Александер Берзин нь 1944 онд Нью Жерси мужийн Патерсон хотод төрсөн бөгөөд 1965 онд Принстоны их сургуультай хамтарч ажилладаг Рүтгерсийн их сургуулийн Дорно дахины судлалын ангид суралцаж бакалаврын зэрэг авсан ба Харвардын их сургуулийн Дорно дахины хэл (Хятад хэл), Санскрит хэл, Энэтхэг судлалын сургуульд 1967 онд магистр, 1972 онд докторын зэрэг хамгаалсан юм. 1969 – 1998 онд гол төлөв Энэтхэгийн Дарамсалад оршин сууж, Төвдийн Бурханы шашны бүх дөрвөн ёсны багш нараас ном сурч, бүтээл хийж байв. Тэрээр эхэн үедээ Фулбрайтын тэтгэлэгт оюутнаар сурч байжээ. Түүний гол багш нь Дээрхийн Гэгээн Далай ламын багш мөн дагсал хаялцагч (гүн ухааны номын мэтгэлцэгч) асан Цэнжаб Сэркон Ринбүүчи байв. Тэрээр багшийнхаа гадаад орнуудад тавьсан хэд хэдэн удаагийн номын хөтөлбөрт нь дагалдан явж байсан ба орчуулагч, нарийн бичгээр нь нийт есөн жил ажилласан юм. Мөн Дээрхийн Гэгээн Далай ламын орчуулагчаар ажиллах үе ч гарч байв.
Доктор Берзин Төвд хэл дээрх бүтээлүүдийн архив, номын сангийн орчуулгын товчоог үүсгэн байгуулагч гишүүдийн нэг бөгөөд төвд хэлнээс англи хэл рүү орчуулагдсан боловч ихэнх тохиолдолд буруу ойлгогддог нэр томьёонуудыг шинэчлэн орчуулсан юм. Тэрээр бусад хэлний орчуулагчидтай ажиллахдаа мөн тэдэнд эдгээр нэр томьёонуудыг ийм зарчмаар дахин засаж сайжруулахад нь тусалдаг байв.
1983 оноос хойш Берзин дэлхийг тойрон аялж, дэлхийн 70 гаруй орны Бурханы шашны төвүүд болоод их сургуулиудад Төвд-Монголын түүх, зурхай, анагаах ухаан, Бурханы шашны гүн ухааны өөр өөр үзлүүд болон хэрхэн бүтээл хийх талаар зааж байжээ. Тэрээр гол төлөв Латин Америк, Африк, Төв Ази, Ойрхи Дорнодын орнууд мөн хуучин коммунист системтэй байсан болон одоо коммунист системтэй байгаа орнуудад очихыг зорьж байв. Нэмж хэлэхэд, түүний олон тооны хэвлүүлсэн бүтээлүүд болоод орчуулгууд, тавьсан лекцүүд нь эдгээр орнуудын хэл дээр хэвлэгдсэн байдаг байна.
Берзин нь ОХУ – ын Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлдэг Чернобилийн хохирогчдод үзүүлэх Төвдийн эрүүл мэндийн тусламжийн хөтөлбөр, Ричард Гирийн сангаас Монголд хэрэгжүүлж буй уламжлалт соёлыг сэргээн хөгжүүлэхэд туслах зорилгоор Бурханы шашны номуудыг энгийн ярианы хэлээр хэвлүүлэн гаргах төсөл зэрэг Төвд болон Монголын соёлыг дэмжих хэд хэдэн олон улсын төсөл дээр сайн дураар хамтран ажиллажээ. Мөн тэрээр Бурханы шашин болоод Лалын шашны төлөөлөгчдийн хамтарсан уулзалтыг зохион байгуулах ажилд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм.
1998 онд Берзин зохиол бүтээлдээ илүү их анхаарал хандуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс баруунд эргэн ирсэн байна. Тэрээр ихэнх цагаа “Берзиний архив” цахим хуудсандаа тавигдаагүй байгаа материалуудыг бэлдэхэд зориулдаг ба цаг гарвал Бурханы шашны зарим төвүүдэд хичээл заадаг. Өдгөө тэрээр Германы Берлин хотноо амьдран сууж байна.