Эзэрхий түрэмгий авирладаг Номын багштай хэрхэн харьцах талаархи Далай ламын айлдвар

Түвдээс хүрэлцэн ирсэн олон хүн байна, тэрчлэн олон тооны хятад үндэстэн хүмүүс энд ирсэн байх бөгөөд та бүгдээр магадтай мэдэх ёстой нэг зүйл байна. Үүнд, шашин номын багш тань дүр эсгэгч, хуурмаг хүн байж таарвал тэдний заль мэх, башир хуурмагийг илчлэн харуулах хэрэгтэй. Үүнд эргэлзэх хэрэггүй. 

Хэдэн жилийн тэртээ Түвдийн болон Зэн бурханы шашны Өрнөдийн орнууд дахь багш нарын чуулга уулзалтыг Дарамсала хотод зохион байгуулж билээ. Энэ уулзалтад оролцохоор ирсэн Өрнөдийн зарим багш нарын дотроос, “Өнөө цагт Зэн Бурханы шашны багш нарын дунд бусдад дарамт үзүүлдэг хүмүүс байна, Мөн Түвдийн бурханы шашны зарим нэгэн багш нар ч ихэд түрэмгий дээрэнгүй байна. Ийм учраас энэ бүхнийг зогсоох зүйтэй арга хэмжээг авах хэрэгтэй байна” гэсэн санал гарсан юм. 

Тухайн үед би тэдэнд, “Бидний зүгээс үүнийг зогсоох арга байхгүй. Ялж төгс нөгцсөн Бурхан багш юуг чухам хорьж тэвчих, юуг чухам анхааран авахыг тодорхой, ойлгомжтой зарлигласан. Жишээлэхэд, Бурхан багш бээр ‘Сургаал номын зоригдолд нийцэхүйцийг цаг үргэлжид үйлд, бусдыг ч энэ адилыг үйлдэхүйд хөтөл’ хэмээн баттай, тодорхой айлдсан билээ. Гэтэл тэд үүнийг дагахгүй, үнэлж дээдлэхгүй байна. Тэд бээр Ялж төгс нөгцсөн Бурханы айлдварыг дээдлэхгүй байтал бид тэдэнд сургахын хэрэг тус юу байх билээ? Ямар ч тус гарахгүй. 

Тэгэхээр та бүхэн олон нийтэд ил гаргах хэрэгтэй. Дээдийн номыг айлдах нэрийн дор зүй бусаар аяглаж буй тэдний нэрийг дурьдан, сонин хэвлэлд нийтлэх хэрэгтэй. Нийтэд мэдээл.  Энэ л бага зэрэг тустай байх болов уу, тэрнээс биш бид хичнээн тайлбарлалаа гээд тэднийг зогсоож чадахгүй” гэж билээ. Би үүнийг л тэдэнд хэлсэн. 

“Үүнийг ойлгож аваарай. Заль мэхтэй, башир хуурмаг багш гарч ирэх бүрт нэрийг нь нийтэд ил зарлаж, шаардлагатай бол баривчлуулах нь зүйтэй. АНУ-д баривчилсан тохиолдол гарч байсан, улмаар Тайванд хэд хэдэн хүн баригдаж мэдэхээр байна. Тэднийг хуулийн дагуу барьж хорих хэрэгтэй.   

 “Лам багш” хэмээх нэрийг зүүсэн хэрнээ нийтийн өмнө ичгүүр сонжуургүйг үйлдэж буй Дээдийн номын багш нар байгаа бол үүгээр Бурханы Номонд хор хөнөөл учирна хэмээн зовинох шаардлагагүй. Хэдэн жилийн өмнө намайг Англид байхад Британийн Дээдийн номын төвүүдийн нэгэн лам багш эмэгтэйчүүдтэй зохисгүй харьцсан хэмээн буруутгагдаж, АНУ-д баригдсан хэрэг гарч байж билээ. Түүний шавь нар сэтгэл ихэд зовинож буйгаа надад илэрхийлж байв. Энэхүү хэргийн улмаас Бурхан багшийн номонд аюул учрахвий хэмээн тэд санаа зовиноцгоож байв. Би тэдэнд ийнхүү зовинох шаардлага үгүй хэмээсэн юм. Ялж төгс нөгцсөн Бурхан багш заларснаас хойш 2500 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд ичгүүр сонжуургүйг үйлдсэн цөөн тооны лам багш гарсан юм. Тэд Бурхан багшийн сургааль номонд гэм хүргэж чадахгүй билээ. Ичгүүргүй хэмээн цоллуулж буй эдгээр багш нар Бурхан багшийн номонд хорлолыг учруулж чадахгүй. Би үүнийг л тэдэнд дурьдсан. Үүндээ ч итгэлтэй байна.”

Top