Тарнийн ёсны авшиг буюу төвөдөөр ван хүртэх гэдэг нь бидний Бурхан болох чадамжийг идэвхжүүлэх нэг ёслол юм. Энэ үйл ажиллагаа нь бидний Бурханы-чанар бүхий хүчин зүйлүүд – бидний эгэл бие, хэл, сэтгэл, үйл, сайн чанаруудыг Бурханы бие, хэл, сэтгэл, үйл зэрэг болгох бид бүгдэд байх ашиглаж болох суурь хүчин зүйлүүдийг идэвхжүүлж, тэднийг цааш хөгжүүлэх, бусад чадамжийн “үрүүд”-ийг суулгахад тусална. Бид бүгдэд дараах хоёр хүчин зүйл байна. Үүнд:
- Төрөх Бурханы-чанарын язгуурууд – бидэнд байдаг эерэг хүч, чадамжийн үйлчлэл болон бидний (танин) мэдэхүйн адил хөгжиж төлөвшиж болох хүчин зүйлүүд. Үүнийг гол төлөв “буяны чуулган, билгүүний чуулган” гэж орчуулна.
- Хамт төрсөн Бурханы-чанарын язгуурууд – хувьсах бодитой үйл явц явагдах боломжийг олгох бидний сэтгэлийн үргэлжлэлийн хоосон чанар гэх мэт бидний хувьслын бүх үе шатуудад үргэлж нэг хэвээр байх хүчин зүйлүүд. Зарим үзэл сургаалын дагуу бидний сэтгэлийн үйл ажиллагааны эгэл (янагуух) чанар үүнд бас хамаарна.
Авшиг хүртэхэд бүрэн эрдэм боловсролтой тарнийн ёсны нэг багш байх шаардлагтай төдийгүй биднийг бас зүй ёсны бэлтгэл хийж, нээлттэй сэтгэлтэй байж үйл явцад идэвхтэй оролцохыг шаардана. Зүй ёсны бэлтгэл гэдэг нь юуны өмнө амьдралдаа аюулгүй зам мөр гаргах (аврал одуулах) явдал бөгөөд энэ нь Бурхан, Ном, Хутагт хуврагуудын үзүүлсэн аюулгүй зам мөрөөр идэвхтэй явна гэсэн үг юм. Хэдийгээр Ном гэдэг нь харьцангуй түвшиндээ Бурханы шашны сургаалуудыг илэрхийлэх боловч илүү гүнзгий түвшиндээ эдгээр сургаалуудыг дагаснаар бидний хүрч болох үр дүнгүүдийг илэрхийлдэг. Өөрийн сэтгэлийн үргэлжлэлээс бүхий л зовлон болон тэдгээрийн шалтгааныг бүрмөсөн арилсан сэтгэлийн төлөвт хүрч, түүний үр дүнд гарах бүхий л эрдэм болон энэхүү төвөлийн үр дүн хоёр бидний сэтгэлд дүүрэх явдал юм. Бурхад бол тэрхүү зовлонг жинхэнэ хорихуйг (хорихуйн үнэнийг), тэдгээр сэтгэлийн жинхэнэ зам мөрийг (тэдгээр хорихуйд хүргэх, түүний үр дүн болох үнэн ойлголт, “мөрийн үнэнийг”) сэтгэлийн үргэлжлэлдээ бий болгосон төрөлхтөн нар юм. Харин Хутагт хуврагууд нь тэдгээрийн тодорхой хэсгийг сэтгэлийн үргэлжлэлдээ бий болгосон төрөлхтөнүүд юм.
Энэхүү аюулгүй зам мөрийн дээр бид тодорхой түвшний “магад гарах сэтгэл” – хяналтгүй дахин дахин төрөхөөс (орчлонгоос) чөлөөлөгдөх хүчтэй сэтгэлтэй байх хэрэгтэй. Үүнээс чөлөөлөгдөхөөр зорьсон үед бид төрөл тутамд бидний бие, хэл, сэтгэл, үйл, сайн чанаруудыг хязгаарлагдмал болгодог жинхэнэ зовлон болон түүний жинхэнэ шалгаануудыг арилгах чин хүсэлтэй болдог.
Цаашлаад бидэнд Бурханы-чанар бүхий чадамжаа бодитой идэвхжүүлэхийн тулд одоо хараахан хүрээгүй байгаа боловч өөрт буй Бурханы-чанар дээр суурилан хүрч болох өөрийн гэгээрэл дээр төвлөрсөн суурь түвшний бодь сэтгэл бүхий зорилго хэрэгтэй болно. Бидний зорилго бол энэ төлөвт хүрэх бөгөөд үүнийг хийж буй учир нь бусдад хяналтгүй дахин дахин гарах төрлөөсөө чөлөөлөгдөж, гэгээрэлд мөн адил хүрэхэд нь хамгийн сайн туслах чадвартай болох тухай юм. Энэхүү зорилго нь хүн бүрд тэгш их асрах болон энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлж, тэд бүгдэд туслах үүргийг өөртөө авах үлэмжийн санаан дээр суурилна.
Эцэст нь бидэнд бид, бусад, орчлон, гэтлэхүй, гэгээрэл зэрэг энэ бүхэн байх боломжгүй хэлбэрээр орших нь “анхнаасаа” хоосон гэсэн – хоосон чанарын ойлголт хэрэгтэй. Эдгээрийн аль нь ч салангид бөгөөд шалтгаан, үр дүн, ойлголт ухагдахуун хийгээд бусад бүхий л зүйлсээс хамааралгүй оршихгүй. Бидэнд мөн тарнийн ёс нь хэрхэн гэгээрэлд хүргэдэг тухай суурь ойлголт, түүний аргууд болон багшийн биднийг тус ёсны дагуу хөтлөх чадварт итгэсэн итгэл байх хэрэгтэй.
Тарнийн дөрвөн ёсны аль алины авшгийн үед бид бодьсадвын санваар, харин дээд хоёр ёсны авшгийн үед түүний дээр тарнийн санваар хүртдэг.
- Бодьсадвын санваар – бусдад хамгийн сайн тус хүргэхэд саад учруулах зан байдлаас зайлсхийх
- Тарнийн санваар – тарнийн бүтээлд гаргах амжилтанд саад болох бодох хэв маяг болон зан байдлаас зайлсхийх.
Эдгээр сахилуудыг авахын тулд бид гэгээрэлд хүрэх хүртлээ тэдгээрийг сахин мөрдөхийг хамгийн сайнаараа хичээх сэтгэлээр, тэдгээрийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр сахилуудыг сахих чадварын суурь нь жишээ нь, (зовлонгоос) гэтлэхэд харшлах үйлүүд болох амьтны амь таслах, хулгай хийх, худал хэлэх, мансууруулах зүйл хэрэглэх, буруу хурьцахыг тэвчих зэргийг багтаасан гэргийтний сахил гэх мэт ангид тонилохуйн (өөрийн гэтлэхүй) санваарыг (пратимокша сахил) тодорхой хэмжээнд сахиж хувийн ёс зүйн сахилга батад суралцсан байх явдал юм.
Авшиг хүртээх зан үйл нь олон хэсэгтэй бөгөөд тус бүрдээ багшийг Бурханы дүрээр (ядам бурхан), орчин тойрноо мандалын орд харшийн байдлаар, өөрийгөө бодь сэтгэлийн үүднээс зорьж буй өөрийн ирээдүйн гэгээрсэн төлөвийг илэрхийлэх олон өөр Бурханы дүрээр нарийн дүрслэх шаардлагатай болдог. Хэдийгээр бид энэ бүхнийг тодорхой дүрсэлж чадахгүй байсан ч багш болон орчин тойрон, өөрийгөө эдгээр ариун хэлбэрээр байна гэж бодох хэрэгтэй.
Авшгийн үе шат бүрд бид бас өөрийгөө хоосон чанар дээр төвлөрсөн их амгалан байдлыг хүртэж байна гэж дүрслэх шаардлагатай. Үүнийг сайтар хийж чадахгүй байсан ч болж буй бүхэн шалтгаан, үр дагавар, бүрэлдэхүүн хэсэгтэй байж, тухайн үг болон ойлголтоор илэрхийлэгдэж буй зүйл юу байх тэр бүгдээс тусдаа бие даан оршдоггүй талаар бодох хэрэгтэй. Хоосон чанарын энэ ойлголтыг өөртөө сануулах үед бид энэ бол хэрэг явдлын гол зүйл хэмээн баярлах сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Энэхүү хоосон чанарыг ойлгож буй ухамсартай мэдрэмж нь үнэндээ бидний Бурханы-чанар бүхий хүчин зүйлийг төрүүлдэг, цаашдын төлөвшлийг нь идэвхжүүлдэг, илүү их чадамжийн “үр” суулгадаг зүйл юм. Иймд бид ийм сэтгэлийн төлөвийг бий болгоход хамгийн сайнаар хичээх хэрэгтэй. Ердөө нэг тэнд байлцахаас илүүтэйгээр үнэндээ бид ингэж авшиг хүрдэг юм.
Тодорхой нэг Бурханы дүрийг бясалгах эрх авсны дараа “даган соёрхол” (жэнанг) гэдгээр бидний мэдэх дараагийн нэг зан үйлийн эрхийг авч болно. Миний багш Цэнжаб Сэркон Ринбүүчи, хэрэв авшгийг илд хүлээн авахтай адилтгах юм бол даган соёрхол нь түүнийг билүүдэхтэй адил юм хэмээн тайлбарладаг байсан. Энэ зан үйлийн үеэр бид сахилаа дахин бататгаж, бие, хэл, сэтгэл болон тэдгээрийг нэгдэлд нөлөөлөх дараагийн түвшний нөлөөг хүртэнэ. Гэлүгийн ёсны хувьд авшиг болон даган соёрхол хоёрыг ялгахад хялбар: эхнийхийг багшийн дэргэд хот мандалыг төлөөлүүлсэн дүрслэлийг байрлуулсны үндсэн дээр хүртээдэг бол удаахыг балинг Бурханы дүрээр дүрслэх байдлаар хүртээнэ.
Авшиг хүртсэнээр бидэнд өөрийгөө Бурханы дүрээр дүрслэх эрх олгогдоно. Богд Зонховын айлдсан ёсоор хэрэв бид өмнө нь авшгийг нь бүрнээр хүртэлгүйгээр даган соёрхол хүртэж байгаа бол бясалгал бүтээлийн үеэр тухайн дүрийг зөвхөн өөрийн өмнө байгаа байдлаар дүрслэх зөвшөөрөл олгогдоно. Хэрэв бид тухайн Бурханы дүрийн ижил түвшний ёсны эсвэл дээд түвшний ёсны авшгийг өмнө нь авч байсан бол даган соёрхлын өмнө тус Бурханы дүрийн авшгийг аваагүй ч өөрийг тус бурханы дүрээр дүрслэх эрх олгогдоно гэдэг.
Авшиг эсвэл даган соёрхлын аль алиныг хүртсэн байсан ч бид авшиг хүртээсэн багшийн өгсөн аливаа бүтээлийн үүргийг баяртайгаар хийж эхлэх хэрэгтэй. Мэдээж энэ бол бидний тухайн авшигт ирж суусны зорилго байсан байж таарна. Хэрэв бид ердөө ажиглах байдлаар эсвэл “адис” хүртэх гэдгээр эсвэл сахилаа сэргээхээр сууж, зан үйлд идэвхтэй оролцоогүй бол тус тарнийн бүтээлийг хийх үүрэг хүлээхгүй. Гэвч хэрэв бид нээлттэй сэтгэлтэй авшигт оролцвол бидэнд амьдралын явцад илүү сайхан сэтгэлтэй, ухаалаг хүн байх хүсэл эрмэлзэл төрж болно.
Дүгнэлт
Гэгээрэлд хүрэхэд бидэнд хэрэгтэй тэрхүү хэрэгслүүд нь хэчнээн бүдгэрч арилсан мэт санагдаж байв ч тэдгээр нь бидний дотор байсаар байдаг. Бурханы шашинд тарнийн ёсны авшиг нь тэдгээр хэрэгслүүдийг ил болгоход тусалж, бидний ирээдүйн гэгээрлийн үрийг суулгахад тэдгээр хэрэгсэлд боломж олгодог.
Авшгийн олон өөр төрөл байх бөгөөд Төвөдийн Бурханы шашны урсгал тус бүрдээ тодорхой бурханы бүтээлүүдийг онцгойлон авч үздэг боловч тэдгээрийн зорилго адилхан: авшиг хүртэж буй хүн, багш, ядам бурханы хооронд хүчтэй холбоо бий болгох явдал. Авшиг хүртээх үйл явцад идэвхтэй оролцох нь өөрийгөө хөгжүүлэх, бусдын тусад ажиллах насан туршийн үүргийн эхлэл юм.