Нагаржуна (Klu-grub) болон Асанга (Thogs-med) нар нь Их хөлгөний ёсны анхдагчууд бөгөөд Нагаржуна гэгээн хоосон чанарын гүн үзлийн дамжлагын сургаалыг Манзушираас уламжлан авч дамжуулсан бол Асанга гэгээн Майдараас агуу их явдлын (бодьсадвын бүтээлийн) дамжлагын сургаалыг уламжлан авч дамжуулсан юм.

Нагаржуна гэгээн МЭ-ий нэгдүгээр зууны дундуур эсвэл хоёрдугаар зууны эхээр Өмнөд Энэтхэгийн Видарбха хаант улсад буюу одоогийн Махараштра, Андхра Прадешийн нутаг орчимд нэгэн брахмин гэр бүлд төржээ. Түүний талаар Хутагт Ланкад заларсан судар (Lan-kar gshegs-pa’i mdo, санскр. Lankavatara Sutra) гэх мэт олон сударт иш үзүүлсэн (урьдчилан хэлсэн) байдаг. Төрөх үед нь нэгэн үзмэрч шинжин үзээд тэрээр ердөө долоон хоног насална, гэвч хэрэв эцэг эх нь нэг зуун ламд өргөл өргөвөл долоон жил насална гэжээ. Түүний амь насанд санаа зовсон эцэг эх нь түүнийг долоон нас хүрэхэд Хойд Энэтхэгийн Наланда хийдэд суулгахаар явуулсан бөгөөд тэнд тэрээр Бурханы шашны эрдэмт багш Сарахатай учирсан байна. Сараха түүнд хэрэв тэрээр магад гарч (орчлонгийн амьдралыг орхин), Амитаба (Аминдаваа) бурханы тарнийг уншвал урт удаан наслах болно хэмээснээр, Нагаржуна тэр дагуу хийдэд шавилан сууж, “Шриманта” нэр хүртжээ.

Наланда хийдэд Нагаржуна Манзушир бурханы хувилгаан Ратнамати багшийн дэргэд судар, тарнийн сургаалд суралцан, Сараха багшийн дэргэд голлон Гуяасамажа тарнийн (dPal gsang-ba ‘dus-pa’i rgyud) сургаалд суралцав. Түүний зэрэгцээ тэрээр нэгэн брахмин хүнээс алхимид суралцан төмрийг алт болгон хувиргах эрдэм чадалд суралцжээ. Энэ чадвараа ашиглан Наланда хийдийн хуврагуудыг ган гачгийн үеэр ч хооллож ундалж чаддаг байв. Улмаар Нагаржуна Наланда хийдийн хамба лам болов. Ингээд тэрээр сүм хийдийн винайн сахилгыг зохистой баримтлахгүй байгаа найман мянган ламыг хөөсөн байна. Мөн Бурханы шашинтан бус таван зуун мэргэдтэй ном хаялцан ялжээ.

Нэг удаа Лусын хааны хоёр хүүгийн хувилгаан болох хоёр залуу хүн Наланда хийдэд ирэв. Тэднээс зандангийн үнэр үнэртэж байсан бөгөөд Нагаржуна гэгээн тэднээс учрыг асуухад тэд хэн болохоо хэлжээ. Нагаржуна гэгээн тэднээс Дарь эхийн дүрд зандангийн үнэр өргөх, мөн сүм хийд барьж байгуулахад туслахыг хүсжээ. Тэд лусын орондоо буцан эцэгтээ түүнийг уламжлахад тэрээр Нагаржуна гэгээнийг далайн ёроолд байх тэдний оронд очин ном тавьсан тохиолдолд тусална гэжээ. Нагаржуна тэнд хүрч очин, өргөл тахил өргөн, лус нарт ном айлдав.

Нагаржуна гэгээн лус нарт Буман шүлэгт билиг билгүүний судар (Shes-rab-kyi pha-rol-tu phyin-pa stong-pa brgya-pa, санскр. Shatasahasrika-prajnaparamita Sutra) байгааг мэдэн тэднээс нэг хувийг хүсэв. Бурхан багшийг чанадад хүрэхүйн билиг (билиг барамид) буюу Пражнапарамита сургаалыг заах үед лус нар түүний нэг хувилбарыг улсдаа аваачин хадгалахаар авч явсан бол тэнгэр нар нэгийг, эдийн эзэд болох ягчис нар өөр нэг хувилбарыг тус тус авч явжээ. Хэдийгээр лусууд Нагаржуна гэгээнийг дахин ирж тэдэнд ном айлдахыг баттай болгох үүднээс судрын сүүлийн хоёр бүлгийг авч үлдсэн ч тэрээр Буман шүлэгт билиг билгүүний судрын хувилбарыг буцаан авчирч чадав. Хожим нь сүүлийн хоёр бүлэг нь Хутагт билгийн чанадад хүрэхүйн найман мянгат судрын (Shes-rab-kyi pha-rol-tu phyin-pa brgyad stong-pa, санакр. Ashtasahasrika-prajnaparamita Sutra) сүүлийн хоёр бүлгээр гүйцсэн байна. Эдгээр хоёр судрын сүүлийн хоёр бүлэг нь адилхан байдгийн учир нь энэ ажээ. Нагажуна гэгээн мөн лусын орноос шавар авчран түүгээр олон хийд орон, суварга бүтээсэн байна.

Нэг удаа Нагаржуна гэгээнийг Пражнапарамита сургаал айлдаж байхад зургаан лус хүрэлцэн ирж, шүхэр болон түүнийг нарнаас хамгаалжээ. Үүнээс үүдэн Нагаржуна гэгээний дүр нь орой дээрээ зургаан лусын чимэгтэй болсон байна. Энэ үйл явдлын дараагаар тэрээр Нага гэх нэрийг, мөн түүний Номыг шууд гол утгаар нь тайлбарладаг чадварыг алдарт харваач Аржунагийн (Хиндү шашны Бхагавад Гита хэмээх сонгодог зохиолын гол дүрийн баатрын нэр) сумтай зүйрлүүлсэн Аржуна гэх нэрийг хүртжээ. Ийнхүү тэрээр “Нагаржуна” хэмээн нэрлэгдэх болов.

Хожим нь Нагаржуна гэгээн сургаал тавихаар Хойд арал руу (Хойд эх газар) аялан явсан бөгөөд замдаа зам дагуу тоглож байсан хүүхдүүдтэй таарав. Тэрээр тэдний нэгийг Жеката хэмээн нэрлэж түүнийг хаан болно хэмээн иш үзүүлжээ. Нагаржуна гэгээнийг Хойд арлаас буцаж ирэх үед нөгөө хүү өсөж том болон Өмнөд Энэтхэгийн нэг том эзэнт улсын хаан болсон байлаа. Нагаржуна гэгээн түүнд ном заан гурван жилийг өнгүүлээд, амьдралынхаа сүүлийн жилүүдийг түүний хаант улсад, одоогийн Нагаржунаконда хөндий рүү харсан Шри Правата ариун дагшин уулын орчим өнгөрүүлжээ. Нагаржуна гэгээн тэр хаанд зориулан Эрдэнийн эрих (Rin-chen ‘phreng-ba, санскр. Ratnavali) бүтээлээ туурвив. Нагаржуна гэгээний Садангийн захиа (bShes-pa’i spring-yig, санскр.Suhrllekha) бүтээлээ зориулан бичсэн хүн нь мөн энэхүү хаан, Удаийбхадра (bDe-spyod bzang-po) хаан байжээ.

Зарим Барууны эрдэмтэд Удаийбхадра хааныг одоогийн Андхра Прадеш орчмоор нутаглаж байсан Шатавахана эзэнт улсын (МЭӨ 230-МЭ 199 он) Гаутамипутри Шатакарни хаан (МЭ 106-130 оны хооронд хаан ширээнд суусан) гэж тодорхойлдог. Зарим нь түүнийг түүний дараагийн хаан болох Вашиштипутра Пулумаий хаанаар (МЭ 130-158 он) тодорхойлдог. Үүнийг нарийн тодорхойлоход хэцүү байдаг. Шатавахана нарыг Амараватигийн суваргын жандагууд (өглөгийн эзэд) гэдэг ба энд Бурхан багш анхны Калачакра тарнийн сургаалаа тавьсан бөгөөд энэ газар Шри Парватад ойрхон байдаг байна.

Удаийбхадра хаан нэг хүүтэй байсан бөгөөд Кумара Шактиман гэх тэр хүү хаан болохыг хүсдэг байв. Түүний эх түүнд Нагаржуна гэгээнийг нас эцэслэх хүртэл хаан болохгүй байхыг захижээ. Учир нь Нагаржуна гэгээн, хаан хоёр адилхан насны хэмжээтэй байж. Ингээд тэр эх хүүдээ Нагаржуна гэгээний толгойг гуй хэмээжээ. Нагаржуна гэгээн үнэхээр их энэрэн нигүүлсэнгүй сэтгэлтэй тул түүнд толгойгоо өгөхийг эргэлзэлгүй зөвшөөрөв. Нагаржуна гэгээн үүнийг зөвшөөрсөн боловч Кумара түүний толгойг сэлмээр тасдаж чадсангүй. Нагажуна гэгээн, тэрээр өмнөх төрөлдөө зүлэг тэгшилж байх үедээ шоргоолж тасалж алснаа хэлж, үүний үрд түүний толгойг зөвхөн гүш өвсний ирээр таслах боломжтой хэмээжээ. Кумара тэр дагуу үйлдэж, Нагаржуна гэгээн ч нас эцэслэв. Тасдсан толгойноос гарах цус сүү болж, тэрхүү толгой “Би одоо Сукавати ариун оронд очих боловч эргэж ирэн энэхүү биедээ дахин орно” хэмээжээ. Кумара толгойг биеэс ихэд хол аваачсан боловч толгой, бие хоёр жил өнгөрөх бүр улам ойртсоор байв. Ингээд тэд нийлэх үед Нагаржуна гэгээн буцан ирж, сургаалаа айлдаж эхэлжээ. Нагаржуна гэгээн нийтдээ 600 жил амьдарсан байна.

Нагаржуна гэгээний бичсэн судрын ёсны сургаалуудын дотор Ухааны чуулган (Rigs-pa’i tshogs), Магтаалын цоморлог (bsTod-pa’i tshogs) болон Тааллын тайлбар (gTam-pa’i tshogs) зэрэг бүлэг зохиолууд багтдаг.

Ухааны чуулганд (Rigs-tshogs drug) багтах зургаан бүтээл нь:

  • Дундад үндсэн билгийг шүлэглэсэн (dBu-ma rtsa-ba shes-rab, санскр. Prajna-nama-mulamadhyamaka-karika)
  • Эрдэнийн эрих (Rin-chen ‘phreng-ba, санскр. Ratnavali)
  • Тэмцлийг няцуулагч (rTsod-pa zlog-pa, санскр. Vigrahavyavarti)
  • Хоосон чанарын далан шүлэгт (sTong-nyid bdun-bcu-pa, санскр. Shunyatasaptati)
  • “Сайтар урласан” нэрт судар (Zhib-mo rnam-‘thag zhes-bya-ba’i mdo, санскр. Vaidalya-sutra-nam)
  • Ухааны жаран шүлэгт (Rigs-pa drug-cu-pa, санскр. Yuktishashtik)

Магтаалын цоморлогт багтсан бүтээлүүд нь:

  • Үнэн ахуйн магтаал (Chos-dbyings bstod-pa, санскр. Dharmadhatu-stava)
  • Үнэмлэхүй үнэний магтаал (Don-dam-par bstod-pa, санскр. Paramartha-stava)
  • Ертөнцөөс нөгчигсний (Бурхан) магтаал (‘Jig-rten-las ‘das-par bstod-pa, санскр. Lokatita-stava)

Тааллын тайлбарын цоморлогт багтсан бүтээлүүд нь:

  • (Хоёр) бодь сэтгэлийн тайлбар (Byang-chub sems-kyi ‘grel-ba, санскр. Bodhichittavivarana)
  • Судрын дээж бичиг (mDo kun-las btus-pa, санскр. Sutrasamuccaya)
  • Садангийн захиа (bShes-pa’i spring-yig, санскр. Suhrllekha)

Нагажуна гэгээний зохиосон гэж үздэг өөр хэд хэдэн бүтээлүүдэд Гуяасамажа тарнийн дараах тайлбар бүтээлүүд багтдаг. Үүнд:

  • Бүтээлийн хураангуй арга (sGrub-thabs mdor-byas, санскр. Pindikrta-sadhana)
  • Махайога Гуяасамажа тарнийн үүсгэлийн зэргийг эх зохиолын хамтаар бясалгах арга (rNal-‘byor chen-po’i rgyud dpal gsang-ba ‘dus-pa’i bskyed-pa’i rim-pa’i bsgom-pa’i thabs mdo-dang bsres-pa, Mdo-bsres, санскр. Shri-guhyasamaja-mahayogatantra-utpattikrama-sadhana-sutra-melapaka)
  • Таван зэрэг (Төгсгөлийн зэрэг) (Rim-pa lnga-pa, санскр. Pancakrama)

Түүний хамгийн алдартай шавь нь Бодьсадвын явдлын йогийн дөрвөн зуун мөрт (Byang-chub sems-dpa’i rnal-‘byor spyod-pa bzhi-brgya-pa’i bstan-bcos kyi tshig-le’ur byas-pa, санскр. Bodhisattvayogacarya-catu:shatakashastra-karika) зохиол болон Гуяасамажа тарнийн хэд хэдэн өөр тайлбарын зохиогч Арьяадэва гэгээн (‘Phags-pa lha) байсан юм.

Top