Бурханы шашны зэргэлсэн зам мөрийг хэрхэн дагах ёстой вэ?

Лам-рим гэж юу вэ, Бурхан багшийн сургаалаас хэрхэн гарав?

Бодь мөрийн зэрэг буюу лам-рим нь Бурхан багшийн сургаалуудыг өдөр тутмын амьдралтай холбох, өдөр тутмын амьдралдаа авч хэрэглэх нэг арга зам юм. Бурхан багш 2,500 жилийн тэртээ амьдарч ахуй үедээ нэгэн үе эрэгтэй хуврагууд болон хожим нь эмэгтэй хуврагуудын хүрээ газар сууж байжээ. Тэрбээр зөвхөн хуврагуудад сургаал айлдах төдийгүй олон янзын айл хотлоор уригдан тэндээ хооллоод дараа нь сургаалаа тавьдаг байв.

Бурхан багш бусдад сургаалаа айлдахдаа тэдний ойлгож чадах байдлаар заах, бидний “уран арга” хэмээн нэрлэдэг тэр нэгэн аргаар заадаг байв. Тэр үед ч байсан, мэдээж одоо ч байгаа, хүмүүсийн оюуны болон шашны бүтээлийн олон өөр түвшнээс шалтгаалан энэ нь зайлшгүй шаардлагатай байв. Энэ нь Бурхан багшийг олон өөр сэдвээр олон өөр түвшинд заахад хүргэж байв.

Бурхан багшийг дагалдагч нар гайхалтай ой тогтоолттой байжээ. Тэр үед сургаалыг бичигт буулгаж байгаагүй бөгөөд дараагийн үеийнхэнд амаар дамжуулах үүднээс хуврагууд тэдгээрийг цээжилдэг байв. Хожим нь тэдгээрийг бичигт буулгаж судар хэмээн нэрлэх болсон. Үүнээс хойш хэдэн зууны дараа Энэтхэг, Төвөдийн олон эрдэмтэд тэдгээр сургаалыг зохион байгуулалтанд оруулж, бүгд дээр нь тайлбар бичихийг оролдож эхэлсэн. Энэтхэгээс Төвөдөд заларсан олон эрдэмтэдийн нэг болох Атиша гэгээн XI зуунд лам-рим хэмээх энэхүү тайлбарын анхны загварыг гаргасан юм.

Атиша гэгээн хүн бүр өөрийгөө Бурханы хутагт хүртэл төлөвшүүлж болох аргыг гарган тавьсан. Ердөө дурын судрыг авч уншсанаар тэр нь юунаас эхэлж эсвэл хэрхэн гэгээрэлд хүрэх зам мөрийг тодорхойлж өгөх албагүй. Бүх зүйлүүд тэнд байх боловч тэдгээрийг дараалалд оруулж, хооронд нь холбох амаргүй.

Энэ бол сургаалуудыг зэргэлсэн дараалалд оруулах байдлаар дээрх асуудлыг шийдсэн лам-римын онцлог юм. Атиша гэгээний энэхүү бүтээлээс хойш түүний олон өөр, илүү дэлгэрэнгүй хувилбарууд төвөд хэл дээр бичигдсэн. Энд бид тэдгээр хувилбаруудын хамгийн дэлгэрэнгүй хувилбар байж болох Богд Зонховын XV зуунд бичсэн хувилбарыг авч үзнэ. Богд Зонховын бүтээлийн голлох онцлог нь тэрбээр анхны эх судар болон түүний энэтхэг тайлбаруудаас бүтээлдээ ишлэлүүд багтаан оруулсан явдал. Ийм учраас бид тус бүтээлийг Богд Зонховын өөрийн шинээр зохион гаргаж ирсэн зүйл биш гэдэгт итгэлтэй байж болдог.

Түүний бүтээлийн өөр нэг гайхалтай онцлог нь Богд Зонхов бүхий л гол санаанууд дээр маш дэлгэрэнгүй, учир шалтгааны үндэслэлтэй тайлбарууд гаргаж өгсөн явдал бөгөөд үүгээр бид логик, учир зүй дээр суурилсан, сургаалыг үнэн зөв гэж үзэх хүчтэй итгэлийг олж авдаг. Богд Зонховын бүтээлийн онцлог шинж нь тэрбээр өмнөх зохиолчдын адил хамгийн хэцүү сэдвүүдийг орхилгүй, харин тэдгээрт анхаарлаа хандуулсан явдал байдаг.

Төвөдийн Бурханы шашны дөрвөн уламжлалын доторх Богд Зонховоос эхлэлтэй тэр уламжлал нь “Гэлүгпа” ёс юм.

Шашны зам мөрийн утга санаа юу болох; тэр нь ямар бүтэц, ямар дараалалтай байх вэ?

Гол асуулт бол зам мөр ямар бүтэц, ямар дараалалтай байх гэдэг асуулт үнэхээр мөн. Тэр үед Энэтхэгт олон өөр өөр аргуудыг ерөнхий байдлаар заасан байдаг байсан. Жишээ нь, Бурхан багшийн үед төвлөрөл төлөвшүүлэх аргууд Энэтхэгийн олон өөр өөр уламжлалуудад бүгдэд нь нийтлэг байдаг байв. Энэ бол Бурхан багшийн нээж эсвэл зохиосон зүйл биш юм. Бид өөрийгөө хөгжүүлэх үүднээс төвлөрөл болон бусад бүх шаардлагатай чанаруудыг шашны зам мөрдөө хэрхэн авчрахыг анхаарч үзэх нь шаардлагатай зүйл гэдэгтэй хүн бүр санал нийлж байв.

Бурхан багш өөрийг хэрхэн хөгжүүлэх тухай ойлголтуудын олонхыг ойлгох өөр тайлбаруудыг гаргаж ирж байсан бөгөөд маш тодорхой нэг зүйл нь түүний шашны зорилгыг ойлгох ойлголт байв. Эдгээр шашны зорилгуудын гол зарчим, өөр өөр түвшний үр дүнд хүргэх тэр зүйл нь бидний сэдэл гэж тэрээр үзжээ.

Энэхүү бүтээлд өгсөн нэр болох лам-рим гэдэг үгийн “лам” гэдэг үе нь “зам мөр”, “рим” гэдэг үе нь тэрхүү зам мөрийн зэргэлсэн үе шатууд гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ зам мөр бол шаталсан дарааллаар эцсийн зорилгодоо хүрэхийн тулд төлөвшүүлэх шаардлагатай болдог сэтгэлийн олон янзын төлөвүүд юм. Энэ нь аялан явахтай ердөө адил; хэрэв бид Румынаас Энэтхэг уруу газраар явахыг хүсэж байвал Энэтхэг бидний эцсийн хүрэх газар болно. Гэвч Энэтхэгт хүрэхээсээ өмнө бид эхлээд Турк, Иран зэрэг улсаар дайрах хэрэгтэй болох байх.

Шашин, оюун санааны амьдралын сэдэл: Амьдралд утга учир бий болгох

Лам-рим зохиолын дараалалд оруулсан гол зүйл нь бидний сэдэл байх бөгөөд энэ нь Бурханы шашны хувьд хоёр хэсэгтэй зүйл байна. Бидэнд байх тодорхой зорилготой холбоотой сэдэл, мөн тэрхүү зорилгод хүрэхэд чиглүүлэх нэг сэтгэл хөдлөл байна. Тодруулбал, тухайн нэг зорилгод ямар учраас хүрэхийг хүсэж буй нэг шалтгаан, мөн тийш хөтлөх нэг сэтгэл хөдлөл байна.

Энэ нь бидний өдөр тутмын амьдрал дээр илүү ойлгомжтой харагдана; амьдралын өөр өөр үе шатуудад бид бас өөр өөр зорилготой байдаг. Жишээ нь, бид боловсрол эзэмших, эсвэл амьдралынхаа ханийг сонгох, эсвэл сайн ажил олох гэх мэт зорилго тэмүүлэлтэй байж болно. Үүнд эерэг сэтгэл хөдлөлүүд мөн сөрөг сэтгэл хөдлөлүүд оролцсон байж болох бөгөөд энэ нь хүн хүнээс шалтгаалан харилцан адилгүй байна. Юутай ч, ийм зэргэлсэн сэдэл нь бидний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйл.

Тэгвэл энэ нь бидний оюун санааны сэдлүүдийн хувьд бас адилхан байна. Эдгээр нь бидний өдөр тутмын амьдралтай бүрэн холбоотой сэтгэлийн төлөвүүд байдаг. Бид юуны тулд амьдарч байна вэ? Яах вэ, бидний гэр бүл, ажил мэргэжил зэрэг багтах “эгэл амьдралын түвшин” гэж байдаг. Тэгвэл бид оюун санааныхаа түвшинд ямар зорилготой амьдарч байна вэ? Энэ бас бидний хэрхэн амьдрахад нөлөөлнө. Бидний амьдралын эдгээр хоёр тал нь харилцан хоорондоо зөрчилдсөн эсвэл харилцан бие даасан зүйл байх бус харин ямар нэг байдлаар хоорондоо харилцан зохилдож байх нь маш чухал.

Эдгээр нь хоорондоо зөвхөн харилцан зохилдох төдийгүй нэг нэгээ дэмжсэн байх хэрэгтэй. Бидний оюун санааны амьдрал ердийн өдөр тутмын амьдралаа хөтлөхөд бидэнд хүч өгч, харин бидний аж амьдрал оюун санааныхаа амьдралд бүтээл гаргах нөхцөл боломжийг олгодог байх хэрэгтэй. Лам-римын зэргэлсэн үе шатын дагуу сурч мэдсэн зүйлээ бид өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байх хэрэгтэй.

Илүү сайн хүн болох

Тэгвэл бид энд үзүүлж буй Бурханы шашны бүтээлийг ямар учраас хийдэг вэ? Бурханы шашны бүтээлийг ерөнхийд нь цөөн хэдэн үгээр дүгнэн хэлж болно. Энгийн үгээр хэлбэл, бид илүү сайн хүн болох үүднээс өөртэйгөө ажилладаг. “Илүү сайн хүн” гэсэн үг хэллэг нь бусдыг шүүж дүгнэсэн утга санааг илэрхийлж буй мэт санагдаж болох ч энд бусдыг үнэлж дүгнэх утга санаа ердөө байхгүй. Энэ бол асуудлын гол биш. Бид ердөө уур, шунал, хувиа хичээх гэх мэт бид бүгдэд заримдаа төрдөг сөрөг зан байдал, сэтгэл хөдлөлүүдийг арилгахыг хичээж буй хэрэг.

Бурханы шашин нь ийм төрлийн зорилгод чиглэсэн цорын ганц шашин эсвэл гүн ухаан эсвэл сургаал ердөө биш юм. Бид үүнтэй адил зүйлийг Христ, Ислам, Еврейн, Хиндү шашин болон хүмүүнлэгийн олон үзэл баримтлалуудад олж харна. Энэ бол хаа сайгүй байдаг зүйл. Эдгээр бусад үзэл сургаалуудад байдгийн адил Бурханы шашны арга нь бидэнд шат дараалсан байдлаар илүү сайн хүн болох аргыг санал болгох замаар тэрхүү зорилгод хүрэхэд тусалдаг.

“Илүү сайн хүн” болохын тулд бид эхлээд бусдад гэм хор хүргэх сөрөг байдлаар үйлдэл хийхгүй байхыг хүснэ. Үүний тулд бид өөрийгөө хянах тодорхой дасгалуудыг хийх ёстой. Илүү гүнзгий түвшинд, нэгэнт бид дээрхийг хийж сурсан бол үнэндээ сөрөг байдлаар үйлдэл хийх шалтгаан болдог тэдгээр зүйлүүдийг арилгахад анхаарна. Үүнд: уур, шунал, атаархал, үзэн ядах сэтгэл гэх мэт. Үүнийг хийхийн тулд бид эдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүд хэрхэн гарч, тэдгээрийн үйл явц хэрхэн явагддагийг ойлгох хэрэгтэй. Ийм байдлаар бид эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдэг сэтгэл хөдлөлүүдийг багасгах эсвэл арилгахад туслах тодорхой ойлголтуудыг олж авна.

Ингээд бид үүнээс цаашлан өөрийн хувиа хичээх, зөвхөн өөрийн тухай бодох аминч сэтгэлийг таних замаар энэ бүх сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн цаана байх тэрхүү зүйлтэй ажиллаж болно. Бид ер нь “Би үргэлж өөрийн хүссэнээр байх ёстой” гэж боддог. Хэрэв бид хүссэнээрээ байж чадахгүй бол ихэвчлэн уурладаг. Хэдийгээр бид үргэлж бүх зүйлийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсдэг ч яагаад заавал ийм байх ёстой юм бэ? Бид л үүнийг хүсэж байгаагаас өөр үнэндээ ийм байх ямар ч шалтгаан байхгүй. Хүн бүр ингэж бодно, бид бүгдийн зөв байх боломжгүй.

Бид хичээсээр, цаг хугацаа өнгөрөх хэрээр, энэхүү асуудал үүсгэдэг хамгийн гол зүйлийг арилгаж чадах тэр түвшинд хүрнэ. Хэрэв шинжилж үзэх юм бол бидний хувиа хичээх байдал нь “би” болон миний “ашиг сонирхол”-ын талаарх ойлголтоос шалтгаалж байдаг. Өөрөөр хэлбэл бид хэрхэн оршдог талаарх бидний ойлголт нь бид бол тус тусдаа дэлхий ертөнцийн гол төв бөгөөд хэнээс ч шалтгаалахгүй бие даасан хамгийн чухал хүн мэт санах “Би бол онцгой” гэсэн ийм үзэл баримтлал дээр суурилж байдаг байна. Бид энэ ойлголтыг нягтлан шинжлэх хэрэгтэй. Учир нь энэ тухайд үнэхээр андуурч, гажуудуулсан нэг зүйл илэрхий байдаг. Энэ бол бодь мөрийн зэргийн голлон анхаарсан тэр зүйл чухамхүү мөн юм.

Сэдлийн шаталсан түвшингүүд: Номын хялбарчилсан утга

Бурхан багшийн сургасан аргууд нь эдгээр зорилгуудад маш тустай. Уур, хувиа хичээх сэтгэл гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл, гэм хортой зан байдлаас зайлсхийх шалтгаан үнэндээ бидэнд байдаг. Тэр шалтгаан нь хэрэв бид тэдгээрийн нөлөөнд орж үйлдэл хийвэл тэр нь таатай зүйл байхгүй бөгөөд бидэнд болон бусдад асуудал үүсгэдэг гэдгийг ойлгосон явдал байж болох юм. Бид ийм асуудлуудыг хүсэхгүй!

Бид энэхүү асуудал үүсгэх явдлыг зэргэлсэн байдлаар авч үзэж бас болно. Хэрэв би тодорхой нэг байдлаар үйлдэл хийвэл тэр нь тэр даруйд асуудал, бэрхшээл үүсгэнэ. Жишээ нь, хэрэв би хэн нэгэнтэй зодолдож, түүнийг гэмтээвэл бид бас гэмтэж эсвэл шоронд ч орж болно. Илүү гүнзгий түвшинд, бид өөрийн сөрөг зан байдлын урт хугацааны дараа гаргах үр дагаврыг бас авч үзэж болно. Учир нь бид зөвхөн тухайн үед төдийгүй ирээдүйд гарах асуудлаас зайлсхийхийг бас хүсдэг. Мөн түүнчлэн бид гэр бүл, хайртай хүмүүс, найз нөхөд, нийгэмдээ төвөг, асуудал учруулахаас зайлсхийхийг бас хүсэж болно. Энэ бүхэн бол энэ насны амьдралын хүрээнд хамаарч байна. Бүр түүнээс цаашлан бид ирээдүй хойч үеийнхэндээ дэлхийн дулаарал гэх мэт бэрхшээл үүсгэхээс зайлсхийхийг хүсэх зэргээр илүү өргөн хүрээг хамран бодож болно.

Эдгээр бүх сэдлийн хувьд сүүлийн сэдлүүдийг төрүүлэх үед бид өмнөх сэдлүүдээ орхино гэсэн үг биш, харин тэдгээр нь хуримтлагдан, нэмэгдэнэ. Энэ бол мөрийн зэргийн ерөнхий зарчим. Дээр ярьсан бүх зүйл “Номын хялбарчилсан утга” гэж миний нэрлэдэг тэр зүйл юм. Энэ нь Бурхан багшийн сургаал, “Ном”-ыг зөвхөн энэ насны амьдралын хүрээнд хойд төрлийг дурдахгүйгээр авч үзэж буй хэрэг юм. Би “Номын хялбарчилсан утга” ба “Номын жинхэнэ утга” гэсэн үг хэллэгийг Кока-Кола Зөөлөн болон сахарын агууламж өндөртэй жинхэнэ Кока-Кола гэдэгтэй ижилсүүлэн гаргаж ирсэн.

Зөвхөн энэ насны амьдралыг сайжруулах талаар бодох зуур дахин төрлийн тухай асуудалд эргэлзэхийн ач тус

“Дхарма” (Ном) гэдэг нь Бурхан багшийн сургаалыг илэрхийлсэн санскрит үг. “Зөөлөн” (хялбарчилсан) гэдэг нь түүнд ямар нэг буруу зүйл байхгүй, гэвч тэр бол жинхэнэ, хүчтэй хувилбар биш гэсэн утгатай. Лам-римын уламжлалт төвөд тайлбар нь жинхэнэ хувилбар бөгөөд энэ нь бидний олонхын хувьд эхлэн суралцахад нэлээн хүнд байх болов уу. Үүний гол шалтгаан нь сургаал нь биднийг дахин төрөлд бүрэн итгэдэг байхаар тооцсон байх бөгөөд бүх сэдэв нь дахин төрөл байна гэсэн үзэл баримтлал дээр үндэслэгдэн тайлбарлагдсан байдаг. Ийм үзлийн үүднээс бид асуудлуудаас зайлсхийж, хойд төрлүүдээ сайжруулахаар ажиллаж эхэлдэг.

Хэрэв би хойд төрлүүдэд итгэдэггүй бол тэдгээрийг сайжруулна гэсэн сэдэлдээ чин сэтгэлтэй байж яаж чадах билээ? Энэ бол боломжгүй. Урд болон хойд төрлийн тухай ойлголтын талаар асуулт тулгарч, бид түүнд бүрэн дүүрэн итгэлтэй бус эсвэл түүнийг ердөө ойлгодоггүй бол бид Номын хялбарчилсан хувилбараас эхлэх хэрэгтэй. Оюун санааны бүтээлийн хувьд зорьж байгаа зүйлийнхээ талаар бид өөртөө үнэнч байх хэрэгтэй.

Бидний ихэнхийн хувьд бид магадгүй энэ насныхаа амьдралыг илүү сайжруулахыг зорьж байж болно. Энэ бол бүрэн хүчин төгөлдөр зорилго. Энэ бол эхлэл, үнэхээр шаардлагатай үе шат. Хэрэв бид Номын хялбарчилсан утгын энэ түвшинд байгаа бол Номын хялбарчилсан утга бол жинхэнэ утга биш гэдгийг тэмдэглэж байх нь чухал. Энэ хоёрыг ялгахгүй будлиснаар бид Бурханы шашныг ердөө нэг өөр хэлбэрийн засал, эмчилгээ эсвэл өөрт туслах тусламж болгон харж ач холбогдлыг нь бууруулдаг. Энэ бол Бурханы шашны цар хүрээг хязгаарлаж байгаа, буруу ойлголт юм.

Бид Номын жинхэнэ утга нь юу болохыг ойлгодоггүй, бүр тэр бүхнийг үнэн гэж итгэх итгэл үнэмшил бидэнд төрдөггүй бол түүнийг бас тэмдэглэх хэрэгтэй. Бид “Би Бурханы шашны хойд төрөл болон гэтлэхүйн талаар хэлдэг зүйлүүд зөв эсэхийг сайн мэдэхгүй ч одоогийн нөхцөлд би Номын хялбарчилсан утгын түвшинд хичээл зүтгэл гаргая. Цааш гүнзгийрүүлэн судалж, бясалгах хэрээр би Номын жинхэнэ утгын талаар илүү их зүйл ойлгож болох юм” хэмээн бодох шинэ эсвэл өөрийн үзэл бодлоос өөр үзэл санааг авч үзэхэд бэлэн нээлттэй сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол Бурхан багшийг хүндэтгэх хүндлэл, түүний заасан зүйлүүдийг учир утгагүй зүйл биш гэж итгэх итгэл дээр суурилсан бүрэн хүчин төгөлдөр, зөв арга юм.

Мөн бидний хойд төрөл, гэтлэхүйг тодорхойлж, тайлбарладаг тэр ойлголтууд жишээ нь, огтоос буруу, Бурханы шашин нь бидний урьдаас тааварласан тэдгээр тодорхойлолт, тайлбаруудыг хүлээн зөвшөөрдөггүй байж болохыг бас тэмдэглэж болно. Бидний бодож байгаа зүйл ямар нэг утгатай эсвэл бидний утгагүй гэж бодох зүйлийг Бурхан багш буруу ойлголт учраас утгагүй зүйл гэж бас үзэж болно. Жишээ нь, бид биеэсээ нисэн гарч дараа нь өөр нэг биед ордог далавчтай сүнс мэт зүйл гэж үзэхийг Бурхан багш бас хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Мөн Бурхан багш, бид бүхнийг чадагч Эзэн тэнгэр болж чадна гэсэн ойлголтыг бас үгүйсгэж болно.

Эхлэл үгүй төрөл гэдэг ойлголтын үүднээс бодохын давуу тал

Энэхүү мөрийн зэрэгт үзүүлсэн аргуудын ихэнхийг Номын хялбарчилсан эсвэл жинхэнэ утгын аль алинаар хэрэглэж болно. Гэвч хойд төрлийн тухай ойлголтоос үнэхээр шалтгаалах зарим аргууд байна. Жишээ нь, хүн бүхнийг адил тэгш асарч хайрлах сэтгэл төрүүлэх аргуудын нэг нь хүн бүр эхлэлгүйгээр төрөл дамжин төрөх ба тодорхой тооны амьтан байдаг гэдгийг ойлгохыг шаардана. Энэ ойлголтоос улбаалан хэзээ нэгэн цагт амьтан тус бүр бидний эх, мөн бусад амьтны эх байсан гэсэн логик гарна. Бид бас амьтан бүрийн эх байсан. Эхлэл байхгүй хэр нь тодорхой тоотой амьтан байна гэсэн өгөгдөлд энэ логикийн математик тооцоог гарган үзүүлж болно. Харин тодорхой хугацаа, тодорхой тооны амьтан байна гэсэн өгөгдөлд түүнийг бид баталж чадахгүй.

Мэдээж энэ бол ойлгоход маш хэцүү сэдэв, ялангуяа хэрэв бид тоолшгүй олон урд төрлийн үүднээс өмнө нь бодож үзэж байгаагүй тохиолдолд. Тоолшгүй олон төрлийн тухай ойлголтын үндсэн дээр бид бүх амьтны бидэнд үзүүлж байсан эхийн хайрыг санаж хариу асарч, хайрлахыг хүснэ. Үүн дээр суурилсан бүхэл бүтэн үзэл бодлын төлөвшил явагддаг. Энэхүү үйл явцын нэг хэсэг нь энэ эсвэл тэр хүн хэзээ бидний эх байсан нь ердөө цаг хугацааны асуудал болохыг ойлгох явдал юм. Өөрийн ээжтэй арван минут, арван өдөр эсвэл арван жил уулзаагүй байсан ч тэр бидний ээж хэвээр байсаар байна. Үүнтэй адил хэрэв бид ээжтэйгээ арван төрөлдөө уулзаагүй байсан ч тэр бидний ээж хэвээр байсаар байна. Хэрэв бид дахин төрөлд итгэдэг бол энэ нь маш тустай байж болох ойлголт юм. Ийм итгэл үнэмшилгүй бол энэ ердөө утгагүй зүйл болно.

Энэ нь ялангуяа хүн биш, шумуулын тухай авч үзэх үед хэрэгтэй. Энэ шумуул урдын нэг төрөлдөө бидний эх байсан. Учир нь дахин төрөл нь сэтгэлийн үйл ажиллагаатай бол ямар ч хэлбэртэй байж болдог (шумуул нь сэтгэлтэй амьтан гэж үзнэ). Үүний Номын хялбарчилсан хувилбар бас байна. Хэн ч биднийг гэртээ аваачин хооллож ундалж, асарч хамгаалж болдогийг бид харж байдаг. Хүн бүр үүнийг хийх чадамжтай; аялж явахдаа бид огт танихгүй хүмүүс бидэнд үнэхээр сайхан хандаж, биднийг зочлон хүлээн авдагтай таардаг. Эрэгтэй эсвэл эмэгтэй байхаас шалтгаалахгүй хүн бүр бидэнд эх шиг хандаж чадна. Хүүхэд, жаахан том болохоороо биднийг анхаарч халамжлахад тусалж эхэлдэг. Хэдийгээр энэ нь хязгаарлагдмал ч ингэж бодох нь үнэхээр тустай байж болно. Учир нь бидний харж байгаа энэ шумуул биднийг гэртээ аваачиж эхийн адилаар асарч халамжилна гэж бодох нь хэцүү.

Эдгээр нь аливаа аргыг Номын хялбарчилсан болон Номын жинхэнэ утгын түвшинд хэрхэн хэрэглэж болохыг харуулж буй нэг жишээ юм. Аль аль нь өөр өөрийн аргын хувьд маш тустай ч Номын хялбарчилсан хувилбар нь хязгаарлагдмал. Номын жинхэнэ утга нь хамаагүй илүү өргөн хүрээний боломжуудыг нээж өгдөг. Ямар түвшинд хэрэглэж байгаагаас үл хамааран хамгийн гол зүйл бол тэдгээрийг өдөр тутмын амьдралд хэрэглэх явдал. Замын түгжрэлд орж эсвэл урт дараалалд зогсон бусдад бухимдан эсвэл тэвчээр алдах үед бид тэднийг өөрийн эх адил харж болно. Үүнийг бид урд төрүүдийн эсвэл энэ насны амьдралын үүднээс авч үзэж болох бөгөөд энэ нь бидэнд уур бухимдлаа намжаах, тэвчээрт суралцахад тусална. Хэрэв бидний ээж үнэхээр бидний урд дугаарлан зогсож байгаа бол түүнийг эхэлж үйлчлүүлэхэд бид ердөө дургүйцэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Үнэндээ бид түүнийг эхэлж үйлчлүүлэхэд маш баяртай байж ч болно. Ийм байдлаар бид эдгээр ойлголтуудыг хэрэглэхийг оролдож болно. Сэтгэлийн ийм төлөв байдлыг бид зөвхөн бясалгалын олбог дээрээ сууж байх үедээ төлөвшүүлэх ёстой бус харин үүнийг өдөр тутмын амьдралд төлөвшүүлэх ёстой.

Бясалгал нь өөртэйгөө ажиллах арга болох нь

Номын үйл явцыг өөртэйгөө ажиллах гэж тайлбарлах үед энэ нь түүний илэрхийлдэг утга санаа болно. Өрөөндөө нам гүм, тодорхой хяналт бүхий уур амьсгалд бясалгал хийх үед бид ийм төрлийн ойлголт, ийм илүү эерэг сэтгэлийн төлөв байдлыг төрүүлэхийг оролдож байдаг. Бид бусад хүмүүсийн талаар бодож, тэдэнд эерэг хандлага төрүүлэхдээ өөрсдийн дүрслэлийг ашигладаг. Хэдийгээр бясалгалдаа хүмүүсийн зургийг харах нь уламжлалт арга огтоос биш боловч би тийнхүү харахыг бүрэн хүчин төгөлдөр гэж бодож байна. 2,500 жилийн өмнө тэдэнд хүмүүсийн зураг байгаагүй. Энэ үйл явцад орчин үеийн технологийг ашиглахад асуудал байхгүй гэж би бодож байна.

Нэгэнт бид сэтгэлийн тодорхой нэг эерэг төлөвийг өөрт хангалттай хэвшүүлсэн бол түүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэхийг оролдоно. Энэ бол тэрхүү үйл явц. Ердөө олбог дээр сууж байх үедээ асарч хайрлах сэтгэлийг бодоод бусад үед гэр бүл, хамт ажиллагсаддаа уурлаж бухимдаж байх юм бол энэ бол хүссэн үр дүн биш. Иймд бид бясалгал бүтээлдээ хэсэг хугацааг өөрийгөө тайвшруулахад зарцуулах, амьдралаас зугтах нэг арга мэтээр хандаж хэрхэвч болохгүй. Хэрэв бид бүхий л сайхан зүйлийн талаар бодох нэг төрлийн уран зөгнөлийн ертөнцөд орох юм бол энэ бас амьдралаас зугтаж буй хэрэг болно. Бясалгал бүтээл бол нэлээн өөр байх ёстой; бид амьдралын асуудлуудыг шийдвэрлэж сурахад суралцаж байдаг.

Энэ нь хэцүү зүйл боловч бид өөрийгөө хуурч эсвэл энэ бүхнийг хурдан, хялбар гэж бодох зар сурталчилгаанд хууртаж болохгүй. Хувиа хичээх сэтгэл болон өөр бусад гэм хортой сэтгэл хөдлөлүүдийг арилгах ердөө хялбар биш, учир нь тэдгээр нь маш, маш гүнзгий зуршлууд дээр суусан байдаг. Тэдгээрийг арилгах цорын ганц арга бол аливаад хандах хандлагаа өөрчлөх, тэдгээр сөрөг сэтгэлийн төлөв байдлуудын цаана байх өөрсдийн төөрөгдлийг арилгах явдал юм.


Видео: Маттхиеу Рикард — “Энэрэн нигүүлсэх сэтгэлийг үйл хэрэг болгох”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Дүгнэлт

Бурханы шашны бүтээл нь Номын хялбарчилсан болон Номын жинхэнэ хувилбарт хуваагдаж болно. Номын хялбарчилсан хувилбарын хувьд бид амьдралын бидэнд өгөх асуудлуудыг илүү сайн шийдвэрлэхэд ашиглах сэтгэлийн багаж хэрэгслээр өөрийгөө тоноглох замаар энэ насны амьдралыг сайжруулахыг хүсдэг. Номын хялбарчилсан хувилбарын хувьд буруу зүйл огтоос байхгүй боловч Коко-Кола Зөөлөн нь жинхэнэ Коко-Колагийн адил амттай хэзээ ч байдаггүйтэй адил.

Уламжлалын хувьд лам-рим сургаал нь Номын хялбарчилсан утгын хүрээнд ярьж байгаа тэдгээр санаануудын алинтай ч холбоогүй байдаг. Учир нь тэнд урд болон хойд төрлийн тухай ойлголтонд итгэх итгэл байгаа гэсэн нөхцөлийг авч үзсэн байдаг. Гэвч өөрийн амьдралыг сайжруулах, илүү сайн хүн болохыг хүсэх нь Номын жинхэнэ утгыг бүтээх зам мөрийн эхний зайлшгүй шаардлагатай нэг үе шат юм.

Top