Ёнзон Лин Ринбүүчийг дурсахуй

Би Ёнзон Лин Ринбүүчитэй 1970 оны нэгдүгээр сард Бод Гаяад анх уулзсан бөгөөд тэрээр жил бүр өвлийн сарыг тэнд Төвөд хийдэд сургаал айлдан өнгөрүүлдэг байсан. Тэр үед Бод Гаяа хараахан хөгжөөгүй, маш ядуу газар байлаа. Суваргын урд талын шороон зам дээр уяман өвчнөөр өвдсөн гар зэргээ мөргөлчид рүү сунган нэг өнгийн хоолойгоор дуугаран гуйлга гуйх ядуу гуйлгачин хүмүүс эгнэсэн байдаг байв. Хуруу дарам цөөн тооны хэдэн гадны хүмүүсийн нэг болохын хувьд намайг хаана явна тэр газар бүр урагдаж ноорсон хувцастай хүүхдүүд бөөнөөрөө даган, хувцаснаас татаж чангаан, нэг өнгийн хоолойгоор дахин дахин чангаар “Бакшееш, Мемсахаб” гэж дуудан мөнгө нэхнэ. Сүсэгтэн мөргөлчид суваргыг гороолон мөргөл үйлдэх ба зэрлэг ноход, эртний үеийг санагдуулам харагдах гахайнууд суваргын ар талаар идэш хайн явна. Энэ хэсэг нь мөн орон нутгийн ил бие засах газрын үүргийг гүйцэтгэнэ. Энэ надад хэзээ ч мартагдахгүй нэг дүр зураг болон үлдсэн байдаг.

Тэр үеэр би Ёнзон Лин Ринбүүчигээс анх удаа Жанрайсигийн ван хүртэж, анхны бодь сэтгэлийн сахилаа авсан юм. Ёнзон Ринбүүчигийн ер бусын намба төрх, сүр бүхий дүр байдал нь хийдийн хашааны гадна буй эх адаггүй тэр орчноос эрс ялгаатай. Онцгой сэтгэгдэл төрүүлдэг нэг зүйл нь Ёнзон Ринбүүчигийн ном тавьж байх үеийн түүний дуу хоолой. Тэр нь амьсгал авах гэж хэзээ ч зогсохгүй, тасралтгүй үргэлжлэх урсгал мэт ямар ч чармайлтгүй аяндаа гарах аяалгуу сайхан хоолой байдаг байлаа.

Ёнзон Лин Ринбүүчитэй учирсан дараагийн нэг учрал 1971 оын 9-р сард Дарамсалад тохиосон. Миний багш Гэвш Наваан Даргей намайг Шарпа, Камлунг Ринбүүчи нарын хамтаар Далхоусиегээс тэнд нэг үйл ажиллагаанд оролцуулахаар авчраад байсан юм. Дээрхийн гэгээний хоёр багш түүнд, мөн тарнийн сургуулиудын нийт лам нарт Гэлүг ёсны гурван гол ханьцашгүй дээд тарнийн авшиг хүртээж байсан. Ёнзон Лин Ринбүүчи 13 нөхөртэй Важрабайрава болон Гуяасамажа бурханы авшгийг, харин Трижан Ринбүүчи Чакрасамвара Луйпагийн авшиг хүртээж байлаа. Голлох шавь болохын хувьд Дээрхийн гэгээн Далай лам багш нарынхаа урдаас харан арай намхан сэнтий дээр суусан байв. Номонд оролцож байгаа цорын ганц Барууны хүний хувьд би одоогоор Гүрү Ринбүүчи, 1000 Мутарт Жанрайсиг бурхадын дүр байрлах болсон, сэнтийнүүдийн хажуу дахь гонхонд суусан юм. Тэндээс бүх зүйл их сайн харагдаж байлаа. Дээрхийн гэгээний багш нарынхаа өмнө төрүүлж буй ёс журамтай, төлөв даруу, хүндэтгэлтэй тэрхүү байдал өөрийн болон тарнийн багш нартаа хэрхэн зохистой хандах тэр л үлгэр дуурайл болон үлдсэн юм.

Ингээд дараагийн хэдэн жил нь би Ёнзон Лин Ринбүүчигээс хэд хэдэн удаагийн сургаал сонсож, авшгууд хүртлээ. Хамгийн дурсамжтай нь өөр нэг удаа Бод Гаяагийн хийдэд Важрабайравагийн авшгийн үеэр болсон. Энэ үеэр Ёнзон Ринбүүчи хот мандлыг тайлбарласан бөгөөд түүний эргэн тойронд байх олон дүр дүрслэлүүдийг заан өгч байлаа. Түүний дүрслэл үнэхээр тодорхой, бидний бие болон номонд сууж байсан бусад бүх хүмүүст тэр бүхнийг амьд мэт болтол тайлбарлан өгч байсан.

Түүний эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ сэтгэлийн чадамжийг нэмэгдүүлэх энэ чадвар Ёнзон Лин Ринбүүчигийн гайхалтай онцлог байсан. Би үүнийг “бурханы дэлгэрүүлэх эрдэм” гэдгийн жишээ болгон байнга иш татдаг. Миний төвөд хэл багш нарын сургаалыг амаар орчуулж чаддаг болохоос өмнө, Ёнзон Ринбүүчигийнд зочлох үед түүний хэлж байгаа зүйлийг би төвөд хэл дээр бусад хүмүүсийн хэлж байгаа зүйлээс илүү сайн ойлгодог байсанд үргэлж гайхдаг байсан. Тэрээр миний тархинд сэтгэлийн тод чанарыг шууд тусгадаг байсан мэт санагддаг.

Төвөд хэл маань хангалттай сайжрах үед би Ёнзон Ринбүүчийг гадаадын хүмүүсийн хүсэлтээр ном тавих үед хаяа орчуулдаг боллоо. Тэрээр олон өөр өөр бүтээлүүдийг тайлбарлаж өгөх хүсэлтүүдэд маш өглөгч сэтгэлээр ханддаг байсан бөгөөд миний өөрийн Номтой холбоотой асуулдтуудад ч хариулахыг дуртай хүлээн зөвшөөрдөг байсан. Энэхүү гайхалтай ховор, онцгой эрхэм завшааныг буруу ашиглахгүй байхад би анхааралтай ханддаг байлаа.

Нэг удаа түүний Авалокитешварагийн цогц бүтээлийг тайлбарлах номыг орчуулах гэж байтал Ёнзон Ринбүүчи нөгөө шавийг орж ирэхийн өмнө надад хандан энэ хүн эдгээр сургаалыг үнэхээр бүтээн хийх болов уу хэмээсэн юм. Гэвч тэр ямар нэг зүйл түүнд тайлбарлаж өгөх нь чухал гэж бодсон. Ёнзон Ринбүүчи их гүнзгий, нарийн биш боловч тухайн хүнд тэрхүү бүтээлийг судлан үзэх дур хүсэл төрөхөд хангалттай маш уран тайлбарыг өгч эхэлсэн. Энэ нь надад лекц уншиж, сургаал ном заах үед чин сэтгэлийн буяны сэдлээр тэдэнд мэдээлэл хүргэх нь багшийн хувьд хамгийн чухал хүчин зүйл болох тухай үлгэр дуурайл болж үлдсэн юм. Ийм сэдлээр аяндаа та тухайн шавийн түвшин, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тайлбарыг хэмжих болно. Тухайн шавь сургаалыг бүтээл болгох эсэх нь түүний үүрэг хариуцлага. Сайн багш байх ийм өндөр стандартыг хангах ямагт хэцүү байдаг.

Бүх Бурхадын билиг билгүүний мөн чанар болох Манзушир бурханы догшин дүр Важрабайрава бурханы хувилгаан гэж олны мэдэх Ёнзон Лин Ринбүүчи тулах тулгуур, тогтвортой байдлыг илэрхийлэх хад чулуу адил байхын зэрэгцээ ийм хүчтэй сэтгэлийн хурц тодорхой байдлыг өөрийн ойр тойрондоо гаргадаг байсан. Энэ нь түүний байгаа үед та будилсан жаахан хүүхэд адил үйлдэл хийх эсвэл тэр адил бодол бодохгүй харин ухаан сэргэг хурц, сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн хувьд бид бодолтой, тайван болоход нөлөөлдөг тийм төрлийн энерги байдаг байсан юм.

Энэ чанарын нэг жишээ гэвэл, нэг удаа би Дарамсалад Ёнзон Ринбүүчигийн гэрт зочилж байснаа санаж байна. Ёнзон Ринбүүчи өрөөнийхөө нэг буланд байх намхан орон дээр сууж байсан бөгөөд би нөгөө буланд байх өөр нэг намхан орон дээр сууж байлаа. Тэрээр миний бясалгалын талаар асуусан асуултанд хариулж байх үед бидний дунд шалан дээр гэнэт нэг том хилэнцэт хорхой гарч ирсэн. Цаг үргэлж намбатай, буурьтай байдаг Ёнзон Ринбүүчи гараа алдлан “Ээ бурхан минь, хилэнцэт хорхой!” хэмээн сэтгэл хөдөлсөн өнгөөр хашхирав. Тэгээд тэр над руу нүдээ том болгон харж, “Чи айхгүй байна уу?” гэж асуулаа. Би түүний нүүр өөд харан, “Важрабайравагийн өөрийн өмнө байхад би юунаас айх билээ?” гэсэн юм. Энэ үнэн шүү, би үнэхээр айгаагүй. Ёнзон Ринбүүчи миний хариултанд инээгээд л, инээгээд л байсан. Ингээд түүний туслах нэг аяга, цаас барин орж ирж цаасыг хорхой доогуур шургуулан аягаа дээрээс нь тавьж баярын байдалтай түүнийг авч гаран цэцэрлэгт тавьсан. Энэ нь Ёнзон Ринбүүчи энэ бүх үйл явдлыг сургаалын нэг хэсэг болгон зохион байгуулсан мэт санагддаг.

Хэдийгээр ихэнх хүмүүс Ёнзон Лин Ринбүүчигийн энэхүү гайхалтай хүчтэй, сүрлэг Важрабайравагийн энергиэс нь эмээдэг байсан ч Ёнзон Ринбүүчи өөрөө үүнийг тийм зөв зүйтэй зүйл биш гэж үздэг байсан. Нэг удаа би Бод Гаяагийн хийдэд түүний өрөөнд түүнтэй хамт байж байтал нэг бага насны лам хүүхэд доод давхарт хурж байсан “цог” хурлаас нэг тавагтай идээ барин орж ирсэн. Тэр хүү илэрхий нэлээн сандарч, эмээсэн байдалтай байлаа. Түүнийг явсны дараа Ёнзон Ринбүүчи инээн “Тэд бүгд надаас их айдаг. Айх шаардлага байхгүй шүү дээ, тийм биз дээ” хэмээж байсан юм.

Зүрхэндээ амарлингуй Манзушир бурханы дүртэй догшин Важрабайрава адил Ёнзон Лин Ринбүүчи гадна талдаа хатуу ширүүн, айхавтар, нугаршгүй мэт боловч дотроо маш их ухаалаг, уян, сайхан сэтгэлтэй хүн байсан. Түүний шавь байж, зарим үед түүний орчуулагч хийж байсныгаа би үнэхээр завшаантайд тооцдог.

Top