Теравада, Их хөлгөн, тарнийн сургаал дахь Бурхан багш: Тэд нэг үү?

Бурхан багшийн амьдралын харилцан адилгүй хувилбар, түүхүүдийг хатуу чанд түүхэн нөхцөлийн баримтын үүднээс харж, тэдгээрийг хоорондоо зөрчилдөх мэтээр үздэггүй. Харин бид хувилбар тус бүр тодорхой нэг нөхцөлийн хүрээнд бичигдсэн ба бид тэдгээрийг тус нөхцөлийн үүднээс унших бөгөөд тэд тус бүрдээ зөв, хүчин төгөлдөр гэдгийг ойлгоно. Хэрэв бид эдгээр өөр өөр нөхцөлүүд хэрхэн бидэнд тодорхой сургаал өгч байгааг харж байвал бидэнд Бурхан багшийн сургаалуудад нийтэд нь илүү гүнзгий талархах сэтгэл төрөх төдийгүй бид тэдгээр өөр өөр түүхүүдийн өгч буй сургаалыг өөрийн амьдралд хэрхэн хэрэглэхэд суралцана. Хэрэв бид сургаалуудыг ийм маягаар ашиглан Бурхан багшийн амьдралын үе шатуудыг дагавал Бурхан багш энэрэл нигүүлслээр хамаг амьтанд туслах зорилгыг өөрөө төрүүлэн, түүндээ хүрсэн үнэнийг ойлгож чадна.

Удиртгал 

Бурханы шашныг үндэслэгч Шагжамүни бурхан гэж хэн байсан талаар мэдэхийг хүсэх үед бид Бурхан багшийн амьдралын түүхийн олон өөр хувилбарууд байгааг хардаг. Энэ үнэн бөгөөд бид: Тэдгээр түүхүүд нэг хүний тухай өгүүлж байна уу, хэмээн асууж болно. Энэ хариулахад энгийн асуулт биш.

Бурхан багшийн амьдралын түүхийн нэг хувилбар Пали ёс буюу Теравада уламжлалын судар бичгүүдэд гарна. Тэдгээр судруудад түүний амьдралын нэг бүхэл түүхийг нэг дор багтаадаггүй бөгөөд бид тус түүхийг өөр өөр судар бичгүүдээс хэсэг хэсгээр авч бүрдүүлнэ. Бурханы шашны түүнээс хойших бүтээлүүд энэхүү цулгай загварт олон нарийвчилсан зүйлүүдийг нэмсэн. 

Их хөлгөний сургаал Бурхан багшийн бие хүний талыг ихээр тэлсэн ба энэ нь Теравада уламжлалын хувилбараас ялгаатай, Бурханы багшийн амьдралын өөр нэг хувилбар. Теравада уламжлалын хувилбарт Бурхан багш МЭӨ 566 – 485 оны хооронд амьдарч байсан хэмээн нийтээр хүлээн зөвшөөрөгдөх түүхэн хүн байх ба өөрийн амьдрах хугацаандаа гэгээрэн, нас эцэслэсэн хэмээн өгүүлнэ. Их хөлгөний хувилбар Пали ёсонд үзүүлсэн түүхийг цааш дэлгэрүүлэн Бурхан багш олон олон төрлийн өмнө гэгээрэлд хүрч Шагжамүни бурханы дүрээр дэлхийд хэрхэн дахин бууж ирсэн талаар дүрслэн үзүүлнэ. Дэлхий дээр тэрээр гэгээрсэн төрөлхтний арван хоёр үйлийг (Бурхан багшийн 12 зохионгуй) хэрхэн хийхийг бусдад жишээ болгон үзүүлж, нас эцэслэснээр түүний үргэлжлэл өөр өөр төрлийн орнуудад дахин төрөл авч хамаг амьтанд сургаал айлдан, тус хүргэхээр үргэлжилнэ. 

Бурхан багшийн өөр нэг хувилбар тарнийн сургаалд гарна. Энэ хувилбарт Бурхан багш олон өөр хэлбэрүүдээр нэг зэрэг оршино. “Бясалгалын ядам” хэмээн тодорхойлогдох эдгээр дүрүүд бүгд Бурхан багшийн эрдмүүдийн өөр өөр талуудыг илэрхийлэх өөр өөр өнгө, тодорхой тооны гар, нүүр, хөлтэй. Бурхан багш эдгээр өөр өөр дүрүүдээр оршихын зэрэгцээ мөн хүний дүрээр сургаал айлдана. Жишээ нь, тэрээр Энэтхэгийн Тасын цогцост ууланд судрын сургаалаа айлдсан.  

Top