Бурханы шашинтнуудын хувьд “Дхарма” хэмээх үгээр Бурханы зарлигийг хэлдэг бөгөөд энэ нь төөрөлдөж будилан, зовлон шаналсан одоогийн байдлаас билиг ухаан, баяр баясгаланд хүргэдэг юм. “Шашин” гэдэг утга бүхий англи үг нь “нийлүүлж холбох” гэсэн утгатай латин үгнээс гаралтай бол Дхарма нь баттай барих буюу хамгаалах гэсэн утгатай “дхр” хэмээх үгнээс гаралтай. Ер нь бол Дхарма буюу ном нь дорд муу заяаны төрөлд унаж, урт удаан хугацаагаар өөрийн эрхгүй зовохоос баттай сахин хамгаалдаг юм.
What is dharma

Бурханы анхны зарлиг 

Бурхан 2500 гаруй жилийн тэртээ Бодьгаяад гэгээрлийн хутагт хүрээд, Номоо зарлиглах эсэхтээ тээнэгэлзэж байсны учир нь тэрхүү Ном нь ихэд гүн, ухаарахад бэрх байх болов уу, ертөнцийн жаргал цэнгэлдээ ташуурсан хүмүүс огт сонирхохгүй болов уу хэмээн санасных байв. Эртний шастирт дурьдсанаар ертөнцийг бүтээгч Бярман тэнгэр бээр Бурханы өмнө хүрэлцэн ирээд, гэгээрэлд хүрч чадах зарим нэгэн төрөлхтөнүүд лавтай буй тул амьтны тусад Номоо зарлиглахыг хүсэмжилсэн ажээ. Ингээд Бурхан Гөрөөсний цэцэрлэгт анхны Номоо зарлиглаж, хутагтын дөрвөн үнэнг айлдсан ба энэхүү сургааль нь Бурханы шашны зам мөрийн хамрах хүрээг харуулдаг ба өнөөгийн ертөнц дэх Бурханы шашинт ёс уламжлалуудын суурь сургааль нь байсаар байгаа билээ. 

Амьдрал бол үргэлжийн үл ханахуй мөн хэмээн Бурхан эхний үнэнийг айлджээ. Нэгэнтээ хичнээн жаргалтай байлаа гээд энэхүү жаргал нь батгүй бөгөөд түрхэн зуурдын байдаг. Ертөнц даяараа энэ адил буюу бид бүгдээрээ энэ адилыг амсана. Ямар ч жаргал таашаал байлаа гээд тэр нь үүрд мөнхөд оршихгүй бөгөөд хэзээд ч эсрэгээрээ хувирч мэднэ. Хоёр дахь үнэн бол зовлон бэрхшээл үнэн хэрэг дээрээ гадна талаас ирдэггүй, харин хүссэнээ авах гэдэг шуналын сэтгэлээс, ялангуяа хамаг юмс хэрхэн оршдогийг үл таньж мэддэг мунхагаас үүддэг явдал юм. Гурав дахь үнэнээр эдгээр зовлон бэрхшээл бүхнээс гэтэлж болно хэмээгээд дөрөв дэхээр өөрийн сэтгэлд бүтээснээр гэтлэхүйн хутагт хүрч, зовлон бүхнээс үүрд хагацах мөр бий хэмээжээ. 

Бурханы сургааль ном нь зовлонгоос ангижруулахад зоригдоно 

Бурхан багшийн үед Дээдийн Ном бүхнийг аман гэгээнээрээ зарлиглаж, тэдгээрийг сайтар тогтоон цээжилж авдаг байжээ. Ингээд тэдгээрийг гар бичмэлд буулгах хүртлээ дараагийн хэдэн үе нь энэ адилаар цааш дамжуулсан байна. Бурханы тойн хуврагуудын сахил санваар, гүн ухааны хэлэлцүүлэг зэргийг багтаасан Трипитака буюу Гурван аймаг савын хэдэн зуун судар, шастир өнөө биднийг хүртэл өвлөгдөн иржээ. Уламжлал ёсоор, Бурхан багш бидний 84,000 муу сэтгэлийг дарах 84,000 Номын цогцыг айлдсан хэмээх нь бий. Хэдий энэ тоо яг таг биш байж болох ч үүгээр бидний амсаж эдэлдэг асар олон тооны бэрхшээл цөхрөл ба төрөл зүйлийн зовлон байдгийг, тэрчлэн тэр бүгдийг дарах сургааль номын олон тоо зүйлийг Бурхан айлдсаныг харуулж буй юм. 

Бурхан багшийн зарлиг бүхэн зовлонг дарахын тухайд билээ. Бурхан багш чанадын эргэцүүлэл болгоны хариуг өгөхийг зориогүйгээр барахгүй бодгаль болон ертөнцийн талаархи зарим асуултад хариу өгөхөөс татгалзсан нь эдгээрийг эргэцүүлэн тунгаалаа гээд гэтлэхүйд огтхон ч ойртон дөтлөхгүйн учирт юм. Хүмүүний нөхцөл байдлыг Бурхан болгоогоод, бүгд зовлонтойг мэдэж, түүнээс хэрхэн ангижрах аргыг олсон юм. Тийм л учраас Бурханыг эмчээр, Ном сургаалийг нь эмээр үлгэрлэн зүйрлэдэг юм. Дээдийн номын энэхүү эм нь зовлон бэрхшээлийг нэгмөсөн, үүрд амарлиулан арилгана. 

Бурхан, Ном, Хувраг хэмээх авралын гурван эрдэнэ бий хэдий ч эдгээрийн дотроос Дээдийн ном бол жинхэнэ аврал мөн. Бурхад хэдий Номыг зарлиглавч тэд бээр хуруу инчдэх төдийгөөр бидний зовлонг илбэдэн арилгаж чадахгүй. Мөн Хуврагийн чуулган биднийг дэмжин зоригжуулах ч Дээдийн номыг анхааран авахад хүчилж чадахгүй. Бид өөрсдөө л Дээдийн номонд суралцан, анхааран авах ёстой ба гагц үүгээр л зовлонгоос ангижирч чадна. Тиймээс бид өөрөө өөрийнхөө аврал мөн. 

Дээдийн Номын эрдмүүд

Дээдийн Номын эрдмийг тоолж баршгүй ч дараахь гол эрдмүүдийг дурдъя. Үүнд:

  1. Дээдийн Ном нь хоорондоо ялгаатай, төрөл бүрийн сэтгэл оюунд бүгдэд тохирдог юм. Хэдийгээр Бурханы шашин Тайланд, Төвөд, Шри Ланка, Япон зэрэг орнуудад ихэд өөр өөр хэлбэрээр тархсан ч тэдгээр ёс уламжлал бүр Бурханы шашны гол шим сургаалийг агуулан, тонилохуйн хутагт хөтөлдөг юм. 
  2. Ном бол учир шалтгааны ухаанд суурилсан. Сэтгэл оюуныг болон амсаж эдэлж байгаа бүхнийг бодитоор харахад сургадаг. Хэн нэгэн эрхэт тэнгэр эсвэл тэнгэрүүдийг учир шалтгаан, тайлбаргүйгээр шүтэх бус харин бүхнийг учир шалтгаанаар шинжилж үз хэмээдэг юм. Дээрхийн Гэгээнтэн Далай лам олон жилийн туршид шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран ухамсар, сэтгэл оюуны талаархи Бурханы шашны гол гол үзлүүдийг хуваалцан, Бурханы шашинтнууд ч, эрдэмтэд ч тэр харилцан биесээсээ суралцаж байна. 
  3. Дээдийн ном нэг л зовлонг амарлиулдаг юм биш, зовлон бүхний үндэс ёзоорыг арилгадаг юм. Толгой өдөр алгасалгүй айхтар хүчтэй өвдөөд байвал бид аспирин ууж таарнаа даа. Тэгвэл энэ нь хэсэгхэн хугацаанд намжааж болох ч толгойн өвчин дахин ирэх нь дамжиггүй. Толгойн өвчнөөс бүрмөсөн ангижруулдаг эм байсансан бол бид түүнийг уух нь гарцаагүй. Тэр нь Дээдийн ном бөгөөд Ном нь толгойн өвчинг амарлиулаад зогсохгүй хамаг зовлон бэрхшээлийг үүрд амарлиулна. 

Дүгнэлт

Бурхан бол эрдэмт мэргэн эмч лүгээ адил бидний зовлонгийн оношийг тодорхойлоод, хамгийн сайн эм болох Номоо хайрласан юм. Харин тэрхүү эмийг хэрэглэх буюу Номыг анхааран авах эсэх нь биднээс шалтгаална. Ийнхүү үйлд хэмээн хэн ч биднийг хүчилж чадахгүй ч Дээдийн номын ач тусыг, хэрхэн сэтгэл санааг амарлиулж, хэрхэн зовлон бэрхшээл, гомдол цөхрөлийг арилгахад тустай байгааг жинхэнээр харахын цагт өөрийн болоод бусдын тусыг бүтээхийн тулд Дээдийн номыг хичээнгүйлэн анхааран авах болно. 

Top