй” гэдэг үг, ойлголтыг бий болгоно. Түүхийн эхэн үед, хэл яриа бий болж байсан үед “хүчтэй” гэдэг нь хүмүүст ердөө нэг утгагүй дуу чимээ байсан бөгөөд улмаар энэ нь нэг ойлголт, ангилал болон хүмүүс тэр ангилалд багтаж болох бүхий л зүйлүүдийг нэрлэсэн. Биеийг чухам юу хүчтэй болгодог вэ? Түүнийг хүчтэй болгох ганц зүйл бол ердөө “нэрлэх”, “сэтгэлээс нэрийдэх” явдал байна, өөр юу ч биш. Бидний хэлж чадах бүх зүйл бол хүчтэй байх гэдэг нь ердөө “хүчтэй” гэдэг үгийн суурь болсон зүйл дээр нэрлэсэн нэр байх ба түүнийг сэтгэлээр нэг ангилал, “хүчтэй” гэх ойлголт болгон нэрлэх үед л төрнө. Тухайн зүйлийн сууринд түүнийг хүчтэй болгох юу ч байхгүй. Олдох зүйл байхгүй. 

“Гэвч хүчтэй байх гэдгийг тодорхойлох шинж чанарууд байхгүй гэж үү?” хэмээн бид асууж болно. Хэн нэгэн 100 килограммыг өргөж чадаж болно, тэр нь тус суурийн талаас түүнийг хүчтэй болохыг тодорхойлох нэг шинж биш гэж үү? Үгүй, учир нь хүнд зүйл өргөхийг тодорхойлж буй шинж нь мөн хүмүүсийн тодорхойлсон, “хүчтэй” гэдэг ойлголтын талаар бодсон нэг сэтгэл. Хүмүүс тодорхойлолт зохион, тайлбар тольд байршуулснаар “хүчтэй” гэх ойлголт гарна, гэвч энэ нь бүрэн сэтгэлээс бий болсон хэвээр л байна. Гэтэл бидний сэтгэл ердөө бие болон түүний хүчний нэг үзэгдлийг гаргана. “Би гар дээрээ 100 суниасан, би хүчтэй!” Энэ нь бидний биеийн хүч бие даасан хүчтэй байдлаар оршиж байгаа мэт байна.      

Энэ үзэгдэл, мөн энэ нь ямар нэг бодит зүйлийг илэрхийлж байна хэмээн итгэх итгэл дээр суурилан бид биеийн тэр чанарыг хэтрүүлэн түүнд хэт автах, бардамнах, өөрийг дээгүүр тавих сэтгэлийг төрүүлнэ. Бид өөрөөсөө илүү хүчтэй гэж үзэж байгаа хэн нэгнийг харж атаархана. Эсвэл бид 100 биш, ердөө 50 суниаж чадаж байвал бухимдаж, сэтгэлээр унана. Гэх мэтээр бид үнэндээ байх боломжгүй зүйлүүдийн ийм үзэгдэлд итгэсний үндсэн дээр сөрөг сэтгэлүүдийг төрүүлдэг. 

Энэ нь харьцангуй үнэнд (янагуух оршихуйд) хүчтэй гэх зүйл байхгүй гэсэн үг биш. Харьцангуй үнэний хувьд, үг, ойлголтын үүднээс бид хүчтэй. Энэ асуудал биш; бид огт юу ч оршдоггүй гэж хэлээгүй. Харьцангуй үнэний (янагуух оршихуйн) хувьд бидний бие хүч чадалтай, үг болон ойлголттой холбоотойгоор бид түүнийг нярай хүүхэд зэрэгтэй харьцуулахад хүчтэй гэж хэлж болно. Гэвч харьцангуй үнэний хувьд ч, үнэмлэхүй үнэний хувьд сэтгэлээс өгсөн нэр, нэрийтгэлийн тэр сууринд юу ч байхгүй.   

Энэ нэг товч тайлбар. Гэвч бид үүний талаар бодож үзэх хэрэгтэй. Хэрэв биднийг дан өөрөөрөө, өөрийн хүч нөлөөгөөр хүчтэй болгосон бидний хүч гэх тийм орон (зүйл) байсан бол бид хэдий өвдсөн ч, өтөлсөн ч гэх мэт өөр юу ч болсон хамаагүй бид хүчтэй хэвээр байх байсан. Хэрэв бид логикоор авч үзэх юм бол түүнийг байх боломжгүй гэдгийг ойлгоно.         

Хоосон чанар    

Хоосон чанрыг авч үзэх үед бид “тийм зүйл үгүй” гэдэг дээр анхаарна. Энэ бол үнэн бүтэж оршиж байгаа мэт үзэгдэх тэрхүү үзэгдэлтэй холбогдох бодит зүйл огт байхгүй явдал. Үзэгдэх байдал нь бодит ямар нэг зүйлтэй холбоогүй байна. Тэр нь анхнаасаа байгаагүй. Үүнд хэрэглэгдэх өөр нэг хэллэг нь “суурь.” Байх боломжгүй энэхүү үзэгдлийн суурь гэх зүйл байхгүй. Цонхны хаалтан дээр хэн нэгний сүүдэр тусахад түүний цаана сүүдэр тусгаж буй нэг бодит хүн, нэг суурь байна. Харин энд сүүдрийн хувьд үнэхээр бүтэн оршиж буй мэт үзэгдэх нэг үзэгдэл байв ч түүний цаана бие даасан, түүний суурь болох юу ч байхгүй. 

Бид хоосон чанар дээр анхаарч, түүнд бүрэн уусах үед энэ нь бид бүрэн төвлөрсөн байна гэсэн үг бөгөөд энэ үед сэтгэл үнэхээр бүтэн орших үзэгдлийг гаргахгүй, түүнд итгэхгүй. Энэ нь томьёолол үгүй, үнэмлэхүй байдлаар үзэгдэх тухайд бид ярьж байна. Хэрэв энэ нь шууд (үнэмлэхүй) бус томьёолол бүхий байсан бол хоосон чанар гэх ойлголт, ангилалтай холилдсон байх байсан. Энэ маш ярвигтай.     

Нисванисын (сэтгэл хөдлөл) болон мэдэгдэхүүний (танин мэдэхүйн) түйтгэр нь сэтгэлийн уг мөн чанарын хэсэг биш 

Өмнө дурдсанчлан нисванисын түйтгэр гэдэг нь үл мэдэх мунхаг, сөрөг сэтгэл хөдлөл, аливаад хандах хандлага болон эдгээрээс төрөх хандлага мөн тэр бүхний үйлийн үр болох хандлага, түүнээс боловсрон гарах чадамж эдгээр юм. Энэ бүхэн нь 12 шүтэн барилдлагаар тодорхойлогдох орчлонгийн (зовлонт) төрлийн шалтгаан болно. Эдгээр нь үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барихаас гарах бөгөөд (зовлонгоос) гэтлэхүйг хязгаарлана. Мэдэгдэхүүний түйтгэр нь үнэхээр бүтэн орших мэт үзэгдлийг гаргахтай холбогдох бөгөөд энэ нь үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барих тэрхүү байнгын зуршлаас бий болно. Бидний сэтгэл үнэн бүтэн оршиж буй мэт үзэгдлийг гаргах үед тэр нь юмсыг нэг нэгэнтэйгээ ямар ч холбоо, хамааралгүй болгож хардаг. Ингээд тэдгээр үзэгдлүүдийг хүртэх үед бид бүх зүйлийн харилцан холбоог (барилдлага), ялангуяа тэдгээрийг зан байдлын шалтгаан ба үр дагаврын үүднээс харж чаддаггүй. Тэдгээр нь бидний илт мэдлийг хязгаарлах ба бид бусдад хэрхэн хамгийн сайн тус болохыг мэддэггүй. Бид тэдний асуудлын эхлэл үгүй бүх шалтгаан эсвэл бидний зааж байгаа зүйлийн төгсгөл үгүй үр дүн юу байхыг харахгүй.

Бидний сэтгэлийн үргэлжлэл эхлэл үгүйгээр эдгээр нисванисын болон мэдэгдэхүүний түйтгэрүүдээр “хиртсээр” ирсэн. Ийм учраас бид зовлонгоос ч гэтлээгүй, гэгээрэлд ч хүрээгүй байна. Тэгвэл эдгээр түйтгэрүүдийн хир толбыг арилгаж болох уу? Тэдгээр нь сэтгэлийн уг мөн чанарын нэг хэсэг үү эсвэл бидний “түр зуурын хир” хэмээн нэрлэдэг тэр зүйл үү? Хэрэв тэдгээр нь сэтгэлийн мөн чанарын тодорхойлох шинж чанар нь байсан бол цаг үргэлж гарч ирж байх байсан. Гэвч тэгдэггүй. Жишээ нь, бид хоосон чанар дээр бүрэн төвлөрсөн үед тэдгээр нь гарч ирэхгүй үеүд байна. Энэ нь тэдгээр нь сэтгэлийн мөн чанарын хэсэг биш гэдгийг харуулна. 

Нисванисын (сэтгэл хөдлөл) болон мэдэгдэхүүний (танин мэдэхүйн) түйтгэрүүдийг бүрмөсөн арилгах боломжтой 

Дараагийн асуулт нь: хэрэв тэдгээр нь түр зуурын хир бөгөөд сэтгэлийн уг мөн чанарын хэсэг биш бол тэдгээрийг бүрмөсөн арилгах боломжтой юу? Бүрмөсөн гэдэг нь тэдгээрийг хорих (зогсоох) нь үнэн гэсэн Хутагтын гурав дахь үнэнийг илэрхийлнэ. Үл мэдэх, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, үйлийн үр, үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барих байнгын зуршил эдгээрээс тогтсон хандлага нь хоосон чанар дээр томьёололгүй бүрэн төвлөрсөн сэтгэл дээр ч хадгалагдаж болох бөгөөд тэрхүү төлөвөөс гарах үед тэдгээр нь дахин гарна. Тэгвэл бид тэдгээрийг дахин гарч ирэхгүй байхаар хэрхэн арилгаж болох вэ? 

Ижил үйл явдлын нэг дараалал нь хандлага, зуршил бөгөөд хэрэв давтагдаж байгаа тухайн зүйл ирээдүйд гарах тохиолдолд л бид бидний сэтгэлийн үргэлжлэл дээр нэг хандлага, зуршил одоо байна гэж хэлнэ. Хэрэв ирээдүйд дахин гарахгүй бол бид өмнө нэг хандлага, зуршил байсан гэнэ. Жишээ нь, би баруун гараараа бичих зуршилтай бөгөөд энэ нь одоогийн зуршил, учир нь би ирээдүйд ч баруун гараараа бичсээр байна. Гэвч хэрэв би ослоор баруун гаргүй болбол надад одоо тэр зуршил байх уу? Үгүй. Өмнө би баруун гараараа бичдэг зуршилтай байсан боловч одоо надад тэр гар байхгүй тул би баруун гараараа бичиж чадахгүй болсон. Энэ нь зөвхөн өмнөх зуршил, одоогийн зуршил биш. Хэрэв бид үнэхээр бүтэн оршиж буй мэт үзэгдэл гаргаж, тэдгээр үзэгдлийг хүртэн, тэдгээрт итгэх байдлыг ирээдүйд гаргахгүй болгож чадвал тэр зуршил бүрмөсөн байхгүй болно. Дахин эргэж ирэхгүй.

Хоосон чанарыг томьёолол үгүй шууд таних нь үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барихыг арилгана

Хэдий их бид үнэхээр бүтэн оршиж буй хэмээх үзэгдэл гаргаж, түүнийг барихгүйгээр, томьёололгүй, шууд хоосон чанар төвлөрч чадна төдий чинээ тэдгээр хандлага, зуршлууд суларна. Үл мэдэх мунхаг нь тэдгээр үзэгдлүүдийг ямар нэг бодит зүйлтэй холбоотой гэж итгэх дээр суурилах боловч хоосон чанар дээр бүрэн төвлөрөх үед тэдгээр үзэгдлүүдтэй бодитой тохирох тийм зүйл байхгүй гэдэг дээр төвлөрсөн олон олон хормуудыг бид туулна. Ийнхүү хоосон чанар дээр хэдий их төвлөрөх хэрээр бид алгуур төвлөрлөөс гарсан байгаа үедээ бидэнд хүртэгдэх ямар нэг бодит зүйл байгаа мэт үзэгдэх тэр хуурмаг үзэгдэлд алгуур итгэхгүй болно. Өөрөөр хэлбэл, үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барих зуршил нь түүнд итгэх итгэл төрөхгүй болох хүртэл аажмаар суларсаар байна.     

Энэ үед бид нисванисын түйтгэрийг арилгаж, гэтлэхүйд хүрнэ. Учир нь бид тэдгээр үзэгдлүүд бодит байдалтай нийцэхгүй гэдгийг мэдэхгүй тэр үл мэдэх мунхаг, түүний хандлагуудыг бүрмөсөн арилгасан байна. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл болон үйлийн үрийг бий болгодог өөрийн эрхгүй гарах үйлдлүүдийг эхэлж бий болгодог зүйл нь энэхүү үл мэдэх мунхаг бөгөөд ирээдүйн орчлонгийн (зовлонт) төрлийг авчрах үйлийн үрийн нөлөөг идэвхжүүлэх тэр зүйл нь тэдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд. Үл мэдэх мунхаг байхгүй болох үед үйлийн үрийн нөлөөг идэвхжүүлэх , дараагийн үлийн үрийн нөлөөг гаргах юу ч байхгүй болох бөгөөд ийнхүү хяналтгүй дахин дахин гарах орчонгийн төрөл бүрмөсөн зогсоно. 

Хэрэв бид Бурхан болох үедээ төвлөрсөөр байх тэр л адилаар хоосон чанар дээр цаг үргэлж төвлөрч чадаж байвал (юмс) үнэхээр бүтэн оршиж буй мэт үзэгдэх үзэгдлийг дахин гаргахгүй. Бидний сэтгэл тийм утгагүй зүйлийг гаргахгүй болж бид илт мэдэлтэй болно. Учир нь бид бүх зүйлийн харилцан хамаарлыг хүртэж чадна. Энэ бол бид хэрхэн оршихуйг болон гэтлэхүй, гэгээрэлд хүрэх боломжийг бий болгодог үйл явц.     

Шамдал үгүй магадгүй гарах сэтгэл гэтлэхүйд хүргэх хоосон чанарын ойлголтын суурь хүч болох нь 

Хоосон чанарыг ойлгосон сэтгэлд нэг тодорхой хүч байх хэрэгтэй. Бид хоосон чанарыг их сургуулийн хичээлийн танхимд хийх нэг оюуны дасгал адилаар ойлгож болно. Гэвч түүнд тийм их хүч байхгүй байх болов уу. Үнэндээ ийм төрлийн ойлголт нь маш их бардамналд хүргэж болно. Хэрэв тэр ойлголтонд шамдал үгүй магад гарах (өөрийн аяндаа төрөх зовлонгоос уйсах сэтгэл) сэтгэлийн хүч байвал түүнд үл мэдэх мунхаг ба сөрөг сэтгэлийн хандлага болон үл мэдэх мунхаг, сөрөг сэтгэл тэдгээрийг өөрсдийг нь арилгах хүч байна.

Ямар учраас? Учир нь бидний магад гарч (уйсаж) байгаа зүйл нь сөрөг сэтгэл, хандлагуудын үр дүн байна. Бид орчлонгийн (зовлонт) төрлөөс уйсаж байдаг. Энэ бол бидний чөлөөлөгдөхийг мөн тэдгээрийн шалтгаануудыг хорихыг хүсэж байгаа зүйл. Бид тэдгээр (таван) цогцын түгээмэл хуран үйлдэхүйн зовлонгоос магад гарч (чөлөөлөгдөхийг хүсэж) байдаг. Нэг ч хүн илүү их зовохыг хүсэхгүй учраас хэн ч зовлонгоос уйсаж болно. Энэ бол тийм том амжилт биш. Амьтад ч хүртэл үүнийг хүснэ. Мөн бусад шашнуудад нэг төрлийн диваажинд очих үүднээс ертөнцийн жаргалаас магад гардаг. Энэ бол Бурханы шашны санаа биш. Бидний магад гарах зүйл нь орчлонгийн (зовлонт төрлийн) үндэс болох зовлонгийн гурав дахь хэлбэр. Энэ санаа маш чухал.               

Орчлонгоос магад гарах (уйсах): Гэтлэх шийдвэр (зовлонгоос ангижрах)      

Орчлонгийн шинж чанар юу вэ? Энэ нь өгсөж, уруудна. Бид заримдаа сайн, баяр жаргалтай байна, заримдаа муу, баяр жаргалгүй байна. Бидэнд дараагийн агшинд сэтгэл ямар байхыг төсөөлөх арга байдаггүй. Хэдий бид сэтгэл баяртай байгаа ч бид түүнээс хагацах ёстой болох ба эсвэл “Хангалттай санагдахгүй байна” хэмээн сэтгэл ханамжгүй байна. Энэ бол бидний магад гарахыг зорьж буй орчлонгийн нөхцөл. Бид оршихуй эсвэл амьдралаас уйддаггүй (магад гардаггүй). Мэдээж хэрэв бидэнд өгсөж, уруудах тэдгээр “сэтгэл хөдөлгөм” зүйлүүд байхгүй бол амьдрал хоосон, уйтгартай болно гэж бодох сэтгэлийн хаалтууд гарч болно. Гэвч хэрэв бид гүнзгий шинжилж үзэх юм бол бид гэтлэхүйд хүрсэн үед бидэнд бидний амсаж туулах хором бүрийг бүрдүүлэх тэдгээр (таван) цогцууд, бидний мэдрэхүй байсаар байх боловч тэдгээр нь сөрөг биш, сэтгэлийн тайван байдал алдагдуулахгүй байна гэдгийг ойлгоно. Бидэнд сэтгэлийн тайван байдал алдагдуулахгүй амар амгалан, тэгш сэтгэл байна. Бидэнд ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлгүй асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, тэвчээр, өглөгч сэтгэл, хайр халамж зэрэг байна.

Товчоор хэлбэл, эдгээр нь бидний дунд төрөлхтний түвшний хүн үнэхээр болох үүднээс зорих зүйлүүд. Бид, бидний сэтгэлийн үргэлжлэл мөнх үргэлжлэх ба мөн чанар нь нисванисын түйтгэрээр халхлагдаагүй (хиртээгүй) учраас тэдгээрийг бүрмөсөн зогсоох боломжтой гэсэн итгэл байна. Мөн бидэнд бид юунаас магад гарч байгаа талаарх зөв тодорхойлолт байна. Энэ бүхэн тодорхой болох үед бид дунд төрөлхтний түвшний хүн үнэндээ болох тэр замд гарна. 

Шамдал үгүй бодь сэтгэл гэгээрэлд хүргэх хоосон чанарын ойлголтын суурь хүч болох нь 

Их төрөлхтний түвшинд бидэнд хоосон чанарыг ойлгосон сэтгэлийн хүч болох шамдал үгүй бодь сэтгэл байгаа үед тэр нь хоосон чанар дээр үргэлжид төвлөрч мөн мэдэгдэхүүний түйтгэрийг арилгаж чадна. 

Ямар учраас? Бидэнд хоёр түйтгэрээс ангижирсан эхлэл мөн төгсгөл үгүй сэтгэлийн энэ үргэлжлэл байна. Хүн бүхэнд бий. Энэ бол бидний ойлгох ёстой эхний зүйл бөгөөд үүний суурин дээр бид хүн бүхэнд тэгш хандана. Жишээ нь, үйлийн үрийнхээ улмаас одоо шавжийн бие аваад буй нэг сэтгэлийн үргэлжлэлийг харах үед энэ нь хэдийгээр бидний сэтгэл тийнхүү харж байсан ч тэр сэтгэлийн үргэлжлэл нь өөрийн мөн чанараараа шавжийн сэтгэлийн үргэлжлэлийг бий болгосон гэсэн үг биш. (Өөөрийн мөн чанар бүхий) шавжийн сэтгэлийн үргэлжлэл, эсвэл эрэгтэй, эмэгтэй, эсвэл хүн төрөлтөн, эсвэл мексик хүн гэх мэт тийм зүйл ердөө байхгүй. Гол санаа нь бидний сэтгэлийн үргэлжлэлүүд нь байх бололмжгүй тийм хэлбэрээр, тэднийг тойрсон том ханануудтай, бүрэн бие даасан байдлаар бас оршихоос хоосон (оршдоггүй). Бидний сэтгэлийн үргэлжлэлүүд бидний туулж эдэлж байгаа юмсын үүднээс бүгд эхлэл үгүйгээр бие биетэйгээ харилцаж, нэг нэгэндээ харилцан нөлөөлж ирсэн.

Эхлэл үгүй цагт авч үзэх үед өмнө нь бид зөвхөн нэг нэгэндээ туслаад зогсохгүй бид бүгд бие биеийнхээ эцэг, эх бололцож байсныг харна. Түүний дээр хүн бүр амгаланг хүсэх ба хэн ч зовлон хүсдэггүй. Энэ нь сэтгэлийн үргэлжлэл тус бүрийн суурь зарчим бөгөөд энэ үүднээс бид бүгд ижил тэгш. Бид бүгд бие биеэсээ харилцан хамааралтай бөгөөд бид бүгдэд бүгдэд нь гэгээрэлд хүрэх боломж олгодог сэтгэлийн үргэлжлэлийн суурь ариун чанар болох “Бурханы чанар” гэх зүйл байна. Үнэндээ бид хүн бүр гэтлэхүй, гэгээрэлд хүрч чадна гэсэн итгэлтэй байна. Сэтгэлийн үргэлжлэлийн хоосон чанарыг ойлгох үед бид бусдад нөлөөлж, туслах нь боломжтой гэдгийг ойлгоно. Энэхүү шалтгаант холбоо нь юу боломжтойг хэтрүүлэх эсвэл юу боломжтойг үгүйсгэхгүйгээр шалтгаан ба үр дагаврыг үнэхээр ойлгох дээр суурилснаар энэхүү шалтгаант холбоо нь сэтгэлийн үргэлжлэлүүдийн хооронд байх боломжтой болно. 

Бүх хүн гэтлэхүй, гэгээрэлд хүрч чадна гэдгийг ойлгосноор бидэнд хүн бүрд чиглэсэн их нигүүлсэнгүй сэтгэл төрнө. Бид бүх зүйлийн харилцан холбоог харж, магадгүй тов тодорхой биш ч, наад зах нь зарчмыг нь ойлгож чадна. Одоо бид энэхүү бодь сэтгэлийн хүч нь Бурханы илт мэдэх сэтгэлд үнэхээр хүргэх шалтгаан болж чадах тийм агуу гэдгийг харж байна.     

Бодь сэтгэл нь энэхүү энэрэн нигүүлсэх сэтгэл (хамаг амьтныг зовлон үгүй болгох сэтгэл) болон хүн бүрийг гэгээрэлд хүргэх үүргийг өөртөө авах сэтгэл дээр суурилна. Үүнийг бид “үлэмжийн санаа” гэнэ. Бид өөрсдөө Бурханы хутагт хүрсэн тохиолдолд л бусдад бүрэн тусалж чадна гэдгийг бид ойлгоно; ингээд бид нисванисын (сэтгэл хөдлөлийн) болон мэдэгдэхүүний (танин мэдэхүйн) түйтгэрийг арилгах хэрэгтэй болно. Энэ үед бид Хутагтын гурав болон дөрөв дэх үнэнтэй холбоотой өөрийн хараахан хүрээгүй байгаа гэгээрэл дээр төвлөрнө. Эдгээр нь хоёр түйтгэрийг арилгах хорихуйн үнэн ба бидний сэтгэлийн үргэлжлэл дээр төрөх боловч хараахан төрөөгүй байгаа зам мөрийн сэтгэлийн үнэн.     

Хараахан хүрээгүй байгаа өөрийн гэгээрэл дээр төвлөрөх 

Барууны ойлголтоор “ирээдүй”-н тухай ярих үед тэр нь хаа нэгтээ тохиолдох ямар нэг зүйл байгаа мэтээр, хэрэв бид гэрлийн хурднаас илүү хурдаар явбал ирээдүйгээр аялж болох мэт сонсогддог. Энэ бол Бурханы шашны ойлголт биш. Бурханы шашинд бид байхаа больсон, одоо болж байгаа, хараахан болоогүй байгаа үйл явдлууд гэж ярина. Зөвхөн ямар нэг зүйл боломжтой тохиолдолд л хараахан болоогүй байгаа гэж ярина. Бидний гэгээрэл одоогоор хараахан гараагүй байгаа ч тэр нь сэтгэлийн үргэлжлэл дээр нэрлэсэн эерэг хүч болон гүн ойлголт хоёрын сүлжээ адил хураагдах тэдгээр шалтгаан буюу “буяны болон билгүүний чуулган” мөн сэтгэлийн үргэлжлэлийн ариун чанар энэ хоёр дээр суурилж гарах боломжтой.        

Бодь сэтгэлээр бид сэтгэлийн агуу их, асар уудам түвшинд хүрэхийг зорьж байдаг. Энэ бол Махаяна, сэтгэлийн их хөлгөн. Энд бид нэг төхөөрөмжийн тухай бус харин биднийг гэгээрэлд хүргэх нэг ойлголтын тухай ярьж байна. Энэ нь асар уудам, учир нь бид бүх хамаг амьтан, тэд бүгдийн харилцан холбооны үүднээс бодож байгаа. Мөн бид өөрийн болон бусад бүх амьтны сэтгэлийн үргэлжлэлийн туйлын ариун чанарын үүднээс авч үзэж байгаа. Энэ нь үнэхээр бүтэн оршиж буй хэмээн барих зуршлыг тасалж чадах хоосон чанарын ойлголтонд бас хүч өгнө. Өөрөөр хэлбэл, тэр үед бид хоосон чанар дээр мөнхөд бүрэн уусаж (төвлөрч) чадна. 

Магад гарах сэтгэл (орчлонгоос уйсах сэтгэл) эгэл амьдралын таашаалыг үгүйсгэхгүй   

Энэ бол дунд болон их төрөлхтний түвшинд бидэнд байх зүйл. Бид цаг үргэлж эдгээр төрөлхтөн тус бүрийн түвшинд шамдал үгүй оршиж байхад өөрсдийгөө төлөвшүүлэхийг хүснэ. Дунд төрөлхтний түвшний хүний хувиар бид бидний эгэл (зовлонт) оршихуйд юу ч тохиолдож байсан түүнийг зовлонгийн нэг хэлбэрээр харж байх ёстой. Энэ нь бид энэ амьдралаас таашаал хүртэхээ больж, цаг үргэлж үнэхээр дүнсгэр, гутарсан байна гэсэн үг үү? Үгүй, ердөө тийм биш! Энэ нь ердөө бид харж байгаа зүйлдээ хууртахгүй гэсэн үг. Тэдгээр нь ердөө өнгөц түвшинд байсан ч, бид бүх зүйл шалтгаан болон нөхцөл дээр суурилан гарах бөгөөд тэр нь өөрчлөгдөж хувирах ба мөнхөд оршихгүй гэж харна. Бид ердөө юу ч болж байсан түүнээс ямар нэг хэтрүүлэггүйгээр таашаал авна. Тийм, бид идэх ёстой, иймд “Энэ үнэхээр гайхалтай, дэндүү сайхан, би идээд, идээд л баймаар байна” хэмээн бодохгүйгээр зоогоос таашаал эдэлж болно. Бид тайван байж, юмсаас байгаагаар нь таашаал хүртэнэ. 

Өөрийн таашаадаг хүмүүсийн бие махбодын талаар бодит хандлагатай байх 

Хүмүүстэй харилцах бидний харилцаанд бидний уур бухимдал төрүүлдэг хүмүүс, бидний анзаардаггүй хүмүүс болон мэдээж бидний маш их татагддаг хүмүүс гэж байна. Бид хэдийгээр хоосон чанарын ойлголтыг ашиглаж чадахгүй ч дүрслэх гэх мэт түр хугацааны ерөндгүүдийг хэрэглэж болно. Бид рентген туяагаар харах мэт чадвартай бөгөөд бидний маш их татагддаг хүний биеийн араг ясыг харж байгаа мэтээр төсөөлөх эсвэл Шантидэва гэгээний зөвлөсний адилаар түүний арьсыг хуулж харж байгаа мэтээр төсөөлөх нь бүр илүү үр дүнтэй байна. Бид тухайн хүнийг түүний булчин, ходоод, гэдэс, уушги зэргийн үүднээс харж хэдий тэд хэчнээн сэтгэл булаам гэж бид бодож байсан ч тэд сөрөг сэтгэл хөдлөл бүхий хийгээд насанд дарагдаж ууц нуруу нь өвдөнө, энэ, тэр гэх зэргээр харна. Энэ нь сэтгэл булаахыг эсвэл эгдүүцэл, уур бухимдлыг сарниахад тусална. Учир нь тэдгээрийн ихэнх нь өнгөц үзэгдэл дээр суурилсан байдаг. Цаг үргэлж ингэж дүрслэхийг оролдож байх нь үнэхээр тустай.

Бид магад гарах сэтгэл төрүүлнэ, үүнд бид энэ төрлийн сэтгэл татагдах эсвэл эгдүүцэх байдлыг төрүүлэхийг хүсдэггүй, учир нь тэдгээр нь бидэнд асуудал, амгалан бус сэтгэл авчирч, зовлонгийн шалтгаан болно. Бид тэдгээрээс ангижрахаар шийдэх ба энэ нь бид тэдгээрийг арилгах зарим ерөндгийг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Бид “Хэрэв би хангалттай хүчтэй ерөөвөл миний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд алга болж магадгүй” гэсэн сайхан ерөөл тавиад, тэр талаар юу ч хийхгүй суудаггүй.    

Хэн нэгний дотоод эд эрхтнийг дүрслэх үед бидний харж байгаа зүйл үнэхээр тэнд байдаг. Тэр бол уран зөгнөл биш. Гэвч тэдний гадна үзэгдэх байдал бас тэнд бий. Бид тэрхүү гадаад үзэгдлийг үгүйсгээгүй. Яваандаа бид хүсэл ташаал зэргийн нөлөөнд тийм их ороогүй нэг цэгт хүрнэ. Тэр үед бид ердөө хэн нэгний, эсвэл нэг цэцэг, эсвэл нэг зоогийн гоо сайхнаас түүнд сэтгэл тавгүйтэхгүйгээр таашаал авч болно. Учир нь бид илүү гүнзгий түвшинг ойлгосон байна. Үр дүнд нь, бид үнэндээ өмнө нь хардаггүй байсан илүү олон зүйлээс гоо сайхныг харж эхэлнэ. 

Товчлон хэлбэл, дунд төрөлхтний гол анхаарал нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд болон тэдгээрийн улмаас бий болох нийт орчлонгийн (зовлонт) нөхцөлөөс магад гарах (уйсах). Номын хялбарчилсан хувилбар нь энэ насны амьдралын тухайд бодох. Номын жинхэнэ утга нь хэрэв бид тэдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүдийг арилгахгүй бол тэдгээр нь хэрхэн хяналтгүй дахин дахин гарах төрөл дамжин үргэлжлэх үүднээс бодох. Бид мэдээж түүнийг хүсэхгүй! 

Үргэлж бусдын тухайд бодох 

Их төрөлхтний хүн болох үед бид зөвхөн бусад хүн, юмст чиглэсэн өөрийн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийг даван гарахад бус хамаг амьтан бид бүгд ижил нөхцөлд байгаа хэмээн харж энэрэн нигүүлсэх сэтгэлийг хүн бүхэнд чиглүүлэн тэлэхэд бас анхаарна. Бид бүгд үйлийн үр болон сөрөг сэтгэл хөдлөлийн нөлөө, орчлонгийн өгсөж, уруудах зовлонтой байгаа. Хүн бүр бидний адил тийм таагүй нөхцөлд байгаа нь ямар харамсалтай вэ?! 

Тэдний өмнө нь бидний эх байсан, одоо шавж байгаа, ирээдүйн хараахан хүрээгүй байгаа Бурхан байх дээр нь анхаарах байдлаар, сэтгэлийн ариун чанар буюу Бурханы чанарыг ойлгосны үндсэн дээр тэднийг бид бүх тэр гурван түвшинд нь авч үзэж болно. Энэ хялбар зүйл биш. Бид зөвхөн одоогоор хүний төрөл аваад байгаа тэдгээр хүмүүсийн тухай яриагүй. Хэрэв бид үүнийг хүн бүхэн дээр авч үзэж чадаж байвал ямар байх бол, үнэндээ хүн бүрийг нэг зэрэг ийм байдлаар авч үзнэ! 

Дүгнэлт 

Бидний сэтгэлийн үргэлжлэл эхлэл бас төгсгөл үгүй бөгөөд бид мэдээж дахин төрөл авна. Бид зөвхөн одоо болж буй зүйл дээр анхаарах төдийгүй хараахан болоогүй байгаа зүйлийн үүднээс бодно. Хэрэв бид ямар нэг зүйл хийхгүй бол бидний одоо гарч байгаа орчлонгийн (зовлонт) нөхцөлүүд мөнхөд үргэлжилсээр байх болно. Хэдий бидний сэтгэлийн үргэлжлэл эхлэл үгүй цагаас нисванисын (сэтгэл хөдлөлийн) түйтгэртэй холилдож ирсэн ч бид тэдгээрийг бүрмөсөн арилгаж болно. Өөрийн сэтгэлийн үргэлжлэл дээр нэрийдэж болох бидний хараахан хүрээгүй байгаа гэтлэхүй байна. Бидний мөн чанар, мэдэгдэхүүний (танин мэдэхүйн) түйтгэрээр хиртээгүй мөн чанарын хувьд мөн ийм ижил зүйл бас үйлчилнэ. Бидний сэтгэлийн үргэлжлэлүүдийн суурин дээр бид хараахан хүрээгүй байгаа гэгээрлийг урьдаас харж болно. Бид мөн тоолшгүй олон бусад сэтгэлийн үргэлжлэлүүд биднийхтэй адил нөхцөлд байгааг ойлгож, бидний харилцан хамаарал бүгдийг харна.  

Ийм сэтгэлээр бид анхаарлаа зөвхөн энэ насны амьдралд хандуулахгүй байж ирээдүйн үүднээс бодно. Ингээд бид үнэндээ анхаарлаа ирээдүйн орчлонгийн хил хязгаараас цааш гаргаж гэтлэхүйн төлөв рүү чиглүүлнэ. Үүний дараа анхаарлаа бүр гэтлэхүйгээс цааш гарган бидний хараахан хүрээгүй байгаа гэгээрэлд бүрэн чиглүүлнэ. Энэ бүх үе шатанд магад гарах (уйсах) сэтгэл байх ба бид нэг зүйлээс цааш давж гарсаар байна. Их төрөлхтний түвшний энэ үед бидэнд бас бодь сэтгэл байна. Энэ бүхэн нь боломжтой, учир нь бид өөрсдийн сэтгэлийн үргэлжлэлийн хоосон чанарыг ойлгосон байна. 

Эдгээр нь Богд Зонховын онцлон тэмдэглэсэн мөрийн гурван эрхэм (зам мөрийн сэтгэлийн голлох гурван зүйл). Бидэнд магад гарах сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанарын ойлголт байна. Хэрэв бид лам-рим сургаалд үзүүлсэн үе шатуудыг дагаж алгуур гурван төрөлхтний хүн болохыг чин сэтгэлээсээ зорьж байвал, хэдий энэ нь тийм хялбар биш ч бид Бурхан болж (Бурханы хутагт хүрч) хамаг амьтанд тус хүргэх зам мөрдөө ахиц дэвшил гарцаагүй гаргаж чадна.      

Top