Гурван суртгаал

Бурханы шашны хамгийн анхан шатны сургалт нь өөрийг гурван салбарт сургах явдал байдаг. Өөрийн сайн сайханд санаа тавьсны үндсэн дээр, өөрийн асуудал, зовлонг арилгах зорилгоор бид тэдгээрт суралцдаг.

Гурван суртгаалд юу багтдаг вэ?

  • Ёс зүйн сахилга бат – сөрөг зан байдлаас зайлсхийх чадвар. Үүнийг төлөвшүүлэх арга зам нь эерэг зан байдлыг идэвхийлэн гаргах явдал. Эхний энэ суртгаал нь хувийн сахилга батын тухай юм – энд бид бусад хүмүүсийг хүмүүжүүлэхийг оролдоггүй.
  • Төвлөрөл – сэтгэлийг төвлөрүүлж, ямар нэг холбоо хамааралгүй бодлуудаар түүнийг сарниахгүй байх чадвар. Сэтгэлээ тод биш байлгах бус харин хурц, төвлөрсөн болгодог. Сэтгэлийн төвлөрлөөс гадна сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг төлөвшүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр сэтгэл уур, шунал, атаа гэх мэт сэтгэл хөдлөлд автахгүй болдог.
  • Билиг ухаан – юуг авах, юуг орхих хоёрыг ялгаж таних чадвар. Хүнсний ногоо худалдаж авах үед та “Энэ нь муудсан байна, харин тэр нь маш сайн байна” гэж ялгаж таньдагтай ердөө адил. Харин энд бид зан байдлын тухайд – бидний байгаа нөхцөл байдал, хэнтэй байгаагаас шалтгаалан энэ бүхэнд ямар зан байдал тохиромжтой, тохиромжгүйг ялгаж мэдэх тухай авч үзэж байна. Илүү гүнзгий түвшний хувьд, бид юу үнэхээр бодит байдал, юу ердөө бидний уран зөгнөл бүхий тусгал болохыг ялгаж таних хэрэгтэй болдог.

Бурханы шашны шинжлэх ухаан, Бурханы шашны гүн ухаан ба Бурханы шашин

Эдгээр гурван суртгаалд бид өөрийн тусад эсвэл бусдын тусын тулд суралцаж буй эсэхээс үл хамааран тэдгээрт хоёр янзын үзэл баримтлалын үүднээс хандаж болно. Энэхүү ангиллыг Дээрхийн гэгээн Далай ламын олон нийтэд хандан сургаал айлдах үедээ дэвшүүлэн тавьдаг ангиллын дагуу гаргасан юм. Тэрбээр Бурханы шашныг Бурханы шашны шинжлэх ухаан, Бурханы шашны гүн ухаан, Бурханы шашин гэсэн гурван хэсэгтэй гэж тайлбарладаг.

Бурханы шашны шинжлэх ухаан нь гол төлөв сэтгэлийн шинжлэх ухаантай холбогдоно – үүнд сэтгэл хэрхэн ажилладаг тухай, сэтгэл хөдлөл болон Далай ламын сэтгэл болон сэтгэл хөдлөлийн эрүүл ахуй гэж нэрлэдэг тэдгээр зүйлүүд багтана. Бурханы шашин сэтгэл хөдлөлийн бүхий л олон янзын төлөв байдлууд болон тэд хэрхэн ажиллаж, хэрхэн холбогддог тухай маш нарийн тайлбарыг өгдөг.

Бурханы шашны шинжлэх ухаанд мөн дараах салбарууд багтана. Үүнд:

  • Танин мэдэхүйн шинжлэх ухаан – танин мэдэх үйл явц хэрхэн явагддаг, мэдэхүйн мөн чанарын тухай мэдлэг, төвлөрөл төлөвшүүлэхэд туслах сургалтын аргууд
  • Сансар судлал – ертөнцийн үүсэл, оршил, төгсгөлийн тухай мэдлэг
  • Матери – матери, энерги, атом, эгэл бөөм зэргийн үйлчлэлийн тухай мэдлэг
  • Анагаах ухаан – биеийн дотоод дахь энергийн үйлчлэлийн тухай мэдлэг тус тус багтана.

Дээрх сэдвүүдийг хүссэн хэн бүхэн судалж, тэдгээрт суралцан, ашиг тусыг нь хүртэж болох бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам эрдэмтэдтэй эдгээр сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулсаар байгаа билээ.

Хоёр дахь салбар болох Бурханы шашны гүн ухаанд дараах зүйлүүд багтана. Үүнд:

  • Ёс зүй – ямар нэг шашинд заавал хамаарах шаардлагагүй, хэн бүхний ач тусыг нь хүртэж болох ачлах сэтгэл, өглөгч сэтгэл гэх мэт хүний суурь үнэт зүйлийн тухай асуудал
  • Логик, метафизик – ертөнц, бие хүн, шинж, чанар зэргийн талаарх цогц онол, тэдгээр нь хоорондоо хэрхэн холбогдож, бид тэдгээрийг хэрхэн танин мэддэг талаарх нарийн тайлбар
  • Шалтгаан ба үр дагавар – шалтгаант чанарын тухай, бодит байдал гэж юу болох, бидний тусгал бодит байдлыг хэрхэн гажуудуулдаг тухай тайлбар зэрэг багтана.

Дээрхийн адил Бурханы шашны гүн ухааны мэдлэг нь зөвхөн Бурханы шашинтнуудын судлах ёстой мэдлэг бус харин хүссэн хэн бүхний ач тусыг нь хүртэж болох нэг зүйл юм.

Бурханы шашны гурав дахь салбар болох шашны салбар нь үйлийн үр, дахин төрлийн тухай ойлголт, зан үйл, тарни зэргийг багтаасан шашны бодит бүтээл, сургалтын хэсгийг багтаана. Ийм учраас энэ нь Бурханы шашны зам мөрийг дагаж буй тэдгээр хүмүүст тусгайлан хамаарна.

Гурван суртгаалыг хүн бүр авч хэрэглэж болохуйц, тэдэнд тохиромжтой байлгах үүднээс тэдгээрийг Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааны үүднээс тайлбарлан хүргэж эсвэл тэдгээрийг дээрх тайлбар болон шашны үүднээс аль алинаар тайлбарлан хүргэж болно. Энэ нь миний “Номын хялбаршуулсан хувилбар”, “Номын жинхэнэ утга” гэж нэрлэдэг ангилалтай дүйцдэг.

  • Номын хялбаршуулсан хувилбар – Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааны аргуудад зөвхөн энэ насны амьдралыг сайжруулах үүднээс суралцаж, тэдгээрийг дадал болгож бүтээх.
  • Номын жинхэнэ утга – гурван суртгаалыг Бурханы шашны гурван зорилго болох хойдын сайн төрөлд төрөх, дахин төрлөөс гэтлэх, гэгээрэлд хүрэх үүднээс авч хэрэглэх.

Номын хялбаршуулсан хувилбар гэж ярих үед энэ нь ихэвчлэн Номын жинхэнэ хувилбарын өмнөх бэлтгэл үе шат болж байдаг. Учир нь шашны дараа дараагийн зорилгын тухай бодох боломжтой болохын өмнө бид өөрийн эгэл амьдралыг сайжруулах шаардагыг мэдэх хэрэгтэй болно. Гэвч Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухаан нь заавал Бурханы шашны шашны талынх нь өмнөх бэлтгэл болох шаардлагагүй. Бид гурван суртгаалыг Бурханы шашны зам мөрийн өмнөх бэлтгэл болгон эсвэл ерөнхий байдлаар аль алинаар нь авч үзэж байсан ч ялгаагүй тэдгээрийг өөрийн амьдралыг сайжруулахад хэрхэн хэрэглэх талаас нь тэдгээрт суралцаж болно.

Хутагтын дөрвөн үнэн

Бурханы шашны гүн ухаанд Бурханы шашны сэтгэлгээ бүрэлдэн тогтож байдаг, Хутагтын дөрвөн үнэн хэмээн гол төлөв нэрлэгдэх нэг ерөнхий аргачлалыг үзүүлдэг. Тэдгээрийг бид амьдралын дөрвөн үнэн гэж ойлгож бас болно. Үүнд:

  • Бид бүгдтэй нүүр тулдаг асуудал, зовлонгууд байх ба эхний үнэн бол амьдрал хэцүү бэрх.
  • Хоёр дахь үнэн бол амьдрал дахь асуудлууд шалтгаанаас бий болдог.
  • Гурав дахь үнэн бол бидэнд эдгээр асуудлуудыг зогсоох боломж бий; дуугүй суун, тэдгээрийг хүлээн зөвшөөрөх албагүй, тэднийг бид шийдвэрлэж болно.
  • Дөрөв дэх үнэн бол шалтгааныг арилгаснаар асуудлуудаас ангижирна. Хэрхэн ярих, үйлдэл хийх зэрэгт зөвлөмж болж өгдөг нэг ойлголтын мөрийг (ойлголтыг) даган бид түүнд хүрдэг.

Хэрэв бидний үйлдэл хийх, ярих байдал асуудлууд үүсгэдэг юм бол бид тэдгээрийг өөрчлөх хэрэгтэй. Гурван суртгаал нь асуудлуудын шалтгааныг арилгахад шаардлагатай тэр зүйлийн нэг хэсэг юм. Энэ бол гурван суртгаалыг ойлгох маш тустай хэлбэр бөгөөд энэ нь бид яагаад тэдгээрт суралцдаг болохыг харуулна. Хэрэв бидний амьдралд асуудал тулгарвал бид дараах байдлаар бодож үзнэ:

  • Миний ёс зүйн сахилга батад, миний хэрхэн үйлдэл хийж, ярьж байгаа байдалд асуудал байна уу?
  • Миний төвлөрөлд асуудал байна уу – анхаарал хаа сайгүй сарниж, сэтгэл хөдлөлийн эмх замбараагүй байдалд байна уу?
  • Ялангуяа, бодит байдал болон өөрийн элдэв төсөөлөл хоёрыг ялгаж таних байдалд минь асуудал байна уу?

Үүнийг бид ердөө энэ насны аж амьдралдаа хэрэглэж эсвэл хойдын төрлүүдэд бидэнд тулгарч болох асуудлууд уруу тэлж болно. Анхлан суралцагчийн хувьд бид эдгээр суртгаалыг ердөө өдөр тутмынхаа амьдралын хүрээнд авч үзэж болдог: эдгээр суртгаал бидэнд хэрхэн тус болж болох вэ? Бидний асуудлуудын шалтгаан болж буй ямар зүйлүүдийг бид хийж байна вэ? Тэдгээрийг арилгахын тулд бид юу хийж болох вэ?

Зовлонгийн шалтгаан

Бурханы шашны гүн ухааны үүднээс, бидний зовлонгийн шалтгаан нь бидний үл мэдэх явдал байдаг. Бид тодорхой хоёр зүйлийг мэддэггүй, эсвэл тэдний талаар төөрөлдсөн байдаг.

Бидний мэддэггүй эхний зүйл бол шалтгаан ба үр дагавар, тэр дундаа өөрийн зан байдалтай холбоотой гарах шалтгаан ба үр дагаварыг бид мэддэггүй. Хэрэв бидэнд уур, шунал, хүсэл, бардамнал, атаархал гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл төрсөн байвал бид сөрөг байдлаар үйлдэл хийнэ. Бид уурлаж хүмүүс уруу хашхична, атаархаж хүмүүст хор хүргэхийг оролдоно, шунан дурлаж хүмүүст хүлэгдэнэ – энэ бүхэн нь бидэнд асуудлыг бий болгодог. Эдгээр сэтгэл хөдлөл нь биднийг сөрөг байдлаар, эсвэл бүр өөрт гэм хор хүргэх байдлаар үйлдэл хийхэд хүргэдэг учраас эцсийн үр дүн нь зовлон л байна.

Сэтгэлийн тайван байдалд алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн тодорхойлолтыг авч үзэх хэрэгтэй. Энэ бол сэтгэлд төрөх үедээ сэтгэлийн тайван байдал болон өөрийг хянах хяналтыг алдагдуулдаг сэтгэлийн төлөв байдал юм. Уурлаж хэн нэгэн уруу хашхичих үед энэ нь тухайн хүнийг уурлуулж ч болно, үгүй ч байж болно. Тэд бидний хэлсэн зүйлийг бүр сонсоо ч үгүй, эсвэл биднийг шоолон, ухаангүй тэнэг гэж бодож байж болно. Гэтэл бид сэтгэлийн тайван байдлаа алдаж, сэтгэл зүйн хувьд хямарч хоцрох ба энэ нь ихэвчлэн бусад уруу хашхичиж дууссаны дараа илүүтэй үлддэг. Энэ бол таагүй зүйл. Өөрийн хяналтыг алддаг учраас бид хожим харамсаж болох зүйлүүдийг хэлдэг.

Дараах шалтгааны улмаас бид дээрх байдлаар үйлдлүүдийг хийдэг. Үүнд:

  • Бид шалтгаан, үр дагаварыг сайтар ойлгодоггүй. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг тодорхой нэг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орж ямар нэг байдлаар үйлдэл хийвэл тэр нь зовлон бий болгодог гэдгийг бид ихэнх тохиолдолд ойлгодоггүй.
  • Эсвэл бид шалтгаан, үр дагаварыг эсрэгээр нь ойлгож, төөрөлдсөн байдаг. “Энэ хүн уруу уурлаж хашхичвал би тайвширна” гэж бид ихэнх тохиолдолд боддог ч мэдээж энэ нь үнэндээ хэзээ ч тийм үр дүнд хүргэдэггүй. Эсвэл, хэн нэг хүнд сэтгэл татагдах үед бид “Над уруу яагаад ярихгүй байна, манайд яагаад ирэхгүй байна?” гэж хэлж болох ч энэ нь ердөө л тэднийг цааш түлхэнэ, тийм биз дээ? Шалтгаан, үр дагавар хэрхэн явагддаг талаар будилсан байдаг учраас бид хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй.

Бидний мэддэггүй хоёр дахь зүйл бодит байдалтай холбоотой байдаг. Бид бодит байдлын талаар төөрөлдсөн байдаг учраас сэтгэлийн тайван байдал алдагдуулах хандлагуудтай байдаг. Үүний нэг жишээ бол цаг үргэлж би-гийн тухай, миний гэсэн зүйл, өөрийн тухай бодож байдаг өөрт эзлэгдэх хандлага байж болно. Энэ нь бид төгс байх ёстой мэт санагдах нэг төрлийн хам шинжид хүргэж болдог. Энэ нь эргээд биднийг маш шүүмжлэгч хандлагатай болгодог. Хэдийгээр бид эерэг үйл хийж байсан ч төгс байж, бүх зүйлийг эмх цэгцтэй байлгахыг оролддог – энэ бүхэн нь нэлээн өөрийн эрхгүй болж эхэлнэ. Бидэнд хэсэг зуур таашаал төрөх боловч удалгүй энэ нь сэтгэл ханамжгүй байдал болон хувирна. Учир нь бид “Би хангалттай сайн биш байна” гэж бодсоор өөрийгөө сайжруулах гэж улам ихээр шахдаг.

Юм цэвэрлэх дуртай – бүх зүйлийг төгс байлгах гэж өндөр шаардлага тавьдаг хүний гэрээ цэвэрлэх үеийн нэг жишээг авъя. Тэрбээр бүх зүйлийг цэв цэвэрхэн, эмх цэгцтэй байлгаж болно гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ боломжгүй! Та бүх зүйлийг цэвэрлэж, төгс сайхан болгож, таны сэтгэл сайхан болох боловч хүүхдүүд ирж, бүх зүйлийг эмх замбараагүй болгоно; таны сэтгэл амрахгүй, та дахин цэвэрлэнэ. Энэ нь өөрийн мэдэлгүй болж эхэлнэ. Та өөрийн мэдэлгүй үргэлж цэвэрлэнэ. “Одоо бүх зүйл эмх цэгцтэй боллоо” гэж жаахан санаа амрах боловч тэр сэтгэл нь удалгүй үгүй болно. Таны цэвэрлээгүй үлдээсэн хэсэг газар заавал гарч ирнэ!

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, эсвэл хандлагын аль нь ч байсан ялгаагүй эдгээр сэтгэлийн төлөв байдлыг дахин дахин давтсанаар мөн ийм өөрийн эрхгүй зан байдлыг дахин дахин гаргаснаар та “түгээмэл хуран үйлдэхүйн зовлон” гэж нэрлэдэг тэр зүйлийг бий болгоно. Энэ бол бид зуршлыг хэрхэн бий болгож тэр нь үнэндээ бидний асуудлууд үргэлжлэн гарсаар байх шалтгаан болдог тэр үйл явц юм.

Энэ бүхэн зөвхөн бидний сэтгэлд нөлөөлөөд зогсохгүй бие махбодод бас нөлөөлдөг. Жишээ нь, хэрэв бид үргэлж уурлавал цусны өндөр даралттай болж, санаа зовсноор биед ямар нэг шархлаа үүсч болно. Эсвэл хэрэв та хэт цэвэрч хүн бол тайван байх үнэхээр хэцүү. Бүх зүйл цэвэр цэмцгэр байх ёстой болдог учраас таны сэтгэл үргэлж алжаастай байдаг, гэвч юу ч үргэлж цэвэр байдаггүй.

Видео: 41-р Сажа Тризин — “Бурханы шашинд суралцахын учир”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Асуудлуудын шалтгааныг арилгахад гурван суртгаал хэрхэн туслах вэ?

Бидэнд үнэхээр хэрэгтэй зүйл бол гурван суртгаал:

  • Төөрөгдлөөс гарахад бидэнд билиг ухаан хэрэгтэй. Жишээ нь, хэт цэвэрч байх үед танд “бүх зүйл үргэлж өв тэгш цэвэр байж, би тэр бүхнийг хяналтандаа байлгах ёстой” гэсэн уран зөгнөл төрөх ба үүнийг та “мэдээж цэвэрлэсэн гэр орон бохир болно, хэн ч үүнийг захиран зогсоож чадахгүй” гэсэн ойлголтоор солих хэрэгтэй. Та илүү амгалан болно. Учир нь, мэдээж та гэр орноо цэвэрлэх хэрэгтэй, гэвч түүнд бүрэн автах шаардлага байхгүй гэдгийг та мэдэж байгаа. Уламжлалт эх зохиолуудад модыг хурц сүхээр огтолдог жишээг хэрэглэдэг.
  • Тэрхүү модыг мөнөөх сүхээр огтлохын тулд бид нэг газраа тасралтгүй олон удаа цохих хэрэгтэй, энэ бол төвлөрөл. Хэрэв сэтгэл үргэлж сарнисан байвал бид билиг ухаанаа алдана. Иймд сүхээр үргэлж нэг газраа цохиж чадаж байхын тулд бид төвлөрөлтэй байх ёстой.
  • Энэхүү сүхийг хэрэглэхэд үнэндээ хүч шаардагдана. Хэрэв танд хүч байхгүй бол та бүр сүхээ ч өргөж дийлэхгүй. Энэ хүч ёс зүйн хувийн сахилга батаас гарна.

Ийм байдлаар бид гурван суртгаал хэрхэн бидэнд асуудлуудынхаа эх сурвалжийг арилгахад тусалдаг болохыг ойлгож болно. Энэ бүгдийг бид Бурханы шашинтай ямар нэг байдлаар холбохгүйгээр авч хэрэглэх боломжтой. Иймд үүнийг хүссэн хэн бүхэн авч хэрэглэж болно. Цааш үргэлжлүүлэхээсээ өмнө урд ярилцсан зүйлээ товчлон дүгнэвэл:

  • Уран зөгнөл, бодит байдал хоёрыг ялгахдаа бид билиг ухааныг ашигладаг ба үүний үр дүнд өөрийн зан байдлын хүрээнд илрэх шалтгаан ба түүний үр дагаварыг ойлгоно. Бидэнд билиг ухаан дутагдах үед бидний зан байдал, хандлага нь зовлон эсвэл бидний сэтгэлийг үнэндээ хэзээ ч хангахгүй нэг төрлийн жаргал эдгээрийг бий болгоно.
  • Дээрхийг зохих ёсоор ойлгоход бидэнд сайн төвлөрөл хэрэгтэй бөгөөд төвлөрөл сайн бол бид анхаарал сайтай байж чадна.
  • Төвлөрлийг сайн төлөвшүүлэхэд бидэнд сахилга бат хэрэгтэй бөгөөд сахилга баттай байснаар сэтгэл сарних үед түүнийг буцаан авчирч чадна.
  • Бид өөрсдийн асуудлыг шийдвэрлэх, өдөр тутмынхаа амьдралын чанарыг сайжруулахад тус болох үүднээс эдгээр гурван суртгаалыг авч хэрэгжүүлэхийг хүсдэг.

Энэ бүхнээс өөрт авах гол ойлголт бол бидний өдөр тутмын амьдралдаа туулж, эдэлж байгаа жаргал болон сэтгэл ханамжгүй байдлууд нь бидний өөрийн төөрөгдлөөс бий болдог гэдгийг ойлгох явдал. Асуудлыг бусдад эсвэл нийгэм, эдийн засаг зэрэгт тохохын оронд түүнээс илүү гүнзгий түвшинд нь авч үзэх хэрэгтэй. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхдээ бид өөрсдийн сэтгэлийн төлөв байдал уруу харах нь зүйтэй. Бидэнд олон хэцүү нөхцөлүүд тулгардаг ч бид энэ удаа зовлонг ерөнхийд нь мөн нэг төрлийн агшин зуурын жаргалыг авч үзэж байна. Бид үүнээс илүү, сэтгэлийн амгалангаас бий болдог, илүү удаан үргэлжлэх, бат тогтвортой байх нэг төрлийн жаргалд зорих ёстой.

Бэрхшээл тулгарах үед бид бүрэн хямарч, ядарч зүдэрч болно. Эсвэл өөрийгөө ердөө хөөрхийлөлтэй мэтээр санахгүйгээр нөхцөл байдлыг илүү тод томруун харж, тэдгээрийн шалтгааныг мэдэж, шийдвэрлэх арга зам байгаа гэдгийг ойлгож тэр бүхэнтэй илүү тайван сэтгэлээр нүүр тулж болно.

Хүүхдээ оройд гадагш гарах тохиолдлыг авч үзье. Та ихэд санаа зовж, “Гэртээ сайн ирэх байгаа даа?” гэж бодно. Бидний санаа зовж, сэтгэл амгалангүй байгаа байдлын уг сурвалж нь “Ямар нэг байдлаар би хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадна” гэсэн хандлага байдаг. Энэ бол мэдээж нэг уран зөгнөл. Тэд гэртээ сайн эргэж ирэхэд та баярлаж, сэтгэл тайвширна. Харин дараагийн удаа тэд гадагш явахад таны сэтгэл дахин зовно. Сэтгэл тайван байх тэрхүү мэдрэмж бидний сэтгэлд үргэлж байдаггүй, тийм байгаа биз дээ? Ингээд бид сэтгэл зовсооор түүнийг байнга үргэлжлэхэд хүргэдэг – түүнийг бүх зүйлийн талаар санаа зовох зуршил болгодог – ингээд энэ нь бидний эрүүл мэндэд нөлөөлнө. Энэ бол маш тааламжгүй төлөв байдал.

Хамгийн гол зүйл бол энэ бүхний шалтгаан нь бидний өөрийн төөрөгдөл гэдгийг ойлгох явдал. Бид тодорхой нэг байдлаар үйлдэл хийвэл баярт жаргалтай болно гэж, эсвэл бүх зүйлийг хянаж чадаж байвал түүнийг зөв гэж боддог, гэвч энэ бол тийм биш. Бид энэ бодлыг “энэ бол буруу!” хэмээн тас цохин, түүн дээр байнга анхаарч байх хэрэгтэй.

Дүгнэлт

Амьдралын дөрвөн бодит үнэнийг тунгаан бодож үзэх үед бидний асуудлууд, сөрөг сэтгэл хөдлөлүүд өөрчлөгдөшгүй бус, тэдгээрийг сайжруулах төдийгүй бүр бүрэн арилгах боломжтой гэдгийг ойлгож бидэнд урам зориг төрдөг. Нэгэнт бид зовлонгийн шалтгааныг арилгавал зовлон байхгүй болно, гэвч тэдгээр шалтгаанууд өөрөө аяндаа арилдаггүй.

Өөрийн амьдралаар гайхалтай сайхан амьдрах арга зам нь ёс суртахуун, төвлөрөл, билиг ухаан гэсэн гурван суртгаалд багтана. Эдгээр нь хоорондоо харилцан үйлчилж бидний үргэлж хайж байдаг зүйл – жаргалд биднийг ойртуулна.

Top