Сургаалыг дагаж зовлонгоос зайлсхийх

Дарма гэдэг санскрит үг, Төвдөөр чой гэдэг нь байлгах, тэтгэх гэсэн утгатай. Тэгвэл юуг тэтгэж, хадгалдаг юм бэ? Зовлонг арилгаж жаргалд хүрэхийг. Үүнд зөвхөн бид бус бүх хамаг амьтан хамаарагддаг.

Зовлонг Таних

Бидний эдэлдэг зовлон бидэнд шууд харагддаг, эсвэл (далд мэдрэхүйгүйгээр) бидэнд харагддаггүй гэсэн хоёр янз байдаг. Эхнийхэд нь төрөх үйл явц, дахин дахин өвдөх тавгүйтэл, өтлөхийн гаслан, үхлээс айх айдас орно.

Нас нөхчисний дараа ирэх зовлон нь энгийн бидэнд харагддаггүй. Өөд болсны дараа хүн болж төрөх байх гэж бид боддог байж магадгүй. Гэвч тийм биш. Ийм үйл явц болно гэж бодох ямар ч бодит шалтгаан байхгүй. Нас эцэслэсний дараа бид огт төрөл авахгүй гэсэн үндэслэл ч бас байхгүй.

Тодорхой нэг төрөл авах гэдэг нь бидний мэдлэгийн хүрээнд байдаггүй, мэдэхэд маш хэцүү зүйл юм. Хэрэв бид энэ насандаа эерэг үйл үйлдвэл, ирээдүйд сайн төрөл аяндаа гардаг. Эсрэгээр хэрэв бид ихэнхдээ муу үйл үйлдвэл, бид сайн төрөл авахгүй харин доод төрөл авч маш их зовлон эдэлнэ. Энэ бол тодорхой. Төрөл авах үйл явц ингэж явагддаг. Хэрэв бид буудайн үр суулгавал буудай ургана. Хэрэв будааны үр суулгавал будаа ургана. Үүнтэй адил муу үйл хийвэл там, бирд, адгуус гэсэн гурван муу төрлийн аль нэгд төрөх үрийг суулгадаг.

Тамын (золгүй орчлон) дөрвөн төрөл байдаг. Үүнд: халуун там, хүйтэн там, ойр орчмын там, алаг цоог там гэж байна. Эдгээрийг цааш нь хувааж үзвэл халуун там найман шаттай. Үүний эхний шат нь Дахин сэргэх там юм. Там дотроо энэ нь хамгийн бага зовлонтой. Энэ төрөлд эдлэх зовлонгийн хэмжээг ойлгоё гэвэл их галд шатаж байгаа хүний амсах зовлон эхний шатны халуун тамд шаналж байгаа төрөлхтөний зовлонтой харьцуулахад маш бага байдаг. Дахин сэргэх тамаас доошлох тутам гаслангийн хэмжээ нь хүчтэй нэмэгдэж байдаг.

Тамын төрөлтөн болон бирдийн зовлон бидэнд харагдахгүй байж болох боловч амьтдын зовлонг бидний нүдээр харж болно. Хэрэв бид амьтан болж төрвөл юу тохиолдох бол? Ердөө энд Энэтхэгт бидний эргэн тойронд байгаа гудамжны болон ачлагын амьтдыг харж, хэрэв бид ийм нөхцөлд байсан бол ямар байх талаар бодоод үз. Дарма (Ном) бол биднийг эдгээр доод төрлийн зовлонг амсахаас сэргийлж, хорьж байдаг зүйл.

Төрлийн хүрд нь бүхэлдээ, хянах аргагүй дахин дахин төрөл авах нь (сансар, орчлон) тэр чигээрээ зовлонгийн шинжтэй байдаг. Ном нь биднийг бүхий л орчлонгийн зовлонгоос хамгаалдаг. Цаашилбал, Их Хөлгөний сургаал нь зөвхөн бидний төдийгүй бүх зовлонт амьтадын (ухамсарт бодгаль, сэтгэлтэй амьтад) хамгаалалт болдог.

Аюулгүй зүгт аврал одуулах

Бурханы шашинд Бурхан, Ном, Хувраг гэсэн Авралын гурван эрдэнэ байдаг гэж бид олонтоо сонсдог. Эдгээр гурвын эхнийх нь бүрэн гэгээрсэн, Ном заадаг бүх төрөлхтөн юм. Варанасид Хутагтын дөрвөн үнэнийг зааж анхны номын хүрдийг эргүүлсэн Шагжамүни Бурхан бидэнд хамгийн их утга учиртай. Эдгээр дөрвөн үнэний хамгийн сүүлийн үнэн болох үнэн зам мөр нь бүх зовлонгоос чөлөөлөх Ном бөгөөд энэ нь Ном эрдэнэ гэж нэрлэгддэг аюулгүй зүг, аврах орон юм.

Номыг хэрэгжүүлэхэд хоёр зүйл шаардлагатай болдог. Орчлонгийн зовлонгийн шалтгааныг олж, энэ шалтгааныг үндсээр нь арилгах. Дахин дахин төрөл авахын үндэс тэгвэл юу вэ? Энэ бол би жинхэнэ оршдог, юмс үзэгдэл жинхэнэ оршдог гэсэн үзэл юм. Бидний бүх зовлонг бий болгодог энэ үзлийн няцаалтыг гаргаж ирэх хэрэгтэй. Жинхэнэ оршдог гэж үзэхийн ерөндөг болох ойлголтыг бид хөгжүүлэх ёстой. Энэ ерөндөг бол би үгүй, бие хүн гэж үгүй гэдгийг ялгаж мэдэх (онож таних) билэг ухаан юм.

Орчлонд эдэлж байгаа бидний зовлон шалтгаангүйгээр гарч ирдэггүй. Бидний сөрөг сэтгэлийн хөдлөл, хандлага (буруу ойлголт, төөрөгдөл), эдгээрээс үүдсэн үйлүүд бидний зовлонгийн шалтгаан нь болдог. Энэ бүх сөрөг сэтгэл хөдлөл, хандлага, үйлүүдийн үндэс нь “би” гэдэг үзэл юм. Үүнийг ойлгох үед бид “би” гэдэг үзлийн эсрэг ерөндөгийг олж авахыг эрмэлздэг. Яагаад бидний сэтгэлд (сэтгэлийн үргэлжлэлд) тэр ерөндөг нь байхгүй байгаа юм бэ? Яагаад бид би-үгүй гэдгийг ойлгодоггүй юм бэ? Нэг шалтгаан нь бид үхэл, мөнх бусын (юмсын өөрчлөлт) талаар хангалттай мэддэггүй.

Үхэл ба мөнх бус

Төрөхийн цорын ганц үр дагавар нь үхэл. Бид гарцаагүй үхнэ. Амьдрал нь үхлээр төгсдөггүй нэг ч амьд амьтан байхгүй. Хүмүүс үхлээс сэргийлэх олон аргыг туршдаг ч энэ бол боломжгүй. Биднийг үхлээс салгах эм гэж байхгүй.

Ердөө “би үхнэ” гэж бодох нь үхлийн тухай бодох зөв хэлбэр биш. Мэдээж хүн бүр үхнэ, гэвч зөвхөн энэ үйл явдлыг бодох нь хүчтэй нөлөөтэй байдаггүй. Энэ бол тохирох арга биш. Үүнтэй адил бид задралд орж, үхжиж, ялзарч байхгүй болно гэж бодох нь бас хангалттай биш. Бидний бодох ёстой зүйл нь төрөл доошлохоос хэрхэн сэргийлэх тухай бодол юм.

Үхэх үед төрдөг айдас, түүнийг хэрхэн багасгах талаар бодох нь бясалгалыг үр дүнтэй болгодог. Амьдралынхаа туршид муу үйл их хураасан хүмүүс үхэх үед маш их айдаг. Тэд уйлж, хацрыг нь даган нулимс урсаж, шүлс, ялгадас нь мэдээгүй гарч айдаст бүрэн автсан байдаг. Энэ бүхэн нь амьдралын турш үйлдсэн муу үйлээс үүдэлтэй айдсаас болж гардаг үхэх үеийн зовлонгийн тодорхой шинжүүд юм.

Нөгөө талаас хэрэв бид амьдралын туршид муу үйл үйлдэхээс зайлсхийж байсан бол үхэл ирэхэд түүнтэй нүүр тулах амархан болдог. Үйл явц нь ээж, аавдаа очиж байгаа хүүхдийнхтэй адил баяр баясгалантай болдог. Бид нүглээ ариусгасан тохиолдолд үхэлтэй тайван амгалан нүүр тулж чадна. Арван хар нүглийг хорьж, тэдгээрийн эсрэг болох арван тустай үйлийг төлөвшүүлсэнээр бидний үхэл тайван амгалан болж, үр дүнд нь зовлонтой нөхцөлд төрөл авах шаардлагагүй болдог. Илүү сайн төрөл авах нөхцлүүд ч бүрдэж болно. Эмийн ургамлын үр суулгасанаар бид анагаах чадалтай ургамал ургуулж авна, хортой ургамалын үр суулгаснаар хортой ургамал ургана. Хэрэв бид сэтгэлдээ сайн, тустай үйлдлийн үр суулгавал дараа төрөлдөө бид сайн сайхныг эдэлнэ. Бидэнд бие, сэтгэлийн хувьд таатай нөхцлүүд бүрдэнэ. Сөрөг муу үйлдлүүдээс зайлсхийж, эерэг тустай үйлдлүүдийг төлөвшүүлэх Номын энэ үндсэн сургаал нь зөвхөн Бурханы шашинд төдийгүй Христ болон бусад олон шашинд байдаг.

Бид үхэл, мөнх бусын талаар хэрхэн бясалгадаг вэ? Өмнө нь дурьдсанчлан ердөө “Би үхнэ” гэж бодох нь тийм ч тустай байдаггүй. “Хэрэв би арван хар нүглийг үйлдсэн бол үхэл ирэх үед маш их айдас, зовлонтой нүүр тулж үүний үр дүнд хүчтэй муу заяанд төрөл авах болно. Харин эсрэгээрээ амьдралынхаа туршид эерэг зүйл (буян) хийсэн бол үхэл ирэхэд айдас, зовлон амсахгүй байж илүү завшаантай төрөл авах болно.” Энэ бол үхлийн талаар бясалгах зөв арга юм.

Энэ бясалгал нь “Би үхнэ, энэ талаар надад хийж чадах юу ч байхгүй” гэсэн гунигтай, гутранги бодол төдий байдаггүй. Харин үхэх цагт юу болох бол гэсэн үүднээс “Үхэл ирсэний дараа би хаачих бол? Би ямар шалтгаануудыг бий болгосон бэ? Үхэх үйл явцаа тайван туулж чадах болов уу? Яаж? Дараа төрлөө сайн төрөл болгож чадах болов уу? Яаж?” гэх байдлаар бодох хэрэгтэй.

Хойд төрлийн талаар бясалгахдаа: “Орчлонд итгэж найдах зүйл нэг ч байхгүй. Ямар ч бие авсан байсан эцэстээ энэ нь барагдах жамтай. Зуун жил, бүр мянган жил амьдарсан гэх хүмүүсийн тухай үлгэр түүхийг бид мэднэ. Хэдийгээр эдгээр түүх домгууд хичнээн сайхан ч гэсэн эцэст нь мөнх бусыг үзүүлээгүй нэг ч тохиолдол байхгүй. Бидний авсан орчлонгийн ямар ч бие эцэслэдэг” гэдгийг бодох хэрэгтэй.

Үхлээс зугтаж очих ямар ч газар байхгүй. Хаа ч байсан цаг нь болоход бид үхэх ёстой болно. Ямар ч эм тан, маань тарни, бүтээл дадал тус болохгүй. Мэс заслаар биеийн зарим эрхтний тодорхой нэг төрлийн өвчнүүдийг анагааж болох боловч үхлийг зогсоох нэг ч мэс засал байхгүй.

Бид ямар ч төрөл авсан байсан энэ нь эцэслэнэ. Үйл явц нь тасралтгүй явагдаж байдаг. Бидний үйлдлүүдийн урт хугацааны нөлөө болон төрөх, амьдрах, үхэх, дахин төрөх үйл явц нь хэрхэн үргэлжилж байгааг тунгааж бодох нь эерэг сайн үйл хийхэд тустай байдаг.

Хэдийгээр бид заримдаа Номыг хэрэгжүүлэхээр төлөвлөдөг ч маргааш эсвэл нөгөөдөр гэж хойшлуулдаг. Гэвч бид хэзээ үхэхийг хэн ч бидэнд хэлж чадахгүй. Хэрэв бидэнд амьд явах нэг зуун жил үлдсэн гэсэн тодорхой баталгаа байвал бид ном бүтээх, хэрэгжүүлэх цагаа зохион байгуулж болно. Гэтэл бид хэзээ үхэх нь огт тодорхойгүй. Бүтээл дадлаа хойшлуулах нь маш бодлогогүй хэрэг. Зарим хүмүүс төрөхөөсөө өмнө эхийнхээ хэвлийд, зарим нь хөлд орохоосоо өмнө энддэг. Бид урт насална гэж бодох боломжгүй.

Бидний бие маш хэврэг. Хэрэв төмөр, чулуугаар хийгдсэн бол тодорхой хэмжээгээр бат бөх санагдаж болох юм. Гэвч сайн шинжлээд үзвэл хүний бие маш дорой болохыг харна. Ямар нэг зүйл буруу болох нь маш амархан. Маш олон жижиг хэврэг эд ангиас тогтдог нарийн хийцтэй бугуйн цагтай адилхан байдаг. Найдах зүйл биш. Биднийг үхэлд хүргэх маш олон нөхцөл, шалтгаанууд байдаг. Хоолны хордлогоор, өчүүхэн хархой шавьжинд хатгуулах, бүр өргөсөнд хатгуулсанаар ч үхэж болно. Ийм жижигхэн шалтгаанууд ч биднийг үхэлд хүргэж чаддаг. Амьдралыг тэтгэдэг идэж уух зүйл ч үхэх шалтгаан болж болно. Бид хэзээ үхэх, юу бидний үхлийн шалтгаан болох нь огт тодорхойгүй байдаг.

Хэдийгээр бид нэг зуун жил наслана гэсэн итгэлтэй байдаг ч энэ хугацаанаас хэдэн жил нь аль хэдий нь өнгөрч, хийж амжуулсан зүйл ч бидэнд их байхгүй байна. Галт тэргэнд унтаж яваа хүн хүрэх газар руугаа зогсолтгүй ойртдог шиг бид үхэл үрүү дөхөж байдаг, гэвч энэ явцыг анзаардаггүй. Энэ явцыг зогсоох бидний хийж чадах өчүүхэн ч зүйл байхгүй. Бид ердөө ямар ч зогсолтгүй үхэл рүүгээ ойртож байдаг.

Амьдралынхаа туршид хичнээн их хэмжээний мөнгө, үнэт эдлэл, байшин, хувцас хураасан ч үхэх цагт ямар ч ялгаагүй байдаг. Үхэх болоход бид нүцгэн л явах болно. Өчүүхэн эд зүйл нэгийг ч авч явж чадахгүй. Биеэ ч хүртэл орхих ёстой болно. Сэтгэл нь биеэсээ салж үргэлжлэх ба бид ямар нэг эд зүйл төдийгүй биеэ ч авч явах боломжгүй.

Үйлийн үр

Сэтгэлтэй юу хамт явдаг вэ? Хэрэв бид өөрийн бие, найз нөхөд, эд зүйлсээ бүгдийг нь орхих ёстой болдог юм бол дараагийн төрөл рүү биднийг дагаж явах ямар нэг зүйл, туслагч байдаг уу?

Сэтгэлтэй хамт явдаг нэг зүйл байдаг нь энэ амьдралынхаа туршид бий болгосон үйлийн ул мөр (авъяас, хөрөнгө). Хэрэв бид арван хар нүглийг үйлдэж байсан бол үүний ул мөр, авъяас сэтгэлтэй хамт бидний дараагийн төрөлд очдог. Амьд амьтдыг алж байсан, бусдын эд зүйлийг хулгайлсан, буруу хурьцал зэрэг биеэр үйлдсэн муу үйлийн ул мөр нь бидний сэтгэлийн үргэлжлэлд суудаг. Худал хэлэх, бусдыг гүтгэх, хүмүүсийн хоорондын эв эвдэх, ширүүн үг хэлэх, эсвэл хов ярих гэсэн хэлний муу үйлүүдийн үр үхэх үед мөн бидэнтэй хамт явна. Хэрэв бид бусдын эд зүйлийг авахыг хүсэх, бусдад муу санах, муу зүйл тохиолдохыг хүсэх, эсвэл буруу сөргөх байдлаар “урд, хойд нас гэж байхгүй”, “шалтгаан, үр дагавар гэж байхгүй”, “аврах аюулгүй зам мөр гэж байхгүй” гэх байдлаар бодож байсан бол эдгээр муу сэтгэлийн үйлүүд сэтгэлд муу ул мөр үлдээж сэтгэлийн ирээдүйн төрлийг тодорхойлдог.

Үүний нөгөө тал нь бас адилхан. Хэрэв бид эерэг үйлдэл хийж, сөрөг муу зүйл хийхээс зайлсхийж байсан бол тэдгээр сайн үйлийн ул мөр бидний сэтгэлтэй хамт явж, ирээдүйн төрлийн эерэг сайн нөхцлүүдийг бий болгодог.

Хэрэв бид одоо байгаа нөхцлийнхөө талаар сайн эрэгцүүлж үзэх юм бол бид ямар ч байдлаар үргэлж эерэг үйлдэл хийж, тэдгээрийн эсрэгийг огт хийхгүй байхыг хичээхээр шийдвэр гаргах болно. Дараа дараагийн төрлүүддээ төлөх өчүүхэн ч үйлийн өр үлдээлгүйгээр өөрсдийн боломжоор бүх муу үйлүүдийг арилгахыг оролдох хэрэгтэй.

Шалтгаан ба үрийн хуулиар ямар үр дүн гарч болохыг бид харах хэрэгтэй. Маш олон сайн чанартай боловч ярихдаа их ширүүн нэг хүний тухай түүх байдаг. Тэрээр нэг хүнийг “Чи нохой шиг ярьдаг.” гэж хэлж доромжилжээ. Үүний үр дүнд тэрээр таван удаа нохой болж төрсөн гэдэг. Бага мэт санагдах үйлдлүүд ч их том үр дүнтэй байж болдог.

Үүний адилаар маш бага эерэг үйл ч гайхалтай сайхан үр дүнгийн шалтгаан болж болно. Бурхан багшид нэгэн эгэл даруу өргөл өргөсөн хүү дараа төрөлдөө Ашока нэрт хаан болж, Бурханы шашны мянга мянган дүрүүдийг бүтээж, олон тоолшгүй гайхалтай үйл ажиллагаа явуулсан байдаг.

Магад гарах (Орчлонгоос уйдах) болон Энэрэн нигүүлсэх сэтгэл

Өөрсдийн хийсэн олон янзын хорт муу үйлүүд, тэдгээрээс гарах үр дүнгийн талаар бодох нь бидний сайн сайхныг хангах маш үр дүнтэй арга юм. Өөрсдийн хийсэн муу үйлдлийнхээ үр дүн болох зовлонг эдлэх ёстой болж төрөх талаар бодох үед ийм зовлон эдлэх ёстой болохгүй байх хүчтэй хүсэл төрөхийг “магад гарах сэтгэл” (орчлонгоос уйсах сэтгэл) гэж нэрлэдэг.

Өөрсөддөө ийм ойлголт, ухамсар төлөвшүүлэх нь бясалгалын нэг хэлбэр юм. Эхлээд бидний өөрсдийн зовлонг олж таньсан байх хэрэгтэй, тэгээд энэ ойлголтоо тэлж хамаг амьтныг хамруулна. Хамаг амьтан ямар ч зовлон хүсдэггүй боловч хэрхэн зовлонтой хэцүү байдалд баригдсан байдгийг ойлгох хэрэгтэй. Энэ ойлголт нь энэрэн нигүүлсэх сэтгэлд хөтөлдөг. Хэрэв бидэнд өөрсдийн зовлонгоос ангижрах хүсэл төрөөгүй бол хэрхэн бусдыг зовлонгоос нь ангижруулахыг хүсэх хүсэл төрөх вэ? Өөрийн бүх зовлонг эцэслэх нь хамгийн гол ач тус биш. Бид энэ хүслээ жаргал хүсдэг бүх сэтгэлтэй амьтан бүр рүү тэлэх хэрэгтэй. Бид өөрсдийн сэтгэлийг сургаж, хүн бүрийг зовлонгоосоо бүрэн ангижрахыг хүсэх хүслийг төрүүлж болно. Энэ бол илүү өргөн, илүү ач тустай сэтгэлгээний хэв маяг юм.

Яагаад бид бусдын талаар санаа тавих хэрэгтэй байдаг юм бэ? Учир нь бид тэднээс үнэхээр их зүйл хүртэж байдаг. Жишээлбэл, бид уудаг сүүгээ үнээнээс, салхи шуурга, хүйтнээс хамгаалдаг дулаан хувцсаа хонь, ямааны ноос, ноолуураар хийх гэх мэт. Энэ нь яагаад бид тэдний зовлонг багасгах арга эрж хайхыг хичээх хэрэгтэй болох шалтгааны ердөө цөөн хэдэн жишээ юм.

Ямар бүтээл хийдэг нь хамаагүй – маани тарни унших эсвэл ямар нэг бясалгал хийхдээ “Энэ бүхэн бүх зовлонт амьтдад тус болох болтугай” гэсэн бодлыг бид үргэлж агуулж байх хэрэгтэй. Энэ нь бидэнд ч бас тустай байх болно. Бидний амьдралын ердийн нөхцлүүд ч үүний ач тусыг бидэнд өгдөг. Жишээлбэл, хэрэв хэн нэг хүн үргэлж хувиа хичээж, зөвхөн өөрийн ашгийн тулд ажилладаг бол бусад хүн түүнд дуртай байхгүй. Харин нөгөө талаас бусдад сайн хандаж, үргэлж туслах тухай боддог хүнд хүн бүр ихэнхдээ сайн байдаг.

Сэтгэлийн үргэлжлэлдээ суулгах бодол санаа бол “Хүн бүр зовлонгүй байж, жаргах болтугай” хэмээх бодол юм. Үүнийг бид дахин дахин санаж, өөрсдийн сэтгэлтэй нэг болгохыг хичээх ёстой. Энэ үнэхээр их ач тустай байж болдог. Өнгөрсөн амьдралдаа ийм сэтгэлгээг төлөвшүүлсэн төрөлхтнүүд одоо Бурхад, бодьсадва, гэгээнтнүүд болсон байна. Өнөөгийн дэлхийн бүх жинхэнэ сод эрчүүд, эмэгтэйчүүд энэ сэтгэлийг өөрсдийн сэтгэлгээний суурь болгосон байдаг. Хэрэв бид өөрсдөө үүнийг сэтгэлдээ төлөвшүүлж чадвал хичнээн сайхан байх вэ!

Хайртай хүмүүсээ хамгаалахын тулд бусдад хор хүргэхийн үйлийн үр

Хэн нэг хүн биднийг хорлохыг оролдох үед өөрсдийгөө хамгаалахгүй байхыг зөвлөж байгаа юм уу?

Энэ асуулт маш өргөн хүрээтэй сэдвийг хөндөж байна. Хэн нэг хүн өөрийн тань толгой руу бороохой эсвэл саваагаар цохивол үүнд үзүүлэх хамгийн сайн хариу үйлдэл бол өнгөрсөнд үйлдсэн өөрийн муу үйлдлээс болж үүнийг амсаж байна гэж бодох явдал юм. Өнгөрсөнд хийсэн тодорхой нэг муу үйлдлийн ул мөр ирээдүйд хэзээ нэгэн цагт биш одоо хэрхэн боловсорч гарах нөхцлийг энэ хүн олгож байгааг тунгаа. Өөрийн чинь сэтгэлийн үргэлжлэлээс энэ муу үйлийн үрийг арилгаж өгсөнд талархалтай байх хэрэгтэй.

Миний хайрлаж халамжлах ёстой хүмүүс болох гэр бүлийн хүн, хүүхдүүдэд халдвал яах вэ? Тэднийг хамгаалах уу? Хэрэв хамгаалвал энэ муу үйл болох уу?

Эхнэр, үр хүүхдээ хамгаалах нь таны үүрэг учраас боломжтой хамгийн сайн байдлаар хамгаалах ёстой. Ухаантай байх хэрэгтэй. Халдсан хүнд хор хүргэхгүйгээр тэднийгээ хамгаалах нь хамгийн сайн. Өөрөөр хэлбэл, тэднийг хамгаалахын зэрэгцээ өөрөө бусдад ямар нэг хохирол учруулахгүй байх арга олох хэрэгтэй.

Тэр этгээд миний хүүхдэд хор хүргэж болно, харин би түүнийг хохироож болохгүй юу? Үр хүүхдээ зэрлэг балмад үйлдлээс хамгаалах нь бидний үүрэг биш гэж үү? Бид амьдралаа зүгээр л золиослох уу?

Энэ нөхцөл байдлыг сайн давж гарахын тулд бид маш их эр зориг гаргах хэрэгтэй. Бурхан багшийн өмнөх амьдралын нэг түүх байдаг. Энэ түүхд тэрээр нэг усан онгоцны залуурчин байсан ба онгоцоороо таван зуун хүний бүрэлдэхүүнтэйгээр нуусан эрднэсийн эрэлд далайд гарсан гэж өгүүлдэг. Тэдний дунд байсан нэг маш шунахай хүн бүх эрдэнэсийг өөртөө авахын тулд бусад таван зуун хүнээ хороохоор далдуур төлөвлөж байв. Үүнийг мэдсэн тэр бодьсадва (Шагжамүни Бурхан багшийн урьд төрөл) үүссэн нөхцөл байдлыг хэвээр үргэлжлүүлэх нь буруу, учир нь нэг хүн таван зуун хүний аминд хүрэх гэж байна гэж боджээ. Тэгээд тэр нэг хүний аминд хүрч таван зуун хүний амь аврах эр зориг гаргаж, ямар нэг амь таслах бүх хариуцлагыг өөртөө бүгдийг авахаар шийдсэн. Хэрэв бусдыг аврахын тулд тамд төрөхийг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол та гайхалтай их эр зоригтой байна. Тийм бол та Бурхан багш өөрөө яаж үйлдсэн шиг тэр үйлээ хийж болно.

Ийм нөхцөлд ч гэсэн аминд хүрэх нь муу үйлд тооцогдох уу?

Нагаржуна Хаанд илгээсэн захидалдаа хэрэв хэн нэгэн өөрийн эцэг эх, үр хүүхэд, Бурханы шашин эсвэл Авралын гурван эрдэнийн өмнөөс муу үйл үйлдвэл үрийг нь заавал эдлэх болно гэж бичсэн. Ялгаа нь та хийж буй үйлдлийнхээ үр дүнг мэдээгүй, эсвэл мэдээд өөрийн гэр бүл, үр хүүхдээ амь биеэ хайрлахгүй хамгаалахын тулд гарах үр дүнг өөртөө авахад бэлэн байх. Хэрэв дайсандаа хор хүргэвэл та зовлонт төрлийг эдлэх болно. Гэвч “Би тэр гарах зовлонг өөртөө авч харин миний гэр бүл, үр хүүхэд зовохгүй байг” гэж бодож энэ бүхэнтэй нүүр тулахад бэлэн байх хэрэгтэй.

Бурханы шашны үүднээс энэ нь тэгээд муу үйл болох уу?

Гэр бүл, үр хүүхдээ хамгаалах нь эерэг сайн үйл боловч дайсандаа хор хүргэх нь сөрөг, хор хөнөөлтэй. Аль алиных нь үр дүнг хүлээн зөвшөөрөх ёстой.

Хэрэв хэн нэгэн муу үйл хийвэл ирээдүйд зовлонтой байна, харин сайн үйл хийвэл жаргал эдэлнэ гэж та хэлсэн. Эдгээр сайн үйлүүд нь дахин зовлонт төрөл авахгүй байх бүрэн өршөөл болж чадах уу?

Хэрэв нүглээс бүрэн өршөөгдөхийг хүсэж байвал сургаалыг бүрэн дүүрэн, яг ёсоор нь дагах ёстой. Жишээлбэл, хэрэв та Христийн шашны зам мөрийг дагаж байгаа бол Христийн сургаалыг ёсчлон дагах хэрэгтэй. Тэгвэл Христийн шашны өршөөл боломжтой болно. Есүс ганцаараа биднийг нүглээс аварч чадахгүй, бид ямар нэг зүйл өөрсдөө хийх ёстой. Үгүй байсан бол Есүс юуны тулд нүгэл битгий хий гэж хэлсэн байх вэ? Хэрэв бид өөрсдөө Есүсийн заасныг зөв дагах юм бол Христийн шашны өршөөл боломжтой гэж би боддог. Хэрэв бид Бурхан багшийн сургаалыг зөв дагах юм бол Бурханы шашны “өршөөл” – зовлонгоос бүрэн чөлөөлөгдөх нь боломжтой.

Top