Номын багштайгаа ойр харилцаатай байх нь хүний амьдралын хамгийн чухал, дээд учрал байж болдог. Энэ нь бас өөрөөсөө үнэнийг нуух, сэтгэлээр зовох, сургаалыг дагаж үр дүнд хүрнэ гэсэн итгэл алдрах шалтгаан ч болж болно. Энэ бүхэн нь тухайн харилцааг хүчин чармайлт гарган хэрхэн эрүүл байлгахаас шалтгаалдаг. Энэ нь эргээд өөрийн болон багшийнхаа эрдэм чадварын талаар, багш шавь барилдлахын зорилго, багш шавийн харилцааны үйл явц, хил хязгаарын талаар бодит хандлагатай байхаас шалтгаална.
Би өөрийн багш Цэнжаб Сэркон Ринбүүчи, Дээрхийн Гэгээн Далай лам, гэвш Наваан Даргэй нартай тогтоосон багш шавийн барилдлагаар үнэхээр их ач тус хүртсэн учир, дэлхийн олон орноор лекц уншиж явахдаа чин сэтгэлтэй номын нөхдийн маань нэлээд хэсэг нь энэ тал дээр сэтгэл дундуур байсанд харамсахдаа Багштай харилцах нь: Эрүүл харилцааг бий болгох (Итака: Сноү Лион, 2000 он; Дахин хэвлэлт: Мэргэн багш, мэргэн шавь: Эрүүл харилцааг бий болгох төвд арга. Итака: Сноү Лион, 2010 он) номыг бичсэн юм. Тэдний олонх нь бэлгийн, санхүүгийн эсвэл эрх мэдлийн дарамтанд орж түүнээсээ өөрсдийгөө хохирогч гэж үзсэн байсан. Бурууг зөвхөн ёс зүйгүй тэдгээр багш нарт тохсоноор өөрсдийгөө тодорхой хугацаанд бүх номын багш нараас хөндийрүүлж бүр зам мөрийг орхисон нь ч байсан. Зарим нь өөрсдийн эрүүл бус харилцааг үгүйсгэн "Багшаа зөв зохистой шүтэх"-ийг багш нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг ч ноцтой зөрчиж байсан ч түүнийг зөвтгөх төдийгүй адислал гэж ойлгоно гэж үзсэн байсан. Энэ хоёр туйлшрах хандлага нь хоёулаа багш шавийн эрүүл харилцаанаас шавийн хүртэх ач тусыг хязгаарлаж байдаг.
Шавь нь барууны хүн, багш нь төвд хүн байгаа тохиолдолд, асуудал үүсэх нэг шалтгаан нь нэг тал нь нөгөө талаа өөрийн соёлын хэм хэмжээг дагана гэсэн бодит бус хүлээлтээс үүсдэг соёлын буруу ойлголцол юм. Мөн багш шавийн харилцааны талаарх тогтсон эх бичгийн үзэл санааг түүний хам утгаас нь салгаж авах, тэднийг шууд үгчлэн илэрхийлэх, гол төлөв буруу чиглүүлсэн орчуулгаас улбаатай үг хэллэгийг буруу ойлгох зэрэг нь төөрөгдлийн дараа дараагийн эх үүсвэр болдог.
Жишээ нь Бодь мөрийн зэргийн сургаалд (Лам-римд) багш шавийн барилдлагыг “зам мөрийн үндэс” гэж үзүүлээд сургаалын хамгийн эхний гол сэдвээр оруулсан байдаг. Гэвч энэ зүйрлэлийн гол санаа нь модны оршихуй нь үндэс боловч мод үндэснээс ургадаггүй гэсэн утгатай юм. Мод үрээс ургадаг бөгөөд Богд Зонхов ч багш шавийн харилцааг “зам мөрийн үр” гэж хэлээгүй. Эцэст нь хэлэхэд Лам-рим сургаалын анхны сонсогчид нь эхлэн суралцагчид биш байв. Тэд тарнийн авшиг хүртэхийн өмнөх бэлтгэл болгон судрын сургаалыг давтан сонсохоор цугласан эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд байжээ. Өмнө нь номонд суралцаж, бүтээл хийж Бурханы шашны зам мөрд аль хэдийн орсон тэдгээр хүмүүсийн хувьд багштай эрүүл харилцаатай байх нь гэгээрэлд хүрэх бүхий л зам мөрийг тогтвортой хадгалах урам зориг олж авах үндэс болдог. Сургаалын санаа нь барууны Бурханы шашны төвүүдэд шинээр ирж буй хүмүүс тэндэхийн номын багшаа Бурхан гэж үзэх тухай огт байгаагүй юм.
Миний хувьд номын багштай тогтоосон холбоо минь багшийн маань хоёр насны амьдралыг дамжиж байгаа юм. Би Дээрхийн Гэгээн Далай ламын туслах багш, дагсал хаялцагч (харилцан ном мэтгэлцэгч) асан Цэнжаб Сэркон Ринбүүчигийн шавь, орчуулагч, англи хэлний нарийн бичиг, гадаад айлчлал хариуцсан менежерээр 9 жил ажилласан. Ринбүүчи 1983 онд жанч халж, яг 9 сарын дараа дахин төрсөн ба түүнийг тодруулснаар дөрвөн настайд нь дахин Дарамсалад суулгасан. Түүнээс хойш хэдэн сар өнгөрсний дараа намайг түүнтэй уулсан тэр үеэс бид өмнөх харилцаагаа дахин бататгасан. Түүнээс нэг туслах нь миний хэн болох талаар асуухад тэрээр "Мэдээж зүйл битгий асуу. Мэдэлгүй яахав" гэж хариулж байлаа. Түүнээс хойш Ринбүүчи надад гэр бүлийнхээ ойрын гишүүн адил хандах болсон юм. Энэ бол дөрвөн настай хүүхдийн хувьд хуурамч дүр эсгэх боломжгүй зүйл байсан. Би ч бас бидний урьдын харилцаа үргэлжилж байгаад эргэлзэх зүйлгүй болсон юм.
2001 оны зун Энэтхэгийн өмнөд нутагт байх Гандэн Жангцэ хийдэд нэг сарыг би Ринбүүчигийн хамт өнгөрүүлсэн юм. Тэр үед тэрээр арван долоотой байсан ба номын зэргээ албан ёсоор баталгаажуулан авдаг ёслолын дагуу бүх хуврагуудын өмнө ном хаялцсан юм. Тэр хугацаанд би түүний гэвшийн дамжаанд суралцсан номноос заалгаж мөн түүний өмнөх дүрийн ойрын шавь байсан өөр нэг барууны хүнд нэг номын аман дамжлага, тайлбар өгсөнийг нь орчууллаа. Би Ринбүүчид хандан түүний номыг дахин орчуулахад их таатай байгаагаа хэлэхэд тэрээр "Тэгэлгүй яахав. Энэ бол чиний сайн үйлийн үр" гэж байв. Би түүнд өмнөх дүрдээ надад өгч байсан олон олон сургаал, ертөнцийн зарим зөвлөгөөг нь мөн эргүүлэн өгч байлаа.
Миний Сэркон Ринбүүчитэй түүний хоёр насны амьдрал дамжин барилдсан энэхүү харилцаа надад дан ганц номонд суралцаж, бясалгал бүтээл хийж ойлгохоос минь илүү ихээр Бурханы сургаал болон хойд төрлийн талаарх ойлголтыг өгсөн юм. Энэ бол зам мөрийн туршид үргэлжлэх урам зоригийн жинхэнэ эх сурвалж юм. Түүний аль ч амьдралд бидний хэн хэн нь бие биедээ үзүүлэх өөр өөрийн үүргийг хуурмаггүй гүйцэтгэж ирсэн. Бидний одоо байгаа нь түүний урд насны үетэй яг адил ч биш бас огт өөр ч биш. Бид ердөө үргэлжилсээр байна. Амьдралын өмнөх болон одоогийн өөр өөр үе шатууддаа бодитой хандах үндсэн дээр бид бие биеэ туйлаас хүндэтгэн бие биеээсээ илэн далангүй суралцаж, бие биедээ зааж сургаж байдаг. Энэ үнэхээр жам ёсны зүйл шиг санагддаг.
Оддын дайн киноны фен болохын хувьд энэ учралыг би уг киноны эхний ангиудад ахмад Киркийн багийн гишүүн байж байгаад Хойч үе ангиудад ахмад Пикардын дүрээр ахмад Киркийн хойд дүр болох бага залуу цэргийн сонсогчийг сургадаг дүртэй адил байдлаар авч үздэг. Миний гол хийх ёстой зүйл бол ирээдүйн бүх Үйл ажиллагаа-ны багт оролцох боломж олгох сайн үйлийн үрийг бий болгосоор байх явдал юм.