Тэсвэр барамид: Кшантипарамита

“Тэвчээр бол буян” гэж ярьдаг. Тэгэхээр бид ердөө бүх зүйлийг тэсэх ёстой юу? Бурханы шашин дахь тэвчээр гэдэг ойлголт нь ердөө бүх зүйлийг тэвчих бус харин бидний сэтгэл сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн улмаас зовохгүй байх үүднээс сэтгэлтэйгээ идэвхтэй ажиллах гэсэн утгатай маш хүчтэй бүтээл байдаг. Тэвчээр нь бидэнд өөрийн болон бусдын тусад зүтгэх хүч өгдөг бөгөөд биднийг гэтлэхүй, гэгээрэлд хөтөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм.

Удиртгал

Чанадад хүрэхүйн зургаан хандлагын (барамид) гурав дахь нь олон янзын бэрхшээл, зовлонг уур бухимдалгүйгээр тэвчих нэг сэтгэлийн төлөв болох тэсвэр юм. Бид бусдаас учруулах олон төрлийн бэрхшээлүүдтэй тулгарч болох боловч тэр нь бидэнд саад болдоггүй. Энэ нь бидэнд ямар нэг дайсан эсвэл бидэнд гэм хор хүргэхийг хичээх хүмүүс байхгүй болно гэсэн үг биш харин бид уурлаж, бухимдаж, шантарч эсвэл тэдэнд туслахаас дургүйцэдгүй гэсэн утгатай. Хэрэв бид үргэлж уурлаж байх юм бол хэрхэн бусдад тусалж чадах билээ? Энэ хандлагат гурван төрлийн тэвчээр байна. Үүнд:

Бусад хорлох үед хүлцэх тэсвэр

Эхний төрлийн тэсвэр нь хорлол хүргэж буй тэдгээр хүмүүст уурлаж эсвэл бухимдахгүй байх. Тэдгээр нь зөвхөн сөрөг байдлаар үйлдэл хийж байгаа төдийгүй бидэнд бие, сэтгэлийн хувьд бодитойгоор гэм хүргэж, эелдэг бус, зохисгүй хандаж байгаа тэдгээр хүмүүс байна. Бүр бидэнд баярлаж, талархсанаа илэрхийлэхгүй байгаа хүмүүс хүртэл багтана. Ялангуяа хэрэв бид бусдад тусалж байгаа үед тэд бидний зөвлөгөөг авахгүй эсвэл тэр бүхэн амжилтгүй болбол тэдэнд уурлаж бухимдахгүй байх нь чухал. Туслахад маш хэцүү олон олон хүмүүс байдаг учраас тэсвэр алдахгүй байж тэр бүх бэрхшээлүүдийг хүлцэх хэрэгтэй.

Хэрэв бид багш нар бол шавь нар тань хэдий удаан ойлгоцтой эсвэл ухаан муу байсан ч тэдэнд хэзээ ч уурлаж болохгүй. Бид Ном эсвэл ямар нэг өөр зүйл зааж байсан ч тэвчээртэй байж, уцаарлахгүй байх нь биднээс ихээхэн шалтгаална. Энэ бол нялх хүүхдэд ямар нэг зүйл зааж байгаатай адил: бид уран аргатай байх хэрэгтэй; нялх хүүхдийг насанд хүрсэн хүн шиг хурдан суралцана гэж бид хүлээдэггүй.

Зовлонг хүлээн авах тэсвэр

Тэвчээрийн хоёр дахь төрөл нь Шантидэва гэгээний олонтоо хэлсэн зүйл болох өөрийн зовлонг хүлээн авч, тэвчих. Тэрбээр хэрэв бидэнд асуудал байгаад түүнийг шийдвэрлэж болох бол түүнд уурлаж, бухимдаж, санаа зовох нь утгагүй хэмээсэн. Ердөө л түүнийг шийдвэрлэхэд шаардлагатай зүйлийг хий. Гэвч хэрэв тухайн нөхцөлд хийж болох зүйл байхгүй бол яагаад бас уурлана гэж? Уурлах нь тус болохгүй. Энэ нь хэрэв цаг агаар хүйтэрвэл бид дулаан хувцас өмсдөгтэй адилхан. Дулаахан хувцас өмсчихийн оронд яагаад хүйтэрлээ гэж гомдоллож, бухимдана гэж? Хэрэв дулаан хувцас байхгүй бол уурлаж, бухимдах нь биднийг дулаацуулахгүй.

Бидэнд тохиолдож байгаа зовлонг сөрөг саад тотгорууд арилж байна гэж харж, ирээдүйд илүү муу болж боловсорч болох тэдгээр муу үйлийн үр одоо боловсорч байна гэж баярладаг. Нэг үгээр бид арай бага зовлон амсаж өнгөрч байдаг. Бид хөлөө ширээний хөлөнд цохиж хөл их өвдлөө гэж бодъё – яах вэ, энэ бол сайн хэрэг, учир нь бид хөлөө хугалж ч болох байсан! Ингэж бодох нь бидэнд уурлаж, бухимдахгүй байхад тусалж болно. Тэгэхийн оронд харин нааш, цааш үсчин түүнийг том асуудал болгох нь ямар ч тус болохгүй. Бүр бидний ээж ирж, хөлийг илж аргадсан ч тэр ердөө тус болохгүй.

Дараагийн нэг санаа нь урт хугацааны даяан хийх, бусдад туслах эсвэл Номтой холбоотой ямар нэг төсөл эхлүүлэх гэх мэт маш эерэг, тустай ажил хийхийг оролдох үед хамаарна. Хэрэв эхэндээ маш их саадтай, хэцүү байвал тэр нь үнэндээ маш сайн хэрэг. Энэ нь бүх саад бэрхшээлүүд арилж үлдсэн хугацаанд ажил хэрэг сайн явагдаж болно. Хожим нь том асуудал бий болохгүйгээр одоо ийнхүү боловсорч дуусч байна хэмээн баяртай байх хэрэгтэй.

Мөн хэрэв бидэнд зан байдлын шалтгаан ба үр – үйлийн үрийн талаар тодорхой ойлголт байдаг бол зовох бэрхшээх үед тэр нь бидэнд сөрөг байдлаар үйлдэл хийхээс зайлсхийхийг сануулдаг. Яагаад? Учир нь сөрөг байдлаар үйлдэл хийх нь зовлонгийн шалтгаан болдог. Энэ нь бидэнд амгалан жаргалангийн шалтгаан болох эерэг үйлд илүү хүчтэй оролцох түлхэц өгдөг.

Номыг магадлах сэтгэлийн тэсвэр

Тэвчээрийн гурав дахь төрөл нь Ном судалж, бүтээхтэй холбоотой бэрхшээлийг тэвчих. Гэгээрэлд хүрэхэд маш их хичээл зүтгэл, хөдөлмөр ордог бөгөөд шантарч халшрахгүй байх үүднээс бид үүнд бодит хандлагатай байх хэрэгтэй: бид өөрөө өөртөө тэвчээртэй байх хэрэгтэй.

Зөвхөн сайн, муу төрлийн тухайд бус ерөнхийдөө юмс үргэлж сайнтай, муутай байх орчлонгийн мөн чанарыг ойлгож хүлээн зөвшөөрөх нь чухал. Заримдаа бид бүтээлээ хиймээр санагдаж, заримдаа үгүй. Заримдаа бүтээл сайн байж, заримдаа үгүй. Өөр бид юу хүлээх билээ? Энэ бол орчлон шүү дээ. Өдөр ирэх бүр илүү сайн болохгүй учраас бид тэвчээртэй байж, нэг өдөр л төлөвлөснөөр болохгүй үед шууд бууж өгөхгүй байх хэрэгтэй. Магадгүй бид аль хэдийн уур бухимдлыг шийдвэрлэсэн, дахин уур бухимдал төрөхгүй гэж бодож явтал гэнэт нэг зүйл тохиолдон бид тэсвэр алдаж болно. Ийм зүйл болдог. Бид архад болон гэтлэх хүртэл уур бухимдлаас бүрэн ангижрахгүй. Иймд тэвчээр бол маш чухал.

Шантидэва гэгээн тэсвэрийг төлөвшүүлэх талаар

Шантидэва гэгээн Бодьсадвын явдалд орохуй зохиолдоо тэвчээр төлөвшүүлэх хэд хэдэн аргыг тайлбарлан үзүүлсэн. Хэдэн жишээ авч үзье:

Хэрэв бид гараа галд эсвэл цахилгаан зууханд түлэх юм бол бид галыг халуун байсанд уурлаж болохгүй. Тэр бол галын мөн чанар. Үүний адил орчлонгоос бид юу хүлээх билээ? Мэдээж хүмүүс бидний урмыг хугална, хүмүүс бидний сэтгэлийг хөндөнө, юмс хэцүү бэрх байна. Хэрэв бид хэн нэгнээс ямар нэг зүйл хийж өгөхийг гуйх юм бол бид тэд түүнийг буруу хийнэ гэж хүлээх хэрэгтэй. Хэрэв тэд бидний хүссэний дагуу түүнийг хийхгүй бол тэр хэний буруу вэ? Энэ бол түүнийг өөрөө хийхгүй залхуурч бусдаар хийлгэсний буруу. Хэрэв бид хэн нэгэнд уурлах ёстой бол өөрийн залхуудаа уурлах хэрэгтэй!     

“Орчлонгоос бид юу хүлээх билээ” гэдэг бол бидний төлөвшүүлэх хэрэгтэй тэдгээр олон төрлийн тэвчээрт хэрэгтэй хэллэг. Амьдрал амар хялбар байж, бүх зүйл үргэлж, мөнх сайхан байна гэж бид боддог уу? Бидний амьдралын хором бүрийн мөн чанар бол орчлон – энэ бол хяналтгүй дахин дахин гарах зовлон, асуудал. Иймд юмс бидний хүссэний дагуу болохгүй эсвэл хүмүүс бидний сэтгэлийг хөндөж, урам хугалах үед гайхах хэрэггүй. Өөр бид юу хүлээх билээ? Энэ бол бидний арилгах, гэтлэхийг хүсдэг чухамхүү тэр зүйл юм.

Энэ нь өвлийг хүйтэн, харанхуй гэж гомдоллохтой адил. Өвлөөс бид өөр юу хүлээнэ гэж – цаг агаар сайхан, дулаахан байж, бид наран шарлагын газар очно гэж хүлээх үү? Галын мөн чанар халуун байдаг бөгөөд хэрэв бид түүнд гараа хүргэвэл түлэхтэй адил өвөл харанхуй ба хүйтэн байна. Уурлах ямар ч шалтгаан байхгүй.

Шантидэва гэгээний зөвлөсөн өөр нэг арга нь бусад хүмүүсийг галзуу хүмүүс адил эсвэл нялх хүүхэд адилаар харах явдал. Хэрэв нэг галзуу эсвэл согтуу хүн бидэн рүү хашхичих үед бид эргэж тэдэн рүү хашхичвал бүр илүү галзуу мэт болно, тийм биз дээ? Хэрэв телевизийг нь унтраан, явж унтаарай гэхэд “Танд миний дургүй хүрч байна” гэж уйлах хоёр настай хүүхдийн энэ байдлыг бид хүндээр тусгаж авч, өөрийн хүүхдээ өөртөө дургүй байна гэж уурлаж бухимддаггүй биз дээ? Үгүй, тэр нялх хүүхэд учраас. Хэрэв бид таагүй хандлага гаргаж байгаа тэдгээр хүмүүсийг зан муутай хүүхэд эсвэл галзуу хүн адилаар харж чадах юм бол энэ нь тэдэнд уурлаж бухимдахгүй байхад бидэнд үнэндээ тусалдаг.

Мөн хэрэв хэн нэгэн биднийг үнэхээр хэцүү байдалд олонтоо оруулах юм бол түүнийг өөрийн багш гэж харах нь маш тустай. Бидэнд бүгдэд нь хэзээ ч тэсэж чадахгүй мэт санагдах нэг дэндүү хэцүү хүн байдаг, тийм биз дээ? Тэгэхээр тэдэнтэй хамт байх үед бид “Энэ хүн бол миний тэвчээрийн багш” гэж бодох хэрэгтэй. Үнэндээ бол хэрэв хүмүүс биднийг бухимдуулж эсвэл хэцүү байдалд оруулахгүй бол бид хэзээ ч тэвчээрт суралцаж чадахгүй шүү дээ. Бидэнд ямар ч сорилт ирэхгүй, иймд бид тэдгээр хүмүүсийг ийм боломж олгож байгаа маш ачтай хүмүүс гэж харж болно. Дээрхийн гэгээн Далай лам Хятадын удирдагч нарыг өөрийн багш, Мао Зэдуныг түүний тэвчээрийн хамгийн сайн багш байсан гэж үргэлж хэлдэг.

Дүгнэлт

Орчлонд байгаа өдөр бүр бид асуудал, бухимдалтай тулгарна. Заримдаа юмс бидний хүссэн дагуу явагдах боловч заримдаа амьдрал хяналтаас гарсан мэт санагддаг. Бидний хийж буй бүх зүйл бүтэлгүй болох боломжтой, бидний найз бүхэн дайсан болох боломжтой. Хамгийн сайн найздаа хэдий их бид тус хүргэсэн байсан ч тэд бидний араар бидний талаар таагүй зүйлүүдийг хэлж ч болдог.

Ийм нөхцөлүүдэд аяндаа уур, бухимдал төрөх мэт санагддаг бөгөөд энэ нь дайснаа үгүй хийснээр бид өөрсдийн хүсэж буй сэтгэлийн амгаланд хүрэх мэт бодогддог. Харамсалтай нь бид өнөөдөр хамгийн муу дайснаа үгүй хийсэн ч маргааш, нөгөөдөр өөр дайснууд гарч ирнэ. Шантидэва гэгээн энэ дэлхийг ширээр бүрэх хэмээвээс эн тэнцэх шир хаанаас олдох, эрхбиш гутлынхаа улыг ширлэчихвэл хамаг дэлхийг ширлэсэнтэй адил буюу хэмээсэн. Өөрөөр хэлбэл өөрийн бүх гадаад дайсныг дарж барахгүй тул өөрийн дотоод дайсан – уурыг дарж чадвал өрөөл бусдыг дарах хэрэг юу билээ. Энд шир нь бусдын бидэнд хүргэх бэрхшээлийг тэвчихэд хөтлөх гарц, гэтлэхүйд хүрэх замын эх болох тэвчээрийг илэрхийлнэ.

Top