Орчлон зовлон, Ном амгалан авчирна

Хамаг амьтан жаргалыг хүснэ, зовохыг хэн ч хүсэхгүй. Бурханы ном нь зовлонгоос хагацаж, жаргалд хүрэх арга замыг сургадаг юм. Бидний судалдаг Бурханы номыг үгчилж тайлбарлавал, бидний тулах цэг, барих барьц гэнэ. Энэ нь биднийг зовлонгоос гэтэлгэж, жаргалын хамаг үнэн эх булгийг бидэнд барина.

Аз жаргал нь бие махбодийн, эсвэл сэтгэл санааны хэлбэртэй байж болно. Зовлон бас биеийн ба сэтгэлийн гэсэн хоёр хэлбэртэй. Олон хүн жаргал амсахыг хүсдэг мөртлөө, үүнд хүрэх аргын талаар юу ч мэддэггүй. Бидний хэрэглэдэг аргууд зовлонд л хөтөлдөг.

Зарим хүмүүс амь зуухын төлөө хулгай хийж, хүн алдаг. Тэд үүнийг аз жаргал авчирна гэж боддог. Тийм биш. Бусад олон хүмүүс хуулийн хэм хэмжээнд арилжаа хийж, аж ахуй эрхлэх зэргээр аз жаргалд хүрэхийг хичээдэг. Олон хүмүүс ийм аргаар маш чинээлэг, мөн алдар цуутай болсон байдаг. Энэ төрлийн жаргал мөнхөд үргэлжлэхгүй, энэ нь жинхэнэ жаргал бишээ. Бид хичнээн их аз жаргал болоод материаллаг эд баялагтай байсан ч цадаж, ханадаггүй. Бид бүхэл бүтэн улс орныг эзэмшсэн ч гэсэн улам илүүг л хүсэх болно.

Аз жаргалд хүрэх зам хэзээ ч эцэстээ хүрдэггүй. Бид хамгийн хурдан тээврийн хэрэгслээр, машин гэх мэтээр нааш цааш зорчихыг хичээнэ. Энэ төрлийн хичээлтэнд эцэс төгсгөл гэж байдаггүй. Чухам ийм учраас л эргэх хорвоод эцэс төгсгөл гэж үгүй, энэ нь ердөө л үргэлж тойргоор эргэлдээд байдаг гэж хэлээд байгаа юм. Бид бүгд үүнийг “Хорвоогийн хичээл, зүтгэл хэзээ ч дуусахгүй.” гэж ойлгож болох юм.

Шинэ дээрээ цэцэг цэвэрхэн, удахаараа гундаж хатдаг. Энэ амьдралд та юунд ч хүрсэн байсан, түүнд төгсгөл ирдэг. Цаг хугацаа өнгөрөх тутам төгсгөл рүү ойртож, бидний амьдрал ч дуусах тал руу гаа хандан, ихээр зовлон эдлэх цаг ирнэ. Жишээлбэл, автомашин байна. Та хуучин машинуудын сэг хаядаг хашааны хажуугаар өнгөрч байна гэж бодъё. Энэ бол бүх зүйл эцсийн төгсгөлдөө хүрэн, хаягдал болон хувирдгийн шинж. Шинэ байхад нь машиндаа бид санаа зовдог. Эд анги нь эвдрэх вий, татвар, даатгалын төлбөр төлнө гэх зэргээр санаа зовно. Энэ жишээг бид бүх материаллаг эзэмшил, өмчиндөө хамруулж болох юм. Бид хэдий их юмтай байх тусмаа, түүнийхээ тухайд төдий ихээр зовж түгшинэ.

Бурханы ном нь сэтгэлийн жаргалыг авчрах аргыг заадаг юм. Сэтгэлийн алив төрлийн жаргалд хүрэхийн тулд бид биеийн хүчээр зүтгэх биш, оюун ухаанаараа ажиллах хэрэгтэй. Гэхдээ оюун ухаан нь тасралтгүй үргэлжлэх урсгал бөгөөд, бүр урдах насны амьдралаас ч урсана. Төрөл тутамдаа бид бие цогцостой байдаг, харин үхэхэд оюун ухаан үргэлжилнэ. Тиймээс бидний хүсвэл зохих жаргал бол агуу их тогтвортойгоор зогсохгүй, хойтох бүх төрлүүдэд маань үргэлжлэх, үл тасалдах тийм жаргал байх хэрэгтэй.

Бид юу хийж байгаа нь хамаагүй, бүтээлч үйл үү эсвэл үгүй юу, энэ бол Бурханы ном биш. Харин ирээдүйн төрлүүдийнхээ төлөө хийх эерэг үйлүүд бол Бурханы ном мөн.

Жаргах буюу зовох нь бидний хийсэн үйлдлүүдээс үүддэг. Үйлийн үрийн үйлдлүүдийн тухайд гэвэл; сөрөг үйлүүд муу үр дүнг, эерэг үйлүүд сайн үр дүнг авчирна. Энэ амьдралдаа хийж байгаа сайн зүйл бүхэн, газар тариа тариалах гэх мэт нь урьдах төрлүүддээ хийсэн бидний эерэг үйлүүдийн үр юм. Хэрэв бид өвдөж, эсвэл зол жаргалгүй байх буюу богино наслах юм бол, урьд төрлүүддээ үйлдсэн сөрөг үйлүүдийн үр нь тэр.

Жишээлбэл, хоёр арилжаачин байлаа, нэг нь амжилттай, нөгөө нь үгүй. Энэ нь урьдах үйлийн үрээс болж байгаа юм. Энэ хоёр бизнес эрхлэгчээс нэг нь хичнээн ажиллаад ч хийморгүй, нөгөө нь тэгтлээ зүтгээгүй ч хиймортой байгааг харж болно. Өөр нэг жишээ: хэрэв бусдын амийг хөнөөвөл, та богинохон наслах буюу өвчлөх болно. Та Гэвшээсээ энэ талаарх бүх зүйлийг асуугаарай.

Хэрэв та эдгээр сөрөг үйлийг хийхийг тэвчих юм бол, доод төрлүүдэд төрөхгүй, харин хүн, эсвэл бурхад тэнгэрүүдийн оронд төрнө. Гэвч хүн буюу бурхан тэнгэр болж төрөөд ч, энэ нь та нарт жинхэнэ жаргалыг авчрахгүй, зөвхөн энэ л зовлонгийн хамаг мөн чанар юм. Энэ яагаад ийм байна аа? Хэрэв та өндөр хэргэм зэрэгт хүрвэл, та доод төвшинд унана. Дорд төвшинд байгаа бол та дээшээ өгсөх болно. Эндээс зовлонгийн нилээд их хэсэг нь үүсдэг. Жишээлбэл, хэрэв та өлсвөл хоол иднэ; Та хэт их идчихвэл өвдөнө. Хэрэв та даарвал, дулааныг бараадана; тэгээд хэт халууцахаараа, сэрүүцмээр болно. Энэ мэтээр зовлонгийн маш олон хэлбэрүүд бий.

Сансар хорвоо (хяналтгүйгээр эргэж ирэх оршихуй) нь зовлонгийн эдгээр төрлүүдээс бүтдэг. Энэ бол үйлийн үр ба янз бүрийн үймүүлэн түгшээгч, сэтгэл хөдлөлийн хандлагууд юм. Бид хоосон чанарын буюу хэвшмэл бусын мэргэн ухааныг (ялгаатай ухамсар) хөгжүүлэх хэрэгтэй.

Сансар хорвоогийн төгсгөлд хүрсэн төрөлтнүүдийг бид жишээ болгон авч үзье гэвэл, арван зургаан Архат ба энэ төлөвт хүрсэн өөр бусад Арьяануудыг санаж болно. Хэдийгээр бид өөрсдийн эргэх орчлонгийн эцэст хүрч чадлаа ч, тэр нь хангалтгүй. Яагаад вэ гэвэл хамаг амьтдаас (сэрэл, мэдрэлтэй амьтад) илүү ачтай юу ч байхгүй; Сүүн бүтээгдэхүүн мал амьтны ивээлээр бий болдог. Бид маханд дуртай бол, тэр нь эрүүл боловч нядлагдаж амиа алдсан амьтнаас үүсэлтэй Өвөлд бид үстэй дээл, ноосон хувцас өмсдөг, энэ нь бас амьтадаас л гаралтай. Тэд биднийг энэ бүгдээр хангаж хичнээн их тус хийнэ вэ. Бид хамаг амьтны энэхүү тусыг өөрсдөө Бурханы хутгийг олж Бурхан багшийн төлөвт ороод, хариулж хамаг амьтадын зорилгыг гүйцэлдүүлж чадна.

Шравака ба Архатууд амьтдын бүх зорьсон зүйлсийг бүрэлдүүлж чадахгүй. Үүнийг бүтээсэн ганц хүн бол Бурхан багш байсан. Тэдэнд үнэхээр туслахын тулд бид түүнтэй адил үйлийг үйлдэх ёстой. Бид өөрсдөө Бурхан багш болох хэрэгтэй.

Бид үүнийг яаж хийх вэ? Бурханы номыг мөрдөж баримталснаар Энэтхэгт төгс гэгээрсэн Махасидас гэгч хүмүүс байсан. Тэдгээрийн наян амьдралын түүх бидэнд үлдсэн. Гэвч тэд үнэн хэрэгтээ тоолж баршгүй олон байсан юм. Тэд энэ төрөлдөө гэгээрэлд хүрчээ. Төвдөд байсан Мил Богдын жишээ болон Гаржүдба, Нямаба, Сажаба, Гелугба урсгалын бусад олон Их багш мастерууд байна.

Нэгэнт бид Бурханы хутгийг олж, Бурхан багшийн төлөвт орчихвол Бурханы номын хичээл чармайлт эцэстээ тулна. Бурханы номыг үйлдэх үйлс маань эхэндээ маш хүнд байх болно. Гэхдээ энэ нь улам хөнгөрсөөр, ахиц гарган дэвших тусам, бид улам жаргалтай болоод ирнэ. Бид Бурханы номын үйлийг төгс жаргалын төлөв дор өндөрлөнө. Энэ хорвоогийн үйл ажлууд бидэнд илүү зовлонг авчирна.

Хүмүүсийн амьдрал үхлээр эцэстээ хүрч, өндөрлөн, зөвхөн зовлон шаналалыг ганц өөрсдөд нь төдийгүй ард үлдэгсдэд бас авчирдаг, жишээлбэл оршуулган дээр. Бид энэ тухай эрэгцүүлж бодон, Бурханы номын үйлийн зарим төрлийг хийх нь зохистой. Бурханы номын оргилд буюу төгс гэгээрэлд хүрч золгох нь, зөвхөн аз жаргалыг ганц бидэнд төдийгүй өрөөл бусдад авчирдаг юм.

Бид арван хилэнцэт үйл үйлдэхийг тэвчих хэрэгтэй. Хэрэв бид сайн үйлүүдийг үйлдэх юм бол жаргал эдэлнэ. Хэрэв бид сөрөг муу үйлүүдийг үйлдэх юм бол зовлон үзнэ. Өөрсдийн үйлийн үр дүнг бид шинжлэх хэрэгтэй, үйлийн шалтгааныг үүсгэх өөрсдийн ухаанаа шинжих хэрэгтэй. Хэрэв бид үүнийг хийвэл, гурван хорт санаа болох хүсэл тачаал, дайсагнал болон явцуу мунхаглалыг (гэнэн, тэнэг) тээж явдгаа ойлгоно.

Эндээс бид саад бологч сэтгэл санааны 84 мянган төрлийг авдаг. Энэ 84 мянган төөрөгдөл бол бидний гол дайснууд, тиймээс эргэн тойрноо бус дотогшоо өнгийн харж эдгээр дайснуудаа өөрөөсөө хайх хэрэгтэй. 84 мянган эдгээр муу сэтгэлээс, гол дайснууд нь тэдгээр гурван хорт санаа бөгөөд хамгийн муу нь явцуу богино бодолт мунхаглал буюу гэнэн тэнэг гэгдэх санаа бидний өөрсдийн ухаан санааны урсгалд оршдог.

Товчдоо, бид өөрсдийгөө харж, эдгээр дотоод дайснуудыг төгсгөл болгохыг хичээх хэрэгтэй. Бурханы номыг баримтлагсдыг “Мэдэгчид” (төвд: нанг-па) хэмээн нэрлэдэгийн учир нь энэ юм. Яагаад гэвэл, тэд өөрсдийнхөө дотоодыг байнга хардаг. Эдгээр саад хийгч сэтгэлийн хөдлөл ба хандлагуудыг бид орон зайдаа цэглэчихвэл, бид хамаг зовлонгоо ч мөн дуусгавар болгоно. Үүнийг хийхээр зүтгэж байгаа хүнийг Бурханы номын мөрийг хөөгч хэмээдэг.

Зөвхөн өөрийнхөө хүрээнд саад бологч сэтгэлийн хөдлөл ба оюун санааны хандлагыг арилгахаар зорьж ажиллаж байгаа хүний Бурханы номын үйл нь Бага хөлгөний номын үйл юм. Хэрэв бид ганц өөрийн зовлонгоос хагацах гэж, төөрөгдлөөсөө салах гэж тэмцэж, зүтгэхийн тулд биш, харин бусдыг илүү чухалд үзэж, тэднийг саатуулагч сэтгэлийн хөдлөл, оюун ухааны хандлагаасаа салахад нь туслахын тулд байгаа бол бид Их хөлгөний номыг мөрдөгсөд мөн. Энэ бие дээрээ ажиллах ажлын суурин дээр бид Их хөлгөнийхөн болохыг хичээх хэрэгтэй бөгөөд үр дүнд нь бид Бурхан багшийн төгс гэгээрлийн төвшинд хүрч чадна.

Гол нь, хүн бүрт тусыг үйлдэхийг ямагт чармайж, хэнд ч огт хор хөнөөл учруулахгүй байхыг хичээх явдал юм. Хэрэв бид “Ум мани падми хум” гэж уншиж байгаа бол, “Үүнийг хийсний эерэг хүч (үүнийг хийснээр цугласан буяны үр) хамаг амьтанд тус болох болтугай.” гэж бодож байх хэрэгтэй.

Ажиллах ул сууриа болгон эзэмдэж буй энэ бие цогцсыг олно гэдэг тун бэрх, хүмүүн төрөлд төрөх нь хялбар хэрэгждэг зүйл биш. Жишээлбэл, дэлхийн бөмбөрцгийг хар. Ихэнх нь далай, бүх далайд хичнээн загас байдаг бол гэж та бодоод үз. Амьдралын зонхилох хэлбэр нь амьтан болоод шавьж хорхой байдаг. Энэ гариг дээрх бүхий л амьтад, шавьжнуудын тоог бодоод үзвэл, хүмүүн болж төрөх юутай ховорхон болохыг олж харна.


Видео: Маттхиеу Рикард — “Аз жаргал гэж юу вэ, зовлон гэж юу вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Дүгнэлт

Бурханы номд биелэл ба ухаарал маш аажим үүсдэг. Ердөө хэдхэн өдрийн дотор юм уу, долоо хоног, хэдэн сарын дотор биш. Зөвхөн маш цөөн тооны хүмүүс л Бурханы номыг эрэгцүүлэн боддог, түүнийгээ тэд хэрэгжүүлэх болтугай. Бид Бурханы номоос урт хугацаагаар, тууштай суралцах хэрэгтэй. Та нарын бүх асуултанд хариулж чадах эрдэмтэй сайн Гэвш байна. Цаашдаа Бурханы ном хөгжиж, өргөнөөр дэлгэрэн түгсээр байх болно. Одоо ч өсч нэмэгдсээр байгаа бөгөөд маш бодит зүйл билээ. Бурхан багш анх номын хүрд эргүүлэхдээ, зөвхөн тавхан шавьтай байсан. Бурханы ном эдгээр хүмүүсээс түгж, одоо ийм их өргөн цар хүрээтэй болжээ.

Бурхан багштай тэнцэх хүн одоо бидэнд бий. Энэ бол аравдугаар сард энд залрах Дээрхийн Гэгээн Далай лам билээ. Дээрхийн Гэгээнтэний та бүхэнд номлож байгаа бүхнийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, чин сэтгэлээр хэрэгжүүлээрэй. Сургаалын амин сүнс нь хамаг амьтанд хор хөнөөл хэзээ ч хүргэхгүй, гэмт бодлуудыг агуулахгүй байж, хамаг амьтанд зөвхөн тус бүтээхийг хичээх явдал юм. Энэ бол гол зүйл. Хэрэв та ингэж харьцах юм бол, ирээдүйд энэ нь агуу тус буяныг авчрах болно.

Top