Оюун судлахуйн арван найман тангараг

6-р хэсэгт сургаал

Зургадугаар хэсэгт сургаал: Хандлагын арван найман тангараг

Зургаа, долдугаар бүлэг нь нилээд урт жагсаалтаас бүрдэнэ. Зургадугаар бүлэг нь хандлагын сургаалтай нарийн холбоотой арван найман бүтээлээс бүрдэнэ. Долдугаар бүлэг нь бидний хандлагыг цэвэрлэж, сургах хорин хоёр зүйлийг багтаана. Эдгээр нь хэрхэн хувиа хичээхгүй байж бусдад санаа тавих талаар үнэхээр гайхалтай зүйлүүдийг зөвлөдөг. Эдгээрийг ердөө жагсаан үзүүлэх төдийгүй тус бүрээр нь тайлбарлавал сайн. Ингэх нь хэрэгтэй болов уу гэж би бодож байна. Учир нь төвд хэллэгүүд нь нилээд бүрхэг, хэцүү байдаг. Иймд сайн тайлбаргүй бол юун тухай ярьж байгааг мэдэхэд хэцүү.

Санскрит, төвд хэлэнд самаяа (дам-тшиг) гэдэг үг ойр холбоо үүсгэх бүтээлүүд гэсэн утгыг илэрхийлдэг. Эдгээр нь хандлагыг цэвэрлэх, сургахтай биднийг холбож байх зүйлүүд юм. Зарим нь бидний зайлсхийх хэрэгтэй үйлдлүүд байхад зарим нь хийх хэрэгтэй үйлүүд байна.

(1-3) Ерөнхий гурван утга дор үргэлжид суралцагтун.

Эдгээр ерөнхий гурван утгын нэгдэх нь (1) Оюун судлахуйн ам авсан тангараг лугаа хэзээ ч бүү хагацаж үйлд хэмээх. Энэ нь утга болон тайлбарын олон түвшинтэй. Үүнийг тайлбарлах нэг хэлбэр нь энэхүү хандлагыг цэвэрлэх бүтээлийн үед бид арван эерэг үр дүнд хүргэх үйлүүд (арван цагаан буян) гэх мэт бусад сургаалуудыг хайхрахгүй байх сэтгэл төрөхөд анхаарал хандуулах явдал. Хүмүүст “Би бодьсадвын бүтээл хийж байгаа учир би юу ч хийж болно” гэж санагдаж болох боловч энэ нь зөв зүйтэй ойлголт биш.

Үүнийг илүү нарийн судалж үзвэл нилээд хэцүү бас сонирхолтой. Нэг маргаантай жишээ авъя. Гэргийтэн хүний пратимокша сахилын нэг нь архи уухыг цээрлэх. Гэтэл “Би бол бодьсадва. Би бусдад туслахыг хичээж байна. Манай оронд архи уух нь тогтсон заншил бөгөөд хэрэв би найз нөхөдтэйгөө хамт тодорхой хэмжээнд уухгүй бол тэд нээлттэй байж, намайг сонсохгүй. Иймд би бусдад туслахыг хичээж буй бодьсадва учраас энэхүү ёс зүйн сургаалыг үл харгалзан архи ууж болно” гэж хэлж болно. Мэдээж энэ нь зөв байж болох нөхцөлүүд байж болох ч бид үүнийг ердөө архи уух шалтаг болгож хэрэглэхгүй байхад маш их анхаарах хэрэгтэй. Мөн энэ нь тэрхүү архины талаарх Бурханы шашны сургаал үнэхээр утгагүй, түүнтэй би санал нийлэхгүй байна гэх мэт сэтгэлийг далдлахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Ерөнхийлж авч үзвэл хүн бүрийн зайлсхийх хэрэгтэй мөн чанараараа сөрөг зүйлүүд, мөн тодорхой зорилгод зорьсон хүмүүсийн хувьд зайлсхийх хэрэгтэй гэж Бурхан багшийн үзсэн зүйлүүд байдаг. Эдгээр нь Бурхан багшийн бидэнд зөвлөсөн татгалзах ёстой зүйлүүдийн хоёр ангилал. Амь таслах нь мөн чанараараа сөрөг үйл бөгөөд хүн бүр үүнээс зайлсхийх ёстой. Архи уух нь маргаантай байж болох бөгөөд нөгөө ангилалд нь орж болох юм. Гэвч түүнийг бид хэрхэн ангилахаас үл хамааран хэрэв бид уур, шунал, хүсэн хүлэгдэх сэтгэл, мунхаг, ухаан санаа бүрхэг байх гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийн нөлөөнд орохгүй байхыг хүсвэл бид архинаас татгалзах хэрэгтэй. Учир нь энэ нь биднийг тэдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох илүү боломж олгоно. Иймд энэ бол бидний сонголт! Энэ нь бид амьдралдаа юу хийхийг хүсэж байгаагаас шалтгаална. Хэрэв бид тэдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг багасгахыг зорьж байгаа бол бид архинаас татгалзах хэрэгтэй. Хэрэв бидэнд хамаагүй бол юу хүссэн түүнийгээ л хийх болов уу. Хэрэв бид бусдад туслахыг хүсэж, сэтгэлээ тодорхой байлгахыг хүсвэл архины хор нөлөөнд орохгүй байх нь чухал.

Иймд бид өөртөө үнэнч байж олон нийтийн нөлөөгөөр согтууруулах ундаа хэрэглэх өөрийн сэдлийг шалгаж байх нь нилээд чухал. Бурхан багш архины талаар хэлсэн сургаалаа ямар учраас хэлснийг би үнэхээр ойлгож байна уу? Найз нөхөдтэйгөө архи уух нь тэдэнд туслах үнэхээр сайн арга мөн үү? Энэ нь тэднийг үнэхээр тайвшруулдаг уу? Энэ намайг үнэхээр тайвшруулдаг уу эсвэл өөр илүү үр дүнтэй, олон сөрөг нөлөөгүй аргууд байдаг уу? Үүнийг би нилээд чухал гэж боддог. Хэрэв бидний согтууруулах ундаа хэрэглэх сэдэл нь найз нөхөдтэйгээ сайхан уур амьсгал бүрдүүлэх тухай бол архины сөрөг нөлөөтэй адил сөрөг нөлөөгүй, өөр хийж болох олон аргууд бий. Хэрэв бид жишээлбэл архи хэрэглэхгүй гэх мэт сахил авсан бол түүнийг зөрчихгүй байх нь чухал. Үүнийг маргаантай асуудал гэдгийг би мэдэж байна, гэвч үүнийг их нухацтай авч үзэх нь чухал гэж боддог.

Хэрэв бидний хүлээсэн үүрэг бусдад туслахад суралцах бол аливаа зүйлийг бодит оролцооны түвшинд бас сэтгэлийн түвшинд хийж байх нь чухал. Олон хүмүүс усан тахил болон бусад зүйлүүдийг бусдад өргөж байна хэмээн дүрсэлж өргөл үйлдэж болно гэж боддог боловч хүмүүст ямар нэг зүйл өгөх, тэдэнд туслах гэх мэт бодит түвшинд тодорхой зүйл хийдэггүй. Зарим хүмүүс ердөө бясалгал хийн, бүх зүйлийг сэтгэлийн түвшинд хийж, мөргөл үйлдэх, мандал өргөх гэх мэт биеэр үйлдэх бүтээлүүдийг хийх шаардлагагүй гэж боддог. Ийм тэнцвэргүй байдлаар бүтээл хийхийг энэ санаанд багтаан авч үзэж болно. Мөргөл үйлдэх, мандал өргөхийн хувьд тэдгээр нь бидний өдөр тутмын амьдралтай хэрхэн холбогдохыг ойлгохыг хичээх хэрэгтэй. Мандалыг ердөө өргөх нь хангалттай биш; бид өөртөө буй бүхий л зүйлийг, бидний сонирхол, цаг зав, эрч хүч бүгдийг бусдад бас өргөх хэрэгтэй. Мөргөлийн хувьд мөн адил; Бурханы дүрд хүндлэл үзүүлээд эцэг эх, бусад хүмүүст хүндлэл үзүүлэхгүй бол энэ нь тийм сайн бүтээл биш. Бүтээлүүдийг өдөр тутмын амьдралд хэрэглэх хэрэгтэй.

Ерөнхий гурван утгын хоёрдахь нь (2) Оюун судлахуйг тоомжиргүй байдлаар алдаж бүү үйлд хэмээх нь. “Тоомжиргүй” гэдэг нь ямар нэг утгагүй зүйл хийх гэсэн утгатай. Жишээ нь, том лам ном тавьж байхад гуя гарсан богино юбка өмсөж ирэх нь зохимжит түвшнээс хэтэрсэн тоомжиргүй байдал. Иймд Их хөлгөний хандлагыг сургаж, цэвэрлэх бүтээлийн үед мод огтлох, байгаль орчин бохирдуулах гэх мэт тоомжир, болгоомжгүй үйлүүдийг хийж болно гэж бодож болохгүй. Эсвэл гэм хортой нөхцөлүүдийг эерэг нөхцөлд урвуулж чадна хэмээн гэм хор хүргэхэд тоомжиргүй байж болохгүй. Тоомжиргүй байдлын өөр нэг хэлбэр бол бүтээлдээ хуурамч байдлаар хандах. Өөрөөр хэлбэл бусад хүмүүийн дэргэд гаднаа сайхан дүр эсгэх боловч гэр орондоо ялаа, шумуул байвал Африкт сафаригаар явж буй мэт хөөцөлдөн явж алахгүй байх явдал. Энэ бол тоомжиргүй байдал.

Гуравдахь ерөнхий утга нь (3) Садан хийгээд садан бус, хүн хийгээд хүн бус дор алагчлалгүй үйлд хэмээх. “Алагчлал” гэдэг нь бүтээлийг зөвхөн өөрийн найз, гэр бүлийнхэнтэйгээ холбон хийж, бидэнтэй зөрчилтэй байдаг тэдгээр хүмүүсийг үл хайхрах гэсэн утгатай. Хэрэв бид хандлагаа өөрлчөх гэж буй бол хэцүү нөхцөлүүд, зөрчилтэй хүмүүстэйгээ бас ажиллах хэрэгтэй. Төвд хүмүүсийн хэрэглэдэг алагчлах сэтгэлийн нэг жишээ нь ажлын газрын дарга гэх мэт өөрөөсөө дээгүүр албан тушаалтай хүн биднийг зэмлэх үед түүнийг хүлээн авч, доогуур албан тушаалтай хэн нэг хүн биднийг зэмлэвэл уурлаж бухимдах явдал. Бид ажилгүй болж магадгүй учраас даргадаа тэвчээртэй хандах боловч доогуур албан тушаалын хүнд тийм байдлаар ханддаггүй.

Танихгүй хүмүүсээс илүүтэйгээр найз нөхөд, гэр бүлийнхэндээ хандаж бүтээлийг үйлдэх нь олон талаараа илүү хялбар байдаг учраас танихгүй хүн, найз нөхөд, гэр бүлийн хүмүүст адил хандаж бүтээлийг хийх хэрэгтэй гэдэг. Барууны олон хүмүүсийн хувьд энэ нь эсрэг байдаг. Гэр бүлийн хүмүүсийн хувьд энэ нь илүү хэцүү. Гэр бүлийн хүмүүс гадны хүмүүс, найзуудаас илүүтэйгээр бидэнд түвэгтэй байдаг. Алагчлахгүй байх гэдгийн хувьд бид зөвхөн төвд хүмүүсийн тайлбарласан тэрхүү хэлбэрийг бус аль аль хэлбэрийг нь хэрэглэх хэрэгтэй гэж би бодож байна.

(4) Санаагаа урвуулах агаад өөрөө тэгш орш.

Энэ нь зан байдлын хувьд ердийн байдлаа хадгалах гэсэн утгатай. Жишээ нь бид хэдийгээр хүн бүрт энэрэн нигүүлсэх сэтгэл зэргийг төрүүлэхийг хичээж байгаа боловч хэрэв бид бусдын өмнө өөрийн өрөвдөх сэтгэлээ харуулан уйлах гэх мэт байдлыг үзүүлбэл энэ нь хуурамч мэт санагдаж болно. Мэдээж зовж байгаа хүнийг бид тайтгаруулахаас илүүтэйгээр тэд биднийг тайтгаруулах юм бол утгагүй болно! Иймд тухайн сургаал бол өөрийн хүчтэй сэтгэл хөдлөлөөр өөрийгөө эрхлүүлэх эсвэл тохиромжгүй үед бусдад харуулахгүй байх явдал. Хүүхдүүдийнхээ өмнө өөрийн эрхгүй уйлах, эсвэл айдсаа мэдэгдэх гэх мэт бидний сэтгэл хөдлөл бусдад анзаарагдсанаар тэдэнд эвгүй сэтгэгдэл төрөх тохиолдолд бид түүнийг дотроо барих нь хамгийн сайн.

Барууны нөхцөлд үүнд илүү тайлбар хэрэгтэй гэж бодож байна. Бид бусадтай хамт байж, тэд бидэнд асуудал, зовлонгоо ярьснаар бид ямарч сэтгэлийн илэрхийлэлгүй байхгүйгээр тодорхой нэг сэтгэл харуулах хэрэгтэй болно. Гэвч тухайн хүний мөрөнд гараа тавих гэх мэтээр өрөвдөх сэтгэлээ илэрхийлэхдээ тухайн хүнд юу ямар санагдахад маш мэдрэмжтэй байх нь чухал. Зарим хүнд түшээд уйлах хэн нэгэн хүн хэрэгтэй байдаг бол зарим нь өөрийгөө хамгаалан бусдаар өрөвдүүлэхийг хүсэхгүй. Иймд хамгийн чухал зүйл бол бусдыг байдлыг харгалзаж үзэх явдал. Ийм учраас тонлэн буюу өгөхүй ба авахуйн сургаалыг далд хий гэдэг бөгөөд энэ нь тухайн хүн болон бусад хүмүүс бидний юу хийж байгааг мэдэхгүй байх гэсэн утгатай.

Энэ үнэхээр маш чухал зөвлөгөө. Төвдийн Бурханы шашныг сонирхдог олон хүмүүс эрхийг гоёл чимэглэл мэтээр бугуй эсвэл хүзүүндээ зүүж явдаг. Ингээд асуудал, бэрхшээлтэй тулгарсан хэн нэгэнтэй таарвал булан тохойд суун “Ум мани падмэ хум” хэмээн эрхээ эргүүлж эхлэх ба бусад хүмүүс тэднийг солиорсон болов уу хэмээн бодно. Тэд бүр дургүйцдэг. Иймд биеэ авч явах энгийн байдлаа хадгалах нь нилээд чухал. Бид “Ум мани падмэ хум” маанийг дотроо уншиж болно; заавал чанга дуугаар, эрх эргүүлж унших албагүй.

Мөн анагаах, эрүүлжүүлэх бүхэл бүтэн бизнес явагддаг. Энэ нилээд сонирхолтой сэдэв. Хүмүүс анагаах, эрүүлжүүлэх бүтээл хийхдээ энергээр эмчлэх гэх мэт түүнийг илэрхий үзүүлж харуулах байдлаар хийдэг. Үүнийг төвд хүмүүс саад тотгорыг урьж дуудна гэдэг. Хэрэв энэ нь амжилтгүй болбол, ихэнх тохиолдолд амжилтгүй болдог, бид өөрийгөө эвгүй байдал оруулна. Бурханы шашинд анагаах гол бүтээл нь тонлэн бөгөөд бид хүмүүст юу хийж байгаагаа хэлдэггүй. Хэрэв амжилттай болбол “Би үүнийг танд хийсэн, надад төлбөр төлнө үү, эсвэл баярласан талархсанаа илэрхийлэх, толгой илэх, надад сайн байгаарай” гэх мэт зүйлийг хэлэхгүй. Хэрэв амжилтгүй болбол бид эвгүй байдалд орохгүй.

Иймд энэ бол бүтээлийг бидэнд ойртуулах сайн зөвлөгө юм. Энгийн байдлаа хадгалснаар бидний юу хийж байгааг хэн ч мэдэхгүй. Мөн хооллохын өмнө унших ерөөл гэх мэт зүйлийн хувьд ч дотроо чимээгүй хийх нь үргэлж илүү дээр байдаг. Хэрэв бид Бурханы шашинтан хүмүүстэй хамт байгаа бол өөр хэрэг. Гэвч хэрэв бид гэр бүлийн хүмүүстэйгээ хамт байх үедээ “Ум а хум” гэх мэт зүйлүүдийг тэдний өмнө чанга дуугаар хийж эхэлбэл энэ нь ердөө эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.

(5) Бусдын сул талыг өгүүлж бүү үйлд.

Төвд хүмүүсийн хэрэглэдэг нэг жишээ бол хараагүй хүний хараагүй гэж хэлэхгүй байх явдал. Эсвэл цэцэн цэлмэг биш хүнийг ухаангүй гэж дуудахгүй байх. Тухайн хүн өөрийгөө тийм их ухаантай биш гэж мэдэж байгаа, бид түүнийг хөндөх шаардлагагүй. Энэ бол нилээд сонирхолтой. Учир нь энэ нь ёжлох, тоглоом шоглоом хийх гэсэн бүхэл бүтэн сэдэв рүү орно. Бид бусад хүмүүсийг ёжлон түүнийгээ хөгжилтэй гэж боддог боловч үнэн хэрэгтэй энэ нь тэдний сэтгэлийг үнэхээр хөнддөг. Зарим хүмүүс нь бие биеэ ёжлохыг нөхөрсөг байдал гэж үздэг. Бид түүний цаана байх санаагаа гүнзгий сайн шалгах ёстой гэж би бодож байна.

Америкт хүмүүс бие биеэ их егөөддөг. Тэд бие биетэйгээ хөгжилддөг. Хэн нэгний хамрыг том гэж хэлэх, эхнэрийг нь царай муутай гэж хэлэх гэх мэт шог үгнүүд бий. Энэ нь хошин шогтой адил; хэн нэг хүн шатнаас унахад бүгд инээнэ. Хавчуургатай бин авч таны нүүр рүү шидэхэд бүгд инээнэ. Хүүхэлдэйн кинонууд байна. Муурын дээрээс хад унаж, дараа нь түүнийг өөр нэг зүйл хийхэд алхаар цохиулах гэх мэт. Хүүхдэд зориулсан! Үүний цаана ямар бодол байдаг бол? Энэ үнэхээр хачин сэтгэлгээ шүү.

Юутай ч бусдын сул талыг өгүүлэх гэдэгт бусдаар тоглоом тохуу хийх, тэднийг егөөдөх зэргийг оруулж ойлгоно. Хэдийгээр бид үүнийг гэмгүй, хөгжилтэй гэж бодож болох боловч энэ нь үнэндээ бусад хүмүүсийн сэтгэлийг хөнддөг.

(6) Бусдын зүгийг (бурууг) үл санагтун.

Энэ нь бусдын бурууг хайж эсвэл тэднийг байнга шүүмжлэхгүй байх гэсэн утгатай. Жишээ нь багш шавийн харилцааны хувьд бид багшийнхаа зөвхөн сайн талууд дээр анхаарах хэрэгтэй. Учир нь бид түүнээс л үлгэр дууриал авна. Бид багшийнхаа сул талыг үгүйсгэхгүй боловч түүнд анхаарал хандуулдаггүй. Учир нь тэр бол ердөө сэтгэлийн хямрал, гомдолд хүргэнэ. Багшийнхаа сул талыг харахтай холбогдуулан өгдөг зөвлөгөө нь тийнхүү харж байгаа байдал нь ердөө бидний төсөөлөл биш байхад анхаарах явдал. Жишээлбэл, хэрэв бидний эцэг эх бидэнд хангалттай анхаарал тавьдаггүй байсан бол хэдийгээр багшаа завгүй, олон газраар явж ном тавьж байсан ч түүнийг эцэг эхийнхээ адил юм гэж бодож болно. Хэдий бид багшийнхаа талаар төсөөлсөн бодож буй энэ мэт байдлыг арилгасан ч зарим бодит сул талуудыг харсаар байна. Үүнд өгөх зөвлөгөө бол алдаа дутагдлаас нь илүү сайн чанарууд дээр нь анхаарах явдал.

Илүү өргөн хүрээнд авч үзвэл энэхүү аргыг хүн бүртэй харилцах харилцаанд хэрэглэх боломжтой. Хэрэв бид бусдад туслахыг хүсэж байгаа бол тэдний сул талыг арилгахын тулд түүн дээр нь төвлөрөх нь нэг хэрэг, гэвч бид ихэнх тохилдолд бусад хүмүүсийн сул талд бухимддаг. Хэрэв бид тухайн нэг хүний сайн тал дээр төвлөрвөл хэдийгээр тэдэнтэй удаан хугацаагаар хамт байдаггүй ч бид тэдэнд маш эерэг хандлагаар хандсаар байдаг. Хэрэв бидний гол бүтээл бусдыг эрхэмлэх ийм хандлага төлөвшүүлэх, бусдад туслах явдал бол үргэлж тэдний сул талыг тоочих нь тус болохгүй. Хүмүүсийн сайн талыг харах нь тэдний талаар эерэгээр бодоход нөлөөлнө.

Шүүмжлэлтэй хандах хандлага маш сонирхолтой байдаг. Ихэнх тохиолдолд бид өөртөө ойр байдаг хүмүүст хамгийн их шүүмжлэлтэй ханддаг. Жишээ нь зарим хүмүүс өөрийн хүүхэд, эсвэл эцэг эхийг өв тэгш байхыг хүлээдэг. Хэрэв тийм биш байвал тэдэнд шүүмжлэлтэй хандана. Ямарч хүн өв тэгш байдаггүй учраас тэдний сул талаар нь оролдсоноос сайн тал дээр нь анхаарах нь хамаагүй илүү дээр. Энэ бүхэн бусад хүмүүсийн талаар бодит ойлголттой байхаас хамаарна.

(7) Аль хүч ихтэй өөрийн хилэнцийг эхлээд арилга.

Уур эсвэл хүсэн хүлэгдэх сэтгэл эсвэл атаархал гэх мэт бидний хамгийн хэцүү сэтгэл хөдлөл юу ч байсан хамгийн түрүүнд түүнийг бид арилгах эсвэл наад зах нь багасгахыг оролдох хэрэгтэй. Бид бусдад туслахыг хүсдэг боловч бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл түүнийг хийхэд саад болно. Өөртөө үнэнч байж, өөрийгөө шалган, бидний хамгийн том сэтгэл хөдлөлийн асуудал юу болохыг олж мэдэх нь маш чухал. Түүнтэй нүүр тулахаас эмээхээс илүүтэйгээр тонлэн сургаалд гардагчлан бид эхлээд өөрийн энэхүү асуудлаас эхлэх хэрэгтэй. Үүний тулд бид зөвхөн нэг бус олон аргад суралцахыг хичээх ёстой. Зарим өдөр тодорхой нэг аргыг амжилттай хэрэглэж чадах бол бусад өдөр тийм биш байж болно. Иймд хэрэглэх олон аргатай байх нь чухал.

Энэ удаагийн сургаалд бид өөрийгөө гэрчилж өөр рүүгээ харах хэрэгтэй, бид өөрийгөө хамгийн сайн мэднэ гэх мэт санаануудтай олон дахин таарч байгаа нь их сонирхолтой санагдаж байна. Энэ нь бид өөрийн бодол, сэтгэлийг шинжиж үзэх хэрэгтэй гэсэн утга юм. Мэдээж олон хүмүүс тийм байдаггүй. Хүмүүс өөрөө анзаардаггүй тул хэн нэг өөр хүн тэдэнд хувиа хичээж аливаа зүйлийг хийж байна гэж хэлэх хэрэгтэй болдог. Гэвч бусдаас ийм маягийн үнэнч шударга санал бодол хүлээн авах нилээд хэцүү. Үүнд маш үнэнч, итгэлцсэн харилцаа шаардлагатай. Хэрэв бид хэн нэгээс өөрийн талаар илүү их зүйл мэдэж авахад туслахыг хүсэж, тэд бидний талаар бүр сонсохыг хүсээгүй тийм зүйл хэлсэн ч уурлаж бухимдаж, өөрийгөө өмөөрөхгүй гэсэн сэтгэлээр түүнийг хийх хэрэгтэй. Гэвч хэдийгээр бид үнэхээр хамгийн сайн найзаасаа бидний талаар үнэлэлт дүгнэлт өгөхийг хүссэн ч тухайн хүн бол гол гэрч биш. Хэрэв тэд бидэнд зарим нэг шижим өгсөн бол түүний хэлсэн зүйл үнэн үү, худал уу гэдгийг бид шалгах ёстой.

(8) Үрийг горилох бүгдийг тэвчигтүн.

Энэ нь бусдад туслаад хариу ямар нэг зүйл харах гэсэн утгатай. Энэ мэдээж амаргүй. Учир нь бид ихэнх тохиолдолд маш нарийн хэлбэр бүхий шалтгаанаар бусдад тусалдаг. Энэ нь “Дараа хэзээ нэг цагт чи надад тус болохыг би хүсэж байгаа учраас би чамд тусалж байна” гэх мэт илэрхий, бодит зүйл биш байж болох ч ихэнх тохиолдолд бид талархал, хайр хүндлэл хүсдэг. Заримдаа бид ердөө өөрийгөө хэрэгтэй, тус болно гэж санасаны үндсэн дээр тусалдаг. Энэ ялангуяа насанд хүрсэн хүүхэдтэй эцэг эхчүүдэд их тохиолдоно. Хүүхдэд нь тэдний тусламж хэрэггүй эсвэл тэд хэрэггүй мэт сэтгэл төрнө. Иймд сэдэл нь тодорхой нэг өөрийн талаар бодсон сэтгэлтэй холбоотой байх бөгөөд хэрэв бид ийм сэдэлтэй байгаа үед нөгөө хүн нь бидэнд баярлаж талархахгүй, эсвэл “Таны тусламж хэрэггүй” гэж хэлэх үед мэдээж бухимдана.

Тодорхой дүрслэлүүд үүүнд маш тустай байдаг. Энэтхэгийн Бурханы шашны гүн ухааны хэд хэдэн урсгал, сургуулиуд бий. Тэдгээрийн нэг нь Прасангика урсгал. Прасангика нар логик уялдаа холбоогүй дүгнэлт гэсэн утга бүхий Бурханы шашны учир шалтгааны ухааны нэр томьёо болох прасангаг (хэтрүүлэл) баримтлан учир шалтгааны тайлбар хийдэг. Өөрийн хандлага, зан байдлыг түүний хэтрүүлсэн логик уялдаагүй байдлаар нь авч үзэж, бид хэрхэн үйлдэл хийж байгаагаа харах нь тустай. Амьтадын дүр байдал үүнд их тустай байдаг.

Жишээлбэл, бид заримдаа хэрхэн нохой мэт үйлдэл хийдгийг харахад их сонирхолтой. Биднийг гэртээ ирэхэд нохой маань толгойгоо илүүлэхээр хүлээж байдаг. Энэ нь бид хэн нэгэнд ямар нэг зүйл хийж өгсөнийхөө дараа ямар хандлагтай байдагтай адилхан биш гэж үү? Бид нохойны адилаар тухайн хүн бидний толгойг илж, “Энэ бүхнийг хийж өгсөнд үнэхээр баярлалаа” гэж хэлэхийг хүлээж зогсдог уу? Хэрэв тэд бидний толгойг илбэл бид яах бол, сүүлээ шарвалзуулах уу? Толгойгоо илүүлснээр юунд хүрэх бэ? Хэрэв бид талархал хүлээж байгаагаа анзаарах юм бол нохой толгойгоо илүүлэхийг хүлээж байгаа дүр зургийг санах хэрэгтэй. Энэ нь бид ямар гэнэн томоогүй болохыг харахад тусална. Хэрэв бид бусдад ямар нэг зүйл хийж өгөх гэж буй бол ердөө л түүнийг тухайн хүний тусад хийх нь чухал.

Энэ их нарийн. Хүүхдүүдийн жишээг авч үзье. Эцэг эх нь бүх зүйлийг, хувцас, өрөө тасалгаа, хоол хүнс гэх мэт бүгдийг хийж өгнө. Тэгээд юу болдог вэ? Ихэнх тохилдолд хүүхдүүд талархал илэрхийлдэггүй, ердөө л хэрэглэдэг. Ялангуяа өсвөр насандаа. Эцэг эхийн хувьд бид юу хүсдэг вэ? Бид хүүхдүүдээсээ хувцасыг нь угаах удаа бүртээ талархал хүлээдэг үү? Тийм биш. Хэрэв хүүхдүүд зарим үүрэг хариуцлага хүлээж, ухаан сууж, бусдад анхаарал тавьж эхэлбэл бид тэднийг талархал илэрхийлж байна гэж үздэг. Бусдад ямар нэг зүйл хийж өгөхдөө, хэдийгээр бид талархал хүлээх үүднээс хийгээгүй ч тухайн хүнийг өөрөөсөө хамааралтай болгох эсвэл биднийг үргэлж ашиглах байдалд хүргэхгүйгээр хийх нь бас чухал. Энэ нь бид бусдад туслахдаа тухайн хүнд хэрэгтэй, тустай мэт байхыг өөрөө хүссэний улмаас тусалж байна уу эсвэл үнэхээр тэдэнд туслах үүднээс тусалж байна уу гэдгээ шалгахыг эргээд шаардана. Хэрэв энэ нь тэднийг биднээс хамааралтай болгох хандлагатай байвал тийм их тустай зүйл биш юм.

(9) Хор идэхийг тэвч.

Энэ нь бүтээлээ өөрийг эрхэмлэх үзлээр хиртүүлэх гэсэн утгыг илэрхийлнэ. Хэдийгээр бид эерэг, буяны сэтгэлтэй, эерэг үр дагаварт хүргэх үйл хийж байсан ч хэрэв энэ нь өөрийг эрхэмлэх сэтгэлтэй холилдсон байгааг анзаарвал түүнийг орхиж, сэдлээ засан дахин шинээр эхлэхийг зөвлөнө. Хэрэв бид хэн нэгэнд ямар нэг зүйл хийж өгөхийг хүсэж түүгээрээ өөрөө чухал, талархал хүлээх хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байвал энэ нь бидний эерэг үйлийг өөрийгөө эрхэмлэх үзлээр хиртүүлж буй явдал. Учир нь бид түүгээр өөрийгөө харуулахыг зорьсон байдаг. Энэ тохиолдолд хойш ухран сэдлээ засах нь зөв. Мөн л өөртөө үнэнч байх гэдэг ойлголтыг эргэж харах хэрэгтэй.

Тэгвэл өөрийн эерэг үйлээ өөрийгөө эрхэмлэх үзэл дээр суурилсан байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Үүний нэг шинж нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагын тодорхойлолтонд байдаг гэж би боддог. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага нь бидний сэтгэлд төрөхөөрөө сэтгэлийн тайван байдлыг алдагдуулж, биднийг тайван бус болгодог. Энэ нь бас бидний эргэн тойронд байгаа бусад хүмүүсийг тайван бус болгож болно. Мөн биднийг хяналтгүй болгодог.

Дотооддоо тайван бус, цухалдуу байх нь маш нарийн хэлбэртэй байж болно. “Цухалдуу” гэдэг нь хэтэрхий хүчтэй үг байж магадгүй. Шантидэва гэгээний хэлсэнчлэн хөлөнд өргөс орох гэх мэт үед хэрэв гар хөлөндөө туслахад бид хөлийг гарандаа талархал илэрхийлэхийг хүлээхгүй. Хөл, гар хоёр холбоотой учраас гар нь хөлөндөө тусалдаг. Үүний адилаар аяга таваг угаах гэх мэтээр бусдад туслах үед түүнийг том зүйл болгох эсвэл гомдол тавих шаардлага байхгүй. Аяга таваг бохир байвал түүнийг угаах шаардлагатай. Ингэвэл бид дотооддоо маш тайван байна. Гэвч хэрэв бид тэдгээрт дургүйцэн, “Чи үнэхээр эмх замбараагүй, би яагаад үргэлж чиний аягыг угааж байх ёстой юм. Гэвч би бодьсадвын зам мөрд суралцаж байгаа учраас би хийх хэрэгтэй” гэсэн бодлоор угааж байвал энэ бохир хандлага.

Ложон сургаалын зарим эх зохиолуудад бидний тус хүргэсэн хүн хариуд нь ямар нэг сайхан зүйл хийнэ гэж хүлээж, найдахгүй байх хэрэгтэй гэж гардаг. Энэ тоглоом болно. Өөрийгөө ажиглаж эхлэх үед бид бидний дотор бага зэрэг тайван бус байдал байгааг анзаарах ба энэ нь өөрийгөө эрхэмлэх сэтгэл эсвэл өөр ямар нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд байгааг илэрхийлнэ. Энэ нь нөгөө хүнд “Би аягыг чинь угаачихсан” гэж хэлэхэд хүргэнэ. Бид яагаад түүнийг тэдэнд хэлэх ёстой гэж? Түүнийг хэлэхийг өмнө бид дотроо бага зэрэг тэвдэх байдал мэдрэх ба энэ нь маш нарийн байна. Гэвч бүтээл хийснээр бид тэнд өөрийг эрхэмлэх сэтгэл аяндаа төрж байгааг мэднэ. Энэ бол бидний илрүүлж сурах хэрэгтэй зүйл. Энэ үнэхээр хялбар сурах бүтээл биш, гэвч сурахыг оролдох нь чухал.

Эерэг үр дагаварт хүргэх зан байдал гэж ярих үед бид түүний хоёр төрлийг авч үздэг. Нэг нь төөрөгдөл бүхий, тухайлбал өөрийгөө эрхэмлэх сэтгэлийн оролцоотой, нөгөө нь төөрөгдөл үгүй. Өөрийг эрхэмлэх, “Би үүнийг бусад надад сайн байх, талархах үүднээс хийж байна” гэсэн хандлагатай эерэг зан байдал нь илүү сайн, чөлөө учрал бүхий төрөл авах шалтгаан болох боловч орчлонг үргэлжлүүлсээр байна. Харин төөрөгдөл үгүй эерэг үр дагаварт хүргэх үйл нь гэтлэхүй, гэгээрэлд хүрэх эерэг хүч, чадамжийг бий болгоно. Бид бүгдэд эерэг зан байдлын эерэг чадамжийн нөлөө байдаг бөгөөд бид эдгээр нөлөөг сайжруулахыг эрмэлзэнэ. Гэвч эерэг чадамж хэрхэн боловсрох вэ? Баяр жаргал болно. Хэрэв тэрхүү чадамж нь төөрөгдөлтэй хавсарсан байвал энэ нь ашид үргэлжлэхгүй, сэтгэлийг бүрэн хангахгүй баяр жаргал буюу урвах зовлонд хүргэнэ. Бидний зорьж буй туйлын зорилго бол төөрөгдөл үгүй эерэг чадамжийн харилцан үйлчлэлийг нэмэгдүүлэх явдал.

(10) Хилэнц илт болох даруй түүнийг дар.

Энэ нь сэтгэл дэх гол замыг сэтгэлийн тайван байдал алдагдуулах бодлуудад зориулахаас илүүтэйгээр бусдыг эрхэмлэх эерэг бодолд хандуулах хэрэгтэй гэсэн утгатай. Уур, шунал, атаархал, өөрийг эрхэмлэх сэтгэл төрмөгц түүгээр оролдохгүй байх хэрэгтэй. Шууд арилгахыг хичээ. Хэрэв бид түүгээр оролдож “Өөрийгөө аятай таатай байлгая” эсвэл “Бухимдахад буруу зүйл байхгүй” гэх мэтээр бодвол энэ нь бидний сэтгэлийн гол замыг сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлд оруулж буй хэрэг. Энэ нь улам бүр хүчтэй болсоор бид хяналтаа алдаж улмаар түүний эрхшээлд орно. Сэтгэл дэх сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлд эелдэг хандах хэрэггүй; бусдад эелдэг ханд гэдэг.

Зургаа, долдугаар бүлгийн энэхүү бүтээлийн жагсаалтыг өдөр тутмын бүтээл болгож санаж байх нь маш чухал. Мөн хэрэв бид бодьсадвын, тарнийн сахил авсан бол тэдгээрийг уншиж, санаж байх нь маш сайн өдөр тутмын бүтээл болно. Энэ нь амьдралын маш сайн мөрдлөг болох эдгээр зөвлөгөөнүүдийг санахад тусална. Бидний өдөр тутмын бүтээлийн нэг хэсэг нь эдгээр мөрдлөгүүдийг ердөө унших бус тэднээс нэг, хоёрыг тусгайлан авч үзэн, би үнэхээр үүнийг хийж байна уу, хийхгүй байна уу хэмээн цэгнэж түүнийг дагасаны давуу талыг харах явдал байж болно. Маш их тустай байна. Гэвч хэтэрхий хурдан түргэн хийхгүй байх нь чухал. Ийм жагсаалтыг тэдгээрийн утга санаанд анхаарал тавихгүйгээр механикаар уншиж дуусгахад амархан байдаг.

Үүнийг өдөрт хоёр удаа, өглөө, оройд хийвэл сайн. Өглөөд жагсаалтаа уншаад өдрийн турш тэдгээрийг дагах хүчтэй зорилго тавьж, орой нь өдрийн турш тэдгээр мөрдлөгүүдийг хэрхэн амжилтай дагасныг нягтлах хэрэгтэй. Гэвш Бэн Кунгялын хэдэн цагаан, хэдэн хар чулуу өөртөө байлгадаг тухай нэг түүх бий. Тэрээр зөвлөгөөг дагах бүртээ нэг цагаан чулуу гарган тавьж, дагаагүй бол нэг хар чулууг гарган тавьдаг байжээ. Тэгээд өдрийн турш юу хийсэн талаараа маш тодорхой дүр зураг хардаг байв.

Гол санаа нь мэдээж сайн байвал өөрөө бардамнаж, үгүй бол өөрийгөө гэм буруутайд тооцох явдал биш. Харин бид сайн байсан бол түүндээ баясах сэтгэл төрүүлэх явдал. Өөрийгөө үнэлэх энэхүү үнэлгээг хэтрүүлэхгүй, харин хэрэв бид сөрөг үйлдлийг илүү их хийж байвал түүнд харамсах сэтгэл төрүүлээд, түүнийг илүү сайн болгох шийдвэр гаргах хэрэгтэй. Ахиц нь тэгш шулуун өсөлт байдаггүй; зарим өдөр нь бусад өдрүүдээс илүү сайн байх жишээтэй. Энэ нь бид хэвээр байгаа гэсэн үг биш. Аль болох өдөр бүр эерэг, хувиа бага хичээх байдлаар үйлдэл хийхийг чадах чинээгээрээ оролдох нь чухал. Хүлээлт, сэтгэл зовнилыг хэтрүүлж болохгүй. Учир нь мэдээж зарим өдөр амжилттай сайн, зарим өдөр амжилтгүй байна.

(11) Муулсны хариуд тэднийг эргүүлэн бүү муушаа.

“Муулах” гэдэг нь бусад хүмүүс бидэнд муу нэр тохож, зодож, ямар нэг муу зүйл хийсний төлөө тэднээс хариугаа авах гэсэн утгатай юм. Хэн нэгэн биднийг доромжлон гутаавал буцааж хэлэх ямар нэг илүү муу зүйлийг хайх хэрэггүй. Түүнийг ердөө өнгөрүүлэх хэрэгтэй. Үүнийг хийх олон арга бий. Мэдээж бид дотроо ууртай үлдэж түүнийг дарахыг хүсдэггүй. Хэрэв хэн нэгэн бидэнд таагүй зүйлийг хэлбэл энэ нь ердөө дуу чимээ, агаарын долгион бөгөөд эдгээр үгийг сонсож байгаа явдал нь ердөө сэтгэлийн нэг мэдрэмж гэдгийг ойлгох хэрэгтэй. Дуу гарах, түүнийг сонсох бол тийм их том зүйл биш. Түүнд ердөө нададүүнийг хэлсэн чи, муу хүн гэсэн дуалист ойлголт нөлөөлснөөр би бухимдаж, хариу нэхэх сэтгэл төрнө. Үүний адил хэрэв хэн нэг хүн маргаан эхлүүлснээр бид тэдэнтэй хариу маргалдвал энэ нь бидний бусдын төлөө хийх гэж буй бүхий л зүйлийг янз бүрийн байдлаар сүйтгэнэ. Хэрэв биднийг доромжлоход бид хариу маргаж байвал бид өөрийгөө бодож буй хэрэг.

Ийм нөхцөлүүдэд бодьсадвын сахил маш тодорхой харагдана. Биднийг доромжилсон хэн нэгэн рүү хариу барихгүй байх нь тэднийг гэм хор хийхэд хүргэхээс зайлсхийж, харин туслахыг оролдож буй хэрэг. Тийм нөхцөлүүдэд бид аль болох тайван арга хэрэглэхийг мэдээж хичээнэ. Гэвч тайван арга нөлөөлөхгүй бол бүр тэдэнд таатай нөхцөл өгсөний дараа хэрэв бидэнд арай хүчтэй аргаар тэрхүү хүчирхийллийг зогсоох боломж байгаа бол түүнийг хийхгүй байх нь бодьсадвын сахилд харшилна. Бид нөхцөл байдалд бодитой хандах хэрэгтэй.

Дээрхийн Гэгээн Далай ламд хүмүүс Төвдөд хүч хэрэглэх хүсэлт тавьдаг боловч тэрээр тэр нөхцөлд хэдийгээр тайван арга зам үр дүнд хүрэхгүй байгаа мэт санагддаг боловч хүчирхийлэл, алан хядлага нь бидний хаана ч хүргэхгүй гэдэг. Хэрэв бид нэг зуун хятад цэргийг устгавал тэд хоёр зуун цэрэг илгээх болно. 1.2 тэрбум хятад хүн байна. Төвдүүдийн хийж чадах тэр багахан хүчирхийлэл юунд ч хүрэхгүй. Иймд бүр бусдад хор хүргэх хүчирхийллийг зогсоох тухайд өөрийгөө сул дорой эсвэл муу гэж харуулахыг хүсэхгүй байгаа учраас хариу сөргөлдөх бус ухаалаг байх ёстой.

(12) Отон байж эргүүлэн бүү хорло.

Отох гэдэг нь өөрт муу зүйл хийсэн хүнд алилхан муу зүйл хийх гэсэн утгатай бөгөөд бид эгзэгтэй үеийг тааруулан нөгөө хүнд ямар нэг хэлбэрээр хор хүргэхийг хэлнэ. Энэ нь хүчтэй байр суурьгүй байгаа тухайн үед хэн нэг хүн бидэнд гэм хор хүргэхэд юу ч хийхгүй байх боловч хорслоо дотроо хадгалж өсөө авахын тулд тэднийг эгзэгтэй байдалд орохыг хүлээх гэсэн утгатай. Үүний гол санаа нь өс авахгүй байх тухай юм. Дээрхийн Гэгээн Далай лам үүнийг маш сайхнаар хэлсэн. Хэрэв бид хариу довтлохгүй байвал бусад хүмүүс үүнийг сул доройн шинж гэж үзнэ гэж бид эмээж болно. Гэвч үнэндээ энэ бол агуу хүчтэйн шинж. Хэрэв бид тэвчээртэй, энэрэн нигүүлсэх сэтгэл, оюун ухаанаа ашигладаг бол энэ нь агуу хүчтэйн шинж.

(13) Гэмийг нь бүү уудлагтун.

Бид бусдыг ичээх үүднээс тэдний сул тал, дутагдлыг олны өмнө зориуд хэзээ ч хэлж болохгүй. Хэн нэгний өмнө бусдыг ичээхгүйгээр ямар нэг үр дүнтэй аргаар хүмүүст зааж сургах олон арга бий. Энэтхэгт надад нэг асуудал тохиолдсоныг би санаж байна. Тэр үед би Бодгаяад Дээрхийн Гэгээн Далай ламын тавих Шантидэва гэгээний Бодисаттвачаряа-аватара зохиолын тайлбарыг орчуулах ёстой байлаа. Би өөрийн багш Сэркон Ринбүүчитэй хэдэн сар уулзаагүй байсан. Тэрээр Непалд байлаа. Ингээд би багштайгаар уулзахаар очлоо. Тэрээр Шантидэва гэгээний нэг зохиолыг гаргаж ирээд гурван үг зааж надаас тэднийг ямар утгатай болох талаар асуулааа. Үнэндээ их хэцүү үгнүүд байсан. Тэдний утгыг би сайн ойлгоогүй байлаа. Ингээд багш надад тайлбарлаж өглөө. Үнэндээ тэдгээр гурван үгийн илэрхийлж байсан сэтгэлийн тайван байдал алдагдуулах хандлага нь надад тухайн үед байсан тэр асуудал байсан. Ийм шууд бус арга нь тухайн нэг санааг илэрхийлэх хамаагүй илүү үр дүнтэй арга болж болно. Зарим тайлбар зохиолуудад энэ нь хэрэв бидэнд далд чадвар байдаг бол хараал шившлэг гэх мэтээр хүмүүст саад болохгүй, түүнийг хэрэглэхгүй байх гэсэн утгатай гэж гардаг. Энэ бол бидэнд тийм хамаатай зүйл биш!

(14) Хайнагийн ачааг үхэрт бүү тох.

Үхэр, сарлагийн эрлийз нэг төрлийн үхрийг хайнаг гэнэ. Энэ нь маш том биетэй, үхрээс хамаагүй илүү хүчтэй. Энэ нь илүү хүчтэй хүнд таарах ажлыг түүнийг даах боломжгүй чадал багатай хүнд өгөхгүй байх гэсэн утгатай юм.

Үүнд хэд хэдэн утга бий. Нэг нь гэм бурууг бусдад тохох бус өөртөө авах. Өөр нэг нь угааж цэвэрлэх гэх мэт бохир ажлаа бусдад үлдээхгүй байх. Мөн суудал сонгохын хувьд муу суудлыг бусдад өгч, өөртөө хамгийн сайн суудлыг авахгүй байх. Өөрөөр хэлбэл бидний хийж байгаа энэ бүх бүтээлийн хайнаг нь бид бөгөөд “хайнагийн ачааг үхэрт бүү тох.”

(15) Хурдан гүйж, уралдах лугаа адилаар бүү оч.

Энэ нь театрт хамгийн сайн суудал авахаар өрсөн гүйх эсвэл өөртөө хоолны сайнаас түрүүлж шилж авахаар яаран гүйх тухай юм. Бид өөрт хамгийн сайныг авахыг хүсэж, бусад сайныг авахад дургүй байдаг. Бусдыг түрүүлж авах боломж өгч, өөрөө хамгийн сүүлийн, мууг авах нь сайн юм. Гэвч “Чи сайныг нь ав, би мууг нь авъя. Би татгалзахгүй” хэмээн дүр эсгэхгүй байх хэрэгтэй. Мэдээж иймэрхүү байдлаар биш. Харин илүү ердийн байдлаар эцэг эх хүмүүс хүүхэддээ хоолны хамгийн сайн хэсгийг өгч, өөрөө түлэгдсэн энэ тэр хэсгийг авахдаа ердөө татгалздаггүйтэй адил.

Төвдийн нэг уламжлалт сайхан түүх бий. Энд өнөөх хар, цагаан чулуу авч явдаг гэвш Бэн Кунгялын тухай гарна. Нэг удаа тэрээр өглөгийн эзний өргөж буй зоогонд бусад хувраг, бүтээлчдийн хамтаар уригдав. Өглөгийн эзэн зоогийг аягалаж байх бөгөөд зоог нь тараг байв. Гэвш Бэн Кунгял ард суун өглөгийн эзний тараг аягалахыг ажина. Тараг нь түүний дуртай хоолны нэг байсан бөгөөд хүмүүст аягалаж өгөх бүр тэрээр санаа зовон “Хэтэрхий их ихээр аягалаж байна, надад үлдэхгүй нь” хэмээн бухимдаж байлаа. Гэвч тэрээр өөрийн хандлагыг анзаараад өглөгийн эзэн түүнд ирэх үед аягаа хөмрөн тавиад “Би аль хэдийн уусан” гэжээ. Үүнийг хандлагын энэхүү тангарагийн жишээ болгон авч үздэг. “Надад үлдэхгүй нь” хэмээн санаа зовохын оронд бусад хүмүүст үлдэхгүй нь хэмээн илүүтэй санаа зовох хэрэгтэй.

(16) Гүрэм заслыг ертөнцийн ажил үйлдвэрт бүү үйлд.

Гүрэм засал гэдэг нь ад зэтгэрүүдийг арилгах буюу хандлагаа цэвэрлэж бусдыг эрхэмлэхэд сэтгэлийг сургахын зүйрлэл юм. Гэвч хэрэв бид энэхүү бүтээлийг ердөө өөрийг чухалчлах үүднээс хийвэл гүрэм заслыг урвуулж буй хэрэг.

Энэ сэдвийг ойлгоход тус болох хэдэн жишээ бий. Жишээ нь бусад хүмүүсийг татах үүднээс түр зуурын хохирлыг хүлээн авснаар бид хожно гэх нь сургаалыг урвуулан хэрэглэж буй явдал. Төлөв даруу байж, хэн нэгэнд үргэлж санаа тавьснаар бид бусдын сэтгэлийг татахыг хүснэ. Үүний учир нь бид тэднийг бидэнд цаашдаа туслахыг хүссэн. Энэ бол сургаалыг мөн урвуулж хэрэглэж буй явдал. Энэ бүхэн нь өөрийг эрхэмлэх үзлийг улам хүчтэй болгоно. Өөр нэг жишээ бол бусдад туслах, бусдын талаар санаа тавих ийм бүтээлийг ердөө хүмүүс бидэнд сайн байх үүднээс хийх. Үүнийг өөрийн ашиг сонирхолын үүднээс хийж байгаа учраас энэ бол сургаалыг урвуулж буй хэрэг.

(17) Бурханыг чөтгөрт бүү буулга.

Энэ нь бас бүтээлээ өөрийг эрхэмлэх сэтгэлтэй холих тухай юм. Номын бүтээл хийснээр “би чамаас илүү ариун” гэх хандлагаар өөрийгөө зөвтгөх, бардамнах сэтгэл бидэнд төрдөг. Бясалгал даяан хийж байхдаа гаднаа “Саад болж болохгүй, бясалгал хийж байна” гэсэн хаяг тавьснаар хүмүүс биднийг номтой гэж бодно гэх нь үүний нэг сайн жишээ юм.

Төвд хүмүүс гурван жилийн даяан хийснээр хүмүүс биднийг лам гэж үзэх бөгөөд шавь нартай болж, алдар хүнд, өргөл барьц авна гэхийг жишээ болгон авдаг. Төлөв даруу байх нь үргэлж маш чухал. Нэг бүтээлч “Судар бичгүүдээс олон янзын гэмийн талаар уншаад тэднийг надад байна гэдгийг би мэдэж, сайн чанарын талаар уншаад тэдгээр нь бусдад байна гэдгийг мэдсэн” хэмээсэн байдаг. Энэ бол мэдээж хандлагаа цэвэрлэх бүтээлд орно.

(18) (Өөрийн) жаргалыг (бусдын) зовлонд бүү эрэлц.

Үүний жишээнд бидний бизнесийн өрсөлдөгчид бүтэлгүйтсэнээр өөрөө урагшлах эсвэл ажлын газрын хүмүүс тэтгэвэрт гарснаар бид албан тушаал ахих эсвэл бидний чинээлэг хамаатан садан түргэн нас эцэслэснээр тэдний хөрөнгийг өвлөхийг горьлох зэрэг нь орно. Бусдад золгүй явдал тохиолдсоноор өөрт давуу байдал бий болохыг хүсэхээс илүүтэйгээр тэр бүгдэд баясан, тэднийг урт насалж, эд хөрөнгө, албан тушаалдаа сэтгэл ханамжтай, баяртай байхыг хүсэхийг зөвлөдөг.

Үүгээр зургадугаар бүлгийн хандлагын (оюун судлахуйн) арван найман тангараг дуусч байна.

Top