Би гэвш Наваан Даргейтэй 1970 онд Энэтхэгийн Далхоусиед анх уулзан, түүнээс суралцаж эхэлсэн юм. Үүнээс нэг жилийн өмнө би докторын судалгааныхаа ажлыг хийхээр Фулбрайтын тэтгэлгээр Энэтхэгт ирээд байсан. Харвардад төвөд хэл үзэж байхдаа би Нью-Жерсид суух Гэвш Вангялтай аль хэдийн харилцаатай болсон байсан бөгөөд Энэтхэгт ирэх үедээ Вангял Ринбүүчигийн удирдлаганд Америкт англи хэл үзэж байсан хойд дүрийн хоёр залуу лам болох Шарпа болон Камлунг Ринбүүчи нараас тусламж хүсэхээр хандсан юм.
Гуяасамажа тарнийн сэдвээр докторын ажлаа бичих нь миний толгойноос хэтэрсэн ажил байсныг ойлгосны дараа Дээрхийн гэгээн Далай ламын туслах багш байсан Трижан Ринбүүчи түүний оронд гэгээрэлд хүрэх мөрийн зэрэг болох лам-римыг судлахыг зөвлөсөн. Гэвш Наваан Даргей нь Шарпа, Камлунг Ринбүүчи нарын багш байсан бөгөөд надад лам-рим заахыг зөвшөөрөх эсэх талаар тэднээр асуулгахад тэрээр таатай хүлээн авсан юм. Би түүний анхны Барууны шавь болсон.
Гэвш Даргей хаягдсан нэг аргал, шавраар барьсан малын байранд амьдардаг байсан бөгөөд өрөө нь ердөө түүний ор, түүний дагуу шавь нар нь газарт суухад хангалттай нэг багахан зайтай байдаг байв. Нэг ч шүдгүй, үргэлж хөгжилтэй байх түүний тогооч Кэдүп Тарчин бүр жижигхэн гал зуухны зайд байдаг байсан. Гэн Ринбүүчи гэж бидний дууддаг байсан Гэвш Даргей хойд дүрийн залуу лам нарын багш гэдгээрээ алдартай, есөн хойд дүрийн лам хүүхдийг асран халамжилдаг, гарамгай ном хаялцдаг, сайн бүтээл үйлддэгээрээ олны танил гэвш байсан. Иймд би түүнийг эрдэмтэй гэдгээс ч илүү гэсэн итгэлтэй байлаа.
Долоон хоногийн зургаан өдөр би хичээлд суудаг байлаа. Шарпа, Камлунг хоёр надад орчуулж өгнө. Учир нь Гэн Ринбүүчи тухайн үед бол надад бараг ойлгогдохын аргагүй их Кампа аялгатай ярьдаг байсан. Өөр нэг залуу түлкү болох Жадо Ринбүүчи миний хичээлд бас сууна. Тэрээр Далай ламын Намгял хийдийн хамбаар явсан бөгөөд одоогоор Гюто тарнийн хийдийн хамбаар сууж байгаа. Бид бүгдээрээ Гэн Ринбүүчигийн орны хажуу дахь жаахан зайд шахалдан суудаг байлаа.
Тэр өрөө үргэлж их ялаатай байдаг мэт санагддаг байсан. Энэ нь өрөөнд буй надаас бусад хүмүүст их тээр болохгүй байгаа мэт санагдана. Камлунг Ринбүүчи тэднийг гараараа барьж аван үнэндээ тэднээр тоглодог байв – тэр түүндээ үнэхээр сайн байсан – тэднийг алгандаа хийн сэгсэрч байгаад тавьж явуулна. Өнөөх ялаа нь толгой нь эргэсэн байдалтай нисэж явахад тэд бүгдээрээ инээлдэнэ. Надад тийм хөгжилтэй санагддаггүй байлаа. Надад тухгүй байгааг харсан Гэн Ринбүүчи нэг өдөр орон дээрээ босож зогсоод орхимжоо дэлгэн ялаануудыг хөөгөөд тэгээд над руу хараад инээж билээ. Тэрнээс хойш би хичээл дээрээ илүү анхааран, ялаануудыг анзаарахгүй байж сурах болсон.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа би Гэн Ринбүүчид амьдрахад арай дээр газар руу нүүх жаахан мөнгө өглөө. Тэрээр хүлээн зөвшөөрсөн боловч нууцаар, тоглоом хийн бидний хэнд ч хаашаа нүүж байгаагаа хэлэлгүй явсан. Тэр ердөө чимээгүй алга болж, өөрийг нь хайж олохыг хүлээж байсан. Түүнийг олох үед тэрээр тачигнатал инээн угтсан. Гюмэ тарнийн хийдийн хажууд нэг байранд нүүн орсон – энэ бол нөхцөл байдал нэлээд сайжирсан явдал байлаа. Бид тэнд хичээлээ үргэлжлүүлэн, үе үе түлкү нарын хамтаар уулын нугаар алхан, салхинд цайлдаг байв. Гэн Ринбүүчи хээр цайлах дуртай байдаг байсан.
Дээрхийн гэгээн Далай лам бидний хичээлийн талаар мэддэг байсан бөгөөд зарим багахан хэмжээний төвөд эх бичвэрүүдийг хэвлэлтэнд зориулан англи хэл рүү орчуулуулахаар явуулж эхлэх болсон. Тэр үед 1971 онд Дээрхийн гэгээн Далай лам Төвөд бүтээлийн номын сан, архивыг Дарамсалад байгуулуулсан юм. Тэр намар бид бүгдээрээ Дээрхийн гэгээний айлдаж байсан Гуяасамажа тарнийн айлдварт суухаар Дарамсалад ирсэн байсан бөгөөд энэ үеэр Дээрхийн гэгээн Гэн Ринбүүчигээс Номын сан, архивт харьяалагдах Барууны хүмүүст багшилж, Шарпа, Камлунг хоёрыг орчуулагч хийхийг хүссэн юм. Би мөн тэдэнд тусалж болох эсэхийг асуухад Дээрхийн гэгээн зөвшөөрсөн боловч эхэлж Харвардад буцаж очин ажлаа хамгаалаад ирэхийг зөвлөсөн. Тэр дагуу яваад би дараа жил нь буцан ирж Гэн Ринбүүчи болон хоёр түлкүтэй Дарамсалад суун, тэдний хамтаар Номын сангийн дэргэдэх орчуулгын товчоог байгуулсан.
Түүнээс хойших арван хоёр жилийн турш Гэн Ринбүүчи олон улсад хийсэн нэг удаагийн айлдварын аяллаасаа бусад бүх хугацаанд Номын сан дээр долоон хоногийн зургаан өдөр ном тавьсан юм. Би түүний бараг бүх хичээлд суун, заасан бүх зүйлийг дэлгэрэнгүй тэмдэглэж авдаг байв. Тэр үед хамтын нөхөрлөлийн орнуудын иргэд Энэтхэгт визгүй зорчих боломжтой байсан учраас үнэхээр олон хүмүүс Дарамсалад хэдэн жилээр үргэлжлүүлэн амьдарч байсан. Энэ нь Гэн Ринбүүчи Бурханы шашны гол эх зохиолуудаас хэдэн жилийн хугацаанд бидэнд үргэлжлүүлэн зааж, бясалгал хөтлөх боломжийг олгож байлаа. Мөн тарнийн авшиг хүртээн, бүтээлийг хэрхэн үйлдэх тухай дэлгэрэнгүй тайлбар ч өгч байв. Хэдэн долоо хоноод нэг удаа бид цуглан түүний хамтаар Багшийг тахихуй хурал хурдаг байсан бөгөөд тэрээр түүнийг хэрхэн хурахыг бидэнд бас заасан. Энэ үнэхээр гайхалтай он жилүүд байсан: бидэнд ийм онцгой боломж тохиосон нь үнэхээр завшаантай явдал байсан юм.
Онцгой дурсамжтай нэг зүйл гэвэл Гэн Ринбүүчи ном тавих бүрдээ гүнзгий тайлбаруудыг энгийн хээгүй хошигнолтой хольж тайлбарладаг байсан явдал. Түүний заасан зүйлийг бид санахгүй байгаа үед дахин дахин тайлбарлахдаа тэрээр хэзээ ч төвөгшөөдөггүй – энэрэн нигүүлсэх сэтгэл, тэвчээрийн нэг гайхалтай жишээ хүн байсан. Тэрээр сахилга бат, хуврагийн сахил санваартаа маш няхуур хандана. Шөнө дунд бие засахаар явах үедээ ч хүртэл лам хувцсаа өмсдөг байсан.
Гэн Ринбүүчи надад олон хэцүү үед минь тусалсан. Цэнжаб Сэркон Ринбүүчийг Спитид гэнэт өнгөрөх үед түүнийг дуулаад би Гэн Ринбүүчи дээр очсон. Сэркон Ринбүүчи Гэн Ринбүүчигийн багш нарын нэг бас байсан юм. Намайг ороход Гэн Ринбүүчи хэдэн төвөд найз нартайгаа цай уун, ярилцан сууж байсан. Тэрээр надад суугаад, тэднийг явтал хүлээж байхыг сануулав. Ингээд тэднийг явсны дараагаар би түүнд Сэркон Ринбүүчийг өнгөрсөн тухай дуулгахад тэр тухай сонссон гэв. Тэрээр эрхээ эргүүлэн өөрийн жанч халсан бүх багш нарыг тоолон үзүүлж, үхэл хүн бүхэнд ирдэг, үүнд гайхах зүйл үгүй гээд хэрэв бид багш нараа, тэдний өгсөн зөвлөгөөг сэтгэлдээ хадгалж байвал хэдий тэд бие махбодын хувьд өнгөрөн одсон ч үргэлж бидэнтэй хамт байх ба амьдрал цааш үргэлжлэх ёстой гэсэн юм. Энэ надад үнэхээр их тус болсон.
Гэн Ринбүүчи Шинэ Зеландын Дунедин хотод суун багшлах урилгыг хүлээн авснаар 1984 онд Номын сангаас явсан юм. Тэрээр Европ, Хойд Америкаас тийм алс газар явсан нь зохисон мэт санагддаг. Тэр үргэлж нууцлаг байж, шавь нараараа түүнийг олж очин, сургаал сонсох ямар нэг хүчин чармайлт гаргуулдаг байсан.
Гэн Ринбүүчи 1995 онд жанч халах хүртлээ Шинэ Зеландад суусан. Чихрийн шижин өвчний улмаас хараагүй болсон ч сургаалаа тавьсаар, өдөр тутмынхаа уншлага бүтээлийг цээжээр хийсээр насан эцэслэсэн.
Би Гэн Ринбүүчитэй түүнийг Шинэ Зеланд явснаас хойш ердөө хоёр удаа уулзсан. Гэвч би түүний намайг Бурханы шашны бүхий л суурь сургаал, бүтээлд сурган мөн энэтхэг, төвөд эх зохиолуудаас заан сургасан явдалд ямагт талархаж явдаг. Түүний хойд дүрийн лам болох Янгси Ринбүүчи 1996 онд төрсөн бөгөөд тэрээр одоогоор Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ хийдэд суралцаж байна.