Зэрэглэсэн (дараалсан) гурван түвшний сэдлийн бүтэц
“Лам-рим” гэдэг нь “гэгээрэлд хүрэх зэрэглэсэн зам мөр” гэж орчуулагддаг хэллэгийн төвөд үг бөгөөд энэ нь бидний дээр нь алхаж явдаг замын тухай биш юм. Энд “зам мөр” гэдэг нь үнэндээ биднийг хаа нэг газар хүргэх, энэ тохиолдолд, гэгээрэлд хүргэх бүх зам мөрийн турш хөтлөх мөр болох сэтгэлгийн төлөв байдлыг илэрхийлж байгаа юм. Би үүнийг “мөр бүхий сэтгэл” гэж нэрлэх дуртай бөгөөд энэ нь гэгээрэлд хүрэхийн тулд бидний тодорхой зэрэглэсэн дарааллаар төлөвшүүлэх хэрэгтэй тэр зүйл.
Уламжлалын хувьд лам-рим нь цаашдаа олон дэд хэсэгт хуваагдах гурван үндсэн хэсэгтэй. Эдгээр нь алгуур өргөжих сэтгэлийн төлөвүүдийг үзүүлдэг бөгөөд тус бүрдээ нэг нэг том сэтгэлийн цар хүрээг багтаана. Өөр өөр хүмүүс тус бүрдээ нэг түвшний сэтгэлтэй байх бөгөөд түүндээ тохирсон тодорхой амьдралын сэдэлтэй байна. Бид холбогдох сэдэл бүхий сэтгэлийн цар хүрээтэй тийм хүмүүс болохоор өөрсдийгөө алгуур төлөвшүүлэхийг хичээдэг.
Би энд “сэдэл” гэдэг үгийг энгийн ойлголтоор хэрэглэхгүй. Учир нь Бурханы шашинд сэдлийн талаарх яриа нь хоёр хэсгээс бүрддэг тэдгээр өдөөгч сэтгэлийн цар хүрээнүүдтэй холбогддог. Нэг хэсэг нь бидний амьдралдаа хадгалж байдаг зорилго бол нөгөө хэсэг нь барууныхны сэдэл гэдэг тэр зүйл бөгөөд энэ нь дээрх зорилгод биднийг хөтөлдөг тэрхүү арын сэтгэлийг багтааж байдаг.
Лам-римын гурван түвшний сэдэл тус бүр доорх буюу өмнөх сэдэл дээрээ суурилах ба ингэснээр тэдгээр нь нэгдэн өссөн чанартай болно. Энэ нь бид эхэлж эхний түвшний сэдлийг төрүүлж дараа нь нэг ба хоёрыг хамтад нь хадгална гэсэн үг. Бид хоёр дахь түвшиндээ хүрэх үедээ эхний түвшнээ ердөө мартаж орхидоггүй. Ингээд дараагаар нь гурван сэдлээ нийтэд нь нэгтгэнэ. Үнэнэдээ тэдгээр гурван түвшинг өөрсдийнх нь тодорхой дарааллаар төлөвшүүлэх нь чухал. Хэрэв бид нэгийг нь алгасвал бидэнд тэрхүү зорьж буй сэтгэлийн төлөв байдал байхгүй болно.
- Бага төрөлхтний түвшинд бид өөрийн ирээдүйн төрлүүдээ сайжруулахыг зорьдог. Өдөөгч сэтгэл (арын сэдэл) нь эмээсэн, ямар ч байдлаар илүү муу төрөлд төрөхгүй байхыг хүсэх сэтгэл байна.
- Дунд төрөлхтний түвшинд бид өөрийн хяналтгүй дахин дахин гарах төрлүүдээс бүрмөсөн ангижрахыг зорьдог. Үүний ар дахь өдөөгч сэтгэл нь тэдгээр төрөл бүрд байх бүхий л зовлонгоос бүрэн залхсан, тэр бүхэн бидэнд хангалттай гэсэн сэтгэл байна. Үүнийг гол төлөв тэр бүхнээс чөлөөлөгдөх сэтгэл буюу “орчонгоос уйдах, магад гарах сэтгэл” гэж орчуулдаг. Энэ нь өөрийн зовлонг үнэхээр зогсоох хүсэл гэсэн утга илэрхийлнэ.
- Их төрөлхтний түвшинд асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэлийн үүднээс бидний зорилго нь бүрэн гэгээрэл байдаг. Бид бусад бүхий л амьтныг авч үзэн тэд хэрхэн бидний адил асуудал бэрхшээлтэй байж, зовлон эдэлж байгаа талаар бодож тэднийг өөрсдийн зовлонгоос мөн адил ангижрахад нь бүрэн тусалж чадах үүднээс гэгээрэлд хүрэхийг зорино.
Бодь мөрийн зэрэг Лам-римд хэрхэн суралцсан тухай өөрийн түүх
Энэхүү сэдвийг хүргэх үүднээс хэрхэн миний бие лам-римыг судлах болсон өөрийн түүхээс бага зэрэг хуваалцъя.
Энэ сэдэвтэй анх удаа миний бие 1968 онд Харвардын Их сургуулийн төгсөлтийн дараах сургуульд төвөд хэл үзэж байхдаа учирсан юм. Тус курсын хэсэг болгож бид Богд Зонховын лам-рим зохиол Их Бодь Мөрийн Зэрэг, Лам-рим Чэнмо бүтээлээс хэдэн хуудас уншсан бөгөөд тэр үед тухайн бүтээлийн хамрах нийт цар хүрээний талаар ямар ч ойлголтгүй байв. Энэ цаг үе нь мөрийн зэргийн ямар нэг бүтээл англи хэлэнд орчуулагдахаас өмнө, бүр Гампопагийн Гэтлэхүйн Эрдэнийн Чимэг зохиол ч орчуулагдахын өмнөх үе байлаа.
Түүний дараа жил би 24 хүрч Фулбрайтын тэтгэлгээр Докторын зэргийн судалгааны ажлаа бичихээр Энэтхэг явсан бөгөөд эхэндээ би маш гүнзгий тарнийн сэдвээр түүнийг бичихээр төлөвлөж байв. Хэдийгээр үүнийг профессор багш маань надад зөвлөсөн боловч би удалгүй энэ нь буруу оролдого болохыг ойлгосон бөгөөд Энэтхэгт байсан төвөд багш нар түүний оронд лам-рим сургаалыг судлахыг надад зөвлөсөн. Би зөвлөгөөг дагахаар шийдэж арван найман сарын турш лам-рим үзэж судалгааныхаа ажлыг аман уламжлал дээр бичиж эхлэв. Үүний учир нь би түүний олон бичвэр бүхий бүтээлүүд байдаг гэдгийг ч мэдээгүй явдал байлаа. Тэр бүхнийг надад Гэвш Наваан Даргей тайлбарлан өгч байсан учраас би түүнийг “лам-римын аман уламжлал” гэж нэрлэх болсон.
Энэ бүхэн хиппичүүдийн давалгаа орж ирэх үеийн өмнөх үнэхээр сэтгэл хөдлөм цаг үе байсан. Карлос Кастанеда өөрийн номоо бичиж байсан бөгөөд түүний адил сэтгэлээр Энэтхэгт төвөдүүдтэй амьдарч байсан бидний цөөн хэдэн барууны хүмүүс мөн ижил үйл явдлыг туулж байв. Кастанедагийн адил бид бас зарим нууц, онцгой, илбийн мэт сургаалуудыг олж үзэж байлаа. Энэ үнэхэээр нэг адал явдал байсан!
Би лам-римыг маш уламжлалт аргаар үзсэн. Энэ нь лам-римын доторх тухайн нэг сэдэв, санааг надад дараагийн сэдэв нь юу байх талаар ямар ч ойлголт өгөхгүйгээр танилцуулж байсан гэсэн үг. Би санаа тус бүр дээр дангаар нь анхаарч, түүнийг дараагийн хэсгийг тайлбарлахаас өмнө ойлгож авах ёстой байв. Надад тухайн сэдвийг дахин дахин үзэх ёстой бөгөөд тэдгээр эхний сэдвүүдийг дахин үзэх удаа бүрд түүнийгээ хойдох үе шатанд үзсэн зүйлтэйгээ нийцүүлж чадаж эхэлдэг гэж хэлдэг байв. Хэдий чинээ бид бүхэл дүр зургийг нийтэд нь нийцүүлж чадна төдий чинээ бид тухайн авч үзэж байгаа сэтгэлийн төлөв байдлыг тодорхой, хялбар төлөвшүүлж чаддаг.
Сургаалыг сүлжээнд хийгээд өөрийн амьдралд уялдуулах
Энэ бодит байдал дээр суурилан надад сургаалыг сүлжээний үүднээс тайлбарлах санаа төрсөн. Учир нь лам-рим сургаал бүхэлдээ түүний доторх санаа бүр бусад санаа тус бүртэйгээ холбогддог гэдэг утгаар нэг сүлжээ сургаал. Түүний бий болгодог сүлжээ нь маш нарийн төвөгтэй бөгөөд бид хэдий их холбоо олно төдий чинээ бидний ойлголт гүнзгийрнэ. Ийм маягийн сүлжээ зөвхөн лам-рим сургаалд төдийгүй Бурхан багшийн сургаал буюу Номын бүх сургаалд нийтлэг байдаг.
Уялдуулах гэдэг ойлголт энэхүү санааг ойлгоход бидэнд туслах өөр нэг тал. Бүх сургаал болон санаа хоорондоо уялдаж байдаг боловч бид тэдгээрийг өөрсдөө уялдуулах хэрэгтэй. Энэ нь бид ердөө сургаалыг өөр хооронд нь уялдуулах бус харин тэдгээрийг өөрийн болон өөрийн амьдралын бүхий л өөр өөр тал хандлагуудтай уялдуулна гэсэн үг. Дээрх сүлжээ энд мөн үйлчлэх ба учир нь лам-рим сургаалын бүх санаа нь бидний амьдралын бүхий л өөр өөр талуудтай холбогдох хэрэгтэй байдаг. Үүнийг бид амжилттай хийх үед үнэндээ бид Номыг өөрийн дотоодтой уялдуулсан байна.
Хялбарчилсан Ном
Номыг өөрийн амьдралтай уялдуулах шаардлага нь гурван түвшний сэдэлтэй ихээхэн холбогдоно. Эдгээр гурван түвшний сэдэл бидэнд төрөхөөс өмнөх бидний анхны алхам нь миний “Номын Жинхэнэ Утга” гэдэгтэй харьцуулдаг “Хябарчилсан-Ном” гэдэг тэр зүйл байж болно. Энэ нь жинхэнэ Коко-Кола болон Зөөлөн Колатай адил. Учир нь Хялбарчилсан-Ном нь сургаалын энэ насны амьдралыг сайжруулах хүрээнд ойлгогдох хувилбар. Бид ердөө Номыг ашиглаж энэ насны амьдралаа бага зэрэг илүү сайн болгохыг хичээж байдаг. Номын жинхэнэ утга нь уламжлалт гурван төрөлхтний хүрээний Номын бүтээл.
Хялбарчилсан-Номыг судалж, бүтээн үйлдэх нь Бурханы шашныг нэг эмчилгээний арга, заслын хэлбэрээр хэрэглэж байгаа мэт байдаг бөгөөд үнэндээ сургаал нь энэ үүднээсээ нэлээд тустай байж болно. Хэрэв түүнийг Номын жинхэнэ утгатай холихгүй байгаа тохиолдолд Хябарчилсан-Номд буруу зүйл юу ч үгүй. Учир нь энэ нь Номын авч үздэг зүйлийг бүхэлд нь авч үздэггүй. Хэрэв бид өөртөө үнэнч байгаад шалгаж үзэх юм бол бидний ихэнх нь магадгүй голлон Хялбарчилсан-Ном дээр төвлөрдөг байж болох юм. Мэдээж, миний бие эхэн үедээ тийм л байсан!
Лам-рим сургаалын Номын хялбарчилсан хувилбар
Багш садныг шүтэх (Номын багшийн тус (хэрэг))
Лам-рим сургаалын Номын хялбарчилсан хувилбар гэж юу вэ? Хэрэв бид сургаалыг авч үзэх юм бол эхэнд нь зам мөрийн үндэс нь багш садныг шүтэх гэсэн байдаг. Номын амьдралынхаа эхний үеүдэд 1959 оноос өмнө Төвөдөд уламжлалт сургалтыг эзэмшиж, дараа дараагийнхаа сургалтыг дөрвөгсдийн хотхонд олсон номын багштай байсан нь миний хувьд завшаантай хэрэг байсан бөгөөд энэ бол Гэвш Наваан Даргей юм. Гэвч “үндэс” гэдэг үгийг ойлгох хүртэл үнэхээр олон жил надад шаардагдсан. Би үргэлж түүнийг “эхлэл” гэсэн утгатай андуурдаг байлаа. Учир нь лам-римын эхэнд бидний эхэлж үздэг зүйл тэр байв.
Энэ нь ургамлын үндэс адил “үндэс” гэдэг дүр биш. Учир нь ургамал үндэснээс ургадаггүй харин үрээс ургадаг. Үндэс бол ургамлын шим тэжээлээ татаж авдаг зүйл бөгөөд түүгээрээ ургана. Үндэс нь ургамалд тогтон байх нөхцөлийг олгоно. Түүний адил багш садныг зөв шүтэх (номын багшийн тусламжийг зөв авах) нь биднийг тогтоон барьж түүгээр Номын талаарх уран зөгнөл бүхий буруу аянд орохгүй байхад тустай. Үндэс ургамлыг салхинд хийсгэхгүйгээр бөхөлж байдагтай адил багш нар биднийг мөн гол сургаалаас хазайхгүй байхад тусална. Зам мөрөөр өсөн дээшлэх эрч хүч өгч байдаг урмыг бид номын багшаас авдаг бөгөөд тэр нь үнэндээ бидний сургаал, тайлбар авдаг тэдгээр багш нар байна. Мэдээж бид Бурханы сургаалын талаар номоос судалж болох бөгөөд тэдгээрийг багш нар бичсэн байх боловч зарим нь л Бурханы шашинтан байх ба түүний дотор эрдэмт мэргэд нь бүр цөөн.
Харвардад сурч байх үед Төвөдийн Бурханы шашинд суралцаж байсан арга маань эртний Египтийн шашны адил одоо оршин байхгүй байгаа шашны талаар үзэж байгаа мэт байлаа. Гэвч миний бие Энэтхэг явж Төвөдийн эрдэмт лам нартай уулзан, өөрийн багшийн дэргэд суралцаж эхлэх үед Ном нь жинхэнэ, Бурханы шашин нь оршин буй хийгээд сургаалын гайхалтай амьд жишээнүүд байгааг харах болсон. Гэсэн хэдий ч миний багшаасаа авч байсан урам маань Номын хялбарчилсан хувилбарын түвшинд байсан бөгөөд Номын бүтээл маань надад энэ насныхаа амьдралыг сайжруулахад тусалж байв.
Бага төрөлхтөн
Лам-римын бага төрөлхтний сургаал нь өөрсдийгөө тольдон харах зөвлөгөө бүхий бидэнд буй эрдэнэт хүний төрлийг сайшаах тухай эхлэн авч үздэг. Ингээд би өөрийгөө авч үзэн эрдэмт мэргэн багш нараас суралцах ийм олон сайхан боломжтой байсан, одоо хэр нь байгаа нь үнэхээр завшаантай хэрэг гэдгийг анзаарсан. Ингээд дараа нь бидэд байгаа боломжууд мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг ойлгох үүднээс үхэл болон мөнх бусын талаар авч үзнэ. Би түүнийг тухайн үед мэдээж ойлгож байсан бөгөөд өөрийн чадваруудыг ашиглахыг маш их хүсэж байв. Бие залуу, өсөн сайжрах хүч, оюун ухаан зэрэг бүгд байлаа. Үүнийг хялбар ойлгож чадаж байв.
Ингээд сургаал нь там гэх мэт ирээдүйн төрлүүдэд гарч болох муу төрлийн төлөвүүдийн тухай өгүүлэх болов. Энэ үед би “Тэдний итгэдэг зүйл их сонирхолтой юм” хэмээн бодох байдлаар аман зохиол судалж байгаа антропологич адил түүнд хандаж байлаа. Ингээд би өөрт илүү холбоотой зүйл рүү орохоор дараагийн хуудсыг эргүүлэх болов.
Үүний дараа авралын (аврал одуулах) тухай сургаал байх бөгөөд би үүнийг нэг идэвхгүй үйл биш гэдгийг яваандаа ойлгосон. Бурханы шашинд “Намайг аварна уу, намайг аварна уу!” гэх сэтгэл зүй байдаггүй. Харин түүний оронд бид өөрийн амьдралд аюулгүй зам мөр гаргах ёстой болдог. Бид Бурхан, Ном, Хуврагийн чуулганыг дагах ба тэдгээрийн чанарыг харуулсан уртаас урт жагсаалт байна. Тэр бүгдийг би мэдэх боловч тэдгээр нь ямар утгатай болохыг үнэндээ би ойлгодоггүй байлаа. Энэ нь миний хүзүүндээ улаан өнгийн утас бүхий зангиа зүүхээс илүү гэдгийг мэдэж байсан ч түүний гүнзгий ач холбогдлыг ойлгодоггүй байсан. Хэдий тийм боловч би энэ зүгт аврал одуулсан.
Үүний дараагаар лам-рим сургаал үйлийн үрийн тухай сургаалыг толилуулах ба энэ нь голлон сөрөг зан байдлаас зайлсхийх тухай байна. Хэдийгээр энэ нь ирээдүйн төрлүүддээ муу төрөлд төрөхөөс зайлсхийх үүднээс сөрөг зан байдлаас зайлсхийх тухай үзүүлсэн байдаг ч энэ нь тийм их нөлөө бүхий хүчтэй санаа биш байлаа. Гэвч сайн хүн байх гэсэн санаа нь ойлгомжтой байв. Бусдад гэм хор бүү хүргэ, сөрөг байдлаар үйл бүү хий, уур, шунал гэх мэт сэтгэлийн үүднээс үйл бүү хий. Энэ бүхэн ойлгомжтой бөгөөд тэдгээрийг хүлээн зөвшөөрч болж байв. Учир нь би энэ нь намайг энэ амьдралд илүү амар амгалан болгохыг харж чадаж байлаа. Энэ нь бага төрөлхтний Номын хялбарчилсан утгын төгс хувилбар байв. Мэдээж тухайн цаг үед би түүнийг Номын хялбарчилсан хувилбар гэдгийг ойлгоогүй байсан бөгөөд тэр нь сургаалын илэрхийлж буй тэр зүйл гэж үнэхээр бодож байсан.
Дунд төрөлхтөн
Дунд төрөлхтний сургаалууд нь дээд төрлүүдийн зовлонгууд болон орчлонгийн ерөнхий зовлонгуудын тодорхойлолтоор эхэлдэг. Тэнгэрийн төрлийн талаарх хэсэг нь мөн адил антропологийн өөр нэг судлал шиг санагдаж байсан ч орчлонгийн зовлонгуудын талаарх тодорхойлолтууд нь тэр үед надтай илүү их холбогдож байв. Тэр нь бид хэрхэн үргэлж сэтгэлээр унаж байдаг хийгээд яагаад хэзээ ч хүссэн зүйлдээ хүрч чаддаггүй талаар нарийвчлан үзүүлж байв. Тэр талаар бодож үзэхэд нэлээд гайхалтай, гүн гүнзгий утгатай санагдаж байлаа.
Дунд төрөлхтний сургаал нь цааш бүхий л сэтгэлийн хүчин зүйлүүд (сэтгэлээс гарсан сэтгэлүүд) болон сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг шинжлэн тэдгээр сэтгэлүүд хэрхэн бидний асуудлуудын шалтгаан болдгийг тайлбарлана. Би үүнийг сэтгэл зүйн өөр өөр асуудлууд, бэрхшээлүүд хэрхэн үүсдэг, тэдгээрийн шалтгаан, түүнд оролцсон байдаг сэтгэлийн хүчин зүйлүүд (сэтгэлээс гарсан сэтгэл), мөн бид үнэндээ асуудлуудыг хэрхэн бий болгодог зэргийг авч үзэх лам-рим сургаалын хамгийн сонирхолтой хэсэг хэмээн үнэхээр үзэж байсан. Энэ үнэхээр гайхалтай, миний авч байсан сэтгэл судлалын хичээлүүдээс хамаагүй илүү сайн байсан. Би үнэндээ тэр нь хяналтгүй дахин дахин гарах төрлүүдийн эх үүсвэр болдог тэр зүйлийн талаар ярьж байгааг ойлгодоггүй байсан ч түүнийг би Номын хялбарчилсан түвшинд, өөрийн амьдралд сэтгэл зүйн олон асуудлууд хэрхэн гардаг тухайд ойлгож байлаа. Энэ үнэхээр тустай байсан.
Дараагийн хэсэгт арван хоёр шүтэн барилдлага орж ирэх бөгөөд энэ маш ярвигтай. Энэ нь дахин төрөл хэрхэн гардагийг маш шууд нарийвчлан тайлбарласан байдаг ч гүйцэд сайн ойлгогддоггүй байлаа. Миний бие энэ насны амьдралын үүднээс түүнийг илүү ойлгохыг хичээж байв. Учир нь тэр үед ирээдүйн төрөл, дахин төрлүүдэд итгэхэд хэцүү байдаг байсан. Энэ нь ердөө бидний соёлын уламжлалын нэг хэсэг биш бөгөөд би мэдээж тийм уламжлалд өсөөгүй. Гэвч би нээлттэй байж, тэрхүү ойлголтыг үгүйсгэдэггүй байсан бөгөөд түүнд нэг ёсондоо эргэлзэх сэтгэлийн тусыг гаргаж байв. Хэрэв арван хоёр шүтэн барилдлагад өгүүлж байгаа зүйл ямар нэг утга санаа илэрхийлэх бөгөөд тэр нь бидэнд тустай бол магадгүй дахин төрөл нь боломжтой бөгөөд үнэндээ оршдог ч байж болно. Гэвч үнэндээ би тийм үгүй эсэхийг мэддэггүй байсан.
Үүний дараа магад гарах сэтгэлийн талаарх сэдэв орж ирнэ. Үүнийг би бүх зүйлээ орхин, агуйд амьдрахаар явах энгийн түвшнээс илүү байдлаар ойлгож байлаа. Магад гарах сэтгэл бол орчлонгоос чөлөөлөгдөх, зовлонгоос ангижрах шийдвэр юм. Миний бие тухайн насанд надад байсан зовлон, асуудлуудаасаа салахыг гарцаагүй хүсэж байсан бөгөөд учир нь надад бусад залуу хүмүүст байдгийн адил зарим сэтгэл хөдлөлийн асуудлууд мөн л байсан. Би мэдээж өөрийн асуудлуудын шалтгаануудаас ангижрахыг хүсэж байсан боловч түүнийг илүү өнгөц түвшинд, дахин уурлаж эсвэл шунахгүй байвал хэчнээн сайхан байх бол хэмээн бодох байдлаар ойлгож байсан байх. Энэ нь миний дуртай хоол ширээн дээр байх үед түүнээс аль болох боломжоороо ихийг идэхийг хүсэх шунах сэтгэлээ дарах гэсэн үг үү? Тэгэхээр, энэ бол өөр асуулт!
Магад гарах сэтгэлийн дараагийн сэдэвт өндөр ёс суртахуун (шагшаабад), төвлөрөл, билгүүн буюу ялгах ухаанд суралцахыг багтаасан орчлонгоос гэтлэх арга болох гурван суртгаалыг гүнзгийрүүлэн авч үзнэ. Сүүлийн суртгаал нь уран зөгнөлөөс бодит байдлыг ялгах ухаан бөгөөд би түүнийг ядах зүйлгүй ойлгож байв.
Эдгээр нь өөрийн сэтгэл хөдлөлийн асуудлуудаас ангижрахыг хүссэн хүсэл бүхий Номын хялбарчилсан түвшний миний ойлгосон дунд төрөлхтнийг үндсэн тодорхойлолт байв. Бурханы шашин эдгээр асуудлууд хэрхэн гардгийг маш сайхан тайлбарлаж тэдгээрийг хэрхэн даван туулах сайн заавруудыг ч өгч байлаа.
Их төрөлхтөн
Их төрөлхтний хувьд миний бие эхэлж бид бүгд хүн бүхэнд хэрхэн ижил тэгш хандах хэрэгтэй талаар судалсан бөгөөд энэ нь тухайн үеийн хүний эрх, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөнтэй маш сайн нийцэж байв. Хүн бүр тэгш, ийнхүү тэгш сэтгэлийн тухай ойлголт нь надад ойлгомжтой байв. Гэвч энэ ойлголтыг шумуул, жоомны хувьд авч үзэхэд тэр нь бүхэл бүтэн өөр ойлголт мэт санагдаж байв!
Үнэндээ би Энэтхэгийг “Шавжны орон” гэж нэрлэх дуртай бөгөөд би Энэтхэгт аялах аяллын зар сурталчилгаа нь “Хэрэв та шавжинд дуртай бол та Энэтхэгт дуртай байх болно” гэсэн сурталчилгаа байна хэмээн үргэлж тоглож хэлдэг байсан. Шинжлэх ухааны зөгнөлийн, тэр дундаа Оддын аяны том шүтэн бишрэгч байсны хувьд би тэдгээр шавжнуудыг өөр гарагаас ирсэн харь гарагийн амьтад мэт хардаг байлаа. Хэрэв би тэдгээр нь зургаан хөлтэй, далавчтай гэх мэт ямар ч хэлбэртэй байсан, харь гарагийн тэдгээр амьтадтай тааралдах үед тэдэн дээр ердөө гишгэхийг хүсэх юм бол ямар таагүй байх байсан бол. Ийм байдлаар хэрэв тэд миний унтлагын өрөөнд биш байвал би бага зэрэг тэдгээр шавжнуудтай амар тайван байж чаддаг байв!
Хэрэв тэд миний унтлагын өрөөнд орж ирвэл би тэднийг “хүлээн зөвшөөршгүй амьдралын хэлбэрүүд” хэмээн нэрлэж, тэд ч явах хэрэгтэй болдог байв. Энэ үед би тэднийг аягаар таглан доогуур нь цааш шургуулан барьж авч гаргаж хаяхад нэлээд гарамгай болсон байсан. Би бүр төвөд найзуудаасаа тэдгээрийн тоглоом болгон хийдэг байсан, ялааг агаарт хэрхэн барьж авахыг ч сурсан байлаа. Тэд ялааг барьж аван алгандаа сэгсрээд тэгээд нисгэдэг байв. Тэд толгой нь эргэсэн ялаа сөөлжилсөн байдалтай нисэхэд нь ихээр инээлддэг байсан. Би тэдэн шиг тийм гүнзгий байгаагүй; би ердөө ялааг гадагш гаргадаг л байсан.
Тэгш сэтгэлийн талаар танилцуулсны дараа лам-рим нь биднийг бүх хүн бидний эх байсан хэмээн үзэхэд чиглүүлнэ. Энэ нэлээд сонин байж болно. Гэвч миний хувьд би ээжтэйгээ сайн харилцаатай байдаг байсан тул энэ тийм хэцүү байгаагүй. Энэ сэдэв нь асрал хайр, энэрэл нигүүлсэл, хүн бүрийг зовлонгүй, амар амгалан байхыг хүсэх эдгээр сэтгэлүүдийн олон үе шат, яриагаар үргэлжилнэ. Асрал хайр нь хиппичүүдийн үеийн гол сэдэв байсан бөгөөд энэ сэдэв надад болж байв. Бусдад туслах үүргийг өөртөө авах тухай ойлголт бас боломжийн санагдаж байв.
Бусдад туслах үүргийг өөртөө авах хамгийн сайн арга нь Бурхан болох хэмээн үзэж байсан боловч тэр нь юу гэсэн үг болохыг би үнэхээр мэддэггүй байлаа. “Хамгийн сайн” гэдгийг тодорхойлсон чанаруудын жагсаалт байдаг байсан бөгөөд гол санаа нь тэрхүү хамгийн сайн чанарт зорих явдал байв. Тийм шүү, Бурхан болох нь хүний эрхийн маршаар (аян) явахаас илүүтэй бусдад тустай байж болох юм. Энэ нь тэдгээр аянуудыг хэрэггүй хэмээн дорд үзэж байгаа биш боловч энд үүнд хэрхэн бусдад тусалж болох талаарх илүү өргөн үзэл байдаг. Тэр үед би Бурхан болон Супермэний дүрүүдийг бага зэрэг хольж байсан байж таарна!
Ингээд түүний дараагаар зургаан барамидын (зургаан чанадад хүрэхүй) буюу Бурхан болох арга болох миний “чанадад хүрэх хандлагууд” гэж нэрлэдэг сургаал орж ирнэ. Тэд бүгд маш сайн утгатай; өглөгч байх, ёс зүйтэй байх, тэвчээртэй байх, хичээнгүй байх, энэ бүхнийг хэн буруутгана гэж? Энэ төгс. Төвлөрлийн тухай сургаалыг маш нарийвчилсан байдлаар хүргэсэн, гайхалтай нарийвчилсан. Ингээд түүний араас хоосон чанарын тухай сургаал орж ирэх ба энэ нь мэдээж ойлгоход маш хэцүү ч үнэхээр сэтгэл татсан, миний илүү гүнзгий судалж үзэхийг хүссэн зүйл байсан. Хэдий чинээ гүнзгий хоосон чанарыг судална төдий чинээ ихээр би болон бусад хэрхэн оршдог талаарх уран зөгнөл бүхий ойлголтыг би арилгаж байв.
Надад бодьсадвын сахил их сайхан санагдаж байсан. Учир нь тэдгээр нь бусадтай холбоотой асуудал бэрхшээлүүдийг бий болгодог тэдгээр зүйлүүдээс зайлсхийх бүх зүйлийг тодорхой гарган өгсөн байсан. Би түүнийг гайхалтай гэж бодож байсан. Би үнэндээ бусадтай харилцахдаа асуудалтай байдаг байсан бөгөөд тэдгээр сахил юунаас зайлсхийх талаарх нэг төгс гарын авалга мэт болж байв. Би бодь сэтгэл нь хүн бүхэнд туслахын тулд Бурхан болох тэрхүү зорилго гэж ойлгож байсан боловч тэр үед тэр нь ердөө нэг гүн гүнзгий ойлголт болохоос цааш хэтрэхгүй байсан бөгөөд хангалттай энгийн санагдаж байв. Энэхүү суурин дээр, ийм ойлготтойгоор лам-римын гүнзгий түвшнийг үзэж хүн бүхэнд туслахыг хичээж байлаа. Би бүх хүнд сайн хандаж байв. Учир нь бид бүгд ив ижил. Би өөрийн хүрч болох хамгийн сайн би – Бурхан болохыг хичээж байлаа.
Үүний дараа би тарнийн сургаалтай бага зэрэг танилцсан бөгөөд үүнд энэ насанд ч Бурханы хутагт хүрч болно хэмээн өгүүлж байсан. Энэ нь ирээдүйн төрлүүд гэх мэт зүйлүүдийн талаар тийм их бодоод байх шаарлага үнэхээр байхгүй гэж баталж байгаа мэт надад санагдаж байв. Учир нь тэд бүгд энэ насны амьдралд багтана гэж байв. Энэ бол Номын төгс хялбарчилсан хувилбар байсан бөгөөд энэ нь бидний олонх нь лам-рим сургаалыг эхэлж үзсэний дараагаар хэрхэн ийм дүгнэлтэнд хүрдэг тэрхүү хэв маяг гэж би бодож байна. Ихэнхдээ бид сургаалыг гүнзгий судална гэдэг нь найман ийм зүйл, арван тийм зүйл гэх тэдгээр жагсаалтыг судалж мэдэх гэсэн үг бөгөөд хэрэв бид тэдгээрийг сурч мэдвэл бид ойлголтоо гүнзгийрүүллээ гэж боддог. Тэдгээр нарийвчилсан зүйлсүүдийг бүгдийг сурч мэдэх нь сайн боловч бид Номын хялбарчилсан түвшин дээрээ байсан хэвээр л байна.
Хутагтын дөрвөн үнэн
Би Энэтхэгт хоёр жил Ном үзээд дараагаар нь ердөө эрдмийнхээ ажлыг гардуулахаар Америк буцсан. Ингээд Энэтхэгт эргэн ирж 27 гаруй жил тэндээ гэр хийн, Номоо цааш үзэн багш нарынхаа зөвлөснөөр тэдгээр бүгдийг бясалгалдаа нэгтгэж байсан. Бурхан багшийн сургаалаа заасан арга нь Номыг хүргэх хамгийн сайн арга хэмээн үргэлж онцлон тэмдэглэдэг байлаа. Бурхан багш тэрээр сургаалыг тийнхүү хэрхэн заав? Тэрээр хутагтын дөрвөн үнэнийг зааж, Номыг хутагтын дөрвөн үнэний бүтцэд зааж байв. Бид Бурхан багшаас илүү сайн зааж чадна хэмээн бодох байдлаар омог бардам байхгүй байх нь сайн бөгөөд ийнхүү би тэрхүү зөвлөгөөг даган лам-римыг хутагтын дөрвөн үнэнтэй нийцүүлэн заахыг оролдсон юм.
Та бүхэн хутагтын дөрвөн үнэний талаар ойлголттой байх, гэвч тэдгээр нь товчдоо, хоосон чанарыг шууд танин мэдсэн (ойлголтын хүрээнд бус) Арьяа буюу “хутагт” нарын үнэн гэж үзсэн тэдгээр дөрвөн үнэн юм. Тэдгээр нь үнэн бодит зүйлс; гэвч бодит байдлыг шууд таньж мэдээгүй тэдгээр төрөлхтнүүд тэдгээрийг үнэн гэж тооцохгүй байж болно.
Хутагтын эхний үнэн нь зовлон бий гэсэн үнэн. Бурхан багш амьдралд бид бүхэнд тулгарах өөр өөр түвшний асуудал бэрхшээлүүдийг тэмдэглэсэн. Гэвч ердийн хүмүүс бидний эгэл амгалан, жаргал гэх мэт тэдгээр түвшнүүдийн заримыг асуудал гэж ихэвчлэн үздэггүй. Гэвч илүү гүнзгий харвал тэдгээр нь үнэхээр зовлонгийн нэг хэлбэр байдаг. Учир нь эгэл амгалан, жаргал нь бидэнд хэзээ ч хангалттай байдаггүй, тэр нь сэтгэлийг хангадаггүй, хэзээ ч үргэлжид оршдоггүй.
Хоёрт, Бурхан багш бидний зовлонгийн шалтгаан нь бидний бодит байдлын талаарх төөрөгдөл, түүнийг үл мэдэх явдал хэмээн тэмдэглэж, тэрээр эдгээр нь зовлонгийн үнэн шалтгаан хэмээсэн. Бид үүнийг энгийнээр холбож чадахгүй байж болно. Хутагтын гурав дахь үнэнд тэрээр бид өөрсдийн зовлонг үнэн (зөв) аргаар зогсоох боломжтой хэмээн тэмдэглэсэн бөгөөд үүнийг ихэвчлэн “хорихуй” хэмээн орчуулдаг. Угтаа зовлон нь бүрэн, мөнхөд зогсож болно. Бид магадгүй зовлонгийн үнэн хорихуй байж болно хэмээн бодохгүй байж болох ч энэ үнэхээр үнэн. Ингээд Бурхан багш хутагтын дөрөв дэх үнэнээр хэрэв бид дагаж, төлөвшүүлбэл бид зовлон хийгээд түүний шалтгаануудаас үнэхээр ангижирч чадах тэрхүү зам мөрийн сэтгэлийг тайлбарлан үзүүлсэн. Энэ сэтгэл үнэхээр тэр бүхнийг бүрэн хорьж чадна. Эдгээр нь хутагтын дөрвөн үнэнийг харуулсан нэг энгийн хэлбэр юм.
Хутагтын дөрвөн үнэний нөхцөл дэх Лам-рим сургаалын Номын жинхэнэ утгын гурван түвшин
Бага төрөлхтөн
Лам-рим сургаалын Номын жинхэнэ утгын гурван төрөлхтнийг хутагтын дөрвөн үнэний хувьд авч үзэх нь нэлээд тустай байж болно. Энд зовлон үнэн гэдэг нь муу төрлийн зовлон байж болно. Зовлонгийн гурван төрөл бий. Эхнийх нь зовлонгийн зовлон, энэ нь тэдгээр ерөнхий зовлонгууд. Энэ зовлон нь харах, сонсох, эсвэл өвдөх гэх мэт мэдрэхүйтэй холбоотой байж болно; эсвэл тэр нь сэтгэлийн төлөв байдалтай холбоотой байж болно. Гэвч лам-римын бага төрөлхтний хүрээнд энэхүү өргөн хүрээ бүхий зовлонгийн зовлонг доод төрлүүдийн зовлонгоор жишээлдэг. Тэдгээр төрлүүдийн зовлонгийн шалтгаан нь сөрөг байдлаар үйлдэл хийх бөгөөд түүний үнэн хорихуй нь хэзээ ч муу төрөлд дахин төрөхгүй зөвхөн сайн төрөлд төрөх явдал байна. Үүнд хөтлөх үнэн зам мөр нь аврал буюу өөрийн амьдралд аюулгүй зүг чиг гаргах. Түүнчлэн зам мөрийн сэтгэл нь Ном сургаал, мөн сөрөг зан байдлаас зайлсхийж байсан Бурхан багш, Хутагт хувраг нарын бодит жишээг дагах явдал.
Ийм байдлаар бага төрөлхтний сургаал нь хутагтын дөрвөн үнэнтэй нийцэх юм. Бид сөрөг сэтгэл хөдлөлүүд болон өөрийн эрхгүй гарах тэдгээр сөрөг зан байдлуудын үнэн шалтгаан нь үйлийн үрийн хууль – зан байдлын шалтгаан ба үр дагаврыг мэдэхгүй байх явдал гэдгийг судалсан, мэддэг. Үүнийг ойлгосноор бид уур, шунал гэх мэтийн нөлөөнд орж үйлдэл хийх сэтгэл төрөх үед өөрийн хяналтыг ашиглан тэдгээр байдлаар үйлийг үйлддэггүй. Жишээ нь би хэн нэгэнд одоо хэр нь бухимдаж байж болох ч би дуугүй байж, ямар нэг таагүй зүйл хэлдэггүй. Учир нь би хэрэв үүнийг хийвэл тэр нь ердөө дараа дараагийн зовлон, асуудлуудыг авчирна гэдгийг ойлгож байдаг.
Энэ бол бага төрөлхтний Номын хялбарчилсан хувилбараас илүү гүнзгий ойлголт.
Дунд төрөлхтөн
Үүний дараа дунд төрөлхтний сургаал орж ирэх ба энд Бурхан багшийн заасан дараагийн хоёр төрлийн зовлонг авч үзнэ. Урвахуйн (өөрчлөгдөх) зовлон нь зовлонтой адил чанартай бидний тэрхүү эгэл амгалан, жаргалын тухай өгүүлэх ба энэ нь мөн мэдрэхүй эсвэл сэтгэлийн төлөвтэй холбогдоно. Тэдгээр амгалан, жаргал нь хэзээ ч удаан оршдоггүй бөгөөд сэтгэлийг хэзээ ч үнэхээр хангадаггүй, энэ нь асуудал. Тэр нь зовлон болон урвах (өөрчлөгдөх) ба бид хэзээ тийнхүү өөрчлөгдөхийг мэддэггүй. Нэг энгийн жишээ гэвэл бид өөрийн дуртай хоолыг идэж байгаа үе. Хэрэв энэ нь үнэхээр жаргал байсан бол хэдий их идэх тусам төдий чинээ бид амгалан жаргалтай болох байсан. Гэвч мэдээж тодорхой нэг цэгт хүрэхэд илүү цааш идвэл бие таагүй, амгалан бус болно.
Дунд төрөлхтний сургаалд үзүүлсэн зовлонгийн үнэний гурав дахь хэлбэр илүү чухал бөгөөд түүнийг “түгээмэл хуран үйлдэхүйн зовлон (бүхэнд нөлөөлөх зовлон)” гэж бид орчуулдаг. Энэ хэллэг нь англи хэлэнд эвгүй сонсогдож байж болох ч (аll-pervasively affecting suffering) энэ нь бидний оршихуйн хором бүхэнтэй холбогдон бидний туулж эдэлж буй бүх зүйлд нөлөөлж байдаг бөгөөд үнэндээ эхний хоёр төрлийн зовлонг үүсгэж байдаг.
Энэхүү түгээмэл хуран үйлдэхүйн зовлон нь бидний туулах зүйлсийн хяналтгүй дахин дахин гарах таван цогцын (дүрс, сэрэхүй, хуран мэдэхүй, хуран үйлдэхүй, тийн мэдэхүй) хүчин зүйлс буюу туулах зүйлсийн хором бүрийн таван цогцын мэдэхүйг илэрхийлнэ. Энгийнээр хэлбэл энэ нь бидний туулж байгаа зүйлсийн хором бүрийг бүрдүүлж байдаг бидний бие, сэтгэл болон тэдгээр бүхий л өөр өөр бөгөөд байнга өөрчлөгдөх сэтгэл хөдлөлүүд (сэтгэлээс гарах 51 сэтгэл) зэргийн талаар өгүүлж байгаа юм. Тэдгээр нь хормоос хоромд үргэлжлэх ба зөвхөн энэ нас төдийгүй бүхий л төрлүүдийг дамжин үргэлжилнэ. Тэдгээр нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд болон тэдгээрийг төрүүлснээр хураагдах үйлийн үрээс гарна. Бидний сэтгэл улам их сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл болон үйлийн үрийг үргэлжлүүлэн агуулах ба энэ нь эргээд бидний нэрлэдэг тэрхүү “эвдрэхүйн цогц”ын бүр илүү олон хормуудыг үргэлжлүүлэн гаргаж байдаг.
Эдгээр цогцын хүчин зүйлүүд – бидний бие, сэтгэл нь – бидний эхний хоёр төрлийн зовлонг (зовлон болон эгэл амгалан, жаргал) туулах суурь, хам нөхцөлийг бүрдүүлнэ. Бидний мэдрэх зүйл жаргал, зовлон хоёрын хооронд тасралтгүй хэлбэлзэж хором бүр үргэлж өгсөж, уруудана. Энэ нь дахин дахин гарах ба бид дараагийн агшинд амгалантай эсвэл зовлонтой байна гэсэн магад мэдээж бидэнд хэзээ ч байхгүй. Энэ бол дунд түвшинд авч үзэх зовлонгийн үнэн.
Дээр дурдсанчлан тэр бүхний шалтгаан нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд ба тэдгээрээр үүсэх үйлийн үр хоёр байдаг бол түүний дараах илүү гүнзгий түвшин дэх үнэн шалтгаан нь бид болон бусад, бүх зүйл хэрхэн оршдог талаарх бидний үл мэдэх явдал байдаг. Үүнийг ихэвчлэн “мунхаг” (англ. ignorance) гэж орчуулдаг боловч миний бие энэ хэллэгийг таатай авч үздэггүй. Учир нь энэ нь бид ямар нэг байдлаар ухаан муу гэж буй санааг илэрхийлдэг. Тус үгийн илэрхийлэх хоёр утга бий. Бид ердөө бид хэрхэн оршдгийг мэддэггүй эсвэл түүнийг түүний эсрэг байдлаар нь ойлгодог гэдэг үүднээс бид эдгээрийг мэддэггүй гэх боловч энэ нь мэдээж бид ухаан муу гэсэн үг биш. Энэ нь бидний хяналтгүй дахин дахин гарах төрөл, бидний “орчлон”-гийн үнэн шалтгаан. Энэ бол орчлон гэдгийн тэрхүү тодорхойлолт. Үүний үнэн хорихуй нь гэтлэхүй ба түүнд хүрэх үнэн зам мөр нь өндөр ёс суртахуун, төвлөрөл, ялгах ухаан болох гурван суртгаал.
Энэ бол хутагтын дөрвөн үнэний хүрээнд дунд төрөлхтний сургаалыг тайлбарлах тайлбар.
Их төрөлхтөн
Их төрөлхтний сургаалын хувьд зовлонгийн үнэн нь зөвхөн миний хяналтгүй дахин дахин гарах төрөл бус хүн бүрийн хяналтгүй дахин дахин гарах төрөлтэй холбогдоно. Зовлонгийн бүх гуравн хэлбэр хүн бүрд гарна. Энд бид тэдгээрийг даван гарахад нь хүн бүрд туслах чадамжгүй гэдгийг багтаах ёстой ба мэдээж дунд төрөлхтний сургаалд тайлбарласантай адил бусдын зовлонгийн үнэн шалтгаан нь миний зовлонгийн үнэн шалтгаантай адил. Өөрийн бусдад туслах чадамжгүй тэрхүү байдлын талаар тунгаан нэг түвшинд бид түүний үнэн шалтгааныг зөвхөн өөрийн талаар бодсон өөрт төвлөрөх сэтгэл хэмээн тодорхойлж болно. Илүү гүнзгийрүүлэн харвал бид тэрхүү өөрт төвлөрөх сэтгэлийг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг нэг сэтгэл хөдлөлийн үүднээс дунд төрөлхтний түвшинд багтаан авч үзэж бас болох юм.
Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сөрөг сэтгэл хөдлөлүүдийг үнэндээ арилгасан байхад зөвхөн өөрт санаа тавих би-д төвлөрсөн сэтгэл бидэнд байсаар байна гэдгийг ойлгох маш хэцүү болохыг хэлэх хэрэгтэй. Бид өөрт хүлэгдэх сэтгэл болон бусдын талаарх буруу ойлголтыг арилгасан байгаа үед хэрхэн өөрт төвлөрөх сэтгэлтэй байсаар байж болох юм бэ? Бүр “Би хүн бүхэнд үнэхээр тусалж эсвэл Бурхан болж чадна гэж бодохгүй байгаа учраас зөвхөн өөртөө санаа тавьж байна” гэж хэлэх нь ч нэг төрлийн буруу ойлголт гэж хэлж болно. Хэрэв би зөвхөн өөрийн гэтлэхүйд санаа тавьж ийм маягаар бодож байгаа бол үүнийг Бурханы мөн чанарын талаар буруу ойлголттой байгаагийн нэг хэлбэр хэмээн бид маргаж болох юм.
Ямар ч тохиолдолд бид зөвхөн өөрт санаа тавих сэтгэлийг үнэн шалтгаан болгож болох бөгөөд энэ үед бид бидний сэтгэл юмсыг байх боломжгүй байдлаар хардаг гэдгийг тэнд багтаах хэрэгтэй. Бидний сэтгэл юмсыг жинхэнэ байгаа мэт, бусад зүйлээс шалтгаалахгүй, өөрийн зүгээс өөрөө бүтэн жинхэнэ оршиж байгаа мэт хардаг. Энэ нь мэргэжлийн үг, яриа мэт санагдаж байж болно. Энгийн үгээр хэлбэл, бидний сэтгэл юмсыг хуванцарт савлагдсан мэт өөрсдөө бие даан оршиж байгаагаар хардаг. Ийнхүү бид бүх зүйлийн харилцан хамаарлыг, тэр дундаа тэдгээрийг тэдний шалтгаан ба үр дагаврын нөхцөлд харж чаддаггүй. Ингээд бид тухайн хүн яагаад ийм байдаг шалтгаан, яагаад тэд тэдгээр асуудлуудтай байгаа шалтгааныг харж чаддаггүй. Тухайн хүнд сургаал зааснаар гарч болох бүх үр дүнг бид урьдаас харж чаддаггүй. Энэ бүхэн нь бид хүнийг харах үед бидэнд зөвхөн бидний нүдэнд харагдаж байгаа тэр хүн л харагддаг явдал бөгөөд бид үүнийг ингээд л боллоо гэж боддог. Бид тэднийг тэдний бүх харилцаа холбоотой хүмүүсээс, шалтгаан, нөхцөлүүдээс хамааралгүйгээр өөрсдөө тэнд дангаараа оршиж байна гэж боддог. Ингэж харж байгаа нь бидний бусдад тусалж чадахгүй байх түүний шалтгаан юм.
Үүний үнэн хорихуй (энэ нь зогсох нь үнэн) нь Бурханы илт мэдэл (бүхнийг мэдэгч) бүхий төлөв бөгөөд учир нь Бурхан бүх зүйлийн харилцан хамаарлыг харж чаддаг учраас хүн бүрийн асуудлууд үнэхээр юу болох, ямар хүчин зүйлүүд түүнд нөлөөлсөн, туслах хамгийн сайн арга нь юу болохыг мэддэг. Үүнд хөтлөх үнэн зам мөр нь магад гарах сэтгэл болон бодь сэтгэлийн хүч бүхий хоосон чанарын ойлголт. Бидэнд тэдгээр хоёрын аль аль нь хэрэгтэй. Мэдээж бодь сэтгэл төлөвшүүлэхэд бид их төрөлхтний сургаалд авч үздэг тэгш сэтгэл, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл болон “зургаан барамид” гэгддэг чанадын зургаан хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй.
Гэгээрэлд хүрэх нь боломжтой хэмээх итгэл төрсөн нь
“Нэлээн ухаалаг байна шүү, юутай ч би Хутагтын дөрвөн үнэнийг гурван төрөлхтний сэдэлтэй холболоо” хэмээн бид бодож болох юм. Гэвч бид Номын хялбарчилсан утгаас үнэхээр цааш гараа болов уу? Эхлэн суралцагчдын хувьд, сэтгэлийн түвшинд, үгүй л болов уу. Бид Номын хялбарчилсан хувилбарыг энэ насанд хэрхэн тусгаж болохыг авч үзсэн. Гэвч сэдлийн цар хүрээний тэдгээр гурван түвшинг өөрийн амьдралтай уялдуулж Номын жинхэнэ утгыг үнэхээр бүтээе гэвэл бид бидний тодорхойлсон сэдлийн (хотол өдөөлт ) тодорхойлолтыг эргэн харах хэрэгтэй.
Бид сэдлийн хоёр хэсэг байдаг гэж авч үзсэн. Бидний хүрэхийг хүсэж буй тэр зорилго, мөн түүний зэрэгцээ тэр зорилгод биднийг чиглүүлэх сэтгэл. Тухайн нэг зорилгод зорих нь хэрэв тэр нь чин сэтгэлийнх бол захирах төлөвтэй байдаг. Бид тэрхүү зорилго үнэндээ юу болох, ямар утгатай болох талаар тодорхой ойлголттой байх төдийгүй түүнд хүрэх боломжтой гэсэн итгэлтэй байх хэрэгтэй байдаг. Бид Бурхан багш түүнд хүрч чадсан харин бид бол чадахгүй хэмээн боддоггүй. Үүнд өмнө нь хэн нэгэн хүрч байсан төдийгүй бид ч бас үнэхээр түүнд хүрч чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.
Энэ зорилгод хүрэх боломжтой хэмээн бүрэн итгэсэн үед л бид түүнд чин сэтгэлээсээ зорьж чадна. Тийм үгүй бол энэ нь ердөө нэг хүсэл адил байх бөгөөд тийм тогтвортой байхгүй. Нагаржуна гэгээн үүнийг өөрийн Бодь сэтгэлийн тайлбар (Санс. Bodhichitta-vivarana) бүтээлдээ дурдсан бөгөөд тэрээр хурц ухаант тэдгээр нь эхэлж үнэмлэхүй бодь сэтгэл, хоосон чанарын ойлголтыг төрүүлнэ. Түүний дараа янагуух бодь сэтгэлийг төрүүлэх ба энэ үед тэд бусдын төлөө гэгээрэлд хүрэхийг зорино хэмээсэн. Үүний учир нь бид хоосон чанарын талаарх ойлголтыг төрүүлэх үед бидэнд гэтлэхүй болон гэгээрэл нь боломжтой гэсэн итгэл төрдөг явдал. Үүний үндсэн дээр бид бусдад туслах үүднээс гэтлэхүй болон гэгээрэлд хүрэх гэсэн хүсэл болох янагуух (харьцангуй) бодь сэтгэлийг төрүүлж чаддаг. Энэ арга нь хамгийн хурц ухааны чадамжтай тэдгээр төрөлхтнүүдэд хамаарна.
Харин ухааны эгэл чадамжтай тэдгээр төрөлхтнүүдийн хувьд дээрх дараалал эсрэг байх бөгөөд бид бусдын төлөө гэгээрэлд хүрэх хүсэл болох янагуух (харьцангуй) бодь сэтгэлийг эхэлж төрүүлэх ёстой болно. Түүний дараагаар алгуур үнэмлэхүй бодь сэтгэл, хоосон чанарын ойлголтыг гэтлэхүй, гэгээрлийг авчрах тэрхүү арга болгон төлөвшүүлнэ. Гэвч зорилго нь хүрэх боломжтой гэх итгэл нь түүнийг хүрэх боломжтой байх гэсэн таамаглалаас илүү хүчтэй байх ба учир нь бусад төрөлхтөн түүнд хүрсэн хэмээн үзнэ. Гэвч Нагаржуна гэгээн Бодь сэтгэлийн тайлбар зохиолоо хурц ухаантнуудын үзлийн үүднээс тайлбарласан бөгөөд ийм ч үүднээс тэрээр бүтээлээ хоосон чанарын сургаалаар эхэлсэн байдаг.
Итгэл төрүүлэх шаардлагатай гурван зүйл
Номын жинхэнэ утгыг үнэхээр бүтээхийн тулд бид үнэндээ гурван зүйлд итгэл төрүүлэх шаардлагтай байдаг. Эхний түвшинд (бага төрөлхтний түвшинд) бид дахин төрөл байдаг гэдэгт итгэх хэрэгтэй бөгөөд энэ нь бидний сэтгэлийн үргэлжлэл нь эхлэл үгүй, төгсгөл үгүй гэдгийг ойлгох явдал. Энэ итгэл дээр суурилан бид илүү сайн хойдын төрлүүдэд зорино. Бидний сэтгэлийн үргэлжлэл цаашид үргэлжлэх ба бид үүнд бүрэн итгэлтэй байж муу төрлийн зовлонгуудыг эдэлж, удаан хугацааны туршид номын зам мөрийн цаашдын ахицыг хаахыг мэдээж хүсэхгүй.
Дунд төрөлхтний түвшинд эхэлж бид гэтлэхүй нь хүрэх боломжтой хэмээн бүрэн итгэх хэрэгтэй ба энэ нь үл мэдэх мунхаг, муу сэтгэл, үйлийн үрийг бүрэн хорих хорихуй байна гэсэн ойлголтыг илэрхийлнэ. Энэ нь Хутагтын гурав дахь үнэнд итгэх гэсэн утгатай. Үүнд хүрэхэд бид мөн чанарт нь үл мэдэх мунхаг, муу сэтгэл зэрэг халдаагүй байх бидний сэтгэлийн үргэлжлэлийн угийн ариун чанарт итгэх хэрэгтэй байдаг.
Их төрөлхтний түвшинд бид гэгээрэл нь хүрэх боломжтой хэмээн итгэх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, бидний төрүүлдэг хуурмаг үзэгдлийг арилгах нь боломжтой. Энэ нь мөн нэг (сэтгэлийн) түр зуурын толбо. Оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийг гарган хардаг энэ нь сэтгэлийн мөн чанарын хэсэг биш. Сэтгэлийн үргэлжлэл нь түүнээс мөн ангид ариун.
Бурханлаг мөн чанарыг ойлгосноор урам төрсөн нь
Гурван төрөлхтний сургаалыг Номын жинхэнэ утгын түвшинд үнэхээр ойлгож, уялдуулахад, энэ бол бидний ажиллах ёстой тэр зүйл, бидэнд лам-рим сургаалын гурван зорилго нь хүрэх боломжтой, бид түүнд хүрч болно гэсэн хүчтэй итгэл хэрэгтэй байдаг. Үүнтэй холбоотой бид Бурханлаг мөн чанар буюу сэтгэлийн үргэлжлэл бүрд байх гэгээрлийн суурь болох хүчин зүйлүүдийн талаар ярилцсан. Үүнд сэтгэлийн эерэг чанарууд, бидний эерэг хүч болон ойлголтууд, сэтгэлийн хиргүй ариун мөн чанар багтана.
Гампопа гэгээн Гэтлэхүйн эрдэнийн чимэг бүтээлээ үүгээр эхэлсэн байдаг. Учир нь Бурханлаг мөн чанар нь энэ бүх үйл явцын нөхцөл болно. Тэрээр түүний араас гарч ирэх бусад бүх сэтгэлийн зам мөрийн зөв түвшнийг үнэхээр төлөвшүүлэх үүднээс үүнийг эхэнд нь ойлгохын чухлыг тэмдэглэсэн. Бурханлаг мөн чанарыг ойлгох нь гарцаагүй бидэнд урам төрүүлдөг тул бид түүнд итгэл тэрүүлэх хэрэгтэй. Энэ нь Нагаржуна гэгээний өгүүлсэн тэр зүйл бөгөөд урмыг дамжуулагч нь мэдээж бидний номын багш байх нь гарцаагүй.
Дүгнэлт
Лам-рим сургаал нь бидний одоо байгаа нөхцөлөөс бүрэн гэгээрэлд үе шаттайгаар хэрхэн хүрэх газрын зураглалыг бидэнд олгоно. Бидний ихэнхийн хувьд бүр тэрхүү эхний үе шатыг эхлэхийн өмнө энэ насны амьдралаа сайжруулах үүднээс Бурханы шашны сургаалыг хэрэглэхийг зорьдог Номын хялбарчилсан хувилбарын түвшнээр эхэлдэг.
Үүнд ямар нэг буруу зүйл ердөө байхгүй. Учир нь амьдралаа сайжруулахыг хүсэх нь бидний хувьд байгалийн мөн чанартай. Гэвч бид Номын хялбарчилсан хувилбарыг хамгийн бага түвшиндээ өөрсдийн ирээдүйн төрлүүдийн сайн сайхны тухай авч үздэг Номын жинхэнэ утгатай хольж болохгүй.
Номын жинхэнэ утгын энэ сууриас эхлэн бид зэрэглэсэн тэдгээр үе шатуудын дагуу гэгээрэл хүрч үнэхээр бусдад тусалж чадах хүртэл бага багаар зам мөрийг гүйцээхэд шамдаж болно.